Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 153/ШШ2018/00239

 

 

 

 

 

 

2018 оны 04 сарын 25 өдөр               Дугаар 153/ШШ2018/00239         Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн Буянт хотхоны ................ тоотод оршин суух, .................. регистрийн дугаартай, Б.А-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газарт холбогдох ажил гүйцэтгэсний хөлс 680,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.А, хариуцагчийн төлөөлөгч Ш.П, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ховд аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын даргын хүсэлтээр 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Хүнс, хөдөө аж ахуйн газрын Мал эмнэлгийн лабораторийн дотор сантехникийн засвар 35,000,000 төгрөгийн төсөвт өртөгтэй ажлын төсөв зохиох ажлыг хийж гүйцэтгэсэн. Төсөв зохиох ажлын хөлсийг 680,000 төгрөгөөр хийхээр Ховд аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга н.Б тохиролцон төсөвт суулгасан.

Тус байгууллага нь миний зохиосон төсвийг харьяа дээд байгууллагадаа явуулан засварын ажлын мөнгөө шийдүүлж төсөвт тусгагдсан засварын ажлыг хийж дуусган комисст хүлээлгэн өгсөн.

Гэвч өнөөдрийг хүртэл төсөв зохиосон ажлын хөлс 680,000 төгрөгийг өгөөгүй байна. Удаа дараа очиж шаардсан боловч авч чадахгүй байна. Иймд Хүнс, хөдөө аж ахуйн газраас 680,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагчийн төлөөлөгч Ш.П шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Хүнс хөдөө аж ахуйн газрын мал эмнэлэгийн контор, лабораторийн байранд 2017 оны 07 дугаар сард сантехникийн их засварын ажилд 35,000,000 төгрөгийг яамнаас баталж өгсөн. Ховд аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын өмнөх дарга нь Б.А-р сантехникийн хяналтын төсвийн тооцоог гаргуулж, ажлын хөлсийг нь 680,000 төгрөгөөр тохирсон нь үнэн. Гэхдээ энэ ажлын тендер зарлагдахад 4 компани орсон бөгөөд .................. ХХК хамгийн бага үнийн саналаар уг ажлыг гүйцэтгэхээр тендерт ялж 29,000,000 төгрөгөөр хийж гүйцэтгэсэн.

Энэ ажлын засварын төсвийг мэргэшсэн төсөвчин Б.А хийсэн ба төсөв хийсэн зардал нь инженер хайгуул, зураг төсвийн ажлын үйлчилгээний зардал 2 хувь болох 680,000 төгрөгний төсвөөс тооцох тул засварын ажил хийж гүйцэтгэсэн санхүүжилт манай байгууллагын дансаар дамжилгүй Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны данснаас шууд .............. ХХК-ний дансанд орсон. Иймд Б.А нь ажлын хөлсөө тухайн ажил гүйцэтгэсэн ............. ХХК-иас гаргуулж авах боломжтой гэв.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.А нь хариуцагч Ховд аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газарт холбогдуулан ажил гүйцэтгэсний хөлс 680,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд зохигчдын шүүхэд гаргасан тайлбар болон хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгч Б.А нь хариуцагч Ховд аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын даргатай харилцан тохиролцож, 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Мал эмнэлгийн лабораторийн дотор сантехникийн засварын 35,000,000 төгрөгийн төсөвт өртөгтэй ажлын төсөвийг зохиох ажлыг хийж гүйцэтгэсэн болох нь хэрэгт авагдсан Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Мал эмнэлгийн лабораторийн сантехникийн урсгал засварын ажлын төсөв /хх-5-12/, шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбараар нотлогдож байна.

Хариуцагч нь Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Мал эмнэлгийн лабораторийн дотор сантехникийн засварын ажлын төсөвийг нэхэмжлэгч Б.А-р гүйцэтгүүлсэн, ажлын хөлс 680,000 төгрөг болсон талаар маргаагүй. Харин нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ тайлбарлахдаа “нэхэмжлэгч Б.А-д өгөх 680,000 төгрөг нь засварын ажил хийж гүйцэтгэсэн санхүүжилтад багтах ба манай байгууллагын дансаар дамжилгүй Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны данснаас шууд Цагаан бөлбөө ХХК-ний дансанд орсон. Иймд Цагаан бөлбөө ХХК-иас гаргуулж авах ёстой” гэж тайлбарлалаа.

Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын захирал болон Б.А нар нь 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Мал эмнэлгийн лабораторийн дотор сантехникийн засварын 35,000,000 төгрөгийн төсөвт өртөгтэй ажлын төсөвийг зохиох ажлыг хийж гүйцэтгэхээр амаар тохиролцож, улмаар ажлын үр дүнг захиалагч Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт хүлээлгэн өгснөөр талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ амаар байгуулагдсан гэж үзэх боломжтой байна.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаас гүйцэтгэсэн ажлын хөлсийг шаардах эрхтэй байдаг.

Талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсанаар талууд хуульд заасан эрх үүргийг эдлэх ёстой. Хариуцагчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд “...нэхэмжлэгч Б.А-н ажлын хөлс 680,000 төгрөг нь манай байгууллагын дансаар дамжилгүй Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны данснаас шууд ............... ХХК-ний дансанд орсон тул .........ХХК-иас гаргуулж авах ёстой” гэж тайлбарлах боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Өөрөөр хэлбэл хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нотлох үүргээ биелүүлээгүй байна.

Иймд хариуцагч Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас ажил гүйцэтгэсний хөлс 680,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.А-д олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20,870  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас улсын тэмдэгтийн хураамж 20,870  төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.А-д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1-д заасныг баримтлан хариуцагч Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас 680,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.А-д олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20,870  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас улсын тэмдэгтийн хураамж 20,870 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.А-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Б.МАРИНА