Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 48

 

Д.Л-ид холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Хэргийн индекс: 166/2019/0116/Э

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч Ц.Амаржаргал, Ц.Туяа нарын бүрэлдэхүүнтэй

Шүүх хуралдаанд:          

Прокурор                                      Ц.Цэен-Ойдов

Шүүгдэгчийн өмгөөлөгч               Н.Баярмаа

Хохирогч                                       Ш.Б-                                               

Нарийн бичгийн дарга                 Г.Чойном нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 120 дугаар шийтгэх тогтоолтой, Д-гийн Л-ид холбогдох, 1918000240008 дугаартай эрүүгийн  хэргийг хохирогч Ш.Б-ийн давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, урьд нь:

2001 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1231 дүгээр зүйлийн 1.д  зааснаар 1 жил 2 сар хорих ял,

2002 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1.д зааснаар 1 жил 5 сар 23 хоног хорих ял,

2005 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2.т зааснаар 4 сар баривчлах ял,

2014 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1.д зааснаар 1 жил 6 сар хорих ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан, хэрэг хариуцах чадвартай, ********** регистрийн дугаартай, Д-гийн Л-.

Шүүгдэгч Д.Л- нь 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 12 цагийн орчим архидан согтуурсан үедээ Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар багийн Ханжаргалангийн 7 дугаар гудамжны 12 тоотод Ш.Б-ын цээжний ар, дээд хэсэгт хутгалж алсан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 120 дугаар шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч Д-гийн Л-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1.д заасан Хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1.д зааснаар шүүгдэгч Д.Л-ид 11 /арван нэг/ жил хорих ял оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4.д зааснаар шүүгдэгч Д.Л-ид оногдуулсан 11 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1., 6.10 дугаар зүйлийн 2.д зааснаар шүүгдэгч Д.Л-ийн энэ хэрэгт 2019 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон хорих ялын 88 /наян найм/ хоногийг  эдлэх ялд оруулан тооцох,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 510 дугаар зүйлийн 510.1.д зааснаар шүүгдэгч Д.Л-оос 3.752.408 /гурван сая долоон зуун тавин хоёр мянга дөрвөн зуун найм/ төгрөг гаргаж, хохирогч Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар баг 017-1-1 тоотод оршин суух Ш-ын Б-д /РД:**********/ олгох,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8., 1.9.д зааснаар энэ хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хутга, бараан хөх өнгийн алчуур, хар цагаан судалтай футболк, саарал өнгийн нимгэн ноосон цамц, хөх өнгийн урдуураа цахилгаантай ноосон цамц, хар өнгийн даавуун цамц, саарал өнгийн дотуур өмд, хар өнгийн саарал эмжээртэй дотоож, хар өнгийн хос гутал, хар өнгийн хос оймс, цусаар бохирлогдсон цаас, цэнхэр өнгийн ноосон цамц, хөх өнгийн жинсэн өмд зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, 1 ширхэг бичлэгтэй сиди-г  хэргийг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хэвээр үлдээж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5.д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Л-ид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, ялын хугацааг 2019 оны 4 дүгээр сарын 3-ны өдрөөс эхлэн тоолж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1.д зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2.т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Л-ид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Хохирогч Ш.Б- давж заалдах гомдолдоо:

Анхан шатны шүүх шүүгдэгч Д.Л-ид хөнгөн ял шийтгэл оногдуулсанд маш их гомдолтой байна. Д.Л- эхнээсээ зөрүүтэй мэдүүлэг өгсөн. Мөн гэрч Б- талийгаачийг ирэхэд нөхөр Т- байгаагүй гэж мэдүүлсэн байхад гэрч Т- өөрөө талийгаачийг гэртээ ирэхэд би байсан гэх мэт  зөрүүтэй мэдүүлдэг.., Хэргийн гол гэрч болох Э-г болон тэнд байсан хоёр бага насны хүүхэд А-, Н- нарыг огт байцаагаагүй.

Гэрч Т-г хэрэг гарснаас хойш 35 хоногийн дараа буюу 2019.02.18-ны өдөр байцаасан нь анхны мэдүүлгийг устгасан гэх хардлага төрүүлж байна.

Түүнчлэн хэрэг болсон цаг хугацааг нарийн тогтоосонгүй.

Шүүгдэгч Д.Л- 2 шил архи уулцсан байхад цуснаас нь спирт илрээгүй гэсэн байна. Талийгаачийн задлан шинжилгээний дүгнэлтэнд ...цусанд нь 0.5 промилл этилийн спирт илэрсэн нь хөнгөн зэргийн согтолт болно... гэж бичсэн байснаа 2019.2.18-ны өдрийн дугаартай дүгнэлтээр 2,6 промилл спирт илэрсэн, согтолтын хүнд зэрэгт хамаарна... гэж өөр өөр дүгнэлт гарсан байхад шүүх аль дүгнэлт нь зөв аль дүгнэлт нь буруу болох талаар шийтгэх тогтоолд тусгаагаагүй.,  Аль нь үнэн дүгнэлт вэ гэдэг нь эргэлзээтэй байна.

Талийгаачид эмнэлгийн тусламж яаралтай үзүүлсэн бол амь насыг нь аврах боломжтой байсан эсэхийг шалгаж тогтоосонгүй. Хэрэг гарах үед тэнд байсан хүмүүс цаг алдалгүй түргэн тусламж дуудаагүй бөгөөд шүүгдэгч нь хохирогчийг би өөрөө хариуцна гээд үүдний таамбарт чирж гаргаж хаясанд маш их гомдолтой.., оршуулгын зардал, хохирол төлбөр огт төлөөгүй байхад ялын хамгийн доод хэмжээг өгсөн., ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр тогтоосонд шүүхэд маш их гомдолтой. Тухайн үед амийг нь аврах боломж байсан, иргэний үүргээ биелүүлээгүй хүмүүст зохих хариуцлага оногдуулах байсан гэж гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч Ш.Б- тайлбартаа:

Давж заалдах гомдлоо дэмжиж байгаа., би маш их гомдолтой байна. Шүүх яахаараа хүн алсан хүнд ийм бага ял өгдөг юм бэ., хохирол төлөөгүй шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв. 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Д.Л-ийн өмгөөлөгч Н.Баярмаа тайлбартаа:

Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Цэен-Ойдов дүгнэлтдээ:

Шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна гэв.                                

ТОДОРХОЙЛОХ НЬ:

        Давж заалдах шатны шүүх хохирогч Ш.Б-ийн гаргасан ...анхан шатны шүүх шүүгдэгч Д.Л- нь хүн санаатай алсан., гэмт хэргийн улмаас учирсан хохирол, оршуулгын зардал төлөөгүй, хэргийн талаар зөрүүтэй мэдүүлэг өгсөн., согтуугаар гэмт хэрэг үйлдсэн., тухайн үед ямарч тусламж үзүүлээгүй алчихаад үүдний таамбарт гаргаж хаясан байхад хуулийн хамгийн доод ял оногдуулж, хэт хөнгөн шийтгэсэнд маш их гомдолтой байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэх..., гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг үндэслэн хэрэгт авагдсан нотлох баримт болон хэргийн нөхцөл байдлыг судалж үзвэл:     

         Шүүгдэгч Д.Л- нь 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 12 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар багийн Ханжаргалангийн 7 дугаар гудамжны 12 тоотод буюу төрсөн ах Д.Т-гийн гэрт түүнтэй 1 шил архи хувааж уусан., дараа нь шүүгдэгч нь хохирогч Ш.Б-тай хамт дахин 1 шил архи ууж байгаад маргалдаж улмаар хохирогч Ш.Б-ын цээжний ар, дээд хэсэгт хутгалж алсан үйл баримт болжээ.

Дархан-Уул аймгийн Прокуророос шүүгдэгч Д.Л-ийн дээрх үйлдлийг хүндрүүлэх нөхцөлгүй бусдыг хутгалж санаатай алсан  гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1.д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд анхан шатны шүүх Д.Л-ид 11  жил хорих ял оногдуулж, ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4.д зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодид байдалтай нийцээгүй, шүүхийн дүгнэлтэнд ноцтойгоор нөлөөлж болохуйц нөхцөл байдал буюу шүүгдэгчийн гэм буруугийн талаар болон түүнд ямар төрөл, хэмжээний ял оногдуулах тухай дүгнэлт, мөн ял эдлэх дэглэмийг тогтооход ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдал  байхад шүүх анхаарч үзэлгүй орхигдуулжээ.

Тухайлбал хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаас үзэхэд дээрх гэмт хэрэг гарахад хохирогч буруутай байжээ гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байгаагаас гадна гэмт хэргийн улмаас учирсан хохирол, оршуулгын зардал төлөөгүй., тухайн үед хохирогч нь өөрийгээ хамгаалах чадваргүй цус алдсан байдалтай хэвтэж байхад нь  үүдний таамбарт гаргаж орхисон., хохирогч тал  гомдолтой  зэрэг  нөхцөл байдал  үүссэн байхад энэ талаар шийтгэх тогтоолд дурдалгүй орхигдуулж зөвхөн “...шүүгдэгч үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн., мөн  улсын яллагчийн саналыг үндэслэн 11 жил хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ...” гэсэн дүгнэлт хийсэн нь  хэргийн болон тухайн үед болсон үйл баримтын талаар анхаарал хандуулж, ач холбогдол өгөөгүй., хэрэгт авагдсан нотлох баримтын талаар хуульд заасан үндэслэл, журмын дагуу дүгнэлт хийгээгүй байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.Л-ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хуульд тусгайлан заасан хүндрүүлэх, хөнгөрүүлэх шинж байдлаас гадна гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршгийн шинж чанар, материаллаг хохирлыг  төлсөн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж гэмт үйлдлийн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарласан эсэх болон түүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзээгүй байгаа нь шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагад нийцэхгүй байна. 

Иймд хохирогч Ш.Б-ийн дээрх үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхийн хэлэлцүүлэгт буцаах нь зүйтэй гэж үзлээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1., 39.6 дугаар зүйлийн 1.2., 1.4.,  39.9 дүгээр зүйлийн 1.3., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 120 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Д-гийн Л-ид холбогдох, 1918000240008 дугаартай, 1  хавтастай, эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Хохирогч Ш.Б-ийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

3. Шүүгдэгч Д.Л-ид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

4. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

  

                          ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Б.МАНЛАЙБААТАР

                                                             ШҮҮГЧИД                                    Ц.АМАРЖАРГАЛ

                                                                                                                  Ц.ТУЯА