Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/229

 

 

 

 

 

 

 

 


2022              05               24                                                  2022/ШЦТ/229

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Х.Норжинпил,

улсын яллагч Н.Цэнгэлбаяр,

шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч О Б.Бд холбогдох эрүүгийн 2234002700227 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.        

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Төв аймгийн Батсүмбэр суманд 1981 оны 02 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, газар тариалангийн ажил эрхэлдэг, ам бүл 1, ганцаараа амьдардаг, , улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, дугаарын регистртэй, О Б.Б,

 

Холбогдсон хэргийн талаар

/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Б.Б нь 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Батсүмбэр сум, Мандал 1 дүгээр багт иргэн Э.Балдандоржтой маргалдаж улмаар архины шилээр толгой хэсэгт нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт 

Шүүгдэгч Б.Б:

...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэж мэдүүлжээ.

 

Үйл баримтын талаар:

Эрүүгийн 2234002700227 дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Бын 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Батсүмбэр сум, Мандал 1 дүгээр багт иргэн Э.Балдандоржтой маргалдаж улмаар архины шилээр толгой хэсэгт нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь дараах

гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/,

шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн №220 дугаартай ... Э.Балдандоржийн биед толгойд шарх, тархи доргилт, толгойд зөөлөн эдийн няцралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... талаарх дүгнэлт /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,

хохирогч Э.Балдандоржийн ...Би өмнө өгсөн мэдүүлэгтээ өөрийн мэдэх зүйлээ мэдүүлсэн тул одоо надад нэмж ярих зүйл байхгүй. Б надад эмчилгээний зардалд 400.000 төгрөг өгсөн. Одоо санал гомдол байхгүй... /хх-ийн 6 дугаар хуудас/,

гэрч Х.Цэрэндэжидийн ...2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сум Мандал 1 дүгээр баг суврагын задгайн 3-10 тоот гэртээ байсан. 17 цагийн орчим хүү Б.Б, найз Бадамдоржтой гэрт Хараа нэртэй 0.75 граммын архи 1 шилийг хувааж уусан. Тэр хоёр хэрэлдэж муудалцсан зүйл байхгүй байсан. Нэг нэгнийхээ аавын оршуулсан газрын талаар ярилцаж байсан. Бадамдорж ханш нээсэн өдөр манай аавын газар зул өргөлөө чи аавыгаа хөндлөн харуулаад оршуулсан байна лээ гэж байсан. Тэгсэн миний хүү Б босч ирээд ууж дууссан архинхы шилээр толгой хэсэгрүү нь цохичихоод гараад явсан. Б.Бадамдоржийн толгойноос цус гойжсон цусыг нь би тогтоож өгөөд гэрт нь хүргэж өгсөн. Би хашааных нь гадаа хүргэж өгсөн. Архины шилийг Бадамдоржийн хүргэн нь дүүтэй нь ирээд авч явсан. Би гэрт гоожсон цусыг арчиж цэвэрлэсэн. Гэрт цус их хэмжээгээр гоожсон байсан... /хх-ийн 9-10 дугаар хуудас/,

гэрч Э.Балдандоржийн ...Миний хувьд 2022 оны 04 дүгээр сарын 07-ны орой Төв аймгийн Батсүмбэр сумын 1 дүгээр багт байх найз Бынд очоод гэрт нь 1 шил Хараа нэртэй 0.75-тай архийг Бын хамтаар уусан юмаа тэгээд би нэг мэдсэн чинь тасарчихсан байсан тэгээд бүдэг бадаг санаж байгаа бөгөөд бид маргалдаж байсан чинь намайг ууж байсан архины шилээрээ миний толгой хэсэг рүү нэг удаа цохисон тэгээд би мэдэхгүй байсан чинь сумын эмнэлэгт цус тогтоогоод байж байсан. Багийн явдлыг яриад сууж байсан тэгээд би Бд чи яагаад аавыгаа хөндлөн оршуулсан юм бэ гээд санамсаргүй хэлсэн чинь Б эмзэглэсэн юм шиг байгаа юм тэгээд л уурлаад л намайг цохичихсон юмаа. Би гар хүрсэн зүйл байхгүй. Одоогоор эм уугаад байгаа болохоор гайгүй л байна. Бид хоёр багийн найзууд байгаа юмаа. Садан төрлийн холбоо бол байхгүй. Эмчилгээний зардлаа л гаргуулчихвал надад гомдол санал байхгүй... /хх-ийн 12-14 дүгээр хуудас/,

сэжигтэн Б.Бын ...Би 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Улаанбаатар хотоос ирээд дэлгүүрийн гадаа Э.Балдандоржтой тараад нэг шил 75г хараа нэртэй архи аваад манай ээж Цэрэндэжидийнд очиж уусан архи ууж байгаад Балдандорж нь ханш нээдэг өдөр аавынхаа газрыг олсонгүй ээ танай аавын газар зул өргөчихөөд ирсэн чи аавыгаа хөндлөн тавьсан байна гэж доромжлоод байхаар нь нууж байсан архиныхаа шилээр толгойруу нь нэг удаа цохисон толгой нь хагараад цус гараад байсан тэгээд би гараад амбаарт ороод унтаад өгсөн. Хааяа ганц нэг шил архи хувааж уудаг байсан зодолдож байгаагүй. Би Э.Балдандоржтой багаасаа таньдаг хөрш айл байсан. Би нэг удаа архины шилээр толгой руу нь цохисон өөр цохисон зүйл байхгүй. Манай ээж дүүгийн хоёр хүүхэд Билгүүн 12-р настай, Эрхэс 8-н настай нар байсан. Тухайн үед би Э.Балдандоржтой нэг шил архи уусан байсан... /хх-ийн 17-18 дугаар хуудас/,

яллагдагч Б.Бын ...Би 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолтой танилцууллаа. Би зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. 2022 оны 04 дүгээр сарын 07-ны орой 17 цагийн орчимд дэлгүүрээс 0.75 литрийн хараа архи аваад гараад явж байтал Балдандоржтой тааралдсан. Тэгээд Төв аймгийн Батсүмбэр сум Мандал 1-р баг Суваргын 3-32 тоотод ээж Цэрэндэжидийн гэрт очиж авсан архиа хувааж уугаад сууж байтал Балдандорж “Ханш нээсэн өдөр аав, ээжийнхээ газар дээр очоод аавынхаа газрыг олсонгүй, танай аавын газар дээр зул өргөчхөөд ирлээ, чи яахаараа аавыгаа хөндлөн оршуулдаг юм бэ?” гээд агсам тавиад байсан. Тэгэхээр нь миний уур хүрээд ууж байсан архины шилээр толгой руу нь 1 удаа цохичхоод гараад яваад амбаартаа унтаж байсан чинь цагдаа нар очсон. Толгой руу нь цохисон архины шилийг нь дараа хагалчихсан, одоо байхгүй. Намайг цохисноос болж Балдандоржийн толгойд нь шарх үүссэн байсан. Би Балдандоржид эгчийн дансаар дамжуулж 470.000 төгрөг эмчилгээний зардалд төлсөн. Одоо бид хоёр эвлэрчихсэн байгаа. Би Балдандоржийг архины шилээр 1 удаа л цохисон. Би Балдандоржийг Төв аймгийн Батсүмбэр сум 1-р баг Суврагын 3-32 тоотод ээж Цэрэндэжидийн гэрт цохисон. Тэр шил одоо байхгүй, хагалчихсан. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... /хх-ийн 30 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд болон шүүгдэгч Б.Бын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 33-39 дүгээр хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.       

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Мөрдөн байцаалт болон прокурорын шатанд шүүгдэгч Б.Б нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд шүүгдэгч нь анхнаасаа үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн талаар өгсөн мэдүүлэг, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт зэргийг үндэслэн хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч, хохирогч нарт танилцуулж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлжээ.    

 

Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр саналтай ирүүлсэн хэргийг хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хугацааны дотор ял оногдуулах шүүх хуралдааныг зарлан шүүх хуралдаанаар хэлэлцэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан 5 нөхцөл байдлуудыг хянаж үзэхэд дээрх нөхцөл байдлуудыг аль нэг нь хангагдаагүй гэх үндэслэл тогтоогдоогүй тул шүүгдэгч Б.Быг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зохих зүйл, заалтуудыг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх тухай шийдвэр гаргах боломжтой гэж дүгнэлээ.

 

Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт

Шүүгдэгч Б.Бын 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Батсүмбэр сум, Мандал 1 дүгээр багт иргэн Э.Балдандоржтой маргалдаж улмаар архины шилээр толгой хэсэгт нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон гэж үзсэн.

 

Гэм буруугийн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:

Улсын яллагч Н.Цэнгэлбаяр:

...Шүүгдэгч Б.Б нь 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Батсүмбэр сум, Мандал 1 дүгээр багт иргэн Э.Балдандоржтой маргалдаж улмаар архины шилээр толгой хэсэгт нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдсэн болох хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. Шүүгдэгч Б.Б нь хохирогчийн нэхэмжилсэн 500.000 төгрөгөөс 440.000 төгрөг төлсөн. Үлдэгдэл 60.000 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй байна... гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгч Б.Б:

...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэсэн дүгнэлтийг тус тус гаргадаг.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчийн шүүгдэгч Б.Быг гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч маргадаггүй бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа талаараа илэрхийлдэг.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Б нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл,  шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах нь зүйтэй гэж үзэн шийтгэх тогтоолын үндэслэл болгож шийдвэрлэлээ.

 

Учир нь гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд шүүгдэгч Б.Бд дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээрээ илэрхийлдэг.

           

Прокуророос шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”.:. гэж тус тус хуульчилсан.

 

Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран үйлдсэн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг,

мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.

 

Шүүгдэгч Б.Бын холбогдсон тухайн гэмт хэрэг нь “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-т хамаарах бөгөөд шүүгдэгч Б.Б нь хохирогч Э.Балдандоржийг толгойн тус газар нь цохих, сэдэлт, санаа зорилго төрж, улмаар хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж зодсон байна.

 

Эрүүгийн хуульд хуульчлагдсан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэг нь гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн хохирлын аль нэг нь заавал учирсан байхыг шаардсан материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

 

Гэхдээ хохирол учруулсан үйлдэл, эс үйлдэхүй болгон гэмт хэрэгт тооцогдохгүй.

Учир нь нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн хохирлын аль нэг нь учраагүй бол Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж, зодсон бол” гэсэн зөрчлийн хэрэг болно.

 

Энэ хэргийн тухайд шүүгдэгч Б.Б нь хохирогч Э.Балдандоржийг толгойн тус газар нь цохисны улмаас хөнгөн гэмтэл буюу хөнгөн хохирол учирснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан, материаллаг бүрэлдэхүүнтэй, төгссөн гэмт хэрэг болж байна.

 

Тэрээр хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж зодож, цохиж буй энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж хийсэн, хохирогчийн биед толгойд шарх, тархи доргилт, толгойд зөөлөн эдийн няцралт бүхий хөнгөн гэмтэл учирсан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хохирогчид учирсан хөнгөн гэмтэл нь шүүгдэгчийн санаатай үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:  

Эрүүгийн хариуцлага болох ял шийтгэлийн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:

Улсын яллагч Н.Цэнгэлбаяр:

...Шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдож байгаа учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Дамдинхүүг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж байна... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Б.Б:

...Прокурорын саналыг хүлээн зөвшөөрч байна... гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн эрүүгийн хариуцлагын дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчийн гаргаж байгаа шүүгдэгч Б.Бд таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай дүгнэлттэй шүүгдэгч маргадаггүй бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа талаараа илэрхийлдэг.

 

Шүүх шүүгдэгч Б.Бд хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүйг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдлыг харгалзан үзэхээс гадна үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж, анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргаж, улсын яллагчийн санал болгосон ялыг хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг нь дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж дүгнэн таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялаар тогтоож шийдвэрлэлээ.     

 

Шүүхээс шүүгдэгч Б.Бд торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж зэргийг харгалзан хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзэж,  

 

шүүгдэгч Б.Бд оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд буюу шүүхээс тогтоосон дээрх 90 /ер/ хоног буюу 3 /гурав/ сарын хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэх зүйтэй байна

 

оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй байна.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Б.Бын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Э.Балдандоржийн биед толгойд шарх, тархи доргилт, толгойд зөөлөн эдийн няцралт бүхий хөнгөн хохирол учирсан байна. 

   

Хохирогч Э.Балдандорж нь шүүгдэгч Б.Баас мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардал нэхэмжлээгүй ч шүүгдэгч Б.Б 470.000 /дөрвөн зуун далан мянга/ төгрөгийг төлсөн болох нь хавтаст хэргийн 43 хуудаст шүүгдэгчийн гаргасан хүсэлт, хохирогчийн мэдүүлэг зэргээр нотлогдож байна. Цаашид 60.000 төгрөгийг төлж барагдуулахаа илэрхийлсэн тул хохирогч Э.Балдандоржид олгох нь зүйтэй байна.

 

Иймд шүүгдэгч Б.Баас тооцож гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

Бусад асуудлын талаар

Эрүүгийн 2234002700227 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Б.Б энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.          

 

   Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан

шийдвэрлэх тухай хуулийн 17.4., 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10,

            36.13., 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх

                         хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

                                                   ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч О Б.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Шүүгдэгч О Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч О Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч О Б.Бд шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.  

 

5. Эрүүгийн 2234002700227 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч О Б.Б энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, түүнээс тооцож гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч О Б.Баас 60.000 /жаран мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч дугаарын регистртэй, Б овгийн Э.Бид олгосугай.

7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч О Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.  

 

8. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

           

10. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч О Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

 

 

 

        

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Ш.ГАНДАНСҮРЭН