Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 47

 

Б.М-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Хэргийн индекс 166/2019/0072/Э

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч Ц.Туяа, Ц.Амаржаргал нарын бүрэлдэхүүнтэй

Шүүх хуралдаанд:          

Прокурор                                      Н.Дуламсүрэн

Өсвөр насны шүүгдэгч                Б.М-

Өсвөр насны шүүгдэгчийн

өмгөөлөгч                                     Н.Баярмаа

Өсвөр насны шүүгдэгчийн

хууль ёсны төлөөлөгч                  Б.Гүндэгмаа

Нарийн бичгийн дарга                 Ц.Туяацэцэг нарыг оролцуулан

              Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 98 дугаар шийтгэх тогтоолтой Б-ын М-д холбогдох 1818004690482 дугаартай эрүүгийн хэргийг өсвөр насны шүүгдэгч Б.М-ын өмгөөлөгч Н.Баярмаагийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, ********** регистрийн дугаартай, Б- овогт Б-ын М-.

Өсвөр насны шүүгдэгч Б.М- нь 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэр дэх “Нэгдсэн” эмнэлгийн хүүхдийн тасгийн 107 тоот өрөөнд нэвтэрч иргэн Б.А-ы эзэмшлийн “Айпоне 6 Эс Плас” загварын гар утас, биет 35.000 төгрөгийг хулгайлж нийт 635.000 төгрөгийн хохирол,

-2018 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх “Цэцүүх трейд” ХХК-ийн 601 тоот өрөөнд нэвтэрч иргэн Н.Б-ий гар утас, түрийвч, бэлэн мөнгө зэргийг хулгайлж 1.300.000 төгрөгийн хохирол,

-2018 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх “Интер мед” эмнэлгийн хүүхдийн тасгийн сувилагчийн постоос иргэн Б.П-ийн эзэмшлийн “Айфоне 6 эс” загварын гар утас хулгайлж 450.000 төгрөгийн хохирол,

-2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх “Жинст” эмнэлгийн “Мэдрэл үйлчлүүлэгчдийн өрөө 1, 2” гэсэн хаягтай өрөөнд нэвтэрч иргэн Д.Н-гийн цүнхэн дотроос бэлэн мөнгө хулгайлж 500.000 төгрөгийн хохирол,

-2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багийн нутаг дэвсгэр дэх “Оточ манал” эмнэлгийн хэвтэн эмчлүүлэгчдийн өрөөнд нэвтэрч иргэн Ч.Л-гийн эзэмшлийн “Самсунг эс 7 эджи” загварын гар утас хулгайлж 350.000 төгрөгийн хохирол,

-2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэр дэх “Нэгдсэн” эмнэлгийн мэс заслын тасгийн 206 тоот өрөөнд нэвтэрч иргэн Б.С-гийн үүргэвчинд байсан түрийвчнээс бэлэн мөнгө хулгайлж 440.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 98 дугаар шийтгэх тогтоолоор:

-Өсвөр насны шүүгдэгч Б- овогт Б-ын М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1.д заасан үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1.д зааснаар Б.М-ыг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1., 2.т зааснаар Б.М-д оногдуулсан хорих ялыг хоёр дахин багасгаж эдлэх ялыг 2 /хоёр/ жилээр тогтоож сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1., 2.т зааснаар Б.М-ын цагдан хоригдсон 132 /нэг зуун гучин хоёр/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,

-Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 510 дугаар зүйлийн 510.1.д зааснаар иргэний хариуцагч Б- овогт Х-гийн Т- /РД: **********, хаяг: Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 7 дугаар баг, Ган зам 3 дугаар хэсэг, 4-8 дугаар байр, 8 тоотод оршин суух, утас: 95273550, 96741109, 99732668/-аас 1.735.000 /нэг сая долоон зуун гучин таван мянга/ төгрөгийг гаргуулж үүнээс хохирогч Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 44 дүгээр байр, 11 тоотод оршин суух Н- овогт Б-ийн А- /РД: **********, утас: 99100407/-д 635.000 /зургаан зуун гучин таван мянга/ төгрөгийг,

-хохирогч Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо, 1-47а тоотод оршин суух Б- овогт Д-ын Н- /РД: **********, утас: 96885828/-д 500.000 /таван зуун мянга/ төгрөгийг,

-хохирогч Дархан-Уул аймаг, Дархан сум, 14 дүгээр баг, 2 дугаар хороолол, Парк таун хотхон, 9 дүгээр байр, 311 тоотод оршин суух Б- овогт Б-гийн С- /РД: **********, утас: 99040264/-д 440.000 /дөрвөн зуун дөчин мянга/ төгрөгийг,

-иргэний нэхэмжлэгч Дархан-Уул аймаг, Дархан сум, 15 дугаар баг, Мангирт 2 дугаар хэсэг, 2 дугаар гудамж, 6 тоотод оршин суух Б- овогт М-ийн Б- /РД: **********, утас: 99718009/-д 160.000 /нэг зуун жаран мянга/ төгрөгийг тус тус опгож, хохирогч Н.Б-, Б.П-, Ч.Л- нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдаж,

-Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хяналтын камерын бичлэг бүхий 3 ширхэг сидийг хэрэгт хавсаргаж,

-Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, иргэний хариуцагчаас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж,

-Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч Б.М-д өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.М-ын өмгөөлөгч Н.Баярмаа давж заалдах гомдолдоо:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангмйн 5.1 дүгээр зүйлийн 1.д “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан байдаг. Б.М-ын гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөлд анхаарсангүй. Б.М-ын эцэг, эх нь салж тусдаа амьдарснаас хойш эцэг, эхийн анхаарал суларч дөнгөж төлөвшиж байгаа хүүхдийн хүмүүжил доголдоход хүрсэн.

Монгол улсын Иргэний хуулийн 16.1-д насанд хүрээгүй буюу 14-18 насны этгээд иргэний эрх зүйн бүрэн бус чадамжтай байхаар хуульчилсан. Өсвөр насны хүн тухайн насандаа амьдралын сайн мууг бүрэн ухамсарлахгүй, төлөвшөөгүй байдаг гэдгийг манай улсад төдийгүй дэлхий нийтэд хүлээн зөвшөөрдөг.

1966 оны Иргэний болон улс төрийн эрхийн тухай Олон улсын Пактын Арван дөрөвдүгээр зүйлд “Насанд хүрээгүй хүмүүсийн шүүх ажиллагаа нь тэдний насыг харгалзаж, тэднийг дахин хүмүүжүүлэхэд тус болохуйц байх ёстой” гэж заасан байдаг. Хүүхдийг нийгэм, хамт олон гэр бүлээс нь тусгаарлан хорихгүйгээр асран хамгаалж, хяналтанд өгөх, нийгэмшүүлэх боломжийг олгох арга хэмжээ  авах нь олон жил сараар хорихоос илүү үр дүнтэй засарч хүмүүжих, сурч боловсрох бололцоо нөхцөл болно.

Гэмт хэрэгт холбогдсон өсвөр насны хүнд оногдуулах эрүүгийн харицлагын бодлого нь нийгэм, хамт олон, найз нөхөд, гэр бүпээс тусгаарлан гэмт хэрэгтэн гэдэг мэдрэмжийг нэмэгцүулэхэд бус нийгэмд эргэн ороход нь туслах замаар итгэп үзүүлэхэд чиглэгдэх нь илүү үр дүнтэй арга гэж өмгөөлөгч би дүгнэж байна. Мөн өсвөр насны хүүхдийн хувьд хэрэг давтан хийсэн гэдэг үндэслэпээр ялыг хүндрүүлэн оноож байгаа нь тохиромжгүй.

Өсвөр насны хүнд хүлээлгэх хариуцлага нь түүний нас, биед тохирсон, боловсрол эзэмших боломж, гэмт хэрэг үйлдсэн хор уршгаа ухамсарлан ойлгоход чиглэгдсэн байх ёстой. Иймд анх удаа гэмт хэрэг хийсэн, цаашид засарч хүмүүжих бүрэн боломжтой, боловсролоо бүрэн дүүрэн гэр бүл, анги хамт олны дунд эзэмших засарч хумүүжих боломжийг олгож анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хөнгөрүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж өгнө үү... гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон өсвөр насны шүүгдэгч Б.М-ын өмгөөлөгч Н.Баярмаа тайлбартаа:

Б.М- нь амьдралын туршлагагүй, эцэг, эхийн анхаарал халамж дутмаг, ар гэрийн нөхцөл байдал зэрэг нь гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн гэж үзэж байна. Өмгөөлөгчийн хувьд Б.М-тай байнга уулздаг байсан бөгөөд Б.М- нь зан байдлын хувьд эвдрээгүй, зохион бүтээгч болох хүсэл мөрөөдөлтэй. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж Б.М-д оногдуулсан ялыг хойшлуулж өгнө үү, хэрэв шүүх бүрэлдэхүүн боломжгүй гэж үзвэл ялыг багасгаж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон өсвөр насны шүүгдэгч Б.М- тайлбартаа:

Надад оногдуулсан ялыг хойшлуулж өгнө үү, хэрэв боломжгүй бол өмгөөлөгчийн хэлснээр ялыг багасгаж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон өсвөр насны шүүгдэгч Б.М-ын хууль ёсны төлөөлөгч Б.Гүндэгмаа тайлбартаа:

Б.М-ын эцэг, эх нь салсан, Б.М- нь эмээ, өвөөгийн хамт амьдардаг, зан байдлын хувьд эвдрээгүй бөгөөд эцэг, эхийн хараа хяналт сул, гэр бүлийн асуудлаас болж ийм байдалд хүрсэн. Б.М- нь 7 сар цагдан хоригдох хугацаандаа их зүйл ойлгож, цаашид дахин гэмт хэрэгт холбогдохгүй гэсэн бат итгэлтэй байдаг. Эцэг, эхийн хайхрамжгүй байдлаас болж гэмт хэрэгт холбогдсон. Б.М- нь 9-р анги төгсөж гэрчилгээ авсан учраас цаашид суралцах боломжтой. Дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж Б.М-ын ял хойшлуулж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Н.Дуламсүрэн дүгнэлтдээ:

Прокурорын зүгээс Б.М-ын хэрэгт анхнаасаа хяналт тавьж байсан бөгөөд Б.М- нь үйлдсэн хэргийнхээ талаар үнэн зөв мэдүүлдэг, зан байдлын хувьд эвдрээгүй учраас шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах боломжтой. Б.М-ыг цаашид “Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв”-д суралцуулах талаар Дархан-Уул аймгийн “Хүүхдийн эрхийн хяналтын хороо” хяналтандаа авсан гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Дархан-Уул аймгийн Прокуророос өсвөр насны шүүгдэгч Б.М-ыг 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэр дэх “Нэгдсэн” эмнэлгийн хүүхдийн тасгийн 107 тоот өрөөнд нэвтэрч иргэн Б.А-ы эзэмшлийн “Айпоне 6 Эс Плас” загварын гар утас, бэлэн 35.000 төгрөгийг хулгайлж нийт 635.000 төгрөгийн хохирол,

-2018 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх “Цэцүүх трейд” ХХК-ийн 601 тоот өрөөнд нэвтэрч иргэн Н.Б-ий гар утас, түрийвч, бэлэн мөнгө зэргийг хулгайлж 1.300.000 төгрөгийн хохирол,

-2018 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх “Интер мед” эмнэлгийн хүүхдийн тасгийн сувилагчийн постоос иргэн Б.П-ийн эзэмшлийн “Айфоне 6 эс” загварын гар утас хулгайлж 450.000 төгрөгийн хохирол,

-2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх “Жинст” эмнэлгийн “Мэдрэл үйлчлүүлэгчдийн өрөө 1, 2 гэсэн хаягтай өрөөнд нэвтэрч иргэн Д.Н-гийн цүнхэн дотроос бэлэн мөнгө хулгайлж 500.000 төгрөгийн хохирол,

-2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багийн нутаг дэвсгэр дэх “Оточ манал” эмнэлгийн хэвтэн эмчлүүлэгчдийн өрөөнд нэвтэрч иргэн Ч.Л-гийн эзэмшлийн “Самсунг эс 7 эджи” загварын гар утас хулгайлж 350.000 төгрөгийн хохирол,

-2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэр дэх Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасгийн 206 тоот өрөөнд нэвтэрч иргэн Б.С-гийн үүргэвчинд байсан түрийвчнээс бэлэн мөнгө хулгайлж 440.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1.т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэж, өсвөр насны шүүгдэгч Б.М-ыг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын хөрөнгийг хулгайлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1.т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, оногдуулсан хорих ялыг хоёр дахин багасгаж эдлэх ялыг 2 жилээр тогтоож сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэх, иргэний хариуцагч Х.Т-аас 1.735.000 төгрөгийг гаргуулж үүнээс хохирогч Б.А-д 635.000 төгрөгийг, хохирогч Д.Н-д 500.000  төгрөгийг, хохирогч Б.С-д 440.000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч М.Б-д 160.000 төгрөгийг тус тус опгож, хохирогч Н.Б-, Б.П-, Ч.Л- нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаж, Б.М-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн өсвөр насны шүүгдэгч Б.М-ын өмгөөлөгч Н.Баярмаагийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад өсвөр насны шүүгдэгч Б.М- нь гэмт хэрэг үйлдэгдсэн тухайн өдрүүдэд Улаанбаатар хот, Дархан-Уул аймагт эмчилгээ сувилгааны үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байруудад зүсээ таниулахгүйн тулд нүүрэндээ маск зүүж нэвтэрч тэнд хэвтэн эмчлүүлж байсан болон ажиллагсдын хөрөнгийг хулгайлж иргэн Б.А-ы “Айпоне 6 Эс Плас” загварын гар утас, биет 35.000 төгрөгийг хулгайлж нийт 635.000 төгрөгийн хохирол, иргэн Б.П-ийн эзэмшлийн “Айфоне 6 эс” загварын гар утас хулгайлж 450.000 төгрөгийн хохирол, иргэн Д.Н-гийн цүнхэн дотроос бэлэн мөнгө хулгайлж 500.000 төгрөгийн хохирол,   иргэн Ч.Л-гийн эзэмшлийн “Самсунг эс 7 эджи” загварын гар утас хулгайлж 350.000 төгрөгийн хохирол, иргэн Б.С-гийн үүргэвчинд байсан түрийвчнээс бэлэн мөнгө хулгайлж 440.000 төгрөгийн хохирол, “Цэцүүх трейд” ХХК-ийн 601 тоот өрөөнд нэвтэрч иргэн Н.Б-ий гар утас, түрийвч, бэлэн мөнгө зэргийг хулгайлж 1.300.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь мөрдөн байцаалтын ажиллагааны шатанд хэрэгт авагдаж, анхан шатны шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх хохирогч нарын мэдүүлгүүд, өсвөр насны шүүгдэгч Б.М-ын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ өөрөө хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хулгайлсан эд зүйлсээ барьцаалан зээлдүүлэх газруудад барьцаалж мөнгө авч байсныг гэрчилсэн иргэний нэхэмжлэгч М.Б-гийн мэдүүлэг, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, эд хөрөнгөд үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлтүүд, хэрэгт авагдсан бусад баримтуудаар тогтоогдсон байна.

Анхан шатны шүүхээс хэргийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв, болсон үйл баримтад хийсэн дүгнэлт үндэслэлтэй, шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэл тохирсон байна.

Гэвч өсвөр насны шүүгдэгч Б.М- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоос барагдуулж байгаа, зан байдлын хувьд эвдрээгүй, үйлдсэн хэргээ үнэн зөвөөр мэдүүлсэн, ар гэрийн амьдралын асуудал, эцэг, эхийн хараа хяналт сулаас болж гэмт хэрэгт холбогдсон, цаашид дахин гэмт хэрэгт холбогдохгүй, мэдлэг, боловсролоо дээшлүүлэхээ шүүх хуралдаан дээр илэрхийлсэн, өсвөр насны хүн зэрэг хувийн байдал, зарим хохирогч нар нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэснийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1., 8.6 дугаар зүйлийн 1.т зааснаар анхан шатны шүүхийн хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг тодорхой хугацаагаар хойшлуулж, түүнд гадуур дэмий сэлгүүцэхгүй, бусдын эд зүйлс, хөрөнгийг хулгайлахгүй, дахин ямар нэгэн гэмт хэрэг, зөрчил үйлдэхгүй байх, муу зан үйлээ засах, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг бүрэн төлөх, оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагадаа урьдчилан мэдэгдэх, сурч боловсрох зэрэг үүргүүдийг хүлээлгэж, анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж оногдуулах боломжтой байх тул шийтгэх тогтоолд энэ талаар зохих өөрчлөлтийг оруулахаар давж заалдах шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв. 

Иймд өсвөр насны шүүгдэгч Б.М-ын өмгөөлөгч Н.Баярмаагийн анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгөхийг хүссэн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжтой байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 98 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1., 8.6 дугаар зүйлийн 1.т зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 2.т зааснаар энэ шийтгэх тогтоолоор өсвөр насны шүүгдэгч Б.М-д 2 /хоёр/ жил хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулсугай гэсэн өөрчлөлт оруулсугай,

2. Шийтгэх тогтоолыг тогтоох хэсэгт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2., 2.5.д зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.М-д гадуур дэмий сэлгүүцэхгүй, бусдын эд зүйлсийг хулгайлахгүй, дахин ямар нэгэн гэмт хэрэг, зөрчил үйлдэхгүй байх, муу зан үйлээ засах, сурч боловсрох, оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагадаа урьдчилан мэдэгдэх зэрэг үүргүүдийг хүлээлгэсүгэй... гэсэн,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 3.т зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.М- нь шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх түүнд энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан ял оногдуулахыг анхааруулсугай...гэсэн,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2., 3., 4.т зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.М-ыг 18 нас хүртэл хараа хяналтандаа байлгах, зөв арга барилд сургах, сурч боловсрох, хөдөлмөрлөх, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх үүргийг түүний эцэг Лочинсүрэнгийн Б-, эх Х-гийн Т- нарт үүрэг болгож, хараа хяналтанд нь дэм үзүүлэхийг Сэлэнгэ аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газарт даалгасугай...гэсэн,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 2.т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд өсвөр насны шүүгдэгч Б.М- нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ял биечлэн эдлүүлэх тухай шийдвэр гаргахыг түүнд анхааруулсугай...гэсэн заалтыг тус тус нэмж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3. Давж заалдах шатны шүүхэд хэрэг хэлэлцэх ажиллагааны явцад өсвөр насны шүүгдэгч Б.М- нь хохирогч Б.А-д 120.000 төгрөг төлснийг дурдсугай.

4. Өсвөр насны шүүгдэгч Б.М-д урьд цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүнийг шүүх хуралдааны танхимаас нэн даруй суллаж, Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 7 дугаар баг, 3 дугаар хэсэг, 4 дүгээр найман айлын байр, 8 тоотод гэрт нь хүргэж өгөхийг түүний өмгөөлөгч Н.Баярмаа, хууль ёсны төлөөлөгч Б.Гүндэгмаа нарт даалгасугай.

5. Өсвөр насны шүүгдэгч Б.М-ын өмгөөлөгч Н.Баярмаагийн гаргасан   давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

6. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн  гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                            ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Б.МАНЛАЙБААТАР

                                                               ШҮҮГЧИД                                Ц.ТУЯА

                                                                                                                Ц.АМАРЖАРГАЛ