Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2021/00390

 

 

 

 

 

 

 

 

 

 

2021           04            15                                          001/ХТ2021/00390

 

 

 

................ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2019/01803 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 1694 дүгээр магадлалтай,

 

................ы нэхэмжлэлтэй

................д холбогдох

 

Гэрээний үүргийн гүйцэтгэлд 565,634,900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагч ................, түүний өмгөөлөгч Б.Батбаяр нарын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ................, түүний өмгөөлөгч Ж.Бат-Амгалан, хариуцагч ................, түүний өмгөөлөгч Б.Батбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ................тай Баянзүрх дүүрэг Гачуурт хар усан тохойд амины орон сууц бариулах гэрээг 2012.11.23-ны өдөр байгуулсан. Уг гэрээний дагуу гүйцэтгэгч нь Баянзүрх дүүргийн Гачуурт хар усан тохойд баригдаж байгаа Баянзүрх эко хотхонд 189 м.кв талбай бүхий амины орон сууцыг гүйцэтгэгчээр бариулж захиалагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээсэн. Амины орон сууцыг 2012.12.20-ны дотор багтаан барьж гүйцэтгэхээр тохиролцсон. ................ гэрээний дагуу 215,000 ам.доллар төлсөн. Хариуцагч гэрээгээр тохиролцсон хугацаандаа амины орон сууцыг ашиглалтад оруулж хүлээлгэж өгөөгүй байна. Иймд хариуцагч ................аас гэрээний дагуу төлсөн 215,000 ам.доллар буюу 2019.03.24-ний өдрийн Монголбанкны ам.долларын ханш 2,630.86 төгрөгт шилжүүлэн тооцвол 565,634,900 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: ................ы амины орон сууц захиалгаар барих гэрээг 2012.11.23-ны өдөр байгуулсан ба захиалагчийн гэрээгээр тохирч төлсөн зарим төлбөрийг захиалагчийн амины орон сууцыг барихад зарцуулж одоогоор тус барилга 90 хувийн гүйцэтгэлтэй байгаа. Мөн нэхэмжлэгч 2018.06.14-ний өдөр Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхэд үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, харьяаллын дагуу Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх рүү шилжин тус шүүхээр шийдвэрлүүлсэн, улмаар нэхэмжлэгч Нийслэлийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж маргааныг хянан шийдвэрлүүлсэн ба хариуцагч талаас хяналтын шатны шүүхэд гомдол гаргаж одоогоор шүүх хуралдааны тов зарлагдаагүй байна. Тодруулбал,................ы төлөөлөгч Х.Цогтсайхан энэхүү нэхэмжлэлийн үндэслэл болсон амины орон сууц барих гэрээтэй холбогдуулан үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай шаардлага бүхий нэхэмжлэл бүхий маргаан нь эцэслэн шийдвэрлэгдээгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгааг мэдсээр байж шүүхэд дахин нэхэмжлэл гаргаж байгаа нь хууль зөрчсөн шүүхийн ачааллыг улам нэмэгдүүлсэн асуудал юм. Миний зүгээс сүүлийн 10 жил өвчний улмаас ажил хөдөлмөр эрхэлж орлого олоогүй нөхцөл байдал удаан үргэлжилсэн тул арга буюу эмнэлгийн байгууллагаар өвчний оношоо тогтоолгож, нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр хөдөлмөрийн чадвараа 59 хувиар алдсан болохыг тогтоож, нийгмийн халамж олгохоор тогтоолгосон. Мөн тархины судас бөглөрсөн оноштой бөгөөд хэд хэдэн удаа цус харвасан байдалтай байна. Энэхүү өвчний улмаас зайлшгүй мэс засал хийлгэх шаардлагатай болоод байгаа бөгөөд энэхүү мэс заслыг Монгол улсад хийх боломжгүй гэсэн хариуг 3 дугаар төв эмнэлгээс гаргасан ба Солонгос улсад эмчилгээ, хагалгаа хийлгэхээр БНСУ-ын холбогдох эмнэлгийн байгууллагаас шийдвэр гарч мэдээлэл ирсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7-д нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар заасан байдаг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-д заасан үндэслэлээр ................ы нэхэмжлэлтэй ................д холбогдох иргэний хэргийг 2018.05.14-ний өдөр үүссэн иргэний хэрэг маргааныг эцэслэн шийдвэрлэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж өгнө үү. Мөн миний биеийн байдлыг үндэслэн өөрийн биеэр шүүх хуралдаанд оролцох боломжоор хангаж, хэргийг 6 сараар түдгэлзүүлж өгнө үү гэжээ.

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2019/01803 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 225 дугаар зүйлийн 225.1, 218 дугаар зүйлийн 218.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч ................аас 520 620 885 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ................д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 45014 015 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3 144 079 төгрөгөөс илүү төлсөн 157 955 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж, ................д олгож, үлдэх 2 986 124 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ................аас 2 761 054 төгрөг гаргуулж ................д олгож шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 1694 дүгээр магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2019/01803 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 225 дугаар зүйлийн 225.1, 218 дугаар зүйлийн 218.2-т... гэснийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1... гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахад төлөх улсын тэмдэгтийн хураамж 2 761 054 төгрөгийг ................аас нөхөн гаргуулж улсын төсвийн орлого болгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч ................, түүний өмгөөлөгч Б.Батбаярын хяналтын гомдолдоо: Давж заалдах шатны шүүх нь “Хариуцагч ................д холбогдуулан шүух иргэний хэрэг үүсгэж, нэхэмжлэлийг түүнд гардуулснаар хариу тайлбар гаргахдаа хэргийн харьяаллын талаар маргаагүйгээс гадна ИХШХШТХ 65 дугаар зүйлийн 65.1.1-д заасан үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг шүүх шийдвэрлэсэн байна” гэсэн үндэслэлгүй дүгнэлт хийсэн байх бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Талуудын хооронд байгуулсан гэрээний 6 дугаар зүйлийн 6.4-т “Тэрээр хэрэгжүүлэхтэй холбогдон гарсан аливаа маргааныг талууд харилцан зөвшилцөх замаар шийдвэрлэх ба талууд тохиролцоонд хүрээгүй тохиолдолд арбитрийн шүүхээр маргааныг шийдвэрлүүлнэ” гэж гэрээний гүйцэтгэлтэй холбоотой маргаан гарсан тохиолдолд Арбитраар шийдвэрлүүлэхээр талууд харилцан тохиролцсоны дагуу хүсэлт гаргасан ч хүлээж аваагүй. Улмаар шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргасан боловч ИХШХШТХ 92.6-д зааснаар Ерөнхий шүүгчид танилцуулж шийдвэрлүүлээгүй” Энэ нь ИХШХШТХ-ийн 92.3-т “Татгалзан гаргах тухай хүсэлт гарвал шүүх хэргийн оролцогчийн санал, түүнчлэн татгалзан гаргагдаж байгаа этгээд хүсвэл түүний тайлбарыг сонсоно”, 92.5-д “Шүүгчийг татгалзан гаргах тухай асуудлыг үндэслэлтэй эсэхийг түүнийг байцуулахгүйгээр шүүх бүрэлдэхүүний бусад шүүгчид шийдвэрлэнэ. Санал тэнцвэл татгалзсанд тооцно”, 92.6-д “Хэд хэдэн буюу хэргийг дангаар шийдвэрлэж байгаа шүүгчийг, түүнчлэн шүүх бүрэлдэхүүнийг татгалзан гаргах хүсэлтийг тухайн шүүхийн Ерөнхий шүүгч шийдвэрлэж захирамж гаргана”, ИХШХШТХ-ийн 13 дугаар зүйлийн 13.2-д “Хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд заасан буюу зохигч хэлэлцэн тохиролцсон бол иргэн, хуулийн этгээдийн хооронд үүссэн маргааныг арбитр шийдвэрлэнэ” гэж, мөн тус хуулийн 65.1.1-д “энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан хэргийн харьяалал зөрчсөн тохиолдолд шүүгч захирамж гарган нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” хэмээн тус тус заасныг зөрчсөн анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлгүйгээр давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна. Анхан шатны шүүгч өмгөөлөгчийн хүсэлтийг Ерөнхий шүүгчээр шийдвэрлүүлэхгүйгээр өөрөө шийдэн хуралдааныг үргэлжлүүлсэн бөгөөд хариуцагчийн өмгөөлөгч энэхүү хууль бус үйл ажиллагааг хүлээн зөвшөөрөөгүй тул шүүгчийн зөвшөөрлөөр шүүх хуралдааны танхимыг орхисон байдаг. Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1,2-д “Иргэний хууль тогтоомж нь иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын эрх тэгш, бие даасан байдал, өмчийн халдашгүй байдал, гэрээний эрх чөлөө, хувийн хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх, иргэний эрх үүргийг ямар нэг хязгаарлалтгүйгээр хэрэгжүүлэх, зөрчигдсөн эрхийг сэргийлгэх, шүүхээр хамгаалуулах зарчимд үндэслэнэ” гэсэн үндсэн зарчим алдагдаж хариуцагчийн хуулиар олгогдсон эрх зөрчигдөж байна. Хоёр. Давж заалдах шатны шүүхээс “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 225 дугаар зүйлийн 225.1, 218 дугаар зүйлийн 218.2-т...” гэснийг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1...” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээх шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байна. Учир нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийн биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” хэмээн зааснаас харвал энэ нь талууд гэрээнээс хуульд зааснаар татгалзсаны дараа гүйцэтгэлийг өгч авалцах тухай байна. Харин талууд нь Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-т заасан журмын дагуу татгалзаагүй байна. Тодруулбал, Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 “Аль нэг тал гэрээнээс татгалзах бол нөгөө талдаа мэдэгдэнэ”, 204.2-т “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол гэрээнээс татгалзах санал гаргаагүй тал тогтооно. Энэ хугацаанд гэрээнээс татгалзаж байгаа тухай нөгөө талдаа дахин мэдэгдээгүй бол гэрээнээс татгалзах эрхээ алдана.” гэж зааснаар гэрээнээс татгалзсанаа илэрхийлж хугацаа тогтоолгоогүй байхад гэрээнээс татгалзсан гэж үзсэн нь алдаатай байна. Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д заасан журмын дагуу явагдаагүй тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлд зааснаар гэрээнээс татгалзаагүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.2-т “Магадлалд анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн агуулга, давж заалдах гомдлын үндэслэл, гаргаж байгаа магадлалын үндэслэлийг тус тус тусгана” гэж заасан байхад ямар нотлох баримтыг хэрхэн үнэлсэн эсэх нь тодорхойгүй Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар татгалзсан гэж үзсэн үндэслэлээ дурьдах ёстой байтал дурьдаагүй тодорхой дүгнэлт хийгээгүй байна. ................ нь өмнө “Алтай Таван Богд Хайрхан” ХХК-ийн хувьцаа эзэмшигч байх үедээ тухайн төслөөс амины орон сууцны захиалгын гэрээ хийсэн бөгөөд “Алтай Таван Богд Хайрхан” ХХК-ийн барьж байгаа амины орон сууцны барилгын ажилд оруулсан байдаг. Өнөөдрийн байдлаар “Алтай Таван Богд Хайрхан” ХХК-ийн хувьцааг өөр этгээд худалдан авч эзэмшиж байгаа бөгөөд тухайн амины орон сууцны төсөл нь бүхэлдээ бусдад шилжсэн байдаг. Мөн хариуцагч талаас үүрэг шилжсэн гэрээг гаргаж өгсөн байхад шүүхээс Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэж заасны дагуу гэрээг үнэлж чадаагүй байна. Дээрхээс дүгнэхэд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, хариуцагчийн хуулиар олгогдсон эрхийг хэрэгжүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэж үзэж байна. Иймд магадлал, шийдвэрийг тус тус хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгч ................ нь хариуцагч ................д холбогдуулан гэрээнээс татгалзсан тул шилжүүлсэн 565,634,900 төгрөгийг буцаан гаргуулах нэхэмжлэлийг гаргасан байна. Хариуцагч нэхэмжлэлийг татгалзаж, маргахдаа орон сууцны барилгын ажлын гүйцэтгэл 90 хувьтай байгаа, мөнгийг орон сууцыг барихад зарцуулсан... нэхэмжлэгч нь үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргаж шүүхээр шийдвэрлэгдэж байгаа...” гэх үндэслэлийг тавьжээ.

 

Анхан шатны шүүх хариуцагчаас 520,620,885 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаад шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулжээ.

 

Шүүхийн шийдвэр, магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулах хуулийн үндэслэлтэй гэж үзэв.

 

Талуудын байгуулсан 2012.11.23-ны өдрийн гэрээний дагуу хариуцагч ................ нь Баянзүрх дүүргийн Гачуурт дахь Хар усан тохойд 2012 оны 12 дугаар сарын 20 гэхэд амины орон сууц барьж хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч ................ нь 274,050 ам.доллар төлөх үүргийг тус тус хүлээсэн, нэхэмжлэгч нь 215,000 ам.долларыг шилжүүлсэн боловч хариуцагч ажлын үр дүнг хүлээлгэн өгөөгүй, ажил гүйцэтгэгч буюу хариуцагч үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан үйл баримт хэрэгт байгаа баримтын хүрээнд тогтоогджээ.

 

Зохигчийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр, ажлын үр дүн бий болоогүй тул захиалагч гэрээнээс татгалзсан маргаантай харилцаанд анхан шатны шүүх гэрээний төрлийг зөв тодорхойлсон боловч гэрээнээс татгалзах хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй, давж заалдах шатны шүүх гэрээнээс татгалзсан зохицуулалтыг олж харсан боловч гэрээний харилцааг буруу тодорхойлж тус тус хэрэглэвэл зохих хуулийг оновчтой хэрэглээгүй байна.

 

Талуудын хооронд шинээр амины орон сууцыг барих буюу ажлын үр дүнг бий болгох, үүний төлөө хөлс төлөх тохиролцоо нь ажил гүйцэтгэх гэрээний шинжийг агуулсан, гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна. Гэрээ хүчин төгөлдөр тул талууд гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор харилцан биелүүлэх үүрэгтэй. Давж заалдах шатны шүүх талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулсан гэж үзсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д нийцээгүй байна.

 

Хариуцагч нь амины орон сууц барьж, хүлээлгэн өгөх үүргээ огт биелүүлээгүй, барилгын гүйцэтгэл 90 хувьтай гэж байгаа боловч нотлоогүй, ажлын үр дүнг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөөгүй, түүний өмчлөлд шилжүүлээгүй байх ба өөр этгээд буюу Алтай таван богд хайрхан ХХКомпанийн эрх үүргийг шилжүүлэн авсан этгээд үүргийг хариуцах ёстой, энэ талаар эрүүгийн журмаар шалгуулж байгаа гэх үндэслэл энэ маргаанд хамааралгүй байна.

 

Гэрээгээр үүрэг хүлээсэн этгээд өөрчлөгдөх, эрх үүргийг шилжүүлэх тохиолдолд гэрээний талууд оролцож шийдвэрлэх ёстой бөгөөд энэ талаар ................, ................ нарын хооронд хэлцэл байхгүй тул ................ нь гэрээний тал ................ы өмнө үүргээ биелүүлэх ёстой болно. ................ нь гэрээг байгуулж,  нэхэмжлэгчээс мөнгийг хүлээн авсан нь баримтаар тогтоогджээ.

Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үр дүн гарахгүй нь илт бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1,  205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь шилжүүлсэн мөнгөө буцаан шаардах эрхтэй, шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Ямар нэгэн үр дүн гарахгүй болох нь илт бол гэрээний нэг тал нь нэмэлт хугацаа тогтоох буюу урьдчилан сануулахгүйгээр гэрээнээс татгалзах эрхтэйг Иргэний хуулийн 226 дугаар зүйлийн 226.1, 226.1.1-д заажээ. Хариуцагч нь 2012.12.20 гэхэд амины орон сууц барьж хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүйгээс гадна өөр этгээд үүргийг биелүүлэх ёстой гэсэн тайлбарыг гаргаснаас үзэхэд үр дүн гарахгүй нөхцөл байдал тогтоогдсон байна.

 

Анхан шатны шүүх хэргийн харьяалалыг зөрчөөгүй, шүүгчийн татгалзал, нотлох баримтын үнэлгээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу явагдсан талаар давж заалдах шатны шүүх магадлалд тодорхой тусгасан байхаас гадна гэрээнээс татгалзах тухай Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэх хариуцагч талын гомдол үндэслэл муутай байна.

 

Хариуцагч, түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд дурдсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.-т заасан шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг  буруу тайлбарлаж хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн үндэслэл тогтоогдоогүй тул гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

Иймд хариуцагч, түүний өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэр, магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дах хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 1694 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1...,” гэснийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2019/01803 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 225 дугаар зүйлийн 225.1, 218 дугаар зүйлийн 218.2-т...” гэснийг  “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1...” гэж өөрчлөн, магадлал болон шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч, түүний өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4, 58 дугаар зүйлийн 58.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлвөл зохих 2,761,054 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай.

 

 

                     ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

                      ШҮҮГЧИД                                                     П.ЗОЛЗАЯА

                                                                                            Б.УНДРАХ                                                                       

                                                                                            Г.ЦАГААНЦООЖ

                                                                                            Д.ЦОЛМОН