Шүүх | Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Шагдарсүрэнгийн Гандансүрэн |
Хэргийн индекс | 176/2022/0255/Э |
Дугаар | 2022/ШЦТ/267 |
Огноо | 2022-06-17 |
Зүйл хэсэг | 11.6.2., |
Улсын яллагч | Д.Одгэрэл |
Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 2022/ШЦТ/267
2022 06 17 2022/ШЦТ/267
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,
нарийн бичгийн дарга Д.Сүхням,
улсын яллагч М.Одгэрэл,
шүүгдэгч Г.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч Б Г.Гт холбогдох эрүүгийн 2234000000240 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1992 оны 02 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, хувиараа ачилтын машин барьдаг, ам бүл 2, дүүгийн хамт, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, дугаарын регистртэй, Б Г.Гт,
Холбогдсон хэргийн талаар
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Г.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 04 дүгээр сарын 23-ны орой 23 цаг 20 минут орчим Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр 1-р багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Хаан жимс” амралтын газарт шалтгаангүйгээр М.Мөнхсэргэлэнгийн хамар тус газарт цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Мөн согтуугаар 2022 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 23 цаг орчим Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр 1 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Хаан жимс” амралтын газарт Б.Ариунзулыг “яагаад Мөнхсэргэлэнг зодож байгаа юм бэ” гэж хэлэхэд нь Б.Ариунзулын зүүн нүдэн тус газар гараараа цохиж, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт
Шүүгдэгч: Г.Г
...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв... гэж мэдүүлжээ.
Үйл баримтын талаар:
Эрүүгийн 2234000000240 дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
Шүүгдэгч Г.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 04 дүгээр сарын 23-ны орой 23 цаг 20 минут орчим Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр 1-р багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Хаан жимс” амралтын газарт шалтгаангүйгээр М.Мөнхсэргэлэнгийн хамар тус газарт цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Мөн согтуугаар 2022 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 23 цаг орчим Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр 1 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Хаан жимс” амралтын газарт Б.Ариунзулыг “яагаад Мөнхсэргэлэнг зодож байгаа юм бэ” гэж хэлэхэд нь Б.Ариунзулын зүүн нүдэн тус газар гараараа цохиж, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан тус тус үйл баримт нь дараах
гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хуудас/,
шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 247 дугаартай ...М.Мөнхсэргэлэнгийн биед хамар ясны хугарал, цээж, зүүн бугалга, зүүн өгзгөнд, баруун, зүүн гуя, баруун, зүүн шилбэнд цус хуралт, хамарт зөөлөн эдийн няцралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар алдагдуулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... талаарх дүгнэлт /хх-ийн 31-32 дугаар хуудас/,
шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр гаргасан 248 дугаартай ...Б.Ариунзулын биед тархи доргилт, зүүн нүдний зовхинд шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт, баруун, зүүн, гуянд цус хуралт, баруун гарын хуруунд зулгаралт, зүүн нүдний зовхи, баруун гарын хуруунд зөөлөн эдийн няцралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаагд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар алдагдуулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй... талаарх дүгнэлт /хх-ийн 36-37 дугаар хуудас/
хохирогч М.Мөнхсэргэлэнгийн ... 2022 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 17 цагийн үед найз Ариунболдын төрсөн өдрийг тэмдэглэхээр Улаанбаатар хотоос Төв аймгийн Эрдэнэ суманд уйл ажиллагаа явуулдаг Хаан жимс нэртэй амралтын газар Бат-Оргил, Баярбаясгалан, Мичидмаа, Ооноо бид 5 машинтай ирсэн. Тэгээд амралтын газрын гадаа талбайд Ариунболд болон түүний найзууд гээд 15 орчим хүмүүс Сагсан бөмбөг тоглож байгаад амрах байрлуугаа орцгоосон. Тухайн үед оройн хоол гараад бүгд хоолоо идэцгээгээд дараа нь төрсөн өдрийн бялуу үлээлгээд бүгд бялуугаа шидээд бие биендээ нялаад тоглосон. Тэгээд гаднаас уух зүйлээ оруулж ирэх гэж Баторгил, Жамка, Ариунзул, Гэрэлсүрэн, Мичидмаа, Баярбаясгалан бид нар машинаас 2 литртэй Сэнгүр пиво аваад гадаа машины зогсоол дээр ууцгаагаад амрах байрлуугаа бас пиво аваад ортол миний утас дугарахаар нь автал манай найз ирж байна гэж залгаад би буцаад амрах байрнаас Гэрэлсүрэнтэй учраас гарч явсан. Тухайн үед 2-3 хүн хамт явж байсан би согтсон байсан учраас заримыг нь санахгүй байна. Тухайн амралтын газрын үүдний гүүр гараад заримыг нь машины зогсоол руу явж байхад араас 1 залуу дуудаад намайг хараалын үгээр хэлэхээр би өөдөөс нь ганц 1 үг хэлсэн чинь явж ирээд шууд миний хамар луу гараараа 3 удаа цохисон. Тэгээд бас намайг өшиглөх гэтэл Гэрэлсүрэн урдуур ороод тухайн залууг тэврээд авсан. Тэгээд тухайн залуу амрах байрлуу яваад миний хамраас цус гараад Баярбаясгалан бид 2 цэвэрлээд сууж байсан чинь тухайн залуу ахиад гуйж ирээд миний ар нуруу хэсэгт 1 удаа өшиглөөд тэгээд машины зогcoon pyy яваад өгсөн. Тэгээд цагдаад мэдэгдсэн.... /хх-ийн 5-6 дугаар хуудас/,
түүний дахин өгсөн ...эхлээд намайг гараараа цохих гээд чадаагүй гар нь зөрсөн, тэгээд дахиад нэг удаа цохиход нь оногдоод хажуу тийшээ тэнцвэрээ алдсан тэр үед дахиж цохиод хамарт онож хамраас цус гарсан юм. Тэгээд хамраас гарсан цусаа тогтоох гээд байж байтал Ариунзулыг цохисныхоо дараа ирээд дахиад нурууны гол хэсэг рүү нэг удаа өшиглөчхөөд явсан өгсөн тэр үед би өвдгөөрөө газар нэлээн хүчтэй унасан байгаа. Цээжинд учирсан гэмтлийг сайн санахгүй байна гэхдээ урьд нь бол зүгээр байсан тэр үедээ ямар нэг байдлаар үүссэн гэж бодож байна. Зүүн бугалгад үүссэн гэмтэл хүн барьж байгаад л үүссэн байх. Тэр хэсэг рүү бол цохиогүй зүүн өгзгөнд үүссэн гэмтлийг бас сайн мэдэхгүй байна. унахад л үүссэн байх баруун зүүн гуя, баруун зүүн шилбэнд үүссэн гэмтлүүд бол цохиход нь газар хүчтэй унах үед үүссэн гэмтлүүд байгаа юм. Би гомдолтой байна миний эмчилгээний зардал 700-800 төгрөг гарсан. Баримт нь байгаа мөн хамрын хагалгаанд орно тэр үед хэдэн төгрөгийн төлбөр гарахыг хэлж мэдэхгүй байна. тэгшрэхгүй бол хэдэн ч удаа орж магадгүй гэж байсан... /хх-ийн 8 дугаар хуудас/,
хохирогч Б.Ариунзулын ...2022 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 17 цагийн үед найз Ариунболд найзын төрсөн өдрийг тэмдэглэхээр Улаанбаатар хотоос Төв аймгийн Эрдэнэ суманд үйл ажиллагаа явуулдаг Хаан жимс нэртэй амралтын газар Жамка, Аниюя, Танъяа бид 4 ирсэн. Тэгээд амрах байранд Ариунболд болон түүний найзууд гээд 3 хүн байсан. Тэгээд бид хэд уулзчихаад гадаа гараад сагсан бөмбөг тоглож байгаад байхад араас БатОргил, Баярбаясгалан, Мичидмаа, Ооноо, Мөнхсэргэлэн нар ирээд бүгд 20 орчим минут тоглож байгаад амрах байрандаа ороод хоолоо идэцгээгээд төрсөн өдрийн эзэн гээд Ариунболд лаагаа үлээгээд бүгд бялуугаа зүсэж аваад бие биенээ нялж тоглоод өрөөндөө ортол Мөнхсэргэлэн Улаака гэх залуутай муудалцаад байхаар нь би гараад ариун цэврийн өрөө ороод байж байтал гаднаа Улаака гэх залуу ганцаараа орж ирээд Мөнхсэргэлэнг хэл амаар доромжлоод ална гэх мэтээр ярихаар нь би Улаакаад хандаж чи ямар сонин юм бэ өөрөө найз охинтойгоо ирчхээд эмэгтэй хүнийг янхан гэх мэтчилэн үгээр хэлээд гэсэн чинь намайг чи манай найз охиныг янхан гэлээ би чамайг ална гээд над руу дайрсан чинь Төгөлдөр гэх залуу Улаакааг гаргаад цааш нь явуулсан. Тэгсэн гаднаас Баярбаясгалан гэх залуу орж ирээд Улаакаа Мөнхсэргэлэнг зодчихлоо гэхээр нь би араас нь гараад гадаа байдаг гүүрийг даваад цаад талд нь очтол Мөнхсэргэлэн ганцаараа цустайгаа холилдсон сууж байхаар нь би буцаад амрах байрны үүдэнд очиход Улаакаа гэх залуу зогсож байхаар нь би явж очоод ямар учраас Мөнхсэргэлэнг зодож байгаад гээд уурандаа хэдэн үг хэлэхэд Улаака шууд миний урдаас зүүн хэсэгт 1 удаа цохиод би шууд арагшаа саваад газар унаад нүдээ үзтэл цус гарч байсан. Тэгээд би цусаа цэвэрлээд гадаа Мөнхсэргэлэн дээр яваад очтол Улаака гэх залуу найз охинтойгоо яваад өгсөн байсан. Тэгээд цагдаад мэдэгдэж дуудлага өгөөд би өөрөө Улаанбаатар хот руу гэмтлийн эмнэлэг рүү явсан ...гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар хуудас/,
түүний дахин өгсөн ...Миний зүүн нүд рүү нэг удаа цохиж гэмтээсэн байгаа. Тухайн гэмтлүүд нь өмнө нь бол зүгээр байсан бөгөөд цохиулсны дараа үүссэн гэмтлүүд байгаа юм, тухайн үед би унахдаа л авсан гэмтлүүд юм шиг байгаа юм. Би гомдолтой байна, би нүднээсээ болоод 3 кредит хичээлдээ явж чадаагүй төлбөрт уначихсан бөгөөд нийт 600 орчим мянган төгрөг нэхэмжилж байна... /хх-ийн 14 дүгээр хуудас/,
гэрч Г.Төгөлдөрийн ...2022 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр найз Ариунболдын төрсөн өдрийг тэмдэглэхээр Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг "Хаан жимс" гэх амралтын газар найзуудын хамт ирсэн. Тэгээд бид нар гадаа сагсны талбай дээр тоглоод байж байгаад хоол болоод амралтын өрөөндөө орж хоолоо идээд төрсөн өдрийн лаа үлээгээд тэгээд архи пиво ууж эхэлсэн. Би машин барьж явсан болохоор архи уугаагүй. Тэгээд бид нар баярын тоортоо хувааж аваад нэг нэгнээ тоортоор нялаад нэлээн чимээ гаргасан чинь амралтын газрын менежер гэх эгч орж ирээд уурлаад заваартуулсан хэсгээ цэвэрлэ гэхээр нь би менежер эгчийг аваад 1 давхар луу буугаад шал угаах цэвэрлэх хэрэгсэл аваад 3 давхарт гараад бид нар ойр орчмоо цэвэрлэсэн. Тэгсэн чинь Улаакаа буюу/ Г/ Ариунзул нар хоорондоо маргалдаад байхаар нь би голоор нь ороод салгасан. Тэгээд Улаакаа ах гараад явахаар нь би араас нь гараад сагсны талбай ороод хүнтэй утсаар яриад буцаад амрах байрны үүдэнд очтол Ариунзул зүүн нүднээс нь цус гарчихсан уйлчихсан гүүрний урд талд Мөнхсэргэлэн бас хамраас нь цус гарчихсан Баярбаясгалантай хамт зогсож байсан. Тэгээд цагдаад мэдэгдсэн гэхээр нь би Ариунзулын нүдэнд бохир орж магадгүй гээд гэмтлийн эмнэлэг руу аваад явсан.... /хх-ийн 17 дугаар хуудас/,
гэрч А.Тэмүүлэнгийн ...2022 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр найз Ариунболдын төрсөн өдрийг тэмдэглэхээр Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг хаан жимс гэх амралтын газар найзуудын хамт ирсэн. Тэгээд бид нарын амралтын газрын гадаа сагсан бөмбөг тоглож байхад араас Жамка 1 эмэгтэй, 1 эрэгтэй 2 хүн дагуулсан бид нар дээр ирсэн. Тэгээд бид нар нийлж тоглож байгаад орой 17 цагийн үед араас ахиад Мөнхсэргэлэн, Азук нар нийлээд 5 орчим хүмүүс ирээд бүгд нийлж тоглож байгаад амрах байрандаа орцгоогоод хоол ундаа идээд төрсөн өдөр эхлээд архи пиво ууцгаасан. Бид нарыг амрах байранд өрөөнд байхад Улаака гэх ах Ариунзул, Мөнхсэргэлэн нартай мэтгэлцээд ам мурыгаад байсан. Шөнө 00 цагийн орчим бүгд ууж байгаад Улаакаа гэх ах явахаар болоод амрах байрнаас гарцгаагаад тухайн үед Мөнхсэргэлэн бид 2 салхилах гэж яваад Улаакаа гэх ахтай амралтын өрөөнөөс гараад гүүрний урд талд таараад Мөнхсэргэлэн, Улаакаа 2 хальт маргалдаад байсан тухайн үед би нэлээн согтсон байсан ба хальт ухаан санаа орж гараад сэргэтэл Мөнхсэргэлэн хамраа дараад газар сууж байсан нэлээн цус гарч байсан. Би яасанг нь асуухад Мөнхсэргэлэн танай ах Улаакаа намайг цохичихлоо гэж хэлсэн. Тэгээд Мөнхсэргэлэнгийн найзууд ирэхэд нь би амралтын байр луу яваад очтол үүдний саравчинд Ариунзул зүүн нүднээс нь цус урссан газар суусан байдалтай байхаар нь хажууд байсан хүмүүсээс асуухад Улаакаа ах цохичихсон гэж хэлж байсан. Тэгээд явах нь яваад амрах нь амарцгаасан... /хх-ийн 14-15 дугаар хуудас/,
гэрч Ц.Гэрэлсүрэнгийн ...2022 оны 04 сарын 23-ны өдөр Ариунболд гэдэг найзынхаа төрсөн өдрийг тэмдэглэх гээд Хаан жимс гэдэг амралтын газарт очсон. Тэгээд тэндээ төрсөн өдрөө тэмдэглээд орой яг хэдэн цагийг нь санахгүй байна нэг хэсэг 3-4 хүнийг танихгүй хүмүүс байсан бөгөөд гадаа нэлээн орой болчихсон Мөнхсэргэлэн бид хоёр гадаа салхилах гээд гараад гүүрэн дээр явж байтал араас нэг бид нартай хамт байсан танихгүй залуу бид хоёрыг янхан гээд хэлээд байсан тэгсэн Мөнхсэргэлэн өөдөөс нь нэг үг хэлсэн бөгөөд нөгөө залуу шууд ирээд Мөнхсэргэлэнгийн хамар хэсэгт нь нэг удаа цохиод унгаачихсан, тэгээд би Мөнхсэргэлэнгийн цусыг арчаад байж байтал араас Ариунзул ирээд яасан гэхээр нь Мөнхсэргэлэнг цохиод гэмтээчихлээ гэхэд Ариунзул нөгөө залуугийн араас явсан. Би Ариунзулын араас очиход Ариунзул газар хэвтчихсэн зүүн нүднээс нь цус гарчихсан хэвтэж байсан... /хх-ийн 22 дугаар хуудас/,
гэрч Б.Жамъяншаравын ...2022 оны 04 сарын 23-ны өдөр найзуудаараа Төв аймгийн Эрдэнэ суманд Хаан жимс гэдэг амралтын газарт төрсөн өдөр тэмдэглэхээр явсан юм. Тэгээд тэр өдөр орой 22 цагийн орчим бүгдээрээ төрсөн өдрөө тэмдэглээд байж байтал гаднаас Мөнхсэргэлэн хүнд цохиулчихлаа гэхээр нь гараад очтол Мөнхсэргэлэнгийн хамраас цус гарсан байдалтай байсан, тэгээд хэн цохсон юм бэ гэхэд Г гэдэг ахыг заасан, тухайн Г гэх хүн нь бид нартай хамт төрсөн өдөр дээр ирсэн хүн байсан бөгөөд Тэмүүлэн, Төгөлдөр нартай танил хүн байсан юм байна лээ би болон Мөнхсэргэлэн, Ариунзул нар бол танихгүй. Тэгээд Гийг одоо та яваа гээд явуулах гээд байж байтал Ариунзул ирээд та яагаад эмэгтэй хүн цохиж байгаа юм бэ гээд гүйж ирээд цээж хэсэг рүү нь гараараа түлхтэл Г гэдэг хүн Ариунзулын зүүн нүд рүү нь гараараа нэг л удаа цохиод авсан тэгсэн Ариунзулын зүүн нүдний доод зовхи нь сэтрээд цус гарсан. Тэгээд Г нь яваад өгсөн бөгөөд Ариунзул, Мөнхсэргэлэн нарыг гэмтлийн эмнэлэг рүү үзүүлэхээр авч явсан юм... /хх-ийн 24 дүгээр хуудас/,
сэжигтэн Г.Гийн ...2022 оны 04 дүгээр сарын 24-ны өдөр 14 цагийн үед манай хуурай дуу Ариунболдын төрсөн өдөр болж байна гээд Улаанбаатар хотоос Жамка, 2 орос охин, манай эхнэр бид 5 машинтай гараад Хаан жимс амралтын газар очсон. Тэгээд бид нар аваачсан мах хүнсээ амралтын газар өгч хорхог боодог хийлгээд амрах байрандаа архи пиво ууцгаасан. Араас найзууд нь гээд хүмүүс цуваад ирээд байсан. Тэгээд орой хорхог нь гараад бид нар амрах байрандаа хоол ундаа идэцгээгээд ууцгаагаад би орон дээр хэвтэж байхад нөгөө хэд маань тортоор байлдаж тоглоод байсан чинь гаднаас амралтын газрын эгч орж ирээд та нар арай дэндэж байна их чимээ гаргаж байна гэхээр нь манай эхнэр цэвэрлэх материал оруулж ирээд тэнд байсан 2 орос охинтой хамт цэвэрлэгээ хийсэн чинь Мөнхсэргэлэн гэх эмэгтэй арчиж байсан шал нь дээр гүйгээд байхаар нь би битгий наад дээгүүрээ гүйгээд бай пизда минь гэж хэлсэн чинь өөдөөс хэрэлдээд манай эхнэрийг янхан наадхаа аваад зайл гэж хэлээд гараад явсан. Тэгсэн чинь манай эхнэр хот явье гээд хотоос найзыгаа дуудсан тухайн үед цаг 23 цаг өнгөрч байсан. Тэгээд манай эхнэр Цэнгүүн бид 2 хувцсаа аваад явье гээд гадаа гараад машины зогсоол орох гээд явж байгаад гүүр гарсан чинь Мөнхсэргэлэн гэх эмэгтэй утасны цэнэглэгчээр манай эхнэрийг 2-3 удаа шавхуурдахаар нь би Мөнхсэргэлэн гэх эмэгтэйг нүүр хэсэгт нь 1 удаа баруун гараараа цохиод тэгээд цуг явж байсан 2 хун тухайн үед хэн байсныг нь мэдэхгүй аваад цааш нь явсан. Тэгээд манай эхнэр намайг аваад буцаагаад амрах байр луу аваад явж байгаад үүдэнд байсан ширээ сандал дээр суугаад нэлээн хэдүүлээд ахиад 2 литрийн Сэнгүр пиво хувааж уугаад байж байхад Ариунзул гэх эмэгтэй амрах байрнаас гараад гүүр давж явснаа буцаад ална гээд орилоод гүйгээд бид хэд дээр ирээд намайг нүүрний зүүн шанаа хэсэгт 1 удаа цохихоор нь би шууд түлхээд унагаасан. Тухайн үед хажууд хамт байсан хүмүүсээс 5 орчим хүн байсан одоо сайн санахгүй байна. Тэгээд Ариунзул гэх эмэгтэй босоод нэлээн сууж байснаа нүднээс нь цус гараад байх шиг байна гэж байсан. Тэгээд манай эхнэр намайг аваад машины зогсоол руу гээд явж байхад Мөнхсэргэлэн ахиад замд таараад намайг ална гээд дайрахаар нь би бөгс хэсэгт нь 1 удаа өшиглөсөн. Тэгээд хотоос дуудсан машин ирээд эхнэр бид 2 Улаанбаатар хот орсон. Ийм л асуудал болсон... /хх-ийн 27-29 дүгээр хуудас/,
яллагдагч Г.Гийн ...Би прокурорын эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Надад урьд өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байхгүй байна. Миний хувьд үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа бөгөөд миний холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү... /хх-ийн 46 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд болон шүүгдэгч Г.Гийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 49, 56 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч Г.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 04 дүгээр сарын 23-ны орой 23 цаг 20 минут орчим Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр 1-р багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Хаан жимс” амралтын газарт шалтгаангүйгээр М.Мөнхсэргэлэнгийн хамар тус газарт цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Мөн согтуугаар 2022 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 23 цаг орчим Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр 1 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Хаан жимс” амралтын газарт Б.Ариунзулыг “яагаад Мөнхсэргэлэнг зодож байгаа юм бэ” гэж хэлэхэд нь Б.Ариунзулын зүүн нүдэн тус газар гараараа цохиж, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан тус тус үйл баримт тогтоогдсон гэж үзсэн.
Гэм буруугийн болон хууль зүйн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:
Улсын яллагч М.Одгэрэл:
...Шүүгдэгч Г.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 23 цаг 20 минут орчимд Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг Хаан жимс амралтын газарт шалтгаангүйгээр Мөнхсэргэлэнгийн хамрыг цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол, мөн Г.Ариунзулын зүүн нүд тус газарт цохиж улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг 2 хүний эрүүл мэндэд хохирол учруулсан нь хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирогч Мөнхсэргэлэнд хохирол болох 557.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах, хохирогч Г.Ариунзул нь эмчилгээний зардал болон бусад нэхэмжлэх төлбөргүй байна... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Г.Г:
...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэсэн мэдүүлгийг тус тус гаргадаг.
Учир нь шүүгдэгч Г.Г нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах нь зүйтэй гэж үзэн шийтгэх тогтоолын үндэслэл болгож шийдвэрлэлээ.
Өөрөөр хэлбэл гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд шүүгдэгч Г.Г дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээрээ илэрхийлдэг.
Прокуророос шүүгдэгч Г.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “...хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтай үйлдсэн...” гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,
2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”.:. гэж тус тус хуульчилсан.
Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран үйлдсэн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг,
мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.
Шүүгдэгч Г.Гийн холбогдсон тухайн гэмт хэрэг нь “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-т хамаарах бөгөөд шүүгдэгч Г.Г нь хохирогч М.Мөнхсэргэлэн, Б.Ариунзул нарын нүүрэн тус газар нь цохиж, зодох сэдэлт, санаа зорилго төрж, улмаар хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж зодсон байна.
Эрүүгийн хуульд хуульчлагдсан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэг нь гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн хохирлын аль нэг нь заавал учирсан байхыг шаардсан материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.
Гэхдээ хохирол учруулсан үйлдэл, эс үйлдэхүй болгон гэмт хэрэгт тооцогдохгүй.
Учир нь нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн хохирлын аль нэг нь учраагүй бол Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж, зодсон бол” гэсэн зөрчлийн хэрэг болно.
Энэ хэргийн тухайд шүүгдэгч Г.Г нь хохирогч М.Мөнхсэргэлэн, Б.Ариунзул нарыг нүүрэн тус газар нь цохиж зодсоны улмаас хөнгөн гэмтэл буюу хөнгөн хохирол учирснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан, материаллаг бүрэлдэхүүнтэй, төгссөн гэмт хэрэг болж байна.
Улмаар хоёр хүн болох хохирогч М.Мөнхсэргэлэн, Б.Ариунзул нарын нүүрэн тус газар нь цохиж зодож хөнгөн гэмтэл учруулсан энэ үйлдэл нь Эрүүгийн хуульд хуульчлагдсан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн “хоёр буюу түүнээс дээш хүний” гэсэн хүндрүүлэх шинжийг хангаж байгаараа хэргийн зүйлчлэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэх нь зүйтэй гэж үзсэн ба хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр буюу хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хоёр хүний эрүүл мэндэд хоёр удаагийн үйлдлээр учруулсан тул үргэлжилсэн нэг гэмт хэрэг гэж үзсэн.
Тэрээр хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж зодож, цохиж буй энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж хийсэн, хохирогч М.Мөнхсэргэлэнгийн эрүүл мэндэд хамар ясны хугарал, цээж, зүүн бугалга, зүүн өгзгөнд, баруун, зүүн гуя, баруун, зүүн шилбэнд цус хуралт, хамарт зөөлөн эдийн няцралт бүхий хөнгөн гэмтэл, хохирогч Б.Ариунзулын эрүүл мэндэд тархи доргилт, зүүн нүдний зовхинд шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт, баруун, зүүн, гуянд цус хуралт, баруун гарын хуруунд зулгаралт, зүүн нүдний зовхи, баруун гарын хуруунд зөөлөн эдийн няцралт бүхий хөнгөн гэмтэл тус тус учирсан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хохирогчид учирсан хөнгөн гэмтэл нь шүүгдэгчийн санаатай үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч Г.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хариуцлага болох ял шийтгэлийн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:
Улсын яллагч М.Одгэрэл:
...Шүүгдэгч Г.Гийн үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзэж байна. Шүүгдэгч Г.Г хохирогч Мөнхсэргэлэнгийн эмчилгээний зардал 557.000 төгрөгийг гаргуулах зүйтэй байна... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Г.Г:
...Хэлэх зүйл байхгүй... гэсэн мэдүүлгийг тус тус гаргасан болно.
Шүүх шүүгдэгч Г.Гт хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоох шаардлагагүй гэж үзсэн ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдлыг харгалзан үзэхээс гадна үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж, анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч шүүгдэгчийн эрх зүйн байдлыг нь дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж дүгнэн зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулж, эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас буюу Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 20-р хороо, Туулын 2-3а тоотоос явахыг, тодорхой газар очихыг буюу хөдөө орон нутагт очихыг тус тус хориглох, шүүхээс тогтоосон Улаанбаатар хот доторх чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг 3 /гурав/ сарын хугацаагаар хүлээлгэж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй байна.
Хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Г.Гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч М.Мөнхсэргэлэнгийн биед хамар ясны хугарал, цээж, зүүн бугалга, зүүн өгзгөнд, баруун, зүүн гуя, баруун, зүүн шилбэнд цус хуралт, хамарт зөөлөн эдийн няцралт бүхий хөнгөн хохирол,
Хохирогч Б.Ариунзулын биед тархи доргилт, зүүн нүдний зовхинд шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт, баруун, зүүн, гуянд цус хуралт, баруун гарын хуруунд зулгаралт, зүүн нүдний зовхи, баруун гарын хуруунд зөөлөн эдийн няцралт бүхий хөнгөн хохирол тус тус учирсан байна.
Хохирогч М.Мөнхсэргэлэн нь шүүгдэгч Г.Гөөс мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардалд нийт 600.000 /зургаан зуун мянга/ төгрөг нэхэмжилж байгаа гэх хүсэлтийг ирүүлсэн ч баримтаар цугларсан 557.000 /таван зуун тавин долоон мянга/ төгрөгийн хохирлыг шүүгдэгч Г.Гөөс гаргуулан олгох нь зүйтэй байна.
Хохирогч Б.Ариунзул нь шүүгдэгч Г.Гөөс мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардалд нэхэмжлээгүй, хохирогч М.Мөнхсэргэлэн, Б.Ариунзул нарын цаашид гарах эрүүл мэндийг зардлаа нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Иймд шүүгдэгч Г.Гөөс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Бусад асуудлын талаар
Эрүүгийн 2234000000240 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Г.Г энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, түүнээс тооцон гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан
шийдвэрлэх тухай хуулийн 17.4., 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10,
36.13., 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх
хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б Г.Гийг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б Г.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гурав сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б Г.Гийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 20 дугаар хороо, Туулын 2-3а тоот хаягаас шилжин явахыг, Улаанбаатар хотоос хөдөө орон нутагт очихыг тус тус хориглох, Улаанбаатар хот доторх чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг 3 /гурав/ сарын хугацаагаар хүлээлгэж, хязгаарлалт тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б Г.Гт зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлэхийг, биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн 2234000000240 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Б Г.Г энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч УА92022015 дугаарын регистртэй, Б Г.Гөөс нийт 557.000 /таван зуун тавин долоон мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч дугаартай регистртэй, Д овгийн М.Мд олгосугай.
7. Хохирогч М.Мөнхсэргэлэн, Б.Ариунзул нар нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримтаа тус тус бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
8. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б Г.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
9. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
11. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б Г.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН