| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шагдарсүрэнгийн Гандансүрэн |
| Хэргийн индекс | 176/2022/0139/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/138 |
| Огноо | 2022-04-01 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., |
| Улсын яллагч | Б.Сувд-Эрдэнэ |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 2022/ШЦТ/138
2022 04 01 2022/ШЦТ/138
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,
нарийн бичгийн дарга Д.Сүхням,
улсын яллагч Б.Сувд-Эрдэнэ,
шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч Б Б.Бд холбогдох эрүүгийн 2104001550006 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1986 оны 06 дугаар сарын 29-ний өдөр төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, эксковаторын оператор мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, дугаарын регистртэй, Б Б.Б,
Холбогдсон хэргийн талаар
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Б.Б нь 2021 оны 10 дугаар сарын эхээр Төв аймгийн Мөнгөнморьт сумын Байдлаг 2-р багийн нутаг дэвсгэр “Жаминбулаг” гэх газраас Д.Баасанжавын хониноос 10 хургатай хонь /20 толгой/ буюу олон тооны мал хулгайлж 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт
Шүүгдэгч Б.Б:
...Гэм буруу дээрээ маргахгүй байгаа учраас нэмж ярих зүйлгүй... гэж мэдүүлжээ.
Үйл баримтын талаар:
Эрүүгийн 2104001550006 дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
Шүүгдэгч Б.Б нь 2021 оны 10 дугаар сарын эхээр Төв аймгийн Мөнгөнморьт сумын Байдлаг 2-р багийн нутаг дэвсгэр “Жаминбулаг” гэх газраас Д.Баасанжавын хониноос 10 хургатай хонь /20 толгой/ буюу олон тооны мал хулгайлж 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь дараах
гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/,
шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 210 дугаартай ...10 тооны хургатай хонь 1.800.000 төгрөг... гэх дүгнэлт /хх-ийн 26 дугаар хуудас/,
хохирогч Д.Баасанжавын ...Манайх Төв аймгийн Мөнгөнморьт сум Жамын булаг гэх газарт өвөлждөг юм би өөрөө 500 гаран тооны малтай хөдөө амьдардаг хүн байгаа юм. 2021 оны 10 дугаар сарын дундуур танил Гомбодоржийг хониндоо явуулсан юм. Тухайн үедээ анзаараагүй сүүлд дундуур танил Гомбодоржийг хониндоо явуулсан юм. Тухайн үедээ үедээ анзаараагүй сүүлд өөрөө хониндоо явж байтал хонь дутаад байх шиг байхаар нь хонио тоолоод үзтэл 30 гаран хонь дутсан юм. Тэгэхээр нь зун идэш уушиндаа зарцуулсан хонио тооцоод бодоход 30 гаран тооны хонь дутаад байгаа тул шалгаж эзэн холбогдогчийг нь олж өгнө үү. Төв аймгийн Мөнгөнморьт суманд манай эхнэр Бүдрагчаагийн Цэцэгээ дээр бүртгэлтэй. Тал нь миний нэр дээр Багануур дүүргийн 4 дүгээр хороонд бүртгэлтэй байгаа. Манай рүү Бат-Эрдэнэ бид хоёр ээлжилж хариулдаг юм. Сэжиглэж байгаа хүн байхгүй... /хх-ийн 7-8 дугаар хуудас/
түүний дахин өгсөн ...Би цагдаагийн байгууллагад малаа алдсан гэх өргөдөл гаргасан. Тэгсэн манай бага хүү Б хөгшин бид 2-т хэлээгүй хүнд өрөнд орчхоод өгөөд явуулсан юм байна лээ бид нар сүүлд мэдсэн одоо надад санал хүсэлт гомдол байхгүй байна. Хүү Бгийн нэр дээр би малын А данс байхгүй манай эхнэр Цэцэгээ бид 2 дээр бүртгэлтэй байдаг... /хх-ийн 11-12 дугаар хуудас/,
гэрч Б.Бгийн ...Би Өвөрхангай аймгийн Уянга суманд эхнэр 3 хүүхдийн хамт амьдарч байгаад эхнэртэйгээ маргалдаад Багануур дүүрэгт ирээд 2 жил болж байна. Манай аавынх Төв аймгийн Мөнгөнморьт сум Байдлаг баг Жамин булаг гэх газарт байдаг юм. Би 2021 оны хавар 04 сард мал төлөхөөс өмнө танил Дэлгэр гэх ахад намар мал өгнө гэж хэлээд 1.500.000 төгрөг урьдчилаад авсан байсан юм. Тэгээд 2021 оны 10 дугаар сард аавынхаа гэрт очиж хонийг нь хариулж байхдаа мөнгө авсан Дэлгэрийг гар утсаар портер машин аваад ир гэж дуудаад ирэхээр нь аав ээждээ хэлэлгүй 10 тооны хонь, 10 тооны хурга, ачуулаад явуулсан. Тэгээд би аавындаа үлдээд 10 гаран хоногийн дараа Багануур дүүрэгт ирсэн... /хх-ийн 15-16 дугаар хуудас/,
гэрч Д.Батдэлгэрийн ...2021 оны 04 дүгээр сарын эхээр яг цаг хугацаагаа сайн санахгүй байна. Багануур дүүрэг 5 дугаар хороо Их гүн 9-12 тоот гэртээ байж байтал Б.Б ирээд ямаа самнаад мөнгөтэй болно мөнгөний хэрэг гараад байна 1.500.000 төгрөг зээлчих гэхээр нь би Б.Бгийн аав Баасанжав нь мал хуйтай хүн байдгийг мэддэг болохоор 1.500.000 төгрөг бэлнээр өгөөд явуулсан. Тэгээд үүнээс хойш Б надтай гар утсаар холбогдоод ноолуур дээр мөнгийг чинь өгч чадахгүй боллоо танд зун 10 хургатай хонь өгнө гэж хэлсэн тэгээд зундаа өгөөгүй 2021 оны 10 дугаар сарын эхээр над руу Б залгаад хэрлэн голын бирвааз дээр хүрээд ир гэж хэлсэн тэгэхээр портертой яваад очиход намайг тосож аваад бэлчиж байсан хонь дээрээ очоод надад 10 хургатай хонь ачиж өгөөд явуулсан... /хх-ийн 19-20 дугаар хуудас/,
сэжигтэн Б.Бгийн ...2021 оны 03 сарын үеэр Батдэлгэр ахаас эхнэр хүүхэдрүүгээ явуулах гээд 1.500.000 төгрөг зээлж авсан тэгээд 10 хургатай хонь өгнө гээд хэлсэн байсан юм. Намар 10 сарын эхээр Батдэлгэр ахыг дуудаад ахаа нөгөө хонио авах уу гэж утсаар нь яриад Батдэлгэр ахыг хүрээд ирэхээр нь 10 тооны хургатай хонь ачаад өгөөд явуулсан тэгээд би Мөнгөнморьт сум Жаминбулаг гэх газар мод хийж байгаад хэд хоногийн дараа Багануур дүүрэг рүү яваад өгсөн 20 гаран хоногийн дараа цагдаагаас дуудаж хулгайн хэрэгт холбогдуулан шалгасан... /хх-ийн 21-22 дугаар хуудас/,
яллагдагч Б.Бгийн ...2021 оны 10 дугаар сарын эхээр Төв аймгийн Мөнгөнморьт сумын Байдлаг багаас өөрийн төрсөн аав болох Баасанжавын хониноос бэлчээр дээрээс нь ганцаараа 10 тооны хургатай хонийг Портер маркийн тээврийн хэрэгсэлд ачиж хулгайлсан. 2021 оны хавар би хүнээс 10 тооны хургатай хонь өгнө гэж хэлээд 1.500.000 мянган төгрөгийг Батдэлгэр гэх хүнээс зээлчихсэн байсан болохоор тухайн 10 хургатай хонио ачиж өгөөд Улаанбаатар хот Багануур дүүрэг лүү явуулсан юм... /хх-ийн 40-41 дүгээр хуудас/, гэсэн мэдүүлгүүд болон шүүгдэгч Б.Бгийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 42, 45-47, 49-52 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Мөрдөн байцаалт болон прокурорын шатанд шүүгдэгч Б.Б нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд шүүгдэгч нь анхнаасаа үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн талаар өгсөн мэдүүлэг, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт зэргийг үндэслэн хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч, хохирогч нарт танилцуулж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлжээ.
Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр саналтай ирүүлсэн хэргийг хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хугацааны дотор ял оногдуулах шүүх хуралдааныг зарлан шүүх хуралдаанаар хэлэлцэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан 5 нөхцөлийг хянаж үзэхэд дээрх нөхцөл байдлуудыг аль нэг нь хангагдаагүй гэх үндэслэл тогтоогдоогүй тул шүүгдэгч Б.Бг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зохих зүйл, заалтуудыг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх тухай шийдвэр гаргах боломжтой гэж дүгнэлээ.
Гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч Б.Б нь 2021 оны 10 дугаар сарын эхээр Төв аймгийн Мөнгөнморьт сумын Байдлаг 2-р багийн нутаг дэвсгэр “Жаминбулаг” гэх газраас Д.Баасанжавын хониноос 10 хургатай хонь /20 толгой/ буюу олон тооны мал хулгайлж 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон гэж үзсэн.
Гэм буруугийн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:
Улсын яллагч Б.Сувд-Эрдэнэ:
...Өнөөдрийн шүүх хуралдаанд Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Сувд-Эрдэнэ би прокурорын тухай хуулийн 17, 19 зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7, 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн Б.Бд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд оролцож дараах гэм буруугийн дүгнэлтийн гаргаж байна. Шүүгдэгч Б.Б нь 2021 оны 10 дугаар сарын эхээр Төв аймгийн Мөнгөнморьт сумын Байдлаг 2-р багийн нутаг дэвсгэрт “Жаминбулаг” гэх газраас Д.Баасанжавын хониноос 10 тооны хургатай хонь /20 толгой/ буюу олон тооны мал хулгайлж 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэг цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй байна. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохын тус тус дурдаж байна... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Б.Б:
...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэсэн мэдүүлгийг тус тус гаргаж мэтгэлцдэг.
Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,
2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”.:. гэж тус тус хуульчилсан.
Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран үйлдсэн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг, мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.
Шүүгдэгч Б.Бд холбогдсон тухайн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн арван долдугаар бүлэг “Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг”-т хамааруулсан байдаг.
Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүд нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг гэмт этгээд хэрхэн хохирогчоос шилжүүлэн өөрт олж авч байгаагаас хамааран хулгайлах, дээрэмдэх, залилах бусад гэмт хэргүүд болж ялгагддаг.
Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүдээс “Мал хулгайлах” гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас олон тооны мал /8 бог, 2 бод түүнээс дээш/ хулгайлж хохирол, хор уршиг учирсан бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “Мал хулгайлах” гэсэн шинжийг хангасан гэж,
харин энэ гэмт хэргийг “бусдын олон тооны малыг” хулгайлж үйлдсэн тохиолдолд шинжээр нь хүндрүүлэн зүйлчлэхээр тус тус хуульчилсан.
Өөрөөр хэлбэл бусдын олон тооны малыг хулгайлсан бөгөөд зөвхөн эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрлөөр авахаас бусад тохиолдолд авсан бол хууль бус гэж үзэн хүндрүүлэн зүйлчлэхээр заасан.
Тухайлбал шүүгдэгч Б.Бгийн хувьд хохирогч Д.Баасанжавын олон тооны малыг түүний зөвшөөрөлгүйгээр хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авсан байна.
Дээрхтэй нөхцөл байдалтай холбоотойгоор шүүгдэгч Б.Бг бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэргийг хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамаарч хэлбэрийн бүрэлдэхүүнтэй, төгссөн гэмт хэрэг гэж үзэж, прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнэлээ.
Тэрээр шүүгдэгч Б.Бгийн бусдын олон тооны малыг хулгайлж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд тухайн хууль бус үйлдэл, эс үйлдэхүй нь хохирогч Д.Баасанжавт учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байна.
Мөн шүүгдэгч Б.Б нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах үндэслэл болж байна гэж үзлээ.
Учир нь гэм буруу гэдэг нь тухайн гэм буруутай этгээд үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг хүлээн зөвшөөрсөн байхыг ойлгох бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээрээ гэм буруугаа хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлдэг ба түүний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй талаараа мөн илэрхийлсэн.
Иймд шүүгдэгч Б.Бг бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Б.Бгийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Баасанжавт 1.800.000 /нэг сая найман зуун мянга/ төгрөгийн хохирол учирсан байна.
Шүүгдэгч Б.Б гэмт хэрэг үйлдсэний дараа мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Баасанжавт 10 тооны хургатай хонь /20 толгой/ малын үнэ болох 1.800.000 /нэг сая найман зуун мянга/ төгрөгийн хохирол учирсан ч хохирогч Д.Баасанжав нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болох нь түүний өгсөн мэдүүлэг болон хавтас хэргийн 67 дугаар хуудсанд авагдсан хохирогчийн хүсэлт зэргээр нотлогдож байна.
Иймд шүүгдэгч Б.Бг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хариуцлага болох ял шийтгэлийн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:
Улсын яллагч Б.Сувд-Эрдэнэ:
...Шүүгдэгч Боржигон овогт Б.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Б.Б нь прокурорын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор үндэслэлтэй байна гэж үзэж шүүгдэгч Б.Бтай ял тохиролцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жилийн хорих ял оногдуулахаар ял тохиролцож шүүхэд шилжүүлсэн. Энэ саналаа дэмжиж байна... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Б.Б:
...Прокурорын саналыг хүлээн зөвшөөрч байна... гэсэн мэдүүлгийг тус тус гаргасан болно.
Шүүх шүүгдэгч Б.Бд хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдлыг харгалзан үзэхээс гадна үйлдсэн гэмт хэрэгт чин санаанаас гэмшиж, анхнаасаа гэм буруугийн талаар маргахгүй хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, улсын яллагчийн санал болгосон ялыг хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд эрх зүйн байдлыг нь дордуулахгүйгээр гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэн эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж дүгнээд хорих ялыг 1 /нэг/ жилийн хугацаагаар тогтоож шийдвэрлэх нь тохирно гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Бд оногдуулсан хорих ялыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдлыг харгалзан мөн хуульд заасны дагуу нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Бусад асуудлын талаар
Эрүүгийн 2104001550006 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Б.Б энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцон гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан
шийдвэрлэх тухай хуулийн 17.4., 36.1., 36.2., 36.4 дүгээр зүйлийн 2.,
36.6., 36.7., 36.8., 36.10, 36.13., 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2
дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага
болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б Б.Бг бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан шүүгдэгч Б Б.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн 2104001550006 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцон гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
5. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорьж, түүний хорих ял эдлэх хугацааг 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тоолсугай.
6. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
8. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б Б.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН