| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхбаатарын Энхжаргал |
| Хэргийн индекс | 108/2022/0128/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/135 |
| Огноо | 2022-06-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Аянагүл, |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 22 өдөр
Дугаар 2022/ШЦТ/135
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож,
улсын яллагч Д.Аянагүл,
хохирогч С.Алтангэрэл,
шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Март,
шүүгдэгч Ч.Дүүрэнжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1975 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэгт төрсөн, 46 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, “Очир Дагинас” ХХК-д тогооч ажилтай, ам бүл 2, нөхрийн хамт Налайх дүүрэг, 4 дүгээр хороо, Алтайн 12 дугаар гудамжны 22а тоотод оршин суух, урьд ял шийтгэл үгүй,
Намсрай овогт Чулуунхүүгийн Дүүрэнжаргал /РД: .............../.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ч.Дүүрэнжаргал нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Налайх дүүргийн 4 дүгээр хороо Алтайн 12 дугаар гудамжны 22а тоотод байрлах өөрийн гэртээ хохирогч С.Алтангэрэлийн цээжин тус газарт хутгаар хатгаж, биед нь цээжний урд ханын ил шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ч.Дүүрэнжаргал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тэр өдрийн өглөө Баяраа ах, манай нөхөр хоёр ойрд уулзаагүй гээд 0.5 граммын архи авч уусан. Би “Элса” нэртэй пиво авч уусан. Би гэрээ цэвэрлэж угаалга хийх гээд байж байсан. С.Алтангэрэл Б.Нандинцэцэг гэх эмэгтэйн хамт манайд орж ирсэн. Бид нар архи уучихаад унтацгаасан. С.Алтангэрэл гарч яваад дахин орж ирэхдээ 0.5 литрийн Хараа архи, ундаатай авч орж ирсэн. Би энэ хэдэд хоол хийж өгөх гээд гал тогоонд мах шулж байсан. С.Алтангэрэл Б.Нандинцэцэгийн өмдийг шувтлахаар нь би “чи яагаад ингэж байгаа юм бэ, эмэгтэй хүн ингэж болохгүй шүү дээ” гээд хутгатай гараараа түлхсэн. Тэгээд нөхрийгөө сэрээгээд ингэчихлээ гэхэд “түргэн, цагдаа дууд” гээд дуудсан” гэж мэдүүлсэн бөгөөд хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.
Хохирогч С.Алтангэрэл шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Биеийн байдал зүгээр. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэв.
Улсын яллагч шүүх хуралдаанд шүүгдэгч Ч.Дүүрэнжаргалыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг нотлох байр сууринаас оролцож дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Март шүүгдэгчийн хууль ёсны эрх ашгийг хамгаалж, түүнд оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлэх байр сууринаас шүүх хуралдаанд оролцож дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
1. Хохирогч С.Алтангэрэлийн мэдүүлэг (хавтаст хэргийн 36 дахь тал),
2. Гэрч Ш.Энхбаярын мэдүүлэг (хавтаст хэргийн 24 дэх тал)
3. Хохирол төлбөр төлсөн баримт (хавтаст хэргийн 90-91 дэх тал),
4. Шүүгдэгч Ч.Дүүрэнжаргалыг өмнө ял шийтгүүлсэн эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 90 дэх тал),
5. Шүүгдэгч Ч.Дүүрэнжаргалын иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 49 дэх тал),
6. Гэрлэлтийн баталгааны хуулбар (хавтаст хэргийн 50 дахь тал),
7. Оршин суугаа газрын лавлагаа (хавтаст хэргийн 51 дэх тал),
8. Эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа (хавтаст хэргийн 52 дахь тал),
9. Шүүгдэгчийн нөхөр Ш.Энхбаярын нэр дээр эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа (хавтаст хэргийн 53 дахь тал),
10. Шүүгдэгч Ч.Дүүрэнжаргалын нийгмийн даатгалын шимтгэл төлдөг талаарх лавлагаа (хавтаст хэргийн 54 дэх тал),
11. Шүүгдэгч Ч.Дүүрэнжаргалын тогоочийн үнэмлэхийн хуулбар (хавтаст хэргийн 55 дахь тал),
12. Голомт банкны дансны хуулга, Хас банкны дансны хуулга (хавтаст хэргийн 56-69 дэх тал),
14. Хохирогч С.Алтангэрэлийн мөрдөн байцаалтын шатанд гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй талаарх хүсэлт (хавтаст хэргийн 90 дэх тал),
15.Шүүгдэгч Ч.Дүүрэнжаргалын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт (хавтаст хэргийн 91 дэх тал),
16. Прокурорын 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн “Хүсэлтийг хангаж, хэргийн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” тогтоол (хавтаст хэргийн 92 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугласан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Ч.Дүүрэнжаргал нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Налайх дүүргийн 4 дүгээр хороо Алтайн 12 дугаар гудамжны 22а тоотод байрлах өөрийн гэртээ хохирогч С.Алтангэрэлийн цээжин тус газарт хутгаар хатгаж биед нь цээжний урд ханын ил шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:
-Цагдаагийн байгууллага гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 01 дэх тал),
-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 03-07 дахь тал),
-Хохирогч С.Алтангэрэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр би ажлаасаа 11 цагийн үед буугаад Налайх дүүргийн 4 дүгээр хороо Алтайн 12 дугаар гудамжны 22 тоот Ш.Энхбаярын гэрт очсон, очих үед Ш.Энхбаяр, Ч.Дүүрэнжаргал, Ш.Энхбаярын ах гээд нэг залуу байсан. Тэгээд би очих замдаа Хараа нэртэй 0.75 литрийн архи авчихсан байсан, тэрийг бид 4 хувааж уусан. Тэгээд архиа хувааж ууж дуусгаад гэр лүү явсан, гэр лүү очоод гэрээс мөнгө авчихаад буцаад таксидаад Ш.Энхбаярын гэрт очсон, тэгээд очих замаараа дахин дэлгүүр ороод архи аваад, Б.Нандинцэцэгийг дэлгүүр дээр дуудчихсан байсан, тэгээд бид хоёр хамт Ш.Энхбаярын гэрт ороод бид 5 нийлээд 2 шил архи уусан, тэгээд би тасарчихсан байсан нэг мэдсэн эмнэлэг дээр ирсэн цээж хэсэг шархтай байсан. Ямар ч байсан Ч.Дүүрэнжаргал намайг хутгалсан гэсэн. Би бол тухайн үед нэлээн согтолттой байсан учраас болсон явдлыг сайн санахгүй байна. Тухайн үед архи ууж байгаад тасарчихсан юм. Шархандаа 4 оёдол тавиулсан. Эмчилгээний төлбөр гэж 1.100.000 төгрөг авсан. Тийм учраас ямар нэг гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 13-14 дэх тал),
-Хохирогч С.Алтангэрэлийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, эмчилгээний зардлын баримт бичиг Ш.Энхбаярт байгаа байх, тухайн үед өгч эмчилгээний төлбөр гэж 1.100.000 төгрөг авсан, ийм учраас гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” (хавтаст хэргийн 16 дахь тал),
-Гэрч Ш.Энхбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...С.Алтангэрэл гаднаас нэг хүүхэн дагуулчихсан нөгөө хүүхнээ манай найз байгаа юм гээд 0.5 литрийн Хараа гэх архи дахиад бариад ороод ирсэн. Тэгээд бид 5 нөгөө архийг нь хувааж ууж байгаад тасарчихсан. Тэгсэн унтаж байсан чинь манай эхнэр Ч.Дүүрэнжаргал намайг сэрээгээд “би хүн хутгалчихлаа” гээд би босоод хартал С.Алтангэрэл зурагтын өмнө суучихсан, цээж нүцгэн, цээж хэсгээс нь цус гарчихсан байсан. Тэгэхээр нь би хурдан түргэн дуудаад оёдол тавиул гээд, тэгээд “цагдаа дууд” гэж хэлсэн. Тэгсэн чинь удалгүй түргэний машин хүрч ирээд С.Алтангэрэлийг аваад явсан. Араас нь цагдаа хүрч ирээд бид нарыг аваад явсан” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 22 дахь тал),
-Гэрч М.Өлзийбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...шуугилдаад байхаар нь сэрээд харсан чинь С.Алтангэрэл цээж нүцгэн ба бага зэрэг цус гарчихсан байсан. Тэгэхээр нь би “юу болов, яагаад байгаа юм” гэж асуухад Ч.Дүүрэнжаргал надад “Ахаа энэ С.Алтангэрэл авчирсан эмэгтэйгийнхээ өмдийг нь шувталчихсан, заваарах гэж байхаар нь би уурлаад хутгалчихлаа” гэж хэлсэн. Тэгсэн Ш.Энхбаяр сэрээд цагдаа, эмнэлэг дууд гэж хэлж байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26 дахь тал),
-Гэрч Б.Нандинцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...авчирсан архийг нь ууж сууж байгаад би газар унтчихсан. Тэгээд нэг сэрэх үед Ч.Дүүрэнжаргал эгч надад “Алтангэрэл чиний өмдийг тайлсан тэгээд би чиний өмдийг татаж өгсөн” гэж байсан. Тэгээд С.Алтангэрэл ах хаана байсныг би мэдэхгүй байна, нэг мэдсэн цээж нүцгэн, цээж хэсэгтээ хутгалуулчихсан байсан. Би бол нэлээн согтолттой байсан, болсон үйл явдлын зарим зүйлийг санахгүй байна. С.Алтангэрэл намайг ямар нэгэн байдлаар оролдсон зүйл байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28 дахь тал),
-Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын Налайх дүүргийн Шүүхийн шинжилгээний тасгийн шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 08/ШЭ/247 дугаартай “С.Алтангэрэлийн биед цээжинд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдагдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 33-34 дэх тал),
-Шинжээч С.Төгсбуяны мөрдөн шалгах ажиллгаанд өгсөн: “...С.Алтангэрэлийн биед цээжинд шарх буюу цээжний хөндийд нэвтрээгүй шархтай байсан, энэ нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 36 дахь тал),
-Шүүгдэгч Ч.Дүүрэнжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “Би уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ...Б.Нандинцэцэгийн өмд тал хүртлээ шувтарчихсан С.Алтангэрэл хажуу талд нь байхаар нь би гүйж очоод цаашаа холд гээд түлхсэн чинь хутгатай гараараа түлхсэн, тэгсэн С.Алтангэрэлийн цээж хэсгээс цус гараад тэгсэн би сандраад нөхөр Ш.Энхбаярыг гүйж очоод сэрээсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 47 дахь тал) болон шүүгдэгчийн шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хоорондоо агуулгын зөрүүгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.
Хууль зүйн хувьд шүүгдэгч Ч.Дүүрэнжаргалын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хохирогч С.Алтангэрэлийн эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсанд тооцно.
Мөн шүүгдэгч Ч.Дүүрэнжаргалын үйлдлийн улмаас хохирогчийн биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэл учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэхэд шүүгдэгч Ч.Дүүрэнжаргал хохирогч М.Алтангэрэлтэй “...Б.Нандинцэцэгийн өмдийг шувталлаа...” гэх шалтгаанаар тухайн тохиолдолд таарамжгүй харилцаа үүсгэн, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Ч.Дүүрэнжаргалыг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Гэмт хэргийн улмаас хохирогч С.Алтангэрэлийн биед хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явц болон шүүхийн хэлэлцүүлэгт “эмчилгээний төлбөр гэж 1.100.000 төгрөг авсан, гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх тайлбар, мэдүүлгийг тус тус өгсөн, шүүгдэгч нь 1.100.000 төгрөгийг 3 хувааж, хохирогчийн дансанд шилжүүлсэн болох нь баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч “шүүгдэгч Ч.Дүүрэнжаргалтай эрүүгийн хариуцлагын талаар тохиролцсон саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” гэсэн дүгнэлт, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Март нь “Миний үйлчлүүлэгч Ч.Дүүрэнжаргал нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, эрхэлсэн тодорхой ажилтай, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг харгалзан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, прокурорын гаргасан саналын хүрээнд шийдвэрлэж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж, хохирогч уг ялын дүгнэлттэй холбогдуулан тусгайлан санал, тайлбар гаргаагүй болно.
Шүүгдэгч Ч.Дүүрэнжаргал нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн”, 1.4-т заасан “хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүгдэгч, хохирогч нар нь прокурорын хяналтын шатанд эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, прокуророос шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг танилцуулахад хүлээн зөвшөөрсөн, хохиролд 1.100.000 төгрөг төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон талаар мэдүүлсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хуулийн шаардлага хангагдсан гэж үзнэ.
Иймд шүүхээс шүүгдэгч Ч.Дүүрэнжаргалыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосон тул прокурортой тохиролцсон саналын хүрээнд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, тухайн ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 14х12 см хэмжээтэй хатсан цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээс авсан дээж, цагаан өнгийн чийгтэй алчуур 1 ширхэг, 25 см урттай, ажлын хэсэг 14 см урттай, 11 см хар өнгийн хуванцар бариултай, ажлын хэсгийн үзүүрт цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон хутга 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт хариуцсан коммист даалгаж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЭНХЖАРГАЛ