| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 153/2018/00191/И |
| Дугаар | 153/ШШ2018/00200 |
| Огноо | 2018-04-17 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 153/ШШ2018/00200
2018 оны 04 сарын 17 өдөр Дугаар 153/ШШ2018/00200 Ховд аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч:Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Баянгол багт оршин суух, ........... тоот регистрийн дугаартай, Хойд овогт Ц.Б-н ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Ц.Б, нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ц.Б нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдэлд 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хоньчноор, 1982 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1985 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл цэргийн алба хааж, 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хоньчин, ямаачнаар ажиллаж байсан.
Би 1979 онд 8-р анги төгсөөд 1979-1981 оны 06 дугаар сар хүртэл ТМС-д сурсан. 1982 оны 06 дугаар сараас 1985 оны 06 дугаар сар хүртэл цэргийн алба хаасан.
Одоо өндөр насны тэтгэвэрт тогтоолгох гэсэн боловч Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдэлд 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл, 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хоньчин, ямаачнаар ажиллаж байх үеийн хөдөлмөрийн дэвтэр байхгүй, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн лавлагаагаар шүүлгэхэд ажиллаж байсан үеийн баримтууд дутуу, тухайн үеийн бригадын 70 дугаар дансны хуулбар тус архивт шилжин ирээгүй байна.
Иймд Ц.Б намайг Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдэлд 1982 оны 06 дугаар сараас 1982 оны 06 дугаар сарын 08-ны өдрийг дуустал, 1985 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оныг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Ц.Б нь Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдэлд 1982 оны 06 дугаар сараас 1982 оны 06 дугаар сарын 08-ны өдрийг дуустал, 1985 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оныг дуустал малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн бөгөөд хэрэгт дараах баримтууд авагдсан байна. Үүнд:
-Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 485 дугаартай лавлагаа,
-Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Баянгол бригадын В.Ц 1978-1980, Ц.Б 1981, 1982, 1987-1990 оны хөдөлмөрийн хөлсний түүвэрүүд,
-Ц.Б 000064780 дугаартай Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын лавлагаа,
-Ц.Б 04 дугаартай Нэгдлийн гишүүний үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-Ц.Б-н ажиллаж байхдаа шагнагдсан гэх 1989 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн баярын бичиг, ажиллаж байхдаа авахуулсан гэх гэрэл зураг,
-Гэрч Б.Б-н “би Ц.Баатаржавыг бага наснаас нь эхлэн мэднэ. Бид нэг гол өссөн. Ц.Б нь 1982-1985 онд цэргийн алба хааж ирээд 1985-1990 он дуустал Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн 1-р бригадад малчнаар ажиллаж байсан. Би тус нэгдэлд 1977-1990 он хүртэл нэгдлийн малын эмчээр ажилласан” гэх мэдүүлэг,
-Гэрч Б.П-ний “би 1978 оноос Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн Хоол бригадад хүний бага эмчээр ажиллаж байхад Ц.Б нь 1982 онд тус нэгдэлд ажиллаж байгаад 1982-1985 онд цэргийн алба хаасан. Би тус нэгдэлд 1978-1990 онд нэгдлийн хүний бага эмчээр ажиллаж байсан” гэх мэдүүлэг зэрэг баримтууд болно.
Иймд хэрэгт цугларсан дээрх бичгийн болон бусад нотлох баримтуудаар хүсэлт гаргагч Ц.Б нь Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдэлд 1982 оны 06 дугаар сараас 1982 оны 06 дугаар сарын 08-ны өдрийг дуустал, 1985 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оныг дуустал малчнаар ажиллаж байсан нь нотлогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь хуульзүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ц.Б Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдэлд 1982 оны 06 дугаар сараас 1982 оны 06 дугаар сарын 08-ны өдрийг дуустал, 1985 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оныг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА