Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/196

 

 

 

 

        

   2022        06           30                                      2022/ШЦТ/196

                                

 

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                     2        15                                                                                 2019/

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Далайбаяр,

Улсын яллагч Б.Үүрийнтуяа,

Шүүгдэгч Б.А-, О.Т- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.А-, О.Т- нарт холбогдох эрүүгийн 2238000000468 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б.А-,

Монгол улсын иргэн, О.Т-,

Шүүгдэгч Б.А-, О.Т- нар нь хувийн таарамжгүй харилцааны улмаас 2022 оны 05 дугаар сарын 31-нээс 2022 оны 06 дугаар сарын 01-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Рашаант сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт харилцан бие биедээ хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.А-, О.Т- нар нь хувийн таарамжгүй харилцааны улмаас 2022 оны 05 дугаар сарын 31-нээс 2022 оны 06 дугаар сарын 01-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Рашаант сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт харилцан бие биедээ хууль бусаар халдаж, шүүгдэгч Б.А- нь О.Т-ын эрүүл мэндэд “зүүн зовхи, зүүн хөмсөг, зүүн хацарт цус хуралт, уруулын салстад язралт, зүүн бугалга, нуруунд зулгаралт” бүхий хөнгөн гэмтэл, шүүгдэгч О.Т- нь Б.А-гийн эрүүл мэндэд “баруун дээд зовхи, баруун эгэм, хамарт цус хуралт, баруун нүд, баруун хацар, зүүн чихний дэлбэн, зүүн хацарт зулгаралт” бүхий хөнгөн гэмтэл учруулж, “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг тус тус үйлдсэн байна.

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:

  • Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 12-13 дугаар тал/,
  • Хохирогч Б.А-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...О.Т- намайг заамдаж аваад, цохиод өгөөч гээд байхаар нь би хацар руу нь алгадсан. Тэгээд О.Т- зөрүүлж миний шанаа руу 2-5 удаа цохьсон бас толгойгоороо хэд хэдэн удаа мөргөсөн. Тэгээд О.Т- бид хоёр заамдалцаад зогсож байхад Н.Б- хүрч ирээд хамар руу 2 удаа гараараа цохисон. За тэгээд зодоон дуусаад намайг гэрийнхээ хаяанд сууж байхад Н.Б- баруун гуя руу 2-3 удаа өшиглөсөн, тэгээд бас ахиж цохих гээд хөөгөөд байхаар нь би Н.Б-ын толгой руу нь 50-60 сантиметрийн урттай, нарийн модоор 1 удаа цохисон” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар тал/,
  • Хохирогч О.Т-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 06 дугаар сарын 01-нд үүрийн 04 цагийн орчим байх Н.Б- бид хоёр Б.А- гэдэг нутгийн айлд очсон. Тухайн үедээ Н.Б- нь Хуудай ах Б.А-гийнд байгаа цуг явъя гээд байхаар нь би цуг явалцаж өгсөн. Тэгээд Б.А-гийн гэрт яваад очиход Б.А- нь гэртээ эхнэртэйгээ бас Хуудай ахтай унтаж байсан. Тэгэхээр нь Н.Б- бид хоёр гэрт явж ороод унтаж байсан хүмүүсийг сэрээгээд Н.Б- бид хоёр авчирсан 1 том пивоо Хуудай ахтай цуг хувааж уусан. Тэгээд намайг пивоо уугаад байж байхад Б.А- ах намайг хутгалж ална гэхээр нь би Б.А- ахтай маргалдсан чинь намайг гэрийн гадаа гараад ир гэж дуудсан. Тэгэхээр нь би гэрийн гадаа яваад очтол Б.А- ах намайг боож байгаад миний нүүр рүү 2-3 удаа гараа атгаж байгаад цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр тал/,
  • Гэрч Н.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "... Б.А- ахынд О.Т-ын хамт очсон. Тэгээд Б.А-гийнд О.Т- бид хоёр Хуудай ахтай 2.5 литрийн том пиво гурвуулаа хувааж уусан. Тэгж байхад О.Т- Б.А- ахад хандаж та дүүгээ зодно гэж ярьсан байсан гэж хэлэхэд Б.А- ах орноосоо босч ирэхэд нь Хуудай ах Б.А- чи яах гээд байгаа юм зүгээр сууж байгаа хүнийг гэхэд Б.А- ах гадаа гарчихаад О.Т-ыг чи наашаа гараад ир гэсэн. Тэгээд араас нь О.Т- гарсан. Тэгээд тэр хоёр зодолдоод унасан. Би тэр хоёрыг больчих байх гэж бодоод хэсэг сууж байгаад гарахад тэр хоёр заамдалцсан байдалтай зогсож        байхад нь би            салгах гээд салж өгөхгүй болохоор нь би Б.А- ахыг цохиж салгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар тал/,
  • Хөвсгөл аймгийн Шүүхийн          шинжилгээний албаны шинжээч эмч Г.Алтайн 2022 оны 06 дугаар сарын 02-ны     өдрийн 342 дугаартай: “1. Б.А-гийн биед баруун дээд зовхи, баруун эгэм, хамарт цус хуралт, баруун нүд, баруун хацар, зүүн чихний дэлбэн, зүүн хацарт зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байна. Б.А-гийн биед үүссэн гэмтэл нь нийтдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 48-49 дүгээр тал/,
  • Хөвсгөл аймгийн Шүүхийн          шинжилгээний албаны шинжээч эмч Г.Алтайн 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 347 дугаартай: “1. 0.О.Т-ын биед зүүн зовхи, зүүн хөмсөг, зүүн хацарт цус хуралт, уруулын салстад    язралт, зүүн бугалга, нуруунд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байна. 3. О.Т-ын биед үүссэн гэмтэл нь нийтдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 41-42 дугаар тал/,
  • Шүүгдэгч О.Т-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Прокуророос сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би өмнө нь хохирогчоор болон гэрчээр мэдүүлэг өгөхдөө үнэн зөв мэдүүлэг өгсөн учир дахин мэдүүлэг өгөхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 57 дугаар тал/,
  • Шүүгдэгч Б.А-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...О.Т- гарч ирээд намайг цохиод өгөөч гээд хоргоогоод байхаар нь би О.Т-ын нүүр хэсэг рүү хоёр удаа алгадсан. Тэгсэн чинь О.Т- намайг заамдаж авч байгаад миний нүүр хэсэг рүү толгойгоороо мөргөөд, шанаа руу 3-5 удаа цохисон” гэх мэдүүлэг /хх-ийн 60 дугаар тал/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нар “...үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэж хариулж байсан болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч О.Т-ын хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:

