Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 426

 

МАГАДЛАЛ

 

2017.02.10                                                Дугаар 426                                       Улаанбаатар хот

 

 

 

 

 

“МТ Хан-Уул” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Д.Байгалмаа, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 101/ШШ2016/06713 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “МТ Хан-Уул” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Тайхар орд” ХХК-д холбогдох,

Гэрээний үүрэгт 45 035 824 төгрөг, алданги 22 517 912 төгрөг нийт 67 553 736 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Л.Энхжавхлан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хариу тайлбарт: Манай компани "Тайхар-Орд" ХХК-тай байгуулсан 01/15 тоот Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ 2015 оны 1 дүгээр сарын 19-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаагаар байгуулсан. Энэхүү гэрээний 3.2 дахь хэсэгт зааснаар зээлээр худалдах, худалдан авсан барааны төлбөрийг тухайн сарын      30-ны дотор тооцоо нийлж акт үйлдэх ба тухайн сарын эцэст худалдагч талын дансанд шилжүүлэх буюу бэлнээр төлөх байсан боловч өнөөдрийн байдлаар төлбөр барагдуулахтай холбоотой ямар нэг арга хэмжээ аваагүй. Иймд бид шүүхэд эрэн сурвалжлах нэхэмжлэл гаргаж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 7029 дугаар шийдвэрийн дагуу эрэн сурвалжилж Тахарын ерөнхий газрын 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 5/1301 албан тоотоор "Тайхар орд" ХХК-ийн захирал З.Нармандахын оршин байгаа хаяг, холбоо барих утсыг өгсөн. Иймд бид энэхүү гэрээний 3.3 дахь хэсэгт зааснаар гэрээний үүргийн гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөр болох 45 035 824 төгрөг, түүний алданги болох      22 517 912 төгрөг нийт 67 553 736 төгрөгийг гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: "Тайхар Орд" ХХК нь нэхэмжлэгчтэй 2015 оны 1 дүгээр сарын 19-ны өдөр 01/05 тоот Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд нийт 45 035 824 төгрөгийн шатахууны үнэ нэхэмжилснийг хүлээн зөвшөөрсөн. Учир нь алданги нэхэмжлэхгүй бол гэрээний үүрэгт 45 035 824 төгрөг төлөхийг зөвшөөрч эвлэрэх хүсэлт гаргасан. Гэтэл нэхэмжлэгч эвлэрэхгүй алдангийг мөн гаргуулна гэсэн. Гэрээ хийсэн нь үнэн. Тухайн үеийн зах зээлийн үнийндүнгээр 1410 төгрөгөөр агуулахын үнийг тохирсон. Гэтэл нэхэмжлэгч тал 1810 төгрөгөөр нэхэмжилж байгаа. 2015 оны 1 дүгээр улиралд 1200 төгрөг байсан. 1410 төгрөг буюу бөөний үнээр бидэнд зарж байсан. Одоо жижиглэнгийн үнээр нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Тооцоо нийлсэн акт дээр миний гарын үсгийг бичсэн нь миний гарын үсэг биш. Тухайн үед 40 гаруй сая төгрөг нэхэмжилж   байхад нь итгээд алданги эрсдэлийг тооцоолоод 45 035 824 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг өгсөн. Гэтэл 1810 төгрөг, 1740 төгрөг гэсэн үнэлгээнүүдээр нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Би өөрийн биеэр очиж тооцоо нийлээгүй. Нэхэмжлэгч талын нэхэмжилж байгаа бүх зүйлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Эдийн засгийн хямралаас шалтгаалж манай компани гэрээний үүргээ цаг хугацаанд нь гүйцэтгэх боломжгүй байсныг хүлээн зөвшөөрнө гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч "Тайхар Орд" ХХК-иас 56 294 780 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч "МТ Хан-Уул" ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 11 258 956 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 495 720 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч "Тайхар Орд" ХХК-иас 439 423 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч "МТ Хан-Уул" ХХК-нд олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: "МТ Хан-Уул" ХХК-тай Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд гэрээний 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт "талууд барааны үнийг тухайн үеийн зах зээлийн үнэ, худалдан авагчийн хэрэгцээг харгалзан тухай бүр тохиролцож байх ба зээлээр худалдах барааны үнэ ямар ч тохиолдолд “...40 000 000 төгрөгөөс хэтрэхгүй бөгөөд зээлээр авсан барааны үнэнд хүү тооцохгүй" гэсэн байдаг. Гэтэл нэхэмжлэгч тал нийт 5 035 824 төгрөгийг үндэслэлгүйгээр нэхэмжилж байгаад гомдолтой байна. Учир нь талуудын хооронд байгуулсан гэрээнд барааний үнийг тухайн үеийн зах зээлийн үнийг тухай бүр тохирч байхаар тусгасан байдаг. Ийнхүү барааны үнийг тухай бүр зах зээлийн ханшийн дагуу тохирох байтал нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн ханшаар буюу 1810 төгрөгөөр нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас үндэслэлгүй нэхэмжилж буй 5 035 824 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэр өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг хуульд нийцүүлэн үнэлсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч “МТ Хан-Уул” ХХК нь хариуцагч “Тайхар орд” ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 45 035 824 төгрөг, алданги 22 517 912 төгрөг нийт 67 553 736 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Зохигчдын хооронд 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр байгуулагдсан Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр хариуцагч нь 40 000 000 төгрөгөөс хэтрэхгүй үнэ бүхий газрын тосны бүтээгдэхүүнийг 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд зээлээр худалдан авч, төлбөрийг тухайн сарын 30-ны дотор төлөх, энэ хугацаанд төлбөрийг бүрэн гүйцэтгээгүй бол хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон, 2015 оны 2 дугаар сарын 28-ны өдөр талууд тооцоо нийлсэн баримтаар хариуцагч нь 45 035 842 төгрөгийн бүтээгдэхүүн авсаны үнийг төлөөгүй, хариуцагч нь төлбөрийг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулах саналаа нэхэмжлэгчид 2015 оны 3 дугаар сарын 10, 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдрүүдэд бичгээр хүргүүлсэн үйл баримт тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй байна.

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй учир нэхэмжлэгч нь гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцагчаас шаардах эрхтэй.

Талууд гэрээг зээлээр худалдах, худалдан авах гэж нэрэлсэн байгаа ч Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан нөхцлийг уг гэрээнд тусгаагүй тул шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсгийн зохицуулалтыг баримталсан нь зөв байна.

Түүнчлэн гэрээгээр тохиролцсон хэмжээгээр нэхэмжлэгч нь алданги шаардах эрхтэй боловч шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсгийн заалтаар алдангийн хэмжээг багасгасанд нэхэмжлэгч гомдол гаргаагүй байна.

Иймд хариуцагчийн өмгөөлөгч “...шийдвэрт өөрчлөлт оруулан 5 035 842 төгрөгийг хасах...” гэж давж заалдсан гомдлыг хангах үндэслэлгүй тул шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 101/ШШ2016/06713 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 95 524 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

      

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    С.ЭНХТӨР

 

                                                  ШҮҮГЧИД                                   Д.БАЙГАЛМАА

 

                                                                                М.НАРАНЦЭЦЭГ