Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гомбын Мөнхтулга |
Хэргийн индекс | 164/2022/0084/Э |
Дугаар | 2022/ШЦТ/87 |
Огноо | 2022-06-29 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Ц.Батзаяа |
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 29 өдөр
Дугаар 2022/ШЦТ/87
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Байгалмаа,
улсын яллагч Ц.Батзаяа,
шүүгдэгч Г.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батзаяагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Г.Т-т холбогдох 2216000000122 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 06 дугаар сарын 2 4-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Д овогтой Г-н Т.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:
Шүүгдэгч Г.Т нь 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Говь-Алтай аймгийн Жаргалан сумын төвд байх өөрийн гэрийн гадна хохирогч М.Ц-н нүүрэн тус газарт нь өшиглөж зодон түүний биед баруун дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний алимны салстад цус харвалт, зүүн дээд, доод зовхинд цус хуралт буюу хөнгөн зэргийн гэмтлүүд санаатай учруулсан болох нь:
Шүүгдэгч Г.Т-н өгсөн “...хэрэгтээ гэмшиж байна. Дахин ийм үйлдэл гаргахгүй... Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
шүүгдэгч Г.Т-н мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн “... Ц өнөөдөр нэг ямаа үхчихлээ, өнөөдөр гэрээс юм гаргадаггүй өдөр гээд надад хэлэхээр нь надад ямар хамаатай юм. Би өрөө л авлаа гээд бид 2 муудалцсан. Ц бид 2 заамдалцаж аваад гэрээс гараад гадаа ноцолдсон. Удалгүй Ц бид 2 салаад Ц дотор муухай болоод байна гээд доошоо тонгойгоод 4 хөллөөд байж байхаар нь би хөлөөрөө нүүр хэсэг рүү нь өшиглөсөн... Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. М.Ц-д эмчилгээний зардал гэж 500.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31 дүгээр тал/,
хохирогч М.Ц-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр гэртээ байж байсан чинь 11 цаг 30 минутын үед Т манай хөдөө гэрт ирсэн. Тэгээд Т ачаанаасаа Соёрхол нэртэй 0,5 литртэй архи гаргаж ирээд Т бид 2 хувааж уусан. Үдээс хойш 17 цагийн үед байх сум руу Т-н гэрт ирсэн. Т-н гэрт нь ирээд Хараа нэртэй 0,5 литртэй архи, Нийслэл нэртэй 2 литртэй пиво Т бид 2 хувааж уучхаад сууж байсан. Би хавар Т-с 100,000 төгрөг авсан юм. Тэгээд Т надаас мөнгөө нэхээд байхаар нь би юун сүртэй юм бэ манайх 2 дахь өдөр гэрээс юм гаргадаггүй юм нэг ямаа хүртэл үхчихлээ гээд би хэлсэн чинь Т юун сүртэй юм гээд бид 2 маргалдсан юм. 17 цаг өнгөрч байсан байх Т бид 2 барилцаж аваад гэрээс гадаа гараад нэгнийхээ фудболканоос татаж ноцолдсон. Тэгээд бид 2 салаад би дотор муухай болоод байхаар нь доошоо тонгойгоод сууж байсан чинь Т миний нүүр лүү хөлөөрөө өшиглөсөн... Би Т-г зодож цохиогүй. Бид 2 хоорондоо барилцаж авсан. Тухайн үед Т-н эхнэр Н, манай эхнэр А, 3 хүүхдүүд байсан...миний баруун талын нүд тагларсан. Юм харахгүй байгаа. Хамар хавдсан, толгой өвдөж байгаа өөр гэмтэл зовуурь байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9 дүгээр тал/,
хохирогч М.Ц-н мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн “...Би энэ хэрэгтэй холбоотой гомдол санал байхгүй. Т-с эмчилгээний мөнгө гээд 500,000 төгрөг авсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11 дүгээр тал/,
гэрч Ч.Н-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “....Т, Ц хоёр 0,5 литртэй архи, нэг 2 литртэй пиво байсан байх би сайн анзаарч хараагүй. Тэгээд тэр 2 хувааж уучихаад 2022 оны хавар Ц манай нөхрөөс 100,000 төгрөг зээлсэн юм. Манай нөхөр өчигдөр мөнгөө буцаагаад авсан. Харин Ц манайх 2 дахь өдөр юм гаргадаггүй гэж хэлээд хоорондоо маргалдаад байсан. Тэгээд тэр 2 заамдалцаад барилцаж авсан тэр үед манай бага 1 нас 5 сартай хүүхэд уйлахаар нь аваад гарсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дугаар тал/,
