Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 2022/ШЦТ/182

 

 

 

 

        

   2022        06           20                                      2022/ШЦТ/182

                                

 

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                     2        15                                                                                 2019/

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Далайбаяр,

Улсын яллагч Э.Уламбаяр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Бүрэнчимэг,

Шүүгдэгч Э.Г- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Г-ад холбогдох эрүүгийн 2238000000261 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Э.Г-,

Шүүгдэгч Э.Г- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт байрлах Турт нэртэй зочид буудалд Ц.И-г зодож биед нь тархи доргилт, дээд уруулд цус хуралт, шарх, зүүн дээд 2 дугаар шүдний сулрал, хамрын зүүн талд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Э.Г- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт байрлах “Турт” нэртэй зочид буудалд Ц.И-гийн нүүр рүү өшиглөх, гараараа цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь “тархи доргилт, дээд уруулд цус хуралт, шарх, зүүн дээд 2 дугаар шүдний сулрал, хамрын зүүн талд зулгаралт” бүхий хөнгөн гэмтэл учруулж, “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:

  • Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 9-р тал/,
  • Хохирогч Ц.И-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2022 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр ажлынхантайгаа Бишрэлт караокед сууж пиво ууцгаасан. Тэндээсээ би шөнийн 02 цагт ганцаараа гарсан. Буудлын гадаа гараад ирэхэд үл таних 4 залуу “хонох буудал олдоггүй, бид нар хөдөөнөөс ирсэн юм” гэж хэлэхээр нь би тус болох гээд Мөрөн сумын 8 дугаар багт байрлах Турт буудал руу дагуулж ирсэн юм. Тэр дөрвөн залууд 2.5 литрийн хэмжээтэй “Сэрүүн” нэртэй 3 ширхэг пиво байсан. Тэрийг нь бид нар хувааж ууцгаасан. Ууж дуусаад би тэд нартай хамт унтсан. Өглөө 06 цагийн үед миний цээжин дээр хүн дэвсэхээр нь сэрээд хартал өөр нэг үл таних залуу өрөөнд ороод ирсэн байсан. Би өндийгөөд босох гэтэл миний нүүр рүү хөлөөрөө өшиглөсөн. Миний хамраас цус гараад би хамрынхаа цусыг нойл орж тогтоож ирээд тэр үл таних залуугаас яагаад намайг зодож байгаа талаар асуухад “би шоронд яваад ирсэн хүн, намайг Э.Г- гэдэг, би шоронгоос гараад 14 хонож байна, дуугүй суу гөлөг минь” гэж хэлсэн. Тэгэхэд нэг залуу нь миний гар утас алга болчихсон байна гэсэн. Тэгтэл тэр Э.Г- гэх залуу намайг “энэ муу пизда л авсан байгаа” гээд дахиад миний нүүр рүү гараараа цохиж эхэлсэн. Нэлээд хэд намайг цохиод хамраас цус гаргасан. Би тэндээс явах гэхэд Э.Г- гэх залуу явуулахгүй байсан. Э.Г- нь намайг пиво уу гэж шахаж, зодсон. Би арайхийж хамрынхаа цусыг угаах гэж гарахдаа буудлаас зугтаад цагдаа дээр ирсэн. ...Э.Г- надаас уучлалт гуйсан тул би түүнтэй эвлэрсэн. Одоо надад өвчин зовиур байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 13, 15-р тал/,
  • Гэрч Б.Д-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр ...Х- ах Турт гэх буудлыг зааж өгөөд бид нартай хамт явсан. Бид нар шөнийн 03 цагт буудалд орцгоосон. Бид тав дундаа 2.5 литрийн хэмжээтэй 3 ширхэг Сэрүүн нэртэй пиво хувааж ууцгаасан. Тэгээд бид нартай хамт байсан Х- ах дээшээ тамхи олж татна гээд буудлын нэг өрөө рүү ороод зүс таних Э.Г- ахтай хамт өрөөнд ороод ирсэн. Би тэр үед унтаж байсан. Тэгтэл Э.Г- ах намайг босгоод хамт сууцгаасан. Нэг мэдэхэд өглөө Э.Г- ах бид нартай хамт явсан Х- гэх ахтай муудалцаад Э.Г- ах хөлөөрөө Х-гийн хамар руу өшиглөсөн. Х-гийн хамраас цус гарсан. Хэсэг сууж байгаад дахиад тэр хоёр маргалдаад Э.Г- дахиад л тэр Х-гийн хамар руу өшиглөөд, нүүр рүү нь алгадсан. ...Э.Г- ах Х- ахын хамар руу 2 удаа өшиглөж хамрын цусыг нь гаргасан, нүүр рүү нь гараараа 3 удаа цохьсон” гэх мэдүүлэг /хх-ийн 17-р тал/,
  • Гэрч Э.Д-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тэр залууг Ц.И- гэж байсан. Тэгтэл өглөө намайг өрөөндөө унтаж байхад саарал куртиктэй үл таних ах орж ирээд намайг алгадаж сэрээсэн. Тэр үед хамт өрөөнд хоносон хүмүүс сэрсэн. Би сэрээд утсаа авах гэхэд миний утас байхгүй байсан. Тэгтэл тухайн намайг алгадаж сэрээсэн үл таних ах угаасаа дотроосоо шүү дээ би гарахгүй байж байя гэсэн. Тухайн үед тэр гаднаас орж ирсэн ахтай нэг ногоон фудболктой залуу орж ирээд гарсан. Өрөөнд байсан хөнжил гудас бүгдийг үзээд утас олдоогүй. Тэгтэл нөгөө гаднаас орж ирсэн ах дүү нар ахдаа нэг том пиво аваад өгчих гэхээр нь авч өгсөн. Тэр пивоо бид дөрөвтэй шөнө тааралдаж буудал олж өгсөн Ц.И- гэх залуутай хамт ууна гэсэн. Тэгтэл Ц.И- “уухгүй, одоо уувал бөөлжөөд гаргачихна” гэсэн. Тэгтэл гаднаас орж ирсэн залуу “уу гэж байна пизда минь, уухгүй бол ална шүү” гээд хүчээр уулгасан. Тухайн пивоо ууж байхад нөгөө Ц.И-г гутлаараа нүүр хэсэг рүү нь зодсон. Хамраас нь цус гарахад тэр дор нь Н.Б-, Б- хоёрыг дагуулж явж угаалгасан. Үүний дараа мөн Ц.И-г зодож хамрын цусыг нь гаргасан. Шаланд байсан цусыг Ц.И-гээр өөрөөр нь арчуулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21-р тал/,
  • Гэрч Н.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Ц.И- гэх ах Турт буудлыг зааж өгөөд бид нартай хамт явсан. Бид нар шөнийн 03 цагт буудалд орсон. Бид тав 2.5 литрийн хэмжээтэй 3 ширхэг Сэрүүн пиво хувааж уунгаа юм ярьж сууж байгаад унтацгаасан. Тэгтэл өглөө 06 цагийн үед өрөөний хаалга нүдээд байхаар нь би онгойлготол гаднаас үл таних хоёр залуу орж ирсэн. Тэр хоёр нэрээ хэлэхдээ Даймаа, Э.Г- гэж байсан. Э.Г- гэх залуу нь бид нар руу агсраад байсан. Тэр үед Ц.И- гэх ах унтаж байсан. Тэгсэн чинь Э.Г- гэх залуу Ц.И-г цээж хэсэг рүү нь хэд хэдэн удаа өшиглөж, цохисон. Дахиад хамар руу нь цохисон. ...Ц.И-г өшиглөж зөндөө зодсон” гэх мэдүүлэг /хх-ийн 23-р тал/,
  • Гэрч Н.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Бишрэлт буудлын гадаа Ц.И- гэх залуутай таарсан. Тэр бид нарт буудал зааж өгөөд хамт Мөрөн сумын 8 дугаар баг Турт нэртэй буудалд орж нэг өрөөнд орцгоосон. ...Тэгээд шөнө унтаж байтал өрөөний хаалгыг хүн нүдээд байсан. Н.Б- хаалга онгойлгоод үл таних хоёр залуу байсан. Нэг нь өөрийгөө Э.Г- гэж байсан. Тэгээд байж байтал Э.Г- гэх залуу агсам тавиад Ц.И- гэх залууг зодож байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 29-р тал/,
  • Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ч.Эрдэмболорын 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 250 дугаартай: “1. Ц.И-гийн биед тархи доргилт, дээд уруулд цус хуралт, шарх, зүүн дээд 2 дугаар шүдний сулрал, хамрын зүүн талд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. 3. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 4. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хх-ийн 32-33-р тал/,
  • Шүүгдэгч Э.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би Ц.И- гэх залуугийн биед халдаж гэмтэл учруулсан нь үнэн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч хийсэн гэмт үйлдэлдээ гэмшиж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 40-р тал/ болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэж хариулж байсан болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:

  • Урьд нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43-р тал/,
  • Шүүгдэгч Э.Г-ын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 46-р тал/,
  • Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 47-р тал/,
  • Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 48-р тал/ зэрэг баримт бичиг болно.

    Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүй тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

    Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, хууль зүйн мэдлэг дутмаг байдал зэрэг нь дээрх гэмт хэргийг үйлдэх шалтгаан нөхцөл болсон байна.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан хор уршигт зориуд хүргэж, “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Э.Г- нь хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан нь танхайн сэдэлтээр, санаатайгаар дээрх гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүгдэгч Э.Г-ын үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь бусдын эрүүл мэндийн халдашгүй байдалд хөнгөн хохирол учирсан гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч Ц.И- нь мөрдөн шалгах ажиллагааны үед “...надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх /хх-ийн 15-р тал/ мэдүүлгийг өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хавтаст хэрэгт баримтжуулсан шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Э.Г-ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага зэргийг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч Э.Г- нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох ял шийтгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.

Шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүх шүүгдэгч Э.Г-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахдаа шүүх хуралдаанд улсын яллагчаас: “...240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” санал, шүүгдэгчийн өмгөөлөгчийн: “...миний үйлчлүүлэгчийн хувьд анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэгт заасан торгох ялаас чөлөөлж өгнө үү” гэх хүсэлт гаргасныг харгалзан шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Г-ад оногдуулсан торгох ялыг түүний орлого олох боломжийг харгалзан 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж байна.

Эрүүгийн 2238000000261 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Э.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Г-ыг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Г-ад оногдуулсан торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Э.Г-ад оногдуулсан торгох ялыг гүйцэтгэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн 2238000000261 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Г-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            М.ЭРДЭНЭ-ОЧИР