Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 95

 


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн  шүүгч П.Гандолгор даргалж 
           Улсын яллагч: Б.Батсайхан 
           Шүүгдэгчийн өмгөөлөгч: М.Алтанчимэг
           Хохирогч: С.Батболд
           Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бүрэнтогтох нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар 
    Архангай аймгийн Прокурорын газраас Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Бямбасүрэнгийн Энхжаргалд холбогдох эрүүгийн 201603000237 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

    Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1978 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Архангай аймгийн Цэцэрлэг хотод төрсөн, 38 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Ирвэс лицей сургуулийн захирал ажилтай, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар баг, 6 дугаар 36 дугаар байрны 1-01 тоотод оршин суух, боловсролын тэргүүний ажилтан тэмдэгээр шагнагдаж байсан гэх, урьд ял шийтгэгдэж байгаагүй Боржигон овогт Бямбасүрэнгийн Энхжаргал /РД:АЮ78111407/
    Шүүгдэгч Б.Энхжаргал нь 2016 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Баянгол багийн нутаг дэвсгэр Дэлгэр-Өндөрийн 6 дугаар гудамжинд Тоёота Рав-4 маркийн 33-39 УНК улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтыг зөрчиж хохирогч С.Батболдыг чирч унаган бие махбодид нь хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ 

ТОГТООХ нь:


Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах мэдүүлгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч Б.Энхжаргалын: Би үндсэн ажлынхаа хажуугаар даатгалын компанийн салбарыг 3 дахь жилдээ хариуцан ажиллаж байна. Миний хувьд хавар даатгалын компани болон авто тээврийн компанийн хүмүүстэй хамт даатгалын ажил хийгээд явдаг бөгөөд энэ жил 3 дахь жилдээ хөдөө орон нутгаар явж байна. Тухайн үед сүүлийн сум нь Өндөр-Улаан сумын Хануй баг байсан бөгөөд би ажлаа хийгээд байж байтал манай нөхөр Батболд найз Нямбат гэх хүний хамт үдээс хойш нь ирсэн. Тэр үед ажил оройтож тараад бид нар Оюун-Эрдэнэ эгчийн гэрт хоносон бөгөөд бид хоёр орой нь маргалдсан байсан бөгөөд өглөө нь бас дахин маргалдаад, Батболд намайг охинтойгоо хамт авч яваад, Заяадэлгэр эгчийг ганцааранг нь явуулъя гээд байсан. Миний хувьд эхнээсээ ажлаа эхлээд сүүлийн суманд ирсэн байсан учраас ажлаа дуусгаад явах гэсэн байр суурьнаас хандаад нөхөртэйгээ хоёулаа маргалдсан.  Тухайн үед Батболд явуулахгүй гэж байсан бөгөөд айлын нөхөртэй хамт хуучлаад буруу хараад сууж байхаар нь би нөхрийгөө хараагүй байхад нь явъя гэж хамт явсан хүнтэйгээ ярилцаад, бид нар гарч зугатаагаад, хашааны хаалганы хажууд байсан машиндаа гялс суугаад хөдлөөд явж байтал Батболд хажуу талаас хаалга онгойлгоод, гараа оруулж ирэх үед нь би сандраад, Батболд намайг эрчтэй явж байхад хажуу талаас орж ирээд булаацалдаад хаалганд цохигдоод унасан. Тухайн үед Оюун-Эрдэнэ эгч уначихлаа гэж орилсон бөгөөд тэр үед Оюун-Эрдэнэ эгчийн охин нь ус авч ирээд хашааныхаа хажууд байж байгаад ээждээ хэлсэн. Тухайн үед Оюун-Эрдэнэ эгчийг буулгаад та очоод сайн үзчих би эндээ байж байя гэж хэлээд хашааных нь буланд харагдахгүй нуугдаж байтал Оюун-Эрдэнэ эгч нээрэн ухаан алдсан байна гэхээр нь би буцаж очиход Оюун-Эрдэнэ эгч охинтойгоо хамт хиймэл амьсгаа хийж байсан бөгөөд эмч дууд гээд орилоод байхаар нь би Заяадэлгэр эгчтэй хамт эмнэлэг рүү эмч авах гээд очиход их эмч нь байхгүй байхаар нь түргэн тусламжийн хайрцагтай хүнийг гялс суулгаад буцаад ирэхэд урд гудамжинд нь амьдардаг сувилагчийг дуудсан байсан. Тэгээд бид нар түүнийг эмнэлэг рүү авч яваад дараа дараагийн тусламжийг үзүүлсэн бөгөөд сумын эмнэлэг дээр хүчилтөрөгчийн аппаратанд оруулаад, шаардлагатай эм тариаг хийлгэж хоноод маргааш өглөө нь аймгийн төвд эмнэлэгт ирсэн. Тухайн үед би нөхрөө ийм хүнд гэмтсэн гэж мэдээгүй бөгөөд сумын эмнэлэг нь рентген байхгүй учраас эмч нар ч гэсэн мэдээгүй байсан. Тухайн үед бид нар аймагт ирж үзүүлээд л хүнд гэмтсэн байгааг нь мэдсэн. Би нөхөртэйгээ хамт 16 жил амьдраад, 2 охинтой болсон бөгөөд бид хоёр бие биеэ ойлгохгүй, ялихгүй маргаанаас болоод ийм байдалд хүрчихлээ. Би өөртөө маш их харамсаж гэмшиж байна. Бид хоёр бие биеэ ойлгоогүй байдлаас болоод ийм байдалд хүрсэндээ харамсаж, гэмшиж байна гэв. 
Шүүхийнх хэлэлцүүлэгт өгсөн хохирогч С.Батболдын: Тухайн үед манай эхнэр хүүхэд хоёр өмнө нь Өндөр-Улаан сум руу явсан байсан бөгөөд би найзтайгаа хамт араас нь очсон. Манай эхнэрийн ажил нь дуусаад бид нар тэр айлд очиж хоносон. Тухайн үед би хүүхдээ аваад явъя гээд манай эхнэр явахгүй гээд ер нь жаахан маргалдаж л байсан л даа. Бид нар өглөө нь тэр айлд хоол унд идчихээд сууж байтал манай эхнэр гараад явж байхаар нь би араас нь гүйж очоод, хаалганаас нь барьж авсан бөгөөд саяын манай эхнэрийн ярьсан шиг л асуудал болсон. Би хаалганд эрчиндээ цохигдоод унаад ухаан алдсан байсан учраас түүнээс хойш ямар асуудал болсон гэдгийг сайн мэдэхгүй байгаа бөгөөд нэг мэдэхэд эмнэлэг дээр ирсэн байсан. Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэв. 
Эрүүгийн 201603000237 хэргээс: 
* Мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч С.Батболдын: “...Би өмгөөлөгчгүй ганцаараа байцаалт өгнө. Би 2000 онд Энхжаргалтай гэр бүл болсон бөгөөд албан ёсны гэр бүлийн баталгаа байгаа. Би 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Архангай аймгийн төвөөс найз Нямбатын хамт машинтай нь Өндөр-Улаан сумын төв рүү явсан. Өндөр-Улаан суманд миний эхнэр Энхжаргал, 4 настай охин Номуунбилэгтэй хамт автын даатгалын ажлаар явж байсан юм. Тэгээд эхнэр хүүхдийн хамт Оюун-Эрдэнэ гэдэг эгчийн гэрч очиж хонохоор болсон бөгөөд Оюун-Эрдэнэ эгчийн гэрт хүмүүстэй хамт архи ууж хоносон. Тэгээд өглөө 09 цагийн үед босоод эхнэрээ гэр рүүгээ хамт явъя гэж хэлтэл эхнэр Энхжаргал би ажлаа дуусгаж байж явна гээд байсан. Би эхнэр Энхжаргалыг чи явахгүй бол би хүүхдээ аваад явна гээд хоорондоо маргалдсан. Тэгээд 14 цагийн орчимд Оюун-Эрдэнэ эгчийн гэрээс Заяадэлгэр, Оюун-Эрдэнэ эгч, миний охин Номуунбилэг, Энхжаргал нар явлаа гээд Энхжаргалын машинд суугаад хөдөлсөн. Би машин хөдлөөд явж байхад ар талаас нь очиж, жолооч талын хаалганы бариулнаас татсан. Хаалга онгойлгоод би их хүчтэй татагдаад газарт баруун талаараа уначихсан. Тэгээд ухаан алдчихсан бөгөөд нэг мэдсэн эмнэлэг дээр ухаан орсон. Би аймгийн эмнэлэгт 17 хоног хэвтэж эмчлүүлээд 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдөр эмнэлгээс гарсан. Одоо би Улаанбаатар хот руу явж нарийн шинжилгээ өгнө. Миний 10 ширхэг хавирга хугарсан, уушиг гэмтэж ус авахуулсан. Одоо миний биеийн байдал дээрдэж хэвийн болж байгаа. Би эхнэр Энхжаргалд ямар ч гомдол санал байхгүй. Оюун-Эрдэнэ эгчийн гэрт миний эхнэр Энхжаргал, миний охин Номуунбилэг, эхнэр Энхжаргалтай хамт ажилладаг Заяадэлгэр, Оюун-Эрдэнэ эгч нөхөртэйгөө хоносон. Өөр хүн гэрт  нь хоноогүй. Эхлээд Оюун-Эрдэнэ эгч 0.5 граммтай Улаанбаатар нэртэй архи нэг шилийг гаргаж бид нар бүгдээрээ хувааж уусан. Дараа нь дахиад нэг шил Улаанбаатар нэртэй архи гаргаж ирж уусан. 2 дахь архийг хэн гаргаж ирснийг би мэдэхгүй байна. Энхжаргал бид 2 нээх их согтоогүй бөгөөд хэвийн ухаантай байж байгаад унтаж амарсан. Өглөө 10 цагийн үед би нэг хундага архи уусан. Өглөө надаас өөр хүн архи уугаагүй. Би хэрэг болохоос 2-3 цагийн өмнө нэг хундага архи уусан. Эхнэр архи уугаагүй эрүүл байсан. Би хэрэг болох үед архи гарчихсан эрүүл байсан. Тухайн үед миний цээж өвдөөд өвдөлтийн шоконд орчихсон байсан бөгөөд аймгийн эмнэлэг дээр ирсэн байхад эмч асуухаар нь мотоцикльтой явж байгаад уначихсан гээд худал хэлчихсэн юм. Би Энхжаргалыг машинаа унаад хөдлөөд аажуухан явж байхад нь дунд зэргийн хурдтай гүйж очоод машины жолооч талын хойд хаалганы бариулнаас барьж аваад татаж онгойлгосон. Би онгойсон хаалгаар харахад машины хойд суудал дээр Оюун-Эрдэнэ эгч ганцаараа суучихсан. Жолоочийн суудал дээр Энхжаргал суусан машинаа жолоодсон, хажуу талын суудал дээр нь Заяадэлгэр миний хүүхэдтэй сууж байсан. Би машинаа зогсоо хүүхдээ авъя гэж хэлээд машины багана хэсгээс нэг гараараа барьж авсан тэгээд машин хурдаа нэмээд миний хөл гүйцэхгүй татагдаад их хүчтэй газар унатал миний цээжин дотор хавирга хугарч байгаа юм шиг шажигнасан дуу гараад би ухаан алдчихсан. Би одоо бодоод байхад миний цээжин дээгүүр машины дугуй гарсан болохоор миний цээжний 2 талын хавирга хугарсан байх гэж бодож байна. Машины дугуй миний дээгүүр яг яаж гарсныг би мэдэхгүй байна. Их хурдан болж өнгөрсөн болохоор машинд татагдаж газар унасан. Тэгээд гэнэт цээжин дотор яс шажигнах дуу надад сонсогдож мэдрэгдсэн. Миний цээжин дээгүүр машины хойд талын дугуй гарсан болохоор надад ийм хүнд гэмтэл үүссэн байх гэж бодож байна. Харин машины дугуй яаж миний дээгүүр гарах болсоныг би мэдэхгүй байна. Манай машин хойд талдаа их хөнгөн болохоор машины хойд талын дугуй миний дээгүүр гарч намайг гэмтээсэн байх гэж бодож байна. Харин урд талын дугуй гарсан бол машины мотор хэсэг байгаа болохоор намайг няц дайрах  байсан байх гэж бодож байна. Би машины хаалгыг онгойлгоод зүүн гараараа машины дунд багана хэсгээс бариад баруун гараараа машины жолооч талын хаалганы дотор талын бариулнаас барьсан байсан. Тэгээд машин хурдтай явахад хөл гүйцэхгүй байсан бөгөөд машинд татагдаад газар уначихсан. Тийм болохоор машиныг урагшаа явж байхад би газарт унасан байх гэж бодож байна. Мөн миний өмсөж явсан ногоон өнгийн гялтгар куртикны ар тал сэмэрч, нэг талынх нь суга зад татагдсан байсан болохоор миний дээгүүр машины дугуй гарсан байх л гэж би бодож байна. 5 орчим метр газар би машины хаалгыг онгоолгож явсан байх гэж бодож байна. Би Энхжаргалыг машинаа зогсоо хүүхдээ авъя гэж хэлсэн. Тухайн үед машин явж байхад явган намайг гүйж ирээд хаалга онгоолгосонд Энхжаргал их гайхаж сандарсан байх шиг байсан. Тэгээд би хөл гүйцэхгүй татагдаж газар унаж хэрэг болсон. Энхжаргал надтай юм яриагүй. Эхнэр Энхжаргал Хануй багийн төв рүү ажилаар явна гэж ярьж байсан бөгөөд машинаа асаагаад яваад өгөхөөр нь Хануй баг руу ажилаар явах гэж байна гэж бодоод хүүхдээ машиныг зогсоож авъя гэж бодсон юм. Надад нэмж ярих зүйл байхгүй. Би эхнэртэй гомдолгүй. Намайг машины хаалга онгойлгох үед Энхжаргал машинаа зогсоочихсон бол миний бие ингэж бэртэж гэмтэхгүй байх байсан гэж бодож байна.
Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би яаж энэ гэмтэл үүссэнийг мэдэхгүй байна. Би Энхжаргалын жолоодож явсан машины хаалганд татагдаад унасан тэгээд шууд гэмтчихсэн. Машины дугуй миний дээгүүр гарсан эсэхийг мэдэхгүй байна. Гэмтлээс харахад машинд дайруулж байж уг гэмтэл үүсмээр надад санагдаад байх юм. Өөр надад мэдэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24, 25х/

* Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Ц.Оюун-Эрдэнийн: “...Одоогоос 3 орчим жилийн өмнө би Энхжаргалын Архангай аймгийн төвд ажиллуулдаг Ирвэс нэртэй сургуульд тогоочийн ажил эрхэлдэг байсан болохоор нэг нэгнээ мэддэг. Харин Батболдыг Энхжаргалын нөхөр гэдгээр нь би таньдаг Энхжаргал, Батболд нартай төрөл садангийн холбоо харилцаа байхгүй. 2016 оны 05 сарын 20-ны өдөр буюу манай суманд автын оншилгоо ирээд машинд үзлэг оншилгоо хийгээд 2 дахь өдөө болж байсан юм. Би өглөө 07 цагийн үед сумын төвд байдаг Ахуйн үйлчилгээ нэртэй буудал, цайны газартаа очоод ажлаа хийгээд байж байтал Энхжаргал нэг охинтойгоо аймгаас явж байна гээд ороод ирсэн. Тэгээд манай цайны газарт хоол цай идчихээд гарсан. Энхжаргал оншилгооны хажууд даатгалын ажлаа хийгээд байсан. Тэгтэл өдрийн 11 цагийн үед Энхжаргалын нөхөр Батболд ирчихсэн бага зэрэг согтуу байгаа бололтой чанга чанга дуугараад анхаарал татаад байсан. Тэгээд орой болоод 21 цагийн үед ажил дуусаад би Энхжаргал, Батболд, Заяадэлгэр нарыг дагуулж гэртээ харьсан. Тэр үед Батболдын найз гээд нэг залуу манай гэрт хамт очоод удалгүй өөр айлд очлоо гээд гараад явчихсан. Би хоол цай хийж ирсэн хүмүүсээ дайлсан. Миний нөхөрт Энхжаргал 0.75 граммын Улаанбаатар нэртэй архи өгсөн бөгөөд тэр архийг нөхөр задлаад манайд байсан бүх хүмүүстэй хувааж уусан би дараа нь дахиж нэг шил 0.75 граммын архи гаргаж задлаад бид нар хувааж уусан. Тэр үед Батболд би машин хүүхэд хоёроо аваад явна гээд байсан харин Энхжаргал би ажлаа хиймээр байна маргааш Хануй баг руу явна гээд хоорондоо маргалдаад байсан. Тэгээд бид нар 01 цагийн орчимд унтахаар хэвтээд унтсан. Шөнө дунд Энхжаргал намайг аллаа цагдаа байвал дуудаарай гээд байсан. Батболд эхнэрийгээ үсдэж цохиод байсан. Миний нөхөр Цэрэн-Очир босоод Батболдыг барьж авч салгаж унтуулсан. Тэгээд унтаад өглөө 07 цагийн үед босоод хоол цай хийж өгсөн тэгтэл Энхжаргал би одоо Хануй баг руу явж ажлаа хийлээ гэхэд Батболд Хануй баг руу явуулахгүй би охиноо, машинтайгаа аваад явна гээд хоорондоо маргалдаад байсан. Тэгтэл Энхжаргал, Батбодлыг миний нөхөр Цэрэн-Очиртой юм яриад сууж байхад нь гэрээс гаръя гээд Заяадэлгэр бид хоёрыг дагуулж гарсан. Тэгээд хашааны гадаа байсан машиныг Энхжаргал өөрөө унаад би Заяадэлгэрийн хамт машины хойд суудал дээр сууж Энхжаргалын охин ганцаараа жолоочийн хажуугийн урд суудал дээр суусан. Тэгээд Энхжаргал машинаа унаад хэсэг явж байтал Батболд гүйж ирээд машины хаалганы бариулнас бариад авсан. Тэгээд Батболд машиныг дагаж хоёр удаа хариагаад газар унаад, хоёр удаа хөрвөөгөөд хөдөлгөөнгүй хэвтчихсэн. Би машины хойд талын цонхоор хараад Энхжаргалыг машинаа зогсоо гэж хэлсэн. Тэгээд Энхжаргал машинаа эргүүлээд Батболдын байгаа газарт очиход миний охин Хандмаа ирчихсэн байсан. Би машинаас буугаад Батболд дээр очтол хамар, ам орчимоос нь ганц 2 дусал цус гарчихсан, ямар ч ухаангүй болчихсон байсан. Тэгээд би хиймэл амьсгаа хийгээд Энхжаргалыг сумын эмнэлэг рүү явуулсан. Тэгээд сумын эмнэлэгт үзүүлээд маргааш өдөр нь аймгийн эмнэлэгт үзүүлсэн гэсэн. Батболдын хамраас нь нэг 2 дусал цус гарсан, нэг гарных нь бугуйн дээр жижигхэн халцарсан шархтай байсан өөр биед нь ил харагдах шарх сорви байгаагүй. Намайг очиход Батболд ямар ч ухаангүй байсан. Би бага зэрэг хиймэл амьсгаа хийхэд Батболд ухаан орсон. Батболд тухайн үед бага зэрэг халамцуу байсан ч болсон зүйлийг өөрөө мэдэхээр эрүүл саруул ухаантай байсан. Энхжаргал эрүүл байсан. Уг хэрэг манай хашааны үүдэн дээр 11-12 цагийн үед болсон. Би үнэн зөвөө ярьж байна. Энхжаргал машинаа унаад хөдлөөд явж байхад Батболд өөрөө гүйж ирээд Энхжаргалын сууж явсан талын машины хаалгыг онгоолгоод удалгүй өөрөө уначихсан. Би жолооч биш болохоор машиныг хэр хурдтай явж байсныг мэдэхгүй байна. Энхжаргал хашааны үүдэн дээрээс хөдлөөд нээх хол яваагүй бас нээх ч хурдан яваагүй гэж бодож байна. Машины юм дайрсан бол овгос хийж хөдлөх ёстой байдаг. Тухайн үед Энхжаргалын машин юм дайраагүй хэвийн хурдтай урагшаа явж л байсан. Батболд өөрөө унаад л бие нь гэмтсэн байх. Машины дугуй Батболдын дээгүүр гараагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28х/
* Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Ц.Хандмаагийн: “...Би Энхжаргал эгчийн ажиллуулдаг Ирвэс лицей сургуульд 2 жил сурч байсан болохоор багш шавийн харилцаатай. Батболд ахыг Энхжаргал багшийн нөхөр нь гэдгээр нь мэддэг. Төрөл садангийн холбоо харилцаа байхгүй. 2016 оны 05 сарын 20-ны орой манай гэрт Батболд ах, Энхжаргал эгч, Заяадэлгэр эгч нар ирж хоносон. Ээж ирсэн хүмүүст хоол цай хийж өгсөн бөгөөд аав, ээж хоёрт архи чихэр өгөөд байсан. Тэгээд аав, ээж хоёр ирсэн хүмүүстэй архи уугаад байсан. Би байшингийнхаа хойд талын өрөөнд ороод унтсан. Шөнө унтахын өмнө Батболд ах эхнэр Энхжаргалтайгаа хэрэлдээд маргааш гэр рүүгээ явна, явахгүй ажлаа хийнэ гээд маргалдаад байсан. Тэгээд шөнө дунд Энхжаргал эгчийг Батболд ах зодоод байх шиг байсан. Энхжаргал эгч Батболд ах 2 бараг шөнжингөө хоорондоо маргалдаад байсан. Би өглөө босоод 11 цагийн үед сургууль руугаа давталганд яваад давтлага орохгүй гэхээр нь удалгүй буцаад гэртээ ирсэн. Намайг ирэхэд гэрт Энхжаргал эгч, Батболд ах, Заяадэлгэр эгч болон аав, ээж нар бүгд байсан. Энхжаргал эгч явах гэж байгаа гээд байсан. Би худаг хаахаас өмнө ус авахаар гэрээсээ гараад явж байтал Энхжаргал эгч машинаа унаад Заяадэлгэр эгч, ээж болон охиныхоо хамт машинаа унаад манай хашааны үүднээс хөдөлсөн. Тэгтэл гэнэт Батболд ах манай хашаанаас гүйж гарч ирээд машины жолооч талын хаалганы бариулнаас зүүгдээд машины хаалгыг онгойлгоод нээх хол явалгүй газар уначихсан. Би Батболд ахын хажууд очтол царай нь цонхийж цайсан ямар ч хөдөлгөөнгүй амнаас нь хөөс шиг юм гараад байхаар нь ээж рүү залгатал Энхжаргал эгч машинтайгаа нэг гудамж тойроод буцаад хүрээд ирсэн. Тэгээд ээж машинаасаа бууж ирээд Батболд ахад хиймэл амьсгаа хийгээд байсан. Энхжаргал эгч машинаараа эмнэлэг рүү яваад эмч дуудаад ирсэн. Батболд ахын нэг гар бугуй шуу орчимдоо бага зэрэг халцарсан, хамарнаас нь бага зэрэг цус гарсан байсан. Батболд ах газар унчихаад ухаан алдаад хөдлөхгүй байсан. Батболд ах явж байсан машины ар талаас нь хурдан гүйж очиод машины хаалгыг бариулнаас барьж хаалгыг нь онгойлгоод хөл нь машиныг гүйцэхгүй газар уначих шиг болсон. Батболд ахаас архи үнэртээд байсан. Бодвол шөнө уусан архи нь гараагүй байсан байх. Энхжаргал эгч эрүүл байх шиг байсан. Энхжаргал эгчийн жолоодож явсан машин нээх хурдан ч биш, удаан ч би явж байсан. Батболд ах өөрөө их хурдан гүйж очиод машины хаалганаас бариад авсан. Батболд ах урагшаа явж байсан машины хажуу талд нь гүйж очиод хаалганы бариулнаас барьж байгаад өөрөө газар унасан. Батболд ах дээгүүр машин гарч яваагүй. Би харж байсан болохоор сайн мэдэж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31х/
* Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч С.Цэрэн-Очирын: “...Батболдыг сайн танихгүй. Энхжаргалыг сайн танина. Манай эхнэр Оюун-Эрдэнэ Энхжаргалтай хамт ажиллаж байсан юм. 2016 оны 05 сарын 20-ны өдөр Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Баянгол багт намайг гэртээ байхад Энхжаргал, Батболд нар манайд нэг шил 0.75-тай архитай ирсэн тэрийг нь хувааж ууцгаасан. Тэгээд би авдарнаасаа нэг шил 0.75-тай архи гаргаж хувааж ууцгаагаад шөнө унтацгаасан. Манайд Заяадэлгэр, Батболд эхнэртэйгээ манай эхнэр охин нар байсан. Батболд, Энхжаргал нар манайд ирэхээрээ согтуу байсан. Хэрэг гарах өдөр согтуу талдаа л байсан байх. Батболд биедээ маш хүнд гэмтэл авсан их хүнд байсан. Яаж гэмтэл юунаас авсаныг нь мэдэхгүй. Манай охин Хандмаа л манай хашааны үүднээс Энхжаргалын жолоодож явсан машинаас Батболд чирэгдэж гүйж байгаад газар унаад гэмтэл аваад босч ирээгүй гэсэн. Батболдын дээгүүр гараагүй гэж манай охин Хандмаа хэлсэн. Хандмаа болсон асуудлыг хараад байж байсан гэсэн. Хоорондоо шөнөжингөө хэрэлдсэн. Батболд Энхжаргалыг хайр найргүй зодсон. Босч салгаад миний үгэнд бол орж байсан Батболд наадахыг чинь зодох ёстой гээд зодоод байсан. Ямар учраас зодсоныг мэдээгүй. Үүр цайтал хэрэлдээд зодолдсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 33х/
* Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч М.Алтанцэцэгийн: “...2016 оны 05 сарын 21-ний өдөр Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Баянгол багийн төвд гэртээ байж байтал 14 цаг 40 минутын үед эмнэлгийн гарааны сувилагч Цацрал над руу утсаар яриад танай гэрийн ард талд хүн ухаан алдаад уначихсан байна хурдан гараад ир гээд би гараад очсон. Очиход сувилагч Цацрал ухаангүй байсан залуу болох Батболдын эгч Заяадэлгэр 2 байсан. Батболдыг үзэхэд ухаангүй гудамжинд уначихсан байсан хүчилтөрөгч нь уначихсан, зүрхнийх нь цохилтын тоо цөөрчихсөн яаралтай эмнэлэгт тусламж үзүүлэх шаардлагатай гээд эмнэлэгт аваачсан. Эмнэлэг дээр авчраад хүчилтөрөгч өгөөд өвчин намдаах тариа, амьсгал зүрх судас дэмжих тариа хийсэн. Үзэхэд Батболдын зүүн талын гар нь шалбарсан, баруун талын 11-12 дугаар хавирга нь хугарсан байсан. Заяадэлгэр нь Батболдыг ухаангүй байхад би эгч нь байгаа юм зүрх нь өвддөг юм гэнэтхэн ухаан алдаад уначихлаа архи уугаад бачуурчих шиг боллоо гэж байсан. Би сувилагчдаа биеийн байдал нь дээрдэнгүүт гаргачихаарай гээд 13 цаг өнгөрч байхад явсан. Манай сувилагч Цацрал хүчилтөрөгчийг нь өсгөөд 18 цагийн үед гаргсан юм шиг байна лээ. Эхнэр Энхжаргал намайг гэрт хүргэж өгсөн. Би Энхжаргалд танай нөхөр юманд дарагдсан байна яаралтай аймаг руу авч явж үзүүл гэсэн. Энхжаргал  юм яриагүй за баярлалаа эгчээ гээд яваад өгсөн. Тэр шөнө аймаг руу авч яваагүй байсан. Маргааш өглөө 07 цагийн үед аймаг руу авч явсан. Анхны үзлэгээр машинд чирэгдэж дарагдсан шинж тэмдэг байсан болохоор машин дээгүүр нь гарсан байж магадгүй гэж бодсон. Тэрнээс бол тийм олон хавирга амархан хугарахгүй. Машинд чирэгдэж унаад гэмтэл авчихлаа гэж л хүмүүс ярьж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 34х/
* Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч З.Цацралын: “...2016 оны 05 сарын 21-ний өдөр 14 цагийн үед Архангай аймгийн Өндөр-Улаан сумын эрүүл мэндийн төв дээр ажил дээрээ байж байтал Энхжаргал нэг хүүхэнтэй ирээд гудамжинд хүн ухаан алдаж унасан, сэрэхгүй байна гэж дуудлага өгсөн. Тэгээд яаралтай тусламжийн эм тариа багажнуудаа аваад дуудлаганд Өндөр-Улаан сумын төв баруун дэнж гудамжинд очтол Самбуудорж овогтой Батболд гэдэг залуу ухаангүй байсан. Дуудлага аваагүй 2-3 минутын дараа шууд л очиход С.Батболд ухаангүй хэвтэж байсан. Амнаас нь архи үнэртээд цонхийсон цагаан царайтай, баруун талын хавирганы харалдаа нилээд хөхөрсөн хувцас хунар нь урагдаагүй шороо болчихсон байсан. Гар хөл нь хүйтэн ухаангүй байсан. Амин үзүүлэлтүүдийг нь үзээд пульс нь 111, хүчилтөрөгчийн хангамж 52 байхаар нь их эмч Алтанцэцэгийг дуудаад өөрөө амилуулах суурь анхны тусламж үзүүлээд байж байсан. Их эмч Алтанцэцэг удалгүй ирээд эмнэлэг рүү авч яваад хүчилтөрөгчийн аппарат залгаж хүчилтөрөгч өгсөн. Хүчилтөрөгчийн хангамж өсөөд Батболд хамаг бие өвдөөд байна гээд ёолоод байсан. Хөл гарыг нь дулаацуулаад Алтанцэцэг эмчийн бичиж өгсөн аналгин, димедрол, зүрхний тариа судсаар хийсэн. Энхжаргал, Заяадэлгэр 2 машины араас гүйж байгаад бүдэрч унаад биедээ гэмтэл авсан гэж ярьж байсан. Энэ талаар Оюун-Эрдэнэ, Цэрэн-Очир, охин Хандмаа нар нь сайн мэдэж байгаа. Өөр зүйл яриагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 35х/ 
 * Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч С.Болдын: “...Батболд бол миний төрсөн дүү, Энхжаргал бол Батболдын эхнэр болохоор миний бэр юм. Би эрх үүргээ ойлгосон. Төрсөн дүү Батболдын талаар мэдүүлэг өгнө. Батболд бол 10 хүүхэдтэй айлын 9 дэх хүүхэд болж 1978 онд Архангай аймгийн Булган суманд төрсөн. Цэцэрлэг хотод байх 1 дүгээр сургуулийн 8 дугаар ангийг төгсөөд аав, ээжийнхээ гэрт амьдарч байгаад Энхжаргал гэдэг хүнтэй гэр бүл болж 2 хүүхдийн аав, ээж болсон. Батболд зан байдлын хувьд зүрх муутай, аймхай гэмээр зан чанартай бөгөөд хувийн ажил амьдралдаа сайн, ажилсаг цэвэрхэн хүн. 2016 оны 05 сарын 22-ны өдөр бэр Энхжаргал утсаар яриад Батболд цагаан давааны ар руу мотоцикльтой явж байгаад унаад аваарт орчихлоо гэсэн утгатай юм хэлсэн. Би шөнөдөө Эрдэнэт хотоос гараад Архангай аймгийн төвд иртэл Батболд аймгийн нэгдсэн эмнэлэгт ирчихсэн хэвтэж байсан. Батболдын бие нилээн муу байгаа байдалтай байсан. Мөн Батболдын эмч нь хэлэхдээ хавирга хугарсан, уушиг тасарсан, амьсгалах чадвар муудсан байна гэсэн утгатай юм хэлсэн. Би 4 өдөр Батболдыг эмнэлэгт сахисан бөгөөд Батболд хиймэл амьсгалтай, нилээн муу байдалтай байсан. Тэгээд намайг Эрдэнэт хот руу явсан байхад Батболдын бие нилээн гайгүй болсон гээд Улаанбаатар хот руу явж эмнэлэгт үзүүлж оншилгоо хийлэгтэл нилээн гайгүй болсон байна гэсэн юм яригаж байсан. Одоо Батболдын биеийн байдал сайнгүй байгаа бөгөөд өвчин намдаах эм байнга ууж байна, шөнө их халуурч байна, зүүн талынх нь уушганд цус хурсан гэсэн оноштой байгаад байна. Батболдыг аваарт орсноос хойш Энхжаргал Батболдтой ирж уулзах нь багасаад гэртээ хонохгүй гадуур тэнээд яваад байх босон. Би Батболдоос яагаад чиний бие муудаад байгаа талаар асуухад би мотоциклиос унаагүй Энхжаргал намайг машинаар дайрсан гэсэн байдалтай юм яриад байсан. Тийм болохоор Батболдыг анх эрүүл хүн байсан яг түүн шиг эрүүл саруул биетэй болгуулж авмаар байна. Энхжаргал сүүлийн үед өөр эртэй яваад Батболдод олдохоо больсон гэсэн. Тийм болохоор Энхжаргалд гомдолтой байна. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 37х/
  * Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч А.Бямбасүрэнгийн: “...би эрх үүргээ ойлгосон. Мэдүүлэг өгнө. Миний охин Энхжаргал нь 1978 оны 11 сарын 14-нд Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн доороо 3 дүүтэй. Энхжаргал нь 10 жилийн сургуулиа Архангай аймгийн 1 дүгээр сургуулийг сурч төгсөөөд Улаанбаатар хотод Багшийн дээд сургуулийг тус бүр төгссөн. Одоо Ирвэс лицей сургуулийн захирал Хаан даатгалын ажлыг хамт давхар хийгээд байдаг юм. Миний охин Энхжаргал нь Батболд гэдэг залуутай 1999 онд гэр бүл болж 2 хүүхдийн ээж болсон. Энхжаргал зан байдлын хувьд төлөв томоотой. Сүүлийн үед үгэнд орохгүй гэртэй ирэхгүй байгаад байгаа. Би хэрэг болох үед Улаанбаатар хотод байсан болохоор сайн мэдэхгүй байна. Гэхдээ Энхжаргалын ярьж байгаагаас сонсоход Өндөр-Улаан суманд Энхжаргалыг явж байхад Батболд араас нь очоод машинаас нь зүүгдээд өөрөө уначихсан юм гэнэ гэж сонссон. Батболдын бие сайжирч өгөхгүй эмнэлгээр нилээн олон хоног хэвтэж эмчлүүлж байгаа бөгөөд Улаанбаатар хотын гэмтлийн эмнэлэгт үзүүлтэл уушиг, хавирга хоёрын дунд цус хурсан байсан тэрийг нь хатаах, шимэж авах эмчилгээ хийнэ гэж хэлсэн мөн олон тооны хавирга хугарсан байсан. Одоо биеийн байдал нь дээрдэж байгаа. Би Энхжаргалыг яагаад мөрдөн байцаалтанд нь ирэхгүй байгааг мэдэхгүй байна. Сүүлийн үед гэртэй ирж хонохгүй гадуур яваад байгаа хаагуур яваад байгааг нь би мэдэхгүй байна 94994014 гэсэн дугаарын утастай явж байгаа бөгөөд өдөрт нэг удаа асаачихаад унтараачих юм. Би мөрдөн байцаагч чинь дуудаж байна очоорой гэж хэлсэн бөгөөд яагаад ирэхгүй байгааг нь мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 39х/
   * Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Б.Заяадэлгэрийн: “...Би Батболд, Энхжаргал нарыг танина. Төрөл садангийн холбоо байхгүй. 2016 оны 04 сарын 21-ний өглөө Энхжаргал бид хоёр Энхжаргалын 4 настай хүүхдийн хамт гурвуулаа Архангай аймгийн Өндөр-Улаан суманд ажлаар явж байсан. Тэгтэл Энхжаргалын нөхөр Батболд нь Өндөр-Улаан суманд байсан юм. Тэгээд 2016 оны 04 сарын 21-ний өглөө Хануй баг руу Энхжаргал бид хоёр ажлаар явах гэж байтал Батболд Архангай аймаг руу явъя, эсвэл би хамт Хануй баг руу явъя гээд бид хоёрыг Хануй руу явуулахгүй байсан. Батболд тухайн өдөр Архангайд ажилтай байсан ба Энхжаргал Батболдод чи явж ажлаа хий би Хануй орж ажлаа амжуулаад Архангай руу орой эрт орно гэж хэлсэн. Үүнээс болж Энхжаргал, Батболд нар муудалцсан. Тэгээд Энхжаргал хоносон айлынхаа ахад хандаж та Батболдыг аргалж бай бид хоёр гараад явъя гэсэн. Тэгээд Батболдыг нөгөө ахтай хууч хөөрөөд зурагт үзээд сууж байх үед нь Энхжаргал бид хоёр тухайн айлаас цуварч гараад гадаа нь хэсэг зогсож байгаад Батболдын араас, гарч ирэхгүй болохоор нь машиндаа суугаад явъя гээд хөдөлтөл Батболд араас гарч ирээд жолооч талын хаалганаас татаад хаалга онгойлгож Батболд саваад унасан юм. Тэгээд тэр чигээрээ явж байтал ойролцоогоор 2-3 минутын дараа Лхамаа бид нар руу утсаар яриад Батболд ухаан алдаад уначихсан босохгүй байна гэж байсан. Тэгээд эргэж очоод эмнэлэгт мэдэгдсэн. Ийм л зүйл болсон. Маш бага хурдтай хөдлөөд явж байтал гүйж ирээд хаалга татаж хаалга онгойх үед нь саваал унасан. Уг нь тухайн автомашины хаалга нь автоматаар түгжигддэг ба яг хэдэн км цагийн хурдтай болохоороо түгжигддэг эсэхийг нь мэдэхгүй байна. Батболд, Энхжаргал нар тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Харин өмнөх орой нь бага зэрэг ууцгаасан. Уг зам тээврийн осол нь Оюун-Эрдэнэ гэгч айлын гадаа Өндөр-Улаан сумын төвд болсон. Анх ухаан алдаад унасан байсан. Ил харагдах ямар нэгэн гэмтэлтэй байсан талаар нь мэдэхгүй анзаараагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 43х/
  * Мөрдөн байцаалтын шатанд өгсөн шинжээч Б.Отгонжаргалын: “...Би Батболд, Энхжаргал нарыг танихгүй. Би 2016 оны 05 сарын 24-ний өдрийн гаргасан 223 тоот дүгнэлтээ санаж байна. Миний гаргасан дүгнэлт үнэн зөв байсан. Батболдын биед үүссэн гэмтлүүд буюу хавирганы хугарал нэгэн жигд нэг шугамаар цээжний урд хэсгээр хугарсан байсан. Тийм учир машин явж байхад барьж аваад хөл алдаж газар руу чиглэж хүчтэй цээж хэсгээрээ унах үед уг хувирганы хугарлуудыг авах боломжтой. Мөн машины хөнгөн аль нэг дугуй цээжний дээгүүр гарч өнгөрөхөд уг гэмтлийг авах боломжтой. Хэрэв машины мотор бүхий хүнд хэсгээр нь дайран гарсан бол Батболд үхэлд хүрэх гэмтэл авах байсан. Бусад гэмтэл буюу баруун ташиа, гуяны дээд хэсгийг хамарсан нэдрэгдсэн мэт зулгаралт, баруун бугалга, баруун шуу, зүүн гарын сарвуу, зүүн өвдөгөнд үүссэн жижиг, жижиг зулгаралт, цус хуралт зэрэг гэмтлүүд нь хэсэг газрын шүргэх нэдрэгдэх, цохигдох үйлчлэлээр үүсэх боломжтой. Би С.Батболдын биед өөрийн биед нь үзлэг хийж дүгнэлт гаргасан бөгөөд Батболд хэлэхдээ миний цээжин дээгүүр машины угуй гарчихсан байх гэсэн юм яриад байсан яг яаж ямар байдалтай байх үед нь дугуй гарсан талаараа тодорхой мэдэхгүй байсан. Би эхнэр хүүхдээ бодно гээд байсан учир надад худал ярьсан байж магадгүй гэж бодож байна. Намайг Батболдтой уулзаж байхад Батболдын биеийн байдал муу сэхээнд хэвтсэн байхдаа надад энэ талаараа ярьж байсан. Миний ярьсан бүхэн үнэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 62х/
  * Мөрдөн байцаалтын шатанд өгсөн сэжигтэн, яллагдагч Б.Энхжаргалын: “...Би сэжигтэнээр тооцох тогтоолтой танилцсан. Би хүлээн зөвшөөрөхгүй байна. Би өмгөөлөгчгүй ганцаараа мэдүүлэг өгнө. 2016 оны 05 сарын 20-ны өдөр Архангай аймгийн Өндөр-Улаан суманд автын үзлэг, оношлогоо болоод би амйгийн төвөөс охин Номуунбилэгийн хамт өөрийнхөө 33-39 УНК улсын дугаартай рав дөрөв маркийн машинаар 09 цагийн үед очиж даатгалын ажил хийсэн. Өндөр-Улаан суманд миний ажилладаг Хаан даатгалын менежер Заяадэлгэр оччихсон ажилаа хийж байсан юм. Би өдрийн турш оншилгооны ажлын хажууд даатгалын ажилаа хийсэн бөгөөд миний нөхөр Батболд над руу утсаар яриад чи хаана байгаа юм гээд асуугаад байхаар нь би Улаанбаатар хот руу явж байна гэж худал хэлээд байж байтал Батболд нэг найзтайгаа миний хажууд хүрээд ирсэн. Би Батболдтой уулзаад ажил дууссаны дараа нутгийн танил хүмүүстэй хамт уулзаж орой Цэрэн-Очир гэдэг айлд нөхөр Батболд, Заяадэлгэр, Нямбат бид нар очиж хоол хийлгэж идээд архи уусан. Би анх айлд очихдоо нэг шил Улаанбаатар 0.75 граммын архи, чихэр, боовны хамт аваачиж өгсөн бөгөөд бид нарын аваачиж өгсөн архийг Цэрэн-Очир ах, Оюун-Эрдэнэ эгч, Заяадэлгэр эгч, нөхөр Батболд, Нямбат бид нар хувааж уусан бөгөөд Нямбат хэсэг байж байгаад өөр айл руу яваад өгсөн. Тэгээд ууж байсан архи дуусаад Цэрэн-Очир ах нэг шил Улаанбаатар нэртэй 0.75 граммын архи гаргаж хамж хувааж уугаад унтсан. Тэгээд өглөө 08 цагийн үед босоод байж байтал Батболд намайг гэр рүүгээ авч явна гээд байсан. Би гэр рүүгээ явахгүй Өндөр-Улаан сумын Хануй багт очиж ажиллах ёстой гэж хэлээд Батболд бид 2 хоорондоо маргалдсан. Тэгээд Батболд намайг явуулахгүй гэр рүүгээ аваад явна гээд байхаар нь зугтаагаад явчихъя гэж бодоод Батболдыг Цэрэн-Очир ахтай юм яриад том  өрөөнд сууж байхад би Заяадэлгэр эгчийн хамт өөрийнхөө охиныг хөтлөж машинд суусан, миний ар талаас Оюун-Эрдэнэ эгч ирээд машинд суусан. Тэгээд би Батболдоос зугтаагаад машинаа хурдан асааж хурдаа нэмээд явж байтал миний хажуугийн хаалгыг Батболд гүйж ирээд онгоолгосон. Би хаалгаа түгжихээ мартчихсан байсан бөгөөд Батболд машины хаалгыг онгоолгож нэг гараараа машиныг унтраах гэж унтраагуур руу гараараа сарвагнаад байсан би нилээн хурдтай явж байсан болохоор хурдаа хасаагүй нэгэн хэвийн явж байсан бөгөөд Батболд хаалга онгоолгоод гараараа нэг хий самардаад машины хажуу талд цохигдоод газарт уначих шиг болсон бөгөөд машины хаалга өөрөө савагдаад хаагдчихсан. Тэгээд Оюун-Эрдэнэ эгч иргэж хараад яанаа Батболд уначихлаа гэж хэлэхээр нь машинаа эргүүлж Батболдын хажууд очтол Батболд ухаан алдчихсан байсан. Би сумын эмнэлэг рүү явсан Оюун-Эрдэнэ эгч, Батболдод массаж хийгээд үлдсэн. Тэгээд сумын эмчийг дуудаж ирээд эмнэлэг рүү аваачиж эмчилгээ хийлгэсэн. Би архи уугаагүй эрүүл байсан. Би В ангилалын жолоочийн үнэмлэхтэй. Би анх сумын эмнэлэг дээр очоод Батболдыг мотоциклиос уначихсан гээд худлаа ярьчихсан юм. Дараа нь Батболд мотоциклиос унасан гэж хэлвэл цагдаагаар шалгагдана шүү дээ би байшин дээрээс уначихсан гээд хэлчихсэн гэж байсан. Би Батболдыг мотоциклиос унасан гэж худал хэлсэндээ гэмшиж байна. Эхнээсээ үнэн ярих байсан юм. Би машинаа асаагаад шууд хааз гишгээд их хурдтай хөдлөөд явж байсан. Яг хэдэн км цагийн хурдтай явж байснаа санахгүй байна. Нилээн хурдтай явж байсан гэж бодож байна. Батболд машины хаалга онгоолгоод удаагүй бөгөөд гараараа машин унтраах гэж нэг хий самардаад тэгээд хаалга савагдаж хаагдсан Батболд машинд цохигдож пөд хийсэн дуу чимээ гараад газар унаж 2 удаа иргэж байх шиг харагдсан. Батболд хурдтай явж байсан машины хаалгыг нээгээд хөл нь гүйцэхгүй унчих шиг босон бөгөөд унахдаа машины хойд талын хаалга орчимд биеэрээ цохигдож газар хүчтэй унасан байх гэж бодож байна. Би 8-9 жил машин жолоодож байгаа бөгөөд машинд юу ч дайрагдаагүй. Хэрэв машины дугуйнд Батболд дайрагдсан бол машин овгос хийж мэдрэгдэх ёстой байсан. Би нөхрөө дайрсан бол юу гэж худал ярих билээ дээ. Батболд өөрөө машинд цохигдоод газарт унасан. Миний жолоодож явсан машин Батбодын цээжин дээгүүр гараагүй. Тухайн үед Батболд эрүүл байсан. Би Батболдыг Цэрэн-Очир ахтай юм ярьж байгаа байх хурдан явчихъя гэж бодоод хурдан явж байсан. Батболдыг миний ар талаас гүйж ирж байгааг огт хараагүй. Машин хурдтай явж байхад хажуугаас Батболд ирж хаалга онгоолгохоор нь би их гайхсан. Батболд гэнэт хаалга онгоолгоод удалгүй өөрөө уначихсан. Хэрэг их хурдан хугацаанд болсон бөгөөд би Батболдыг газар уначихаар нь шууд зогсож буцаж очоод биенийх нь байдлыг харуулсан. Би эхэндээ Батболдыг тогтлож байна гэж бодож байсан. Оюун-Эрдэнэ эгч машинаас бууж очоод Батболдыг ухаангүй байна гэж хэлсэн. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй. Миний нөхөр С.Батболд 5 сарын 19-ний шөнө Оюун-Эрдэнэ эгчийн гэрт байхад надтай хэрэлдэж маргалдсан. Тэгээд Батболд намайг ганц нэг цохиж зодсон гэхдээ миний биед ямар нэгэн гэмтэл бэртэл учираагүй. Би шүүх эмнэлэгт үзүүлж гэмтлийн зэрэг гаргуулахгүй. 05 сарын 19-ний шөнө болсон маргаан болохоор хаана яаж цохиулж зодуулсанаа санахгүй байна. хоорондоо маргалдаж байгаад унтаж байснаа санаж байна.
Би эрх үүргээ ойлгосон, асуух зүйл байхгүй. Би сонсгож байгаа ял болон зүйл ангийг ойлгосон. Би сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би өмгөөлөгчгүй ганцаараа байцаалт өгнө. Би Батболдыг буруу хараад сууж байхад нь гарч цугтаагаад машинаа асаагаад хурдан хөдлөөд огцом явтал Батболд хажуу талаар ирж хаалга онгоолгоод хаалганд цохиулаад газар унасан. Би Батболдыг машинаас бариад авах үед нь хурдаа нэмэхгүй зогссон. Би Батбодлыг ийм хүнд бэртэнэ гэж бодоогүй. Би гэмшиж байна. Би мөрдөн байцаагчаас зөвшөөрөл авалгүй хөдөө явсан нь үнэн. Миний утасны цэнэг дууссан байсан болохоор би холбоо барьж чадаагүй. Одоо би дуудсан цагт бүрэн ирж хэргээ хурдан шийдүүлэх болно. Би Өндөр-Улаан сумын Хануй багийн нутаг руу даатгалын ажилаараа явна гэхэд нөхөр Батболд намайг явуулахгүй гээд муудалцаад байхаар нь би Заяадэлгэр эгчтэй хамт явахаар болж машинаа асааж явсан. Би Батболдыг машинд цохиулаад унах үед нь машинаа зогсоосон бөгөөд Батболдыг худал унаж байж магадгүй гэж бодоод цааш явтал Оюун-Эрдэнэ эгч Батболдыг ухаан алдсан байна гэж хэлсэн. Би Батболдын биед шууд хүнд гэмтэл учруулаагүй. Би Батболдыг машины араас гүйж ирж байгааг мэдээгүй байсан болохоор машинаа асаагаад явж байсан юм. Тэр үед гэнэт Батболд гарч ирээд хаалга онгойлгосон. Би Батболдыг дайраагүй, зүгээр чигээрээ явж байсан. Би цаашид нөхөр хүүхдийнхээ хамтаар амьдрах болно...” гэх мэдүүлэг /хх-ийн 70-72, 74-75х/

* Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 035 дугаартай шинжээчийн дүгнэлт: “...1. Хохирогч С.Батболдын биед өмсгөсөн байсан ногоон өнгийн цамцанд шинээр 2 ханзралт үүссэн байна. 2. Ханзралт нь 2-с дээш удаагийн татаж чангаах хүчний үйлчлэлээр үүсэх боломжтой. 3. Дээр үүссэн ханзралтууд нь автомашинд дайрагдах үед үүсэх боломжгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 46х/
* Архангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 37 дугаартай дүгнэлт: “...1. Жолооч Б.Энхжаргал нь Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 1.5-д “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтыг зөрчсөн байна. 2. Жолооч Б.Энхжаргал нь дээрх заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан байна. 3. Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 1.5-д “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтыг зөрчсөнөөс уг зам тээврийн осол гарсан байна...” гэх дүгнэлт /хх-ийн 52х/
* Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 223 дугаартай шинжээчийн дүгнэлт: “...1. С.Батболдын биед баруун талын 2, 3, 4, 5, 6, 7-р хавирга хөхний шугамаар, зүүн талын 2, 3, 4-р хавирга хөхний шугамаар 6-р хавирга суганы урд шугамаар зөрөөтэй хугарсан зүүн уушиг унасан, цээжний зүүн хөндийд хий, шингэн хурсан цээжний баруун хөндийд 7-р хавирганы түвшинд шингэн хурсан, цээж, хүзүүний урд хэсэгт арьсан доор хий хурсан, баруун бугалганы гадна дунд хэсэг, баруун хөхний хажуу доод хэсэгт, цус хуралт, баруун хөхний доод хэсэг, 2 эгэмний доод хэсэг, өвчүүний дээд, дунд хэсгийг хамарсан дугуй болон зөв бус хэлбэртэй олон тооны жижиг цус хуралтууд, баруун ташаа, гуяны дээд хэсгийг хамарсан нидрэгдсэн мэт зулгаралт, баруун шууны гадна дээд хэсэгт зулгаралт, зүүн өвдөгний дотор хажуу хэсэгт жижиг цус хуралт, зүүн гарын сарвууны эрхий долоовор хуруунаас хойш, бугуйны ар хэсгийг хамарсан тасархайтсан жижиг зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн дарах, шахагдах болон цохигдох, хэсэг газрын шүргэх нидрэгдэх үйлчлэлээр үүснэ. Гэмтсэн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамын 3-1-10, 3-1-12-т зааснаар амь биед аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтмол алдагдуулахгүй ба  эмчилгээний үр дүн ба эдгэрэлтээс хамааран эргэн сэргэнэ...” гэх дүгнэлт /хх-ийн 57-58х/
* Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 5х/
* Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 6х/
* Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-8, 47-48х/
* Шинжилгээ хийлгэх тогтоол /хх-ийн 51х/
* Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 78-79х/
* Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-80х/ зэргийг шинжлэн судлав. 

Шүүгдэгч Б.Энхжаргал нь 2016 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Баянгол багийн нутаг дэвсгэр Дэлгэр-Өндөрийн 6 дугаар гудамжинд Тоёота Рав-4 маркийн 33-39 УНК улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтыг зөрчиж хохирогч С.Батболдыг чирч унаган бие махбодид нь хүнд гэмтэл учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн: хохирогч С.Батболдын “...Би машинаа зогсоо хүүхдээ авъя гэж хэлээд машины багана хэсгээс нэг гараараа барьж авсан тэгээд машин хурдаа нэмээд миний хөл гүйцэхгүй татагдаад их хүчтэй газар унатал миний цээжин дотор хавирга хугарч байгаа юм шиг шажигнасан дуу гараад би ухаан алдчихсан. Би одоо бодоод байхад миний цээжин дээгүүр машины дугуй гарсан болохоор миний цээжний 2 талын хавирга хугарсан байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг, гэрч Ц.Оюун-Эрдэнийн “...Батболд гүйж ирээд машины хаалганы бариулнаас бариад авсан. Тэгээд Батболд машиныг дагаж хоёр удаа хариагаад газар унаад, хоёр удаа хөрвөөгөөд хөдөлгөөнгүй хэвтчихсэн...” гэх мэдүүлэг, гэрч Ц.Хандмаагийн “...Батболд ах манай хашаанаас гүйж гарч ирээд машины жолооч талын хаалганы бариулнаас зүүгдээд машины хаалгыг онгойлгоод нээх хол явалгүй газар уначихсан. Би Батболд ахын хажууд очтол царай нь цонхийж цайсан ямар ч хөдөлгөөнгүй амнаас нь хөөс шиг юм гараад байхаар нь ээж рүү залгатал Энхжаргал эгч машинтайгаа нэг гудамж тойроод буцаад хүрээд ирсэн...” гэх мэдүүлэг, гэрч М.Алтанцэцэгийн “...Батболдыг үзэхэд ухаангүй гудамжинд уначихсан байсан хүчилтөрөгч нь уначихсан, зүрхнийх нь цохилтын тоо цөөрчихсөн яаралтай эмнэлэгт тусламж үзүүлэх шаардлагатай гээд эмнэлэгт аваачсан. Эмнэлэг дээр авчраад хүчилтөрөгч өгөөд өвчин намдаах тариа, амьсгал, зүрх судас дэмжих тариа хийсэн. Үзэхэд Батболдын зүүн талын гар нь шалбарсан, баруун талын 11-12 дугаар хавирга нь хугарсан байсан...” гэх мэдүүлэг, гэрч Б.Заяадэргэрийн “...Батболд араас гарч ирээд жолооч талын хаалганаас татаад хаалга онгойлгож Батболд саваад унасан юм. Тэгээд тэр чигээрээ явж байтал ойролцоогоор 2-3 минутын дараа Лхамаа бид нар руу утсаар яриад Батболд ухаан алдаад уначихсан босохгүй байна гэж байсан...” гэх мэдүүлэг, Замын цагдаагийн тасгийн шинжээчийн “...Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтыг зөрчсөнөөс уг зам тээврийн осол гарсан байна...” гэсэн 37 дугаартай дүгнэлт, Архангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 223 дугаартай дүгнэлт болон шүүгдэгч Б.Энхжаргалын мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Энхжаргалын тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн үйлдэл, хохирогч С.Батболдын бие махбодид хүнд зэргийн гэмтэл учирсан, үйлдэл хор уршиг хоёрын хооронд шууд шалтгаант холбоотой байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг бүрэн агуулсан байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна

Хэргийн бүрдэл хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон тул шүүгдэгч Б.Энхжаргалыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна. 
Шүүгдэгч Б.Энхжаргал нь бусдад төлөх хохирол төлбөргүй болох нь хохирогч С.Батболдын “...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлгээр, ял шийтгүүлж байгаагүй болох нь ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудсаар /хх-ийн 78-79х/ тус тус тогтоогдож байх ба түүнийг анх удаа болгоомжгүйгээр хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид төлөх төлбөргүй, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуульд заасан хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв. 

Шүүгдэгч Б.Энхжаргал энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдав. 

         Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 294 дүгээр зүйлийн 294.2, 294.3, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                       ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Бямбасүрэнгийн Энхжаргалыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн  215.2-т зааснаар шүүгдэгч Б.Энхжаргалыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1  /нэг/ жил хасч, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Б.Энхжаргалд оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Б.Энхжаргал нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Б.Энхжаргалын бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай. 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч Б.Энхжаргалд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/  жилийн хугацаагаар хянан харгалзаж түүний засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Архангай аймгийн Цагдаагийн газарт даалгасугай. 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар шүүгдэгч Б.Энхжаргалын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай. 

7. Шүүгдэгч Б.Энхжаргалд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын биелэлтийг хангуулахаар шийтгэх тогтоолын хувийг Архангай аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсүгэй. 

8. Шийтгэх тогтоолыг танилцуулснаар хүчинтэй бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

9. Тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтыг түдгэлзүүлж шүүгдэгч Б.Энхжаргалд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              П.ГАНДОЛГОР