Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 175

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал, 

Улсын яллагч Ц.Гансүлд,

Шүүгдэгч Э.Мөнгөнбаатар, түүний өмгөөлөгч Л.Батаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Э.Мөнгөнбаатарт холбогдох эрүүгийн 2016 2601 1070 дугаартай хэргийг 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.   

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол Улсын иргэн, 1996 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Говьсүмбэр аймагт төрсөн, 20 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-6, аав, ээж, 3 дүүгийн хамтаар Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Дохиолол холбооны ангийн 1-8 тоотод оршин суух албан ёсны хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 166 тоот тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 621 дугаар зүйлийн 621-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.6 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 7 сар хорих ялд мөн хуулийн 146 дугаар зүйлийн 146.2-т зааснаар оногдуулсан 4 сар баривчлах ялын багтаасан, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр шүүгчийн захирамжаар 8 сар 15 хоногийн хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Энхбаатарын Мөнгөнбаатар РД:ЕЙ96082310,   

 

Шүүгдэгч Э.Мөнгөнбаатар нь 2016 оны 04 дүгээр сарын 30-наас 05 дугаар сарын 01-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, Саппоро төвд байрлах иргэн Б.Сугарчимэгийн “Урлан заяа” оёдлын газрын цонхоор нэвтэрч 150 метр торго, хүүхдийн хүрэмтэй дээл 2 ширхэг, хүүхдийн баривч 2 ширхэг, эрэгтэй монгол цамц 1 ширхэг, эмэгтэй дээл 1 ширхэг зэрэг эд зүйлс хулгайлж 2.310.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

- 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдөр сэжигтнээр тооцогдож бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл дуудсан цагт ирэлгүй, мөрдөн байцаах ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

        ТОДОРХОЙЛОХ нь:        

 

Тус хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг  судлахад:  

Шүүгдэгч Э.Мөнгөнбаатар нь 2016 оны 04 дүгээр сарын 30-наас 05 дугаар сарын 01-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, Саппоро төвд байрлах иргэн Б.Сугарчимэгийн “Урлан заяа” оёдлын газрын цонхоор нэвтэрч 150 метр торго, хүүхдийн хүрэмтэй дээл 2 ширхэг, хүүхдийн баривч 2 ширхэг, эрэгтэй монгол цамц 1 ширхэг, эмэгтэй дээл 1 ширхэг зэрэг эд зүйлс хулгайлж 2.310.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь:...

- хохирогч Б.Сугарчимэгийн:...2016 оны 05 дугаар сарын 01-ний өглөө 10 цагийн орчим манай оёдолчин Мөнхжаргал утсаар яриад манай оёдлын газрын цонх онгорхой байна аа, цонхоор харсан чинь торго даавуунууд алга болчихсон байна гэхээр нь гэрээсээ гараад Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо Саппоро үйлчилгээний төв дотор байдаг оёдлын газар дээрээ яваад очтол гадна талын цонх онгойчихсон доторх эд зүйлсийг ундуй, сундуй болгочихсон байсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн...цагдаа ирээд явсны дараа бараагаа тоолж, бүртгэж үзтэл хүүхдийн хүрэм дээл хосоороо 2 ширхэг, 2 ширхэг хүүхдийн баривч, том хүний эрэгтэй монгол цамц 1 ширхэг, эмэгтэй загварын дээл, мөн 150 метр өнгө бүрийн торго алдагдсан байсан.../хх-25/...манай оёдлын газрын гадна талын хаалга зүв зүгээр хэвийн байсан...тэр хулгайч цонхоор ороод хаалгыг дотор талаас нь цоожилсон байсан...хулгайч цонхоор нь л орсон...өөр газраар орох боломж байхгүй...хулгай орсны дараахан би оёдлынхоо газрын цонхны гадна талын хамгаалалтын сараалжин төмрөө бэхэлж төмөр бэхэлгээг сараалжин төмрөн дээрээ хөндлөнгөөр нь гагнуулсан байгаа.../хх-83/ гэх мэдүүлэг,

