| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 153/2018/00177/И |
| Дугаар | 153/ШШ2018/00224 |
| Огноо | 2018-04-24 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 153/ШШ2018/00224
2018 оны 04 сарын 24 өдөр Дугаар 153/ШШ2018/00224 Ховд аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч:Ховд аймгийн Буянт сумын Норжинхайрхан багт оршин суух, ......... тоот регистрийн дугаартай, Т.А-н ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Т.А, нарийн бичгийн дарга Г.Мөнхцоож нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Т.А нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд 1976 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн илгээлтээр Тариа бригадад ногоочноор 1993 он хүртэл, 1976 оны нэгдлийн гишүүний 923 дугаартай үнэмлэхтэй ажилласан. 1979 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс 1982 оны 08 дугаар сарын 15-ны өдрийг дуустал цэргийн алба хаасан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэсэн боловч миний Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд 1976 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 1993 он хүртэл ногоочноор ажиллаж байсан материал архивын лавлагаагаар шүүлгэхэд материал дутуу, тухайн үеийн 70 дугаар дансны материал тус архивт шилжиж ирээгүй байна.
Би шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 1976 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ногоочиноор ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн ба одоо 1976 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 1979 оны 06 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл, 1982 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 06 дугаар сарыг дуустал Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Тариа бригадад ногоочноор ажиллаж байснаа тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Т.А нь шүүхэд 1976 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ногоочиноор ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг гаргасан ба шүүх хуралдаанд 1976 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 1979 оны 06 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл, 1982 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 06 дугаар сарыг дуустал Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Тариа бригадад ногоочноор ажиллаж байснаа тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж тогтоолгохыг хүссэн бөгөөд хэрэгт дараах баримтууд авагдсан байна. Үүнд:
-Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 430 дугаартай “Ховд аймгийн Мянгад сумын Үйлдвэр бригадын 1976-1991 оны 70-р данс тус архивын сан хөмрөгт байхгүй” гэх лавлагаа,
-Т.А-н Цэргийн батлахын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 0778474 дугаартай Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-Т.А-н 03641 дугаартай Үйлдвэрлэлд хуваарилагдагчдад олгох томилолтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-Т.А-н нэгдлийн гишүүний 923 дугаартай үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, баярын бичиг, ажиллаж байхдаа авахуулсан гэх гэрэл зураг,
-Т.А-н Илгээлтын эзний илгээлтийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-Гэрч А.Х-н ”би 1960 оноос Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд Тариа бригадад тракторын жолоочоор ажиллаж байхад Т.А нь 1976 онд тус нэгдэлд илгээлтээр ирж ажиллаж байгаад 1979-1982 онд цэргийн алба хааж ирээд тус нэгдэлдээ дахин 1993 он хүртэл ногоочноор ажилласан. Би тэр үед тракторын жолооч хийж байсан” гэх мэдүүлэг,
-Гэрч А.Х-н “би 1965 онд Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд ногоочноор ажиллаж эхэлсэн. Т.А нь 1976 онд тус нэгдэлд илгээлтээр ирж Тариа бригадад 1993 оныг дуустал ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаандаа 1979-1982 онд цэргийн алба хааж байсан. Би 1965-1993 оныг дуустал Давшилт нэгдэлд ногоочноор ажиллаж байсан учир Т.А-г сайн мэдэж байна” гэх мэдүүлэг зэрэг баримтууд болно.
Иймд хэрэгт цугларсан дээрх бичгийн болон бусад нотлох баримтуудаар хүсэлт гаргагч Т.А нь 1976 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 1979 оны 06 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл, 1982 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 06 дугаар сарыг дуустал Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Тариа бригадад ногоочноор ажиллаж байсан нь нотлогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь хуульзүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Т.А-н 1976 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 1979 оны 06 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл, 1982 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 06 дугаар сарыг дуустал Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Тариа бригадад ногоочноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА