Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 2022/ШЦТ/290

 

 

 

 

 

 

 

 

 

 

 2022              07                01                                               2022/ШЦТ/290                                    

 

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Г.Ганбаяр,

улсын яллагч Г.Энхбат,

шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Д.Долгорсүрэн,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Янжмаа, түүний өмгөөлөгч Л.Батжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Х Д.Бд холбогдох эрүүгийн 2134003430482 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.   

      

                            Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Говь-Алтай аймагт 1976 оны 12 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “Англофрейт” ХХК-нд гаалийн мэдүүлэгч ажилтай, ам бүл 2, хүүгийн хамт, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, дугаарын регистртэй, Х Д.Б,

 

                                   Холбогдсон хэргийн талаар

                                   /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Д.Б нь 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын “Бяцхан хөндлөн” гэх газар Улаанбаатар хотоос Төв аймгийн Зуунмод сум явах чиглэлийн асфальтан зам дээр 24-15 УБЕ улсын дугаартай Тоёота приус-30 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчиж, явганаар зам хөндлөн гарч байсан 59 настай, эмэгтэй, Сандагдорж овогтой Эрдэнэцогтыг мөргөж амь нас нь хохирсон  гэмт хэрэгт холбогджээ.    

 

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт

Шүүгдэгч Д.Б:

...2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 17 цагийн орчимд Дундговь аймгийн Дэлгэрцогт сум руу явж байсан. Өлзийтийн пост өнгөрөөд явж байхад өөдөөс том тэрэг ирж байсан. Би тэр том тэргийг харахад 2 хүн зам хөндлөн гарч явсан. 2 явган зорчигчийн араар нь өнгөрөх явцад нэг нь гэнэт буцаж эргээд машины буруу талын урдаас мөргөсөн. Би эхлээд 102, 103 дуудлага өгсөн. Цагдаа, эмч нар ирсэн. Талийгаачийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье... гэж,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Янжмаа:

 ...Би тэр өдөр ажил дээрээ байж байгаад манай дүү над руу утсаар ярьсан. Хаана юм бэ гэсэн чинь гэрийн урд гэж хэлсэн. Жолооч нь байна гэсэн машиндаа. Машинаасаа бууж ирэхгүй байна гээд над руу хэлсэн. Дараа нь би сандарлаасаа гарах гээд дахиад 2, 3 минутын дараа залгахад яасан бэ жолооч нь бууж ирсэн үү гэсэн чинь ирэхгүй байна гэж хэлсэн. Над руу 3 удаагийн ярьж байхад ерөөсөө бууж ирэхгүй байсан. Төв аймгийн түргэн рүү залгаад, хотын түргэн рүү залгаад 2 талаас нь машин явуулсан. Ээжийгээ би эмнэлэг рүү авч явна гэсэн бодолтой байсан. Би хотын төвөөс түгжирсээр байгаад очиход миний ах, эгч очсон байсан. Очиход аль хэдийнээ бүх зүйл болоод өнгөрсөн зам дээр 3, 4 цаг гадаа, цус нь урссан хажуугаар гарч байгаа бүх хүмүүс харж ямар аймшигтай юм бэ гээд байсан. Миний сайхан ээжийг хэрцгийгээр амь насыг нь хөнөөчхөөд бид нар руу нэг ч удаа яриагүй, яагаад гэмшихгүй байгаа юм бэ? Сая над руу цагийн өмнө л 10.000.000 төгрөг шилжүүлсэн. Үнэхээр гэмшиж байсан юм бол шилжүүлэхээр цаг хугацаа зөндөө байсан. Энийг би гэмшиж байна гэж бодохгүй байна. Яаж хурдан энэ хэргээс мултарна гэж бодоод яваад байна. Энэ хүн би хүн алсан шүү гэдгийг сэтгэлээсээ мэдэрч  байсан бол бид нартай өөрөөр харьцах байсан. Бид нар анх энэ хүнд  бид нар заавал шоронд явуулахгүй гэж тэгж зөөлөн хандаж байсан. Бид нар өөрсдийгөө үзэн ядаж байна. Ээжийг минь хөнөөсөн хүнд тийм хандаж байсандаа үнэхээр харамсаж байна. Өнөөдөр энэ хүн сэтгэл гаргаад сайхан ээжийг минь ийм болгочихлоо яах вэ? гээд ирсэн бол өөрөөр хандах байсан. Бүтэн жил болоход өглөө болгон нойтон сормуустай, орой болгон бид нар уйлж хонодог. Энэ олон хүүхдүүд бүгд өнчирсөн. Өнөөдөр миний аав архичин болчихсон. Хаана явж байгаа нь мэдэгдэхгүй бид нар байнга хайж байгаад гэрт нь авчирдаг. Миний ах эмнэлгээс дөнгөж гарч ирээд байж байна. Миний эгч хагалгаанд ороод гарч ирсэн. Бид нарын амьдрал тэр чигээрээ эргэсэн. Ийм аймар хохирол учруулчхаад яагаад нэг ч удаа яриагүй юм бэ? Өнөөдөр би өмнөх шүүх хурлаас  илүү их гомдолтой байна. Бид нарыг ясанд нь тултал гомдоож байна. Яагаад бид нартай уулзаж болоогүй юм бэ? Энэ хэрэгтээ гэмшиж байгаа гэж бодохгүй байна. 10.000.000 төгрөгийг шүүх хурал дээр өгсөн болоод салчихна гэж бодоод байгаа юм уу ойлгогдохгүй байна. Бид нар энэ хүнийг бодоод санаатай хийсэн  биш дээ гээд үнэхээр уулгамч хандсан. Миний ээж бидний  амьдралын утга учир нар байсан. Бид нар ямар ч амьдрал утгагүй, өвчин зовлонтой ийм хүмүүс болчихлоо. Тухайн үед хамт явж  байсан миний дүү шөнө болгон зүүдэлж сэрдэг. Үе мөч нь татдаг болчихсон. Бид нар хохироод л дуусаж байна. Мал байхгүй бүгд хаягдах нь хаягдаад үхэх нь үхээд дууссан. Үнэхээр гомдолтой байна.  Маш хэцүү байна. Энэ хүн дээр хамгийн хатуу шийтгэл эдлүүлмээр байна. Харанхуй бүрхэг өдрүүдийг өнгөрүүлж байна. Шүүх хурал хойшлоход тэр хугацаанд бид нар мөнхийн сэтгэлийн зовиуртай, уй гашуутай өдөр хоногийг өнгөрүүлж байна... гэж тус тус мэдүүлжээ.

 

Үйл баримтын талаар:

Эрүүгийн 2134002920443 дугаартай хэрэгт тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

 

Шүүгдэгч Д.Б нь 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын “Бяцхан хөндлөн” гэх газар Улаанбаатар хотоос Төв аймгийн Зуунмод сум явах чиглэлийн асфальтан зам дээр 24-15 УБЕ улсын дугаартай Тоёота приус-30 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчиж, явганаар зам хөндлөн гарч байсан 59 настай, эмэгтэй, Сандагдорж овогтой Эрдэнэцогтыг мөргөж амь нас нь хохирсон  үйл баримт нь дараах

гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр хуудас/,

            хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 6-15 дугаар хуудас/,

тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 16-19 дүгээр хуудас/,

цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 20-25 дугаар хуудас/,

шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 136 дугаартай ...Талийгаач С.Эрдэнэцогтын цогцост хийсэн задлан шинжилгээгээр хүзүүний 1-р нугалмын их биеийн салсан, баруун ухархайн дээд хана цөмөрсөн, турк эмээл бяцарсан, дух яс шугаман, баруун 1-7-р харвирганы шууд олон тооны, баруун шилбэ ясны зөрсөн ил хугарал, их тархины баруун тал бөмбөлгийн чамархай, зүүн тал бөмбөлгийн зулай, чамархайн аалзан хальсан доорх цус харвалт, дух хэсгийн хуйхны дотор гадаргууд цус хуралт, дух, эрүүнд шарх, баруун шилбэнд шарх, баруун нүдний дээд зовхи, хацрын төвгөр дээд уруулын дотор салст, баруун гуяанд цус хуралт, баруун нүдний дээд зовхинд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байж болох шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюултай тул хүнд зэрэгт хамаарна. Талийгаач С.Эрдэнэцогт нь гавал, тархины хавсарсан хүнд гэмтлийн улмаас амьсгал, зүрх судасны дутагдалд орж нас баржээ. Талийгаач С.Эрдэнэцогтын цуснаас этилийн спирт илэрсэн ба нас барах үедээ хөнгөн зэргийн согтолттой байсан байна... талаарх дүгнэлт /хх-ийн 59-63 дугаар хуудас/,

“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ний шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 06-326 дугаартай ...Д.Баттулгын эзэмшлийн Тоёота приус 30 маркийн 24-15 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэлгээ 890.000 төгрөг... гэх дүгнэлт /хх-ийн 68-76 дугаар хуудас/,

Техникийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 8 дугаартай ...Тоёота приус-30 маркийн 24-15 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д.Б нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэж үзэв. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Тоёота приус-30 маркийн 24 15 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д.Б нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэснийг зөрчсөн гэж үзэв. Явган зорчигч С.Эрдэнэцогт нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэж үзэв. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Явган зорчигч С.Эрдэнэцогт нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 5.12. Явган зорчигчид дараах зүйлийг хориглоно:

б/ аюулгүй байдлыг хангахаас бусад шалтгаанаар зорчих хэсэг дээр зогсох саатах, зам хөндлөн гарч байхдаа алгуурлах, эргэж буцах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийх;

д/ ойртон ирж яваа тээврийн хэрэгслийн урдуур гэнэт гуйх.

Мөн дүрмийн 5.6. Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна. гэснийг зөрчсөн гэж үзэв. Осол болоход замын нөхцөл байдал үзэгдэх орчин нөлөөлөөгүй. Осол болсон замын байдал шулуун, асфальтан, хуурай, суурингийн гаднах, үзэгдэх орчин чөлөөтэй, зорчих хэсэг гэрэлтүүлэггүй, тогтуун цаг агаартай эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээ, явган хүний замгүй, хашлага, хайсгүй. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харахад Тоёота приус-30 маркийн 24-15 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д.Б, явган зорчигч С.Эрдэнэцогт нар нь дээрх замын хөдөлгөөний дүрмүүдийг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол болоход нөлөөлсөн байна гэж үзэв. Асуултад дурьдаагүй боловч хэрэгт холбогдолтой зүйл тогтоогдоогүй... /хх-ийн 81 дүгээр хуудас/,

амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Сайнбаяр ...Талийгаач Сандагдорж овогтой Эрдэнэцогт бол миний эхнэр маань байгаа юм. Бид хоёр 1984 онд гэр бүл болоод дундаасаа 4 хүүхэд төрүүлсэн юм. Эхнэр маань санхүүгийн мэргэжилтэй Улаанбаатар хотод хувьд хувьсгалын байгууллагад мэргэжлээрээ ажил хөдөлмөр хийж байгаад 2013 онд тэтгэвэрт гарсан юм. Би Дотоодын цэрэгт алба хааж байгаад 2013 онд бас тэтгэвэрт гарсан эхнэр бид хоёр нэг онд хамт тэтгэвэрт гараад Төв аймгийн Сэргэлэн сумын Бяцхан хөндлөн буюу Ар хустай гэх газар хөдөө гарч малчин болсон юм. Би ханьтайгаа нийтдээ 37 жил ханилсан юм. Миний хань үр хүүхэд хань ижилдээ халамжтай байнгын инээж хөөрч явдаг хүн байсан. Миний хань 2021 оны 10 дугаар сарын 15-ний өдөр зам тээврийн осолд орж нас барсан. Тухайн үед манай эхнэр ач охинтойгоо хониндоо явлаа гээд гарсан юм тэгээд машин мөргүүлчихсэн байсан. Цаад жолооч талаас оршуулгын зардалд 8.500.000 төгрөгийг өгсөн. Талийгаачийн буяны ажилд зарцуулсан үлдэгдэл мөнгийг баримтын дагуу гарган өгч нэхэмжлэх болно. Би 30 жил ханилсан ханиа цаг бусаар зуурдаар алдсандаа маш их харамсаж байна гомдож байна хэргийг хуулийн дагуу шийдэж өгөхийг л хүсэж байна... /хх-ийн 28 дугаар хуудас/,

амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Янжмаа ...Би талийгаачийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцоход татгалзах зүйл байхгүй. Миний аав М.Сайнбаяр нь биеийн эрүүл мэндийн байдал сайнгүй байгаа учраас намайг хууль ёсны төлөөлөгчөөр оролцуулж байгаа юм. Манай ах эгч нар намайг хууль ёсны төлөөлөгчөөр оролцохыг бүгд зөвшөөрч байгаа. Талийгаачийн оршуулгын зардалд одоогоор 8.500.000 төгрөгийг өгсөн байгаа. Талийгаачийн буяны ажилд зарцуулсан үлдэгдэл мөнгийг баримтын дагуу гарган өгч нэхэмжлэх болно. Мөн манай аав уг ослоос болж ээжийг нас барсантай холбогдуулж бие нь их өвдөж байгаа тэгээд эмнэлгээр их явсан түүний зардлыг мөн баримтаар гарган өгч нэхэмжлэх болно. Мөн манайх туслах малчин авч ажиллуулж байгаа аав ганцаараа учраас түүний цалин хөлсийг баримтаар гарган нэхэмжлэх болно. Мөн осол болсон газрын чанх хойд талд нь манай аав ээжийн гэр өвөлжөө нь байдаг тухайн газраас нуух зорилгоор шинэ өвөлжөө худалдаж авсан тийшээ нүүх зардлыг баримтаар гарган өгч нэхэмжлэх болно. Мөн манай аав малчны зээлтэй байгаа манай ээж өөрөө тэтгэвэр авдаг байсан малчны зээлийн үлдэгдэл зээлийг төлүүлэхээр нэхэмжилж байна. Мөн худалдан авсан өвөлжөөний төлбөрийг нэхэмжлэх болно. Эдгээр баримтуудыг шүүх дээр гарган өгч нэхэмжлэх болно... /хх-ийн 32 дугаар хуудас/,

гэрч Ц.Манлажавын ...Д.Б гэх хүнийг танина манай ахын найз нь байгаа юм. 2021 оны 10 дугаар сарын 15-ны Улаанбаатар хотоос Дундговь аймгийн Дэлгэрцогт сум руу явахад жолооч Д.Б, Бүдээ гэх Дундговь аймаг руу дайгдаж явсан хүний хамтаар бид гурав 16 цагийн үед хотоос гарсан тухайн үед Б ах өөрийн приус-30 маркийн машинтай явсан би жолоочийн хажууд сууж явсан тэгээд Өлзийтийн пост өнгөрөөд асфальтан замаар явж байтал хөгшин залуу хоёр эмэгтэй хүн замын баруун гар талаас зам хөндлөн гараад явж байсан зам хөндлөн гарахдаа цаад талын буюу эсрэг урсгалаа хараад зам хөндлөн гарч байсан тэгээд голын тусгаарлах шугам дээрээс хөшин эмэгтэй нь гэнэт буцаад гүйсэн тэгээд миний сууж явсан машины зүүн гар талын урд хэсгээр мөргүүлсэн. Хамт явж байсан залуу эмэгтэй нь цаашаа зам хөндлөн гарсан байсан яагаад гэнэт замын голоос буцсан юм бол гэж гайхаж байна нэг нь зам хөндлөн цааш гараад нэг нь замын голоос буцсанд гайхаж байна. Би тэрнийг мэдэхгүй байна. Тухайн хоёр эмэгтэй баруун талаас зам хөндлөн гарахдаа яагаад зүүн талын эгнээ рүү анхаарлаа хандуулж явсныг гайхаж байна. Би хэлж мэдэхгүй байна зорчиж явсан болохоор тооцоолох боломжгүй. Жолооч эрүүл байсан архи уугаагүй байсан... /хх-ийн 40 дүгээр хуудас/,

насанд хүрээгүй гэрч Б.Бүджав ... 2021 оны 10 дугаар сарын 15-ний өдөр би Улаанбаатар хотоос Дундговь аймгийн Дэлгэрцогт сумруу явахаар танил Б ахын машинд дайгдаад суусан юм би машины арын суудал дээр сууж явсан тэгээд Улаанбаатар хотоос 16 цагийн үед гараад Өлзийтийн пост өнгөрөөд явж байтал түс хийсэн чимээ гарч машин доргисон тэгээд машин зогссон тэгээд буугаад хартал зам дээр нэг эмэгтэй хүн машинд мөргүүлсэн байдалтай хэвтэж байсан нэг охин хажууд нь уйлаад байж байсан жолооч ах сандраад цагдаа руу залгасан би гар утсаа оролдоод явж байсан болохоор ослыг бол хараагүй ямарч л байсан Өлзийтийн пост өнгөрөөд явж байгаад уг осол болсон жолооч архи уугаагүй эрүүл байсан машины урд суудал дээр нэг эгч сууж явсан юм... /хх-ийн 43 дугаар хуудас/,

насанд хүрээгүй гэрч Ц.Дэмбэрэлсүрэн …Би Улаанбаатар хотод Хөгжил цогцолбор сургуульд сурдаг сурагч байгаа юм. Манай өвөө эмээ хоёр Төв аймгийн Сэргэлэн сумын Бяцхан хөндлөн гэх газар мал маллаж амьдардаг юм. 2021 оны 10 дугаар сарын 15-ний өдөр эмээ Эрдэнэцогтын хамтаар урагшаа замын урд байрлах хонио харчхаад харих гээд буцаж явсан тэгээд эмээ бид хоёр зам хөндлөн гарах гээд би зүүн гар талд нь эмээ миний баруун гар талд бид хоёр зам хөндлөн гарсан тухайн үед замын хоёр талаас машин харагдаагүй тэгээд зам хөндлөн гараад эхний эгнээг туулаад голын цагаан шугам дээр зогсоод хоёр тийш хартал Улаанбаатар хот талаас жижиг приус-30 машин гараад ирсэн тэгээд би шууд чигээрээ гүйсэн тэр хооронд эмээ "амжихгүй нээ" гэж хэлээд буцаад гуйх шиг л болсон түүнээс ойролцоогоор 2 секундын дараа эмээгийн хашгирах дуу гараад тус хийсэн чимээ гарсан тэгээд би би эргээд хартал манай эмээ тухайн машинд мөргүүлсэн байдалтай шидэгдээд газар өнхөрч байгаа нь харагдсан тэгээд би эмээ дээр гүйж очсон эмээгийн нүд нээлттэй эмнэлэг хүргээд өгөөч гэхэд нөгөө машины жолооч ах наад хүн чинь нас барчихсан нь ойлгомжтой байна гээд утсаар яриад хүн мөргөсөн яанаа гэж байсан. Би эмээгээс түрүүлж зам хөндлөн гарсан өрөөр хэлбэл би эмээгээсээ салж явсан гэсэн үг манай эмээ хөл муутай учраас надтай хамт зэрэгцээд гүйх боломжгүй юм... /хх-ийн 46 дугаар хуудас/,

сэжигтэн Д.Баттулгын ...Би Улаанбаатар хот БГД 7-р хороо 29-р байр 208 тоотод эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг юм. Би Улаанбаатар хотод Англофрейт ХХК-нд гаалийн мэдүүлэгч ажил хийдэг каргоны байгууллага байгаа юм би карго барааг хүргэдэг хүн байгаа юм. Би 8-р анги төгссөн бүрэн бус дунд боловсролтой, уншиж бичиж чадна. Говь-Алтай аймагт төрсөн хүн байгаа юм. Би өмнө нь шүүхээр ял шийтгэл эдэлж байгаагүй. Би 2021 оны 10 дугаар сарын 15-ний өдөр Улаанбаатар хотоос Дундговь аймгийн Дэлгэрцогт сум руу малчингийнх руугаа явахаар өөрийн эзэмшлийн 24-15 УБЕ улсын дугаартай тоёота приус-30 маркийн тээврийн хэрэгсэлтэй манай малчны хамаатан болох Манлай, танил Бүдээ гэх хоёр хүнтэй хамт 16 цагийн үед хотоос гарсан би энэ хоёр хүний бүтэн нэрийг нь мэдэхгүй байна. Урд суудалд Манлай сууж явсан хойд суудалд Бүдээ сууж явсан ингээд бид гурав л явсан тэгээд хотоос гараад Өлзийтийн пост өнгөрөөд явж байтал өөдөөс эсрэг урсгалд нэг том машин ирж явсан тэгтэл баруун гар талаас хоёр эмэгтэй зам хөндлөн миний урдуур гарсан миний явж байсан эгнээг бүтэн өнгөрсөн голын тусгаарлах шугамыг давах гэж байсан тэр үед том машин хажуугаар өнгөрсөн тухайн том машины бөгс хэсгээс нэг эмэгтэй нь замын голоосоо гэнэт буцаж эргээд гүйсэн өөрөөр хэлбэл зам хөндлөн гарах гэж байснаа нэг Эмэгтэй нь замын голоос буцаад гүйчихсэн тэгээд би сигнал дээрээ дараад л жолооныхоо хурдыг тас зуураад л тоормос гишгэсэн тас буугаад л явчихсан тэгээд тухайн явган зорчигчийг машиныхаа зүүн талын урд үзүүр гуфер хэсгээрээ мөргөсөн байсан тийм л зүйл болсон осол болсны дараа би их сандарч шоконд орсон байсан маш их айсан... /хх-ийн 48-49 дүгээр хуудас/,

яллагдагч Д.Баттулгын ...Би Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Энхбатын 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолтой танилцлаа би тогтоолыг ойлголоо. Би өөрийн эрхийн хүрээнд өмгөөлөгч Д.Долгорсүрэнг оролцуулан мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. Би Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Энхбатын 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолтой өмгөөлөгчийн хамт дахин танилцлаа би тогтоолыг ойлголоо. Би тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Намайг зогсоох арга хэмжээ аваагүй гэж бичсэн би машиныхаа тоормосыг уг нь гишгэсэн юм тэгтэл намайг тормос гишгээгүй байна гэж дүгнэсэн байгаа дээр эргэлзэж байна. Би явган зорчигчийг хараад хурдаа хасаад 50-60 км цагийн хурдтай явж байсан. Би чигээрээ явж байгаад мөргөсөн чиглэлээ өөрчлөөгүй... /хх-ийн 90, 92-93 дугаар хуудас/,

гэрч Ц.Нармандахын ...Би Төв аймаг дахь Цагдаагийн газрын мэдээлэл, шуурхай удирдлагын тасгийн мэдээлэл судалгааны ахлах мэргэжилтэн ажилтай хүн байна. Цагдаагийн байгууллагын хэмжээнд мэдээлэл, шуурхай удирдлагын төвөөс цагдаагийн байгууллагад анх дуудлага мэдээлэл өгсөн тухайн иргэнд тухайн дуудлага мэдээллийг хэрхэн шийдвэрлэсэн талаарх мэдээллийг автоматаар буцаан гар утасны дугаар луу нь явуулдаг автомат систем ажилдаг юм. Тухайн автомат мессэж дээр тухайн дуудлага мэдээллийг шалгаж байгаа албан хаагчийн нэр болон гар утасны дугаарыг хамт явуулдаг. Тухайн мессэж нь Цагдаагийн байгууллагын дотоод цахим санд бүртгэлтэй байгаа гомдол мэдээллийг “татгалзсан” гэсэн сонголтыг тухайн гомдол мэдээллийг шалгаж байгаа алба хаагч сонгосон тохиолдолд тухайн мессэж анх дуудлага өгсөн хүний гар утасны дугаар луу автоматаар очдог байгаа.... /хх-ийн 212 дугаар хуудас/,

гэрч Я.Гантуяагийн ... Илгээх бичгийг мөрдөгчөөс хууль сануулж тогтоол авсан эрх бүхий шинжээч эмч нь мөрдөгчөөс тавьсан асуултын хүрээнд дүгнэлт гаргахын тулд холбогдох шинжилгээнүүдийг ШШҮХ-ийн Тусгай шинжилгээний лабораториудад хүргүүлэхдээ /хими, биологи, гистологи, бактериологи/ гэх мэт шинжилгээ тус бүр дээр илгээх бичгийг бичиж илгээдэг. Илгээх бичиг авсан эрх бүхий мэргэжлийн хүмүүс шинжилгээгээ хийгээд хариугаа шинжээч эмчрүүгээ илгээдэг түүнийг нь нэгтгээд шинжээч эмч мөрдөгчийн хууль сануулж өгсөн тогтоолын дагуу дүгнэлтийг гаргадаг. Тиймээс илгээх бичгийн дагуу шинжилгээ хийсэн шинжээч мэргэжилтэнд хууль сануулах шаардлага байхгүй. Шинжээч эмч нь ажил мэргэжлийн хувьд шинжээч мэргэжилтэндээ хууль сануулах үүрэг байхгүй. Тодруулж хэлбэл шинжээч эмч нь шүүх эмнэлгийн магадлан шинжилгээ хийх журмын дагуу магадлан шинжилгээ хийж дүгнэлт гаргахдаа тусгай шинжилгээний шинжээч нарт мөрдөгчийн тогтоол болон хууль сануулсан тэмдэглэлийг танилцуулах шаардлагагүй... /хх-ийн 214-215 дугаар хуудас/,

насанд хүрээгүй гэрч Б.Бүджавын ...Би өмгөөлөгч Н.Баярыг оролцуулан мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. Манай аав ээж бүгд Дундговь аймгийн Дэлгэрцогт суманд хөдөө мал дээр байдаг би Улаанбаатар хотод ресторанд тогоочийн ажил хийж байгаа болохоор миний мэдүүлэгт хууль ёсны төлөөлөгч оролцох боломжгүй байгаа иймд би өмгөөлөгч Н.Баярыг оролцуулан мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. 2021 оны 10 дугаар сарын 15-ний өдөр би Улаанбаатар хотоос Дундговь аймгийн Дэлгэрцогт сум руу явахаар танил Б ахын машинд дайгдаад суусан юм би машины арын суудал дээр сууж явсан тэгээд Улаанбаатар хотоос 16 цагийн үед гараад Өлзийтийн пост өнгөрөөд явж байтал түс хийсэн чимээ гарч машин доргисон тэгээд машин зогссон тэгээд буугаад хартал зам дээр нэг эмэгтэй хүн машинд мөргүүлсэн байдалтай хэвтэж байсан нэг охин хажууд нь уйлаад байж байсан жолооч ах сандраад цагдаа руу залгасан би гар утсаа оролдоод явж байсан болохоор ослыг бол хараагүй ямарч л байсан Өлзийтийн пост өнгөрөөд явж байгаад уг осол болсон жолооч архи уугаагүй эрүүл байсан машины урд суудал дээр нэг эгч сууж явсан юм... /хх-ийн 217 дугаар хуудас/,

насанд хүрээгүй гэрч Ц.Дэмбэрэлсүрэнгийн ...Миний бие одоо Замын-Үүд суманд амьдарч байна. 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод "Хөгжил цогцолбор" нэртэй сургуульд сурдаг сурагч байсан. Манай өвөө эмээ хоёр Төв аймгийн Сэргэлэн сумын "Бяцхан хөндлөн" гэх газар мал маллаж амьдардаг юм. 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр эмээ Эрдэнэцогтын хамтаар урагшаа замын урд байрлах хонио харчхаад гэртээ харих гээд буцаад засмал зам хөндлөн гарах гээд би зүүн гар талд нь эмээ миний баруун гар талд бид хоёр засмал зам хөндлөн гарсан тухайн үед замын хоёр талаас машин харагдаагүй. Тэгээд засмал зам хөндлөн гараад эхний эгнээг туулаад голын цагаан шугам дээр зогсоод хоёр тийш хартал Улаанбаатар хот талаас жижиг приус-30 машин гараад ирсэн энэ үед би шууд чигээрээ гүйгээд засмал замын хөвөөн дээр гараад эргээд хартал эмээ хөл муутай тул миний араас алхаж яваад засмал замын хөвөөн дээр гарч ирээд "амжихгүй нээ" гэж хэлээд эмээ эргээд хартал нөгөө Улаанбаатар хотоос ирж байсан жижиг суудлын авто машин хурдтай ирээд эмээг мөргөөд 2 секундийн дараа эмээгийн хашгирах дуу гараад түс хийсэн чимээ гарсан. Тэгээд би эргээд хартал манай эмээ тухайн машинд мөргүүлсэн байдалтай шидэгдээд газар өнхөрч байгаа нь харагдсан. Тэгээд би эмээ дээр гуйж очсон эмээгийн нүд нээлттэй, эмээгийн толгой болон бусад газраас нь цус гарч байсан. Мөн манай эмээ эмнэлэгт хүргээд өгөөч гэж хэлсэн. Манай эмээг мөргөсөн жолооч ах 10-15 минутын дараа машинаас гарч ирэхээр нь би манай эмээг эмнэлэг рүү хүргээд өгөөч гэж хэлэхэд наад хүн чинь үхсэн юм шиг харагдаж байна, найдваргүй юм шиг байна, машиндаа энэ хүнийг оруулахгүй гэж хэлсэн. Мөн би тухайн ахаас эмнэлэгт хүргээд өгөөч гэж олон удаа гуйсан боловч тусламж үзүүлээгүй. Нөгөө ах гар утсаар хүнтэй яриад би хүн мөргөөд алчихлаа одоо би яах уу гэх мэт юм яриад бид хоёроос хол зогсоод байсан. Тэгээд хэсэг хугацааны дараа цагдаагийн алба хаагч нар ирсэн. Мөн 2 цагийн дараа эмнэлгийн эмч нар ирээд манай эмээг үзээд нас барсан байна гэж хэлсэн... /хх-ийн 221-222 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд болон шүүгдэгч Д.Баттулгын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 96, 99, 106, 119, 185 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт:

Шүүгдэгч Д.Б нь 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын “Бяцхан хөндлөн” гэх газар Улаанбаатар хотоос Төв аймгийн Зуунмод сум явах чиглэлийн асфальтан зам дээр 24-15 УБЕ улсын дугаартай Тоёота приус-30 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчиж, явганаар зам хөндлөн гарч байсан 59 настай, эмэгтэй, Сандагдорж овогтой Эрдэнэцогтыг мөргөж амь нас нь хохирсон үйл баримт тогтоогдсон байна гэж үзлээ.

 

            Гэм буруугийн шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:

            Улсын яллагч Г.Энхбат:

            ...Шүүгдэгч Д.Б нь Улаанбаатар хотоос  Төв аймгийн Зуунмод сумын асфальтан зам дээр 2021 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 24-15 УБЭ Тоёота приүс-30 маркын тээврийн хэрэгслийг жолоодож явж байгаад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Замын хөдөлгөөний дүрмийн 13 дугаар заалтын зөрчсөний улмаас явганаар зам хөндлөн гарч байсан 59 настай эмэгтэй С.Эрдэнэцогтын амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг болон уг хэргийг гэрчилсэн холбогдох гэрчүүдийн мэдүүлгүүд, шүүх хуралдааны шатанд улсын яллагчийн шинжлэн судалсан 136 дугаартай болоод 8 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд, шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн амь хохирогчийн мэдүүлэг, шүүгдэгч Д.Баттулгын мэдүүлгүүдээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас нэг хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. Энэ хэргийн улмаас учирсан хохирлын тухайд талийгаачийн оршуулгын зардал болох 36.885.487 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд шүүгдэгчийн зүгээс 18.500.000 төгрөгийг нөхөн төлсөн  байна. Өнөөдрйин байдлаар 17.585.487 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгуулах нь зүйтэй байна... гэсэн,

 

            Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Л.Батжаргал:

            ...2021 оны 10 сарын 15-ны өдөр замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу холбогдох заалт, 12.3 дахь заалтыг зөрчсөний улмаас явган зорчигчийг мөргөж улмаар хохирогч нас барсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт цугларсан нотлох баримтууд хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Баттулгыг Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцоход хангалттай нотлох баримтууд цугларсан. Гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, оршуулгын зардалтай холбоотой баримтуудаар нийт 36.885.487 төгрөгөөс 18.500.000 төгрөгийг төлсөн. Үлдсэн 17.585.487 төгрөгийг оршуулгын зардал. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хохирогч түүний  хууль ёсны төлөөлөгч, гэрч, хөндлөнгийн гэрч, шинжээч, мэргэжилтэн, орчуулагчч, хэлмэрчид өмгөөлөгчид төлөх зардлыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд тооцсон байна. Дээрх хуулийн 2 дахь хэсэгт хэрэг хянан шийдвэрлэх зардалтай холбоотой санхүүжилтийг Засгийн газар тогтооно гэж заасан  байна. 2019 оны 161 дугаартай Засгийн газрын тогтоолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчи төлөх зардлыг өмгөөлөгчийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд заасан хэмжээгээр тооцно гэж заасан байна. Энэ оршуулгын зардал дээр холбогдуулаад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Янжмаа өмгөөлөгч С.Батжаргалтай  хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд заасан үнийн дүнгээр буюу 5.000.000 төгрөгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд нэмж олуулах ийм байр суурьтай байна. Шинжээчийн дүгнэлттэй холбогдуулаад амь хохирогчийг согтуу явсан гэдэг ийм  асуудлыг ярьдаг. Амь хохирогчийн хувьд бяцхан хөндлөн гэх газарт удаан хугацаанд мал аж ахуй эрхэлж амьдарч байсан. Адуу мал гүүгээ барьдаг ийм айл байсан. Тухайн үед айраг уусан ийм нөхцөл байдал байна. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс согтуу явсан гэдэг агуулгаар ярьж байгаа нь ёс зүйд нийцэхгүй байна. Хавтаст хэргийн материалд шүүгдэгч Б.Баттулгыг ганц бие эцэг гэдгийг тогтоосон нотлох баримт байхгүй. Хэрэг прокурорын шатан шилжих явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Янжмаатай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан. Ирж уулзаад нөхцөл байдлын талаар ярилцаж  байхад тухайн осол хэрэг болох үед хамт  тээврийн хэрэгсэлд явж байсан хүний холбогдох хүмүүс нь амь хохирогчтой холбоотой ийм хүмүүс болж таарсан. Хотоос гараад Д.Б маш өндөр  хурдтай явж байсан гэдэг зүйлийг ярьсан. Үүнтэй холбогдуулаад өмгөөлөгчийн зүгээс 2021 оны 10 дугаар  сарын 15-ны өдөр Д.Баттулгын тээврийн хэрэгслийг хэдэн цаг хэдэн минутад тэр постоор нэвтэрч өнгөрөөд байгаа юм. Хэргийн газарт хэзээ болоод хэзээ  анхан шатны тусламж өгөөд байгаа юм. Энэ хугацаанд туулсан авто замыг цаг хугацаагаар нь харьцуулаад хурдыг тодорхойлох талаар холбогдох байгууллагуудад хүсэлт гаргасан боловч 45 хоногийн хугацаа өнгөрсөн гэдэг үндэслэлээр тэр бичлэгийг гаргуулж авч чадаагүй. Уг нь энийг мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч эргэлзээгүйгээр тогтоох үүрэгтэй. Хэрэв энэ ажиллагааг хуульд заасны дагуу хийгээд хэрэгжүүлсэн бол өнөөдөр Д.Б гэдэг хүн ийм юм яриад зогсож байхгүй байсан. 100 метрийн цаанаас хүн олж хараад очиж мөргөөд байгаа асуудлыг бид бүхэн юу гэж ойлгох юм бэ? 100 метрийн цаанаас зогсоогоод хүмүүсийг гаргасныхаа дараа хөдөлгөөнөө үргэлжлүүлэх бүрэн боломжтой. Тэгээд явган зорчигч буцаж эргээд намайг мөргөсөн гэдэг. Зам хөдлөн хүнд та замыг нь чөлөөтэй тавиад өгсөн бол тэр хүн буцаж гүйх ямар ч шаардлага байхгүй. Эдгээр нөхцөл байдлууд хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэгт шүүгдэгч Д.Баттулгыг гэм буруутайд тооцож оршуулгын зардал 17.585.487 төгрөгийг, дээрээс нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 5.000.000 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү... гэсэн,

 

            Амь хохирогийн хууль ёсны төлөөлөгч С.Янжмаа:

            ...Хэлэх зүйл байхгүй... гэсэн,

           

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Долгорсүрэн:

            ...Үйлчлүүлэгч Д.Баттулгын хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч гаргасан шинжээчийн дүгнэлт болоод гэмт хэрэг үйлдсэн эсэх талаар маргахгүй, маш их харамсаж байна. Амь хохирогчийн ар гэрээс энийг илэрхийлж уучлалт хүсэж байгаа гэдгийг бүгдээрээ сонссон. Гэм буруугийн хувьд өмгөөлөгчийн зүгээс маргаж энэ талаар тайлбар хэлэхгүй. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн 36.885.487 төгрөгийн баримтуудыг ирүүлсэн байна. Хэдийгээр шүүгдэгчийн хувьд боломжоороо 18.500.000 төгрөгийг олж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид өгсөн үлдсэн хохирол төлбөр дээр чадлаараа төлнө гэдэг ийм байр суурийг илэрхийлж байна. Гарын үсэггүй хэн юу хүлээж авч байгаа нь мэдэгдэхгүй хохирогч талын авсан эд зүйл баримт бараа хийж байгаа төлөлт мөн ч юм уу биш ч юм уу хүлээн авч байгаа хүний гарын үсэг байхгүй ийм баримтууд байна. Зарим нотлох баримтууд шаардлага хангахгүй байгаа учраас эдгээр баримтуудыг судалж байгаа. Д.Баттулгын зүгээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 18.500.000 төгрөг төлсөн. 8.500.000 төгрөгийг өмнөх шүүх хуралдаанд төлсөн байсан. Өнөөдөр нэмээд 10.000.000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хаан банкны данс руу шилжүүлж төлсөн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.5 дугаар зүйлд хохирол хор уршгийн талаар тодорхойлж өгсөн. Өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авч байгаа хохирогч тал. Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн гэм буруу, хохирол учруулагчийн эд хөрөнгийн байдлыг харгалзан үзэж гэм хор уршгийн зардлыг багасгаж шийдвэрлэх ийм хуулийн заалт байна. Шинжээчийн дүгнэлт ч тэр жолооч, явган зорчигч маань  хэн хэн нь замын  хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчсөний улмаас ийм осол болсон гэдгийг шинжээч дүгнэж өгсөн. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн зүгээс согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдаг гэдэг зүйлийн судлаад байнйа гэсэн зүйл ярьж  байна. Шинжээчийн дүгнэлтээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хөнгөн зэргийн согтолттой байна гэж тодорхойлоод байна. Энэ нь талийгаачийн шийдвэр гаргахад нь нөлөөлсөн гэдэг үүднээс судалж байгаа юм. Үйлчлүүлэгч Д.Баттулгын хувьд ганц бие эцэг гэдгийг гэрлэлтийн харилцаа дуусгавар болсон гэсэн лавлагаа байна. Мөн хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар хэрэгт авагдсан. Багийн Засаг даргын тодорхойлолт зэрэг баримтууд байна... гэсэн,

                                                    

            Шүүгдэгч Д.Б шүүх хуралдаанд хэлсэн эцсийн үгэндээ:

            ...Талийгаачийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлж байна. Би 10 настай хүүтэйгээ хоёулахнаа амьдардаг. Талийгаачийн ар гэрийнхэнд боломжоороо л нэхэмжилсэн мөнгийг төлж дэмжиж тусална... гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцдэг.

 

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”.:. гэж тус тус хуульчилсан.

 

Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг,

мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.

 

Энэ хэргийн тухайд Эрүүгийн хуулийн хорин долдугаар бүлэг “Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг” гэмт хэрэгт хамаарах бөгөөд замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтуудыг зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодон, нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй хийсний улмаас хүний амь нас хохирсон байна.

 

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.

 

Шүүгдэгч Д.Баттулгын тухайн үйлдэл, эс үйлдэхүй нь тэрээр Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчиж, өөрийн жолоодож явсан тээврийн хэрэгслээр зогсоох боломжтой хурдыг сонгож, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ аваагүй энэхүү өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол хор уршигт хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэр бөгөөд хүний амь нас хохирсон хохирол, хор уршиг шүүгдэгчийн болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйтэй шалтгаант холбоотой байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шинжийг хангасан, түүнд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнэлээ. 

 

Өөрөөр хэлбэл тухайн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэсний дагуу шүүгдэгч Д.Баттулгын болгоомжгүй гэм буруутай үйлдлийн улмаас “хүний амь нас хохирсон” гэсэн хүндрүүлсэн шинжийг хангасан төгссөн гэмт хэрэг юм.

 

Мөн болгоомжгүй гэм буруу нь гэм буруутай этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн эцэст гарч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдэж байсан хэдий ч түүнийг гаргахгүй байж чадна гэж хөнгөмсгөөр найдсан эсхүл үйлдэл, эс үйлдэхүйн улмаас учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдээгүй боловч тэрхүү хор уршгийг гарч болно гэдгийг урьдчилан мэдэх ёстой, боломжтой байсан гэж хайхрамжгүй хандсан гэх хоёр хэлбэрээр илэрдэг болно.

 

Хамгийн гол хохирол, хор уршигт зориуд хүргээгүй байдгаараа санаатай гэмт хэргээс ялгагдаж шинжтэй.

 

Мөн шүүгдэгч Д.Б нь гэм буруугийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, түүнд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлтүүд, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах үндэслэл болж байна гэж үзлээ.

 

Учир нь гэм буруу гэдэг нь тухайн гэм буруутай гэх этгээд хийсэн хууль бус үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг, мөн хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байх гэсэн нөхцөлүүдийг бүгдийг нь ойлгон ухамсарлаж, хүлээн зөвшөөрсөн байхыг ойлгох бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээрээ гэм буруугаа хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлдэг.

 

Иймд шүүгдэгч Д.Баттулгыг замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Д.Баттулгын болгоомжгүй гэм буруутай үйлдлийн улмаас иргэн С.Эрдэнэцогтын амь нас хохирсон байна.

 

Шүүгдэгч Д.Бас мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд нийт 36.085.487 /гучин зургаан сая наян таван мянга дөрвөн зуун наян долоо/ төгрөгийг нэхэмжилсэн байна.

 

Үүнээс өмгөөллийн хөлс 5.000.000 /таван сая/ төгрөгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт “Өмгөөлөгчийн хууль зүйн туслалцаа үзүүлэх, өмгөөлөх үйл ажиллагаатай холбоотой харилцааны баримтыг нотлох баримтаар тооцохгүй.” гэж зааснаар,

Шашны зан үйлтэй холбоотой 5.000.000 /таван сая/ төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож,

амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Янжмаад баримтаар учирсан 25.861.548 /хорин таван сая найман зуун жаран нэгэн мянга таван зуун дөчин найм/ төгрөг төлж барагдуулсан нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг, шинээр гаргаж өгсөн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Д.Бас тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй гэж үзсэн болно.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хариуцлага болох ял шийтгэлийн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:

Улсын яллагч Г.Энхбат:

...Шүүгдэгч Д.Б нь Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар түүнийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь 4 жилийн хугацаагаар хасаж 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргаж байна. Энэ хэрэг дээр шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй. Хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авагдаж ирсэн. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйл байхгүй. Битүүмжилсэн эд хөрөнгөгүй. Түүний 03430761 дугаартай тээврийн  хэрэгслийн гэрчилгээ болоод 326320 дугаартай жолооны үнэмлэх хураагдан ирсэн. Шүүгдэгчээс гаргуулах хохирлын асуудал байхгүй гэж дүгнэж  байна... гэсэн дүгнэлтийг,

 

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Л.Батжаргал:

...Улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлага адилхан байр суурьтай байна. Эрүүгийн хариуцлага нь тухайн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирол хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдалд тохирсон байх ёстой. Гэмт хэргийг улмаас учирсан хохирол өнөөдрийн шүүх хуралдаанд яригдах боломжгүй. Гэмт хэргийн зардалтай холбоотой асуудал дээр улсын яллагчийн гаргаж байгаа 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг дэмжиж байна... гэсэн дүгнэлтийг,

 

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Янжмаа:

...Өмгөөлөгчтэйгөө адилхан байр суурьтай байна... гэсэн саналыг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Долгорсүрэн:

...Улсын яллагчийн шүүмжид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн  хэрэгсэл  жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж 2 жилийн хугацаагаар нээлттэй хорих ангид ял эдлүүлэх санал гаргаж байна. Миний үйлчлүүлэгч Д.Баттулгын холбогдсон хэрэг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг гэмт хэрэг. Үйлчлүүлэгч Д.Баттулгын хувьд мөрдөн шалгах ажиллагааны явцад зарим эргэлзээтэй зүйлс дээр эргэлзэж байсан. Өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийн зүйлчлэл дээр маргахгүй гэдгийн илэрхийлж анхан шатны шүүх хуралдаанд оролцож шүүхээс гэм буруугийн дүгнэлт гарсан. Шүүхээс ял шийтгэл халдаахдаа хөнгөрүүлэн үзэх хэд хэдэн нөхцөл байдал байна. Үйлчлүүлэгч Д.Б ганц бие эцэг, эхнэр нь салаад явсан нь шүүхээр тогтоогдсон. Хүү 10 настай Тэмүүлэн эцгийн асрамжид үлдсэн. Хүүтэйгээ хоёулаа Улаанбаатар хотод амьдардаг. Д.Баттулгын зүгээс хувийн компанид каргоны бараа түгээгч гэсэн ажлыг эрхэлдэг. Урьд өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн үзэх хэд хэдэн нөхцөлүүд байна. Д.Баттулгын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлыг улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Гэмт хэрэг үйлдсэний дараа баримтаар учруулсан хохирлыг төлсөн. Гэмт хэрэг гарахад шинжээчийн дүгнэлтээр ч тэр жолооч, явган зорчигч замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна. Энэ хоёр хүн замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнөөс болж осол гарсан гэдгийг тогтоосон. Мөн гэмт хэрэг үйлдсэн талаар өөрийгөө илчилсэн буюу өөрөө цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Эдгээр нөхцөл байдлууд хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлууд байна. Д.Баттулгын хувьд ямар нэгэн согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг нь болгоомжгүй үйлдэгддэг хөнгөн гэмт хэрэг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэж шүүх бүрэлдэхүүнд гаргаж байна. Нэхэмжилсэн хохирол зардлын холбоотой баримтыг төлж барагдуулсан. Өөрийн гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал, ганц бие эцэг зэргийг харгалзан үзээд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү. Хуульд заасан тэнсэх хугацааны доод хэмжээ ойрхноор гаргаж өгнө үү... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Д.Б:

...Энэ хэрэг болсонд маш их харамсаж  байна. 10 настай хүүтэйгээ амьдардаг. Миний ялыг хөнгөрүүлээд тэнсэж өгнө үү. Хохирогчийн ар гэрийнхэнд боломжоороо тусалж  байх болно... гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн эрүүгийн хариуцлагын дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчийн гаргаж байгаа шүүгдэгч Д.Бд 3 /гурав/ жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах тухай дүгнэлттэй шүүгдэгч болон түүний өмгөөлөгч маргадаггүй бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа талаараа илэрхийлдэг.

 

Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон түүний өмгөөлөгч нар эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэлийн талаар хорих ялыг оногдуулах, оногдуулахдаа хамгийн хүндээр нь оногдуулж өгнө үү гэж тус тус маргадаг.

 

Гэтэл тухайн зам тээврийн осол гарахад амь хохирогчийн буруутай үйлдэл, эс үйлдэхүй тодорхой хэмжээгээр нөлөөлсөн болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх тул шүүх дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Шүүх шүүгдэгч Д.Бд хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, харин анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Янжмаад учруулсан хохирлыг төлсөнийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдлыг тус тус харгалзан үзэж тухайн зүйл, хэсэг, заалтад заасан зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулж, эрх бүхий байгууллагын хяналт зөвшөөрөүгүйгээр өөрийн оршин суух газраас буюу Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 4 дүгээр хороо, Их нарангийн 11-25  тоотоос явахыг, тодорхой газар очихыг буюу Улаанбаатар хотоос бусад хөдөө орон нутагт очихыг тус тус хориглох, шүүхээс тогтоосон Улаанбаатар хот доторх чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хүлээлгэж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй байна.

 

Харин шүүх ...энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна... гэж, мөн тухайн зүйл, хэсэгт ...тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж... гэж тус тус хуульчлагдсан учраас шүүгдэгч Д.Баттулгын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, нэмэгдэл ялыг оногдуулсан үеэс хугацааг тоолохыг дурдаж шийдвэрлэв.

 

Бусад асуудлын талаар:

Эрүүгийн 2134003430482 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Д.Б энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, хохирол төлбөрт 25.861.548 төгрөг төлсөн, түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг,

шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хураагдан ирсэн иргэний бичиг баримт, баримт бичиг болох шүүгдэгч Харагчин овгийн Дамдины Баттулгын жолоочийн 325320 дугаарын үнэмлэхийг зохих байгууллагад хүргүүлэхийг,

03430761 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг шүүгдэгчид буцаан олгохыг тус тус дурдах нь зүйтэй байна.  

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1., Эрүүгийн хэрэг

хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8.,

36.10., 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2 дугаар зүйлийн

1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус удирдлага

болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Харагчин овгийн Дамдины Баттулгыг замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Шүүгдэгч Харагчин овгийн Дамдины Баттулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 3 /гурав/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Харагчин овгийн Дамдины Баттулгыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 4 дүгээр хороо, Их Нарангийн 11-25 тоот хаягаас шилжин явахыг, мөн Улаанбаатар хотоос бусад хөдөө орон нутагт очихыг тус тус хориглох, Улаанбаатар хот доторх чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хүлээлгэж, хязгаарлалт тогтоосугай.  

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х Д.Бд зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлэхийг, биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.  

 

5. Эрүүгийн 2134003430482 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Д.Б энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Янжмаад хохирол, гэм хорын хохиролд нийт 25.861.548 /хорин таван сая найман зуун жаран нэгэн мянга таван зуун дөчин найм/ төгрөг төлснийг, шүүгдэгчээс тооцож гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг,

шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг болох шүүгдэгч Харагчин овгийн Дамдины Баттулгын жолоочийн 325320 дугаарын үнэмлэхийг зохих байгууллагад хүргүүлэхийг,

03430761 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг шүүгдэгч Х Д.Бд буцаан олгохыг тус тус дурдсугай.  

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Харагчин овгийн Дамдины Баттулгын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг зорчих эрхыг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн хугацааг тоолсугай. 

 

            7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Х Д.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.    

             

            8. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

10. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Х Д.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Ш.ГАНДАНСҮРЭН