Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 153/ШШ2018/00197

 

 

 

 

 

 

2018 оны 04 сарын 17 өдөр             Дугаар 153/ШШ2018/00197            Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч:Ховд аймгийн Мөнххайрхан сумын Алаг багт оршин суух, .......... тоот регистрийн дугаартай, Л.Д-н ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Л.Д, нарийн бичгийн дарга Б.Батжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Л.Д нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ховд аймгийн Мөнххайрхан суманд төрсөн. 1981 онд 4 дүгээр ангиа төгсөөд аав ээжийн хамт Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдэлд 1992 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл малчнаар, 1992 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 1993 оныг дуустал Ховд аймгийн Мөнххайрхан сумын Алаг багт малчнаар ажилласан. Одоо өндөр насны тэтгэвэрээ тогтоолгох гэсэн боловч нэгдэлд ажилд орсон гарсан тушаал архиваас олдохгүй, малчнаар ажиллаж байх үеийн шимтгэл төлсөн баримт архиваас олдохгүй байна.

Иймд намайг 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оныг дуустал Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдэлд малчнаар, 1993 онд Ховд аймгийн Мөнххайрхан сумын Алаг багт малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Л.Д нь 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оныг дуустал Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдэлд малчнаар, 1993 онд Ховд аймгийн Мөнххайрхан сумын Алаг багт малчнаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн бөгөөд хэрэгт дараах баримтууд авагдсан байна. Үүнд:

-Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 629 дугаартай лавлагаа,

-Ховд аймгийн Мөнххайрхан сумын Алаг бригадын 1984-1988, 1990-1993 онуудын 70-р дансны хуулбарууд,

-Л.Д-н ажиллаж байхдаа авахуулсан гэх гэрэл зураг,

-Л.Д-н Ажилласан жил, тэтгэвэрийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд хамрагдсан талаарх 1609000508 дугаартай Баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-Гэрч П.С-н “би 1976 оноос хойш Л.Д-н аав Л-тай хамт Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн Алаг бригадад хамт ажиллаж байсан. Л.Д нь 1983-1992 оныг дуустал тус нэгдэлд малчин, саальчнаар ажиллаж байсан. Манай нэгдэл 1990 онд хувьчлагдаж, Мөнх-Оргил компани болж 1994 онд татан буугдсан. Би 1975-1992 он хүртэл Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдэлд агент, тоо бүртгэгчээр ажиллаж байгаад 1992-1994 онд Мөнх-Оргил компанид мөн тоо бүргэгч хийж байсан” гэх мэдүүлэг,

 -Гэрч Б.Ц-н “би 1990 оноос хойш Л.Д-тай хамт Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн Алаг бригадад хамт ажиллаж эхэлсэн. Намайг 1990 онд тус нэгдэлд ажилд ороход Л.Д нь нэгдэлд саальчнаар ажиллаж байсан. Тэрээр нэгдэл тарах хүртэл ажилласан. Би 1990-1992 онд нэгдэлд агент хийж байсан ба 1992-2009 онд багийн засаг даргаар ажиллаж байсан” гэх мэдүүлэг зэрэг баримтууд болно.

Иймд хэрэгт цугларсан дээрх бичгийн болон бусад нотлох баримтуудаар хүсэлт гаргагч Л.Д нь 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оныг дуустал Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдэлд малчнаар, 1993 онд Ховд аймгийн Мөнххайрхан сумын Алаг багт малчнаар тус тус ажиллаж байсан нь нотлогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь хуульзүйн үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Л.Д 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оныг дуустал Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдэлд малчнаар, 1993 онд Ховд аймгийн Мөнххайрхан сумын Алаг багт малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Б.МАРИНА