Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 2022/ШЦТ/160

 

 

 

 

 

 

 

 

                             

 

                                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,

              Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Сувд,                     

              Улсын яллагч Г.Чанцалдулам,

              Шүүгдэгч Х.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Хгийн От холбогдох эрүүгийн 2238000000271 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

              Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Х.О нь 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Хөвсгөл аймгийн Тариалан сумын 1 дүгээр багийн Шарга морьтын 08-04 тоотод 62-27 ХӨҮ улсын дугаартай “Kia Воngо” маркийн тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцож байгаад 8 настай П.Бг хашааны хаалгатай хавсарч мөргөн зам тээврийн осол гарган улмаар Г.Бгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт  шүүгдэгч Х.О гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2238000000271 дугаартай хэрэгт мөрдөн  шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэт, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Шүүх хуралдаанаар тогтоогдсон үйл баримтын талаар:

2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 62-27 ХӨҮ улсын дугаартай “Kia Воngо” загварын тээврийн хэрэгслийн жолооч Х.О нь Хөвсгөл аймгийн Тариалан сумын 1 дүгээр багийн Шарга морьтын 08-04 тоот хашаанд орох хөдөлгөөн  хийхдээ 8 настай П.Бг хашааны хаалгатай хавсарч мөргөн зам тээврийн осол гарган улмаар Г.Бгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Оийн өгсөн: “...Би хүүхдээ хаалга онгойлгоорой гэж хэлээд урагшаагаа хөдлөхөд манай хүүхэд уйлсан зогсож байсан. Би хаалганы цаана байсныг нь анзаараагүй. Хүү маань хаалгаа онгойлгоод ээж ороорой гэхээр нь орох гээд урагшаагаа хөдлөөд л зогсоход хүү маань уйлсан зогсож байсан. Тэгээд би хүүгээ аваад гэртээ оруулсан” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэргийн газрын үзлэг хийсэн: “...Уг хэрэг болсон гэх газар нь Хөвсгөл аймгийн Тариалан сумын төв цагдаагийн байрнаас ертөнцийн зүгээр баруун хойд зүгт Улаан чулуутын гол гэх газаар гарч хэрэг болсон гэх газарт хэргийн газрын үзлэг хийхээр бүрэлдэхүүний хамт явж очиход ертөнцийн зүгээр хойшоо харсан “Шарга морьт” 8-04 тоот гэсэн хаягтай цэнхэр өнгийн төмөр хаалгатай хүрэн хашаа байв...хэргийн газарт өөрөөр ямар нэгэн ул мөр илрээгүй ба тээврийн хэрэгслийг түр саатуулахад байсан тул түр саатуулах хашаанд хийхээр тогтож үзлэгийн явцад ахлах шинжээч Бүрэнхаан зургийг бэхжүүлж авч үзлэгийн тэмдэглэлд тусгахаар тогтож үзлэгийг дуусгав...” гэх  тэмдэглэл /хх-ийн 09-10 тал/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн: “...Түр саатуулах хашаанд явж ороход ертөнцийн зүгээр баруун талд харуулан байрлуулсан 62-27 ХӨҮ улсын дугаартай цэнхэр өнгийн Kia bongo маркийн тээврийн хэрэгсэл байлаа. Уг тээврийн хэрэгсэл нь урд хоёр хаалга дээрээ Fronter гэсэн улаан шаргал өнгийн дэвсгэр дээр цагаанаар бичсэн, урд салхины шил баруун талын доод хэсэгт хагарч цуурсан, хойд ачааны хэсэгт хоёр талдаа 62-27 ХӨҮ гэсэн улсын дугаарыг улаан дэвсгэрээр бичиж наасан, урдаа хоёр, хойд талдаа тус бүрдээ 2 дугуйтай кузов дээрээ цагаан өнгийн төмөр ачаатай тээврийн хэрэгсэл байлаа. Тээврийн хэрэгслийн жолооч хэсгийн талын хаалгыг онгойлгож үзэхэд жолоочийн хажуугийн суудалд цагаан өнгийн мяндсан уяа өөр зүйл байхгүй байв. 1 дүгээр араанд тохируулан тавьсан байв. Тээврийн хэрэгслийг асааж үзэх гэсэн боловч асахгүй байв. Үзлэгээр тээврийн хэрэгслийн баруун талын хаалганы доод хэсэгт хөх цэнгэр өнгийн будаг бүхий зүйл наалдаж зурагдсан зураас байлаа. Өөрөөр ямар нэгэн ул мөр илрээгүй...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-12 тал/,  

Эрх бүхий албан тушаалтны 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай: “...Замын хэсэг: бусад, замын ангилал: ердийн, замын хучилт: хөрсөн, замын онцлог: тэгш, зорчих хэсгийн гадаргуу: хуурай, зорчих хэсгийн өргөн 38 м, үзэгдэх орчин: чөлөөтэй, гэрэлтүүлэггүй, цаг агаар: цэлмэг, замын харъяалал: суурингийн дотор, замын байгууламж: хашлагагүй, хайсгүй...” гэх тэмдэглэл /хх-ийн 13 тал/,

Насанд хүрээгүй хохирогч Г.Бгийн өгсөн: “...2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Тариалан сумын төвд эмээгийндээ байж байхад ээж, аавын ажил дээрээс ачааны машинаа аваад эмээгийнд ирж намайг аваад гэртээ харьж хувцсаа сольж хичээлдээ явахаар яваад гэрийн гадаа очиход ээж машин барьж яваад би хажууд нь сууж явсан. Тэгсэн ээж хаалганы үүдэнд зогсоод миний хүү буугаад хашааны хаалгыг онгойлгочих гадаа үхэрнүүд ирсэн байна. Хашаан дотроос тугалнууд нь гараад ирнэ хурдан онгойлгочих гэхээр нь би машинаас буугаад гэрийнхээ хашааны хаалгыг онгойлгосон чинь цаанаас нь тугалнууд гарах гээд хүрээд ирэхээр нь нөгөө хэдэн тугалаа цааш нь үргээх гээд хашааны хаалганы хажууд зогсож байхад ээж араас машинаа хөдөлгөөд намайг хашааны хаалганд хавчуулаад мөргөсөн. Тэгсэн ээж машинаа хашааны хаалгаар оруулаад машинаа унтрааж зогсоод над дээр ирээд намайг тэврээд гэрт оруулж хэвтүүлсэн. Тэгэхэд ээж аавыг дуудсан. Мөн эмнэлэг дуудаад удалгүй аав ирсэн. Араас нь эмнэлэг, цагдаа ирж намайг эмнэлэг рүү авч яваад лаа хийгээд тариа тариад машинд суулгаад аймаг руу ээжийн хамт аваад явсан...Би ороорой гэж хэлээгүй хаалга онгойлгоход ээж машинаа хөдөлгөөд намайг мөргөсөн. Би хаалгыг бүтэн онгойлгосон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 тал/,

Гэрч Г.Гийн өгсөн: “...2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр би Тариалан суманд ажил дээрээ 12 цаг өнгөрч байхад манай эхнэр О өөрийнхөө утаснаас миний утас руу залгаж би хашаа руу машин оруулах гэж байгаад хүүгээ мөргөсөн байна. Надад харагдаагүй, чи хурдан хүрээд ир гэхээр нь гэртээ ирэхэд эхнэр хүүхдээ тэвэрч оруулаад гэрт хэвтүүлсэн байсан. Удалгүй эмч нар ирээд эмнэлэг рүү аваад явсан. Цагдаа нар унаж явсан машиныг аваад явсан. Би эмнэлэг дээр очиход аймаг явах шаардлагатай гээд аймаг руу эхнэр хүүхэд хоёр эмнэлгийн машинтай яваад би араас нь орж ирсэн...Хүүхдийн толгой болон шанаа хэсэгт шалбарч халцарсан. Мөн эмч нар үзээд зүүн эгэм бага зэргийн цууралттай байна гэж байсан. Одоо хүүхэд маань гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлж байна биеийн байдал дажгүй сайн байна...Манай эхнэр урьд өмнө тэр машиныг жолоодож байсан. Одоогоос 4 жилийн өмнө жолооч болж байсан жолооны В ангилалтай...Хүү Бтай хамт урд миний ажил дээр байж байгаад явсан юм...Архи дарс уудаггүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 тал/,

