Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 128/ШШ2020/0672

 

 

 

 

2020 оны 10 сарын 21 өдөр                   Дугаар 12*******/ШШ2020/0672                Улаанбаатар хот

                            

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: М-О х.н.У.т.з.н

Хариуцагч: ХУД У.б.х

Нэхэмжлэлийн шаардлага: “Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Оддын хотхонд байрлах 112.*******7 м.кв талбай бүхий орон сууцыг машины зогсоолын хамт үл хөдлөх хөрөнгийн бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргахыг даалгуулах” тухай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц, Т.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, Ө.Ө шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ц нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М-О х.н.У.т.з.н итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М-О х.н.У.т.з.н, “*******'’ ХХК-тай 2004 оны 12 дугаар сарын 2*******-ны өдрийн А-******* “Захиалгаар орон сууц бариулах гэрээ”-гээр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Оддын хотхонд 112.*******7 м.кв талбай бүхий орон сууцыг автомашины зогсоолын хамт бариулсан байдаг.

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т “Улсын бүртгэлийн байгууллага энэ хуулийн 5.1-д заасан өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэснийг нотолж эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгоно”, мөн Төрийн өмчийн хорооны 2011 оны 52 дугаар тогтоолоор байгууллагын санхүүгийн тайланд бүртгэлтэй байгаа үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Улсын бүртгэлд бүртгүүлэх гэж тус тус заасан. Үүний дагуу дээрх орон сууцыг өөрийн нэр дээр бүртгүүлэхээр Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт удаа дараа хандахад, бүртгэхээс татгалзаж, ямар нэг хариуг бичгээр ирүүлээгүй болно.

Төрийн өмчийн орон сууцыг улсын бүртгэлд бүртгүүлэх харилцааг шийдвэрлүүлэхээр М-О х.н.У.т.з.н нь 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 10/266 албан тоотоор Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт хандсан. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн А-1/243 албан тоот бичгээр “Өөрийн санхүүгийн тайландаа бүртгэлтэй байгаа үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандан бүртгүүлэх нь зүйтэй” гэх чиглэлийг ирүүлсэн.

Дээрх чиглэлийн дагуу М-О х.н.У.т.з.н нь “Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн Үл хөдлөх хөрөнгийг бүртгэхгүй байгаа эс үйлдэхүйг залруулж, үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээ гаргуулах”-аар 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 10/6*******4 албан тоотоор Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандсан. Гэтэл Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 07/3247 албан тоотоор “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9-т “Төрийн болон албаны нууцын тухай хуульд зааснаас төрийн өмчийн үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэх журмыг энэ хууль болон холбогдох бусад хуульд нийцүүлэн Засгийн газарт батална” гэж заасан байх бөгөөд өнөөдрийн байдлаар уг журам батлагдаагүй байгаа, уг журмыг батлагдсаны дараа дахин хандан бүртгүүлэх нь зүйтэй” гэх хариу ирүүлсэн.

Дээрх төрийн байгууллагын эс үйлдэхүйгээс үүдээд уг үл хөдлөх эд хөрөнгө нь одоо хүртэл “*******” ХХК-ийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгээр
баталгаажсан бүртгэлтэй байгаа төдийгүй тус хуулийн этгээд нь 2007 онд татан
буугдсан байна. Үүнээс болоод төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд болох
М-О х.н
.У.т.з.н өмч эзэнгүйдэх, зарим тохиолдолд бусдын нэр дээр бүртгэгдэж үрэгдэх, зээлийн барьцаанд тавигдах, бусдын өмчлөлд хууль бусаар шилжих, зэрэг хүндрэлүүд үүсэх нөхцөл бүрдээд байна.

Иймд М-О х.н.У.т.з.н санхүүгийн тайланд бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Оддын хотхонд байрлах 112.*******7 м.кв талбай бүхий орон сууцыг машины зогсоолын хамт үл хөдлөх хөрөнгийн бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргахыг даалгуулах” гэжээ.

Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батсүх шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “М-О х.н.У.т.з.н нэхэмжлэлд Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Оддын хотхонд 112.*******7 м.кв талбай орон сууц, авто зогсоолыг эрхийн улсын бүртгэлд бүртгэхгүй байгаа тухай гомдол гаргасан байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлд эд хөрөнгийн хаяг тодорхой бус, хэддүгээр байр, хэдэн тоот орон сууц, ямар авто зогсоолын талаар шүүхэд гомдол гаргаад байгаа нь ойлгомжгүй байна.

Нэхэмжлэлд хавсаргаж өгсөн 2004 оны 12 дугаар сарын 2*******-ны өдрийн захиалгаар орон сууц бариулах А-******* дугаартай гэрээ, 2005 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн “*******” ХХК-ийн ************** тоот албан бичиг гэсэн нотлох баримтаас харахад маргаж буй эд хөрөнгийн хаяг нь Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо Олимпын гудамж ******* байрны ******* тоот, 112.*******7м.кв талбайтай зөвхөн орон сууц байна. Өөрөөр хэлбэл захиалгын гэрээ, албан бичигт ямар нэгэн автомашины зогсоолын талаар дурдаагүй байна.

“Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг улсын

бүртгэлийг хөтлөх” /тухайн үеийн мөрдөгдөж байсан журам/ журмын 4 дүгээр зүйл 4.5-ын 3-д “Захиалгаар барьсан орон сууцны жагсаалт, улсын комиссын актын хамт урьдчилан ирүүлдэг бөгөөд 2005 оны 0******* дугаар сарын 17-ны өдрийн ******* ХХК-ийн 121 тоот албан бичиг бүхий ******* байрны захиалгаар баригдсан орон сууцны жагсаалт гаргаж өгсөн байна. Уг жагсаалтын ******* тоотод 112.*******7м.кв, 4 өрөө орон сууцыг МТЗ БОС 2 анги захиалсан гэж дурдсан бөгөөд өнөөдрийн байдлаар уг тоотыг бүртгэж өмчлөх эрхийн гэрчилгээ олгоогүй байна. ******* ХХК-ийн өгсөн жагсаалтад зөвхөн орон сууцны захиалагчдын нэрс байгаа бөгөөд автомашины зогсоолын жагсаалт өнөөдрийн байдлаар тус газарт ирүүлээгүй байна.

            Мөн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас харахад М-О х.н.У.т.з.н нь Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтэст албан ёсоор мэдүүлэг гаргаж байсан талаар нотлох баримт байгаагүй.

            Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9-д “Төрийн болон албаны нууцын тухай хуульд зааснаас бусад төрийн өмчийн үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэх журмыг энэ хууль болон холбогдох бусад хуульд нийцүүлэн Засгийн газар батална” гэж заасан байх бөгөөд өнөөдрийн байдлаар уг журам батлагдаагүй байгаа тул бүртгэх боломжгүй байна. Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М-О х.н.У.т.з.н ХУД У.б.х -т холбогдуулан гаргасан “Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Оддын хотхонд байрлах 112.*******7 м.кв талбай бүхий орон сууцыг машины зогсоолын хамт үл хөдлөх хөрөнгийн бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргахыг даалгуулах” тухай нэхэмжлэлийн хүрээнд хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нарын шүүхэд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хэргийг хянан шийдвэрлэлээ.

М-О х.н.У.т.з.н Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Оддын хотхонд байрлах 112.*******7 м.кв талбай бүхий орон сууцыг машины зогсоолын хамт үл хөдлөх хөрөнгийн бүртгэлд бүртгүүлэхээр хандахад улсын бүртгэлийн байгууллага Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9-д “Төрийн болон албаны нууцын тухай хуульд зааснаас бусад төрийн өмчийн үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэх журмыг энэ хууль болон холбогдох бусад хуульд нийцүүлэн Засгийн газар батална.” гэж зааснаар журам батлагдаагүй байгаа учир бүртгэх боломжгүй гэж бүртгэхээс татгалзсан байна.

