| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 153/2018/00176/И |
| Дугаар | 153/ШШ2018/00198 |
| Огноо | 2018-04-17 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 153/ШШ2018/00198
2018 оны 04 сарын 17 өдөр Дугаар 153/ШШ2018/00198 Ховд аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч:Ховд аймгийн Дөргөн сумын Аргалант багт оршин суух, .......... тоот регистрийн дугаартай, Г.Э-н ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Г.Э нарийн бичгийн дарга Б.Батжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Г.Э нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэлд 1980 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хоньчин, ямаачнаар мал маллаж ажилласан. Одоо өндөр настны тэтгэвэр тогтоолгох гэсэн боловч миний Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэлд 1980 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байх үеийн хөдөлмөрийн дэвтэр дээрх ажилласан жилийн он дутуу, бичигдсэн жилүүдийн даргын гарын үсэг нь тамгаар баталгаажаагүй, Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн лавлагаагаар шүүлгэхэд Т.Г 1980 он, Г.Э 1981 оноос 1985 он, 1988 оноос 1990 онд ажилласан, Дөргөн сумын 1986 оноос 1987 оны 70 дугаар данс тус архивт шилжиж ирээгүй байгаа байна.
Би шүүхэд 1980 оноос эхлэн ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан бөгөөд одоо 1981 оноос эхлэн ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна.
Иймд намайг 1981-1991 оныг дуустал Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Г.Э нь 1981-1991 оныг дуустал Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн бөгөөд хэрэгт дараах баримтууд авагдсан байна. Үүнд:
-Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 599 дугаартай лавлагаа,
-Ховд аймгийн Дөргөн сумын Аргалант бригадын Т.Г 1980, Г.Э-н 1981-1985, 1988-1990 оны хөдөлмөрийн хөлсний хуулбарууд,
-Г.Э-н 0776923 дугаартай Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-Г.Э-н 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр, 1981 оны 07 дугаар сарын 23-ны өдөр, 1980 оны 10 дугаар сарын 28-ны өдөр тус тус нээлгэсэн хөдөлмөрийн дэвтэрүүд,
-Г.Э-н ажиллаж байхдаа авахуулсан гэх гэрэл зураг,
-Гэрч З.И-н “би 1971 онд цэргээс халагдаж ирээд Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар ажиллаж эхэлсэн. Намайг тус нэгдэлд ажиллаж байх хугацаанд Г.Э 1980 онд илгээлтээр ирж, нэгдэл тарах хүртэл малчнаар ажиллаж байсан. Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэл 1992 онд тарсан. Би 1971-1991 он хүртэл тус нэгдэлд малчнаар ажиллаж байсан” гэх мэдүүлэг,
-Гэрч Ц.Н-н “би 1983 Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэлд илгээлтээр ирж, малчнаар ажиллаж эхэлсэн. Намайг тус нэгдэлд илгээлтээр ирж ажиллахад Г.Э нь тус нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Бид тус нэгдэл тарах хүртэл хамт ажилласан. Манай нэгдэл 1991 онд тарсан” гэх мэдүүлэг зэрэг баримтууд болно.
Иймд хэрэгт цугларсан дээрх бичгийн болон бусад нотлох баримтуудаар хүсэлт гаргагч Г.Э нь 1981-1991 оныг дуустал Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан нь нотлогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь хуульзүйн үндэслэлтэй байна.
Хэрэгт хүсэлт гаргагч Г.Э нь 1981-1991 оныг дуустал Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар ажиллаж байснаа нотлохоор өөрийн эцэг Т.Г-н 1988 оны баярын бичгүүдийг хавсаргасан бөгөөд энэ нь хэрэгт хамааралгүй байх тул нотлох баримтаар үнэлээгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Г.Э-н 1981-1991 оныг дуустал Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА