| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 153/2018/00178/И |
| Дугаар | 153/ШШ2018/00221 |
| Огноо | 2018-04-24 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 153/ШШ2018/00221
2018 оны 04 сарын 24 өдөр Дугаар 153/ШШ2018/00221 Ховд аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч:Ховд аймгийн Зэрэг сумын Эхэн багт оршин суух, ...............регистрийн дугаартай, Б.О-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч:Ховд аймгийн Зэрэг сумын Ерөнхий боловсролын сургуульд холбогдох Ховд аймгийн Зэрэг сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Б/36 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан биеийн тамирын багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 1,135,400 төгрөг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Х, хариуцагчийн төлөөлөгч Н.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхцоож нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2012 онд Ховд аймгийн Зэрэг сумын бүрэн дунд сургуульд эрүүл мэндийн багшаар анх ажиллаж эхэлсэн бөгөөд 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс дотуур байрны 6 настны багшаар томилогдон ажиллаж байгаад 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр биеийн тамирын багш Э.Б нь өөрийн хүсэлтээр цалингүй чөлөө авч ажлаасаа гарсан тул түүний оронд биеийн тамирын багшийн ажилд томилогдон ажиллаж эхэлсэн юм.
Улмаар 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс жирэмсний амралтаа авч явсан ба хүү О.Ө-г төрүүлээд жирэмсний амралтын хугацаа дуусаж 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр ажилдаа орохоор сургуулийн захиралтай уулзахад “орон тоо байхгүй, ажилд авах боломжгүй” гэсэн хариу өгсөн. Учрыг нь лавлахад намайг жирэмсний амралтаа аваад явсны дараа буюу 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр ажлаас чөлөөлөх тухай тушаал гарсан болохыг олж мэдсэн юм. Надад ажлаас чөлөөлсөн тушаалыг албан ёсоор гардуулж өгөөгүй ба номын санч А-гаас Б/36 тоот тушаалыг 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хуулбарлуулж авсан юм.
Миний бие ажиллах хугацаандаа сахилгын болоод эд хөрөнгийн ямар нэгэн зөрчил гаргаж арга хэмжээ авахуулж байгаагүй бөгөөд хариуцсан ажлаа шударгаар гүйцэтгэж ирсэн бөгөөд жирэмсний амралттай байх үед ажлаас үндэслэлгүй чөлөөлсөнд гомдолтой байна.
Иймд Ховд аймгийн Зэрэг сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Б/36 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан биеийн тамирын багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийг дуусталх хугацааны цалин 1,135,400 төгрөг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэв.
Хариуцагч Ховд аймгийн Зэрэг сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Н.Г шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Б.О нь 2012 онд Ховд аймгийн Зэрэг сумын Ерөнхий боловсролын сургуульд эрүүл мэндийн багшаар ажиллаж эхэлсэн бөгөөд 2016 онд БСШУЯ-ны шийдвэрээр эрүүл мэндийн хичээлийн цаг хасагдсан тул 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дотуур байрны 6 настны багш жирэмсний амралт авсан тул түр томилогдон ажиллаж байгаад 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр биеийн тамирын багш Э.Б-н оронд түр томилогдон ажиллах болсон. Багш Э.Б нь 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр ажилдаа орох байсан боловч ирээгүй тул цааш нь үргэлжлүүлэн томилуулан ажиллуулсан. 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс Б.О нь жирэмсний амралтаа авсан тул хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгож ажлаас нь чөлөөлсөн.
Иймд эрүүл мэндийн хичээлийн цаг яамнаас хасагдаж, орон тооны цомхтголоор ажилгүй болсон Б.О-г хүний оронд түр ажиллуулж байгаад жирэмсний амралтаа авахад нь ажлаас нь чөлөөлсөн тул цаашид биеийн тамирын багшаар авч ажиллуулах боломжгүй гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.О нь хариуцагч Ховд аймгийн Зэрэг сумын Ерөнхий боловсролын сургуульд холбогдуулан Ховд аймгийн Зэрэг сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Б/36 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан биеийн тамирын багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 1,135,400 төгрөг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд зохигчдын шүүхэд гаргасан тайлбар болон хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Нэхэмжлэгч Б.О нь 2012 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Ховд аймгийн Зэрэг сумын Ерөнхий боловсролын сургуулийн эрүүл мэндийн цагийн багшаар ажилд орж, 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс тус сургуулийн дотуур байрны 6 настны туслах багшаар, 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс биеийн тамирын багшаар түр томилогдон ажиллаж байгаад 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр ажлаасаа чөлөөлөгдсөн болох нь Ховд аймгийн Зэрэг сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2012 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Б/02 дугаартай “Цагийн багш авч ажиллуулах тухай” тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-3/, тус сургуулийн захирлын 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/16 дугаартай “Б.О-г ажилд авах тухай” тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-5/, 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн захирлын Б/26 дугаартай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-6/, 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн захирлын Б/36 дугаартай “Б.О-г ажлаас чөлөөлөх тухай” тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-4/, Б.О-н 0352237 дугаартай Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-7-10/, 00293028 дугаартай Эрүүл мэндийн даатгалын гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-11-12/, шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбараар нотлогдож байна.
Эдгээр баримтуудаас үзэхэд талуудын хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн, мөн ажил олгогч, ажилтан нарын хооронд 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлүүдээр ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалдаг.
Ховд аймгийн Зэрэг сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Н.Г нь 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Б/36 дугаартай тушаал гаргаж ажилтан Б.О-г ажил олгогчийн санаачилгаар үүрэгт ажлаас нь чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4 дэх заалтыг үндэслэн Б.О-г жирэмсний амралт авсан тул гэж дурдаад ажлаас нь чөлөөлжээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-д жирэмсний болон амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа тохиолдолд ажил, албан тушаалыг хэвээр хадгалахаар заасан байдаг. Энэхүү хуулийн заалт нь энэ хэсэгт заасан үндэслэл, шалтгаан арилсан буюу хугацаа дууссаны дараа ажилтан урьд ажиллаж байсан ажил, албан тушаалд үргэлжлүүлэн ажиллах хүсэлт гаргасан тохиолдолд ажил олгогч тухайн ажил, албан тушаалд түүнийг ажиллуулах үүрэгтэйг заасан.
Хариуцагчийн төлөөлөгч Н.Г нь ажилтанг ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэлээ шүүх хуралдаанд тайлбарлахдаа “Б.О-н зааж байсан эрүүл мэндийн хичээл хасагдсан. Тэгээд 2017 оны 08 дугаар сард Б.О-г чөлөөлсөн тушаал гаргасан ба биеийн тамирын багш чөлөө авсан тул түүний оронд түр томилсон байсан. Дараа нь Б.О жирэмсний амралт авсан тул ажлаас нь чөлөөлсөн” гэж тайлбарлалаа.
Гэтэл Ховд аймгийн Зэрэг сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Н.Г нь ажилтан Б.О-г 2017 оны 08 дугаар сард чөлөөлсөн гэх тушаал хэрэгт авагдаагүй, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн, татгалзсан үндэслэлийн талаарх баримтаа гаргаж өгөөгүй, тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ хэрэгжүүлээгүй байна.
Хэрэгт авагдсан О.Ө-г төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-13/, жирэмсэн эмэгтэйн хяналтын картын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /14-15/, шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбар зэргээр Б.О нь 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн хооронд амаржсаны чөлөөтэй байсан, хүү О.Ө-г 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр төрүүлсэн болох нь нотлогдож байх ба Ховд аймгийн Зэрэг сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Б/36 дугаартай тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т “Ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно” гэж заасан заалтыг зөрчсөн байна.
Мөн ажил олгогч ажилтанд хөдөлмөрийн гэрээ цуцалсан тухай шийдвэрийг халагдсан өдөрт нь өгөх үүрэгтэй гэж зохицуулсан Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т заасан шаардлагыг хангасан талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан “...би 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс жирэмсний амралтаа авч явсан ба хүү О.Ө-гээ төрүүлээд жирэмсний амралтын хугацаа дуусаж 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр ажилдаа орохоор сургуулийн захиралтай уулзахад намайг ажлаас халсан болохыг мэдэж, тушаалыг хувилж авсан” гэх тайлбарыг хариуцагчийн төлөөлөгч үгүйсгээгүй, тэрээр шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн энэхүү тайлбарыг хүлээн зөвшөөрсөн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацаанд ажилтан маргааны талаар шүүхэд гомдол гаргасан гэж үзлээ.
Иймд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахад Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлүүдийн аль нэгийг заавал баримталж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох үндэслэлээ тодорхой зааж, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг баримталсан шийдвэр гаргаж байх хуулийн шаардлагыг Ховд аймгийн Зэрэг сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал зөрчсөн, ажил олгогчийн тушаал нь эрхийн акт болохын хувьд хуулийг буруу хэрэглэн ажилтныг ажлаас чөлөөлсөн байх тул ажилтан Б.О-г Ховд аймгийн Зэрэг сумын Ерөнхий боловсролын сургуулийн биеийн тамирын багшийн ажилд эгүүлэн тогтоох нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Б.О-н ажилгүй байсан хугацааны цалинг тооцохдоо хэрэгт авагдсан Б.О-н нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-7-9/-ийг үндэслэн тооцоход сүүлийн гурван сар болох 2017 оны 8, 9, 10 дугаар сарын дундаж цалингаар тооцсон болно. Учир нь Б.О-н нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараас үзэхэд 2017 оны 11 дүгээр сарын цалингийн бичилт дээр нийгмийн даатгалын байцаагч баталгаажуулан тэмдэг дарж, гарын үсэг зураагүй, мөн Б.О-г ажлаас чөлөөлсөн тушаал 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр гарсан байна.
Ажилтан Б.О-н нэг сарын дундаж цалинг тооцоход (179,204+715,180+648,122):3 = 514,168 төгрөг байна. Харин нэг өдрийн дундаж цалинг тооцоход 514,168 : 21,5 = 23,914 төгрөг байна.
Б.О-н ажилгүй байсан 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийг дуусталх хугацааг тооцоход нийт 1 сар 15 өдөр буюу энэ хугацаа дахь олговрыг тооцвол: (514,168 х 1)+( 23,914 х 15) = 872,878 төгрөгийг хариуцагч Ховд аймгийн Зэрэг сумын Ерөнхий боловсролын сургуулиас гаргуулж, нэхэмжлэгч Б.О-д олгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар 70,200 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч Ховд аймгийн Зэрэг сумын Ерөнхий боловсролын сургуулиас ажилтанг ажилд эгүүлэн тогтоосон нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг, ажилтны ажилгүй байсан хугацааны нөхөн олговор болох 872,878 төгрөгийн олговорт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 25,499 төгрөг нийт 95,699 төгрөг гаргуулан Төрийн сангийн дансанд оруулах нь хуульд нийцнэ.
Хэрэгт авагдсан Ерөнхий боловсролын сургуулийн дунд ангийн сургалтын шинэчилсэн төлөвлөгөөний хуулбар /хх-28-29/ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-д заасан нотлох баримтын шаардлага хангаагүй байх тул хэрэгт нотлох баримтаар үнэлээгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар Ховд аймгийн Зэрэг сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Б/36 дугаартай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.О-г урьд эрхэлж байсан Ховд аймгийн Зэрэг сумын Ерөнхий боловсролын сургуулийн биеийн тамирын багшийн ажилд эгүүлэн тогтоосугай.
2.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч Ховд аймгийн Зэрэг сумын Ерөнхий боловсролын сургуулиас Б.О-н ажилгүй байсан 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийг дуусталх хугацааны буюу 1 сар 15 өдөрт ногдох олговорт 872,878 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.О-д олгож, илүү нэхэмжилсэн цалин 262,522 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
3.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-д заасныг баримтлан ажилтан Б.О-н ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр нөхөн төлж, түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэл төлсөн тухай бичилт хийхийг хариуцагч Ховд аймгийн Зэрэг сумын Ерөнхий боловсролын сургуульд үүрэг болгосугай.
4.Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч Ховд аймгийн Зэрэг сумын Ерөнхий боловсролын сургуулиас улсын тэмдэгтийн хураамжид нийт 95,699 төгрөг гаргуулан Төрийн сангийн дансанд оруулсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА