Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 428

 

МАГАДЛАЛ

 

2017.02.10                                               Дугаар 428                                        Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

“Тэгш боломж” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Д.Байгалмаа, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 101/ШШ2016/06423 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Тэгш боломж” ХЗХ-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч Р.Энхтайванд холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 6 164 461 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Уянга,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Энхцэцэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хариу тайлбарт: Р.Энхтайван 2013 оны 05 дугаар сарын 31-ний өдөр манай хоршоонд элссэн бөгөөд тухайн үед өөрийн машинаа томсгон солих зорилгоор Налайх дүүргийн 5 дугаар хороонд байрлах Д-0388865 дугаартай 500 м.кв талбайтай газраа барьцаалан “Тэгш боломж” ХЗХ-той 13/91 дугаартай зээлийн гэрээ, барьцааны гэрээ байгуулж 6 000 000 төгрөгийг 3.2%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай авсан. 2014 оны 4 cap хүртэл зээл хүүгээ хугацаандаа төлж байсан боловч үүнээс хойш төлөлт орж ирэхгүй байсаар байна. Зээлээ төлж барагдуулахыг удаа дараа утсаар шаардаж байсан ч огт төлөлт хийгээгүй байна. Иймд Үндсэн зээл 4 308 000 төгрөг, зээлийн хүү 1 856 4617, нийт 6 164 461 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Миний өөрийн төрсөн эгч хүнд өвчтэй байгаа бөгөөд түүний хүсэлтээр "Тэгш Боломж" ХЗХ-той 2013 онд өөрийн нэрээр зээлийн гэрээ, барьцааны гэрээг байгуулан Налайх дүүргийн 5 дугаар хороонд байрлах газраа барьцаалан зээл авсан. Уг зээлийн эргэн төлөлтийг манай эгч төлж ирсэн. Миний бие дээрх төгрөгөөс нэг ч төгрөг авч хувьдаа ашиглаагүй юм. Тиймээс үндсэн зээлийг барыдааны зүйл болох газраар хангуулах саналтай байна. Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.1.2-т зааснаар "барьцааны зүйлийг худалдсан үнийн дүнгээс өөрийн шаардлагыг бусад үүрэг гүйцэтгүүлэгчээс тэргүүн ээлжинд хангуулах, 157.1.3-т "энэ хуулийн 157.2.2-т заасан хугацаанд барьцаалуулагч шаардлагыг хангах өөр арга сонгох буюу өөр зүйл барьцаанд бариулаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу худалдах, 157.1.4-т "барьцаалуулагч энэ хуулийн 157.6.1-д заасан үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй байна гэж үзвэл барьцааны зүйлийг өөрийн эзэмшилд шилжүүлэхийг шаардах" гэж тус тус заасны дагуу барьцааны зүйл болох газрыг тус хадгаламж зээлийн хоршоонд шилжүүлж нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах хүсэлтэй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Р.Энхтайванаас 6 100 128 төгрөг гаргуулан нэхэмжлэгч "Тэгш боломж" ХЗХ-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 64 333 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Р.Энхтайванаас112 552 төгрөг гаргуулан нэхэмжлэгч "Тэгш боломж" ХЗХ-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 113 581 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Миний бие дээрх төгрөгөөс нэг ч төгрөг авч хувьдаа ашиглаагүй юм. Тиймээс үндсэн зээлийг барьцааны зүйл болох газраар хангуулах саналтай байна. Учир нь Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.1.2-т "барьцааны зүйлийг худалдсан үнийн дүнгээс өөрийн шаардлагыг бусад үүрэг гүйцэтгүүлэгчээс тэргүүн ээлжинд хангуулах, 157.1.3-т "энэ хуулийн 157.2.2-т заасан хугацаанд барьцаалуулагч шаардлагыг хангах өөр арга сонгох буюу өөр зүйл барьцаанд бариулаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу худалдах, 157.1.4-т "барьцаалуулагч энэ хуулийн 157.6.1-д заасан үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй байна гэж үзвэл барьцааны зүйлийг өөрийн эзэмшилд шилжүүлэхийг шаардах, гэж тус тус заасны дагуу барьцааны зүйл болох газрыг тус хадгаламж зээлийн хоршоонд шилжүүлж нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах хүсэлтэй байна. Зээлийн хүүд тооцсон 1 792 128 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нийт 6 100 128 төгрөгөөс уг үнийн дүнг хасч анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг хуульд нийцүүлэн үнэлсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч “Тэгш боломж” ХЗХ нь хариуцагч Р.Энхтайванд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 6 164 461 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, “...барьцааны зүйл болох газрыг нэхэмжлэгчид шилжүүлэн нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах...” гэж маргажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл зохигчдын хооронд 2013 оны 5 дугаар сарын 22-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээгээр хариуцагч нь 6 000 000 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 3,2 хувийн хүүтэй зээлсэн, 2014 оны 4 дүгээр сараас зээлийг хүүгийн хамт буцаан төлөх үүргээ хариуцагч биелүүлээгүй, үндсэн зээлийн үлдэгдэл 4 308 000 төгрөг, хүү 1 856 461 төгрөг, бүгд 6 164 461 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй гэх үйл баримтын талаар хариуцагч маргаагүй байна.

Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зохигч маргаагүй тул нэхэмжлэгч нь гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцагчаас шаардах эрхтэй талаар шүүх зөв дүгнэж, хэргийн нотлох баримтанд үндэслэн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан нь зөв байна.

Хариуцагч нь “...зээлээс нэг ч төгрөг авч ашиглаагүй, зээлийн хүүд тооцсон              1 792 128 төгрөгийг нэхэмжлэлийн дүнгээс хасуулах, барьцааны зүйлээр үүргийг хангуулах...” гэж давж заалдсан нь хэрэгт цугларсан баримтаар нотлогдоогүй тул хүлээн авах үндэслэлгүй гэж үзнэ.

Учир нь зээлийн гэрээгээр шилжүүлсэн мөнгийг зээлдэгч нь өөрийн үзэмжээр захиран зарцуулсан нь гэрээний үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүйгээс гадна нэхэмжлэгч нь барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргаагүй тул шүүх нэхэмжлэлд заагаагүй шаардлагыг шийдвэрлэх боломжгүй юм.

Түүнчлэн хүүд илүү мөнгө шаардсан талаар хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт гарган мэтгэлцээгүй, нэхэмжлэлийн үнийн дүнд маргаагүй байна.

Иймд хариуцагчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 101/ШШ2016/06423 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 43 625 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

      

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.ЭНХТӨР

 

                         ШҮҮГЧИД                                  Д.БАЙГАЛМАА

 

                                                                               М.НАРАНЦЭЦЭГ