-гэрч Ц.Мөнхжаргалын:...2016 оны 04 дүгээр сарын 30-ны орой 19 цагийн орчим оёдлын газрын эзэн Сугарчимэгийн хамтаар Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо Саппоро төв дотор байрладаг “Урлан Заяа” оёдлын газраа хаалга, цонхоо хаагаад түгжээд гарсан...тэгээд өнөө өглөө 10 цаг 10 минутанд ажил дээрээ ирсэн чинь цонхны поорчиг онгорхой байхаар нь гайхаад хаалга онгойлгох гэтэл дотор талаас нь түгжчихсэн байсан...тэгээд шилэн хаалгаараа хартал дотор хувцас, эд зүйлсийг сандаачаад хаячихсан байдалтай байсан...тэгээд шууд оёдлынхоо газрын Сугарчимэг рүү утасдаж хэлсэн...удалгүй Сугарчимэг ирээд цагдаа дуудсан бөгөөд цагдаа нар удалгүй ирээд явсны дараа бид 2 хувцас, эд зүйлсээ бүртгээд үзтэл шар эмэгтэй дан дээл 1 ширхэг, саарал өнгийн эрэгтэй дан цамц 1 ширхэг, хүүхдүүдийн хос 2 ширхэг, 150 мерт өнгө өнгийн торгонууд алдагдсан байсан...эдгээр хувцас торгонууд бүгд шив шинэ хувцас, торго байсан...гэх мэдүүлэг /хх-26/,

-гэрч Д.Зулхүүгийн:...би 2016 оны 04 дүгээр сарын 30-наас 05 дугаар сарын 01-нд шилжих шөнө 22 цаг өнгөрч байхад Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо Саппоро дээр Бүргэд-115 чиглэлийн машинтай эргүүлийн үүргийг жолооч цагдаа д/а Х.Чулуунхүүгийн хамт үүрэг гүйцэтгэж байтал Саппоро төвийн зүүн талаар Алтайн зочид буудлын орчим 18-20 орчим насны нэг залуу овор ихтэй цагаан савтай зүйл барьчихсан барьж явахад очоод амрыг эрье бичиг баримтаа шалгуулна уу, наад авч яваа зүйл чинь юу юм бэ гээд асуусан чинь надад бичиг баримт байхгүй, миний авч яваа юмнууд хувцаснууд гэсэн...тэгэхээр нь нэг л сэжигтэй санагдахаар нь Цагдаагийн хэлтэс дээр авчраад шалгатал Саппоро дотор байрлах оёдлын газрын цонхоор ороод хулгайлсан гэж хэлэхээр нь авч явсан зүйлийг нь хураан авах тэмдэглэл үйлдээд Бүргэд-10-д хүлээлгэн өгсөн...гэх мэдүүлэг /хх-28/,

-гэрч Ж.Орхонтуулын:...2016 оны 04 дүгээр сарын 30-ны орой би 19 цагийн үед ажлаа тараад хүү Мөнгөнбаатар луу утсаар залгаад хоёулаа Хархорин зах орж хүнсний зүйл цуглуулъя, чи гэрээсээ хүрээд ир гээд дуудсан...тэгээд бид 2 Хархорин дээр уулзаад тэр хавьд цайны газар хоолонд ороод би хүүгээсээ салаад Хархорин зах руу орсон...хүү маань интернэт орж хэсэг сууна гэхээр нь 20.000 төгрөг өгөөд явуулсан...тэгээд би хүүгээ шөнө ирэхгүй болохоор нь хүүгийнхээ 8883-7213 гэсэн дугаар луу залгатад утас нь холбогдохгүй байсан...хүү маань урд шөнө гэртээ ирж хоноогүй...тэгсэн чинь өнөөдөр өдөр цагдаагаас яриад хүү Мөнгөнбаатар чинь цагдаа дээр баригдсан байна, та хүрч ирээд даалтанд авах уу гэж ярихаар нь цагдаагийн хэлтэс дээр ирсэн...гэх мэдүүлэг /хх-30/,   

- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт,

- хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-4-9/,

- туршилт хийсэн ажиллагааны тухай тэмдэглэл /хх-77-80/,

- эд зүйлийн үнэлгээ-2.310.000 төгрөг /хх-14/,

- эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-19/, 

- шүүгдэгч Э.Мөнгөнбаатарын:...намайг 2016 оны 04 дүгээр сарын 30-наас 05 дугаар сарын 01-нд шилжих шөнийн 01-02 цагийн хооронд “Урлан заяа” нэртэй оёдлын газрын цонхны хаалтыг хөшин нэвтэрч, дээл, хувцас, торго зэрэг зүйлс хулгайлсан тухай мөрдөн байцаалт /хх-92/, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар, мөн

шүүгдэгч Э.Мөнгөнбаатар нь 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдөр сэжигтнээр тооцогдож бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл дуудсан цагт ирэлгүй, мөрдөн байцаах ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь:  

- Э.Мөнгөнбаатарт 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдөр бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг авсан тухай баримт /хх-47-49/, 

- мөрдөн байцаалтыг түдгэлзүүлэх тухай 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн №697 дугаартай прокурорын тогтоол /хх-74/,  

- хэрэг түдгэлзүүлснийг сэргээх тухай 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн №1370 дугаартай прокурорын тогтоол /хх-75/, 

- гэрч Ж.Орхонтуулын:...Мөнгөнбаатар 2016 оны 05 дугаар сарын сүүлээр Дорноговь аймгийн Айраг сум руу явсан...тэндээс Өмнөговь аймагт очсон...аль сум гэдгийг нь мэдэхгүй ажил хийхээр явсан...би тухайн үед битгий яваарай гэж хэлж гуйсан...тэгсэн явсан байсан...одоо хаана байгааг нь мэдэхгүй, эгч рүүгээ фэйсбүүк цахим хуудсаар ярьсан байсан...ярихдаа Эрээн хотод байна, удахгүй ирнэ гэж байсан...би Мөнгөнбаатарт мөрдөн байцаагч дуудаж байна гэж хэлж байсан...миний үгэнд ороогүй...гэх мэдүүлэг /хх-33/

- шүүгдэгч Э.Мөнгөнбаатарын:...би 2016 оны 05 дугаар сарын сүүлчээр Говьсүмбэр аймгийн Чойр хотод ээжийн төрсөн дүү Арсланбаатар ах дээр ажилд нь туслахаар явсан...тэгээд 2016 оны 09 дүгээр сарын 21-ний орой ирсэн...би мөрдөн байцаагчид хөдөө гадаа явлаа гэж хэлээгүй...гэх мэдүүлэг /хх-92/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож, тогтоогдсон байна.       

 

Иймд шүүгдэгч Э.Мөнгөнбаатарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг агуулах саванд нэвтэрч үйлдсэн, батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, ял шийтгэл оногдуулах  үндэслэлтэй байна.       

Хохирогч Б.Сугарчимэг алдагдсан эд зүйлсээс буцаан авсан /хх-19/, гомдолгүй болохоо мэдүүлсэн /хх-98/ байна.    

Шүүгдэгч Э.Мөнгөнбаатарт Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 166 тоот тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 621 дугаар зүйлийн 621-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.6 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 7 сар хорих ялд мөн хуулийн 146 дугаар зүйлийн 146.2-т зааснаар оногдуулсан 4 сар баривчлах ялын багтаасан, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр шүүгчийн захирамжаар 8 сар 15 хоногийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан /хх-67/ байх ба тухайн гэмт хэргүүдийн ялтай байдал нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д зааснаар хэрэгсэхгүй болсон буюу ялтай байдалгүй гэж үзэх үндэслэлтэй, мөн шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хийсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж буй нь тус тус ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна. 

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний ар гэрийн амьдрал болон хувийн бусад байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулан, тухайн хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр шийдвэрлэв. 

Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, уг хэрэгт эд мөрийн хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болно.     

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон   

ТОГТООХ нь:   

 

1. Шүүгдэгч Э.Мөнгөнбаатарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг агуулах саванд нэвтэрч үйлдсэн,  мөн батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.       

2. Шүүгдэгч Э.Мөнгөнбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 1 жил хорих ялаар,   

мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил хорих ялаар тус тус шийтгэсүгэй.    

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 2 жил хорих ялд мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар оногдуулсан 1 жил хорих ялыг багтаан шүүгдэгч Э.Мөнгөнбаатарын биечлэн эдлэх ялыг 2 жил хорих ялаар тогтоосугай.         

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Э.Мөнгөнбаатарын биечлэн эдлэх 2 /хоёр/ жил хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.     

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, уг хэрэгт мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.     

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Мөнгөнбаатарт оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж,  хянан харгалзах хугацааг 2 жилийн хугацаагаар тогтоож, түүнд хяналт тавихыг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст даалгасугай.

7. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.   

8. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд уг тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.        

9. Давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Э.Мөнгөнбаатарт авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.          

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Г.ГАНБААТАР