Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/219

 

 

 

 

 

 

 

 


2022              05               17                                                  2022/ШЦТ/219

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Х.Норжинпил,

улсын яллагч М.Хэрлэнчимэг,

шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч М.Мэндсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч Б Б.Эт холбогдох эрүүгийн 2234000000194 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.        

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Төв аймгийн Зуунмод суманд 1986 оны 11 дүгээр сарын 18-нд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, дугаарын регистртэй, Б Б.Э,

 

Холбогдсон хэргийн талаар

/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Б.Э нь 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Лүн сумын нутагт Модон гүүр гэх газар П.Эрдэнэ-Очиртой өвөлжөөний газрын асуудлаас болж маргалдан түүний нүүрэн тус газар нь толгойгоороо мөргөж, гараараа шанаан тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт 

Шүүгдэгч Б.Э:

...Мэдүүлэг өгөхгүй гэм буруу дээрээ маргахгүй хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Хохирол төлбөрт нэхэмжилсэн 694.700 төгрөгийг төлж барагдуулна... гэж мэдүүлжээ.

 

Үйл баримтын талаар:

Эрүүгийн 2234000000194 дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Э нь 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Лүн сумын нутагт Модон гүүр гэх газар П.Эрдэнэ-Очиртой өвөлжөөний газрын асуудлаас болж маргалдан түүний нүүрэн тус газар нь толгойгоороо мөргөж, гараараа шанаан тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь дараах

гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хуудас/,

шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн №191 дугаартай ... П.Эрдэнэ-Очирын биед 22, 23-р шүдний мултрал, дээд уруулын салстад шарх, дээд урууланд зулгаралт, духанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-т зааснаар хөдөлмөрийн чадвар тогтонги 10%-р алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... талаарх дүгнэлт /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,

хохирогч П.Эрдэнэ-Очирын ...Би 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр гэрээсээ гараад хонио туугаад Лүн сумын модон гүүр гэх газарт хонио услаад байж байх үед Лүн сумын иргэн Э /Бүүвэй эрка/ болон 3-р багийн дарга Наранбаатар, Мөнх-Эрдэнэ тэгээд гүлын зүүн талд байх айлын нэг хөгшин хүн байж байх үед Наранбаатар нь Эркад 20.000 төгрөг өгсөн тэгээд тэр 20.000 төгрөгийг Эрка нь Мөнх-Эрдэнэд өгөөд архинд явуулсан. Тэгээд Мөнх-Эрдэнэ 1 шил хараа нэртэй 0.5 литрийн архи авч ирээд хамт уугаад дуусгасан. Тэгээд уучихаад байж байх үед Наранбаатар хараа нэртэй 0.5 литрийн 1 шил архи авч ирж өгчихөөд явчихсан. Мөнх-Эрдэнэ мөн явчихсан. Тэгээд Эрка голын хажууд байдаг хөгшин хүн бид гурав тухайн архийг уусан. Тэгээд би өөрийн мэдрэлгүй болчихсон байсан, тэгээд би гэнэт ухаан орох үед Эрка миний дээр гарчихсан би гадар уначихсан намайг зодоод байхаар нь би Эркад хандаад чи яахаараа намайг зоддог юм гээд цааш түлхээд боссон. Миний дээд талын үүдний хоёр шүп хиймэд байсныг байхгүй. Мөн өөрийн 1 шидийг хугалсан. Мөн үнэг шүд унасан. Тэгээд би эмнэлэг орж эмчээр үлдсэн шүдний ёзорыг авхуулсан. Тэгээд толгойны дух хэсэг зулгаралттай, толгой их өвдөж байна... /хх-ийн 6 дугаар хуудас/,

сэжигтэн Б.Эын ...Тухайн 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр би хонио услах гээд хуучин модон гүүрний тэнд явж байхад манай зүүн талд ногоон хэрмийн манаач хийдэг Эрдэнэ-Очир нь хонио туугаад ирсэн. Тэгээд бид нар 0.75 литрийн 1 хараа, 0.75 литрийн 1 шил хараа нэртэй архи уучихаад сууж байхад Эрдэнэ-Очир нь манай зуслангийн баруун талд 500 метр зайд хаваржаа барина гээд байхаар нь үгүй ээ би яаж мэдэхэв Энхбаяраас асуу гэсэн. Тэгээд өмнө жил өвөлжүүлсэн өвөлжөөн дээр ахиад өвөлжүүлэхгүй шүү. Тэнсэн чинь чи юугаа мэддэг юм гээд намайг заамдаад авсан. Тэгэхээр нь бид хоёр маргалдаад зууралдаж байгаад намайг миний нүүр рүү 2 удаа цохихоор нь би 1 удаа мөргөөд 2 удаа шанаа хэсэг рүү нь цохисон. Тэгээд бид хоёр зууралдаад байж байхад Эрдэнэ-Очир ахын эхнэр нь ирээд бид хоёр салсан... /хх-ийн 9-10 дугаар хуудас/,

гэрч Э.Энхбаярын ...Э гэх хүнийг би бага байхаасаа танина миний хуурай ах гэхэд болно. Манайх Э ахтай нэг аманд жилийн дөрвөн улирал ойролцоо нутагладаг. Харин Эрдэнэ-Очир гэх хүнийг 2 жилийн өмнөөс таних болсон. 2019 онд Эрдэнэ-Очир гэх хүн гэр бүлийн хамт Ногоон хэрмийн манаачаар ирж ажиллахад би хүлэмжнээс малын ус зөөдөг байхдаа танилцаж байсан. Өөр ямар нэгэн холбоо байхгүй таних төдий хүмүүс. Тухайн 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр би хонио услах гээд хуучин модон гүүр байсан гүлийн эрэг дээр ирсэн. Тэр үед Э болон Эрдэнэ-Очир нар Хараа нэртэй 0.5 литрийн 1 шил архи уугаад сууж байсан. Харин хажууд нь Оргио гэх хөгшин хүн сууж байсан. Тэгээд Э болон Эрдэнэ-Очир нар архиа ууж дууссаны дараа Эрдэнэ-Очир нь Э нар нь маргалдаж эхэлсэн. Тэгээд маргалдаж байгаад Эрдэнэ-Очир нь Эын шанаа хэсэг рүү 2 удаа гараараа зохиход Э зөрүүлээд нүүр хэсэг рүү нэг цохиход шүд нь унасан байсан. Тухайн Э гэх хүн нь өөрийн найз Мөнх-Эрдэнийг өөрийн өвөлжөөний арын завсан өвөлжүүлсэн. Харин Мөнх-Эрдэнэ нь Эрдэнэ-Очирын малыг хардаг хүн байгаа юм. Тэгээд Эрдэнэ-Очир тухайн өвөлжсөн газрынхаа хойд талд нь газар авна гэсэн шалтгаанаас болж маргалдах болсон... /хх-ийн 13-14 дүгээр хуудас/,

хохирогчийн дахин өгсөн ...Би Төв аймгийн ШША-ны шинжээч эмч, Цагдаагийн ахмад И.Ганболорын 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 191 дугаартай шинжээчийн дүгнэлттэй танилцлаа. Надад дээрхи шинжээчийн дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй байна. Энэ хэрэгтээ холбоотой бармитаар 324.700 төгрөг болж байна. Мөн баримтгүйгээр бензины зардалд 120.000 төгрөг болсон. /Анх хэрэг болох үед Лүнгээс 3 удаа хотруу ирж буцсан. Мөн 120 000 төгрөгөөр хийлгэсэн байсан хиймэл шүд бас тэр үед цохиулсанаас болоод алга болсон. Бас 2 шүд унасан. Одоо би өөрийн гэсэн 9 шүдтэй л үлдсэн. Дахиж хиймэл шүд хийлгэе гэхэд хөнгөлөлттэй үнээр 250 000 төгрөг болно гэсэн. Тиймээс би цаашид баримтаар 324 700 төгрөг баримтгүйгээр гарсан зардалд 370 000 төгрөг нийтдээ 694 700 төгрөг нэхэмжилж байна. Би Б.Этай сүүлийн 10-аад жил нэг нутагт амьдарч байна, нэг нэгнийхээ гэр орноор орж гараад явж байдаг. Тухайн хэрэг болох үед архи уусан болохоор архины хар гайгаар л маргалдаад зодоон цохион дээрээ тулчихлаа. Надад бол дээрхи зардалыг өөрийнхөө боломжоор Б.Э гаргаад өгчихвөл хэрэгтэй л байна. Өөрөөр бол гомдол санал гээд байх юм бол байхгүй ээ. Б.Э нь бол өөрөө 4 хүүхэдтэй ядарсан адуу морь маланд их сайн, хүний адуу мал малладаг, их цайлган, цагаан зантай, хөнгөн залуу байгаа юм. Тиймээс би гомдолгүй байна... /хх-ийн 36 дугаар хуудас/,

яллагдагч Б.Эын ...Би Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.Хэрлэнчимэгийн надад холбогдуулж 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 03 дугаар сарын 19 ний өдөр Төв аймгийн Лүн сумын нутагт Модон гүүр гэх газар П.Эрдэнэ-Очиртой өвөлжөөний газрын асуудлаас болж маргалдан түүний нүүрэн тус газар нь толгойгоороо мөргөж, гараараа шанаан тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэж эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолтой өмгөөлөгчөөрөө дамжуулж уншиж танилцлаа. Би өмгөөлөгчөөрөө М.Мэндсүрэн өмгөөлөгчийг сонгон авсан тул өмгөөлөгчтэйгөө мэдүүлэг өгнө. Би дээрхи тогтоолыг хүлээн зөшөөрч байна. Гэхдээ би дээрхи гэмт хэргийг 2022 оны 03 дугаар сарын 19-ний өдөр биш 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр үйлдсэн. Учир нь тухайн өдөр нь цэргийн баяр буюу 3 сарын 18-ны өдрийн урд өдөр байсан. Маргааш нь цэргийн баяр болсон юм. Би болсон хэргийн талаар өмнө 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Лүн сумын хэсгийн төлөөлөгч П.Даваацэрэн өгсөн мэдүүлэг дээрээ тодорхой ярьсан болохоор нэмж хэлэх зүйл алга байна... /хх-ийн 30-31 дүгээр хуудас/ гэсэн мэдүүлгүүд болон шүүгдэгч Б.Эын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 41-42, 46 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.       

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Мөрдөн байцаалт болон прокурорын шатанд шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч М.Мэндсүрэн нар нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд шүүгдэгч нь анхнаасаа үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн талаар өгсөн мэдүүлэг, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт зэргийг үндэслэн хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч, хохирогч нарт танилцуулж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлжээ.    

 

Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр саналтай ирүүлсэн хэргийг хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хугацааны дотор ял оногдуулах шүүх хуралдааныг зарлан шүүх хуралдаанаар хэлэлцэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан 5 нөхцөл байдлуудыг хянаж үзэхэд дээрх нөхцөл байдлуудыг аль нэг нь хангагдаагүй гэх үндэслэл тогтоогдоогүй тул шүүгдэгч Б.Эыг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зохих зүйл, заалтуудыг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх тухай шийдвэр гаргах боломжтой гэж дүгнэлээ.

 

Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт

Шүүгдэгч Б.Э нь 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Лүн сумын нутагт Модон гүүр гэх газар П.Эрдэнэ-Очиртой өвөлжөөний газрын асуудлаас болж маргалдан түүний нүүрэн тус газар нь толгойгоороо мөргөж, гараараа шанаан тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон гэж үзсэн.

 

 Гэм буруугийн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:

Улсын яллагч М.Хэрлэнчимэг:

...Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.Хэрлэнчимэг би эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж Б.Эт холбогдох 2234000000194 дугаартай эрүүгийн хэрэгт тус аймаг дахь Цагдаагийн газрын Заамар сум дахь цагдаагийн хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч О.Оюунболд нь мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан. Яллагдагч Б.Э архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2022 оны 3 дугаар сарын 18-өдөр Төв аймгийн Лүн сумын нутаг дэвсгэрт хохирогч Эрдэнэ-Очиртой малын бэлчээрээс болж маргалдаж гараараа түүний шанаа хэсэгт 2 удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримт буюу хохирогчийн Эрдэнэ-Очирын мэдүүлэг гэрч Энхбаярын мэдүүлэг, шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдож байна. Яллагдагч гэм буруугийн тал дээрээ маргаангүй хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа, эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн учраас Төв аймгийн эрүүгийн анхан шатны шүүхэд шилжүүлсүгэй. Яллагдагч Б.Эт нь эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялын саналыг танилцуулж зөвшөөрсөн... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Мэндсүрэн:

...Хавтас хэрэгт авагдсан баримтаар 324,700 төгрөг төлсөн нийт хохирол 694,700 төгрөг төлөх ёстой боловч мөнгө нь хүрээгүй болохоор хохирогчтойгоо уулзаад дараа нь мөнгөтэй болохоороо төлж болно гэсэн. Төлөх боломж нь байгаа малаа зараад төлнө... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Б.Э:

...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэсэн дүгнэлтийг тус тус гаргадаг.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчийн шүүгдэгч Б.Эыг гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч маргадаггүй бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа талаараа илэрхийлдэг.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч М.Мэндсүрэн нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл,  шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах нь зүйтэй гэж үзэн шийтгэх тогтоолын үндэслэл болгож шийдвэрлэлээ.

 

Учир нь гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд шүүгдэгч Б.Эын дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээрээ илэрхийлдэг.

           

Прокуророос шүүгдэгч Б.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”.:. гэж тус тус хуульчилсан.

 

Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран үйлдсэн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг,

мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.

 

Шүүгдэгч Б.Эын холбогдсон тухайн гэмт хэрэг нь “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-т хамаарах бөгөөд шүүгдэгч Б.Э нь хохирогч П.Эрдэнэ-Очирыг нүүрэн тус газар нь цохих, сэдэлт, санаа зорилго төрж, улмаар хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж зодсон байна.

 

Эрүүгийн хуульд хуульчлагдсан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэг нь гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн хохирлын аль нэг нь заавал учирсан байхыг шаардсан материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

 

Гэхдээ хохирол учруулсан үйлдэл, эс үйлдэхүй болгон гэмт хэрэгт тооцогдохгүй.

Учир нь нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн хохирлын аль нэг нь учраагүй бол Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж, зодсон бол” гэсэн зөрчлийн хэрэг болно.

 

Энэ хэргийн тухайд шүүгдэгч Б.Э нь хохирогч П.Эрдэнэ-Очирыг нүүрэн тус газар нь цохисны улмаас хөнгөн гэмтэл буюу хөнгөн хохирол учирснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан, материаллаг бүрэлдэхүүнтэй, төгссөн гэмт хэрэг болж байна.

 

Тэрээр хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж зодож, цохиж буй энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж хийсэн, хохирогчийн эрүүл мэндэд биед 22, 23-р шүдний мултрал, дээд уруулын салстад шарх, дээд урууланд зулгаралт, духанд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учирсан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хохирогчид учирсан хөнгөн гэмтэл нь шүүгдэгчийн санаатай үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч Б.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:  

Эрүүгийн хариуцлага болох ял шийтгэлийн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:

Улсын яллагч М.Хэрлэнчимэг:

...Яллагдагч Б.Э нь 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Төв аймгийн Лүн сумын нутаг дэвсгэрт хохирогч Эрдэнэ-Очиртой малын бэлчээрээс болж маралдаж түүний нүүрний шанаа тус газар нь гараараа 2 удаа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан  нь хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт, Б.Эын сэжигтэн болон яллагдагчаар өгсөн мэдүүлгээр нотлогдож байна. Б.Э нь гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураараа хүлээсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлнө гэсэн мөн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан. Б.Э нь эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэг үйлдсэн  учраас гэм буруутайд тооцуулах саналтай байна, мөн 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгний торгох ял оногдуулахыг дэвшүүлж байна... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгийн өмгөөлөгч М.Мэндсүрэн:

...Гэм буруу дээрээ маргахгүй байгаа гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Б.Э:

...Прокурорын саналыг дэмжиж байна... гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн эрүүгийн хариуцлагын дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчийн гаргаж байгаа шүүгдэгч Б.Эыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ял оногдуулах тухай дүгнэлттэй шүүгдэгч маргадаггүй бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа талаараа илэрхийлдэг.

 

Шүүх шүүгдэгч Б.Эт хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлснийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдлыг харгалзан үзэхээс гадна үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж, анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргаж, улсын яллагчийн санал болгосон ялыг хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг нь дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж дүгнэн таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялаар тогтоож шийдвэрлэлээ.     

 

Шүүхээс шүүгдэгч Б.Эт торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж зэргийг харгалзан хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзэж,  

 

шүүгдэгч Б.Эт оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд буюу шүүхээс тогтоосон дээрх 90 /ер/ хоног буюу 3 /гурав/ сарын хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэх зүйтэй байна

 

оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй байна.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Б.Эын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч П.Эрдэнэ-Очирын биед 22, 23-р шүдний мултрал, дээд уруулын салстад шарх, дээд урууланд зулгаралт, духанд цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан байна. 

   

Хохирогч П.Эрдэнэ-Очир нь шүүгдэгч Б.Эын мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардалд баримтаар нийт 324.700 /гурван зуун хорин дөрвөн мянга долоон зуу/ төгрөг, баримтгүйгээр 370.000 /гурван зуун далан мянга/ төгрөгийг нийт 694.700 /зургаан зуун ерэн дөрвөн мянга долоон зуу/ төгрөгийг нэхэмжилснийг шүүгдэгч Б.Э шүүхийн хэлэлцүүлгийн шатанд төлөхөө илэрхийлсэн байх тул түүнээс гаргуулан хохирогч П.Эрдэнэ-Очирт олгох нь зүйтэй байна.

 

Иймд шүүгдэгч Б.Эыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс тооцож гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

Бусад асуудлын талаар

Эрүүгийн 2234000000194 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Б.Э энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.          

 

   Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан

шийдвэрлэх тухай хуулийн 17.4., 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10,

            36.13., 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх

                         хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

                                                   ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б Б.Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Шүүгдэгч Б Б.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б Б.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Б Б.Эт шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.  

 

5. Эрүүгийн 2234000000194 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Б Б.Э энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцож гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б Б.Эаас 694.700 /зургаан зуун ерэн дөрвөн мянга долоон зуу/ төгрөгийг гаргуулж, хохирогч дугаарын регистртэй, Б овгийн П.Э олгосугай.

 

7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б Б.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.  

 

8. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

           

10. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б Б.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

 

 

 

        

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Ш.ГАНДАНСҮРЭН