| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 153/2018/00103/И |
| Дугаар | 153/ШШ2018/00240 |
| Огноо | 2018-04-25 |
| Маргааны төрөл | Эцэг тогтоосон, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 153/ШШ2018/00240
2018 оны 04 сарын 25 өдөр Дугаар 153/ШШ2018/00240 Ховд аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ийн *******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******й аймгийн ******* сумын ******* баг оршин суух, регистрийн дугаартай, Т овогт н т холбогдох эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч К.*******, хариуцагч Х., орчуулагч Б., гэрч М., Ш., Т., А., нарийн бичгийн дарга Б.Нарантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч К.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2015 онд Х.тэй танилцаад 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хуримаа хийсэн. Бид хоёр гэрлэлтээ батлуулаагүй. Улмаар 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүү С.Т төрсөн. Хүү миний нэрээр овоглодог. Одоо хүүхдийнхээ эцэг Х. мөн болохыг тогтоолгох, хүүхдээ 18 нас хүртэл эцгээр нь тэжээн тэтгүүлэх тэтгэлэг гаргуулах хүсэлттэй байна. Би Х.ийн ааваас нь болон өөрөөс нь айдаг. Хүүхэд төрөөд 9 сар болж байхад Х. нэг ч удаа миний хойноос ирээгүй. Цаашид хамтран амьдарч чадахгүй. Бид нар нэг гэрт есүүлээ амьдардаг байсан. Хоёулаа тусдаа гараад амьдаръя гэхэд юу ч хэлдэггүй байсан. Х.ийн аав нь байнга согтуу байдаг. Намайг зоддог байсан. Би анхны хүүхдээ зулбасан. Жирэмсэн байхдаа өвдөж байхад надад нэг удаа эм авч өгөөгүй, эмнэлэгт ч үзүүлж байгаагүй. Би өглөө дөрвөн цагт босож малаа сааж, хамаг ажлыг хийдэг байсан. Би дахиж хамтран амьдармааргүй байна. Тухайн үед эд нарын дарамтад байсан болохоор одоо эд нарыг харахаар сандраад хэлэх үгээ мартаад байна. Би хүргэн ах эгч хоёроо дуудаад Ховд аймагт байдаг аавындаа ирсэн гэв.
Хариуцагч Х. шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би К.*******ийг анхны хүүхдээ зулбасан талаар мэдэхгүй байна. Би жил болгоны 06 дугаар сараас 08 дугаар сарын хооронд жуулчин аваад хөдөө явдаг. Миний аав архи уудаг нь үнэн. Гэхдээ К.*******ийг зодож байгаагүй. К.*******ийг суралцаж байх хугацаанд нь сургалтын төлбөрийг нь бид төлсөн. Би салахгүй, К.*******тэй хамтран амьдарч чадна. Бид хоёрын дундаас хүү С.Т 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр төрсөн. С.Т миний хүү мөн. Би хүүхдийн тэтгэлэг өгөхийг зөвшөөрч байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч К.******* нь хариуцагч Х.т холбогдуулан 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр төрсөн хүү С.Тйн эцэг мөн болохыг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд зохигчдын шүүх хуралдаанд тайлбар болон хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Зохигчид 2015 онд танилцан, 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хуримаа хийж, гэрлэлтээ батлуулаагүй байхдаа тэдгээрийн дундаас 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүү С.Т төрсөн болох нь хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, зохигчдын хуримын гэрэл зураг, гэрч М., Ш., Т., А. нарын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгүүд болон зохигчдын тайлбараар нотлогдож байна.
Хариуцагч Х. нь хүү С.Тйн эцэг мөн болохыг зөвшөөрсөн, мөн хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрсөн, энэ талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэнэ.
Нэхэмжлэгч К.******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Х.ийн аав нь байнга согтуу байдаг. Намайг зоддог, дарамталдаг байсан. Би анхны хүүхдээ зулбасан” гэж, хариуцагч Х. нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...манай аав архи уудаг нь үнэн. Гэхдээ К.*******ийг зодож байгаагүй” гэх тайлбар, гэрч М.ын ...”миний хүү энэ охинтой анх танилцаад гэрлэнэ гэхэд би аавынх нь хувьд дургүй байсан. Тэр жил ийн хоёр эгч нь тусдаа гарсан болохоор та хоёр дараа жил тусдаа гар гэхэд дургүйцсэн” гэх мэдүүлэг, гэрч Ш.гийн “...би Х.ийн ээж нь. Бид нарыг *******й аймгийн Цэнгэл суманд ажил явдлаар явж байхад К.*******ийн хүргэн ах, эгч хоёр нь ирж хэрүүл маргаан болоод түүнийг аваад явсан байсан. Миний хувьд К.*******ийг хэл амаар доромжилж байсан удаа байхгүй” гэх мэдүүлгүүдээс үзэхэд нэхэмжлэгч К.*******, хариуцагч Х. нар нь хоорондоо таарамжгүй харьцаатай байдгийг илэрхийлж байгаа боловч энэ нь тус хэргийн нэхэмжлэлийн шаардлагад хамаарахгүй, хэрэгт ач холбогдолгүй байна.
Нэхэмжлэгч К.******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.6-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хариуцагч Х.ээс улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч К.*******ийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг нь ирээгүй бөгөөд нэхэмжлэгч К.*******ийн хүсэлтийг үндэслэн шүүх хуралдааныг түүний өмгөөлөгчгүйгээр хийсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасныг баримтлан 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр төрсөн хүү С.Тйн эцэг Т овогт н мөн болохыг тогтоосугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр төрсөн хүү С.Тйг 11 нас хүртэл амьжиргааны баталгаажих түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж, эцэг Х.ээр тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх К.*******д даалгасугай.
3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д зааснаар хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь тэтгэлэг төлөгчийн сарын цалин хөлс түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдаж, амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээг өөрчлөгдөх бүрт хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд өөрчлөлт оруулж байхыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэх болохыг тайлбарласугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.6-д зааснаар нэхэмжлэгч К.******* нь улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хариуцагч Х.ээс улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА