Шүүх | Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Шагдарсүрэнгийн Гандансүрэн |
Хэргийн индекс | 176/2022/0257/Э |
Дугаар | 2022/ШЦТ/270 |
Огноо | 2022-06-17 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Ц.Сонинмөнх |
Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 2022/ШЦТ/270
2022 06 17 2022/ШЦТ/270
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,
нарийн бичгийн дарга Г.Ганбаяр,
улсын яллагч Ц.Сонинмөнх,
шүүгдэгч С.Г, түүний өмгөөлөгч Б.Баярмагнай,
хохирогч Г.Мягмарсүрэн /онлайн/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч Ч С.Г холбогдох эрүүгийн 2234000000103 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1982 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Төв аймгийн Батсүмбэр суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, боловсрол мэргэжилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт,
урьд Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 246 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял,
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 166 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, дугаарын регистртэй, Ч С.Г,
Холбогдсон хэргийн талаар
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч С.Г нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Батсүмбэр сумын Мандал 1-р баг МЯХ сууцны 1-5 тоотод 2022 оны 04 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө Г.Мягмарсүрэнтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар заазуураар толгойн тус газарт нь цохиж нүүр хэсэгт нь хөлөөрөө өшиглөж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт
Шүүгдэгч С.Г:
...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв... гэж,
Хохирогч Г.Мягмарсүрэн:
... 022 оны 04 дүгээр сарын 05-ны орой 24 цаг болж байхад баар орсон чинь С.Г ах байсан. Ахтай цуг юм уугаад гараад явсан. Хойд талын бааранд ороод гараад явж байсан чинь араас дуудаад эргэж хараад С.Г ах Батаа ахынд орье гээд дагуулаад явсан. Тэгээд тэр айлд ороод намайг зодсон... гэж тус тус мэдүүлжээ.
Үйл баримтын талаар:
Эрүүгийн 2234000000103 дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
Шүүгдэгч С.Гын архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 04 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө Төв аймгийн Батсүмбэр сумын Мандал 1 дүгээр баг МЯХ сууцны 1-5 тоотод Г.Мягмарсүрэнтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар заазуураар толгойн тус газарт нь цохиж нүүр хэсэгт нь хөлөөрөө өшиглөж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь дараах
гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/,
хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-11 дүгээр хуудас/,
осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас, яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 17-18 дугаар хуудас/,
шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн №5434 дугаартай ... Г.Мягмарсүрэнгийн биед зулайн хуйханд зүсэгдсэн шарх, дух ясны цууралт, тархи доргилт, хамар ясны далд хугарал, таславч мурийлт, 2 нүдний дээд, доод зовхи, хамар, 2 хацар, дээд доод уруул, дух зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун хацар, цээж, 2 бугалга, 2 шуу, баруун гарын чигчий, долоовор хуруу, зүүн сарвуу, дунд хуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх зулайн хуйхны зүсэгдсэн шарх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр, бусад гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр 2022.04.06-ны өдөр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтийн байдлаас хамаарна... талаарх дүгнэлт /хх-ийн 44-45 дугаар хуудас/,
шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн №2194 дугаартай ...Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газрын үзлэгээр хурааж авсан гэх цагаан болон цагаан саарал өнгийн гялгар уутнууд нь шинжилгээнд тэнцэнэ. Дээрх гялгар уутнууд дээр цус илэрсэн. Илэрсэн цус нь хүний цус байна. Уг хүний цус нь А(II) бүлгийн харьяалалтай байна. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шинжилгээ бүртгэл мэдээллийн хэлтсийн 2198 дугаартай шинжилгээнд ирүүлсэн Г.Мягмарсүрэн IV/06, 26 настай эрэгтэй гэж хаягласан, 068421188 гэсэн хуруу шилний дугаартай, ягаан өнгийн тагтай хуруу шилтэй цусны бүлэгтэй бүлгийн харъяаллаараа тохирч байна... талаарх дүгнэлт /хх-ийн 47-48 дугаар хуудас/,
шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн №2193 дугаартай ...Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газрын үзлэгээр хурааж авсан гэх нийт 27см урттай, бүдэг саарал өнгийн оруулгатай, ногоон өнгийн иштэй заазуур нь шинжилгээнд тэнцэнэ. Уг заазуур дээр цус илэрсэн. Илэрсэн цус нь хүний цус байна. Илэрсэн хүний цусны булгийн харъяаллыг тогтоох боломжгүй. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шинжилгээ бүртгэл мэдээллийн хэлтсийн 2198 дугаартай шинжилгээнд ирүүлсэн Г.Мягмарсүрэн IV/06, 26 настай эрэгтэй гэж хаягласан, 068421188 гэсэн хуруу шилний дугаартай, ягаан өнгийн тагтай хуруу шилтэй цусны бүлэгтэй бүлгийн харьяаллаараа тохирох эсэхийг биологийн шинжилгээгээр тогтоох боломжгүй байна... талаарх дүгнэлт /хх-ийн 51-52 дугаар хуудас/,
шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн №2192 дугаартай ...Шинжилгээнд ирүүлсэн С.Гаас хураан авсан гэх хар ногоон (хар саарал) өнгийн хилэн өмд, -UGG гэсэн бичигтэй, богино түрийтэй үдээстэй бор өнгийн хос гутал нь шинжилгээнд тэнцэнэ. Дээрх хувцаснууд дээр цус илэрсэн. Илэрсэн цус нь А(II) булгийн харьяалалтай хүний цус байна. Уг илэрсэн цус нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шинжилгээ бүртгэл мэдээллийн хэлтсийн 2200 дугаартай шинжилгээнд ирүүлсэн С.Г НБ82050911 гэж хаягласан, А90683942 гэсэн хуруу шилний дугаартай, ягаан өнгийн тагтай хуруу шилтэй цусны бүлэгтэй бүлгийн харьяаллаараа тохирохгүй байна. Уг илэрсэн цус нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шинжилгээ бүртгэл мэдээллийн хэлтсийн 2198 дугаартай шинжилгээнд ирүүлсэн Г.Мягмарсүрэн IV/06, 26 настай эрэгтэй гэж хаягласан, 068421188 гэсэн хуруу шилний дугаартай, ягаан өнгийн тагтай хуруу шилтэй цусны бүлэгтэй булгийн харъяаллаараа тохирч байна... талаарх дүгнэлт /хх-ийн 55-56 дугаар хуудас/,
шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн №2200 дугаартай ...Шинжилгээнд ирүүлсэн С.Г нь82050911, 40 настай эрэгтэй гэж хаягласан, 042227733 гэсэн хуруу шилний дугаартай, улаан өнгийн тагтай хуруу шилтэй цус, С.Г НБ82050911 гэж хаягласан, А90683942 гэсэн хуруу шилний дугаартай, ягаан өнгийн тагтай хуруу шилтэй цусны дээжүүд нь шинжилгээнд тэнцэнэ. 2.3 уг хуруу шилтэй цус нь B(III) бүлгийн харьяалалтай байна. С.Г нь 82050911 гэж хаягласан, А90683942 гэсэн хуруу шилний дугаартай, ягаан өнгийн тагтай хуруу шилтэй цусны бүлэг нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шинжилгээ бүртгэл мэдээллийн хэлтсийн 2192 дугаартай шинжилгээнд ирүүлсэн С.Гаас хураан авсан гэх хувцаснууд дээр илэрсэн цустай бүлгийн харьяаллаараа тохирохгүй байна... талаарх дүгнэлт /хх-ийн 59-60 дугаар хуудас/,
шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн №2199 дугаартай ...шинжилгээнд ирүүлсэн 2 хуруу шилтэй цусны дээж шинжилгээнд тэнцэнэ. С.Г биеэс авсан гэх 042227733, А90683942 серийн дугаартай хуруу шилтэй ирүүлсэн цус тус бүрд спиртийн зүйл илрээгүй... талаарх дүгнэлт /хх-ийн 62-63 дугаар хуудас/,
шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн №2197 дугаартай ...шинжилгээнд ирүүлсэн цусны дээж шинжилгээнд тэнцэнэ. Г.Мягмарсүрэн 26 эр гэж хаягласан 068421188 серийн дугаартай цусанд спиртийн зүйл илрээгүй... талаарх дүгнэлт /хх-ийн 66-67 дугаар хуудас/,
шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн №2198 дугаартай ... Шинжилгээнд ирүүлсэн Г.Мягмарсүрэн IV/06, 26 настай эрэгтэй гэж хаягласан, 068421188 гэсэн хуруу шилний дугаартай, ягаан өнгийн тагтай хуруу шилтэй цус нь шинжилгээнд тэнцэнэ.Ууг хуруу шилтэй цус нь A(II) булгийн харьяалалтай байна. Г.Мягмарсүрэн IV/06, 26 настай эрэгтэй гэж хаягласан, 068421188 гэсэн хуруу шилний дугаартай, ягаан өнгийн тагтай хуруу шилтэй цусны бүлэг нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шинжилгээ бүртгэл мэдээллийн хэлтсийн 2192 дугаартай шинжилгээнд ирүүлсэн С.Гаас хураан авсан гэх хувцаснууд дээр илэрсэн цустай бүлгийн харъяаллаараа тохирч байна... талаарх дүгнэлт /хх-ийн 69-70 дугаар хуудас/,
шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн №2195 дугаартай ...Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газрын үзлэгээр хурааж авсан гэх 6,0см диаметртэй (тойрогтой), 4,5см өндөртэй, өнгөгүй тунгалаг шилэн хундаганд хийн ирүүлсэн хатсан толбо нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн хатсан толбо нь хүний цус байна. Илэрсэн хүний цус нь A(II) бүлгийн харьяалалтай байна. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шинжилгээ бүртгэл мэдээллийн хэлтсийн 2198 дугаартай шинжилгээнд ирүүлсэн Г.Мягмарсүрэн IV/06, 26 настай эрэгтэй гэж хаягласан, 068421188 гэсэн хуруу шилний дугаартай, ягаан өнгийн тагтай хуруу шилтэй цусны бүлэгтэй бүлгийн харъяаллаараа тохирч байна... талаарх дүгнэлт /хх-ийн 73-74 дүгээр хуудас/,
шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн №2196 дугаартай ...Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газрын үзлэгээр заазуур дээрээс илрүүлж хураан авсан гэх үс мэт зүйл нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн зүйл нь үс байна. Уг илэрсэн үс нь булцуугүй, хүний үс байна. Илэрсэн хүний үс нь 13 см урттай байна... талаарх дүгнэлт /хх-ийн 77-78 дугаар хуудас/,
хохирогч Г.Мягмарсүрэнгийн ...2022 оны 04 сарын 05-ны орой найз Батболдтой 2 литрийн боргио нэртэй 1 сав пиво хувааж гудамжид уучхаад салаад би Цогоо ахын бар руу орсон чинь караокены өрөөнөөс Г /шовко/ ах халамцуу гарч ирсэн. Тэгээд Г ахыг дагаад өрөө рүү нь орсон чинь танихгүй 3 эрэгтэй хүн байсан. Тэгээд 1 шил 0,75 литрийн Соёрхол нэртэй архи 5 лаа хувааж уусан. Г ах намайг өрөө рүү оръё гээд байсан юм. Тэгээд нэг мэдсэн чинь барнаас гараас Кристал бар руу Г ахтай явж байсан. Тэгээд тэнд архи уухгүй бүжиглэж байгаад гараад явж байтал ардаас шилтэй пиво барьчихсан гараад ирсэн. Тэгээд намайг Г ах Батаа ахынх руу явъя дагуулаад явсан. Батаа ахынд очсон чинь Батаа ах, нэг ах 2 хүүхэдтэйгээ газар унтаж байсан. Бид хоёрыг орох үед 00 цаг өнгөрч байсан. Би юунаас бол маргалдсан гэдгээ санахгүй байна. Нэг мэдсэн чинь Г ах цохиж унагаагаад өшиглөөд, би чамайг алчихъя пизда минь цэнхэр заазуур гаргаж ирээд заазуураа толгой зоочихсон. Тэгээд нэг мэдсэн чинь гараад ирчихсэн хашааны буланд цээж нүцгэн толгойноос цус гарчихсан сууж байсан. Тэгээд би шууд эмнэлэг дээр очсон... /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,
гэрч Б.Золзаяагийн ...2022 оны 04 сарын 06-ны өглөө 05 цаг 45 минутад сувилагч Уранцэцэг над руу залгаж "Гэмтсэн хүн ирсэн" гэж дуудлага өгсөн. Би 06 цаг 05 минутад эмнэлэг дээр ирээд гэмтсэн хүнийг үзэхэд толгойны орой орчмоос цус гарсан байдалтай хүлээн авахын ор нь дээр хэвтэж байсан. Тэгээд би ариун бээлий өмсөөд өвчтөнөө дуудсан чинь надад толгой өвдөөд байна, манай эгчийг дуудаад өгөөч” гэж хэлж байсан. Тэгээд толгойны цусыг цэвэрлэж байгаад үсийг нь хайчлаад дахин тамидины уусмалаар цэвэрлээд шархыг харахад зулайн баруун урд хэсэгт 4-5 см-ийн урттай 2-3 см гүн зүсэгдсэн шархтай байсан. Шарханд сувилагч Уранцэцэгийн хамт 5 ширхэг оёдол тавиад оёж байх хооронд цус нь тогтохгүй гараад байсан. Цусыг тогтоохоор викасол тарилгыг 1мл-тай тарилгыг 2 удаа хийсэн. Шархыг цэвэрлэж, толгойд нь боолт хийсэн. 500гр-тай ренгэрийг дуслаар хийсэн. Анелгин 50 хувийн 2 мл-ээр, демдрол 1%-ийн 1 мл-ээр судсанд тарьсан. Тэгээд цагдаад мэдэгдсэн. Өвчтөн анх ирэхдээ "толгой чинэрч өвдөөд байна, архи ууж байгаад хүнтэй зодолдсон" гэж ярьж байсан. 08 цаг 27 минутад өвчтөн Г.Мягмарсүрэнг ГССҮТ рүү эмнэлгийн автомашинаар тээвэрлэсэн. ГССҮТ-д очиж компьютер томограф авхуулаад дараа нь хэвлийн эхо, дахин толгойны шархыг цэвэрлүүлсэн. ГССҮТ-ийн эмч нар ар гэрийнхнийг нь дууд гэхэд нь эгч Анхбаяртай 86110725 дугаарын утсаар холбогдоход "Улсын 1-р эмнэлэгт ээжийгээ харж байгаа, очиж чадахгүй" гэж хэлсэн болохыг тэмдэглэл болгон бичив. Компьютер томографын хариу толгойн томограмуудад дух гадна ясны дээд хэсэгт гадна кортикал /гадна яс/ 1см-ийн хэмжээтэй ховхорсон, дотор кортикал бүтэн, гавлын ясны дайвар хөндийнүүд өөрчлөлтгүй, нүдний ухархайнуудын бүтэц хэвийн хоёр талын мостойт хөндийн агааржилт буурсан. Хамрын ясны зүүн хажуу хана суурин хэсгийн хугаралтай, хамрын таславч баруун тийш мурийсан, тархины эдэд голомтот өөрчлөлтгүй, тархины бор ба цагаан эдийн ялгарал буурсан хавантай, ховдлуудын хэлбэр хэмжээс хэвийн голын бүрдэл хазайлтгүй, зүүн зовхи, баруун шанаа духны зөөлөн эд дух зулайн хуйх хаван хавдартай, духны баруун дээд хэсэгт хийн бөмбөлөгтэй, ховдол хоорондын зайнууд өөрчлөлтгүй гэж гарсан байсан. Г.Мягмарсүрэнгийн биеийн байдлыг аминд хүрэх гэмтэлтэй биш, хэвтэн эмчлүүлэх шаардлагатай гэж үзэж байгаа... /хх-ийн 26-27 дугаар хуудас/,
гэрч Т.Одонбаатарын ...2022.04.06-ны өдөр би гэртээ амарч байсан шөнө 01 цагийн үед /Шовко/ буюу С.Г, Энхбаяр, Бат-Эрдэнэ нар орж ирсэн. Тэр 3 нэг шил “Соёрхол” нэртэй 0.75гр-н архи авчирсан юм. Тэгээд бид 3 хувааж уусан Энхбаяр архи уудаггүй юм. Тэгээд нөгөө архиа ууж дуусаад Энхбаяр, Бат-Эрдэнэ 2 гэрлүүгээ явж амарлаа гээд гараад явсан. Тэгсэн Г манайд хоноод явъя гээд үлдээд орон дээр унтаад өгсөн. Тэгээд өглөө манайд 08 цагийн үед цагдаа ирж Гыг аваад намайг араас ирээрэй гээд явсан... /хх-ийн 29 дүгээр хуудас/,
гэрч С.Энхбаярын ...2022 оны 04 сарын 05-ны шөнө Батаагийн гэрт газар 2 жоохон хүүхэдтэй хамт унтаж байтал 2 хүүхэд уйлаад өвөөд гээд дуудахаар нь босоод ирсэн чинь том өрөөний ширээний хажуу талын сандал дээр Мягмарсүрэн цус болчихсон сууж байсан. Харин Г гал тогооны өрөөнд стаканд ус уучихсан зогсож байсан. Харин Батаа Г, Мягмарсүрэн хоёрыг орж ирэхэд сэрсэн юм шиг байна лээ. Тэгээд би Мягмарсүрэнг хөөгөөд гаргасан. Г, Мягмарсүрэн хоёр л хоорондоо зодолдсон юм шиг байна лээ. Батаа надад Г, Мягмарсүрэн хоёр зодолдсон гэж хэлсэн. Мягмарсүрэнг гаргачихаад 30 орчим минутын дараа хоёр хүүхдээ унтуулчхаад Батаа, Г бид гурав 0,75 литрын Соёрхол нэртэй нэг шил архи гэрээс аваад Одонбаатарынд явган очсон. Тэгээд тэнд очоод Одонбаатар, Батаа, Г гурав хувааж уугаад Батаа бид хоёр гэрээс нь гараад гэр рүүгээ явсан... /хх-ийн 31 дүгээр хуудас/,
сэжигтэн С.Гын ...2022 оны 04 сарын 05-ны орой 22 цагийн орчимд Төв аймгийн Батсүмбэр сум Мандал 1-р багийн нутагт байдаг Цогоо ахын бааранд сууж байгаад гарч тамхи татаад зогсож байтал Мягмарсүрэнтэй тааралдсан. Тэгээд надаас архи нэхэхээр нь байхгүй гээд өрөө рүүгээ орсон чинь ардаас Мягмарсүрэн дагаад ороод ирсэн. Тэгээд ууж байсан архиа өгөөд гараад Кристал баар руу очиж найзтайгаа хамт 5 лааз пиво аваад тэрийгээ уугаад сууж байтал Мягмарсүрэн ардаас орж ирээд над руу "Чи хоёрын хооронд юм харамлалаа, та нар ингэх болоогүй шүү" гээд агсамнаад байсан. Тэгэхээр нь би ганцаараа Батаа ахын гэр рүү явсан чинь ардаас Мягмарсүрэн дагаад ороод ирсэн. Тэгээд бид 2 Батаа ахын гэрт орсон чинь Батаа ах 1 шил архи гаргаж ирээд тэрийг 3 лаа хувааж уугаад сууж байтал намайг Мягмарсүрэн "Чи хоёрын хооронд хогийн зан гаргалаа, маяглаад байвал адуу малыг чинь аваад явчихна шүү гээд агсамнаад байсан. Тэгээд би уурлаад нүүр рүү нь цохиод ширээ нь дээр байсан заазуурыг аваад ирээр нь 1 удаа толгой руу цохисон. Тэгтэл Энхбаяр ах босож ирээд намайг барьж аваад салгах үед нь би Мягмарсүрэнгийн нүүр рүү 1 удаа өшиглөсөн. Тэгээд Мягмарсүрэн гүйгээд гараад явчихсан. Би өөрийн гэм буруугаа хүлэнэ зөвшөөрч байна... /хх-ийн 35 дугаар хуудас/,
яллагдагч С.Гын ...Би 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. Би зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би болсон асуудлын талаар өмнө өгсөн мэдүүлэгтээ мэдүүлсэн, одоо надад нэмж ярих зүйл байхгүй, миний буруу. Би Мягмарсүрэнд 500.000 төгрөг бэлнээр, тэгээд 70.000 төгрөгийн эм, тариа авч өгсөн. Сүүлд 25.000 төгрөг, 40.000 төгрөг, 50.000 төгрөг, 100.000 төгрөг данс руу нь шилжүүлсэн. Нийтдээ би хохирол төлбөрт 785.000 төгрөг төлсөн. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... /хх-ийн 88 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд болон шүүгдэгч С.Гын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 91-103 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Мөрдөн байцаалт болон прокурорын шатанд шүүгдэгч С.Г болон түүний өмгөөлөгч Б.Баярмагнай нар нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд шүүгдэгч нь анхнаасаа үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн талаар өгсөн мэдүүлэг, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт зэргийг үндэслэн хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч, хохирогч нарт танилцуулж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлжээ.
Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр саналтай ирүүлсэн хэргийг хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хугацааны дотор ял оногдуулах шүүх хуралдааныг зарлан шүүх хуралдаанаар хэлэлцэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан 5 нөхцөл байдлуудыг хянаж үзэхэд дээрх нөхцөл байдлуудыг аль нэг нь хангагдаагүй гэх үндэслэл тогтоогдоогүй тул шүүгдэгч С.Гыг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зохих зүйл, заалтуудыг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх тухай шийдвэр гаргах боломжтой гэж дүгнэлээ.
Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгч С.Г нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Батсүмбэр сумын Мандал 1-р баг МЯХ сууцны 1-5 тоотод 2022 оны 04 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө Г.Мягмарсүрэнтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар заазуураар толгойн тус газарт нь цохиж нүүр хэсэгт нь хөлөөрөө өшиглөж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон гэж үзсэн.
Гэм буруугийн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:
Улсын яллагч Ц.Сонинмөнх:
...Шүүгдэгч С.Гын зүгээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлтийг гаргасан. Хүсэлтийн дагуу хянан шийдвэрлэж үзээд хэрэгт цугларсан нотлох баримтуудын хэмжээнд хавтаст хэрэгт цугларсан нийт 785.000 төгрөгийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, цаашид эмчилгээний зардал болох 4.614.000 төгрөгийг үнийн дүнтэй баримтыг жич иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баярмагнай:
...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэж байна. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн. Цаашид нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь шүүхийн эрх хэмжээний асуудал... гэсэн дүгнэлтийг,
Хохирогч Г.Мягмарсүрэн:
...Хэлэх зүйл байхгүй... гэсэн,
Шүүгдэгч С.Г:
...Гэм буруугаа хүлээн зөөвшөөрч байна... гэсэн дүгнэлтийг тус тус гаргадаг.
Шүүхийн хэлэлцүүлгийн гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчийн шүүгдэгч С.Гыг гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч болон түүний өмгөөлөгч маргадаггүй бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа талаараа илэрхийлдэг.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч С.Г нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах нь зүйтэй гэж үзэн шийтгэх тогтоолын үндэслэл болгож шийдвэрлэлээ.
Учир нь гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд шүүгдэгч С.Г дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээрээ илэрхийлдэг.
Прокуророос шүүгдэгч С.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.
Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,
2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”.:. гэж тус тус хуульчилсан.
Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран үйлдсэн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг,
мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.
Шүүгдэгч С.Гын холбогдсон тухайн гэмт хэрэг нь “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-т хамаарах бөгөөд шүүгдэгч С.Г нь хохирогч Г.Мягмарсүрэнг хутгалах, сэдэлт, санаа зорилго төрж, улмаар хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан байна.
Эрүүгийн хуульд хуульчлагдсан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэг нь гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн хохирлын аль нэг нь заавал учирсан байхыг шаардсан материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.
Гэхдээ хохирол учруулсан үйлдэл, эс үйлдэхүй болгон гэмт хэрэгт тооцогдохгүй.
Учир нь нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн хохирлын аль нэг нь учраагүй бол Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж, зодсон бол” гэсэн зөрчлийн хэрэг болно.
Энэ хэргийн тухайд шүүгдэгч С.Г нь хохирогч Г.Мягмарсүрэнг хутгалсны улмаас хөнгөн гэмтэл буюу хөнгөн хохирол учирснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан, материаллаг бүрэлдэхүүнтэй, төгссөн гэмт хэрэг болж байна.
Тэрээр хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж зодож, цохиж буй энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж хийсэн, хохирогчийн биед зулайн хуйханд зүсэгдсэн шарх, дух ясны цууралт, тархи доргилт, хамар ясны далд хугарал, таславч мурийлт, 2 нүдний дээд, доод зовхи, хамар, 2 хацар, дээд доод уруул, дух зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун хацар, цээж, 2 бугалга, 2 шуу, баруун гарын чигчий, долоовор хуруу, зүүн сарвуу, дунд хуруунд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учирсан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хохирогчид учирсан хөнгөн гэмтэл нь шүүгдэгчийн санаатай үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч С.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хариуцлага болох ял шийтгэлийн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:
Улсын яллагч Ц.Сонинмөнх:
...Шүүгдэгч С.Гыг шүүхээс гэм буруутайд тооцсон тул хувиараа хөдөлмөр эрхэлдэг, торгох ялыг бүрэн биелүүлэх боломжтой газар тариалангийн үйл ажиллагаа явуулдаг гэсэн учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 1.000.000 төгрөгийн хохирлыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг шүүх хуралдаанд гаргаж байна гэв. Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн заазуурыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц устгуулах саналыг шүүхэд гаргаж байна... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баярмагнай:
...Эрүүгийн хариуцлагын асуудал дээр тусгайлан гаргасан санал хүсэлт байхгүй... гэсэн дүгнэлтийг,
Хохирогч Г.Мягмарсүрэн:
...Хэлэх зүйл байхгүй... гэсэн,
Шүүгдэгч С.Г:
...Хэлэх зүйл байхгүй... гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн эрүүгийн хариуцлагын дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчийн гаргаж байгаа шүүгдэгч С.Гад 1.000 нэгж буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай дүгнэлттэй шүүгдэгч болон түүний өмгөөлөгч маргадаггүй бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа талаараа илэрхийлдэг.
Шүүх шүүгдэгч С.Г хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүйг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдлыг харгалзан үзэхээс гадна үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж, анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргаж, улсын яллагчийн санал болгосон ялыг хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг нь дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж дүгнэн нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгийн торгох ялаар тогтоож шийдвэрлэлээ.
Шүүхээс шүүгдэгч С.Гад торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж зэргийг харгалзан хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзэж,
шүүгдэгч С.Гад оногдуулсан нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгийн торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан хугацаанд буюу шүүхээс тогтоосон дээрх 120 /нэг зуун хорь/ хоног буюу 4 /дөрөв/ сарын хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэх зүйтэй байна
оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй байна.
Хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч С.Гын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Г.Мягмарсүрэнгийн биед зулайн хуйханд зүсэгдсэн шарх, дух ясны цууралт, тархи доргилт, хамар ясны далд хугарал, таславч мурийлт, 2 нүдний дээд, доод зовхи, хамар, 2 хацар, дээд доод уруул, дух зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун хацар, цээж, 2 бугалга, 2 шуу, баруун гарын чигчий, долоовор хуруу, зүүн сарвуу, дунд хуруунд зулгаралт бүхий хөнгөн хохирол учирсан байна.
Хохирогч Г.Мягмарсүрэн нь шүүгдэгч С.Гаас мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардал баримтаар нэхэмжлээгүй шүүгдэгч С.Г нь хохирогчид 780.000 /долоон зуун наян мянга/ төгрөг төлсөн байна.
Хохирогч Г.Мягмарсүрэн нь шүүхийн хэлэлцүүлэгт цаашид гарах эмчилгээний зардал нэхэмжилнэ гэсэн ба энэ талаарх баримт хавтаст хэрэгт авагдаагүй тул энэ талаарх баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Иймд шүүгдэгч С.Гыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Бусад асуудлын талаар
Эрүүгийн 2234000000103 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч С.Г энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг,
шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн заазуур 1 ширхгийг устгахыг тус шүүхийн Эд мөрийн баримт устгах комисст хариуцуулсныг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан
шийдвэрлэх тухай хуулийн 17.4., 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10,
36.13., 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх
хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ч С.Гыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Ч С.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ч С.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгийн торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Ч С.Г шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн заазуур 1 ширхгийг устгахыг тус шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
6. Эрүүгийн 2234000000103 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Ч С.Г энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцож гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
7. Хохирогч Г.Мягмарсүрэн цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
8. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ч С.Г урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
9. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
11. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ч С.Г авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН