| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2022/0196/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/202 |
| Огноо | 2022-07-04 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Э.Уламбаяр |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 2022/ШЦТ/202
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
2 15 2019/
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Түвшинжаргал,
Улсын яллагч Э.Уламбаяр,
Шүүгдэгч О.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн О.Б-д холбогдох эрүүгийн 2238001650470 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, О.Б-,
Шүүгдэгч О.Б- нь 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэр “Гурван-Эрдэнэ” сургуулийн хойд зам дээр ... улсын дугаартай “Тоёота приус-11” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас Д.Ч-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч О.Б- нь 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэр “Гурван-Эрдэнэ” сургуулийн хойд зам дээр ... улсын дугаартай “Тоёота приус-11” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм, уг дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэг “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Д.Ч-ийн эрүүл мэндэд “дунд чөмөгний хугарал” бүхий хүндэвтэр гэмтэл учруулж, “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг үйлдсэн байна.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5 дугаар тал,
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-10 дугаар тал/,
- Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 11 дүгээр тал/,
- Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-14 дүгээр тал/,
- Шүүгдэгч О.Б-ийн №... дугаартай, “АВ” ангиллын жолоочийн үнэмлэхийг хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 18 дугаар тал/,
- Хохирогч Д.Ч-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр “Есөн-Эрдэнэ” дэлгүүрийн ар талын засмал дээр микроноос буугаад араар нь тойроод зам хөндлөн гарч явахад цаанаас машин ирж яваа харагдсан. Тухайн үед би тэр машиныг микроны ард ирээд зогсох байх гэж бодсон чинь шууд гүйцэж түрүүлэх үйлдэл хийж намайг мөргөсөн. Тухайн үед осол гарсан гээд цагдаа нар ирчихсэн байсан. Яг цагдаагийн нүдэн дээр ийм асуудал болсон. Намайг мөргөсөн залуугаас “чи одоо хүн хардаггүй юм уу” гэхэд харсангүй гэсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25, 28 дугаар тал/,
- Гэрч Л.О-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Намайг хүн буулгаж байхад осолд орсон эгч миний машинаас буугаад араар нь тойрсон. Тэр эгчийг буугаад нэг их удаагүй байхад миний хажуугаар нэг машин их эвгүй орж ирсэн. Тэгсэн миний явж байсан урсгалын эсрэг урсгал буюу машинаас 3-4 метрийн зайд тухайн эмэгтэй суучихсан байгаа харагдсан. Би машинаас бууж очоод яав, юу болов эгч гэхэд тэр эгч ёолоод дуугарахгүй байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 дугаар тал/,
- Гэрч С.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 13 цагийн орчим ...хүн тээврийн автобус замын зорчих хэсгийн 1 дүгээр эгнээнд зогсоод хүн буулгасан. Тухайн микро автобуснаас буусан үл таних эмэгтэй микроны араар тойроод замын эсрэг тал руу гарах гээд явтал Приус-11 маркийн тээврийн хэрэгсэлтэй жолооч микроны хажуу талаар гүйцэж түрүүлэх хөдөлгөөн хийхдээ тухайн эмэгтэйг мөргөсөн. ...жолооч О.Б- нь ...зөвхөн саадыг тойрч гарах үйлдэл хийсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40, 43 дугаар тал/,
- Шинжээч Г.Алтайн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Д.Ч-ийн биед үүссэн баруун дунд чөмөгний толгойн цууралт гэмтлийг эдгэрэлтийн хугацаагаар нь тооцож гэмтлийн “хүндэвтэр” зэрэгт хамааруулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 45 дугаар тал/,
- Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 221 дугаартай: “1. Д.Ч-ийн биед баруун дунд чөмөгний толгойн цууралт, баруун гарын шуу, зүүн шагайнд цус хуралт, баруун гарын ядам, дунд, чигчий, баруун тохойд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Уг гэмтлүүд нь хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн гэмтэл байх боломжтой. 3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байх боломжтой. 4. Д. Д.Ч-ийн биед үүссэн баруун дунд чөмөгний толгойн цууралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр, бусад цус хуралт, зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 50 дугаар тал/,
- Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн дүрс оношлогооны тасгийн “бага аарцгийн тодосгогч бодисгүй компьютер томографийн шинжилгээний дүгнэлт, гэрэл зураг /хх-ийн 53, 55 дугаар тал/,
- Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 332 дугаартай: “1. Д.Ч-ийн биед баруун дунд чөмөгний толгойн цууралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтэл нь цууралт гэмтэл ба хэрэг болсон гэх 2022.03.30-нд үүссэн байх боломжтой байна. Учир нь 2022.03.30-ны амбулаторийн карт дахь эмчийн үзлэг болон рентген зургийн он, сар, өдөртэй тохирч байна. 3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн гэмтэл ба баруун дунд чөмөгний цууралт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 60 дугаар тал/,
- Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Ч.Э-н 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн: “...Жолооч О.Б- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 10.1-т заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөн байна” гэх мөрдөгчийн магадлагаа /хх-ийн 63-64 дүгээр хуудас/,
- Шүүгдэгч О.Б-ийн өмчлөлийн “Тоёота Приус-11” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 82 дугаар тал/,
- Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 85 дугаар тал/,
- Шүүгдэгч О.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр “Есөн-Эрдэнэ” дэлгүүрийн дээд уулзварын баруун талаас ирэхэд урд микро замын хажуу руу шахаж зогсоод хүн буулгаж байсан. Миний урд явж байсан машин дохио өгөөд микроны хажуугаар гарахаар нь би дагаад дохиогоо өгөөд микроны хажуугаар ортол хүн үзэгдээгүй урд гурван цагдаа, алаг машин, хүүхэд мөргөсөн бололтой цагаан машин байсан. Тэгээд цагдаа нар “хүн шүргэчихлээ” гэсэн. Тэгэхээр нь тормосоо гишгээд буугаад машины хойгуур тойртол буруу талын хойд дугуйн тушаа эмэгтэй хүн доошоо сөхөрсөн байдалтай байсан. Тэгээд тэр хүнийг аваад эмнэлэг орсон. ...хохирогчид учирсан хохиролд гурван сая төгрөгийг нөхөн төлж эвлэрлийн гэрээ байгуулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 74-75 дугаар тал/ болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...үйлдсэн хэрэгтээ их гэмшиж байна” гэх мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:
- Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 4 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 79 дүгээр тал/,
- Иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 80 дугаар тал/,
- Урьд ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 84 дүгээр тал/ зэрэг баримт бичиг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.
Иймд прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй бөгөөд, шүүгдэгч О.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж, “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг үйлдсэн гэж үзлээ.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн анхаарал болгоомжгүй байдал, замын хөдөлгөөний дүрмийг болгоомжгүйгээр зөрчсөн нөхцөл байдал нөлөөлсөн байна.
Шүүгдэгч О.Б- нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь гэрч, хохирогч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд болон бусад баримтаар нотлогдож байгаа бөгөөд шүүгдэгч О.Б-ийн хууль бус үйлдлээс болж 1 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан шалтгаант холбоотой байна.
Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн ба бусдын эрүүл мэндэд хохирол учруулах нөхцөл байдлыг болгоомжгүй хэлбэрээр автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг үйлдэж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.
Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.
Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн хэргийн газрын үзлэг, шинжээчийн дүгнэлтүүд, гэрч, хохирогч нарын мэдүүлэг зэрэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.
Шүүгдэгч О.Б-ийн үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас учирсан хохирол нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан хохирол хор уршиг учирсан болох нь хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтүүдээр нотлогдож байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Шүүгдэгч О.Б-, хохирогч Д.Ч- нар нь 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр: “...3.000.000 төгрөг төлсөн, цаашид нэхэмжлэх зүйлгүй” гэх эвлэрлийн гэрээ /хх-ийн 83 дугаар тал/ байгуулсан байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хавтаст хэрэгт баримтжуулсан шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.
2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч О.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэв.
Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, хохирогчоос уучлалт гуйж эвлэрсэн байдал зэргийг харгалзан үзсэн болно.
Шүүгдэгч О.Б- нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох ял шийтгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.
Шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид эмнэлгийн туслалцаа үзүүлсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүх шүүгдэгч О.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахдаа яллагдагч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан /хх-ийн 98-р тал/, прокуророос сонсгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах ялын саналыг яллагдагч хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байх тул прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-д оногдуулсан торгох ялыг түүний орлого олох боломжийг харгалзан 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж байна.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ... дугаартай АВ ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг шүүгдэгч О.Б-д буцаан олгохыг шүүгчийн туслах С.Д-д даалгаж байна.
Шүүгдэгч О.Б- нь цагдан хоригдоогүй, хохирогчийн эмчилгээний зардалд 3.000.000 төгрөгийг нөхөн төлсөн, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч О.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-ийг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-д оногдуулсан торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч О.Б-д оногдуулсан торгох ялыг гүйцэтгэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч О.Б-ийн ... дугаартай АВ ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг шүүгдэгчид буцаан олгохыг шүүгчийн туслах С.Д-д даалгасугай.
6. Шүүгдэгч О.Б- нь цагдан хоригдоогүй, хохирогчийн эмчилгээний зардалд 3.000.000 төгрөгийг нөхөн төлсөн, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР