Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 001/ХТ2021/00417

 

2021           04            29                                          001/ХТ2021/00417

 

“................” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2019/02225 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 1839 дүгээр магадлалтай,

 

“................” ХХК-ийн нэхэмжлэлтэй

................, “................ХХК нарт холбогдох

 

Гэрээний үүрэг, бусад зардалд нийт 80,830,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагч ................гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Түвшинбатын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Батболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Түвшинбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

 

Нэхэмжлэгч “................” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани 2016.04.15-ны өдөр ................тэй тоног төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээг байгуулж, экскаваторыг 170,000,000 төгрөг, бульдозерыг 170,000,000 төгрөгөөр тус тус худалдахаар харилцан тохиролцсон. ................ урьдчилгаа 76,000,000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 264,000,000 төгрөгийг 2016.07.15-ны өдөр 65,000,000 төгрөг, 2016.08.15-ны өдөр 65,000,000 төгрөг, 2016.09.15-ны өдөр 65,000,000 төгрөг, 2016.10 дугаар сард 69,000,000 төгрөг тус тус төлөхөөр тохирсон. Хугацаандаа төлөөгүй тохиолдолд алданги төлөхөөр гэрээнд заасан. ................ нь гэрээнд заасан төлбөрөө төлөөгүй учир экскаваторыг 2019.08.12-ны өдөр буцаан татсан. Гэрээний 4.1-д төлбөр төлөхгүй бол техникийн ашигласан хугацаанд түрээс тооцохоор заасан, экскаваторыг 20,000,000 төгрөг, бульдозерыг 30,000,000 төгрөгөөр тохирсон. 2016.04.04-ний өдрөөс 2016.08.12-ны өдрийг хүртэл 4 сарын түрээсийн төлбөрт 80,000,000 төгрөг төлөхөөр байсан, 2016.10 дугаар сард ................ өөрөө ирж, 2016.10.18-ны өдөр бульдозерын үлдэгдэл 20,000,000 төгрөг төлнө, 3,000,000 төгрөгийг уурхай ажиллахаар 2017.08.23-ны өдрийн дотор төлж барагдуулна гэж хэлсний үндсэн дээр түрээс 80,000,000 төгрөгөөс 10,000,000 төгрөгийг хасч 70,000,000 төгрөгөөр тохирсон байгаа. Манай компани 2016.07.30-ны өдөр, мөн дахин 8 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэх явуулсан. Мөн ................ХХК тус компаниас сэлбэг захиалан худалдаж авдаг байсан. Сэлбэгийн төлбөр 35,591,600 төгрөгөөс 28,900,000 төгрөг болон 1,391,600 төгрөг төлсөн, 5,300,000 төгрөг дутуу төлснийг нэхэмжилж байгаа болно. Мөн хариуцагчийг Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр эрэн сурвалжлуулахад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг нэхэмжилсэн. Алданги 2,460,000 төгрөг тооцож нэхэмжилсэн байгаа болно. Иймд хариуцагч ................, ................ХХК нараас нийт 80,830,200 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ................ шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ................ ХХК-тай 2016.06.15-ны өдөр гэрээ байгуулан Hyundai R300LC экскаватор, D6RII STD маркийн бульдозер зэргийг зээлээр худалдаж авахаар тохиролцсон. Урьдчилгаа 76,000,000 төгрөгөөр болон юаниар төлсөн. Дээрх хоёр техникийг уурхай дээр аваачин ашиглаагүй сар гаран болж байхад ................ ХХК ирж техникээ буцааж авна гээд экскаватораа хүчээр ачаад аваад явсан. Үүнээс хойш бульдозерын мөнгийг тухай бүрт нь төлөөд дуусгасан. Зээлээр худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулаагүй учир хүү төлөхгүй, бичгээр гэрээ хийгээгүй үед түрээс тооцохгүй, түрээсийн гэрээнд нэгэн адил үйлчлэх эд хөрөнгө хөлслөх гэрээгээр гурван сарын турш хөлс төлөөгүй нөхцөлд цуцалдаг учир экскаваторын төлбөрийг нэг сар төлөөгүй байхад нэхэмжлэгч гэрээг цуцалсан нь үндэслэлгүй. Одоо ................ ХХК-д төлөх төлбөр байхгүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “................ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ................ ХХК-тай экскаватор, бульдозер худалдан авах гэрээг ................ байгуулсан. Манай компанийн уурхайн үйл ажиллагаанд ашиглаж байсан. Тиймээс нэхэмжлэгчтэй гэрээ байгуулаагүй учир энэ гэрээтэй холбоотой бүх шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Сэлбэгийн хувьд нэхэмжлэгчтэй гэрээний харилцаа үүссэн нь үнэн боловч тухай бүр үнийг нь төлсөн. Иймээс сэлбэгийн үнийн үлдэгдэл 5,300,000 төгрөг, алданги 1,000,000 төгрөг нэхэмжилж байгааг мөн хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2019/02225 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дах хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч ................гээс 68 653 564 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ................ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 12 176 636 төгрөгт холбогдох хэсэг болон хариуцагч ................ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ................ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 567 101 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ................гээс 501 218 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ................ ХХК-д олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 1839 дүгээр магадлалаар Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2019/02225 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ... 205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1, 232 дугаар зүйлийн 232.4 ... гэснийг 318 дугаар зүйлийн 318.1 гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч ................гээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 501 218 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Түвшинбат хяналтын гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд: 1. Давж заалдах шатны шүүх дүгнэхдээ иргэн ................, “................” ХХК-ийн хооронд байгуулсан “Зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-г хүү тохиролцоогүй, ...гэрээний үнийг хэсэгчлэн төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээг тодорхойлохгүй юм... гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь бодит байдал дээр худалдагч “................” ХХК нь эксковатор, бульдозер гэсэн 2 техникийг худалдан авагч ................д үнийг төлөхөөс өмнө урьдчилан шилжүүлж, худалдан авагч нь үнийг дараа хэсэгчлэн төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт зээлээр худалдах, худалдан авах гэрээний шинжийг бүрэн агуулж байна. Харин талууд гэрээ байгуулахдаа ИХ-ийн 263 дугаар зүйлийн 263.1 дэх хэсэгт заасан ... зээлээр худалдах-худалдан авах гэрээг бичгээр хийнэ, 263 дугаар зүйлийн 263.2.1 дэх хэсэгт заасан ...Төлбөл зохих хүүгийн хэмжээг заавал тусгана гэсэн зээлээр худалдах, худалдан авах гэрээний хэлбэр, журмыг зөрчсөн байна. ИХ-ийн 263 дугаар зүйлийн 263.4 дэх хэсэгт заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээний “журмыг зөрчиж гэрээ байгуулсан бол энэ хуулийн 196.1.1-д зааснаар гэрээг байгуулсан гэж үзэх бөгөөд энэ тохиолдолд худалдан авагч хүү төлөхгүй, гагцхүү эд хөрөнгийн үнийг төлнө” гэсэн хэрэглэвэл зохих хуулийн заалтыг шүүх хэрэглээгүй нь магадлал, шийдвэр үндэслэлгүй гэж үзэх үндэслэл болно. Хуулийн энэ заалтаар талуудын хооронд зээлээр худалдах, худалдан авах гэрээг байгуулсан тооцогдоно. ИХ-ийн 264 дугаар зүйлийн 264.1 дэх хэсэгт худалдагч гэрээнээс татгалзах үндэслэлд “Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ худалдан авагч биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол худалдагч гэрээнээс татгалзах эрхтэй. Хуульд өөрөөр заагаагүй бол талууд гэрээгээр авсан бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж заасан. Худалдагч “................” ХХК-ийн зүгээс худалдан авагч ................г гэрээний үүргээ биелүүлээгүй гэж гэрээнээс татгалзсан, ................ нь худалдан авсан техникээ бүрэн бүтнээр нь буцаан өгсөн нь ИХ-ийн 264 дүгээр зүйлийн 264.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлсэн. Харин худалдагч “................” ХХК нь ИХ-ийн 264 дугаар зүйлийн 264.2 дахь хэсэгт зааснаар учирсан хохирол, зардлаа худалдан авагчаас шаардах эрхтэй боловч энэ талаар шаардлага, нотлох баримт гаргаагүй болно. 2. “................” ХХК болон ................ нар нь анх 2016.04.15-нд зээлээр худалдах, худалдан авах гэрээг амаар хийж 2 техникийг ................д шилжүүлэн, төлбөрийг дараа төлөхөөр тохиролцсон. Энэ үед төлбөрөө төлөөгүй тохиолдолд техник ашигласан хугацааг түрээсийн төлбөрт шилжүүлэх талаар ямар ч тохиролцоо хийгээгүй байсан. ИХ-ийн 318 дугаар зүйлийн 318.3, 318.4 дэх хэсгүүдэд ...түрээсийн гэрээг бичгээр хийнэ энэ шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна... гэж заасаар атал шүүх амаар гэрээ хийсэн хугацаанд түрээс тооцож гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн зүйл болно. 3.Талууд 2016.06.15-нд дээр дурдсан 2 техниктэй холбоотойгоор зээлээр худалдах, худалдан авах нөхцөлөө тохиролцон шинээр гэрээгээ хуульд нийцүүлэн байгуулсан. Уг гэрээний 3.5, 4.1 дэх заалтуудад худалдан авагч гэрээний хуваарьт төлбөрийг төлөлгүй 1 сарын хугацаанаас хэтэрсэн тохиолдолд худалдагч тал гэрээг цуцлан тоног төхөөрөмжийг татан, 1 сарын түрээстэй тэнцэх 20,000,000 төгрөгийг худалдагч талд олгоно ...гэрээ цуцлагдсан тохиолдолд тоног төхөөрөмжийг ашигласан хугацааны төлбөрийг түрээсийн төлбөрт шилжүүлэн тооцох буюу эксковатр 20.0 төгрөг... гэж заасан. Гэрээний 3.2-т зааснаар худалдан авагч нь 2016.06.15-нд гэрээ байгуулснаас хойш 1 сар буюу 2016.07.15-аас эхлэн сар бүр 65,000,000 төгрөг төлж төлбөрийг дуусгахаар заасан. Худалдагч тал нь төлбөр төлөх хугацаанаас өмнө буюу 2016 оны наадмаас өмнө техникээ татаж гэрээний заалтаа зөрчсөн. Энэ нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн гэрчийн мэдүүлгээр нотлогддог. Иймд худалдан авагч нь хохирол, түрээс төлөхгүй гэдгээ тайлбарласан. Худалдагч гэрээ цуцлах талаар хуулийн заалтыг зөрчсөн. Хэрэв зээлээр худалдах, худалдан авах гэрээг өөрчлөн түрээсийн гэрээнд шилжүүлсэн тохиолдолд Иргэний хуулийн тусгай ангийн “түрээсийн гэрээ” болон “эд хөрөнгө хөлслөх гэрээ”-ний зохицуулалт үйлчилнэ. ИХ-ийн 320 дугаар зүйлийн 320.4, 320.3 дахь хэсгүүдэд Түрээсийн гэрээг хугацаанаас өмнө цуцлахад түрээсийн жилийн эцэст буюу түрээсийн жил дууссанаас хойш нэг сарын дотор цуцалж болно гэж заасан. Мөн ИХ-ийн 288 дугаар зүйлийн 288.2.3 дахь хэсэгт ...хөлслөгч гурван сарын турш хөлсөө төлөөгүй бол гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй гэсэн заалтууд нь түрээсийн гэрээг цуцлахад баримтлах журам байхад шүүх эдгээр заалтыг хэрэглээгүй байна. Иймд шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулан, хариуцагчаас түрээсийн төлбөрт 64,193,564 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгч “................” ХХК нь хариуцагч ................гээс худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 3,000,000 төгрөг, алданги 2,460,000 төгрөг, түрээсийн төлбөр 70,000,000 төгрөг нийт 73,070,200 төгрөгийг, “................ХХК-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 5,300,000 төгрөг тус тус нэхэмжилсэн ба улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг оруулаад нэхэмжлэлийн шаардлагаа 80,830,200 төгрөгөөр тодорхойлжээ. Хариуцагч нар нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй байна.

 

Анхан шатны шүүх хариуцагч ................гээс 68,653,564 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх нэхэмжлэлийг болон хариуцагч “................ХХК-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулжээ. Шүүх “................ХХК-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, үүнд хэргийн бусад зохигч гомдол гаргаагүй тул хяналтын шатны шүүхээс зөвхөн ................д холбогдох нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийнэ.

 

Давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг оновчтой хэрэглэсэн, магадлалыг хэвээр үлдээх хуулийн үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.-т заасан шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

 

1.Талууд 2016.04 дүгээр сард Hyundai R300LC маркийн экскаваторыг 170,000,000 төгрөгөөр, D6RII STD маркийн бульдозерыг 170,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар амаар тохирч, ................ нь урьдчилгаа төлбөрт 76,000,000 төгрөгийг төлж, “................” ХХК эд хөрөнгийг хүлээлгэн өгсөн, үүний дараа 2016.06.15-ны өдөр гэрээг бичгээр байгуулж, ................ нь үлдэх 264,000,000 төгрөгийг 2016.10.15-ны өдөр хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөх үүргийг хүлээсэн, бульдозерын үнэд 167,000,000 төгрөгийг төлж 3,000,000 төгрөгийг төлөөгүй, 2016.08.12-ны өдөр нэхэмжлэгч нь хариуцагчаас экскаваторыг буцаан авсан үйл баримт тогтоогджээ.

Талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсгийг зөрчөөгүй, уг гэрээ нь зээлээр худалдах-худалдан авах гэрээний төрөлд хамаарахгүй үндэслэлийг шүүх оновчтой дүгнэсэн байна.

 

2.Хариуцагч нь бульдозерын үнэд 3,000,000 төгрөгийг дутуу төлсөн, хугацаа хэтрүүлсэн тул алданги 1,500,000 төгрөгийн хамт үүргийг хангуулах нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д нийцсэн, шүүх нэхэмжлэлийн энэ шаардлагад хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

3.Худалдах-худалдан авах гэрээний 3.5-д худалдан авагч төлбөр төлөлгүй 1 сар хэтрүүлсэн бол худалдагч тал гэрээг цуцлан тоног төхөөрөмжийг буцаан татаж 1 сарын түрээстэй тэнцэх 20,000,000 төгрөгийг худалдагч талд олгоно гэж, 4.1-д “Гэрээ цуцлагдсан тохиолдолд тоног төхөөрөмжийг ашигласан хугацааны төлбөрийн түрээсийн төлбөрт шилжүүлэн тооцох буюу 1 сарын түрээсийн үнэлгээг экскаваторыг 20,000,000 төгрөг бульдозерыг 30,000,000 төгрөгөөр тооцон тоног төхөөрөмжөө буцаан авна, ашигласан хугацаа гэдэгт тоног төхөөрөмжийг худалдан авагчид хүлээлгэн өгснөөс эхлээд худалдагч буцаан авах хүртэл хугацааг ойлгоно.” гэж тус тус заажээ.

Гэрээний энэ заалт нь 70,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн үндэслэл болсон ба анхан шатны шүүх уг шаардлагыг худалдах-худалдан авах гэрээнээс татгалзснаас учирсан хохирол гэж үзсэн бол давж заалдах шатны шүүх түрээсийн гэрээний үүрэг гэж эрх зүйн зөрүүтэй дүгнэлтийг хийсэн байна.

Талууд гэрээний гол нөхцөлийг өөрсдөө тогтоож, гэрээг чөлөөтэй байгуулах эрхийн хүрээнд худалдах-худалдан авах гэрээний үүргийг түрээсийн гэрээний үүргээр солих нөхцөл, журмыг тохирох нь хууль зөрчихгүй бөгөөд худалдах-худалдан авах гэрээний үүргийг түрээсийн гэрээний үүргээр сольсон үйл баримтыг дүгнэж чадаагүй анхан шатны шүүхийн шийдвэрийн алдааг давж заалдах шатны шүүх залруулж, Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3, 189 дүгээр зүйлийн 189.1, 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсгийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Хариуцагч ................ экскаваторын түрээсийн төлбөр 70,000,000 төгрөгийг 2016.10.19-ний дотор төлөхийг зөвшөөрч, бичгээр илэрхийлсэн /хх-4/ байх ба шүүх түрээсийн төлбөрийг 3 сар 22 хоногоор тооцож 64,193,564 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.

 

4.Хариуцагч ................гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо 64,193,564 төгрөгийг хэрэгсэхгүй болгуулахыг хүсч, “...гэрээг анхнаасаа бичгээр байгуулаагүй амаар тохирсон тул түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус, нэхэмжлэгч нь гэрээний 3.5-д зааснаар 1 сарын дотор техникээ татан авч, 20,000,000 төгрөг төлөхөөр байхад 4 сарын дараа техникээ буцаан авсан, гэрээг цуцлах журмаа зөрчсөн...шүүх хэрэглэвэл зохих Иргэний хуулийн 320 дугаар зүйлийн 320.3, 320.4, 288 дугаар зүйлийн 288.2.3 дах хэсгийг хэрэглээгүй” гэжээ.

 

Талууд амаар хэлцэл байгуулсан боловч хожим нь бичгийн хэлбэрт оруулж, эрх зүйн харилцаа үүссэн үйл баримтыг тодорхой болгосон, хариуцагч ................ нь түрээсийн төлбөр төлөх үүргээ зөвшөөрсөн үйл баримтаас үзэхэд гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна. Хариуцагч үүргээ зөрчсөн тул нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан бөгөөд гэрээний 3.5, 4.1-д талууд гэрээг цуцлах журмыг тохирсон, нэхэмжлэгч 4.1-д заасны дагуу гэрээг цуцалжээ. Гэрээнээс татгалзахад зөвхөн гэрээний 3.5-д заасан журмыг баримтлах ёстой болохыг гэрээнд заагаагүйгээс гадна хариуцагч үүргээ зөрчсөнөөс нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан тул нэхэмжлэгчийг буруутгах үндэслэл байхгүй юм.

 

Талуудын байгуулсан түрээсийн гэрээний зүйл нь газар буюу эрх биш тул Иргэний хуулийн 320 дугаар зүйлийн 320.3, 320.4-т заасан зохицуулалт хамааралгүй байна.

 

Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.2, 205 дугаар зүйлийн 205.1-д гэрээнээс татгалзах хугацааг хуулиас гадна гэрээгээр тогтоож болохыг заасан, талууд уг хугацаанд гэрээгээр тохирсон тул Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.2.3-т заасан зохицуулалт хэрэглэх ёстой хэм хэмжээ биш юм.

 

5. Давж заалдах шатны шүүх хариуцагч ................д холбогдох нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийхдээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 1839 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр төлсөн 478,918 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Б.УНДРАХ

                               ШҮҮГЧИД                                                         Г.БАНЗРАГЧ

                                                                                                         П.ЗОЛЗАЯА

                                                                                                         Г.ЦАГААНЦООЖ

                                                                                                         Х.ЭРДЭНЭСУВД