Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/230

 

 

 

 

 

 

 

 

 

     2022          05             24                                                 2022/ШЦТ/230                                        

 

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Х.Норжинпил,

улсын яллагч П.Даваасүрэн,

шүүгдэгч М.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б М.Ат холбогдох эрүүгийн 2234000440059 дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.         

         

                             Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дархан-Уул аймгийн Дархан суманд 1987 оны 12 дугаар сарын 29-ний өдөр төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэр, хүүхдийн хамт, улсаас авсан гавьяа шагналгүй,

Урьд Сэлэнгэ аймгийн шүүхийн 2006 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 76 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан,

Дархан-Уул аймгийн сум дундын шүүхийн 2007 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 96 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан,

мөн тус шүүхийн 2008 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 110 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.6, 91.2.15, 91.2.18, 125.1, 126.1-т тус тус зааснаар 25 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, өмнөх шүүхийн 2007 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 96 дугаартай шийтгэх тогтоолоор 2 жилийн хорих ял оногдуулж, 1 жилийн хугацаагаар тэнссэнийг сэргээж 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэсэн ялыг 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 93 дугаартай шүүгчийн захирамжаар өршөөн хэлтрүүлсэн,

Булган аймгийн Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 221 дугаар шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, 2.7 дахь хэсэгт тус тус зааснаар 18 жил, 04 сар, 26 хоног болсон үлдэгдэл 04 жил, 06 сар, 24 хоногийг 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн шүүгчийн захирамжаар хугацааны өмнө тэнсэн суллагдаж байсан

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 462 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 500 /таван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн 1 /нэг/ хоногоор тооцож 62 /жаран хоёр/ хоногийн хорих ял дээр өмнөх Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2008 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 110 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 25 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 4 жил 6 сар 24 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 4 /дөрөв/ жил 8 /найм/ сар 26 /хорин зургаа/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосон, бие эрүүл, дугаарын регистртэй, Б М.А,

 

                                    Холбогдсон хэргийн талаар

                                   /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч М.А нь 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний биед хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдэж, тэнсэнгийн хугацаандаа дахин гэмт хэрэг үйлдсэн үйлдэлдээ 4 жил 8 сарын хорих ялаар шийтгүүлэн Төв аймгийн Зуунмод сумын Шүүхийн байрны түр саатуулан хорих байранд хоригдож байхдаа оргон зайлсан гэмт хэрэгт холбогджээ.                

 

Шүүхийн хэлэлцүүлэгт 

Шүүгдэгч М.А:

...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэж мэдүүлжээ.

 

Үйл баримтын талаар:

Эрүүгийн 2234000440059 дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

Шүүгдэгч М.Аын 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний биед хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдэж, тэнсэнгийн хугацаандаа дахин гэмт хэрэг үйлдсэн үйлдэлдээ 4 жил 8 сарын хорих ялаар шийтгүүлэн Төв аймгийн Зуунмод сумын Шүүхийн байрны түр саатуулан хорих байранд хоригдож байхдаа оргон зайлсан үйл баримт нь дараах

гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр хуудас/,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 5 дугаар хуудас/,

хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 6-7 дугаар хуудас/,

шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 20-ний өдрийн 07/26 дугаартай ...Монгол улсын иргэн Б.Баянбатын өмчлөлийн 1 толгой эр хонь, 1 толгой эр ямаа, 1 толгой хязаалан ямааны зах зээлийн үнэ цэнэ нь үнэлгээний өдөр болох 2022 оны 01 дүгээр сарын 15-ны байдлаар 463.000 /дөрвөн зуун жаран гурван мянга/ төгрөг болно... гэх дүгнэлт /хх-ийн 32-44 дүгээр хуудас/,

гэрч Г.Цэрэндоржийн ...Өнөөдөр буюу 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Төв аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас яллагдагч М.Аыг би хуяглан шүүх дээр авч ирж саатуулах байранд хийгээд өдөр 11 цаг өнгөрч байх үед М.Ат холбогдох шүүх хурал эхэлсэн тухайн үед шүүх хурал дээр М.Аыг 4 жил 8 сарын хорих ялаар шийтгүүлэх ял авсан тухайн үед шүүгчээр нь Ю.Энхмаа байсан ба алхаа цохьсоноор шүүх хурал дуусч М.Аыг би шүүхийн саатуулах байр луу авч явсан тухайн үед М.А нь би нойл орж бие засмаар байна гэхээр нь би нойл руу авч орж бие засуулаад шууд саатуулах байранд оруулсан. Хэсэг хугацааны дараа 12 цагийн үед саатуулах байранд чимээ гарахаар нь яваад ортол саатуулах өрөөний хаалт төмөр нь салаад газар унасан байдалтай байсан би Ааас юу болсон гээд асуухад энэ төмөр нь өөрөө салаад уначихлаа би бие засч болох уу гэхээр нь би нойл руу дагуулан орж бие засуулаад буцаагаад саатуулах байранд хийж хаалгыг нь цоожлоод түлхүүрээ жижүүрийн ширээн дээр үлдээсэн би маргааш нь буюу 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр зөвлөлийн хуралд орох байсан тул жижүүр дээр гарч байсан дэд ахлагч цолтой Хонгорт би явж юмаа бэлдлээ гэж хэлээд гараад явсан. Намайг гэрлүүгээ явж байх замд Хонгор над руу залгаад нөгөө М.А алга болсон байна хурдан хүрээд ир гэхээр нь би явж очоод хартал байхгүй байсан би Өндөр довийн постон дээр үүрэг гүйцэтгэсэн... /хх-ийн 9 дүгээр хуудас/,

гэрч О.Хонгорын ...Өнөөдөр буюу 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр шүүхийн газарт шүүхийн харуулын цагдаа дэд ахлагч Мөнхтөрөөс үүрэг хүлээн аваад ажилдаа орсон М.А гэх хүнийг дэд ахлагч Мөнхтөр, дэд ахлагч Цэрэндорж нар нь шүүхийн шийдвэрээс хуяглан шүүхийн байранд авч ирэн саатуулах байранд оруулаад М.Аын шүүх хурал өдөр 11 цаг болж байх үед эхэлсэн тухайн хуралд дэд ахлагч Цэрэндорж хамгаалалтад ажилласан уг шүүх хурал нь 12 цагт дуусаад М.Аыг шүүх саатуулах байранд авч оруулан хийсэн. Үүний дараа 12 цаг 50 минутын үед дэд ахлагч Цэрэндорж нь М.Аыг бие засуулахаар авч гараад буцаагаад саатуулах байранд хийгээд надад дэд ахлагч Цэрэндорж би явлаа гэж хэлээд явсан. Тухайн үед жижүүрийн хяналтын камер нь гацсан мөн асаж унтраад байсан. Удалгүй дэд ахлагч Мөнхтөр шүүх хуралдаанаас гарч ирээд саатуулах байрны урдуур явахад дотор байсан шүүгдэгч Эрдэнэбаатар хөөе гэж орилсон тэгэхээр нь Мөнхтөр бид хоёр араас нь ортол М.А тор даваад гараад явчихлаа гэж шүүгдэгч Эрдэнэбаатар хэлсэн тухайн үед шууд Цэрэндорж руу М.А алга болчихлоо гэж яриад чи шүүх шүүгчийн аюулгүй байдлыг хангах ажил хариуцсан байцаагч ахмад Чинзоригт мэдэгд гэж хэлээд М.Аыг хайж олохоор би дэд ахлагч Мөнхтөрийн хамтаар гарч хайсан удалгүй надад М.А олдлоо гэж хэлсэн... /хх-ийн 11 дүгээр хуудас/,

 гэрч А.Содмэргэний ...2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 13 цаг 20 минутын үед Эрүүгийн цагдаагийн тасгийн дарга цагдаагийн хошууч Г.Жанчив нь хэсгийн дарга хошууч Баасанхүү нарын хамт шүүхээс оргосон гэх М.Аыг хайхаар гарсан тухайн үед Төв аймгийн Зуунмод сумын төвөөр явж байгаад ахмад Чинзоригтой утсаар холбогдоход машинд сууж амжаагүй байгаа юм шиг байна  цэнхэр цамцтай саарал малгайтай явж байгаа гэж хэлсэн би Баасанхүү хэсгийн даргатай холбогдоход хамт Улаанбаатар хот явье М.А нь хот явсан байж магадгүй гэж хэлсэн тэгэхээр нь ажил дээр ирээд Баасанхүү даргын машинд суугаад хөдөлж байхад Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр багийн нутагт байх Бугатын байрны ард талын грашнаас цэнхэр цамцтай хүн хуульчдын хотхон руу гуйж байхыг би хальт харсан Баасанхүү даргад тийшээ адилхан хувцастай хүн гүйлээ гэж хэлээд бид хоёр орсон гудамж руу нь ороод хартал доогуураа хар женсэн өмдтэй дээгүүрээ цэнхэр цамцтай, хар саравчтай малгайтай хүн бид хоёр луу харчхаад цааш алхаад яваад байсан. Би М.Аын таниулах зургийг харчхаад тухайн этгээдийн хажуу талд буугаад шалгахад маскийг нь доошлуулахад М.А мөн байсан Баасанхүү дарга бид хоёр аваад шууд цагдаагийн газарт ирсэн ... /хх-ийн 13 дугаар хуудас/,

сэжигтэн М.Аын ...Би эрх үүрэгтэй танилцахгүй, би мэдүүлэг өгөхгүй, гарын үсэг зурахгүй надад ямар ч хэлэх зүйл байхгүй... /хх-ийн 15 дугаар хуудас/,

яллагдагч М.Аын ...Би мэдүүлэг өгөхгүй... /хх-ийн 90 дүгээр хуудас/, гэсэн мэдүүлгүүд болон шүүгдэгч М.Аын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 16, 67 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гэм буруу болон хууль зүйн дүгнэлт: 

Шүүгдэгч М.Аын 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний биед хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдэж, тэнсэнгийн хугацаандаа дахин гэмт хэрэг үйлдсэн үйлдэлдээ 4 жил 8 сарын хорих ялаар шийтгүүлэн Төв аймгийн Зуунмод сумын Шүүхийн байрны түр саатуулан хорих байранд хоригдож байхдаа оргон зайлсан үйл баримт тогтоогдсон гэж үзсэн.

 

            Гэм буруугийн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:

            Улсын яллагч П.Даваасүрэн:

            ...Шүүгдэгч М.А нь 2021 оны 12 дугаар сарын 13-нд эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний биед хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдэж тэнсэнгийн хугацаандаа дахин гэмт хэрэг үйлдсэн үйлдэлдээ 4 жил 8 сар шийтгүүлэн шүүхийн түр саатуулах байранд хоригдож байхдаа оргон зайлсан гэмт хэргийг санаатайгаар үйлдсэн байна. Шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл нь хавтас хэрэгт авагдсан гэрчүүдийн  мэдүүлэг, камерын бичлэг болон бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байгаа учраас шүүгдэгч М.Аыг эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох саналыг шүүхэд оруулж байна... гэсэн дүгнэлтийг,

 

            Шүүгдэгч М.А:

            ...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэсэн мэдүүлгийг тус тус гаргаж мэтгэлцдэг.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчийн шүүгдэгч М.Аыг гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч маргадаггүй бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа талаараа илэрхийлдэг.

 

Учир нь шүүгдэгч М.А нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзэн шийтгэх тогтоолын үндэслэл болгож шийдвэрлэлээ.

 

Өөрөөр хэлбэл гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд шүүгдэгч М.А дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлдэг.

                            

Прокуророос шүүгдэгч М.Аын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Хорих ял шийтгүүлсэн ялтан оргон зайлсан...” гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”.:. гэж тус тус хуульчилсан.

 

Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран үйлдсэн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг, мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.

 

Шүүгдэгч М.Аын холбогдсон тухайн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн хорин нэгдүгээр бүлэг “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэрэг”-т хамааруулсан байдаг.

 

Тухайлбал шүүгдэгч М.Аыг 4 жил 6 сар 24 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, мөн хугацаагаар хяналт тогтоосон хугацаанд шинээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлсэн ба шүүх энэ хэрэгт нь 500 /таван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, хорих ялаас хугацаанаас өмнө суллагдсан хүн хяналтын хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол эдлээгүй үлдсэн ял дээр шинээр үйлдсэн гэмт хэрэгт оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасан журмаар нэмж нэгтгэнэ гэсний дагуу түүний эдлээгүй үлдсэн 4 жил 6 сар 24 хоногийн хорих ял дээр Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 462 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан таван зуун цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож 62 /жаран хоёр/ хоногийн хорих ял нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 4 жил 8 сар 26 хоногийн хорих ялаар тогтоож шийдвэрлэсэн байна.

 

Гэтэл шүүгдэгч М.А нь шүүхээс 4 жил 8 сар 26 хоногийн хорих ял шийтгүүлсэний дараа тус шүүхийн түр саатуулах байранд хоригдож байхдаа оргон зайлсан байна.

 

Дээрхтэй нөхцөл байдалтай холбож үзэхэд шүүхээс хорих ял шийтгүүлсэн ялтан М.Аын оргон зайлсан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл нь гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсан байхыг шаардахгүй ба оргон зайлах үйлдэл хийснээрээ төгсдөг, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

 

Тиймээс прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.11 зүйлийн 1 дэх зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнэлээ. 

 

Тэрээр шүүгдэгч М.Аын шүүхээс хорих ял шийтгүүлж ялтан болсныхоо дараа шүүхийн түр саатуулах байранд хоригдож байхдаа оргон зайлсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр юм.  

 

Иймд шүүгдэгч М.Аыг шүүхээс хорих ял шийтгүүлсэн ялтан оргон зайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:  

            Эрүүгийн хариуцлага болох ял шийтгэлийн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:

            Улсын яллагч П.Даваасүрэн:

            ...Шүүгдэгч М.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, оногдуулсан 1 жилийн хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 4 жил 8 сар 26 хоногийг нэмж нэгтгэн нийт 5 жил 8 сар 26 хоногийн хорих ялыг, нээлттэй хорих ангид эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч М.А нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн сиди 1 ширхгийг хэргийн хамт хадгалахыг, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгчээс гаргуулах зардалгүй байна... гэсэн дүгнэлтийг,

 

            Шүүгдэгч М.А:

            ...Гэм буруугийн тал дээр маргахгүй байгаа гэхдээ шүүхээс хүсэх зүйл байна. Миний бие нь өрөөсөн бөөртэй тухайн үед түр саатуулах байранд байхдаа цагдаадаа удаа дараа бие засмаар байна гэж хэлсэн боловч намайг ерөөсөө тоогоогүй тэгээд гарсан нь үнэн миний буруу энэ үйлдэлдээ маш их гэмшиж байгаа тийм учраас шүүхээс надад оногдуулж байгаа ялыг хөнгөрүүлж ялын доод хэмжээ 6 сарын ял оноож өгөөч гэж хүсэж байна... гэсэн мэдүүлгийг тус тус гаргасан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэл оногдуулах тухай дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчийн шүүгдэгч М.Ат оногдуулах хариуцлагын дүгнэлттэй танилцаж, ялыг багасгах саналаа илэрхийлдэг.

 

            Шүүх шүүгдэгч М.Ат хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдлыг харгалзан үзэхээс гадна үйлдсэн гэмт хэрэгт чин санаанаас гэмшиж, анхнаасаа гэм буруугийн талаар маргахгүй хүлээн зөвшөөрч байгаа зэрэг байдлыг харгалзан  хорих ялыг хөнгөрүүлэн эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж дүгнээд хорих ялыг 6 /зургаа/ сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэх нь тохирно гэж үзлээ.

 

Шүүх шүүгдэгчид оногдуулсан 6 /зургаа/ сарын  хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 4 /дөрөв/ жил 8 /найм/ сар 26 /хорин зургаа/ хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 5 /тав/ жил 2 /хоёр/ сар 26 /хорин зургаа/ хоногийн хугацаагаар тогтоож,

 

Шүүгдэгч М.Ат оногдуулсан хорих ялыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдлыг харгалзан мөн хуульд заасны дагуу нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Энэ гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг байхгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Бусад асуудлын талаар

Эрүүгийн 2234000440059 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч М.А энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцон гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг,

эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сиди 1 ширхгийг хэргийн хамт хадгалахыг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.    

 

    Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан

шийдвэрлэх тухай хуулийн 17.4., 36.1., 36.2., 36.4 дүгээр зүйлийн 2.,

       36.6., 36.7., 36.8., 36.10, 36.13., 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2

          дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага

                                                болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б М.Аыг шүүхээс хорих ял шийтгүүлсэн ялтан оргон зайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Шүүгдэгч Б М.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч Б М.Ат энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор буюу Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 462 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 4 /дөрөв/ жил 8 /найм/ сар 26 /хорин зургаа/ хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг 5 /тав/ жил 2 /хоёр/ сар 26 /хорин зургаа/ хоногийн хугацаагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б М.Ат оногдуулсан 5 /тав/ жил 2 /хоёр/ сар 26 /хорин зургаа/ хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн 2234000440059 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч М.А нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг,

эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сиди 2 ширхгийг хэргийн хамт хадгалахыг тус тус дурдсугай.

 

6. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б М.А энэ хэрэгтээ таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, өмнөх шийтгэх тогтоолоор цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсаныг үргэлжлүүлэхийг тус тус дурдаж, түүний хорих ял эдлэх хугацааг 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

           

9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б М.Ат авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Ш.ГАНДАНСҮРЭН