Хуулийн дээрх заалт нь төрийн өмчийн үл хөдлөх хөрөнгийн эрхийг улсын бүртгэлд бүртгэхтэй холбоотой журам батлах зохицуулалт байна.

Харин Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1 дэх хэсэгт мэдүүлгийг хүлээн авахаас татгалзах үндэслэлийг, 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт эрхийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах үндэслэлийг тус тус хуульчлан заажээ.

Гэтэл хариуцагч хуулийн дээрх заалтуудад заагаагүй үндэслэлээр татгалзсан нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараах зүйлийг хориглоно”, 20.1.1-д “улсын бүртгэгч нь үйлчлүүлэгчид хууль бус шаардлага тавих, зүй бусаар харьцах, үндэслэлгүйгээр улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах”, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн *******.1-д зааснаас бусад үндэслэлээр мэдүүлгийг хүлээн авахаас татгалзахыг хориглоно” гэснийг тус тус зөрчсөн байна.

Иймд Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Оддын хотхонд байрлах 112.*******7 м.кв талбай бүхий орон сууцыг машины зогсоолын хамт үл хөдлөх хөрөнгийн бүртгэлд бүртгэхээс татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Харин нэхэмжлэлийн шаардлагаас  гэрчилгээ олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргахыг хариуцагчид даалгах боломжгүй байна. Учир нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр хуулийн 19.4.2-т “энэ хуулийн 6, 7, ******* дугаар зүйлд заасан улсын бүртгэлийн төрлийн хүрээнд иргэн, хуулийн этгээдээс улсын бүртгэл хийлгэх тухай хүсэлт, нотлох баримтыг хүлээн авч хянан улсын бүртгэлд бүртгэх эсэх тухай шийдвэр гаргах”, 19.4.3-д “энэ хуулийн 19.4.2-т заасан нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах”, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Иргэн, хуулийн этгээд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн ******* дугаар зүйлд заасан эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх тухай мэдүүлгийг тухайн үл хөдлөх эд хөрөнгө оршин байгаа нутаг дэвсгэрийн харьяаллын дагуу улсын бүртгэлийн байгууллагад гаргана” гэж тус тус заажээ.

Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл хуулийн этгээд эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу гаргах бөгөөд тус мэдүүлгийг үндэслэн улсын бүртгэгч улсын бүртгэлд бүртгэх эсэх тухай шийдвэрийг гаргахаар байх тул шүүх улсын бүртгэлийн байгууллагын эрхэд халдаж М-О х.н.У.т.з.н нэр дээр гэрчилгээ гаргахыг даалгах боломжгүй байна.

Гэвч шүүх Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Оддын хотхонд байрлах 112.*******7 м.кв талбай бүхий орон сууцыг машины зогсоолын хамт үл хөдлөх хөрөнгийн бүртгэлд бүртгэхээс татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоож шийдвэрлэсэн учир М-О х.н.У.т.з.н Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Оддын хотхонд байрлах 112.*******7 м.кв талбай бүхий орон сууцыг машины зогсоолын хамт үл хөдлөх хөрөнгийн бүртгэлд бүртгүүлэх мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг даалгах байдлаар шийдвэрлэх нь хуульд нийцнэ гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн  106.1, 106.3,4 106.3.12 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр хуулийн 19.4.2, 19.4.3, 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгийн 20.1.1, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, ******* дугаар зүйлийн *******.2 дахь хэсэгт заасныг баримтлан М-О х.н.У.т.з.н нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, М-О х.н.У.т.з.н Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Оддын хотхонд байрлах 112.*******7 м.кв талбай бүхий орон сууцыг машины зогсоолын хамт үл хөдлөх хөрөнгийн бүртгэлд бүртгэхээс татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоож, М-О х.н.У.т.з.н Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Оддын хотхонд байрлах 112.*******7 м.кв талбай бүхий орон сууцыг машины зогсоолын хамт үл хөдлөх хөрөнгийн бүртгэлд бүртгүүлэх мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар нэхэмжлэгч М-О х.н.У.т.з.н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                           Н.ДАМДИНСҮРЭН