Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/260

 

 

 

 

 

 

 

 

 

 

   2022            06               15                                                 2022/ШЦТ/260                                    

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга А.Банзрагч,

улсын яллагч П.Даваасүрэн,

шүүгдэгч Ж.Б, түүний өмгөөлөгч Ц.Цэцэгмаа,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Наранцэцэг, түүний өмгөөлөгч И.Отгонсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч С Ж.Бт холбогдох эрүүгийн 2234001860198 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.    

       

                                                Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн Сайнцагаан суманд 1981 оны 10 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, 44 настай, эрэгтэй, бага боловсролтой, малчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, дугаарын регистртэй, С Ж.Б,

 

                                   Холбогдсон хэргийн талаар

                                            /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

            Яллагдагч Ж.Б нь 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Бараат 1 дүгээр багийн Дөрвөлжингийн дэнж гэх газарт хөдөө өөрийн эзэмшлийн Бэрс маркийн улсын дугааргүй мотоцикль жолоодож явах үедээ Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.1б заалтад заасан Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч тухайн тээврийн хэрэгслийн бүртгэлийн гэрчилгээтэй байна. 3.4в-р заалт буюу мотоцикль мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх, 3.7а заалт буюу Жолоочид ...тухайн ангиллын тээврийн хэрэгслийн жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно. 12.1-р заалт буюу жолооч замын нөхцөл харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрмэнд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна гэсэн заалтын зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж түүний жолоодож явсан мотоцикль онхолдож мотоциклийн араар сууж явсан зорчигч Т.Өлзийдэмбэрэл нас барсан гэмт хэргийн согтуурсан үедээ үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                   

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт

Шүүгдэгч Ж.Б:

...Анхнаасаа үнэн зөв мэдүүлэг өгсөн учраас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй... гэж,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Наранцэцэг:

...Осол гардаг өдөр манай багаас малчдаа төрийн оронд оруулах арга хэмжээ зохион байгуулагдаж би тухайн арга хэмжээнд байсан. Тэгсэн манай дүү над руу утсаар залгаж талийгаачийг их хэмжээний цус алдаж өнгөрсөн байна гэж хэлсэн. Тэгээд би шууд эмнэлэг дээр яваад очтол задлан шинжилгээ хийнэ гээд аваад явсан байсан. Манай малчин хүүгийн мэдүүлэг байгаа. Эхлээд манай хүн мотоцикль бариад явсан. Иргэж ирэхдээ Ж.Бтэй сундлаад Ж.Б мотоцикль барьсан гэж мэдүүлсэн... гэж тус тус мэдүүлжээ.

 

Үйл баримтын талаар: 

Эрүүгийн 2234001860198 дугаартай хэрэгт тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

 

Шүүгдэгч Ж.Бийн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Бараат 1 дүгээр багийн Дөрвөлжингийн дэнж гэх газарт хөдөө өөрийн эзэмшлийн Бэрс маркийн улсын дугааргүй мотоцикль жолоодож явах үедээ Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.1б заалтад заасан Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч тухайн тээврийн хэрэгслийн бүртгэлийн гэрчилгээтэй байна. 3.4в-р заалт буюу мотоцикль мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх, 3.7а заалт буюу Жолоочид ...тухайн ангиллын тээврийн хэрэгслийн жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно. 12.1-р заалт буюу жолооч замын нөхцөл харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрмэнд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна гэсэн заалтын зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж түүний жолоодож явсан мотоцикль онхолдож мотоциклийн араар сууж явсан зорчигч Т.Өлзийдэмбэрэл нас барсан гэмт хэргийн согтуурсан үедээ үйлдсэн үйл баримт нь дараах

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 4-5 дугаар хуудас/, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-12 дугаар хуудас/, мотоцикльд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 13-15 дугаар хуудас/, мотоциклын замд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 17 дугаар хуудас/,

цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 53-62 дугаар хуудас/,

шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 1603 дугаартай ...Шинжилгээнд ирүүлсэн Жамбал Б 43 нас гэсэн хаягтай цуснаас 2.1 промилли илэрч байна. Цусанд илэрсэн 2.1 промилли спиртийн агууламж нь согтолтын дунд зэрэгт хамаарна... талаарх дүгнэлт /хх-ийн 41-43 дугаар хуудас/,

шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 1808 дугаартай ... “Шинжилгээнд ирүүлсэн Ж.Бийн гэх Жамбал Б 43 нас” гэж хаягласан, улаан өнгийн тагтай хуруу шилтэй цус нь АВО системээр О1 бүлгийн харьяалалтай байна... талаарх дүгнэлт /хх-ийн 44-46 дугаар хуудас/,

шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 64 дугаартай ...Талийгаач Т.Өлзийдэмбэрэлийн биед гавал ясны хугарал, тархины эдэд цус харвалт, тархины аалзан хальсан доорх цус харвалт, хуйханд цус харвалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь нас барах үед үүссэн байна. Талийгаач Т.Өлзийдэмбэрэл нь гавал яс тархины хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ. Талийгаачийн цусанд 2.7% спиртийн агууламж илэрсэн байна. Энэ нь согтолтын хүчтэй зэрэгт хамаарна. Талийгаач нь 1 бүлгийн цустай байна... талаарх дүгнэлт /хх-ийн 49-52 дугаар хуудас/,

техникийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 03/10 дугаартай ...Бэрс маркийн мотоциклийн хамгийн бага хурдыг дараах байдлаар тодорхойльё. Хамгийн бага хурдыг тогтооход мотоцикл болон жолооч зорчигч нь "А" цэгээс "A1" цэг хүртэлх 13,4 м зайнд шидэгдсэн, мотоцикл дангаараа "A1" цэгээс ослын дараах байрлал хүртэлх "1" цэг хүртэлх 12.3 м зайнд гулссан, жолооч 9.2+6.65=15.85 м зайнд шидэгдсэн, зорчигч 9.2 м зайнд шидэгдсэн гэж тооцлоо. Хурдыг энерги хадгалах хуулийг ашиглан олж болно. Кинетик энергийн тэгшитгэл нь: m1 * V12 = m1 * g * S1 + m2 * g * f1* S2 + m3*g*S3 + m4*g*S4

Үүнд:

M1 = 232 кг - мотоцикл болон жолооч, зорчигчийн нийлбэр масс,

M2 = 82 кг - мотоциклийн масс,

M3 = 75 кг - жолоочийн масс8

M4 = 75 кг - зорчигчийн масс,

F1 = 0.4 - гулсалтын коэффициент,

S1= 13.4 м - "А" цэгээс "А1" цэг хүртэлх зай,

S2= 12.3 м - "A1" цэгээс ослын дараах байрлал хүртэлх зай,

S3 = 15.85 м - жолооч шидэгдсэн зай,

S4 = 9.2 м - зорчигч шидэгдсэн зай

Дээрх томъёоноос хурдыг тодорхойлбол:

V1= 21.35м/с = 76.86 км/цаг

Мотоциклийн осол болох үеийн өмнөх хамгийн бага хурд 76.86 км/цаг байна. Улсын дугааргүй, Бэрс маркийн мотоциклийн жолооч Ж.Б нь МУ-ын ЗХД ийн 3.1 "б" заалт буюу "Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч ... тухайн тээврийн хэрэгслийн бүртгэлийн гэрчилгээтэй байна.". 3.4 "в"-р заалт буюу "мотоцикл, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх". 3.7 "а" заалт буюу "Жолоочид ... тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа хэрэглэсэн... үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг ... хориглоно", 12.1-р заалт буюу "Жолооч ... замын... нөхцөл... дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна" гэснийг тус тус зөрчсөн гэж үзэж байна. Улсын дугааргүй. Бэрс маркийн мотоциклийн зорчигч Т.Өлзийдэмбэрэл нь МУ-ын ЗХД-ийн 6.1 "б" заалт буюу ... мотоцикл, мопедоор зорчихдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх" гэснийг зөрчсөн гэж үзэж байна. Улсын дугааргүй. Бэрс маркийн мотоциклийн жолооч Ж.Б нь МУ-ын ЗХД-ийн 3.7 "а" болон 12.1-р заалтуудыг зөрчсөн нь зам тээврийн ослын шалтгаан болсон гэж үзэж байна. Осол болоход замын нөхцөл нөлөөлсөн байна. Хэрэгт ач холбогдол бүхий нэмэлт зүйлс илэрсэнгүй... гэх дүгнэлт /хх-ийн 64-66 дугаар хуудас/,

амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Наранцэцэгийн ...Талийгаач Т.Өлзийдэмбэрэл нь 1978 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Дундговь аймгийн Адаацаг суманд төрсөн. Эцэг эхээс 9лээ айлын 3 дахь хүүхэд байсан. Бага насаа эцэг эхийн гар дээр хүмүүжээд Дундговь аймгийн Адаацаг сумын Ерөнхий боловсролын сургуулийн 3-р ангийг суралцаж төгссөн. Цэргийн алба дүйцүүлж хаасан. Талийгаач мал маллаж амьдарч байсан. Талийгаач хааяадаа архи уугаад байдаг юм. Зан байдлын хувьд төлөв даруу. Би болсон асуудлын талаар мэдэхгүй байна. Талийгаач мотоцикл, автомашин жолоодож чаддаг. Тэр өдрөө л Бтэй хамт архи уусан юм шиг байна лээ. Би гомдолтой байна... /хх-ийн 21 дүгээр хуудас/,

гэрч Н.Анхбаярын ...2022.03.04-ний өдөр 16 цагийн орчимд надад мнай дүү над руу залгаад Өлзий ах мотоциклтойгоо онхолдчихсон ухаангүй цус алдчихсан байна гэж хэлэхээр нь Дундговь аймгийн Адаацаг сумаас түргэн аваад шууд хэргийн газар дээр ирсэн. Ирэхэд хойд аав Өлзийдэмбэрэл маань нас барчихсан зам дээр хэвтэж байсан. Хамт явж байсан гэх хүн нь мотоцикльтойгоо явчихсан байсан. Тэгээд намайг очоод байж байх үед ирсэн. Талийгаачийг Түмэнжаргалын Өлзийдэмбэрэл /РД:ЗА78080817/ гэдэг. Энэ нь манай ээж Наранцэцэгтэй 2004 онд гэр бүл болж байсан. Манай хойд аав байгаа юм. Талийгаач ер нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг, согтуу ганцаараа явж байх үедээ мотоцикл жолоодоод л явж байдаг юм. Зан байдлын хувьд ямар нэгэн ааш араншин гаргаад байдаггүй юм. Талийгаач гэртээ Бэзъяатай хамт хоёулаа байсан. Ээж тухайн үед Улаанбаатар хотод ажилтай явж байсан юм... /хх-ийн 23 дугаар хуудас/,

насанд хүрээгүй гэрч Э.Бэзъяагийн ...2022 оны 03 сарын 04-ний өглөө талийгаач бид хоёр гэртээ байж байхад 11 цаг өнгөрч байхад танихгүй ах талийгаач Өлзийдэмбэрэл ахтай уулзах гээд ирсэн. Тэгээд Талийгаач 0,5 литрийн Соёрхол нэртэй 1 шил архи, 0,5 литрийн Соёрхол нэртэй тал шилтэй архи байсныг танихгүй ах талийгаач тэр хоёр хувааж уугаад мах чанаж идчихээд 15 цаг өнгөрөөгөөд гэрээс талийгаач танихгүй ах хоёр улбар шар өнгийн мотоциклтой тэр танихгүй ахын мотоциклд талийгаач сундлаад тэр танихгүй айл руу явна гээд гэрээс зүүн урд зүг рүү хөдлөөд явсан. Нэг эгч 98713103 гэсэн манай гэрийн дугаар руу залгаад Өлзий ах чинь мотоциклоосоо цагаан худгийн тэнд унаад дуудлага өгсөн гэж хэлэхээр нь би цагаан хүртэл явсан мөрөөр нь явсан чинь мотоцикл нь зогсож барьсан юм мэдэгдэхгүй байсан. Тэр хоёрын мотоциклийн мөр нь замаар орж гараад явж байгаад цагаан худгийн баруун урд талаас замгүй шууд явчихсан байсан. Би цагаан худаг дээр очоод юм харагдахгүй болохоор буцаад гэр рүүгээ явчихсан юм... /хх-ийн 25 дугаар хуудас/,

гэрч Г.Чулуунцэцэгийн ...Би нөхрийн хамт Дундговь аймгийн Сайнцагаан сумаас 2022 оны 02 дугаар сарын сүүлээр отор хийх зорилгоор Төв аймгийн Баян-Өнжүүл суманд 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр ирсэн. Манай нөхөр Б 03 дугаар сарын 04-ний өдөр 09 цагийн үед хойгуур нутаг хараад буцаад ирнэ гэж хэлээд гараад явсан. 16 цагийн үед танихгүй дугаар миний утас руу залгасан байсан. Тэгээд би манай хүн хүний утас гуйж залгасан юм байх гэж бодоод буцаагаад залгасан. Тэр үед манай нөхөр Б, Өлзий гэх найзтайгаа хамт байсан. Тэгээд манай нөхөр ярихдаа найзындаа ирчихсэн байна. Удахгүй гэртээ очлоо манай найз намайг хүргэж өгнө хамт очно гэж хэлсэн. Тэгээд Өлзий дундуур орж ирээд надтай мэнд ус асууж байсан. Тэгээд би хүүхэдтэйгээ утсаар ярих зорилгоор гэрээс гараад худгийн баруун талын овоон дээр гарч хүүхэдтэйгээ яриад буцаад гэртээ ирсэн. Тэгээд гэртээ байж байсан чинь Ганбат манай гэрийн баруун талаас мотоциклтой ирээд "нөгөө хоёр чинь мотоциклтойгоо онхолдсон байна одоо яах уу?" гэж асуусан. Тэгээд намайг Ганбат очих уу гэж асуухаар нь би очихгүй айгаад байна гэж хэлсэн. Дундговь аймагт байх үед уудаг байсан. Отроор гараад согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Манай нөхөр Б талийгаачтай нутгийн найзууд байгаа. Тухайн хүн заримдаа манай гэрт ирдэг байсан болохоор танина. Манай нөхөр Б талийгаачтай сүүлийн хоёр жил уулзаагүй байх сайн мэдэхгүй байна. Талийгаачтай маргалдсан зүйл байхгүй. Манай нөхөр Б урьд өмнө архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ мотоцикл барьдаг байсан. Ямар нэг муу зан ааш байхгүй... /хх-ийн 27 дугаар хуудас/,

гэрч С.Ганбатын ...2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 16 цагийн үед нар тойром гэх газраас адуу туугаад Дөрвөлжин гэх газраар явж байсан. Тэгсэн нэг хар юм харагдахаар нь эхэндээ шувуу юм болов уу гэж бодоод байж байсан чинь хүн даллаж байсан. Тэгээд би мотоциклтой яваад очсон чинь миний мэдэх нэрээр Билгээ гэх хүн байсан. Бид хоёр мотоциклтойгоо онхолдчихлоо түргэн тусламж дуудаад өг гэж хэлээд өөрийн гар утсаа надад өгсөн. Тэгээд би гэрлүүгээ залгаад болсон зүйлийг хэлээд түргэн дуудсан. Намайг ирэх үед Билгээ сөхрөөд суусан талийгаачийн цээжин хэсгийн тэврээд байж байсан. Талийгаачийн хажуу талд их хэмжээний цус тунасан байсан. Талийгаачаас мотоцикл нь 2 орчим метрийн зайд хажуу талаараа хэвтсэн байдалтай байсан. Талийгаачийн хэвтэж байсан газраас миний мэдэхийн хөдөлсөн зүйл байхгүй. Билгээ өвөр дээрээ авсан байсан. Намайг ирэх үед талийгаач ямар ч хөдөлгөөнгүй хэвтэж байсан. Тэгээд нүүрэнд нь хүрсэн чинь хүйтэн байсан... /хх-ийн 29 дүгээр хуудас/,

гэрч С.Отгонбаярын ...2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 16 цаг 37 минутад би ажил дээрээ байж байсан чинь 88574919 гэх дугаартай Ариунжаргал нь Өлзийдэмбэрэл мотоциклоос унаад цус алдаад биеийн байдал нь муу байна гэнэ гэж хэлсэн. Тэгээд би хаанаас нь цус гараад байгааг тодруулж асуухад тэрийг мэдэхгүй хүнээр дамжуулж дуудлага өгч байна гэсэн. Тэгэхээр нь би Баян-Өнжүүл рүү дуудлагаа өг аль сумын нутаг дэвсгэр дээр байгаа тэр газрын эмнэлэг анхны тусламж үзүүлэх ёстой гэж хэлээд утсаа тасалсан. Тэгээд 3-4 минутын дараа дахиж залгаад  “Бид хэд явах гэж байна таныг аваад явье гэж хэлсэн Баян-Өнжүүлийн эмч байхгүй байна гэж хэлсэн” тэгээд тухайн дуудлагын дугаарыг хүлээн авагч хүлээж аваад хэргийн газар руу 17 цагт хөдөлсөн. Ойролцоогоор 1 цаг орчим яваад хэргийн газар ирсэн. Бид хэдийг дуудлага өгсөн газар ирэх үед дээлтэй эрэгтэй дээшээ харсан байдалтай хэвтэж байсан газар нь цус тунасан байсан. Тэгээд бид хэдийг ирэх үед урд зүгээр 2 мотоцикл, 2 цагаан энгийн машин ирсэн. Би дуудлага дээр ирэх үед талийгаачийн бие хөрөөгүй байсан амьсгалахгүй, булчингийн хөдөлгөөн байхгүй, хоёр нүдний хүүхэн хараа өргөссөн байсан. Тэгээд би нас барсан гэдгийг тогтоож өөрийн сумын төлөөлөгч рүү залгаж хэлсэн. Тэгээд би төлөөлөгчөөс Төв аймгийн Цагдаагийн дугаарыг аваад дуудлага өгсөн. Талийгаач нь манай үеэл дүү дуудлага өгсөн газар нь очихоос өмнө саарал өнгийн байшинтай айлаас сураглаж үзсэн чинь талийгаач саахалт айлын залуугийн ард мотоциклонд сундлаад явсан гэж ярьсан. Тухайн мотоцикл нь саахалт айлын залуугийн мотоцикл гэж хэлсэн. Тэгээд талийгаачийн гэрт байдаг хүүхэд Өлзий ах мотоциклтой хүний ард сундлаад явсан гэж хэлсэн... /хх-ийн 31 дүгээр хуудас/,

гэрч Ж.Бийн ...Би 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр гэртээ эхнэртэйгээ байж байгаад 09 цагийн үед хаваржих нутаг харах зорилгоор гэрээсээ гараад явсан. Тэгээд Жарангийн хөндийгөөр нутаг харж явж байгаад найз Өлзийдэмбэрэлийн гэрт очсон. Намайг очих үед Өлзийдэмбэрэл гэртээ байсан. Гэрийн ойролцоо хонины хүүхэд нь морьтой хонио хариулж байсан. Тэгээд би Өлзийдэмбэрэлийн гэрт ороод цай уусан. Өлзийдэмбэрэл хоол хийж байх үед бид хоёр 0.5 литрийн Соёрхол нэртэй архи 1 шилийг ууж дуусгасан. Дараа нь 0.5 литрийн Соёрхол нэртэй тал шил архи уусан. Өлзийдэмбэрэлийн хонины хүүхэд архи оруулж ирсэн. Тэгээд би Өлзийдэмбэрэлийн гэрийн утсаар эхнэр Чулуунцэцэгтэй ярьсан. Би эхнэртэйгээ би гэртээ очлоо миний хань юу хийж байна гэж ярьсан. Тэгээд Өлзийдэмбэрэл манай эхнэртэй ярьсан. Би Өлзийдэмбэрэлийн гэрт 11 цагийн үед очсон. 14-15 цагийн үед архи дууссан тэгээд бид хоёр нилээн удаан ярьж суусан. Тэгээд 15 цагийн үед Өлзийдэмбэрэл бид хоёр манай гэрт очих зорилгоор гарсан. Миний мотоцикл гэрийн үүдэнд байсан. Тэгээд би мотоциклоо өөрөө асаагаад үрүүлэн дээр нь би сууж Өлзийдэмбэрэл миний ард сундлаад явсан. Манай гэр Өлзийдэмбэрэлийнхээс 10 орчим км зайтай. Нэлээн удаан явсны дараа бид хоёр зогсож бие засаад хөдлөхдөө Өлзийдэмбэрэл миний мотоциклыг унаж явсан. Тэгээд явж байгаад би тасраад нэг мэдсэн бид хоёр онхолдсон байсан. Тэгээд Өлзийдэмбэрэлийг харсан чинь дээшээ харсан байдалтай толгойны хажуу талд их цус тунасан байсан. Тэгэхээр нь би миний найз босоорой сэрээрэй гэж хэлсэн чинь хариу үйлдэл үзүүлэхгүй байсан. Тэгээд сууж байсан адуу туугаад явж байсан хүнийг даллаж дуудсан. Тэр хүн ойртоод ирэхэд нь Ганбат байна гэдгийг мэдсэн. Тэгээд би Ганбатад энэ хүн унаж ухаан алдсан байна уу? гэж асуухад нас барсан юм шиг байна гэж хэлсэн. Тэгээд түргэн дуудаад ирэхээс нь өмнө би мотоциклоо хөдөлгөөд ойролцоо байх сүлжээтэй газар хайж явсан. Тэгээд цагдаа нар ирсэн... /хх-ийн 33-34 дүгээр хуудас/,

сэжигтэн Ж.Бийн ...Одоохондоо нэмж ярих зүйл болон гаргаж гөх нотлох баримт байхгүй болно. Би жолоодон явсан юм шиг байна. Гэрийн гаднаас нь хөдлөхдөө би мотоцикль унаад явсан. Замдаа бид хоёр жолоогоо сольсон эсэх талаар би сайн мэдэхгүй байна. Би өөрөө сольсон гэж бодоод байсан цагдаа нарын хамт үзлэг хийж явахад зогссон мөр олигтой олдоогүй. Би санахгүй байна нэг мэдсэн би сэрсэн мотоцикл унасан талийгаачаас газар толгой хэсгээс нь цус гараад хажууд нь тунаад тогтсон байсан. Би сэрээд бодохдоо унаад нэлээн удсан юм шиг байсан. 16 цагийн үед сэрсэн байхаа би цагийн баримжаа тэр үед байх гэж бодож байна. Сүлжээтэй газар олж түргэн дуудах зорилготой мотоцикл унаж явсан. Миний утасны сүлжээ орж ирэхгүй байсан. Ганбат мотоциклтой ирээд дуудаж өгсөн байх. Буцаж ирээд босоо байдлаар зүүн хойш харуулж байршуулсан. Цагдаа нар ирээд мотоцикл хаана байсан гэхээр нь байсан газрыг нь зааж өгсөн... /хх-ийн 36-37 дугаар хуудас/,

яллагдагч Ж.Бийн ...2022 оны 03 сарын 04-ний малдаа явж байгаад найз Өлзийдэмбэрэлийнд орсон чинь Өлзийдэмбэрэл гэртээ ганцаараа, тэдний байсан Бэзъяа гэх хүүхэд гэрийнхээ хажууд хонио туугаад ирж явсан. Тэдний гэрт ороод золгочхоод хоол унд идээд сууж байгаад соёрхол нэртэй 0,5 литрийн 2 шил архи Өлзийдэмбэрэл бид хоёр хувааж уусан. 15 цагийн орчимд тэднийхээс гараад манай гэр рүү явахаар болоод миний унаж ирсэн бэрс маркийн улсын дугааргүй мотоциклийг би жолоодоод талийгаач миний ард сундлаад явж байгаад бут мөргөөд тэнцвэр алдахаар нь би сандарсандаа огцом тормоз гишгээд бид хоёр шидэгдээд онхолдсон. Тэгээд нэг сэрсэн чинь талийгаач миний хэвтэж байсан газраас баруун талд зам дээр дээш харчихсан ухаангүй хэвтчихсэн, мотоцикл миний баруун талд онхолдчихсон хэвтэж байсан. Тэгээд би талийгаач дээр очоод сэрээх дуудсан чинь сэрэхгүй хөдлөхгүй байсан. Тэгтэл урдаас адуу туусан хүн ирж яваа харагдахаар нь даллаж дуудсан чинь Ганбат байсан. Тэгээд би Ганбатад "бид 2 онхолдчихлоо, эмнэлэг, цагдаа дуудаад өгчих” гэж хэлсэн. Би сандарсандаа би өмнө өгсөн мэдүүлэг дээр замдаа зогсож шээсэн гэж мэдүүлсэн. Тэрнээс биш би талийгаачийнхаас гараад явж байхдаа замдаа огт зогсоогүй. Би мотоциклийг жолоодож явсан. Би бэрс маркийн мотоциклийг 2021 оны 05 сард Төв аймгийн Зуунмод сумаас 2.300.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Би мөнгийг нь бэлнээр өгч байсан. Миний мотоциклд улсын дугаар, бүртгэл байхгүй. Надад мотоцикл жолоодох эрхийн үнэмлэх байхгүй. Би талийгаачийн ажил явдлын зардалд 3.000.000 төгрөг өгчихсөн байгаа. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Осол болох үед зорчигч унахыг би мэдээд мотоциклоо зогсоох гээд өөрөө мотоциклоосоо унасан. Өөрөөр хэлбэл зорчигч мотоциклоос унасны дараа би мотоциклоосоо унасан... /хх-ийн 78 дугаар хуудас/, гэсэн мэдүүлгүүд болон шүүгдэгч Ж.Бийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ий 90-106 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт:

Улсын яллагчаас шүүгдэгч Ж.Бийг согтуурсан үедээ зам тээврийн осол гаргаж гэмт хэрэг үйлдсэн гэж яллаж байгаа нь хавтаст хэргийн 41-43 дугаар хуудсанд авагдсан шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 1603 дугаартай ...Шинжилгээнд ирүүлсэн Жамбал Б 43 нас гэсэн хаягтай цуснаас 2.1 промилли илэрч байна. Цусанд илэрсэн 2.1 промилли спиртийн агууламж нь согтолтын дунд зэрэгт хамаарна... гэсэн дүгнэлтээр тогтоогдож байх тул түүний согтуурсан үедээ гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Ж.Бийн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Бараат 1 дүгээр багийн Дөрвөлжингийн дэнж гэх газарт хөдөө өөрийн эзэмшлийн Бэрс маркийн улсын дугааргүй мотоцикль жолоодож явах үедээ Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.1б заалтад заасан Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч тухайн тээврийн хэрэгслийн бүртгэлийн гэрчилгээтэй байна. 3.4в-р заалт буюу мотоцикль мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх, 3.7а заалт буюу Жолоочид ...тухайн ангиллын тээврийн хэрэгслийн жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно. 12.1-р заалт буюу жолооч замын нөхцөл харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрмэнд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна гэсэн заалтын зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж түүний жолоодож явсан мотоцикль онхолдож мотоциклийн араар сууж явсан зорчигч Т.Өлзийдэмбэрэл нас барсан үйл баримт тогтоогдсон байна гэж үзлээ.

 

            Гэм буруугийн шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:

            Улсын яллагч П.Даваасүрэн:

            ...Шүүгдэгч Ж.Б нь 2022 оны 3 дугаар сарын 4-ний өдөр Төв аймгийн Баян-Өнжүүл сумын бараат 1 дүгээр багийн Дөрвөлжингийн дэнж гэх газарт хөдөө өөрийн эзэмшлийн бэрс маркийн улсын дугааргүй мотоцикль жолоодож явах үедээ Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.1б заалтад заасан Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч тухайн тээврийн хэрэгслийн бүртгэлийн гэрчилгээтэй байна. 3.4в-д заалт буюу мотоцикль буюу мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх, 3.7а заалт буюу жолоочид тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа хэрэглэсэн үед тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно. 2.1 дүгээр заалтад буюу жолооч замын нөхцөл харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрмэнд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж түүний жолоодож явсан мотоцикль онхолдож мотоциклийн араар сууж явсан зорчигч Т.Өлзийдэмбэрэл нас барсан гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдож байх  тул Эрүүгийн хууль 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээсэн мэдүүлгээр тогтоогдож байх тул гэм буруутайд тооцох саналтай байна. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СД-г хэрэгт хавсаргуулах саналтай байна. Хохирогчийн хохирол төлбөрт нэхэмжилсэн 15,00,000 төгрөг төлсөн, хохирол төлбөргүй, иргэний нэхэмжлэлтэй холбоотой асуудлыг шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд нээлттэй үлдээх саналтай байна... гэсэн,

 

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэн:

            ...Ж.Б нь 2022 оны 03 дугаар 4-ний өдөр согтуурсан үедээ замын хөдөлгөөний дүрэм зөрчиж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай дээрээ маргаагүй. Хохирол төлбөрийн тухайд талийгаач хүү Намжилдорж нь тэжээгчээ алдсаны тэтгэмжийг авч чадаагүй. Ийм учраас тэжээгчээ алдсаны тэтгэмжийг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү... гэсэн,

 

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Наранцэцэг:

            ...Хэлэх зүйл байхгүй... гэсэн,

 

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Цэцэгмаа:

            ...Ж.Б нь 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үед зам тээврийн осол үйлдэж хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн дээр маргаагүй. Шүүгдэгч нь өөрийн үйлдсэн гэмт хэрэгтээ дүгнэлт хийж, хохирогчийн талд тус дэм болох үүднээс 7 удаагийн үйлдлээр нийт 15,000,000 төгрөг төлсөн. Хохирол төлбөрийг яагаад хувааж төлсөн бэ гэхээр талийгаачийн ажил явдалтай холбоотой бичиг баримт ирээгүй байсан.  Шүүгдэгч нь мөрдөн байцаалтын шатнаас эхлэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч үнэн зөв мэдүүлэг гаргасан байгаа... гэсэн,

 

            Шүүгдэгч Ж.Б шүүх хуралдаанд хэлсэн эцсийн үгэндээ:

            ...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцдэг.

 

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”.:. гэж тус тус хуульчилсан.

 

Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг,

мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.

Энэ хэргийн тухайд Эрүүгийн хуулийн хорин долдугаар бүлэг “Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг” гэмт хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч Э.Б согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтыг зөрчиж, нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй хийсний улмаас зорчигч Т.Өлзийдэмбэрэлийн амь нас хохирсон байна.

 

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан гэмт хэргийг үйлдсэн байна.

Учир нь замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчиж нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй хийсний улмаас хүний хүний амь нас хохирсноороо Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзэж зүйлчлэхээр байгаа хэдий ч согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, зам тээврийн осол гарган хүний амь нас хохироосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан хүндрүүлэх шинжийг хангасан, материаллаг бүрэлдэхүүнтэй, төгссөн гэмт хэрэг гэж үзлээ.

 

Тэрээр шүүгдэгч Ж.Бийн Замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчиж буй энэхүү өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол хор уршигт хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэр бөгөөд хүний амь нас хохирсон хохирол, хор уршиг нь шүүгдэгчийн болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйтэй шалтгаант холбоотой байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан шинжийг хангасан, түүнд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнэлээ. 

 

Мөн болгоомжгүй гэм буруу нь гэм буруутай этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн эцэст гарч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдэж байсан хэдий ч түүнийг гаргахгүй байж чадна гэж хөнгөмсгөөр найдсан эсхүл үйлдэл, эс үйлдэхүйн улмаас учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдээгүй боловч тэрхүү хор уршгийг гарч болно гэдгийг урьдчилан мэдэх ёстой, боломжтой байсан гэж хайхрамжгүй хандсан гэх хоёр хэлбэрээр илэрдэг болно.

 

Хамгийн гол хохирол, хор уршигт зориуд хүргээгүй байдгаараа санаатай гэмт хэргээс ялгагдаж шинжтэй.

 

Мөн шүүгдэгч Ж.Б нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, түүнд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлтүүд, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах үндэслэл болж байна гэж үзлээ.

 

Учир нь гэм буруу гэдэг нь тухайн гэм буруутай этгээд үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг хүлээн зөвшөөрсөн байхыг ойлгох бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч өгсөн мэдүүлгээрээ гэм буруугаа хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлдэг.

 

Иймд шүүгдэгч Ж.Бийг согтуурсан үедээ замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

            Эрүүгийн хариуцлага болох ял шийтгэлийн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:

            Улсын яллагч П.Даваасүрэн:

            ...Шүүхээс шүүгдэгч Ж.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд ял эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэгт зааснаар Ж.Бийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар хорих ялын саналтай байна... гэсэн дүгнэлтийг,

 

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэн:

            ...Улсын яллагчийн саналыг дэмжиж байна... гэсэн дүгнэлтийг,

 

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Наранцэцэг:

            ...Хэлэх зүйл байхгүй... гэсэн саналыг,

 

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Цэцэгмаа:

            ...Шүүгдэгч Ж.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Өөрийн хийсэн үйлдэлдээ дүгнэлт хийж бусдад учруулсан хохирол төлбөрийг төлсөн. Хохирогчтой урьд танил байсан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хохирол  төлбөргүй, гомдол саналгүй, шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдэж байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т зааснаар улсын яллагчийн оногдуулсан ялыг доош татаж оногдуулж өгнө... гэсэн дүгнэлтийг,

 

            Шүүгдэгч Ж.Б:

            ...Хөнгөн ял оногдуулж өгнө үү... гэсэн дүгнэлт, мэдүүлгийг тус тус гаргасан болно.

 

Шүүх шүүгдэгч Ж.Бт хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, харин анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид учруулсан хохирлыг нөхөн төлсөнийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдлыг, улмаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус харгалзан үзэж гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх боломжтой гэж үзээд тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг 1 /нэг/ жилийн хугацаагаар тогтоож шийдвэрлэх нь тохирно гэж үзлээ.

 

Шүүгдэгч Ж.Бт оногдуулсан хорих ялыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдлыг харгалзан мөн хуульд заасны дагуу нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Харин шүүх ...энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна... гэж, мөн тухайн зүйл, хэсэгт ...тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж... гэж тус тус хуульчилсан учраас шүүгдэгч Ж.Бийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, нэмэгдэл ялыг хорих ялаа эдэлж дууссаны дараа үеэс хугацааг тоолохыг дурдаж шийдвэрлэв.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Ж.Бийн болгоомжгүй гэм буруутай үйлдлийн улмаас иргэн Т.Өлзийдэмбэрэлийн амь нас хохирсон байна.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Наранцэцэг нь мөрдөн байцаалтын шатанд оршуулгын зардалтай холбоотой 10.857.718 /арван сая найман зуун тавин долоон мянга долоон зуун арван найм/ төгрөгийг нэхэмжилсэн.

 

Гэтэл шүүхийн шатанд шүүгдэгч Ж.Б, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Наранцэцэгт нийт 15.000.000 /арван таван сая/ төгрөгийг төлж барагдуулсан болох нь хохирогчийн мэдүүлгээр  тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Ж.Бийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс тооцож гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй гэж үзсэн болно.

 

Бусад асуудлын талаар:

Эрүүгийн 2234001860198 дугаартай хэрэгт баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Ж.Б энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс тооцож гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Наранцэцэг нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүйг,

шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн CD 1 ширхгийг хэргийн хамт хадгалахыг  тус тус дурдах нь зүйтэй байна.  

 

     Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1., Эрүүгийн хэрэг

            хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8.,

     36.10., 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2 дугаар зүйлийн

       1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус удирдлага

болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч С Ж.Бийг согтуурсан үедээ замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан шүүгдэгч С Ж.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С Ж.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн 2234001860198 дугаартай хэрэгт баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Ж.Б энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцож гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Наранцэцэг нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүйг,

шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн CD 1 ширхгийг хэргийн хамт хадгалахыг тус тус дурдсугай. 

 

5. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Наранцэцэг нь тэжээгчээ алдсаны тэтгэмжтэй холбоотой баримтаа                          бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С Ж.Бийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ялыг эдэлж дууссаны дараа үеэс хугацааг тоолсугай. 

 

7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С Ж.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, түүний хорих ял эдлэх хугацааг 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн тоолсугай.  

 

            8. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

10. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч С Ж.Бт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ш.ГАНДАНСҮРЭН