Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 102/ШШ2018/00809

 

2018 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 102/ШШ2018/00809

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, .... дүүрэг, ... дугаар хороо, ... дугаар хороолол, ... дүгээр байр, ... тоотод оршин суух, ... овогт ...гийн ... /РД: .../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, ... дугаар хороо, ... дугаар хороолол, .... байранд байрлах, М.Т.ХХК /РД: 2571889/-д холбогдох,

Орон сууц барих гэрээний үүрэгт илүү төлсөн болон зээлийн хүүгийн төлбөрт нийт 28,146,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэтулга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Мөнх-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Оын шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч Д.О би .... дүүргийн ... дүгээр хорооны нутаг, .... /18222/ 3 дугаар хэсэг гудамж, 143 айлын орон сууцны ...дүгээр байрны 3 тоот ...м2 талбай бүхий орон сууцны өмчлөгч юм. Олон улсын хүүхдийн Найрамдал төв болон М.Т.ХХК-ийн хооронд байгуулсан 2014 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн гэрээгээр тус төвийн 15 ажилтны нийгмийн асуудлыг шийдэж, М.Т.ХХК нь Найрамдал төвийн газар дээр барьсан орон сууцныхаа төлбөрөөс уг 15 ажилтанд 30 хувийн хөнгөлөлт олгохоор болсон. Энэ 15 ажилтны тоонд Д.О миний бие орсон. Хариуцагч М.Т.ХХК нь уг орон сууцны 1 м2-ийг 2,200,000 төгрөгөөр зарж байгаа, дээрх гэрээний 3.8-т зааснаар 30 хувь бууруулж 1,500,000 төгрөгөөр бодож ав гэх санал тавьсан. М.Т.ХХК-г үнэн хэлж байгаа гэж итгэж, Д.О нь 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулж, 21,850,000 төгрөгийг бэлнээр, 50,000,000 төгрөгийг Голомт банкны 8 хувийн хүүтэй ипотекийн зээл авч төлбөрийг барагдуулсан. Гэтэл бодит байдал дээр уг байрны 1 м2 нь 1,350,000 төгрөгөөр зарагдаж байсныг олж мэдээд тус компанийн 1 м2 нь 2,200,000 төгрөгөөр худалдаалагдаж байгаа гэсэнд төөрөгдөж хохирол хүлээснээ мэдлээ. Энэ орон сууцны м2-ийн үнийг 1,350,000 төгрөгөөр тооцож гэрээнд зааснаар 30 хувиар бууруулвал 945,000 төгрөг болох байжээ. Үүнээс үзвэл Д.О би 26,584,500 төгрөгийг илүү төлж хохирсон байна. Энэ 26,584,500 төгрөгийг банкнаас 8 хувийн хүүтэй зээлснээр өнөөдрийн байдлаар зөвхөн тухайн илүү төлсөн 26,584,500 төгрөгийн хүүнд 1,562,300 төгрөгийг төлж хохирсон. Иймд М.Т.ХХК-иас илүү төлсөн 26,584,500 төгрөг, хүүнд төлсөн 1,562,300 төгрөг, нийт 28,146,800 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

Гэрээ 2014 онд байгуулагдаад 6 удаа төлбөр хийгдсэн бөгөөд уг гэрээ нь 2016 оны гэрээ гэх тул түүнийг тодорхойлохын тулд хүсэлт гаргасан. 2015 онд Найрамдал зусланд М.Т.ХХК-ийн барьсан байрны 1 м2-ийг 2,500,000 төгрөгөөс 30 хувь хямдруулаад 1,500,000 төгрөгөөр худалдаж авч байсан. Түүнээс хойш би гэртээ байж байхад хүн ирж хаалга тогшоод уг байрыг хэр чанартай баригдсан эсэхийг үзсэн бөгөөд энд байр авах гэж байгаа талаар тайлбарлаж байсан. Тэгээд тэр хүнээс байр ямар үнэтэй байгаа талаар асуухад 1,350,000 төгрөг, сүүдэр тал руугаа харсан цонхтой нь 1,300,000-аас 1,250,000 төгрөг байна гэсэн. Тэгээд би байрны хүмүүсээс судлахад нэг ч хүн 2,500,000 төгрөгөөр байр аваагүй байсан. Тиймээс би төөрөгдөлд ороод зараагүй үнээр буюу өндөр үнээр худалдаж авсан байна гэж бодоод тухайн иргэдийн худалдаж авсан үнээс харьцуулан тооцож нэхэмжлэлийн шаардлагаа гаргаж байгаа. Өмнө нь худалдаж байсан үнэ болон байрыг зарсан үнийг нотлон тогтоохын тулд татварын баримтаас гаргуулах хүсэлт гаргасан. Миний худалдаж авсан байрны бодит үнэ нь 1,300,000 төгрөг бөгөөд үүнээс 30 хувь хөнгөлөгдөж 900,000 орчим төгрөгөөр тооцоод, банкнаас 20,000,000 төгрөгийн зээлж авсан, зээлийн төлбөр болон зээлийн хүү, буурах ёстой үнийн дүнгийн нийлбэрээр тооцоод нийт 28,146,800 төгрөг нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагч М.Т.ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэтулгын шүүхэд гаргасан хариу тайлбарт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Олон улсын Найрамдал төв болон М.Т.ХХК нь 2014 оны 2 дугаар сарын 10-ны өдөр Орон сууц барих тухай гэрээ байгуулан Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 150 айлын орон сууц барихаар харилцан тохиролцож, гэрээний 2.1-д заасны дагуу барилга барих, ашиглах, захиран зарцуулах эрхтэй болсон. М.Т.ХХК нь орон сууцны хороолол, хотхоны байрны 1 м2-ийн үнийг 2,500,000 төгрөгөөр тооцон орон сууц захиалгаар бариулах гэрээг байгуулан бусдад борлуулсан байдаг. Жишээлбэл: 2014 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр №5 тоот гэрээг иргэн Г.Оюунболдтой байгуулж, орон сууцны 1 м2-ийг 2,500,000 төгрөг, 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдөр №К16 тоот гэрээг иргэн Б.Ганбаттай байгуулж, 1 м2-ийг 2,500,000 төгрөгөөр, 2016 оны 12 дугаар сарын 5-ны өдөр №К67 тоот гэрээг иргэн П.Жамъяндоржтой байгуулан 1 м2-ийг нь 2,500,000 төгрөгөөр тус тус худалдсан байдаг.

 

Найрамдал төвтэй байгуулсан гэрээний 3.8-д заасны дагуу Найрамдал зуслангийн нэр бүхий 15 ажилтанд хөнгөлөлттэй үнээр буюу 1,500,000 төгрөгөөр орон сууцны 1 м2-ийг нь худалдсан. Эдгээр гэрээ байгуулсан 15 хүнд буюу Н.Лхагва, Д.О, Ж.Кимка, О.Бямбаа, Ц.Бүрэндэлгэр, Ц.Батбаяр, Р.Баяр, А.Янжинсүрэн, С.Батдэлгэр, Ч.Энхтуяа, Н.Байгальмаа, Б.Мөнхтөр, Ц.Булганхүү, Ё.Гажиймаа, Д.Батжаргал нарт 30 хувийн хөнгөлөлт үзүүлээд 1,500,000 төгрөгөөр орон сууцны 1 м2-ийг тооцож худалдах гэрээ байгуулж худалдсан. Гэрээний анхны үнэ нь 2,500,000 төгрөг байсан. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, агуулгад дурдагдсан 1,300,000 төгрөгөөр худалдаж байсан тухай тайлбар нь баримтаар нотлогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэзээ, хэн гэдэг хүнтэй 1,300,000 төгрөгөөр гэрээ байгуулсан эсэхийг тогтоохгүйгээр хүний ам үгэнд итгэж, шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй юм. Эдгээр 15 иргэн нь хүлээн зөвшөөрөөд, гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлж төлбөрөө төлж дууссан бөгөөд энэ тухай баримт нь хэрэгт авагдсан байгаа. Уг нэхэмжлэлийн шаардлага болох 28,146,800 төгрөгийн шаардлага нь хэрхэн тооцож гаргасан эсэх нь эргэлзээтэй, ямар гэрээ хэлцлийг үндэслэж шаардлага гаргаад байгаа, ямар баримтын үндсэн дээр нэхэмжлэл гаргаж байгаа нь тодорхойгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. М.Т.ХХК нь Иргэний хуулийн 195 дугаар зүйлд заасны дагуу 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэгч Д.Отай орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулсан бөгөөд Д.О нь гэрээний бүх нөхцлийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурснаар Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т зааснаар гэрээ байгуулагдсанд тооцогдож, хүчин төгөлдөр болсон, өөрөөр хэлбэл энэ орон сууцны 1 м2-ийн үнэ 1,500,000 төгрөг болохыг иргэн Д.О хүлээн зөвшөөрч 71 сая төгрөгийг бүрэн төлж барагдуулсан гэв.

Шүүх зохигчийн хүсэлтийг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.О нь хариуцагч М.Т.ХХК-д холбогдуулан орон сууц захиалгаар бариулах гэрээний үүрэгт илүү төлсөн 26,584,500 төгрөг, банкны зээлийн хүүнд төлсөн 1,562,300 төгрөг, нийт 28,146,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

            Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг дараахь үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

            Хариуцагч М.Т.ХХК нь Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Олон улсын хүүхдийн Найрамдал төвийн ажилчдын 32 машины зогсоолтой, 78 айлын орон сууцны барилгыг барьж, 2015 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2015/464 тоот актаар улсын комисс хүлээн авч, байнгын ашиглалтад оруулжээ.

 

Нэхэмжлэгч Д.О нь дээрх орон сууцны 1 дүгээр давхарт 3 тоот 47.9 м2 талбай бүхий орон сууцыг 71,850,000 төгрөгөөр буюу 1 м2-ийн үнийг 1,500,000 төгрөгөөр үнэлж худалдах авахаар тохиролцож М.Т.ХХК-тай 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Орон сууц захиалгаар бариулах К2 тоот гэрээг байгуулж, 21,850,000 төгрөгийг бэлнээр үлдэх 50,000,000 төгрөгийг Голомт банктай 2015 оны 12 дугаар сарын 4-ний өдөр ЗГ2205108962 тоот зээлийн болон ипотекийн гэрээ байгуулан, 8 хувийн хүтэйгээр зээлж төлсөн байна. Нэхэмжлэгч Д.О нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, орон сууцны үнийг төлж барагдуулсан тул Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Найрамдал /18222/ 3 дугаар хэсэг гудамж ...дүгээр байрны 3 тоот ...м2 талбай бүхий орон сууцны хууль ёсны өмчлөгч тул эрхийн улсын бүртгэлийн Ү-2201044483 дугаарт бүртгэж, 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 000442850 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдсон.

 

Зохигчид дээрх үйл баримтын талаар маргаагүй бөгөөд талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, гэрээ хуульд заасан хэлбэр, шаардлагыг хангасан хүчин төгөлдөр байна.

 

Харин нэхэмжлэгч Д.О нь дээрх орон сууцны 1 м2-ийн үнэ 2,500,000 төгрөг биш, 1,350,000 төгрөг бөгөөд үүнээс гэрээнд заасны дагуу 30 хувиар хөнгөрүүлбэл орон сууцны 1 м2-ийн үнэ 945,000 төгрөг болж байх тул М.Т.ХХК-д орон сууцны үнэд илүү төлсөн 26,584,500 төгрөг, банкны зээлийн хүүнд төлсөн 1,562,300 төгрөг, нийт 28,146,800 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг хариуцагч М.Т.ХХК нь үл зөвшөөрч маргажээ.

 

Хариуцагч М.Т.ХХК нь өөрийн барьж ашиглалтад оруулсан Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Найрамдал /18222/ 3 дугаар хэсэг гудамж, ...дүгээр 78 айлын орон сууцны 1 м2-ийг 2,500,000 төгрөгөөр худалдсан болох нь 2014 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр №5 тоот гэрээг иргэн Г.Оюунболдтой байгуулж, орон сууцны 1 м2-ийг 2,500,000 төгрөгөөр, 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдөр №К16 тоот гэрээг иргэн Б.Ганбаттай байгуулж, 1 м2-ийг 2,500,000 төгрөгөөр, 2016 оны 12 дугаар сарын 5-ны өдөр №К67 тоот гэрээг иргэн П.Жамъяндоржтой байгуулж, 1 м2-ийг нь 2,500,000 төгрөгөөр худалдсан тухай Орон сууц захиалгаар бариулах гэрээнүүдийн хуулбар, Капитал банк ХХК дахь хариуцагч М.Т.ХХК-ийн эзэмшиж буй 2000012718 тоот дансанд байр захиалагч Б.Ганбатаас 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр К16 гэрээний урьдчилгаа 40 хувь Б.Ганбатаас гэх гүйлгээний утгатайгаар 64,300,000 төгрөг шилжүүлсэн тухай /1 м2=2,500,000/, /64,30м2 х 2,500,000=160,750,000/, /160,000,000 төгрөгийн 40 хувь 64,3000,000/ дипозит дансны хуулга, дээрх дансанд байр захиалагч П.Жамъяндоржоос 18,000,000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 1-ний өдөр шилжүүлсэн тухай дипозит дансны хуулга зэрэгт хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Д.Оын нэхэмжлэлд дурдсан тухайн орон сууцны 1 м2-ийн үнэ нь 1,350,000 төгрөгөөр борлуулагдсан гэх үндэслэл нь баримтаар тогтоогдохгүй байх тул хариуцагч М.Т.ХХК-иас 28,146,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 299,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Оын хариуцагч М.Т.ХХК-иас орон сууц захиалгаар бариулах гэрээний үүрэгт илүү төлсөн 26,584,500 төгрөг, банкны зээлийн хүүнд төлсөн 1,562,300 төгрөг, нийт 28,146,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 299,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасныг баримтлан шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             М.МӨНХТӨР