  • Шүүгдэгч О.Т-ын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 64 дүгээр тал/,
  • Иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 65 дугаар тал/,
  • Хөвсгөл аймгийн Рашаант сумын Тээл багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 66 дугаар тал/,
  • Эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 67 дугаар тал/,
  • Гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 68 дугаар тал/,
  • Т.С, Т.Н, Т.Б нарын төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 69-71 дүгээр тал/,
  • Урьд нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 73 дугаар тал/ зэргийг,

Шүүгдэгч Б.А-гийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:

  • Шүүгдэгч Б.А-гийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 77 дугаар тал/,
  • Иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 78 дугаар тал/,
  • Хөвсгөл аймгийн Рашаант сумын Тээл багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 79 дүгээр тал/,
  • Эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 80 дугаар тал/,
  • Гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 81 дүгээр тал/,
  • А.С, А.С, Д.С, А.Ю нарын төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 82-85 дугаар тал/,
  • Урьд нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 99 дүгээр тал/ зэрэг баримт бичиг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нар нь өөрсдийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын хууль зүйн мэдлэг дутмаг, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зэрэг нь дээрх гэмт хэргийг үйлдэх шалтгаан нөхцөл болсон байна.

     Шүүгдэгч Б.А-, О.Т- нар нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь гэрч, хохирогч нарын мэдүүлгээр нотлогдож байна.

Шүүгдэгч нар нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан хор уршигт зориуд хүргэж, “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.

Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн гэрч, хохирогч нарын мэдүүлэг зэрэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.

Шүүгдэгч Б.А-, О.Т- нар нь хувийн таарамжгүй харилцааны улмаас 2022 оны 05 дугаар сарын 31-нээс 2022 оны 06 дугаар сарын 01-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Рашаант сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт харилцан бие биедээ хууль бусаар халдаж, шүүгдэгч Б.А- нь О.Т-ын эрүүл мэндэд нь “зүүн зовхи, зүүн хөмсөг, зүүн хацарт цус хуралт, уруулын салстад язралт, зүүн бугалга, нуруунд зулгаралт” бүхий хөнгөн гэмтэл, шүүгдэгч О.Т- нь Б.А-гийн эрүүл мэндэд нь “баруун дээд зовхи, баруун эгэм, хамарт цус хуралт, баруун нүд, баруун хацар, зүүн чихний дэлбэн, зүүн хацарт зулгаралт” бүхий хөнгөн гэмтэл учруулж, “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг танхайн сэдэлтээр, санаатайгаар үйлдсэн байна.

Шүүгдэгч нарын үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь бусдын эрүүл мэндийн халдашгүй байдалд хөнгөн хохирол учирсан гэж шүүх дүгнэлээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Хавтаст хэрэгт 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн: “...Талууд харилцан тохиролцож эвлэрсэн. Цаашид нэхэмжлэх зүйлгүй” гэх эвлэрлийн гэрээ /хх-ийн 72, 86 дугаар тал/ авагдсан байх тул шүүгдэгч Б.А-, О.Т- нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хавтаст хэрэгт баримтжуулсан шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

2. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.А-, О.Т- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч нарыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, тэдний хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” үйлдэлд нь шүүгдэгч Б.А-, О.Т- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нарын хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, харилцан зодолдсон, хэн хэндээ хөнгөн гэмтэл учруулсан зэргийг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч Б.А-, О.Т- нар нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох ял шийтгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.А-, О.Т- нарын хувьд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүх шүүгдэгч Б.А-, О.Т- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахдаа яллагдагч нар нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан /хх-ийн 105-106 дугаар тал/, прокуророос сонсгосон 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялын саналыг яллагдагч нар хүлээн зөвшөөрч, тэдгээрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байх тул прокурорын саналын хүрээнд шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-, О.Т- нарт оногдуулсан торгох ялыг түүний орлого олох боломжийг харгалзан 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нар нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж байна.

Эрүүгийн 2238000000468 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.А-, О.Т- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-, О.Т- нарыг тус бүр 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-, О.Т- нарт оногдуулсан торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нар нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Б.А-, О.Т- нарт оногдуулсан торгох ялыг гүйцэтгэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн 2238000000468 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.А-, О.Т- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

       ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               М.ЭРДЭНЭ-ОЧИР