гэрч Ж.А-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...манайд 2022 оны 05 дугаар сарын 24-ний 11 цагийн үед Т ирээд манай нөхөр Ц-тэй Соёрхол нэртэй 0,5 литрийн архи хувааж уусан. Тэгээд үдээс хойш 17 цагийн үед сум явна гээд байхаар нь би машинаа бариад сум ороод Т-нд ирсэн. Т-нд манай нөхөр Т 2 Хараа нэртэй 0,5 литртэй архи, Нийслэл нэртэй 2 литртэй пиво хувааж ууж байсан. Удалгүй тэр 2 маргалдаж эхэлсэн. Тухайн үед би 3 настай хүүхдээ авч явсан учир хүүхдээ уйлахаар нь гэрээс тэврээд гарсан ... Т, Ц 2 гэрээс гарч ирээд гэрийн гадаа дээр доороо орж байх шиг байсан. Нэгнийхээ нүүр ам руу гараараа цохиж харагдаагүй ... Сүүлд манай нөхөр Ц намайг дуудахаар нь очоод харсан чинь нүд нь хөхөрчихсөн, хавдаад цус их гарсан байсан. Тэгээд би нөхрөөсөө асуутал тонгойгоод сууж байсан чинь Т өшиглөсөн гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17 дугаар тал/,
Говь-Алтай аймаг дахь Шүүхийн Шинжилгээний албаны ахлах шинжээч эмч, цагдаагийн ахмад Т.Алтайбаатарын 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 160 дугаартай “...1. М.Ц-н биед баруун дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний алимны салстад цус харвалт, зүүн дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
6. Уг гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх яаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 20-21 дүгээр тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдлоо.
Шүүгдэгч Г.Т-н үйлдэл нь хүний биед санаатай халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг уул гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар талуудаас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй бөгөөд хэргийг шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:
Эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал түүнчлэн шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 60 дугаар тал/, хохирогч М.Ц-н Цагдаагийн газарт гаргасан “...Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Завхан гол багт оршин суух М.Ц намайг иргэн Г.Т нь миний бие эрх чөлөөнд халдаж, зодож эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учруулсан Г.Т учруулсан хохирлоо мөнгөн хэлбэрээр 500,000 төгрөг төлж миний хохирлыг бүрэн барагдуулсан. Иймд миний хохирол бүрэн барагдуулсан тул миний бие гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй иймд миний гомдол саналгүй байдлыг хэрэгт харгалзаж үзнэ үү...” гэх хүсэлт /хавтаст хэргийн 58 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.
Шүүгдэгч Г.Т-н тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдэж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдлуудыг шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсгүүдэд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзсэн бөгөөд шүүгдэгчийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, зэрэг хүчин зүйлсүүдийг тал бүрээс нь харгалзан үзээд торгох ял оногдуулах тухай прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Г.Т-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулах нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь тохирсон байх “шударга ёсны” зарчимд нийцнэ гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “...цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 жилийн хугацаагаар хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож болно...” гэж, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж тус тус хуульчилжээ. Иймээс шүүгдэгчийн тухайд оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлөх талаар санал гаргаагүй, түүнчлэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасанчлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд биелүүлэх боломжтой байх тул шүүх хугацаа тогтоогоогүй болно.
Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, хохирол 500,000 (таван зуун мянга) төгрөг төлөгдсөн, хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д овогтой Г-н Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т-т 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Г.Т-т сануулсугай.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, хохирол 500,000 (таван зуун мянга) төгрөг төлөгдсөн, хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА