Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 001/ХТ2021/00418

 

2021           04            29                                          001/ХТ2021/00418

 

“................” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШШ2019/02310 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1910 дугаар магадлалтай,

 

“................” ХХК-ийн нэхэмжлэлтэй

“................” ХХК-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 2,298,593,026.87 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн төлөөлөгч Б.Золтуяагийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нямтулга, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Золтуяа, түүний өмгөөлөгч Э.Сугар-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

 

Нэхэмжлэгч “................” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Лхагвасүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нь 2014.05.09-ний өдөр № ЗГ-СС14005-1-Н тоот Зээлийн гэрээ-г, №ЗБ-СС14005-н тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, №ЗБД/СС 14005, №ЗБД/СС14005-1-н тоот Батлан даалтын гэрээ, мөн 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдөр №ЗБ-СС 170425006-1, 2 тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны нэмэлт гэрээ-г, 2018.01.03-ны өдөр №ЗНГ/СС20171226019-1-н тоот Зээлийн нэмэлт гэрээ-г, 2018.01.05-ны өдөр №ЗБ/СС20180103015-2-н тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны нэмэлт гэрээ-г тус тус байгуулан 2,490,328 ам.долларын зээлийг, Тайваны ................ банкны зээлийн хувьд 2014 оны 5 дугаар сарын 09-ний өдрөөс 2018.01.03-ны өдрийг хүртэл жилийн 8 хувийн хүүтэй, 2018.01.03-ны өдрөөс 6 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай, ................ ХХК-ийн эх үүсвэртэй зээл төлөгдсөн тохиолдолд жилийн 18 хувийн хүүтэйгээр, 1 сарын хугацаатай, Тайванийн экспортыг дэмжих зориулалтаар зээлж авсан. Хариуцагч нь үндсэн зээл, үндсэн болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг төлж барагдуулалгүй, гэрээг ноцтой зөрчиж байсан учир банкны зүгээс нэг талын санаачлагаар гэрээг цуцлах, үндсэн зээл, үндсэн болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр, мөн шүүхэд нэхэмжилсэнтэй холбогдон гарсан зардлын хамт нийт 2,298,593,026.87 төгрөгийг гаргуулахаар 2019.03.07-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч өнөөдрийг хүртэл хэрэг маргаан хянан шийдвэрлэгдээгүй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасны дагуу 2019.06.20-ны өдрөөр нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 130,512,686.75 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 2,429,105,713.62 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “................” ХХК, түүний төлөөлөгч Б.Золтуяа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас тодорхой хэмжээний дүнг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд нэхэмжлэгч нь 2019.06 дугаар сард нэхэмжлэлийн шаардлагаа 130,512,686.75 төгрөгөөр нэмэгдүүлсэн. Уг нэмэгдүүлсэн шаардлагын үндэслэл болгон зээлийн тооцооллын хүснэгтийг гаргаж хавсаргасан байх бөгөөд уг хүснэгтэд дурдсанаар 2019.03.11-ний өдөр манай компанид 2,129,040,547.50 төгрөгийн зээл олгосон гэж тодорхойлж уг мөнгөн дүнгээс жилийн 18 хувийн хүү тооцож нэхэмжилсэн байна. Манай компани нь ................ банкнаас үйлдвэрийн тоног төхөөрөмжийн зээл авахаар тохиролцож уг зээлийн мөнгийг ................ ХХК-аар дамжуулан авсан. ................ ХХК нь уг зээлийн мөнгийг манайд шилжүүлэхдээ зээлийн гэрээ байгуулсан ба ингэхдээ 8 хувийн хүүтэй байхаар тулган гэрээ байгуулсан. Нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн ................ ХХК болон ................ банкны хооронд хийгдсэн гэрээний 4 дүгээр зүйлд зээлийн хүүг 1 хувь байхаар тохиролцсон байх бөгөөд үүнээс харахад ................ ХХК нь бидэнд зээлийн мөнгийг дамжуулан олгохдоо хэтэрхий өндөр хүү тогтоож манай компанийг хохироосон. ................ ХХК-аас 2019.01.24-ний өдөр 5/164 тоот албан тоотоор зээлийн төлбөрийн төлөлтийг 14 хоногийн дотор төлөхийг шаардаж уг хугацаанд төлбөр төлөөгүй тохиолдолд зээлийн гэрээг цуцлах талаар мэдэгдлийг ирүүлсэн. Уг албан тоотод манай компанийн зүгээс 2019.03.11-ний өдрийн албан бичгээр төлбөрийг тогтоосон хугацаанд төлөх боломжгүй болохоо мэдэгдэж зээлийн гэрээг цуцалж байгааг хүлээн зөвшөөрснөө албан ёсоор мэдэгдсэн. Нэгэнт зээлийн гэрээг талууд харилцан тохиролцож цуцалсан тул ................ ХХК-ийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Түүнчлэн, нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн нэхэмжлэгчийн шүүхэд хандахад гарсан зардал гэх 35,000 төгрөгийн зардал нь ямар зардал гэдэг нь тодорхой биш байна. Иймд ................ ХХК-ийн нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаас 2,170,560,532 төгрөгийн шаардлагыг зөвшөөрч байгаа бөгөөд үлдэх 288,545,181.62 төгрөгийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШШ2019/02310 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагчаас 2 298 628 000.52 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 130 477 713 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн ................дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо, 4 дүгээр хороолол /16066/, Л.Энэбишийн өргөн чөлөө, 9-А-д байршилтай, 3873.4 м.кв талбайтай, үйлчилгээ, оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, нэгж талбарын 1617/0127 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 14 дүгээр хороонд байршилтай, 794 м.кв талбайтай, худалдаа, үйлчилгээний зориулалттай эзэмших эрхтэй газар зэрэг хөрөнгүүдийг дуудлага худалдаагаар худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 12 531 628.71 төгрөгөөс 11 651 090 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 880 538 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагчаас 11 651 090 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1910 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШШ2019/02310 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс төлсөн 810 338.57 төгрөг, хариуцагчаас төлсөн 798 290 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Б.Золтуяа хяналтын гомдолдоо: ................ болон манай компанийн хооронд 2014.05.09-ний өдөр ЗГ-СС14005-1 тоот зээлийн гэрээ байгуулагдсан. Энэхүү гэрээг байгуулах болсон үндэслэл нь манай компани Тайваны /БНХАУ/ ................ банкнаас үйлдвэрийн тоног төхөөрөмж авах зорилгоор зээл авахаар тохиролцсон бөгөөд уг зээл нь монголын арилжааны банкаар дамжин олгогдох боломжтой байсан. Үүний дагуу ................инд хандаж дээрх зээлийн гэрээг 60 сарын хугацаатай байгуулсан болно. Зээлийн гэрээний дагуу зээлийн эхний мөнгө 2014.06.19-ний өдөр 1,692,957 ам.доллар ................инд байрших дансанд орж ирсэн. Үүний дараа 2014.08.18-ны өдөр 797,371 ам.доллар буюу зээлийн хоёр дахь хэсэг дансанд орж ирснээр нийт 2,490,328 ам.долларын зээл олгогдож бидний зүгээс үйлдвэрийн тоног төхөөрөмжөө худалдан авах болон бусад үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Үйлдвэрийн үйл ажиллагаа бүрэн жигдэрч ашиглалтад ороогүй байсан хэдий ч манай компанийн зүгээс зээлийн төлбөрийг түргэн барагдуулах зорилгоор зээлийн төлбөрийг хугацаанаас нь өмнө төлж эхэлсэн. Зээлийн төлбөрт 2014.12.01-ний өдөр 1,070,766.02 ам.доллар төлсөн бөгөөд үүнээс хойш төлбөрийг бөөн дүнгээр буюу графикт заасан хэмжээнээс илүү дүнгээр төлсөөр 2018.06.08-ны өдөр 110,549.34 ам.долларыг төлсөн. Ийнхүү төлсөн төлбөрийг зээлийн гэрээний графикт заасантай дүйцүүлэн үзвэл 2018.07.15-ны өдрийг хүртэлх төлбөрийг урьдчилан төлсөн байдаг. 2018.08 дугаар сараас эхлэн үйлдвэрийн үйл ажиллагаа бүрэн жигдэрч гүйцээгүй, барилгын салбарын үйл ажиллагаа доголдож эхэлсэн зэргээс хамааран санхүүгийн хувьд хүндрэлтэй нөхцөл байдал үүссэний улмаас зээлийн төлбөр төлөлт хоцрогдсон болно. 2014 онд зээлийн гэрээ байгуулахдаа хүүг ................ банкны хүүтэй уялдуулан тогтоохоор санал гаргаж байсан боловч ................ны зүгээс 8 хувийн хүүтэй гэрээ байгуулна гэдэг шаардлагыг тулгасаар бид аргагүй байдалд орж 8 хувийн хүүтэй гэрээ байгуулсан. ................ банк нь 2 хувийн хүүтэй зээл олгохоор тохиролцсон байсан. Энэхүү хүү нь бодит байдал дээр буюу шүүхэд маргаан үүссэний дараа холбогдох баримтыг шүүхэд ирүүлснээс харахад ................ банк болон ................-ны хооронд хийгдсэн гэрээнд зааснаар 1,5 хувийн хүүтэй зээлийн мөнгийг ................ манай компанид 8 хувийн хүүтэй болгож гэрээ байгуулсан байсан. Зээлийн хүүгийн талаар удаа дараа хүсэлт тавьж ирсний дүнд 2018.01.03-ны өдөр зээлийн нэмэлт гэрээ байгуулж хүүг 6 хувь болгон бууруулсан болно. Зээлийн гэрээний төлбөр төлөлт доголдсонтой холбогдуулан ................наас манай компанид 2019.01.24-ний өдөр төлбөрийг 14 хоногийн дотор төлөөгүй тохиолдолд зээлийн гэрээг өөрийн санаачилгаар цуцалж байгаагаа мэдэгдэж 5/164 тоот албан шаардлагыг ирүүлсэн. Бид уг хугацаанд төлбөрийг төлөхөөр хичээн ажилласан боловч ямарч үр дүнд хүрээгүй тул гэрээ цуцалж байгааг хүлээн авсан тухай албан тоотоо 2019.03.11-ний өдөр хүргүүлж 2014.05.09-ний өдрийн ЗГ-СС14005-1 тоот зээлийн гэрээг цуцалсан болно. Гэрээ цуцлагдсаны дараа ................ нь шүүхэд хандан зээлийн гэрээний үндсэн төлбөрт 808,156.78 ам.доллар, хүүнд 58,506.63 ам.доллар, нэмэгдүүлсэн хүүнд 5,853.33 ам.доллар буюу нийт 872,516.75 ам.долларыг тухайн үеийн монгол банкны ханш болох 2,634.44 төгрөгөөр тооцож нийт 2,298,593,026.87 төгрөгийг шаардаж нэхэмжилсэн. Энэхүү тооцоолол нь 2019 оны 3 дугаар сарын 7-ны өдрийг хүртэл хугацаанд хийгдсэн байсан болно. Үүний дараагаар 2019.06.21-ний өдөр шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Ийнхүү нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ холбогдох тооцоог хийж хавсаргасан байсан бөгөөд уг тооцоололд 2019.03.11-ний өдөр манай компанид 2,129,040,547.50 төгрөгийн зээл олгож 2019.06.20-ны өдөр хүртэл хугацаанд хүү болон нэмэгдүүлсэн хүү тооцож нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаа 130,512,686.75 төгрөг гэж тодорхойлсон. Энэ нь гэрээ цуцлагдсанаас хойш зээл олгож хүү тооцсон байх тул үндэслэлгүй юм. Манай компанийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж шүүхэд тайлбараа хийн шүүх хуралдаанд мэтгэлцэж оролцсон. Гэвч анхан шатны шүүхээс хариуцагчийн бодитой баримтад үндэслэн хийсэн тооцооллыг огт харгалзан үзэлгүй холбогдох нотлох баримтад тулгуурлалгүй шийдвэрлэсэн бөгөөд уг шийдвэрийн зарим хэсгийг үл зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан. Давж заалдах шатны шүүхээс бидний гомдлыг хүлээн авах үндэслэлгүй буюу анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэж дүгнэсэн. Бидний зүгээс анхан болон давж заалдах шатны шүүхээс хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ хуулийн зарим зүйл, заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж энэхүү гомдлоо гаргаж байна. Гомдлын агуулга: Нэхэмжлэлийн шаардлага тус бүрээр дараах байдлаар гомдлын үндэслэлээ тодорхойлж байна. 1. Үндсэн зээлийн тухай: Үндсэн зээлийн үлдэгдэлд 808,156.78 ам.доллар буюу 2,634.44 төг тооцож нийт 2,129,040,547.5 төгрөг нэхэмжилсэн. Үүнийг ................ банкны зээл болон дотоодын эх үүсвэрээс төлөгдсөн гэх үндэслэлээр тодорхойлсон. Энэхүү нэхэмжлэлийн үнийн дүнг 2 хэсэгт хуваан авч үзэж хэргийг шийдвэрлэх нь үүссэн бодит байдалт дүгнэлт хийх зөв нөхцөл боломжийг бүрдүүлнэ. a. Хэрэгт авагдсан зээлийн дансны хуулга болон бусад баримтаас харвал ................ банкны зээлийн төлбөрийн үлдэгдэл 365,299.9 ам.доллар буюу 2,634.44 төгрөгөөр тооцвол 962,360,668.5 төгрөг болно. Энэхүү дүнг бид уг ханшаар тооцон төлөхийг зөвшөөрч байгаа болно. Дээрх 365,299.9 ам.долларыг ................ нь өөрийн эх үүсвэрээ төлсөн гэх 442,856.88 ам.долларыг нэмж үндсэн зээлийн төлбөрийг 808,156.78 болгон нэхэмжилсэн болно. b................. нь 4 удаагийн үйлдэлээр манай компанийн өмнөөс ................ банкинд төлбөр төлсөн гэх тайлбарыг хийн манай компанийн зээлийн дансанд бидний зөвшөөрөлгүй гүйлгээ хийж нотлох баримтаа бүрдүүлсэн. Өөрөөр хэлбэл 2018.05.16-ны өдөр 88,596.78 ам.долларын гүйлгээг хийсэн үүнийгээ өөрийн эх үүсвэрээс зээлийг төлсөн гэх тайлбарыг хийдэг. Гэвч бид зээлийн төлбөрийг урьдчилан бөөн дүнгээр төлснөөр 2018.07.15-ны өдөр хүртэл хугацаанд ямар нэгэн зөрчилгүй байснаа тайлбарласан. Гэтэл уг гүйлгээг ................ нь сайн дураараа зөвшөөрөлгүй хийсэн. Үүний дараа 2018.08.15-ны өдөр 77,556.99 ам.доллар, 2018.11.15-ны өдөр 88,596.78 ам.доллар, 2019.02.15-ны өдөр 188,106.33 ам.долларын төлбөр төлсөн гэх гүйлгээг манай зээлийн дансанд хийсэн байх бөгөөд энэ талаар бидэнд мэдэгдсэн зүйл огт байхгүй, манай компанийн зүгээс огт зөвшөөрөөгүй байхад хийсэн байсныг шүүхэд маргаан үүссэний дараа бид баримтаас олж мэдсэн болно. Манай компанийн зүгээс зээлийн үндсэн төлбөрөөс 442,856.88 ам.долларыг дараах байдлаар төлөхөөр тайлбараа хийн мэтгэлцсэн. Энэхүү үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй байгаа болно. I. 2018.05.16-ны өдрийн гүйлгээ болох 88,596.78 ам.доллар. Уг ам.долларыг ................ сайн дураараа, бидэнд мэдэгдэлгүй шилжүүлсэн бөгөөд шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн ханшаар тооцсон. Манай компанийн зүгээс уг төлбөрийг төлж байгааг огт мэдээгүй бөгөөд зөвшөөрөл өгөөгүй байсан. Иймд уг 88,596.78 ам.долларыг гүйлгээ хийгдэх үеийн ханш буюу 2,401.30 төгрөгөөр тооцох үндэслэлтэй юм. Уг ханшаар тооцвол 212,747,447.8 төгрөг. II. 2018.8.15 өдрийн 77,556.99 ам.долларыг мөн дээр дурьдсан үндэслэлээр тухайн үеийн ханш болох 2,460.07 төгрөгөөр тооцвол 190,795,624.3 төгрөг. III. 2018.11.15 өдрийн 88,596.78 ам.долларыг мөн дээр дурьдсан үндэслэлээр тухайн үеийн ханш болох 2,569.63 төгрөгөөр тооцвол 227,660,943.7 төгрөг IV. 2019.2.15 өдрийн 188,106.33 ам.долларыг мөн дээр дурьдсан үндэслэлээр тухай үеийн ханш болох 2,632.71 төгрөгөөр тооцвол 495,229,416.05 төгрөг тус тус болж байгаа юм. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.9 болон 7 дугаар зүйлийн 7.1.11-д зааснаар талууд харилцан тохиролцож гэрээнд нэмэлт оруулах замаар баталгаажуулж уг гүйлгээ буюу төлбөр төлөгдөх боломжтой юм. Гэтэл ................ нь сайн дураараа гэрээгээ зөрчин төлбөр төлөлтийг хийж гүйцэтгэсэн нь манай компанийн зүгээс уг төлбөрийг тухайн үеийн ханшаар төлөх үндэслэлийг Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-д зааснаар үүсгэж байна. ................ нь дээрх нийт 442,856.88 ам.долларыг нэхэмжлэл гаргах үеийн ханш болох 2,634.44 төгрөгөөр тооцож нийт 1,166,679,878.94 төгрөг болгож байгаа нь бидний гаргаж буй үндэслэлээр 1,126,433,431.85 төгрөг болж байгаа бөгөөд зөрүү дүн болох 40,246,447.09 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй болно. Энэ бүх тооцооллыг нэгтгэн дүгнэвэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурьдсан үндсэн зээлийн төлбөрийн дүн болох 2,129,040,547.5 төгрөгөөс 40,246,447.09 төгрөгийг хасаж 2,088,794 100.4 төгрөгийг төлөх болно. 2.Үндсэн хүүгийн төлбөрийн талаар: Шүүхэд анх гаргасан нэхэмжлэлдээ ................ нь нийт 58,506.63 ам.долларын хүү нэхэмжилсэн байна. Энэхүү хүүгийн тооцооллыг шүүхэд гаргасан баримтаас харвал ................ банкны зээлийн хүүгийн төлбөрт 31,037.50 ам.дол, ................ дотоодын эх үүсвэрийн төлбөрт 27,469.14 ам.доллар тус тус нэхэмжилсэн байна. a. Манай компанийн зүгээс ................ банкны зээлийн хүүгийн төлбөр болох 31,037.5 ам.долларыг шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн ханш болох 2,634.44 төгрөгөөр тооцон 81,766,431.5 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч шүүх хуралдаанд оролцсон болно. b................. нь энэхүү гомдлын нэгд дурьдагдсан 442,856.88 ам.долларыг зээлийн гэрээний үүргээ зөрчин бидэнд мэдэгдэлгүй зээлийн дансанд гүйлгээ хийсний улмаас төлөх ёстой төлбөр болоод байгаа. Бидний зүгээс уг төлбөр нь ямар нэгэн зээлийн гэрээ байгуулагдаагүй буюу Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 болон 451.2-д заасныг зөрчиж төлбөрийн асуудал үүсгэсэн байх тул уг дүнд ямар нэгэн хүү төлөхгүй гэсэн байр суурьтайгаар мэтгэлцсэн. Өөрөөр хэлбэл 442,856.88 ам.долларын зээлийн төлбөрийн асуудал нь бичгээр байгуулсан гэрээгүй тул хүү тооцох хууль зүйн үндэслэлгүй юм. Иймд уг үнийн дүнд банкны зүгээс тооцоолон нэхэмжилсэн 72,365,801.1 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна. Анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ уг төлбөрийн талаар тусгайлан байгуулсан гэрээ, хүү тохирсон зүйл байхгүй байхад нотлох баримтгүйгээр манай компаниас гаргуулахаар шийдвэрлэж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл юм. Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын тухайд: а. ................ нь 2019.06.21-ний нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж 2019.03.11-ний өдөр манай компанид 2,129,040,547.50 төгрөгийн зээл олгосон мэтээр баримт тооцоолол үйлдэн 130,512,686.75 төгрөгийг нэхэмжилсэн. ................-аас 2019.01.24-ний өдөр 5/164 тоот албан тоотоор зээлийн төлбөрийн төлөлтийг 14 хоногийн дотор төлөхийг шаардаж уг хугацаанд төлбөр төлөөгүй тохиолдолд зээлийн гэрээг цуцлах талаар мэдэгдлийг ирүүлсэн. Уг албан тоотод манай компанийн зүгээс 2019.03.11-ний өдөр 16 тоот албан бичгээр төлбөрийг тогтоосон хугацаанд төлөх боломжгүй болохоо мэдэгдэж зээлийн гэрээг цуцалж байгааг хүлээн зөвшөөрснөө албан ёсоор мэдэгдсэн болно. Мөн тус банкнаас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Иргэний хуулийн 225 дугаар зүйл болон гэрээний 10.2-д заасныг үндэслэн гэрээг цуцлах үндэслэлтэйг тодорхойлсон байгаа нь манай зүгээс гэрээг цуцалж байгааг хүлээн зөвшөөрсөн саналыг хүлээн авсан болохыг тодорхой харуулж байгаа болно. Нэгэнт гэрээг цуцалсан тул 2019.03.11-ний өдрөөс хойш ямар нэгэн хүү тооцох хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж мэтгэлцсэн бөгөөд анхан шатны шүүхээс уг нэмэгдүүлсэн шаардлагад зөв дүгнэлт хийн шийдвэрлэсэн болно. Нэмэгдүүлсэн хүүгийн талаар: а. ................ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт нийт 5,853.33 ам.доллар буюу 15,420,246,6 төгрөг нэхэмжилсэн байна. Энэхүү тооцооллыг хэрэгт авагдсан ................-ны гаргасан хүснэгтээс харвал ................ банкны зээлийн төлбөрт бодсон нэмэгдүүлсэн хүүнд 1506,52 ам.доллар, ................-ны сайн дураар төлсөн гэх төлбөрт 4,346.81 ам.доллар тус тус байна. ................ банкны зээлийн хүүнд тооцсон нэмэгдүүлсэн хүү болох 1,506.52 ам.долларыг 2017.06 дугаар сараас эхлэн тооцсон байгаа нь ................-ны тооцооллоос харагдаж байна. Харин нөгөө талд бодогдсон нэмэгдүүлсэн хүүг 2018.07 дугаар сараас эхлэн тооцсон байна. Ийнхүү нэмэгдүүлсэн хүү тооцож байгаа нь хууль буюу гэрээнд зааснаар үндэслэл үүсээгүй байхад тооцоолсон, нөгөө талаар ямар үнийн дүнгээс хэрхэн тодорхойлсон нь ойлгомжгүй байх тул нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт нэхэмжилсэн 15,420,246.6 төгрөгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэл гаргасантай холбогдуулан шаардсан 35,000 төгрөг. а. ................ нь шүүхэд хандан нэхэмжлэл гаргахдаа холбогдох баримтыг ИХШХШТХ-д заасан шаардлагыг хангуулах үүднээс нотариатын үйлдэл хийлгэсэн гэж холбогдох баримтыг хавсаргасан байна. Хэн нэгэн этгээдийн шүүхэд хандах нь тэдгээрийн эрхийн асуудал бөгөөд энэхүү эрхээ эдлэхтэй холбогдон гарсан зардлыг хариуцагч тал хариуцах нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд ИХШХШТХ-ийн 44.2-д зааснаар бичмэл нотлох баримтыг эх хувиар өгөх боломжтой юм. Нөгөө талаар энэхүү үнийн дүнг нэхэмжлэл дотроо дурьдсан хэдий ч шаардлагын үнийн дүнд оруулан тооцоогүй болох нэхэмжлэлээс маш тодорхой харагддаг. Гэтэл анхан шатны шүүхээс уг үнийн дүнг манай компаниас гаргуулах үнийн дүн дээр нэмж тооцон шийдвэрлэсэн нь нэхэмжлэлийн шаардлагад дурьдагдаагүй зүйлийг сайн дураар шийдвэрлэсэн гэж үзэхээр байна. Иймд уг үнийн дүнг хасаж тооцож өгөхийг хүсье. Эцэст нь нэмж хэлэхэд манай компани нь ................ банкнаас үйлдвэрийн тоног төхөөрөмжийн зээл авахаар тохиролцож уг зээлийн мөнгийг ................аар дамжуулан авсан бөгөөд ................ нь уг зээлийн мөнгийг манайд шилжүүлэхдээ зээлийн гэрээ байгуулж 8 хувийн хүүтэй байхаар тулган гэрээ байгуулсан. Нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн ................ болон ................ банкны хооронд хийгдсэн гэрээний 4 дүгээр зүйлд зээлийн хүүг 1 хувь байхаар тохиролцсон байх бөгөөд үүнээс харахад ................ нь бидэнд зээлийн мөнгийг дамжуулан олгохдоо хэтэрхий өндөр хүү тогтоож манай компанийг хохироосон байгаа нь хэрэгт байгаа баримтаас тодорхой харагдаж байна. Бидний зүгээс ................-аас огт зээл аваагүй бөгөөд тус банкны манай компанийн ................ банктай харилцан тохиролцож авсан зээлийг зөвхөн дамжуулан бидэн олгосон. Ийнхүү дамжуулан олгохдоо дундаас хэт өндөр дүнгээс хүү тооцож биднийг илтэд хохироож байгаа үйлдлийг зөвтгөх нь бодит байдалд нийцэхгүй гэж үзэж байна. Энэ бүх дурьдсан үндэслэлийг бид анхан болон давж шатны шүүхэд тайлбарлан баримт тооцооллоор нотлон мэтгэлцсэн боловч шүүхээс огт анхаарч үзэлгүй баримтад тулгуурлалгүй, хуулийг буруу тайлбарлан шийдвэрлэж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Иймд шийдвэр болон магадлалд өөрчлөлт оруулан шүүхийн шийдвэрт тусгагдсан 2,298,628,000.52 төгрөг гэх үнийн дүнд хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэх үндэслэлээр өөрчлөлт оруулж 128,067,494.79 төгрөгийг хасаж шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгч “................” ХХК 2019.02.12-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, хариуцагч “................” ХХК-иас үндсэн зээл 2,129,040,547 төгрөг, зээлийн хүү 263,118,857 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 36,946,306 төгрөг, хохирол 35,000 төгрөг, нийт 2,429,105,713 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах 2 шаардлагыг гаргажээ. Хариуцагч 2,170,560,532 төгрөг төлөхийг маргаагүй, харин зээлийн хүүгийн зарим хэсэг, нэмэгдүүлсэн хүүг зөвшөөрөөгүй байна.

 

Анхан шатны шүүх хариуцагчаас 2,298,628,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, барьцааны зүйлээс үүргийг хангуулахаар шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээжээ.

 

Хоёр шатны шүүх зохигчийн хооронд зээлийн гэрээнээс үүссэн маргааныг хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Иргэний хуулийн холбогдох зохицуулалтад нийцүүлэн хянан шийдвэрлэсэн байх ба шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцжээ. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчдын эрхийг хязгаарласан, зөрчсөн алдаа гаргаагүй байна.

 

Хяналтын шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.-т заасан шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэх үндэслэлээр гомдлыг хянан хэлэлцэнэ.

 

Хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын барьцааны зүйлд хамааралтай хэсгийг хангаж, зээлийн үүргийг багасгуулахыг хүссэн гомдлыг хангахгүй орхих хуулийн үндэслэлтэй байна.

 

1.Нэхэмжлэлийн үндэслэл болж буй талуудын байгуулсан 2014.05.09-ний өдрийн зээлийн болон барьцааны гэрээ, 2017.06.20-ны өдрийн барьцааны нэмэлт гэрээ, 2018.01.03-ны өдрийн зээлийн нэмэлт гэрээг хүчин төгөлдөр гэж үзсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451., 156 дугаар зүйлийн 156.1, 166 дугаар зүйлийн 166.1 дэх хэсэгт нийцсэн байна. Нэхэмжлэгч нь Тайванийн ................ банкны хөнгөлөлттэй зээлийг дамжуулан хариуцагчид зээлдүүлсэн, хариуцагч нь нэхэмжлэгчийн өмнө, нэхэмжлэгч нь гадаадын банкны өмнө зээлийг буцааж төлөх үүргийг тус тус хүлээжээ.

 

“................” ХХК нь 2,490,328 ам.долларыг, жилийн 8 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай авсан, 2018.01.03-ны өдөр гэрээнд өөрчлөлт оруулж, жилийн 6 хувийн хүүтэй болгож өөрчилсөн, зээлдэгч нь буцааж 1,692,957 төгрөг төлсөн боловч сар бүр төлөлт хийх үүргээ зөрчсөн тул “................” ХХК гэрээний хугацаа дуусахаас 3 сарын өмнө гэрээг цуцалсан үйл баримт тогтоогджээ.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д зааснаар банкнаас зээл олгох гэрээгээр банк нь зээлдүүлэгчийн хувьд мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.

Шүүх гэрээг цуцалсан хугацааг шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрөөр тооцон хариуцагчаас нийт 872,516 ам.доллар буюу 2,298,593,026 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсгийг зөрчөөгүй, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1.-д заасан үндэслэл тогтоогдоогүй буюу гэрээг цуцалсанаар гэрээ дуусгавар болсон тул хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү болох 130,477,713 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй болжээ.

 

2.Үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдаж, үүргийг хангуулахыг Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасан байна.

 

Шүүх барьцааны зүйл болох эрхийн улсын бүртгэлийн ................дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, Л.Энэбишийн өргөн чөлөө гудамж, 9-А тоот үйлчилгээ, оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, нэгж талбарын 1617/0127 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 14 дүгээр хороонд байршилтай, 794 м.кв талбайтай, худалдаа, үйлчилгээний зориулалттай, газрын эзэмших эрхээс үүргийг хангуулахаар шийдвэрлэсэн нь хуулийн дээрх зохицуулалтад нийцсэн.

Харин барьцааны нэг зүйл болох үйлчилгээ, оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн талбайн хэмжээ 3,732.64мкв байхад “3 873.4 м2 гэж шийдвэрт заасан, давж заалдах шатны шүүх анхаараагүй нь буруу тул залруулж, энэ талаарх хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангав.

 

3. Хариуцагчийн төлөөлөгч 128,067,494 төгрөгийг хэрэгсэхгүй болгуулах гомдол гаргахдаа Тайванийн ................ банктай жилийн 2 хувийн хүүтэй зээл авахаар тохирсон боловч нэхэмжлэгч нь тулгаж, жилийн 8 хувийн хүүтэй зээлийн гэрээ байгуулахад хүрсэн, зээлийн хүү хэт өндөр, манайх байхад бидний өмнөөс нэхэмжлэгч нь нийт 422,856 ам.долларыг төлсөн, энэ талаар тохироогүй тул хүү 72,365,801 төгрөгийг төлөхгүй, банкнаас төлбөрийг төлөх үед ам.долларын ханш өөр өөр байсан, 4 удаагийн төлөлтийн ханшны зөрүү 40,246,447 төгрөгийг төлөх үндэслэлгүй, нэмэгдүүлсэн хүү 15,420,246 төгрөгийг төлөхгүй гэж тодорхойлжээ.

 

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй байдаг тул зээлийн гэрээнд “хүүг жилийн 8 хувь” гэж тохирсныг буруутгах боломжгүйгээс гадна нэхэмжлэгчийн зүгээс тулгасан, аргагүй байдалд оруулсан гэх үйл баримтыг хариуцагч баримтаар нотлоогүй тул энэ талаарх тохиролцоог хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй байна.

Зээлийн хүү тогтоох нь талуудын эрх бөгөөд “................” ХХК-ийн өөр этгээд буюу Тайвань улсын ................ банктай байгуулсан гэрээнд зээлийн хүүг “...6 сарын Libor болон дээр нь жил бүр 1%-ийн хүү бодогдоно...” гэж заасан, уг хүүгийн хэмжээг талууд зээлийн гэрээнд хамаарах талаар тохироогүй, энэ талаар баримт байхгүй тул шүүх хүүг багасгах боломжгүй юм.

 

Зээлийн гэрээний зүйл нь гадаад мөнгөн дэвсгэрт буюу ам.доллар тул уг зүйлээр үүрэг гүйцэтгэхээс гадна хариуцагч нь гэрээг цуцлах хүртэл хугацаанд хүү, хугацаа хэтрүүлбэл нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй бөгөөд зээлийн үүргийг багасгахыг хүссэн гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзнэ. Хариуцагч үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй хэдий ч нэхэмжлэгч нь гадаадын банкны өмнө үүрэг хүлээсэн тул зээлийг төлсөн нь хариуцагчийг үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

 

4.Шүүхийн шийдвэр, магадлалд барьцааны үл хөдлөх хөрөнгийн талбайн хэмжээг алдаатай тусгасныг залруулж өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

5. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчийн хооронд үүссэн харилцааг тодорхойлж, хөөн хэлэлцэх хугацаа болон бусад үйл баримтын талаар дүгнэлт хийсний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргавал зохино.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1910 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШШ2019/02310 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дах заалтад “...3873м2 талбайтай ....” гэснийг “...3732.64 мкв талбайтай...” гэж өөрчилж, магадлал болон шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр төлсөн 798,290 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

 

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Б.УНДРАХ

                               ШҮҮГЧИД                                                          Г.БАНЗРАГЧ

                                                                                                          П.ЗОЛЗАЯА

                                                                                                          Г.ЦАГААНЦООЖ

                                                                                                          Х.ЭРДЭНЭСУВД