Гэрч Б.Бын өгсөн: “...Тариалан сумын 1 дүгээр багийн Шарга морьтын 8-4 тоотод өөрийнхөө машинаар ганцаараа очиход тухайн дайруулсан хүүхдийг ар гэрийнхэн нь гэртээ оруулаад газарт дэр дэрлүүлээд хэвтүүлсэн байсан. Тэгээд би тухайн хүүхдийн биед үзлэг хийхэд орчны харьцаатай ээж нь хажууд нь уйлаад сууж байсан. Би өвчин намдаах тариа хийх гэсэн боловч хүүхэд тариа хийлгэхгүй гээд тийчлээд байхаар нь шулуун гэдсээр нь лаа хийсэн зүүн гар, хүзүү, толгой хэсэг бэртэлтэй байхаар нь эмнэлгийн даргадаа болсон хэргийн талаар хэлж мэдэгдээд хүзүүний бэхэлгээ, уян насилка захиж авчруулж хүзүүний бэхэлгээг нь хийж уян насилкан дээр хэвтүүлээд араасаа дуудсан машинаараа тээвэрлэж сумын эмнэлэгт авчирсан. Тэгээд тухайн хүүхдийг их эмч Дуламсүрэн эмчид хүлээлгэн өгч ажилласан. Дуламсүрэн эмч үзлэгээ хийгээд аймаг руу мэдэгдэж өөрөө тэр хүүхдийг аваад албаны тээврийн хэрэгслээр аймаг руу аваад явсан...Нээлттэй байсан. Дөнгөж хашааны хаалгаар ороод зогссон байсан...Зүүн талын чихний дээд хэсэгт хэсэг газар үс нь халцарч шалбарсан, тэр шархны хойд хэсэгт бага зэргийн шарх үүссэн, зүүн шанаа хэсэгтээ халцарсан, баруун хацар шанаа хэсэгт машины дугуй мөр гарсан байдалтай байсан. Мөн баруун талын нүд нь хөхөрч хавдсан тухайн үед би ээжээс хүүе чи хүүхдийнхээ дээгүүр нь гараад явсан юм биш үү гэж хэлсэн чинь би юу ч мэдэхгүй байна хүү маань ээжээ та яаж байгаа юм бэ гээд уйлаад хүрээд ирсэн гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-27 тал/,

Гэрч А.Нгийн өгсөн: “...Би 62-27 ХӨҮ улсын дугаартай Вонго маркийн тээврийн хэрэгслийг Ж.Ч гэдэг хүнээс бол худалдаж авч байгаагүй. Давхар өөр хүнээс авч байсан. Тэгээд миний худалдаж авч байсан хүн Солонгос улс руу яваад би худалдаж авсан машинаа өөрийн нэр дээр шилжүүлж авч чадаагүй юм. Надад машин зарсан хүн бид хоёрын дунд бол ямар нэгэн мөнгө төгрөгний авлага байхгүй... Би 62-27 ХӨҮ улсын дугаартай Вонго маркийн тээврийн хэрэгслийг 2021 оны 04 дүгээр эхээр Г.Г гэдэг хүнд 4.000.000 төгрөгөөр худалдан борлуулсан. Г болон эхнэр Х.О бидний хооронд ямар нэгэн өр авлагын зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 тал/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 246 дугаартай: “...Г.Бн биед зүүн эгэм, зүүн ухархайн дээд хана, хамар, хамрын таславч, дух ясны дотор ялтасны хугарал, зүүн мөр, эгэм, хоёр нүдний доод зовхинд цус хуралт, баруун шанаа, зүүн чамархай, чих, шанаанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр буюу зам тээврийн ослын үед үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг бол гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүдээс зүүн эгэм ясны хугарал нь гэмтлийн зэрэг тогтоох 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт, бусад гэмтэл нь тус тусдаа 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 37 тал/,

Мөрдөгчийн 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн: “...Киа Вонго маркийн 62-27 ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Х.О нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “1.5 Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.” энэ дүрмийн “12.3 Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. “3.5 а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, / тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авна гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн...” гэх магадлагаа /хх-ийн 41-43 тал/,

 Шүүгдэгч Х.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд гэм буруугаа хүлээж “.. Би тухайн хуулийн зүйл заалтыг хүлээн зөвшөөрч байна... Би өмнө гэрчээр мэдүүлэгтээ болсон хэргийн талаар тодорхой дэлгэрэнгүй ярьсан байгаа тэр мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 51-52 тал/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдож байна.

              Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

              Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч болон  гэрч нарын  мэдүүлэг нь шүүгдэгч Х.Оийн гэм буруугаа  хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлгийн эх сурвалжийг нотолсон, тээврийн хэрэгсэл жолоодож явсан Х.О нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын  тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний  улмаас уг зам тээврийн осол гарсан болохыг шууд болон шууд бусаар гэрчилсэн хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт гэж үзлээ.

2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн мөрдөгчийн магадлагаанаас үзэхэд Х.О нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “1.5 Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.” энэ дүрмийн “12.3 Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэх Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэл шууд нөлөөлжээ.

              Шүүгдэгч Х.О нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарласан, түүний улмаас хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж, гаргахгүй гэж тооцсон боловч хор уршиг учирсан гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байх бөгөөд тээврийн хэрэгслийн жолооч Замын хөдөлгөөний дүрмийг баримтлах, зөрчсөн тохиолдолд хохирол, хор уршиг учирна гэдгийг мэдэх үүрэг бүхий этгээд юм.

Шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч Х.Оийн үйлдэл Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчих гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулж  шинжийг агуулж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт  зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Х.О нь 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 62-27 ХӨҮ улсын дугаартай “Kia Воngо” загварын тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцож байхдаа буюу Хөвсгөл аймгийн Тариалан сумын 1 дүгээр багийн Шарга морьтын 08-04 тоот хашаа руу орох хөдөлгөөн хийхдээ 8 настай П.Бг хашааны хаалгатай хавсарч мөргөн зам тээврийн осол гарган улмаар Г.Бгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

              Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч Х.О нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас насанд хүрээгүй хохирогч Г.Бгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Х.О нь насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Гтэй 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн: “...Цаашид нэхэмжлэх зүйлгүй...” гэх эвлэрлийн гэрээ /хх-ийн 62 тал/ хэрэгт авагдсан, шүүхийн шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Г нь  гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй  гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч Х.Оийг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

              Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

              Шүүгдэгч Х.Оийн гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасны дагуу түүнийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

              Шүүгдэгч Х.Оийн хэрэг хариуцах чадвар сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

              Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлж, эвлэрлийн гэрээ байгуулсан”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

              Шүүгдэгч Х.О нь урьд ял шийтгүүлж байгаагүй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Тариалан сумын 1 дүгээр багт оршин суудаг зэрэг түүний хувийн байдал нь хавтаст хэргийн 56-61, 64 талд авагдсан, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Хөвсгөл аймгийн Тариалан сумын Мандал багийн Засаг даргын тодорхойлолт,  хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбар, жолоочийн үнэмлэхийн хуулбар, ЦЕГ-ын хайлтын системийн Захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн лавлагаа, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, жолоочийн лавлагаа, мэдээлэл зэрэг нотлох баримтаар тогтоогдсон байна.

Шүүгдэгч Х.О нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 85 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.

              Шүүгдэгч Х.Оийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хохирол төлбөргүй, прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч үүсэх үр дагаврыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон ялын төрөл, хэмжээний хүрээнд түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр, шүүгдэгч Х.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн  27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдууж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан, шүүгдэгч Х.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан дөрвөн зуун тавь нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялаас чөлөөлөх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэж шийдвэрлэв.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Х.О нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт хураагдсан эд зүйл болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3,  36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г овогт Хгийн Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Г овогт Хгийн Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан шүүгдэгч Х.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаас чөлөөлсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.От урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 


 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     А.ДӨЛГӨӨН