Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 134/ШШ2018/00070

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Цогзолмаа даргалж, Ерөнхий шүүгч Б.Наранчимэг, шүүгч Ц.Наранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

П.К-ийн нэхэмжлэлтэй,

С.У-д холбогдох 

Байгууллагад учруулсан гэм хорын хохирол 35 216 293 төгрөг, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа 20 014 187 төгрөг, нийт 55 230 480 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ө , түүний өмгөөлөгч З.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Н иргэдийн төлөөлөгч Э.Л шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чанцалдулам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ө шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

С.У нь 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл тус байгууллагын захирлын албан үүргийг гүйцэтгэж байх хугацаандаа эрх мэдлээ урвуулан ашиглаж, Хяналт шинжилгээ, мониторинг хариуцсан ажилтан Д.Ө, Нийгмийн түншлэл, хөдөлмөрийн зах зээлийн судалгаа статистик хариуцсан ажилтан Д.М, Нийгмийн түншлэл, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох ажилтан Н.Ц нарыг ажлаас халж, ажлаас халагдсны тэтгэмжид 1 121 730 төгрөг, ажилласан хугацааны амралтанд нийт 1 004 504 төгрөгийг тус тус олгосон байдаг.

Дээрх нэр бүхий ажилчдыг үндэслэлгүйгээр ажлаас халагдсан болохыг шүүхээс тогтоосон. Хяналт шинжилгээ, мониторинг хариуцсан ажилтан Д.Ө Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 134/ШШ2016/00070 дугаар шийдвэр, Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 216/МА2016/00002 дугаар магадлал, Хяналтын шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 001/ХТ2016/01034 дугаар тогтоолоор, Нийгмийн түншлэл, хөдөлмөрийн зах зээлийн судалгаа статистик хариуцсан ажилтан Д.М Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 134/ШШ2016/00073 дугаар шийдвэр, Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 216/МА2016/0003 дугаар магадлалаар, Нийгмийн түншлэл, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох ажилтан Н.Ц Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 134/ШШ2016/00080 дугаар шийдвэр, Хяналтын шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 001/ХТ2016/01320 дугаар тогтоолоор тус тус ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн төлөх, үндэслэлгүй шийдвэр гаргасан тул шүүхийн зардал буюу улсын тэмдэгтийн хураамжийг төлүүлэхээр тус тус шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн хууль бус, үндэслэлгүй шийдвэр гаргасныг шүүх тогтоосон тул байгууллагаас ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт 21 330 656 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэлд нийт 1 706 445 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид нийт 778 849 төгрөгийг тус тус гарган, байгууллагын төсөвт хохирол учруулсан. Мөн тус байгууллага нь ажилчдыг үндэслэлгүй халсан талаарх шүүхийн маргаанд өмгөөлөгч авч ажилласан бөгөөд өмгөөлөгчийн хөлс 3 500 000 төгрөгийг төлсөн байдаг. Шүүхээс Д.Ө, Н.Ц, Д.М нарыг халсан шийдвэрийг үндэслэлгүй, хууль бус гэж үзэж шийдвэрлэсэн ба тухайн ажилчдын оронд Д.М, Э.Б, Б.Д, Н.Н нарыг ажилд томилон ажиллуулж байсан тул тухайн ажилчдад анх олгосон ажлаас халагдсаны тэтгэмж, амралтын мөнгө мөн ажилгүй байсан хугацааны нөхөн олговор, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, улсын тэмдэгтийн хураамж, өмгөөлөгчийн хөлс байгууллагад учирсан хохиролд тооцогдоно. Мөн 2016 онд ажлаас чөлөөлөгдсөн 19-н ажилтнаас 5-н ажилтанд нийт 5 774 200 төгрөгийн тэтгэмжийг цалингийн зардлаас олгож, зориулалтын бусаар зарцуулсан байна. Энэ нь Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5-д “Батлагдсан төсвийг зориулалтын хүрээнд зарцуулах” 41 дүгээр зүйлийн 41.2.2-д батлагдсан төсвийн хүрээнд зарлага гаргах”, Сангийн сайдын 2013 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 73 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар 5 дугаар зүйлийн 5.1-д “Төсвийн байгууллага энэ журмын 3.1.4-т заасан үндэслэлээр цалин хөлс, нэмэгдэл урамшуулал, нийгмийн даатгалын шимтгэлийн зардлын бүлэг болон дангаар хянагдах зардлын бүлгийн дүнг 20 хүртэл хувиар нэмэгдүүлэх зохицуулалтын хүсэлт гаргаж болно” гэснийг тус тус зөрчсөн ба үүний улмаас 2016 оны санхүүгийн тайланд Говьсүмбэр аймгийн аудитын газраас төлбөрийн акт тогтоосон. Энэ нь мөн байгууллагад учирсан хохиролд тооцогдоно.

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д “Ажиллагсад хөдөмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхгүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ” гэж заасны дагуу тус байгууллагын захирлын үүргийг гүйцэтгэж байсан С.У хууль бус, үндэслэлгүй гаргасан шийдвэрийн улмаас учирсан 29 442 093 төгрөгийн хохирлыг байгууллагын төсвөөс гаргаж барагдуулсан ба 5 774 200 төгрөгийн өртэй байна.

Иймд, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д “Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг ажилласан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй” гэж заасны дагуу байгууллагад учирсан нийт 35 216 293 төгрөгийн хохиролыг иргэн С.У гаргуулж, байгууллагын 100220037009 тоот дансанд тушаалгаж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ө шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:

Хариуцагч С.У нь Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдөр гаргасан хариу тайлбартаа “Миний бие ажиллаж байх хугацаандаа өөрийн эрх ашгийн төлөө нэг ч зүйл хийгээгүй бөгөөд Монгол Улсын хамгийн анхны цахим сургууль болгосон” гэсэн байдаг. Гэвч тус Уул уурхайн жишиг сургууль Политехник коллеж нь Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлсэн “Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх” хөтөлбөрийн хүрээнд Хөдөлмөрийн яам, Кареер Март ХХК-ийн хамтарсан e-TVeT төслийн хүрээнд 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдөр цахим сургууль болсон ба Цахим номын сан-1, Компьютерийн лаборатори-4, хичээлийн “А”, “Б” байр лабораторийн барилга камержсан байсан бөгөөд багш нар цахим хичээл хийж улс, бүсийн уралдаан тэмцээнд 1, 2 дугаар байр эзлэн “Зохиогчийн эрх” авч байсан сургууль юмаа. Хариуцагч С.У нь цахим сургууль болгох нэрийн дор иргэн Б.М ажил гүйцэтгүүлэх гэрээ байгуулсан нь зүйд нийцэхгүй байна. Учир нь манай сургууль цахим тоног төхөөрөмж, мэдээллийн сан, сүлжээ харицсан ажилтан Э.Б, Б.Б, мэдээлэл зүйн багш М.С, Д.Н гэсэн 4 орон тооны ажилтантай бөгөөд Б.Б, М.С  нар нь “Робокон” 2014, 2015, 2016, 2017 тэмцээн, “Автомат Роботын Улсын аврага”-аас 20 гаруй өргөмжлөл, медальтай авъяас чадвартай залуу боловсон хүчинтэй цахимжсан сургууль юмаа. Ийм байтал өөрийн сургуулийн боломж бололцоо, боловсон хүчний авъяас чадварыг ашиглалгүй иргэн Б.М “Цахим сургууль болж байгаатай холбогдуулсан сургуулийн түүхэн замналыг харуулсан инфографик, видео шторк бэлтгэх, 2016-2017 оны хичээлийн жилийн нэмэлт элсэлтийн видео шторк бэлтгэх” ажлуудыг хийж гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулсан нь үргүй зардал үүсгэх улмаар сургуульд 3 561 000 төгрөгийн хохирол учруулсан байна. Мөн “Интерактив өрөө”, “Цахим сургууль” байгуулах нэрийдлээр 8 010 778 төгрөгийн бараа материалын нэр бүхий компаниас худалдан авч тохижуулсан гэж байгаа боловч цахим сургуулийн нээлтийн ажиллагаан дээр ажилласан тоног төхөөрөмж байхгүй бөгөөд ажлаа хүлээлгэн өгөхөд нь болон одоо ажиллаж байгаа зүйлгүй болно. Эдгээр мөнгийг сургуулийн данснаас шилжүүлсэн байдаг ба энэ сургуульд учруулсан хохиролд тооцогдоно. Иймд, иргэн Мөнхтөрд 3 561 000 төгрөг бараа материалд 8 010 778 төгрөгийг үргүй зарцуулж сургуульд нийт 11 571 778 төгрөгийн хохирол учруулсан хэмээн үзэн нэхэмжлэлийн шаардлагыг 11 571 778 төгрөгөөр нэмэгдүүлж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ө шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:

С.У нь ажил гүйцэтгэх гэрээгээр иргэн Б.М 3 561 000 төгрөгийн цалин бодож олгохдоо 391 710 төгрөгийн НДШ, өмгөөлөгчийн хөлс 3 500 000 төгрөгийн цалинд 336 600 төгрөгийн НДШ-г тус тус сургуулиас төлсөн байна. Мөн С.У нь захирал байх хугацаандаа эрх мэдлээ урвуулан ашиглаж албан тушаалын унаа унаж шатахууныг сургуулиас гаргасан байтал цалин дээрээ нэмж унааны хөнгөлөлт 229 625 төгрөгийг, хоолны хөнгөлөлт сар бүр авдаг байтал “ДСБНТ” ХХК буюу “Dream grill” зоогийн газарт 3 090 500 төгрөгийн хоол, “Гэзэгт” ЗБН буюу “Дугуй” дэлгүүрээс 1 393 974 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүн хувьдаа авч ашигласан бөгөөд мөнгийг нь хүүхдийн хоолны мөнгөнөөс шилжүүлсэн байна. Үүнийг няравын тайланд тусгуулахдаа хүүхдүүдэд олгосон хоолны материал болгон бичиж хүүхдийн тоог нэм хийж зарлага үүсгэсэн нь баримтаар нотлогдож ба Сангийн сайдлын 2004 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 05 тоот тушаалын 6 дугаар хавсралт “Хууль тогтоомжийн дагуу төрөөс хүнсний бүтгээгдэхүүн болон хоолоор хангах үйлчилгээтэй холбогдосон /тухайлбал, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчийн хоолны зардал, сургалт, үйлдвэрлэлийн төвүүд болон ерөнхий боловсролын сургуулиудын хүүхдийн дотуур байрны хоолны зардал, хил дээр ажиллаж байгаа офицер, ахлагчийн хүнсний хангамжийн зардал гэх мэт/ зардлыг энэ ангилалд бүртгэнэ. Энэ зардал нь тухайн байгууллагын үндсэн үзүүлэлттэй шууд холбоотой эрх бүхий байгууллагаас батлагдсан норм, нормативын дагуу төлөвлөгдөж, гүйцэтгэл нь тооцогддог бөгөөд төлөвлөгөө болон гүйцэтгэлийн хоолны зардлын нийт хэмжээ нь тухайн үйлчилгээг авсан хүний тоотой шууд уялдсан байна” гэж заасныг зөрчсөн байна. Мөн манай байгууллага нь шүүхэд гэм хорын хохирол гаргуулах нэхэмжлэлтэй С.У холбогдох иргэний хэрэгт хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээгээр өмгөөлөгч З.А гэрээ байгуулсан бөгөөд өмгөөлөгчид үйл ажиллааны хөлсөнд 3 000 000 төгрөгийг төлсөн болно. Эдгээр нь бүгд байгууллагад учирсан хохирол болох тул нийт 8 442 409 төгрөгийг нэмэгдүүлэн нэхэмжилж байна. Ингээд байгууллагад учирсан 8 442 409 төгрөгийн хохирлыг иргэн С.У гаргуулж, байгууллагын 100220037009 тоот дансанд тушаалгаж өнгө үү гэжээ.

