Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/197

 

 

 

 

        

   2022        06           30                                      2022/ШЦТ/197

                                

 

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                     2        15                                                                                 2019/

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Нарийн бичгийн дарга Ч.Түвшинжаргал,

Улсын яллагч З.Бат-Амгалан,

Хохирогч А.Б-,

Шүүгдэгч Б.М- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.М-од холбогдох эрүүгийн 2238000000288 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:  

Монгол Улсын иргэн, Б.М-,

Шүүгдэгч Б.М- нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар баг “Дэдэн” төвийн орчим 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хохирогч А.Б-гийн “Самсунг эс-6” загварын гар утас болон гар утасны хавтас дотор байсан 60.000 төгрөгийг нь илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, нийт 240.000 төгрөгийн хохирол учруулан “Дээрэмдэх” гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: 

Шүүгдэгч Б.М- нь шунахайн сэдэлтээр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар баг “Дэдэн” төвийн орчим 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хохирогч А.Б-гийн “Samsung S6” загварын гар утас болон гар утасны хавтас дотор байсан 60.000 төгрөгийг нь илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, нийт 240.000 төгрөгийн хохирол учруулан “Дээрэмдэх” гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 7 дугаар тал/,

- Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-11 дүгээр тал/,

- Хохирогч А.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 14 цагт Мөрөн сумын Нэгдсэн эмнэлгийн эсрэг талын нэрийг нь мэдэхгүй цайны газар орж хоол идээд гарч ирэхэд тэр цайны газар хоол идээд сууж байсан 20-иос 25 насны орчим бор алаг цамцтай, жинсэн хар өнгийн өмдтэй, цэнхэр цүнхтэй, хар саравчтай малгайтай залуу надад хандаж ах аа утсаараа нэг яриулаач гэж хэлэхээр нь би гар утсаа өгтөл утсаар ярьж байснаа миний зүүн хөлний шилбэ рүү нэг удаа өшиглөөд зугтаагаад ертөнцийн зүгээр хойшоогоо гүйгээд Хаан банкны урд талын хэсэг хүртэл гүйгээд тэрнээс хойш би гүйж чадахгүй хөл өвдөөд алдчихсан тийм зүйл болсон. Самсунг эс-6 загварын хар өнгөтэй хавтастай утас байсан. Миний гар утасны хавтас дотор бэлэн 60.000 төгрөг бэлнээр байсан. Би зүс царайгаар нь тухайн хүнийг танина. Би тухайн өдөр эмнэлэгт өөрийн биеэ эмчид үзүүлж явж байсан юм. Эмчид үзүүлж дуусчихаад өлсөөд эмнэлгийн хажуу талын цайны газарт орж хоол авч идсэн юм. Би тэр цайны газрын гадаа өөрийн мотоциклио тавьсан байсан. Би гар утсаа алдах үед ганцаараа явж байсан. Надтай хамт ямар нэгэн хүн байгаагүй. Тэр залуу мөн ганцаараа хоол идэхээр миний араас орж ирээд миний урд талын ширээнд сууж хоол идсэн ганцаараа явж байсан. Цайны газрын гадаа би хоолоо идээд гарч ирээд тамхи татаад байж байхад нөгөө залуу миний араас гарч ирээд “ах аа та надад гар утсаа өгөөч би гэр рүүгээ ганц яриад өгье миний утасны цэнэг дуусчихлаа” гэхээр би утсаа өгсөн чинь нэг дугаар хийгээд хүн рүү залгаж байснаа гэнэт миний зүүн талын хөл рүү нөгөө залуу өшиглөчихөөд зугтсан. Би араас нь хөөгөөд гүйцээгүй, би тэр хүнд хүрэх боломж ч байгаагүй. ...Дээрэмдүүлсэн гар утас, 60.000 төгрөгөө олуулж авмаар байна” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16, 18 дугаар тал/,

- “Ашид билгүүн” ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн ТХҮ-922/3638 дугаартай: “Самсунг S6 маркын гар утсыг 180.000 төгрөгөөр” үнэлсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 30-32 дугаар тал/,

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн “Яллагдагчийг шүүхэд шилжүүлж, цагдан хорих тухай” захирамжийн хуулбар /хх-ийн 63 дугаар тал/,

- Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч А.Б-гийн: “...эмнэлэгийн хажуу талын гуанзанд хоол идчихээд гадаа гараад байж байтал “ах аа утсаа өгөөч гэр рүүгээ яриад өгчихье” гэхээр нь утсаа өгсөн чинь хөл рүү өшиглөчихөөд зугтсан. ...яг миний урдаас хоол идээд сууж байсан. ...миний гар утсыг авсан хүн мөн” гэж  хариулж байсан болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч Б.М-ын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 46 дугаар тал/,

- Иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 47 дугаар тал/,

- Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 48 дугаар тал/,

- Урьд нь ял шийтгүүлж байсан болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 50 дугаар тал/,

- Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 297 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 52-59 дүгээр тал/,

- Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 142 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 72-74 дүгээр тал/ зэрэг баримт бичиг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр хохирогчийн удаа дараа тогтвортой өгсөн мэдүүлэг, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэлд шүүгдэгч Б.М-ын зургийг ямар ч эргэлзээгүйгээр заасан зэргээр шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

 Мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгчээс авсан гэрчийн мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэх үндэслэлээр шүүх үнэлээгүй болохыг дурдаж байна.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн мэдлэг дутмаг, мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий байгууллага холбогдох хууль журмыг сурталчлах, соён гэгээрүүлэх ажил хангалтгүй хийгдсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.

Шүүгдэгч Б.М- нь дээрх гэмт хэргийг ганцаараа үйлдсэн болох нь хохирогчийн мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр нотлогдож байна.

Шүүгдэгч Б.М- нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар баг “Дэдэн” төвийн орчим 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хохирогч А.Б-гийн “Samsung S6” загварын гар утас болон гар утасны хавтас дотор байсан 60.000 төгрөгийг нь илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, нийт 240.000 төгрөгийн хохирол учруулан “Дээрэмдэх” гэмт хэргийг үйлдсэн болох нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 7 дугаар тал/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-11 дүгээр тал/, хохирогч А.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 15-16, 18 дугаар тал/, “Ашид билгүүн” ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн ТХҮ-922/3638 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 30-32 дугаар тал/, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн “Яллагдагчийг шүүхэд шилжүүлж, цагдан хорих тухай” захирамжийн хуулбар /хх-ийн 63 дугаар тал/ зэрэг шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудаар тогтоогдож, шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Б.М- нь Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийг зөрчин хор уршигт зориуд хүргэж, дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлтээр, ашиг хонжоо олох зорилгоор, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.

Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн хохирогчийн мэдүүлэг, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл зэрэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.

Шүүгдэгч Б.М- нь мөрдөн шалгах ажиллагааны үед: “...хохирогч А.Б- 4 дүгээр сарын 14-ний өдөр утсаа алдсан гэж мэдүүлсэн байна. Энэ хугацаанд цагдан хоригдож байсан” /хх-ийн 41 дүгээр тал/ гэх мэдүүлгийг өгсөн байх боловч Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн “Яллагдагчийг шүүхэд шилжүүлж, цагдан хорих тухай” захирамжийн хуулбар /хх-ийн 63 дугаар тал/-аар шүүгдэгч Б.М- нь 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс цагдан хоригдсон болох нь тогтоогдож, түүний мэдүүлэг үгүйсгэгдэж байна.

 Дээрхээс үзвэл шүүгдэгчийн хувьд амар хялбар аргаар мөнгө олох санаа зорилготой, иргэд дээрэмдэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаарх мэдлэг дутмаг байдал, эд хөрөнгөө хайхрамжгүй байдлаар бусдад шилжүүлэх зэрэг нөхцөл байдал дээрх гэмт хэргийг үйлдэх шалтгаан нөхцөл болсон гэж үзэхээр байна. 

Шүүгдэгч Б.М-ын үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь бусдын өмчлөх эрхийн халдашгүй байдалд 240.000 төгрөгийн хохирол учирсан гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч А.Б-гийн: “Дээрэмдүүлсэн гар утсаа 60.000 төгрөгөө олуулж авмаар байна” гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар тал/ хэрэгт авагдсан байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-оос 240.000 төгрөгийг гаргуулж хохирогч А.Б-д олгохоор шийдвэрлэв.

Хавтаст хэрэгт баримтжуулсан шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.М-од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч Б.М- нь Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 142 дугаартай шийтгэх тогтоолоор ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан “бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, хохирол төлбөр төлөөгүй байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрөхгүй, гэм буруугийн талаар маргаж байгаа байдал, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшихгүй байгаа зэргийг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч Б.М- нь урьд гэмт хэрэг үйлдэж байсан болох ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбараар тогтоогдож байна.

Шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр удаа үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч Б.М- нь урьд Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 142 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн ба шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө буюу 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр “Дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдож байх тул

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно”, мөн зүйлийн 3 дахь хэсэг “Хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэхдээ нийт ялын хэмжээг тухайн төрлийн ялын энэ хуулиар тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлж болохгүй”, мөн зүйлийн 4 дэх хэсэг “Нэмж нэгтгэсэн ялын нийт хэмжээ өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялын эдлээгүй үлдсэн хэмжээнээс их байна” гэж тус тус заасныг баримтлан Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 142 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 03 сар 19 хоногийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус журамлан шүүгдэгч Б.М-од энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялд өмнөх шийтгэх тогтоолын дагуу оногдуулсан 6 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 03 сар 19 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 1 жил 3 сар 19 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.

Шүүх хуралдаанд улсын яллагчаас: шүүгдэгч Б.М-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдож байх тул Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 142 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 сар 19 хоногийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус журамлан нэмж нэгтгэж, нийт биечлэн эдлэх ялыг 1 жил 3 сар 19 хоногийн хугацаагаар тогтоож нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” санал гаргасныг харгалзан үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасна” гэж зааснаар шүүгдэгч Б.М-ын 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 7 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-ыг 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3. 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.М-од энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялд Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 142 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 (гурав) сар 19 (арван ес) хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 1 (нэг) жил 3 (гурав) сар 19 (арван ес) хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-од оногдуулсан 1 (нэг) жил 3 (гурав) сар 19 (арван ес) хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-ын цагдан хоригдсон 7 (долоо) хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-оос 240.000 (хоёр зуун дөчин мянга) төгрөгийг гаргуулж хохирогч А.Б- (...)-д олгосугай.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М-од шүүхэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           М.ЭРДЭНЭ-ОЧИР