Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 153/ШШ2018/00196

 

 

 

 

 

 

2018 оны 04 сарын 17 өдөр          Дугаар 153/ШШ2018/00196             Жаргалант сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч:Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил багийн 15-р гудамжны 7 дугаар байрны 01 тоотод оршин суух, ............ регистрийн дугаартай, .Ж.Э-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч:Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 12 жилийн 3-р сургуульд холбогдох Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 12 жилийн 3-р сургуулийн захирлын 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Б/26 дугаартай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан зураг, технологийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 5,573,904 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ж.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие аймгийн Есөнбулаг сумын 12 жилийн 3 дугаар сургуульд 2003 оноос технологийн багшаар томилогдон ажиллаж байгаад Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 12 жилийн 3 дугаар сургуулийн захирлын 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Б/26 тоот тушаалаар ажлаас гэнэт үндэслэлгүйгээр чөлөөлөгдсөн. Намайг ажлаас чөлөөлсөн үндэслэл нь ажлын байранд, дотоод ажил гүйцэтгэж байх үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн гэж үзэж байгаа нь ор үндэслэлгүй зүйл байна. Би ажлын байранд ажлын цагаар согтууруулах ундаа хэрэглэсэн зүйл огт байхгүй, би 20-ны өдөр ажлаа тараад гэртээ очоод байж байтал Ховдоос хот руу явж байсан цэргийн найз ирээд гэртээ 2 пиво хувааж уугаад явсан. Тэгээд байж байтал утасны цэнэг дуусаад цэнэглэгчээ ажил дээрээ орхисон, мөн принтерээ унтраах шаардлагатай байсан тул шөнө 21 цагийн үед сургууль орж цэнэглэгчээ авахаар очоод өрөөндөө ороод байж байтал манай технологийн багш Э орж ирээд бид түүнд чөлөө авч явж байгаагаа хэлээд хичээлээ зохицуулаарай гээд зогсож байтал гаднаас мөн манай сургуулийн багш Т, Б, У нар орж ирсэн. Араас нь захирал Д.Э орж ирчихээд л гараад явсан коридорт утсаар яриад зогсож байсан бид гараад явах гэтэл “та нар байж бай би цагдаа дуудчихсан” гээд бариад авсан. Тэгэхээр нь би “яасан юм зүгээр явж байна энд архи дарс уусан зүйл байхгүй” гээд гарсан чинь гадаа цагдаа ирээд намайг аваачаад эрүүлжүүлэхэд хийсэн. Ховд аймагт 2 дүүгийн бие муу тааруухан гээд чөлөө авчихсан байсан тул тэр чигтээ Ховд аймаг яваад ирэхэд миний тушаалыг гаргачихсан надад өгсөн. Энэ тушаал нь Монгол улсын хууль тогтоомжууд болон сургуулийн дотоод журмыг ноцтой зөрчсөн байна.

Иймд миний хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 12 жилийн 3-р сургуулийн захирлын 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Б/26 дугаартай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан зураг, технологийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 5,573,904 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагчийн төлөөлөгч Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 12 жилийн 3-р сургуулийн захирал Д.Э 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр шүүхэд гаргасан тайлбартаа:Ж.Энхбаатар нь байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 5.52, 8.97, Хөдөлмөрийн гэрээний 4.11 дэх заалтуудыг зөрчиж ажлын байранд дотоод ажил гүйцэтгэж байх үедээ архи, согтууруулах ундаа хэрэглэсэн тул ажлаас чөлөөлсөн. Ж.Э нь ажлын цагаар архи, согтууруулах ундаа хэрэглэж, ажлын цагийг тасалдуулж байсан тул 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн тушаалаар сануулах арга хэмжээ авч байсан.

2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр дахин ажлын байранд дотоод ажил гүйцэтгэж байх үедээ архи, согтууруулах ундаа хэрэглэж, хэл амаар доромжлон шаардлага тавихад биед зүй бусаар халдсан болох нь Цагдаагийн байгууллагаар шалгагдаж тогтоогдон захиргааны арга хэмжээ авагдсан, байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргаж ажлаас чөлөөлөгдсөн юм. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч  Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 12 жилийн 3-р сургуулийн захирал М.Н 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд гаргасан тайлбартаа: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 12 жилийн 3-р сургуулийн технологийн багш Ж.Э нь Ховд аймаг руу дүүгийн нь бие өвчтэй байна гээд чөлөө аваад явсан хойгуур ажлаас халсан тушаалыг захирлын үүрэг гүйцэтгэж байсан Д.Э гаргасан байсан. Энэ үед миний бие ажлаасаа түр чөлөөлөгдсөн байсан бөгөөд эргэн томилогдоод ажиллаж байна.

Миний ойлгож байгаагаар Ж.Э нь ажлын цагаар архи уусан асуудал байхгүй, ажлын цаг дууссан хойно сургууль дээр ирсэн гэж ойлгож байна. Энэ үйлдэл нь хуульд харшлах зүйлгүй гэж үзэж байна.

Ж.Э нь надтай болон манай сургуулийн хамт олонтой хамтран ажиллаж хугацаандаа ямар нэгэн алдаа дутагдал гаргаж байгаагүйн зэрэгцээ улсын технологийн олимпиадын аварга, аймгийн технологийн олимпиадын 15 удаагийн аваргаар шалгарч байсан манай аймгийн тэргүүний багш юм. Хариуцагчийн зүгээс Ж.Э-г ажилд эгүүлэн тогтооход татгалзах зүйлгүй болно гэжээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.Э нь хариуцагч Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 12 жилийн 3-р сургуульд холбогдуулан Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 12 жилийн 3-р сургуулийн захирлын 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Б/26 дугаартай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан зураг, технологийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 5,573,904 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд зохигчдын шүүхэд гаргасан тайлбар болон хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгч Ж.Э нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 12 жилийн 3-р сургуулийн захирлын 2003 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн тушаалаар тус сургуулийн зураг, шугам зургийн багшаар томилогдон улмаар тус сургуулийн захирлын 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн тушаалаар зураг технологийн багшийн ажлаас чөлөөлөгдсөн болох нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 12 жилийн 3-р сургуулийн захирлын 2003 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 36 дугаартай “Зарим хүнийг ажилд томилж, цалинг шинэчлэн тогтоох тухай” тушаалын хуулбар /хх-6/, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 12 жилийн 3-р сургуулийн захирлын 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Б/26 дугаартай “Ж.Э-г ажлаас чөлөөлөх тухай” тушаал /хх-7/, нийгмийн даатгалын дэвтэр, хариуцагчийн төлөөлөгчийн шүүхэд ирүүлсэн тайлбар, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр нотлогдож байна.

Эдгээр баримтуудаас үзэхэд талуудын хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн, ажилтан Ж.Э нь тус байгууллагад 2003 оноос хойш ажиллаж байсныг нотолж байна.

Хариуцагч Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 12 жилийн 3-р сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Э нь тус сургуулийн захирлаар ажиллаж байхдаа нэхэмжлэгч Ж.Э-г 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Б/26 дугаартай тушаалаар ажлаас нь чөлөөлсөн байх ба дараа нь тус сургуулийн захирал солигдож, захирлаар М.Н томилогдсон байна.

Эдгээр захирлууд нь шүүхэд хоорондоо эсрэг тайлбар гаргасан, өөрөөр хэлбэл захирал Д.Э нь ажилтан Ж.Э-г “...ажлын байранд дотоод ажил гүйцэтгэж байх үедээ архи, согтууруулах ундаа хэрэглэсэн” гэж,  захирал М.Н нь “...миний ойлгож байгаагаар Ж.Э нь ажлын цагаар архи уусан асуудал байхгүй, ажлын цаг дууссан хойно сургууль дээр ирсэн гэж ойлгож байна. Энэ үйлдэл нь хуульд харшлах зүйлгүй гэж үзэж байна. Ж.Э-г ажилд эгүүлэн тогтооход татгалзах зүйлгүй” гэжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлүүдээр ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалдаг.

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 12 жилийн 3-р сургуулийн захирал 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Б/26 дугаартай тушаал гаргаж ажилтан Ж.Э-г ажил олгогчийн санаачилгаар үүрэгт ажлаас нь чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, аймгийн Засаг даргын 2014 оны А/61 дугаартай захирамж, байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 5.52, 8.97, Хөдөлмөрийн гэрээний 4.11 дэх заалтуудыг тус тус үндэслэж, Ж.Э нь ажлын байранд дотоод ажил үүрэг гүйцэтгэж байх үедээ 2017 оны 10 дугаар сарын 20-21-ний өдрүүдэд архи согтууруулах ундаа хэрэглэн, байгууллагын дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд заасан сахилгын ноцтой зөрчлийг удаа дараа гаргасан гэж ажлаас чөлөөлжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д зааснаар “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлахаар заажээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх заалтаас үзэхэд ажилтан сахилгын зөрчлийг хоёр ба түүнээс дээш удаа гаргасан байх, мөн энэ заалтад заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзвэл гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байх ба энэхүү нэрлэн заасан зөрчлийг ажилтан гаргасан нь баримтаар тогтоогдсон байх ёстой.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд ажилтан Ж.Э-г 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Б/23 дугаартай тус сургуулийн захирлын тушаал /хх-31/-аар ажлын цагаар архи, согтууруулах ундаа хэрэглэж ажлын цагийг тасалдуулсан гэж сахилгын сануулах арга хэмжээ авсан байна. Гэтэл тус тушаалын талаар ажилтан Ж.Э шүүх хуралдаанд тайлбарлахдаа “би энэ тушаалыг хараагүй, би арга хэмжээ авагдаж байгаагүй. Шүүхэд ирээд мэдэж байна” гэж тайлбарлаа.

Ажилтан Ж.Э нь өмнө ажлын цагаар архи, согтууруулах ундаа хэрэглэж ажлын цагийг тасалдуулсан, энэхүү зөрчилөө давтан гаргаж байгаа бол түүнийг нотолсон баримтаа хариуцагч байгууллага шүүхэд ирүүлэх ёстой. Өөрөөр хэлбэл хариуцагч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагын хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэл түүнтэй холбоотой нотлох баримтаа гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ хэрэгжүүлээгүй байна.

Хариуцагчийн төлөөлөгч Д.Э нь жижүүрийн дэвтэрт бичигдсэн 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн жижүүр У.А-н “...Түүнээс хойш 108-д Э, Э, Б, Т нар пиво ууж байгаад захирал ирж үзээд шаардлага тавив” гэх тэмдэглэлийг /хх-47/ хавсаргасан бөгөөд энэ нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан “захирал Д.Э нь ирээд жижүүр У.А-г ингэж бич гэж дарамтлаж байгаад бичүүлсэн” гэх мэдүүлэг, гэрч У.А-н “...захирал Д.Э ирээд жижүүрийн дэвтэр дээр Ж.Э-г архи уусан гэж бич гэж хэлээд бичүүлсэн. Түүнээс би Ж.Э-г архи уусан гэдгийг мэдээгүй” гэх мэдүүлэг /хх-90/, гэрч Д.Б-н “сурагчдын зохион байгуулсан гар бөмбөгийн тэмцээнд оролцож байхад захирал тэмцээнээ дуусга гээд тараасан. Тэгээд архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй” гэх мэдүүлэг /хх-88/, гэрч Н.Т-н “...намайг Ж.Э багш дуудсан. Ховдод асуудал гарлаа гээд ярьж байхад захирал орж ирээд сургууль дээр архидлаа гээд цагдаа дуудсан. Архи согтууруулах ундаа хэрэглээгүй” гэх мэдүүлэг /хх-86/, гэрч Б.Э-н “...архи согтууруулах ундаа хэрэглээгүй, тэр өдөр сурагчдаас зохион байгуулсан гар бөмбөгийн тэмцээнд багш нарын баг оролцоод тарсан” гэх мэдүүлэг /хх-84/-үүдээр няцаагдаж байна.

Мөн Говь-Алтай аймгийн Цагдаагийн газрын 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хариу мэдэгдэх хуудас /хх-48/, 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 001250 дугаартай шийтгэлийн хуудасны хуулбар /хх-49/, 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Төлбөрийн баримтын хуулбар /хх-50/-аар Ж.Э нь бусдын биед гэмтэл учруулахгүйгээр халдаж, 100,000 төгрөгөөр торгуулсан болох нь нотлогдож байна. Харин Ж.Э-г ажлын байранд, дотоод ажил үүрэг гүйцэтгэж байх үедээ 2017 оны 10 дугаар сарын 20-21-ний өдрүүдэд архи, согтууруулах ундаа хэрэглэсэн болохыг нотлохоор хэрэгт авагдсан 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр драгераар үлээлгэсэн тэмдэглэлийг хавсаргасан боловч энэ нь ажлын байранд архи, согтууруулах ундаа хэрэглэсэнийг нотлогдохгүй байна.

Иймд ажилтан Ж.Э нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д зааснаар хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан болох нь хэрэгт баримтаар нотлогдохгүй байх тул нэхэмжлэгч Ж.Э-г Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 12 жилийн 3-р сургуулийн зураг-технологийн багшийн ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Ж.Э-н ажилгүй байсан хугацааны цалинг тооцохдоо  хэрэгт авагдсан Ж.Э-н нийгмийн даатгалын дэвтэрийг үндэслэн тооцоход сүүлийн гурван сарын дундаж цалинг 2017 оны 8-10 дугаар сарын цалингаар тооцвол нэг сарын цалин (1,275,643+969,786+740,669):3 = 995,366 төгрөг,

Нэг өдрийн дундаж цалинг тооцоход 995,366 : 21,5 = 46,296 төгрөг байна.

Ж.Э-н ажилгүй байсан 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийг дуусталх хугацааг тооцоход нийт 5 сар 12 өдөр буюу энэ хугацаа дахь олговрыг тооцвол: (995,366 х 5)+( 46,296 х 12) = 5,532,382 төгрөгийг хариуцагч Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 12 жилийн 3-р сургуулиас гаргуулж, нэхэмжлэгч Ж.Э-т олгож, илүү нэхэмжилсэн 41,522 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх боловч түүний нэхэмжлэл гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг тус тус баримтлан Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 12 жилийн 3-р сургуулиас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Э-т олгож, мөн хариуцагч Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 12 жилийн 3-р сургуулиас 5,532,382 төгрөгийн олговорт ногдох улсын тэмдэгтийн хураамж 103,468 төгрөгийг гаргуулан Төрийн сангийн дансанд оруулах нь хуульд нийцнэ.

Хариуцагч Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 12 жилийн 3-р сургуулийн захирал М.Н-д шүүхэд ирэх боломжит хугацаагаар, шүүх хуралдааны зарыг шүүхээс 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр мэдэгдсэн боловч хариуцагч нь “шүүх хуралд өөрийн биеэр оролцох боломжгүй тул шүүх хуралдааныг хариуцагчгүйгээр хуралдуулж өгнө үү” гэсэн хүсэлтийг ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн хариуцагчийн эзгүйд хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 12 жилийн 3-р сургуулийн захирлын 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Б/26 дугаартай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ж.Э-г Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 12 жилийн 3-р сургуулийн зураг-технологийн багшийн ажилд эгүүлэн тогтоосугай.

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 12 жилийн 3-р сургуулиас Ж.Э-н  ажилгүй байсан 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийг дуусталх хугацааны буюу 5 сар 12 өдөрт ногдох олговорт 5,532,382 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Э-т олгосугай.

3.Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх ба түүний нэхэмжлэл гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг тус тус баримтлан Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 12 жилийн 3-р сургуулиас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Э-т олгож, мөн хариуцагч Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 12 жилийн 3-р сургуулиас 5,532,382 төгрөгийн олговорт ногдох улсын тэмдэгтийн хураамж 103,468 төгрөгийг гаргуулан Төрийн сангийн дансанд оруулах оруулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Б.МАРИНА