Хариуцагч С.У шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Миний бие 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Хөдөлмөрийн сайдын Б/200 тоот тушаалаар Говьсүмбэр аймаг дахь Политехник коллежийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч, 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Хөдөлмөрийн сайдын Б/28 тоот тушаалаар Говьсүмбэр аймаг дахь Политехник коллежийн захирлаар томилогдож ажиллаж байгаад 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн. Миний бие томилогдон очих үед тус байгууллагад санхүүгийн зөрчил маш их байсан бөгөөд Хөдөлмөрийн яамны дотоод аудитын шалгалтаа 200 гаруй сая төгрөгийн зөрчил, Говьсүмбэр аймгийн дотоод аудитаар 130 гаруй сая төгрөгийн зөрчил, мөн 6 сая гаруй төгрөгийн акт, 80 сая төгрөгийн өртэй байсан. Тиймээс би энэ зөрчил дутагдлыг арилгах арга хэмжээнүүдийг авч, мөн хариуцсан ажилдаа хайхрамжгүй хандаж, хариуцлагагүй ажиллаж, байгууллагад хохирол учруулсан холбогдох хүмүүсийг ажлаас чөлөөлсөн боловч хуулийн заалт буруу хэрэглэж ажлаас чөлөөлсөн гэх үндэслэлээр шүүх буцаан томилсон. Энэ нь миний зүгээс халах ёсгүй хүмүүсийг халсан биш үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан хүмүүсийг халахдаа алдаа гаргасан явдал юм. Мөн миний бие ажиллаж байх хугацаандаа өөрийн эрх ашгийн төлөө нэг ч зүйл хийгээгүй бөгөөд Монгол Улсын хамгийн анхны цахим коллеж болгож, мэргэжил бүхэн сайхан арга хэмжээнээс Улсын шилдэг бүтээлийн эзэн, анх удаа Монгол ур чадвар улсын уралдааныг өөрийн сургууль дээрээ зохион байгуулсан, улс бүсийн уралдаан тэмцээнд амжилттай орж, тэргүүн байруудыг эзэлсэн. Мөн төсөв санхүүгийн хүндрэлтэй үед санхүүгийн эхний хагас жилээр 40 сая төгрөгийн хэмнэлт хийж, 2017 онд ямар нэгэн өр, авлага байхгүй гаргаж байсан билээ.

Иймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул бүхэлд нь эсэргүүцэж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Н нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай холбоотойгоор шүүхэд гаргасан тайлбартаа:

П.Н миний бие П.К нэхэмжлэлтэй С.У холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Миний бие С.У өөрт олгогдсон итгэмжлэлийн хүрээнд нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагад дараахь хариу тайлбарыг хүргүүлж байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ө 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр нэмэгдүүлсэн 11 571 778 төгрөг, мөн 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр нэмэгдүүлсэн 8 442 409 төгрөг, бүхий нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь эсэргүүцэж байна. Эдгээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Эвлэрэн хэлэлцэх хүсэлгүй байна. Хариу тайлбарт холбогдох нотлох баримт, бусад тайлбарыг шүүх хуралдаанаас өмнө гаргаж өгнө гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Эхний нэхэмжлэлийн шаардлага нь 3 хүн ажлаас халаад эгүүлэн ажилд авсантай холбоотойгоор ажилгүйдлийн тэтгэмж 35 216 293 төгрөг олгосныг нэхэмжилж байна. Хариуцагч С.У нь тухайн байгууллагын удирдлага байсан. Шүүхийн шийдвэрийн дагуу ажлаас халагдсан хүмүүсийг эгүүлэн ажилд авч ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгосон байгаа. Шүүх шийдвэр гаргахдаа хэнд хамааралтай вэ, эсхүл ямар албан тушаалтанд хамааралтай вэ гэдгийг тогтоодог. Буруутай албан тушаалтан С.У мөн үү, биш үү. Үүнийг санхүүтэй холбоотой хохирол гэж байгаа бол Аудитын байгууллага хамааралтай. Үүнийг буруутай гэдгийг хэн тогтоох ёстой вэ. Буруутай гэж үзсэн тохиолдолд аудитын байгууллага шалгаад тогтоох ёстой. Гэтэл үүнтэй холбоотой ажиллагааг аудитын байгууллага хийгээгүй байсан. Өмнө нь тухайн байгууллага дээр тавигдсан аудит байгаа болохоос биш энэ аудитаар шүүхийн шийдвэртэй холбоотойгоор буруутай этгээд хэн бэ гэдгийг тогтоосон зүйл байхгүй байна. Тиймээс 35 216 293 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хүсэлтийн агуулгын хувьд тайлбар хэлэхэд тухайн байгууллага хохирсон гэж үзвэл байгууллагын цаана үүсэж байгаа мөнгөн хөрөнгө нь төрийн хөрөнгө гэж нэхэмжлэгч хэлж байна. Тэгвэл төр хохирсон гэж үзнэ. Төрийн хохирлыг нэхэмжлэх этгээд нь зөрчлийг тогтоосон этгээд байх ёстой болохоос биш тухайн байгууллага өөрөө байж болохгүй. Төр өөрөө хохирсон гэж үзэж байвал хэн буруутай болохыг тогтоогоогүй байж буруутай гэж үзэх үндэслэлгүй. Мөн нэхэмжлэлийн шаардлагаа хоёр удаа нэмэгдүүлсэн байгаа. Үүнд төсвийн хөрөнгийг хувьдаа зарцуулсан, хоол идсэн гэж яриад байна. Энэ нь төсвийн хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулсан уу, зарцуулаагүй юу гэдгийг тогтоох ёстой. Үүнийг нэхэмжлэгч талаас нотлох ёстой. Гэтэл үүнийг нотолж тогтоосон зүйл байхгүй. “ДСБНТ” ХХК буюу “Dream grill” зоогийн газар нь үйлчлүүлсэн үйлчлүүлэгчийн мэдээллийг өгч байгаа болохоос биш үйлчлүүлэгчийн хийсэн тооцоог төрийн хөрөнгөөс гарсан гэдгийг тогтоох боломжгүй. Мөнгөн хөрөнгийн задаргааны хувьд М болон Ө нарт 1 121 730 төгрөгийн тэтгэмж олгосон, ажилгүй байсан хугацааны амралтад хэн хэдэн төгрөг өгсөн талаар тухайн баримтад байгаа байх. Ө, Ц, М нарт олгосон 21 330 000 төгрөгийг тухайн байгууллага цалингийн сандаа тааруулан хариуцан олгосон байдаг. Тэгэхээр байгууллага өөрөө хариуцлага хүлээнэ. Шүүхийн шийдвэр байгууллагатай холбоотой гарсан болохоос биш У хамааралгүй. Мөн Ө, Ц, М нар нь шүүхээр маргах явцад өмгөөлөгч авсан байсан. Үүнтэй холбоотойгоор өмгөөлөгчийн зардал нэхэмжилсэн гэж байна. Өмгөөлөгчийн зардал нь Ө, Ц, М нарт хамааралтай болохоос биш байгууллагад хамааралгүй. Байгууллагаас өмгөөлөгчийн зардлыг нэхэх ёсгүй. Үүнд 3 866 600 төгрөгийг С болон Д өмгөөлөгч нарт олгох талаар нэхэмжилсэн байсан. Дээрээс нь одоо авч байгаа өмгөөлөгчийн хүрээнд авч үзэхэд өмгөөлөгчийн хөлсийг хаанаас нэхэмжилж байна вэ. Тэгэхээр буруутай этгээдэд хариуцлага ногдуулах ёстой. Аудитын тайланд Говьсүмбэр аймгийн Аудитын алба 5 774 200 төгрөгийн акт тавьсан байсан. Тэгвэл Аудит өөрөө хохирлыг нэхэмжлэх ёстой. Хариуцлага хүлээхгүй, үүргээ хэрэгжүүлэхгүй, аудитын шаардлагыг биелүүлэхгүй байгаа тохиолдолд Аудит ажиллагаа хийх ёстой. Түүнээс биш хэнд хамааралгүй этгээдийн өмнөөс хүссэн мөнгөн дүнгээ тавиад нэхэмжлэх эрх байхгүй. Мөн видео хийсэн төлбөр 3 952 770 төгрөгийг нэхэмжилж байна. Энэ нь агуулгын хувьд ойлгомжгүй мөнгө байгаа. Тухайн байгууллагыг удирдаж байгаа этгээд байгууллагын үйл ажиллагааг сайжруулахын тулд ямар нэгэн ажлыг зохион байгуулдаг. Энэ ажил үүрэгтэй холбоотой баримтуудыг өгсөн байгаа. Уг хийж бүтээсэн үйл ажиллагааг тухайн байгууллагад хэрэггүй гэж хэн хэлсэн бэ, ажиллахгүй байгаа гэдгийг яаж тогтоосон бэ, ашиглаж чадахгүй байгааг ч үгүйсгэхгүй байна. Тухайн байгууллагад тавьсан акт болгоныг тухайн байгууллагад ажиллаж байсан удирдлага руу хандуулах ёсгүй. Цахим сургууль байгуулах нэрээр 8 010 778 төгрөгийг хэрэглэх ёсгүй, зарцуулах ёсгүй байсан гэж яриад байна. Тухайн байгууллага удирдаж байхад хийж бүтээсэн үйл ажиллагаатай холбоотойгоор ажлаас чөлөөлөгдсөн байгаа. У ажлаас үндэслэлгүй халагдаад маргаж байгаа. Энэ байдалд тохироо хийх санал гаргавал бага мөнгө нэхэмжилнэ. Мөн унааны зардал 229 625 төгрөгийг нэхэмжилж байна. Үүнтэй холбоотой баримтыг хэрэгт өгөөгүй, хэрэгт өгсөн баримтууд нь хамааралгүй баримт байна. Энэ унааны зардлыг яг унааны зардалд зарцуулагдсан уу гэдгийг тодруулах шаардлагатай. Хувьдаа хэрэглэсэн гэх 1 399 777 төгрөг, 3 090 500 төгрөгийг хэн, юунд зарцуулсан бэ гэдгийг нэхэмжлэгч тал нотлох ёстой. Үүнийг хууль тогтоомжид заасны дагуу У гэх хүн буруутай тул У гаргуулах нь үндэслэлтэй байна гэсэн шийдвэр байх ёстой. Одоо өмгөөллийн ажиллагаа явуулж байгаа өмгөөлөгчид хөлс өгөх зорилгоор 3 000 000 төгрөг нэхэмжилж байвал өмнө нь авсан гэх өмгөөлөгчийн зардал мөн адил хамаарна. Тиймээс 55 230 337 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч талаас У буруутай гэж тогтоох ёстой. Буруутай гэж тогтоох ажиллагаа хийгдээгүй тохиолдолд У хамааралтай гэж үзэх үндэслэлгүй. Хоёрдугаарт Говьсүмбэр аймаг дахь Политехник коллеж нь нэхэмжлэгч мөн үү, биш үү. Үүнийг төсөв гэж үзэж байгаа бол төсвийн өмнөөс хэн хариуцлага хүлээх вэ, энэ мөнгөн хөрөнгө хамааралтай эзэнтэй учраас буруутай этгээдийг тогтоох ёстой. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч Говьсүмбэр аймаг дахь П.К нь хариуцагч С.У холбогдуулан байгууллагад учруулсан гэм хорын хохирол 35 216 293 төгрөг, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа 20 014 187 төгрөг, нийт 55 230 480 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Д.Ө нэхэмжлэгчийг төлөөлөх эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан, мөн “... иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсаны улмаас захиргааны байгууллагад учирсан хохирлыг гэм буруутай албан тушаалтнаар буцаан төлүүлэх үүргийг тухайн захиргааны байгууллагын дээд шатны байгууллагын дотоод аудитын нэгж хариуцна, дотоод аудитын нэгж байхгүй бол төрийн аудитын байгууллага хариуцах тул Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д зааснаар Говьсүмбэр аймаг дахь Политехник коллеж нэхэмжлэл гаргах эрхгүй ...” хэмээн маргана.

1. Говьсүмбэр аймаг дахь Политехник коллежийн улсын бүртгэлийн гэрчилээнд итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийн нэр байхгүй, Ш.О захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон тушаал, хөдөлмөрийн гэрээ хэрэгт авагдаагүй хэдий ч Говьсүмбэр аймаг дахь Политехник коллежийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ш.О ажилладаг болох нь хавтаст хэрэгт авагдсан Говьсүмбэр аймаг дахь Политехник коллежийн захирлын тушаалууд /2хх-20, 56/, Говьсүмбэр аймгийн Аудитын газрын акт /1хх-156/, албан шаардлага /1хх-198/, өмгөөлөгчтэй хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан баримт, Д.Ө олгосон итгэмжлэл зэргээр нотлогдож байх ба тэрээр тухайн байгууллагыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй юм.

Иймд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д “хуулийн этгээд төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болно”, мөн хуулийн 35.2-д “...төлөөлөх эрх олгогдсоныг гэрчилсэн баримт бичгийг шүүхэд үзүүлнэ” гэж зааснаас үзэхэд Говьсүмбэр аймаг дахь Политехник коллежийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ш.О нь Д.Ө итгэмжлэл олгон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах эрхтэй байна.

Тодруулбал, Д.Ө олгосон итгэмжлэл нь хэргийн оролцогчийн төлөөлөгчийн бүрэн эрхийг тодорхойлсон ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-д заасан хуулийн шаардлагыг хангасан байна.

2. Захиргааны ерөнхий хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, Төрийн албаны тухай хуулийн 4.2.7, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т заасны дагуу хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад гаргасан алдааны улмаас төрийн албан хаагчийн учруулсан хохирлыг төр хариуцан арилгана гэж заажээ.

Дээрх хуулийн заалтууд нь буруутай этгээдийн өмнөөс төр, бусад аж ахуйн нэгж байгууллага гэм хорын хохирлыг хариуцан арилгах заалт ба харин төр, бусад аж ахуйн нэгж байгууллага нь буруутай этгээдээс Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д зааснаар өөрт учирсан хохирлыг шаардан гаргуулах эрхтэй.

2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.2, 103.3-т зааснаар иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас захиргааны байгууллагад учирсан хохирлыг гэм буруутай албан тушаалтнаар буцаан төлүүлэх үүргийг тухайн захиргааны байгууллагын дээд шатны байгууллагын дотоод аудитын нэгж хариуцна, дотоод аудитын нэгж байхгүй бол төрийн аудитын байгууллага хариуцахаар хуульчилсан.

Өөрөөр хэлбэл, 55 230 480 төгрөгийн хохирлыг арилгаснаас өөрт учирсан хохирлоо арилгуулах эрх Говьсүмбэр аймаг дахь Политехник коллежид хуулиар олгогдоогүй, харин түүний дээд шатны байгууллагын дотоод аудитын нэгж, энэ нэгж байхгүй бол төрийн аудитын байгууллага энэ талаарх нэхэмжлэлийг тус шүүхэд гаргах эрхтэй байна.

Иймд, Говьсүмбэр аймаг дахь Политехник коллежид энэхүү нэхэмжлэлийг гаргах эрх олгогдоогүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Хуульд зааснаар эрх бүхий этээд буюу холбогдох аудитын нэгж болон уг нэгж байхгүй бол төрийн аудитын байгууллага дээрх хохирлыг нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

3. Шүүх хуралдаан даргалагчаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.1.-д зааснаар шүүх бүрэлдэхүүн болон оролцогчдыг нэр заан танилцуулж, хуульд заасан татгалзан гаргах эрх, үндэслэлийг тайлбарлан, татгалзал байгаа эсэхийг асуухад зохигч хэн аль нь татгалзах зүйлгүй гэж хариулсан атлаа хуульд заасан журам, дэгийн дагуу шүүх хуралдаан даргалагч шүүх хуралдаанд оролцогчдод эрх, үүргийг нь тайлбарлан өгч, шинэ нотлох баримт бүрдүүлэх, хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдсон бусад асуудлын талаар хүсэлт байгаа эсэхийг асуухад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөлөгч П.Н нь нэхэмжлэлийн шаардлага 55 230 480 төгрөгийн хөрөнгийг тус байгууллагад анх төвлөрүүлэхдээ ямар эх сурвалжаас төвлөрүүлснийг тогтоох нотлох баримтуудыг нэхэмжлэгч байгууллагаас гаргуулах, шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох хүсэлтийг тус тус гаргасныг бусад оролцогчийн саналыг сонсмогц шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1.-д заасны дагуу дээрх хүсэлтүүдийг даруй шийдвэрлэж, хангахгүй орхиж, шүүхийн тогтоол гаргасан.   

Гэтэл хүсэлтийг хангахгүй орхисонтой холбогдуулан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх бүрэлдэхүүнийг татгалзан гаргах хүсэлт гаргасан ба татгалзан гаргах эрх дуусгавар болсон тул шүүх хуралдааныг дэгийн дагуу үргэлжлүүлэн хэргийг шийдвэрлэсэн болно.

Учир нь, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1.-д зааснаар энэ хуулийн 91 дүгээр зүйлд заасан татгалзан гарах үндэслэл байвал шүүгч, иргэдийн төлөөлөгч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга энэ тухайгаа шүүх хуралдаан эхлэхээс өмнө, эсхүл татгалзан гарах үндэслэл шүүх хуралдааны явцад тогтоогдвол тухайн үед нь мэдэгдэж татгалзан гарах үүрэгтэй ба хуулийн уг зохицуулалтад хамаарах үндэслэл үүсээгүй.

Харин энэ зүйлийн 92.2.-т “энэ хуулийн 91 дүгээр зүйлд заасан үндэслэлээр шүүгч, иргэдийн төлөөлөгч, шинжээч, орчуулагч, хэлмэрч, шүүх хуралдааны нарийн бичгийн  даргыг татгалзан гаргах тухай хүсэлтийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгч гаргаж болно. Дээр дурдсан этгээд шүүх хуралдаан эхлэхээс өмнө, эсхүл татгалзан гарах үндэслэл шүүх хуралдааны явцад тогтоогдвол тухайн үед нь мэдэгдэх үүрэгтэй” гэж заасан. Шүүх хэргийн оролцогчдоос шүүх бүрэлдэхүүнийг татгалзан гаргах үндэслэл байгаа эсэх талаар хуульд заасан шүүх хуралдааны дэгийн дагуу хэргийг агуулгаар хэлэлцэхээс өмнө татгалзах үндэслэл байгаа эсэхийг асуухад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч татгалзан гаргах үндэслэл байхгүй гэж хариулсан атлаа хүсэлт шийдвэрлэсэнтэй холбоотойгоор татгалзсан нь “татгалзан гарах үндэслэл шүүх хуралдааны явцад тогтоогдвол” гэх үндэслэлд хамаарахгүй.

Өөрөөр хэлбэл, шүүгчийг татгалзан гаргах үндэслэл байгаа эсэхийг шүүх тухайн хэргийг хэлэлцэх ажиллагаанаас өмнө асуух хуульд заасан журам нь шүүх хуралдааныг дээрх үндэслэлээр хойшлуулах боломжийг урьдчилан тогтоосон агуулгатай болно. Шүүх хуралдааны явцад шүүгчийг татгалзан гаргах үндэслэл илэрвэл хэргийн оролцогч энэ талаар шүүхэд мэдэгдэх үүрэгтэй болохоос бус шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргах боломжгүй юм.

Иймээс шүүх хуралдааныг дэгийн дагуу үргэлжлүүлэн хэргийг шийдвэрлэсэн болно.

Энэхүү нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5, Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д зааснаар хариуцагч С.У 55 230 480 /тавин таван сая хоёр зуун гучин мянга дөрвөн зуун наян/ төгрөг гаргуулах тухай Говьсүмбэр аймаг дахь Политехник коллежийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр, аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.