Шүүх | Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бадарчийн Марина |
Хэргийн индекс | 153/2018/00090/И |
Дугаар | 153/ШШ2018/00194 |
Огноо | 2018-04-12 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 04 сарын 12 өдөр
Дугаар 153/ШШ2018/00194
2018 оны 04 сарын 12 өдөр | Дугаар 153/ШШ2018/00194 | Ховд аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч:Ховд аймгийн Мянгад сумын Гахайт багт оршин суух, ..............тоот регистрийн дугаартай, О.Б-гийн ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч О.Бямбасүрэн, нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч О.Б нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд 1977 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 1980 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүртэл адуучнаар, 1983 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дуустал мөн адуу, тэмээ маллаж, адуучин, тэмээчнээр ажиллаж байсан.
Миний бие 1980 оны 05 дугаар сарын 19-ны өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэл цэргийн алба хаасан.
Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэсэн боловч миний Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд 1977 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл адуучнаар, 1980 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэл, 1983 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл, 1985, 1986, 1987, 1988 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл, 1990 оны 01 сарын 03-наас 12 дугаар сарын 31-нийг дуустал малчнаар ажиллаж байх үеийн хөдөлмөрийн дэвтэр байгаа ч архивын лавлагаа байхгүй, Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн лавлагаагаар шүүлгэхэд ажиллаж байсан он дутуу тухайн үеийн бригадын 70 дугаар данс тус архивт шилжиж ирээгүй байна.
Иймд миний 1977-1980 оны 06 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл, 1983 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс 1990 оныг дуустал Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч О.Б нь 1977-1980 оны 06 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл, 1983 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс 1990 оныг дуустал Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн бөгөөд хэрэгт дараах баримтууд авагдсан байна. Үүнд:
-О.Б-гийн хөдөлмөрийн дэвтрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2016 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 166 дугаартай лавлагаа,
-Ховд аймгийн Мянгад сумын Цагаанбулан, Чацаргант бригадын 1978-1979, 1984, 1989 онуудын 70-р дансны хуулбарууд,
-Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 778 дугаартай лавлагаагаар ирүүлсэн Ховд аймгийн Мянгад сумын 1977, 1978 оны Г.О-гын мал тооллогын бүртгэл,
-О.Б-гийн ажиллаж байхдаа шагнагдсан гэх 1991 оны баярын бичиг, ажиллаж байхдаа авахуулсан гэх гэрэл зураг,
-О.Б-гийн 0724417 дугаартай Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 02/594 дугаартай албан бичиг,
-Гэрч Н.Х-ны “О.Б нь 1977 онд Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Гахайт бригадад аавынхаа хамт тууварчнаар ажиллаж байгаад 1980 оноос 1983 онд цэргийн алба хаасан. Тэрээр 1990 он хүртэл буюу нэгдэл тарах хүртэл ажилласан. Би 1973 онд нэгдлийн гишүүнээр орж, нэгдэл тарах хүртэл ажилласан” гэх мэдүүлэг,
-Гэрч Н.Д-гийн “бид нэг нутгийн хүмүүс учир бие биеэ сайн мэднэ. О.Б нь 1977 онд Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Гахайт бригадад тууварчнаар ажиллаж байгаад 1980-1983 онд цэргийн алба хаасан. Тэрээр нэгдэл тарах хүртэл ажилласан ба би тухайн үед саальчнаар ажиллаж байсан” гэх мэдүүлэг зэрэг баримтууд болно.
Иймд хэрэгт цугларсан дээрх бичгийн болон бусад нотлох баримтуудаар хүсэлт гаргагч О.Б нь 1977-1980 оны 06 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл, 1983 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс 1990 оныг дуустал Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд малчнаар ажиллаж байсан нь нотлогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь хуульзүйн үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагч О.Б нь хэрэгт 1984 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн Баярын бичиг, 1978 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Сайшаалын үнэмлэхийг хавсаргасан бөгөөд эдгээрийн “Бямбасүрэн” гэх нэр нь засвартай, тухайн үед бичигдсэн гэж үзэхэд эргэлзээтэй байх тул эдгээр баярын бичиг, сайшаалын үнэмлэхийг хэрэгт нотлох баримтаар үнэлээгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар О.Б-гийн 1977-1980 оны 06 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл, 1983 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс 1990 оныг дуустал Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА