Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
Хэргийн индекс | 158/2023/0047/З |
Дугаар | 221/МА2023/0746 |
Огноо | 2023-12-20 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 221/МА2023/0746
“Н к” ХХК-ийн
гомдолтой захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Мөнхтулга
Илтгэсэн шүүгч Г.Билгүүн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г, өмгөөлөгч Ж.С
Гомдлын шаардлага: Булган аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Т.Н-ийн 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 007487304 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 47 дугаар
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г, өмгөөлөгч Ж.С
Хариуцагч Т.Н, итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Н
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номуунаа
Хэргийн индекс: 158/2023/0047/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гомдол гаргагч “Н к” ХХК-иас “Булган аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Т.Н-ийн 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 007487304 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 47 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 7, Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2, 1.5 дугаар зүйлийн 3, 11.19 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.3, 17.5-д заасныг тус тус баримтлан “Н к” ХХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Үүнд:
3.1. Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.1 дэх хэсэгт заасан шийтгэл оногдуулах боломжгүй юм гэж дүгнэсэн нь үндэслэлгүй тухай: Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ” гэж хуульчилсны дагуу хариуцагч Булган аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Т.Н нь зөрчлийг нотлох үүргийг, цаашлаад Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.1-д заасан өмнөх сарын хугацаанд олсон орлогыг тодорхойлох үүргийг хүлээсэн байна.
Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь гомдол гаргагч “Н к” ХХК болоод захирал Ц.А нарын банкин дахь дансны хуулгануудыг цуглуулж бэхжүүлэн авсан байдаг. Дээрх банкны дансны мэдээллээр нь гомдол гаргагч компанийн өмнөх сарын орлогыг тодорхойлох бүрэн боломж байсан. Гэтэл хариуцагчаас гомдол гаргагч нь өөрөө эрхээ хэрэгжүүлэхээс татгалзсан гэж гомдлын шаардлагыг татгалзсаныг анхан шатны шүүх зөв байна гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.
3.2. Зөрчлийн хөөн хэлэлцэх хугацааны талаар буруу дүгнэсэн тухай: Гомдол гаргагч нь Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8 дугаар хэсгийн 8.1-д заасан зөрчлийг гаргасан ба хариуцагч талаас ч зөвшөөрдөг. Харин хариуцагч талаас өмнөх сарын хугацаанд олсон орлогын дүнг тодорхойлох боломжгүй байсан учир Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8 дугаар хэсгийн 8.3-д заасны дагуу шийтгэл ногдуулсан гэж тайлбарладаг. Гомдол гаргагч компанийн дансны хуулгаар гомдол гаргагч нь компанийн харилцах дансаар 116 253 927 төгрөгийн борлуулалтын орлого олсон байдаг ба тус орлогоос хуульд заасан 2 хувь нь 2 325 078 төгрөг болдог. Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хуульд өөрөөр заагаагүй бол зөрчил үйлдсэнээс хойш дараах хугацаа өнгөрсөн бол зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй” гээд 1.1-д “энэ хуульд хүнд арваас таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар заасан зөрчил үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн” гэж хуульчилсны дагуу зөрчлийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байдаг.
Г.Г-ийн хувьд сүүлийн төлбөрийг 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдөр төлж, зөрчлийн хэргийг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр нээснээс үзэхэд зөрчил гараад нэг жил орчим, Д.Э-ын хувьд сүүлийн төлбөрийг 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр төлж Зөрчлийн хэргийг 2023 оны 07 дугаар сарын 08-ны өдөр нээснээс үзэхэд нэг жил нэг сар орчим, Ч.Б-ийн хувьд сүүлийн төлбөрийг 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр төлсөн бөгөөд Зөрчлийн хэргийг 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр нээснээс үзэхэд зөрчил үйлдэгдээд 1 жил орчим өнгөрсөн байна. Гэтэл анхан шатны шүүхээс хариуцагчийг хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
3.3. Сүүлийн гомдлоор хөөн хэлэлцэх хугацааг тоолсон нь үндэслэлгүй тухай: Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Хэд хэдэн зөрчил үйлдсэн бол зөрчил бүрд хөөн хэлэлцэх хугацааг тус тусад нь тоолно” гэсэн байх бөгөөд гомдол гаргасан Д.Э, Ч.Б, Г.Г нар нь өөр өөр цаг хугацаанд төлбөрөө төлсөн, өөр өөр цаг хугацаанд зөрчлийн хэргийг нээсэн байдаг. Гэтэл анхан шатны шүүхээс зөрчлийн хэргийг хамгийн сүүлийн гомдлоор үүссэн хэрэгт нэгтгэсэн байх тул хөөн хэлэлцэх хугацааг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр эхэлсэн 2315000513 дугаартай зөрчлийн хэргийг нээсэн хугацаагаар тоолох нь зүйтэй гэж дүгнэж, сүүлийн гомдлоор хөөн хэлэлцэх хугацааг тоолсон нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Иймд Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 47 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, гомдлыг хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
2. Шүүх дараах үндэслэлээр итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.
2.1. Булган аймгийн Татварын хэлтсийн хяналт, шалгалтын тасгийн Татварын улсын байцаагч Т.Н нь иргэн Г.Г, Д.Э, Ч.Б нараас гаргасан ““Н к” ХХК-иас орон сууц худалдан авсан боловч төлбөрийн баримт олгоогүй” гэх гомдол, мэдээллийг шалгаад 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 0074873 дугаар шийтгэлийн хуудсаар “Н к” ХХК-д 15 000 000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.
2.2. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.2-т “албан татвар суутган төлөгч бараа, ажил, үйлчилгээг борлуулсан тухай бүр төлбөрийн баримтыг татвар төлөгчид олгоно” гэж заасан бөгөөд дээрх хуульд заасны дагуу тухай бүр төлбөрийн баримтыг олгоогүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8-д “Бараа, ажил, үйлчилгээ борлуулж байгаа хүн, хуулийн этгээд:”, 8.1-д “төлбөрийн баримт олгоогүй бол өмнөх тайлант сарын хугацаанд олсон орлогын үнийн дүнгийн 2 хувь”-иар торгохоор хуульчилжээ.
2.3. Хэрэгт нотлох баримтаар авагдсан 2315000513 дугаартай зөрчлийн хэргээс үзэхэд, иргэн Г.Г гомдол гаргагч “Н к” ХХК-иас 65 875 000.00 төгрөгийн орон сууц худалдан авч 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдөр төлбөрөө бүрэн төлж дууссан, иргэн Д.Э-ын хувьд 68 340 000.00 төгрөгийн орон сууц худалдан авч 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр төлбөрөө бүрэн төлж дууссан, иргэн Ч.Б тус компаниас 81 375 000.00 төгрөгийн орон сууц худалдан авч 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр төлбөрийг бүрэн төлж дууссан байхад “Н к” ХХК-иас дээрх иргэдэд тухай бүр төлбөрийн баримт олгоогүй зөрчлийг гаргасан үйл баримт тогтоогдож байна.
2.4. Хэдийгээр эрх бүхий албан тушаалтнаас Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.1-д зааснаар зөрчлийн хэрэг нээж, шаардлагатай баримтыг цуглуулж, холбогдогчоос тайлбар мэдүүлэг авч зохих ажиллагааг явуулсан боловч гомдол гаргагчаас олсон орлогоо бодитоор тодорхойлоогүй, эрх бүхий албан тушаалтнаас орлогыг тодорхойлох боломжгүй байсан энэ тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.3-д “энэ хуулийн 8.1, 8.2-т заасан өмнөх тайлант сарын хугацаанд олсон орлогыг тодорхойлох боломжгүй бол төлбөрийн баримт олгоогүй, эсхүл төлбөрийн баримтыг борлуулалтын үнийн дүнгээс зөрүүтэй олгосон хүнийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасны дагуу шийтгэл оногдуулсныг буруутгах үндэслэлгүй.
2.5. Мөн түүнчлэн гомдол гаргагчаас дээрх шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч буй үндэслэлээ “зөрчил үйлдэгдсэнээс хойш 1 жилийн хугацаа өнгөрсөн байхад шийтгэл оногдуулсан нь хууль бус” гэж тайлбарласан бөгөөд хариуцагч татварын улсын байцаагчаас зөрчлийн хэргүүдийг нэгтгэж, иргэн Г.Г-ийн хамгийн сүүлд төлбөрөө бүрэн төлж дууссан 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс хөөн хэлэлцэх хугацааг тоолж, 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр зөрчлийн хэрэг нээж ийнхүү шийтгэл оногдуулсан нь Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна”, 2-т “Энэ хуульд заасан зөрчил тус бүрд шийтгэл оногдуулна”, 1.5 дугаар зүйлийн 1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол зөрчил үйлдсэнээс хойш дараахь хугацаа өнгөрсөн бол зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй”, 1.2-т “энэ хуульд хүнд таван зуугаас дээш арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар заасан зөрчил үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн”, 3-д “Зөрчлийг хуулийн этгээд үйлдсэн бол энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох шийтгэлийн хэмжээг арав дахин нэмж дүйцүүлэн хөөн хэлэлцэх хугацааг тогтооно”, гэж тус тус заасныг зөрчөөгүй байна.
Дээрхээс үзвэл, анхан шатны шүүх маргааны үйл баримтыг зөв тодорхойлж, шаардлагатай нотлох баримтуудыг цуглуулан, үндэслэлтэй зөв дүгнэлтийг хийж гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 47 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН