Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 424

 

МАГАДЛАЛ

 

2017.02.10                                              Дугаар 424                                         Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

М.Нинагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Д.Байгалмаа, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 181/ШШ2016/01179 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч М.Нинагийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч О.Оюун, С.Ундрам нарт холбогдох,

М.Нинаг 77-04 УНЗ улсын дугаартай Ландкруйзер автомашины шударга эзэмшигч мөн болохыг тогтоолгох, хохиролд 4 627 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагч О.Оюуны гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: М.Нина,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хариу тайлбарт: Миний нэр дээр шилжүүлсэн өөрийн эзэмшлийн 7704 УНЗ улсын дугаартай, Ландкруйзер маркийн автомашинаа зээлийн хугацаанд эзэмшиж ашиглаж байхдаа өөрийн дүү С.Ундрамд жолоодуулснаас тэрээр 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хороо, "Өгөөж" ХХК-ийн баруун талын уулзварын хойд замд Р.Солонгоогийн Тоёота Аллион маркийн, 3320 УНБ улсын дугаартай автоашиныг мөргөж зам тээврйин осол гаргасан байдаг. 2015 оны 11 дүгээр сарын i 25-ны өдөр М.Нина намайг Баянгол дүүргийн Замын Цагдаагийн газраас дуудаж таны эзэмшлийн машин жолоодож явсан С.Ундрам ЗТО гаргаж бусдын эд хөрөнгөнд хохирол учруулсан байна ирж уулз гэхэд нь очиж тайлбар өгсөн. Намайг очиход миний нэр дээр барьцаанд шилжүүлсэн дээрх автомашин журмын хашаанд орсон байсан учир ЗТО-той холбоотой төлбөр тооцоо надад тавигдах болж журмын хашаанаас автомашиныг авч явах болсон гэтэл жолооч С.Ундрамаас машины түлхүүрээ өгөхийг шаардахад авчирч өгөөгүй, утсаа салгаад дахин холбогдоогүй.

Би дахин түлхүүр шинээр хувилах шаардлага гарч дуудлагын засвар үйлчилгээгээр түлхүүр хийлгэн журмын хашаанаас авч ирэн хадгалуулж, эвдэрсэн эд ангид нь засвар үйлчилгээ хийлгэж, 2015 оны үзлэг оношлогоонд оруулсан, О.Оюуны гуйлтаар нэмэлт засвар үйлчилгээ хийгээд өнөөдрийг хүртэл гараажид хадгалаатай байгаа. Иймд хариуцагч нараас дуудлагын засвар үйлчилгээгээр шинээр түлхүүр хийлгэсэн 650 000 төгрөг, журмын хашаанаас ачсан зардал 65 000 төгрөг, осолд орсон автомашины эвдрэлийг "Ви эм пи" ХХК-иар засвар хийлгэсэн 300 000 төгрөг, автомашиныг хөдөлгөхөд гарсан шатахууны зардал 40 000 төгрөг, аккумлятор авч тависан 217 000 төгрөг, төлбөртэй зогсоолын зардал 900 000 төгрөг, 2015 оны оношлогоонд оруулсан 30 000 төгрөг, нэмэлт үйлчилгээ хийхэд гарсан зардалд 1 725 000 төгрөг, жолооч С.Ундрамын торгуулд 19 200 гөгрөг, өмгөөлөгчийн ажлын хөлсөнд төлсөн 700 000 төгрөг, нийт 4 627 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. 77-04 УНЗ улсын дугаартай Ландкруйзер автомашины шударга эзэмшигчээр мөн тогтоолгоно. Шүүх хуралдаан дээр 700 000 төгрөгийн өмгөөллийн хөлс гаргуулах шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

Хариуцагч О.Оюун шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Миний бие 2014 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр "Тэлмэн хас ББСБ" ХХК-иас 12 000 ам долларын зээл авч 77-04 УНЗ улсын дугаартай Ландкруйзер маркын автомашиныг барьцаалан тус автомашиныг эзэмшиж ашиглаж байхаар харилцан тохиролцож, Авто тээврийн ерөнхий газрын улсын бүртгэлд өөрчлөлт оруулсан. Гэтэл М.Нина нь тухайн автомашиныг "Тэлмэн хас ББСБ" ХХК-ийн нэр дээр шилжүүлэх ёстой байтал өөрийн нэр дээр шилжүүлсэн нь Иргэний хуулийн 56.1.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн байх тул тус шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 162 дугаартай шүүхийн шийдвэрээр барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож барьцааны зүйл болох 77-04 УНЗ улсын дугаартай автомашиныг миний өмчлөлд буцаан шилжүүлэх шийдвэр гарч хүчин төгөлдөр болсон. Гэтэл М.Нина нь одоог хүртэл шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй байгаа бөгөөд хууль бус эзэмшигч байх тул М.Нина нь шударга эзэмшигч биш юм. 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр миний дүү охин С.Ундрам уг машиныг унаж яваад машинтай шүргэж замын цагдаа дуудсан бөгөөд яг тэр үед М.Нинагийн хүү тус зам дээр явж таараад энэ талаар М.Нинад мэдэгдсэн байдаг. Ингээд замын цагдаа С.Ундрамд машины даатгалын 192 000 төгрөгийг төлж ирээд машинаа журмын хашаанаас аваарай гээд түүнд машины түлхүүрийг өгсөн. Тухайн үед М.Нина дүү С.Ундрамыг машин хулгайлж явсан гэж цагдаад бариулна гэж айлган сүрдүүлж хүсэлт бичүүлэн аваад тухайн өдрийнхөө шөнө М.Нина дур мэдэн тус автомашиныг журмын хашаанд огт ороогүй болгож буюу баримт үйлдүүлэхгүйгээр замын цагдаатай тохиролцож хуйвалдаж, түлхүүргүй машиныг чирүүлэн авч явсан байдаг. Гэтэл энэ зардлаа намайг төл гэсэн нь ямар ч үндэслэлгүй байна. Түүнчлэн тус өдөр авто ослын улмаас бусдын автомашинд учирсан хохирол болох 250 000 төгрөгийг би бэлнээр төлж барагдуулсан. М.Нина нь хууль бус эзэмшигч атлаа 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл тус автомашиныг эзэмшиж ашиглан бусад этгээдэд буюу өөрийн хүүдээ шилжүүүлэн унуулж байсан. Автомашиныг миний зөвшөөрөлгүй дур мэдэн хулгайлан авч явж, сайн дураараа засвар үйлчилгээ хийчихээд энэ мөнгөө надаас нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Харин хууль бусаар миний автомашиныг эзэмшиж ашиглаж байсны хохирлыг миний бие шаардах эрхтэй. Гэм хорын хохирол 4 627 000 төгрөгийг тус шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 162 дугаар шүүхийн шийдвэрээр хэрэгсэхгүй болгосон байхад дахин нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч С.Ундрам шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр өөрийн эгч О.Оюуны зөвшөөрлөөр түүний эзэмшил ашиглалтад байсан 77-04 УНЗ улсын дугаартай Ландкруйзер маркын автомашиныг унаж яваад замын хөдөлгөөний тухай хуулийг холбогдох зүйл заалтыг зөрчин Р.Солонго гэх хүний эзэмшлийн 33-20 УНБ улсын дугаартай Тоёото алион маркийн машиныг шүргэж Замын цагдаа дуудсан бөгөөд намайг машины даатгалын 192 000 төгрөг төлж ирээд машинаа журмын хашаанаас аваарай гэж машины түлхүүрийг надад өгсөн. М.Нина нь надад ногдуулсан төлбөр 19 200 төгрөгийн торгуулыг дур мэдэн төлөөд машиныг аваад явсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас миний буруутай үйл ажиллагаанаас болж гарсан зардал 19 200 төгрөгөөс бусад хэсгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1, 492 дугаар зүйлийн 492.1.1, 496 дугаар зүйлийн 496.1, 496.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч О.Оюунаас 2 307 000 төгрөг, хариуцагч С.Ундрамаас 19 200 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч М.Нинад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 77-04 УНЗ улсын дугаартай Ланд круйзер маркын тээврийн хэрэгслийн шудрага эзэмшигчээр тогтоолгох болон 1 620 000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч нь өмгөөлөгчийн хөлс 700 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалсзныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 159 190 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, О.Оюунаас 51 862 төгрөг, С.Ундрамаас 4 550 төгрөг гаргуулан М.Нинад буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч О.Оюун нь давж заалдах журмаар гаргасан гомдолд: Нэхэмжлэгч М.Нинагийн нэхэмжлэлтэй О.Оюун, С.Ундрам нарт холбогдох 77-04 УНЗ улсын дугаартай Ландкруйзер автомашины шударга эззмшигч мөн болохыг тогтоолгох, хохиролд 4 627 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэг хянагдаж анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1, 492 дугаар зүйлийн 492.1, 496 дугаар зүйлийн 496.1, 496 дугаар зүйлийн 496.2 дахь заалтуудыг баримтлан О.Оюун надаас 2 307 000 гаргуулахаар шийдвэрлэсэн. 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр миний дүү С.Ундрам 77-04 УНЗ улсын дугаартай Ландкруйзер автомашиныг унаж язаад осол гаргаж уг зам дээр тэр үед М.Нинагийн хүү явж таараад М.Нинад мэдэгдсэн байдаг. М.Нина С.Ундрамыг сүрдүүлж хүсэлт бичүүлж аваад тухайн өдрийнхөө шөнө журмын хашаанд огт ороогүй болгож замын цагдаатай үгсэн хуйвалдаж түлхүүргүй машиныг чирүүлэн авч явсан байдаг. Автомашиныг дур мэдэн хулгайлж авч явчихаад сайн дураараа засвар үйлчилгээ хийсэн мөнгөө надаас нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Түүнчлэн анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн бөгөөд анхан шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтуудыг дутуу үнэлсэн гэж үзэж байна. Мөн 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 162 дугаар шийдвэрээр 4 627 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байхад шүүхээс үүнийг үнэлэлгүй 2 307 000 төгрөг гаргуулж шийдвэрлэснийг хүлээн зевшөөрөхгүй байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг хуульд нийцүүлэн үнэлсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч М.Нина нь хариуцагч О.Оюун, С.Ундрам нарт холбогдуулан 77-04 УНЗ улсын дугаартай Ландкруйзер автомашины шударга эзэмшигчээр тогтоолгох, хариуцагч нараас хохиролд 4 627 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч С.Ундрам    “...19 200 төгрөгийг төлнө” гэж, хариуцагч О.Оюун нь “...энэ маргааныг өмнө нь шүүхээр шийдвэрлэсэн...” гэж тус тус тайлбарлан маргажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2016/00162 дугаар шийдвэрээр О.Оюуны нэхэмжлэлтэй, “Тэлмэн хас” ХХК болон М.Нина нарт холбогдох барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох үндсэн зээлийн гэрээний үүрэгт 38 210 941 төгрөг, зардал 4 627 000 төгрөг, бүгд 42 837 941 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй хэргийг шийдвэрлэсэн байна.

Дээрх шийдвэртэй хэрэгт М.Нина нь сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ “...зээлийн барьцааны зүйл болох, Ландкруйзер 200 маркын, 74-04 УНЗ улсын дугаартай авто машиныг О.Оюун эзэмшиж байх үед түүний дүү С.Ундрам нь 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр захиргааны зөрчил гаргаснаас барьцааны зүйл болох машины түлхүүр хувилж хийлгэхэд гарсан төлбөр 650 000 төгрөг, журмын хашаанаас машин ачсан төлбөр 65 000 төгрөг, засварын зардал 300 000 төгрөг, шатахууны зардал 40 000 төгрөг, төлбөртэй зогсоолын төлбөр 900 000 төгрөг, оношилгооны төлбөр 30 000 төгрөг, С.Ундрамын торгуульд төлсөн 19 200 төгрөг, аккумляторын үнэ 217 000 төгрөг, нэмэлт үйлчилгээний зардал 1 725 000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 700 000 төгрөг, бүгд 4 627 000 төгрөгийг О.Оюунаас гаргуулах” гэж тайлбарласан байгаагаас үзвэл хариуцагч О.Оюуны “...маргааныг өмнө нь шүүх шийдвэрлэсэн...” гэх тайлбар үндэслэлгүй гэж үзнэ.

Учир нь шүүхийн дээрх шийдвэрээр барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, одоогийн нэхэмжлэлийн шаардлагын хэмжээ адил байгаа ч энэ шийдвэр гарахаас өмнөх хугацаанд уг авто машины эвдрэл гэмтэл болон нэхэмжлэлд заасан зардал гарсныг хариуцагч үгүйсгээгүйгээс гадна нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл өөр байгаа талаар шүүх зөв дүгнэсэн байна.

Өөрөөр хэлбэл шүүхийн дээрх шийдвэртэй хэргийг шийдвэрлэх явцад М.Нина нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...барьцааны зүйлийг бусдад шилжүүлснээс буюу С.Ундрам эзэмшиж байхдаа осол гаргаснаас 4 627 000 төгрөгийн зардал гарсан...” гэсэн бол энэ хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...барьцааны гэрээний дагуу миний нэр дээр шилжүүлэн улсын бүртгэлд бүртгүүлсэн, хууль ёсны эзэмшигч миний авто машинд учирсан хохирол, түүнтэй холбогдон гарсан зардал, эд хөрөнгийн хохирлыг арилгуулах...” гэж тайлбарласнаас дүгнэхэд нэхэмжлэгч нь өөрийн эзэмшлийн авто машинд буюу эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол шаардсан гэж үзэхээр байна.

Шүүхийн хүчин төгөлдөр дээрх шийдвэрээр нэхэмжлэлд заасан автомашиныг М.Нинагаас гаргуулан хариуцагч О.Оюунд олгохоор шийдвэрлэсэн байх ба барьцааны гэрээ хүчин төгөлдөр байх үед барьцааны зүйлийн эвдрэл гэмтэл, түүнийг засварлах зэрэгт гарсан зардлыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь шаардах эрхтэй.

Нэхэмжлэлийн шаардлагад холбогдох нотлох баримтын хүрээнд шүүх дүгнэлт хийж, хариуцагч О.Оюунаас 2 307 000 төгрөг, С.Ундрамаас 19 200 төгрөг гаргуулан, авто машиныг шударга эзэмшигчээр тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь нотлох баримтанд үндэслэгджээ.

Хариуцагч нараас мөнгөн төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн шүүхийн энэ шийдвэр нь Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1, 496.2 дахь хэсгийн зохицуулалтад нийцсэн байна.

Иймд хариуцагч О.Оюун “...нотлох баримтыг дутуу үнэлж, төлбөр гаргуулахаар шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй...” гэж давж заалдсан гомдлыг хүлээн авах үндэслэлгүй тул шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 181/ШШ2016/01179 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч О.Оюуны гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 51 862 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       С.ЭНХТӨР

 

                        ШҮҮГЧИД                                      Д.БАЙГАЛМАА

 

                                                                                   М.НАРАНЦЭЦЭГ