Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 427

 

МАГАДЛАЛ

 

2017.02.10                                              Дугаар 427                                         Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

“Хан-Оргил” СӨХ-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Д.Байгалмаа, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2016/01319 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Хан-Оргил” СӨХ-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.Болормаад холбогдох,

Нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, үйлчилгээний зардалд 1 522 991 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хариу тайлбарт: 62 дугаар байрны 02 тоотод оршин суудаг Б.Болормааг орон сууц ашиглалт, СӨХ-ны төлбөрийг барагдуулахгүй байгаа тухай шүүхэд өгч, Шүүхийн шийдвэр гарсан боловч, шийдвэрийг үл тоож өнөөг хүртэл төлбөрийг барагдуулахгүй байна. Мөн одоо 2015 оны 07 дугаар сараас 2016 оны 08 дугаар cap хүртэл ямар ч төлбөр хийгдэхгүй байна. СӨХ-ны зүгээс шаардахаар надад төлбөр төл гэсэн ямар ч шийдвэр байхгүй гэдэг. Энэ хүн 2011 оны 04 дүгээр сараас 2016 оны 08 cap хүртэлх (5 жилийн хугацаанд) 444 383 төгрөгийг төлсөн. Энэ бүх хугацаанд хариуцагч нийт оршин суугчдын хуримтлалаар өөрсдийн хэрэгцээний халуун хүйтэн ус, халаалт бусад үйпчилгээг тасралтгүй авч байгаа бөгөөд СӨХ-ны ажилчид оршин суугчдын дундын өмчлөлийн санд хохирол учруулж, шүүхийн шийдвэрийг үл ойшоож байгаа тул энэ хүнд зохих ёсны шүүхийн шийдвэр гаргаж өгнө үү.

2015 оны 07 дугаар сараас 2016 оны 08 дугаар сарын төлбөр 1 072 891 төгрөг, банкны алданги 450 100,98 мөнгө нийт 1 522 991,98 мөнгө болно гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Тус     СӨХ нь СӨХ-ны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийг огт хэрэгжүүлдэггүй, ТУЗ нь ажилладаггүй, Хяналтын зөвлөл гэж огт байдаггүй, ХЗ-ийн тайлан тавьдаггүй, бүх гишүүдийн хурал болон УЗ-ийн хурал хуралдуулдаггүй, оршин суугчдад санхүүгийн болон үйл ажиллагааны тайлангаа огт тавьж байгаагүй, оршин суугчдаас хуримтлуулж буй төлбөрийг дураараа тогтоодог, өнөөг хүртэл хэдэн төгрөгийн хуримтлал бий болгоод байгаа, юунд зарцуулж буйгаа тайлагнадаггүй тул тус СӨХ-өөс нэхэмжилж буй төлбөр төлөхийг бүхэлд нь татгалзаж байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-т зааснаар /РД:ХА64020506/ Б.Болормаагаас орон сууцны дундын өмчлөлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 519 895 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч "Хан-Оргил" Сууц   өмчлөгчдийн холбоонд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 003 096 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 39 797 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 16 247 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Нэхэмжлэлийн шаардлагаас үндэслэлгүйгээр 552 996 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. СӨХ-н төлбөрийг Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар оршин суугчид төлөх үүрэгтэй. Энэ төлбөрийн нэхэмжлэл нь банкны хуулгаар нотлогдож байгаа. Мөн СӨХ-н удирдах болон хяналтын зөвлөлийн хурлын тогтоолоор нотлогдож байгаа. Гэтэл шүүхээс нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь буруу. Шүүх хуралдааны явцад харуул, цэвэрлэгээ, БОНЗ, ТҮК, дундын цахилгаан домофоны төлбөр төлөх гэрээгүй гэж үзсэн. Хүсэлт гаргаж эдгээр баримтыг гаргуулж ирье гэсэн боловч шүүхэд наад эрх чинь байгаа, хэрхэхийг шүүх өөрөө шийднэ гээд хүсэлтийг хүлээж авалгүй дээрх шийдвэрийг     гаргасан. Иймд дээрх баримтууудыг гаргаж өгөх боломжоор хангаж өгнө үү гэжээ.                         

                                                        

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг хуульд нийцүүлэн үнэлсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч “Хан-Оргил” СӨХ нь хариуцагч Б.Болормаад холбогдуулан нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, үйлчилгээний зардалд   1 522 991 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, “...Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийг огт хэрэгжүүлдэггүй, хуримтлалын зарцуулалтыг тайлагнадаггүй учир нэхэмжлэл үндэслэлгүй...” гэж маргасан байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...2015 оны 7 дугаар сараас 2016 оны 8 дугаар сарын төлбөр 1 072 891 төгрөг, алданги 450 100 төгрөг нийт 1 522 991 төгрөг” гэжээ.

Уг төлбөрийг хариуцагч Б.Болормаа нь төлөхөөс татгалзаж буй үндэслэлээ дээр дурдсан хуулийг нэхэмжлэгч хэрэгжүүлдэггүй гэж тайлбарласан нь төлбөр төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй бөгөөд нэхэмжилж байгаа хугацааны төлбөрийг төлсөн болохоо баримтаар нотлоогүй байна.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг хуульд нийцүүлэн дүгнэж, холбогдох хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан нь үндэслэлтэй байна.

Шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр нотлох баримт бүрдүүлэх ажиллагааг хуульд нийцүүлэн явуулаагүй гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй гэж үзнэ.

Учир нь хариуцагчаас нэхэмжилж байгаа харуулын цалин 16 000 төгрөг, БОНЗ 6000 төгрөг, цахилгааны төлбөр 8000 төгрөг, домофоны үнэ 3000 төгрөг, цэвэрлэгээний төлбөр 6000 төгрөг, ТҮК-ийн төлбөр 2500 төгрөг, алдангийн талаарх холбогдох нотлох баримт зэргийг нэхэмжлэгч нь шүүхэд ирүүлээгүй, нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа нэхэмжлэгч нотлох үүргээ хангалттай хэрэгжүүлээгүй талаар шүүхийн хийсэн дүгнэлт үндэслэлтэй байна.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2016/01319 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн   162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 39 797 төгрөг 85 мөнгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

      

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 С.ЭНХТӨР

                                   

                                         ШҮҮГЧИД                                 Д.БАЙГАЛМАА                                                      

 

                                                                                           М.НАРАНЦЭЦЭГ