Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 168

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,

Улсын яллагч О.Пүрэвсүрэн,

Шүүгдэгч Д.Жаргалсайхан, Д.Сугар, тэдгээрийн өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ,

Шүүгдэгч Б.Баттулга, М.Ганзолбоо, тэдгээрийн өмгөөлөгч Л.Батаа нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Д.Жаргалсайхан, Б.Баттулга, М.Ганзолбоо, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар шүүгдэгч Д.Жаргалсайхан, Д.Сугар нарт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2016 2601 0338 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.  

 

            Шүүгдэгч нарын биеийн байцаалт:   

            Монгол Улсын иргэн, 1997 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, халх, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-4, ээж, 2 дүүгийн хамт Сонгинохайрхан дүүрэг 22 дугаар хороо, Тахилтын 7 дугаар гудамжны задгайд оршин суух,  

            -Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 522 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигин овогт Даваахүүгийн Жаргалсайхан, РД:УП97101896,  

            Монгол Улсын иргэн, 1975 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Завхан аймгийн Нөмрөг суманд төрсөн, 40 настай, халх, бүрэн дунд боловсролтой, засал чимэглэлчин мэргэжилгүй, хувиараа барилгын ажил хийдэг, ам бүл-5, эхнэр, 3 хүүхдийн хамт, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 7 дугаар гудамжны задгайд оршин суудаг, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Дэмбэрэлийн Сугар, РД:УХ75120518,

            Монгол Улсын иргэн, 1995 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 21 настай, халх, бүрэн дунд боловсролтой, цахилгаан хийн гагнуурчин мэргэжилтэй, ам бүл-6, ээж дүү нарын хамт, эрхэлсэн тодорхой ажилгүй, Сонгинохайрхан дүүрэг 23 дугаар хороо, Хангайн 12-01 тоотод оршин суух,

-Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2011 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Халх овогт Болормаагийн Баттулга, РД:МЮ95012315,

Монгол Улсын иргэн, 1996 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-9, ээж, эгч, дүү, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүрэг 23 дугаар хороо, Хангайн 11-4 тоотод оршин суух,

-Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2011 оны 07 дугаар сарын 25-ны өдөр  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнссэн, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 477 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4, 126.2.6 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Бөх овогт Мөнхбаатарын Ганзолбоо, РД:УП96071717,  

 

Үйлдсэн хэргийн талаар:  

Шүүгдэгч Д.Жаргалсайхан нь Д.Сугартай бүлэглэн 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тахилтын 7 дугаар гудамжинд иргэн С.Цогнэмэхийг “Тахилтын эцсээс хүн ачуулсангүй” гэх үл ялих зүйлээр шалтаглан, бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, зодож биемахбодид нь “тархи доргилт, 2 нүдний дээд, доод зовхи хамрын нуруунд цус хуралт зөөлөн эдийн няцрал зүүн хөмсөгт шарх, баруун нүдний алимны салстад цус хуралт” бүхий хөнгөн гэмтэл учруулан, догшин авирлаж танхайрсан гэмт хэргийг үйлдсэн,

Шүүгдэгч Д.Жаргалсайхан, Б.Баттулга, М.Ганзолбоо нар нь бүлэглэн үгсэн тохиролцон 2016 оны 03 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 19 дүгээр хороо 60 дугаар байрны автомашины зогсоол дээр байсан иргэн Д.Отгонбаатарын эзэмшлийн 27-29 ГАҮ улсын дугаартай Стана маркийн микро автобусны хойд хаалганы цонхыг хагалж нэвтрэн орж 346.200 төгрөгийн буюу бага бус хэмжээний эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн,

Шүүгдэгч Д.Жаргалсайхан, Б.Баттулга нар нь бүлэглэн, давтан үйлдлээр, үгсэн тохиролцон 2016 оны 04 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр 4 дүгээр байрны авто зогсоол дээр байсан иргэн Д.Жанчивдоржийн эзэмшлийн 65-92 УНП улсын дугаартай Старекс маркийн автомашины хаалганы шилний түгжээг тусгайлан бэлтгэсэн автеркар эвдэн нэвтрэн орж 795.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                                              ТОДОРХОЙЛОХ нь:          

 

           Тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад:    

           Шүүгдэгч Д.Жаргалсайхан, Д.Сугар нар нь бүлэглэн 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тахилтын 7 дугаар гудамжинд иргэн С.Цогнэмэхийг урьд өмнө үүссэн таарамжгүй харилцааны улмаас зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь:  

            - хохирогч С.Цогнэмэхийн:...2016 оны 01 дүгээр сарын 21-ний 18 цагийн үед би Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Тахилтын автобусны буудлын эцэс дээрээс таксинд явж байхад тахилтын эцсийн автобусны буудал дээрээс таксинд явдаг Ганаа, Төмөрөө ах, Ганзориг, Магнай нар надад энд тендэргүй нэг бор өнгийн верна машин хүн ачаад байна очиж хэлэхээр зодох гээд байна бүгдээрээ очиж хэлье гэж надад хэлсэн...тэгээд Ганаа, Төмөрөө ах, Ганзориг, Магнай бид 5 бор өнгийн верна аксент унасан залууг тахилтын эцсийн Очир хүнсний дэлгүүр хажууд байхад нь очиж бид нар тахилтын эцсээс ачиж тээвэрлэхдээ татвар төлж, тендерт орж явдаг чи битгий зөвшөөрөлгүй хүн ачаад бай гэж зандрангуй хэлсэн...би чамайг цагдаа дуудаж барьж өгнө шүү гэж уурлаж хэлсэн...тэгэхэд та дандаа намайг хөөж дээрэлхдэг...би таныг харнаа гээд машинаа асаагаад давхиад яваад өгсөн...тэгээд би тахилтын эцэс дээр очоод нэг жирэмсэн эмэгтэйг нөхөртэй нь аваад гэрт нь хүргэж өгөхөөр тахилтын эцсээс ертөнцийн зүгээрээ зүүн хойшоо гудман дунд явж байтал миний машины араас нэг машин гэрлээрээ дохиод давхиад байхаар нь гүйцэд түрүүлэх гэж байгаан байна гээд зам тавиад өгөхөд миний урдуур нөгөө бор өнгийн верна аксенттай залуу намайг хашааны булан луу машинаараа шахаж буулгаад машинаасаа надтай дэлгүүр дээр маргалдсан Жаргалсайхан гэх залуу ах нь гэх сахалтай залуу, аав нь гэх намхан махлаг залуу 3-уулаа ирж миний машины хаалгыг онгойлгож Жаргалсайхан миний баруун талын шанаа, толгой хэсэг рүү 3-4 удаа цохисон...тэгэхээр нь буухад аав нь гэх сахалтай залуу барьж аваад айлын хашаанд шахсан...тэр үед Жаргалсайхан миний нүүр нүд рүү цохиж эхэлсэн...тэр үед би тэмцэлдэж байгаад аав гэх махлаг залуугийн мөрөн дээгүүр баруун гараа давуулаад Жаргалсайханы нүүрэн тус газар 1 удаа цохьсон...тэр үед миний машинд сууж явсан жирэмсэн эмэгтэй болиоч хүн аллаа гээд салгах гээд гүйж байсан...Ганзориг ирж миний машинд сууж байсан жирэмсэн эмэгтэйг гэрт нь хүргэж өгсөн...гэх мэдүүлэг /1х, хх-8-13, 124/, 

- гэрч С.Ганзоригийн:...2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 18 цаг өнгөрөөд 19 цаг болж байхад ямар ч байсан харанхуй болсон байх үед Тахилтын эцэс дээрээс таксинд явах гээд зогсож байтал Ганаа гэж таксинд ах Очир хүнсний дэлгүүрийн үүдэн дээрээс Жаргалсайхан гэж хүүхэд машинаараа хүн ачаад байна энд ирээд оочирлоод араас ач гэж хэлэхэд тэндээ ачаад байх юм гэж надад хэлсэн...тэгэхээр нь тэнд байсан таксины жолооч нар наад Жаргалсайхан чинь жолооны үнэмлэх байхгүй юм чинь цагдаа дуудаад явуулчихъя гэсэн...тэгэхээр нь би зүгээр очоод яв гээд хэлчихье гээд Цогнэмэх, Нармандах, Ганаа нарын хамт Очир хүнсний дэлгүүрийн гадаа очоод Жаргалсайханыг найзтай нь байхад очоод та нар эндээс хүн ачаад байлгүй аятайхан тэнд оочирлоод хүн ав, битгий эндээс хүн ачаад хүмүүсийн орлого аваад бай, тэнд татвар төлдөг хүмүүс нь оочирлоод байна цагдаа дуудаж чамайг өгнө гээд байна яваарай чи гэж хэлэхэд битгий солиор пизда минь гэж хэлчихээд машинтайгаа давхиад явсан...удалгүй араас нь Цогнэмэх танхилтын эцэс дээрээс хүн ачаад явсан...дараа нь Цогнэмэх рүү залгаад хаана байгаан Жаргалсайхан чамайг зодчихлоо гээд энд сагсалзаад явж байна гэхэд Цогнэмэх би хөдлөж чадахгүй байна миний авч явсан хүмүүсийг гэрт нь хүргээд өгөөч гэж хэлэхээр нь би Цогнэмэх дээр очиход Цогнэмэхийн нүүр ам нь цус болчихсон машиндаа сууж байсан...тэгээд би машинд нь сууж явсан хүмүүсийг гэрт нь хүргэж өгөөд Цогнэмэх дээр буцаж очоод яаж байна гэхэд толгой эргээд дүүрээд байна гээд гээд ам хамарнаас нь цус гарчихсан байсан...тэгээд цагдаа дуудаад асуудлаа шийдүүлсэн...би гэртээ харьсан...гэх мэдүүлэг /1х, хх-14-15/,  

- гэрч Ц.Гантогтохын:...Жаргалсайхан Очир хүнсний дэлгүүрийн үүдэн дээрээс хүн ачаад байсан...тэгэхээр нь би машинтайгаа очоод яагаад эндээс хүн ачаад байгаан бэ...эндээс таксинд явахын тулд татвар төлөөд очерлоод явдаг юм, чи битгий хүний орлого булаацалдаад бай гэж хэлэхэд Жаргалсайхан би хүн ачинаа та нарын араас очерлоод ачих гэхээр та нар ачуулахгүй байгаа биз дээ гэж хэлсэн...тэгэхээр нь би маргалдаагүй таксиныхаа зогсоол дээр очоод Цогнэмэх, Ганзориг, Нармандах нарт доор дэлгүүрээс хүмүүсийг чинь Жаргалсайхан ачаад байна...бид энд оочирлоод байна мэдэж байна уу гэж хэлэхэд Цогнэмэх хэн ачаад байгаан гээд Цогнэмэх, Ганзориг, Нармандах бид 4 Жаргалсайхан дээр очиход Цогнэмэх Жаргалсайхан дээр түрүүлж очоод ахиад эндээс хүн ачаад үзээрэй хохино шүү гэж хэлсэн...тэгэхэд Жаргалсайхан юм дуугараагүй зогсож байхад нь Цогнэмэх буцаад машиндаа суухаар нь машиндаа суугаад тахилтын эцсийн автобусны буудал руугаа явсан...тэгээд тахилтын эцсийн буудал дээр очоод Цогнэмэх хамгийн урд зогсож байхад Жаргалсайхан машинтайгаа урд нь ирж зогсоод Цогнэмэхтэй хэрэлдэж байгаад хөдлөөд явсан...би яг юу гэж хэрэлдэж байгаа нь сонсоогүй...тэгээд удалгүй Цогнэмэх хүн ачаад хөдөлж яваад ирээгүй байхад Жаргалсайхан машинтайгаа 2 согтуу хүнтэй ирээд Ганзоригт Цогнэмэхийг алаад хаячихлаа хойно байгаа одоо чамайг ална гээд машинаасаа бууж ирээд Ганзоригтой барилцаж авах гэж байхад нь би очиж салгаж явуулсан...тэгээд Ганзориг, Цогнэмэхийн араас яваад би хүн таксинд аваад гэрт нь хүргэж өгчихөөд Цогнэмэхийн байсан газар нь очиход Цогнэмэх машиндаа нүүр ам нь цус болчихсон байж байсан...тэгээд цагдаа дуудсан байгаа...цагдаагаар шийдүүлнэ гэж байсан...гэх мэдүүлэг /1х, хх-16-17-р хуудас/,  

- гэрч Л.Октябрийн:...Цогнэмэхийг машинд сууж байхад нь түрүүлж ирж цохиж зодсон залуу нь нэг жаахан хүүхэд байсан...нэг сахалтай залуу нь хараад зогсож байсан...нөгөө жаахан хүүхэд шиг залуу, нэг хөгшин залуу 2 Цогнэмэхийг хашаанд шахаад зодоод байсан...тэр үед би болиоч ээ салгаач гэж орилж байж сахалтай залуугаар нөгөө 2 залууг салгуулсан...ер нь жаахан хүүхэд шиг залуу Цогнэмэхийг их цохиж зодож байгаа харагдсан...хөгшин залуу нь бас хашаанд шахаж цохиж зодож байгаа харагдсан...яг хааш нь цохиж зодож байгаа нь харанхуйд харагдаагүй...Цогнэмэх түрүүвч алга болсон гэж юм яриагүй, би түрүүвч хараагүй...гэх мэдүүлэг /1х, хх-18-19/,    

- гэрч Б.Дамцагийн...Очир хүнсний дэлгүүрт намайг зогсож байгаад гартал Жаргалсайхан Тахилтын эцэс дээрээс таксинд явдаг С.Цогнэмэх гэх залуутай заамдалцаад зогсож байхаар нь би очиж салгасан...тэгээд Цогнэмэх та 2 эндээс битгий таксинд яваад бай гэж хэлэхээр нь би яваагүй...Жаргалсайхан 1-2 удаа явсан гэж хэлээд байж байтал Жаргалсайхан машиндаа суугаад ганцаараа давхиад яваад өгсөн...тэгээд би дэлгүүрт буцаж орж нэгж аваад гэр лүүгээ харьсан...би зодоон болсон талаар хараагүй, намайг Очир хүнсний дэлгүүрээс гарахад Жаргалсайхан, Цогнэмэх 2 хоорондоо заамдалцаад зодолдоогүй зогсож байхаар нь би салгасан...ямар нэгэн зодоон болоогүй...Цогнэмэх, Жаргалсайханы хамар луу мөргөж байхыг би хараагүй...Жаргалсайханы хамраас цус гарсан үгүйг би хараагүй, Жаргалсайхан машиндаа ганцаараа суугаад яваад өгсөн...гэх мэдүүлэг /1х, хх-21-22/,

- гэрч Ц.Цэнд-Аюушийн:...2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 21 цаг орчим тахилтын эцэс дээрээс согтуу залуучуудад зодууллаа гэж дуудлага ирсний дагуу тахилтын 7 дугаар гудамжинд очиход С.Цогнэмэх нь цэнхэр өнгийн Ниссан санни маркийн авто машиныг хашаа руу хамар хэсгээрээ шахаж зогссон байдалтай байсан...очоод Цогнэмэхтэй уулзаж болсон явдлын талаар асуухад тахилтын эцэс дээрээс хааяа таксинд явдаг залуутай маргалдахад 2-3 хүнтэй ирээд машинаар шахаж зогсоож байгаад зодчихоод явчихлаа..тэгээд ээж нь гэх эмэгтэйгээр дуудуулахад Жаргалсайхан гэж хүүхэд ирсэн...тэгээд Жаргалсайхантай уулзаж юу болсон талаар асуухад тахилтын эцэс дээрээс намайг таксинд явуулахгүй гэж намайг 1 удаа цохисон гэхээр нь би гэртээ ирээд аав, ах 2-ыг дагуулж очоод зодсон гэж хэлэхээр нь хохирогч С.Цогнэмэх, Жаргалсайханыг аав, ах нарынх нь хамт хэлтэс дээр авчирч хүлээлгэн өгсөн...гэх мэдүүлэг /1х, хх-25-26/,

- шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №1554 тоот актанд:...С.Цогнэмэхийн биед тархи доргилт, 2 нүдний дээд доод зовхи хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөгт шарх, баруун нүдний алимны салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо...дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой....шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэх дүгнэлт /1х, хх-39/,

- шүүгдэгч Д.Жаргалсайханы мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр өгсөн:...2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 21 цаг өнгөрөөд 22 цаг болж байхад би ах Бямбаноровын 74-75 УБС улсын дугаартай боронзон саарал өнгийн верна аксент маркийн машинтай Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны Тахилтын автобусны буудлын эцэс дээр Очир хүнсний дэлгүүрийн урд очиж зогссон...автобуснаас бууж байгаа хүмүүсээс такси авах уу гээд асуугаад байж байтал Цогнэмэх өөрийнхөө машинтай 4-5 хүнтэй ирээд ална шүү пизда минь гэж хэлээд миний хамар луу мөргөхөд миний хамарнаас цус гарсан...тэгэхэд машины чинь 4 дугуйг дээш нь харуулаад шатаачихна шүү энэ сэгээ аваад зайл эндээс гэж хэлээд явсан...гэртээ очоод манай ээж Лхагвадулам, ах Бямбаноров, аав Сугар насанд хүрээгүй дүү нар байсан...асуухаар нь Тахилтын эцэс дээр Цогнэмэх гэж залуу миний хамар луу мөргөсөн гэж хэлэхэд очиж уулзана гэсэн...тахилтын автобусны буудал дээр ирэхэд Цогнэмэх урдаас зөрөөд хойшоо гудам руу явсан...тэгэхээр нь араас нь гэрлээрээ дохиод урд нь гарч зогссон...Цогнэмэхийн нүүр лүү нь гараа атгаж байгаад 2-3 удаа цохисон...тэгэхэд аав Сугар салгасан...Цогнэмэх машинаасаа бууж ирээд гараа тагаж байгаад миний баруун нүдний хэсэг рүү дух руу цохисон...тэгэхэд аав Сугар боль гэж Цогнэмэхийг хашаа руу гараараа түлхэж шахсан...тэгэхэд би уурлаад Цогнэмэх рүү цохих гээд уурлаад дайрах үед Бямбаноров ах намайг боль гээд салгасан...Ганзориг гэж таксины жолооч дээр очоод би тэр Цогнэмэхийг чинь зодчихсон шүү, намайг урд зодож байсан өнөөдөр хүртэл намайг зодлоо, тэгээд сая Цогнэмэхийг зодчихсон шүү гэж хэлсэн.../1х, хх-66-67/...2014 оноос хойш тахилтын эцэс дээр нүүрс зардаг байх үеэс эхлээд мэднэ...Цогнэмэх намайг ч таньдаг...ахаа гэж яриа хөөрөөтэй байдаг байсан...Цогнэмэх гэж нэрийг нь мэдэхгүй Цогоо гэдэг нэрээр нь 2014 оноос хойш мэднэ...2014 онд би урд айлын Энхээ гэж эгчийн хамт тахилтын эцэс дээрээс машинаар хүн зөөдөг байх үед Мөөгий гэж таксинд явдаг ах эндээс хүн ачлаа гэж намайг явуулахгүй гэж надтай маргалдаад Мөөгий гэж ах намайг заамдаад зогсож байхад Цогнэмэх хажуунаас миний эрүү шанаа руу цохиж байсан...тухайн үед Цогнэмэх өөрийгөө ганц худгийн атаман байна, намайг асуугаарай гэж хэлж байсан...гэх мэдүүлэг /1х, хх-68/,  

- шүүгдэгч Д.Жаргалсайханы мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн:...2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр буюу хэрэг болсон өдөр Цогнэмэх Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны танхилтын эцэс дээр байх Очир хүнсний дэлгүүрийн гадаа намайг найз Дамцагийн хамт байхад таксинд явуулахгүй зайл гэх шалтгаанаас болж миний хамар луу мөргөсөн...тэгэхэд хажууд байсан Дамцаг салгахаар нь би машиндаа суугаад гэр лүүгээ явсан...тэгээд би гэртээ очиж болсон явдлын талаар аав ээждээ хэлэхэд ээж Лхагвадулам наад Цогнэмэх гэж залуу чинь Жаргалсайханыг 1 биш удаа дээрэлхэж байна очиж уулзаад ир гэж аав Сугар, ах Бямбаноров нарыг надтай хамт уулзуулахаар явуулсан...миний хамарнаас цус гарсан байсныг Дамцаг анзаарч харсан үгүйг би мэдэхгүй байна...би түрүүлж машинаас буугаад Цогнэмэхийн шанаа хэсэг рүү гараараа 2 удаа цохиход Цогнэмэх миний урдаас бууж ирээд намайг заамдсан...тэгэхэд аав Сугар миний араас ирж намайг салгаж Цогнэмэхийг цаашаа аваад жоохон хүүхэд яах гээд байгаан гээд хашаа руу гараараа түлхсэн...гэх мэдүүлэг /1х, хх-73-74/,

- шүүгдэгч Д.Сугар мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр өгсөн:...2016 оны 01 дүгээр сарын 21-ний манай хүү Жаргалсайхан гэртээ ирээд надад Цогнэмэх гэж таксины жолооч намайг Очир хүнсний дэлгүүрт байхад дуудаж гаргаж ирээд зөвшөөрөлгүй таксинд явлаа гэж зодлоо гэж хамарнаас нь цус гарсан ирсэн...тэгэхээр нь очиж уулзахаар том хүү Жаргалсайхан, эхнэрийн дүү Бямбаноров нарын хамт автобусны буудал руу явсан...би Цогнэмэхийг манай хүү Жаргалсайханыг яагаад зодох болсон талаар асууж жоохон хүүхэд битгий зодоод бай гэж хэлэх гэж очсон...би Цогнэмэх гэж хүнийг заамдаж хашаанд шахсанаас өөр цохиж зодсон асуудал байхгүй...гэх мэдүүлэг /1х, хх-64-65/,

-Бямбаноровыг сэжигтнээр байцаасан тэмдэглэл:...2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 21 цагийн орчим Жаргалсайхан тахилтын эцэс дээр хүмүүс дээрэлхээд байна гэж миний 8993-6998 утас руу залгасан...Жаргалсайханыг дээрэлхээд таксинд явуулахгүй байгаа шалтгааныг тодруулахаар Сугар ах бид 2 уулзахаар очсон...Жаргалсайхан Цогнэмэхийн нүүр лүү 2-3 удаа цохиж байхыг би харсан...тэр үед Цогнэмэх Жаргалсайханы урдаас цохихоор нь Сугар ах Цогнэмэхийн энгэр хэсгийн хувцаснаас гараараа салгах гэж татаад нөгөө гараараа Жаргалсайханыг хориод Жаргалсайханыг салгаад холдуулах үед Цогнэмэхийн машинд сууж байсан жирэмсэн эгч Цогнэмэхийг бариад байж байсан...Сугар ах бид 2 Цогнэмэхийг цохиж зодсон асуудал байхгүй...гэх мэдүүлэг /1х, хх-69-70/, 

- гэрч Б.Лхагвадуламын:...2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 21 цагийн үед Жаргалсайханы хамарнаас цус гарчихсан тахилтын эцэс дээрээс таксинд явуулахгүй гээд Цогнэмэх гэж залуу миний хамар луу мөргөж цус гаргалаа гэж гэрт орж ирэхээр нь би Сугар, Бямбаноров 2-ыг очоод Цогнэмэхтэй уулзаад ир, урд нь Жаргалсайханыг зодож байсан гэж хэлээд явуулсан...Жаргалсайхан гэрт орж ирэхдээ хамарнаас нь цус гараад ам эрүү рүү нь урсчихсан энгэр хэсгийн хувцас нь цус болчихсон орж ирсэн...гэх мэдүүлэг /1х, хх-31-33/ зэрэг нотлох баримтуудаар,

 

Шүүгдэгч Д.Жаргалсайхан, Б.Баттулга, М.Ганзолбоо нар нь бүлэглэн 2016 оны 03 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 19 дүгээр хороо 60 дугаар байрны автомашины зогсоол дээр байсан иргэн Д.Отгонбаатарын эзэмшлийн 27-29 ГАҮ улсын дугаартай Стана маркийн микро автобусны хойд хаалганы цонхыг хагалж нэвтрэн орж 346.200 төгрөгийн буюу бага бус хэмжээний эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:...

- хохирогч Д.Отгонбаатарын:...би 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдөр гадуур өөрийн Стана маркийн 27-29 ГАҮ улсын дугаартай автомашинтайгаа явж хөдөө авч явах дэлгүүрийн бараа ачаад орой 20 цагийн орчим Баянгол дүүргийн 19 дүгээр хороо 60 дугаар байрны гадна ил зогсоолд машинаа байрлуулаад орж амарчихаад маргааш өглөө нь хөдөө явах гээд 06 цагийн үед гараад ирсэн чинь машины баруун хойд талын гүйдэг хаалганы цонх хагарчихсан гүйдэг хаалга нь онгойчихсон байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан...голден милк хуурай сүү 1 хайрцаг дотроо 12 ширхэгтэй нийт үнэ нь 70.800 төгрөг, Соната набор 2 хайрцаг дотроо 12 ширхэгтэй үнэ нь 67.200 төгрөг, набор 1 хайрцаг дотроо 6 ширхэгтэй үнэ нь 21.900 төгрөг, гана шоколад 1 хайрцаг дотроо 18 ширхэгтэй нийт үнэ нь 45.000 төгрөг, печень 1 хайрцаг дотроо 9 ширхэгтэй үнэ нь 24.300 төгрөг, чокопай печень 1 хайрцаг дотроо 8 ширхэг нийт үнэ нь 12.000 төгрөг, машинд байсан МП-5 хөгжим 70.000 төгрөг авч байсан тэр үнээрээ үнэлнэ, мөн плаш дист хамт байсан, 2гб хэмжээтэй 10.000 төгрөгөөр үнэлнэ зэрэг эд зүйлс алдагдсан...бас хагалсан цонхыг 25.000 төгрөгөөр хийлгэсэн...гэх мэдүүлэг /2х, хх-5-7/,

- эд зүйлийн үнэлгээ 346.200 төгрөг /2х, хх-2/,

- автомашинд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1х, хх-247-250/,

- эрүүгийн хэрэг нэгтгэсэн тогтоол /1х, хх-243/,

- хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тухай баримт /2х, хх-86/,

- шүүгдэгч Б.Баттулгын мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр өгсөн:...Би 2016 оны 03 дугаар сарын 28-ны орой найз Ганзолбоо, Жаргалсайхан нарын хамт хорооллын модны 2-ын хойд талын байшин дундуур явж байгаад ногоон өнгийн Стана маркийн машин дотор мп-5 байхаар нь Жаргалсайханыг цонх онгорхой байна уу үзчихээд ир бид 2 хүн харж байя гээд хол зогсож байсан чинь Жаргалсайхан мп-5, хайрцагтай хуурай сүү зэрэг зүйлс авч ирээд ахиад зөндөө хайрцагтай юм байна гэхээр нь бид 3 буцаж машин дээр очсон чинь баруун хойд гүйдэг хаалганы цонх хагалчихсан хаалгыг нь онгойлгочихсон байсан...онгойлгоод үзсэн чинь хайрцагтай юмнууд байхаар нь бид 2 хоёр хайрцагтай юм аваад явцгаасан...тэгээд үзсэн чинь чокопай, сүү, кексэн печень, набор, жигнэмэг зэрэг зүйлс байсныг танихгүй хүнд зарсан...гэх мэдүүлэг /2х, хх-21-22/,

- шүүгдэгч М.Ганзолбоогийн мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр өгсөн:...Би 2016 оны 03 дугаар сарын 28-ны орой найз Баттулга, Жаргалсайхан нарын хамт хороололд байрны голоор алхаад явж байгаад ногоон өнгийн Стана маркийн автомашин дотор мп-5 хөгжим харагдахаар нь Жаргалсайханыг очоод үзээд хаалга нь онгойж байвал авчих гээд явуулсан...бид 2 ойр орчим хүн хараад зогсож байсан чинь Жаргалсайхан ирэхдээ 1 хайрцагтай сүү, мп-5 зэрэг зүйлс авч ирээд ахиад зөндөө хайрцагтай юм байна гэхээр нь бид 3 буцаж очсон чинь баруун хойд гүйдэг хаалганы цонхыг нь хагалчихсан байсан...тэгээд бид нар хаалгыг онгойлгоод нийт 7 хайрцагтай чокопай, сүү, набор, печень зэрэг зүйлс хулгайлаад тэдгээр зүйлсээ танихгүй хүнд хямдхан зарсан...гэх мэдүүлэг /2х, хх-27-28/,

- шүүгдэгч Д.Жаргалсайханы мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр өгсөн:...Би 2016 оны 03 дугаар сарын 28-ны орой найз Ганзолбоо, Баттулга нарын хамт хорооллын модны 2-ын байран дундуур явж байгаад Стана маркийн ногоон өнгийн машин байсан голын толинд нь мп-5 байсан...намайг очоод үзчихээд ир гэхээр нь би очоод машины хаалгануудыг нь татаж үзсэн чинь хаалга нь түгжээтэй байхаар нь баруун хойд гүйдэг хаалганы цонхыг нь хагалж ороод мп-5-ыг нь авсан чинь хойно нь баахан хайрцагтай юмнууд байхаар нь 1 хайрцагтай юмыг нь аваад нөгөө 2 дээрээ очоод тэр хайрцагтай юмыг үзсэн чинь хуурай сүү байсан 3-лаа очоод ахиад авъя гээд бид 3 очоод 2, 2 хайрцагтай зүйл аваад явсан...тэгээд тэр хайрцагтай зүйлсээ үзсэн чинь чокопай, сүү, набор, печень зэрэг зүйлс байсныг Гантулга, Ганзолбоо 2 авч зарчихаад ирсэн...тэгээд мөнгийг нь хувааж авсан...гэх мэдүүлэг /2х, хх-33-34/, мөн шүүгдэгч нар нь үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн тухай шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар,

 

Шүүгдэгч Д.Жаргалсайхан, Б.Баттулга нар нь давтан, бүлэглэн 2016 оны 04 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр 4 дүгээр байрны авто зогсоол дээр байсан иргэн Д.Жанчивдоржийн эзэмшлийн 65-92 УНП улсын дугаартай Старекс маркийн автомашины хаалганы шилний түгжээг тусгайлан бэлтгэсэн автеркар нэвтрэн орж 795.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:...

- цагдаагийн байгууллагад гэмт хэргийн талаар гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1х, хх-180-183/

- хохирогч Д.Жанчивдоржийн:...2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр өөрийн эзэмшлийн 65-92 УНП улсын дугаартай хар өнгийн Старекс маркийн машинаа гэрийнхээ гадаа буюу Баянгол дүүргийн 13 дугаар хороо 4 дүгээр байрны гадаа авто зогсоол дээр байрлуулан тавьсан...тэгээд маргааш өдөр нь миний машин гараагүй зогсоол дээр байсан ба би орой нь 19 цагийн үед машинаа шалгаж үзэхэд байсан...тэгээд маргааш өглөө нь буюу 2016 оны 4 дүгээр сарын 02-ны өглөө 09 цагийн үед гарч ирээд машинаа түлхүүрээр онгойлгох гэтэл миний машин түгжээгүй онгорхой байсан...тэгээд орж хартал 2014 онд 150.000 төгрөгөөр авч байсан машины зурагт, 2014 онд 30.000 төгрөгөөр авч байсан машины голын толь, речакны толгой, машины арын багажинд байсан тус бүр нь 150.000 төгрөгийн үнэтэй ком түлхүүр, ком дорцов, 2015 онд 25.000 төгрөгөөр авч байсан мишок, 30.000 төгрөгөөр авч байсан газан плитька, 40.000 төгрөгийн үнэтэй наклат, хуучин амартизатор 4 ширхэг, нэг бүр нь 30.000 төгрөгийн үнэтэй, машины урд саравчинд байсан 100.000 төгрөг алдагдсан байсан...миний машины баруун талын хойшоо гүйж онгойдог хаалганы шилний түгжээг нь хагалаад онгойлгосон байсан...нийт 795.000 төгрөг болж байна...гэх мэдүүлэг /1х, хх-192-193, 2х, хх-100/,        

            - эд зүйлийн үнэлгээ 695.000 төгрөг /1х, хх-238/,

- эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1х, хх-190-191, 2х, хх-95-97/,

            - шинжээчийн дүгнэлт /1х, хх-195-209/,

            - шүүгдэгч Д.Жаргалсайханы мөрдөн байцаалтанд өгсөн:...Баттулгатай бүлэглэн дээрх Баянгол дүүргийн Өргөө кино театрын ард байрлах 12 давхар байрны хажууд зогсож байсан, тухайн үед улсын дугаарыг нь хараагүй хар өнгийн старекс машины заалны гүйдэг хаалганы цонхны түгжээг автеркаар эвдэн орж урд салхины шилэн дээр байдаг толь, ком багаж, хайрцагтай наклад, речакны толгой, машины юуных гэдгийг нь мэдэхгүй жижиг дэлгэц зэрэг эд зүйл хулгайлан авч ком багажийг гудамжинд явж байсан танихгүй хүнд 25.000 төгрөгөөр зарж борлуулсан, салхины шилэнд байсан голын толийг хаана хаясанаа санахгүй байна хаягдсан байсан, речакны толгой болон дэлгэцийг цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн...гэх мэдүүлэг /2х, х-107/,

- шүүгдэгч Б.Баттулгын мөрдөн байцаалтанд өгсөн:...2016 оны 4 дүгээр сарын эхээр санагдаж байна...он сарыг яг сайн санахгүй байна...уг автомашины хойд гүйдэг хаалганы цоожийг автеркаар Жаргалсайхан бид 2 нийлж байгаад эвдэлж ороод дотроос нь салхины шилэнд байсан голын толь, речакны толгой, нэг машины дэлгэц, ком багаж зэрэг эд зүйл хулгайлан авсан...хулгайлан авсан ком багажаа танихгүй явуулын хүнд Жаргалсайхан зарсан...голын толь нь хаягдсан байсан, одоо хаана байгааг нь мэдэхгүй, дэлгэц болон речакны толгойг цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн...гэх мэдүүлэг /2х, хх-109/ зэрэг нотлох баримтуудар тус тус нотлогдож тогтоогдсон байна. 

 

Иймд шүүгдэгч Д.Жаргалсайхан, Д.Сугар нар нь бүлэглэж бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч М.Ганзолбоог бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэн  агуулах саванд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд, 

шүүгдэгч Д.Жаргалсайхан, Б.Баттулга нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан, бүлэглэн, тусгайлан бэлтгэсэн багаж  хэрэгсэл хэрэглэж, агуулах саванд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, ял шийтгэл оногдуулах  үндэслэлтэй байна.      

Шүүгдэгч Д.Жаргалсайхан, Д.Сугар нарыг танхайрах гэмт хэргийг догшин авирлаж, бүлэглэж үйлдсэн гэж үзэхэд үндэслэл, нотолгооны хувьд “эргэлзээ”-тэй байна.  

Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Д.Сугар, хохирогч С.Цогнэмэх нарын хувьд урьд өмнө нь таарамжгүй харилцаа үүсч байсанг үгүйсгэх баримтгүйгээс гадна тухайн хэрэг болсон өдөр хохирогч С.Цогнэмэх нь Д.Сугартай марган зүй бусаар харьцсан нь, түүнчлэн шүүгдэгч Д.Сугар, Д.Жаргалсайхан нарын гэмт санааны агуулга, чиглэл нь анхнаасаа танхайрах сэдэлт, зорилгыг агуулаагүй, харин хохирогчийн удаа дараа зүй бус харьцсан учир шалтгааныг олох, дахин зүй бус харьцахгүй байхыг анхааруулах санаа зорилготой байсан нь тус тус илэрхийлэгдэж байх тул хувийн сэдэлтээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй, нэг талыг барих, зарим нотлох баримтыг бүхэлд нь “худал” гэж үзэх, үгүйсгэх үндэслэлгүй байна.   

            Хулгайлах гэмт хэргийг үйлдэх тухайн үед шүүгдэгч нар гэмт санаа, үйлдлээрээ санаатай нэгдсэн байх тул гэмт хэргийг “бүлэглэн” үйлдсэн гэж үзэх ба яллах дүгнэлтэд “бүлэглэн, үгсэн тохиролцон” гэж буруу бичсэн, хохирогч С.Цогнэмэх зодуулах үедээ 200.000 төгрөг алдагдсан хэмээн эх сурвалжгүйгээр худал мэдүүлсэн байгааг тус тус тэмдэглэв.  

Хохирогч Д.Жанчиндоржид учирсан нийт хохирол 795.000 төгрөг байх ба  үнэлгээчний үнээр тооцоход /1х, хх-238/ 150.000 төгрөгийн үнэ бүхий автомашины зурагтыг буцаан олгосон /2х, хх-97/, шүүгдэгч Б.Баттулга 320.000 төгрөг төлсөн байх тул шүүгдэгч Д.Жаргалсайханаас 322.500 төгрөг, Б.Баттулгаас 2.500 төгрөг тус тус гаргуулж хохирогч Д.Жанчивдоржид олгохоор байна.   

Шүүгдэгч Д.Жаргалсайхан, Б.Баттулга, М.Ганзолбоо нарт эд зүйлээ хулгайд алдсан хохирогч Д.Отгонбаатар алдагдсан эд зүйлсээс буцаан өгсөн /2х, хх-86/, нэхэмжлэх зүйлгүй болохоо мэдүүлсэн /2х, хх-87/ байна.   

            Хохирогч С.Цогнэмэхэд учирсан хохирлын нотлох баримт байхгүй тул шүүгдэгч Д.Жаргалсайхан, Д.Сугар нарыг хохирогч С.Цогнэмэхэд төлөх нотлох баримт бүхий төлбөргүй гэж үзнэ.   

Шүүгдэгч Д.Жаргалсайхан Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 522 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял оногдуулж, уг тогтоол биелүүлэхийг хойшлуулсан 2 жилийн хугацаанаас үлдсэн хугацаа нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.4-т зааснаар хэрэгсэхгүй болсон буюу ялтай байдалгүй гэж үзэх үндэслэлтэй,

Шүүгдэгч Б.Баттулга нь Сонгинохайрхан  дүүргийн шүүхийн 2011 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 294 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан хугацаа дууссан буюу ялтай байдалгүй, мөн шүүгдэгч М.Ганзолбоо нь Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 477 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4, 126.2.6 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, уг хугацаа 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр дууссан буюу ялтай байдалгүй байна. 

Шүүгдэгч нар анх удаа хүндэвэр гэмт хэрэг үйлдсэн, хийсэн хэрэгтээ гэмшиж буй нь, шүүгдэгч Д.Сугар, М.Ганзолбоо нар нь бусдад төлөх төлбөргүй нь тус тус ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.     

Шүүх шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, үйлдэл оролцооных нь давтамж, тэдний хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан ял оногдуулав.   

Шүүгдэгч Д.Сугар нь 2016.05.05-ны өдрөөс /1х, хх-129/, 2016.06.06-ны өдрийг /1х, хх-167/ хүртэл 32 хоног цагдан хоригдсон, шүүгдэгч Д.Жаргалсайхан, Б.Баттулга, М.Ганзолбоо нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болно. 

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246, 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2-т зааснаар шүүгдэгч Д.Жаргалсайхан, Д.Сугар нарт холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 болгон өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч Д.Жаргалсайхан, Д.Сугар нарыг бүлэглэн бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,   

Шүүгдэгч М.Ганзолбоог бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэн, агуулах саванд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд,    

Шүүгдэгч Д.Жаргалсайхан, Б.Баттулга нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан, бүлэглэн, агуулах саванд нэвтэрч, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.  

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар шүүгдэгч Д.Жаргалсайхан, Д.Сугар нарыг тус бүр 251 цаг албадан ажил хийлгэх ялаар,   

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч нарыг эд хөрөнгө хураахгүйгээр Д.Жаргалсайхан, Б.Баттулга нарыг тус бүр 5 сар баривчлах ялаар, М.Ганзолбоог 3 сар 10 хоног баривчлах ялаар тус тус шийтгэсүгэй.       

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүгдэгч Д.Жаргалсайханд оногдуулсан эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 5 сар баривчлах ялд мөн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар оногдуулсан 251 цаг албадан ажил хийлгэх ялыг багтаан, шүүгдэгч Д.Жаргалсайханы биечлэн эдлэх ялыг 5 сар баривчлах ялаар тогтоосугай.    

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар шүүгдэгч Д.Жаргалсайхан, М.Ганзолбоо, Б.Баттулга нарт тус бүр оногдуулсан баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд тус тус ганцаарчлан эдлүүлсүгэй.      

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийвэл үлдсэн ялын 8 цагийн ажлыг 1 хоног баривчлах ялаар тооцож солихыг шүүгдэгч Д.Сугарт мэдэгдсүгэй.

7. Шүүгдэгч Д.Сугар, М.Ганзолбоо нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн, хураагдсан зүйлгүй болохыг тус  тус дурдсугай.

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Д.Жаргалсайханаас 322.500 төгрөг, Б.Баттулгаас 2.500 төгрөг тус бүр гаргуулж, хохирогч Д.Жанчивдоржид олгосугай.

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.2-т зааснаар шүүгдэгч Д.Сугарын цагдан хоригдсон 32 хоногийн 1 хоногийг албадан ажил хийлгэх найман цагтай тэнцүүлэн ялын хугацаанд оруулан тооцсугай.      

10. Шүүгдэгч Д.Жаргалсайхан, Б.Баттулга, М.Ганзолбоо нарыг цагдан хорьж, тэдний эдлэх ялыг 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн тооцсугай.

            11. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй. 

12. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд уг тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.     

13. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Жаргалсайхан, Б.Баттулга, М.Ганзолбоо нарт авсан цагдан хорих, шүүгдэгч Д.Сугарт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             Г.ГАНБААТАР