Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Аюурзанын Дөлгөөн |
Хэргийн индекс | 179/2022/0170/Э |
Дугаар | 2022/ШЦТ/168 |
Огноо | 2022-06-06 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Б.Үүрийнтуяа |
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 2022/ШЦТ/168
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Сувд,
Улсын яллагч Б.Үүрийнтуяа,
Шүүгдэгч Д.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Дийн Сод холбогдох эрүүгийн 2238000000298 дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.С нь 2022 оны 05 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4 дүгээр багийн 21 дүгээр гудамжинд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Х.Бийг толгойн тус газарт хатуу мохоо зүйлээр цохиж улмаар эрүүл мэндэд нь зулайн зүүн хэсэгт шарх, баруун хацарт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2238000000298 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Д.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 05 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4 дүгээр багийн 21 дүгээр гудамжинд явж байсан Х.Бийг дуудаж улмаар ямар нэгэн шалтгаангүйгээр толгойн тус газарт чулуугаар цохиж эрүүл мэндэд нь зулайн зүүн хэсэгт шарх, баруун хацарт зулгаралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Сын өгсөн: Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж хэлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Х.Бийн өгсөн: “...Б бид хоёр нийтийн бүжигт орж бүжиглэсэн бөгөөд бүжиг оройны 23 цаг 30 минутын үед тарсан. Бүжиг тарсаны дараа Б бид хоёр Бийн Мөрөн сумын 4-21-09 тоотод байдаг гэр рүү алхаад явсан. Бийн гэр рүү очиж явахад тэдний хашааны хажууд нэг банди, нэг охинтой маргалдсан байдалтай зогсож байсан. Тэр банди Б бид хоёрыг Бийн хашаа руу бараг орох гэж явахад дуудсан. Би тэр бандийг дуудахаар нь түрүүлээд яваад очиход тэр банди газраас чулуу авснаа шууд миний толгойны орой хэсэг рүү 3 удаа цохисон. Энэ үед Б найз маань тэр бандийг надаас салгасан. Салгах үед тэр банди цаашаагаа зугтаасан. Тэр бандийг зугтаах үед Б найз маань араас хөөж очоод барьж авсан. Б найз маань тэр бандийг барьж авсныхаа дараа цагдаагийн газарт дуудлага өгч тэмдэглүүлсэн...Миний хувьд Стой маргалдаж муудалцсан асуудал огт байхгүй. Тэр банди надтай мэнд ус мэдэлгүй, шууд гүйж ирээд чулуугаар цохисон. С миний толгой руу чулуугаар гурван удаа л цохисон...Тухайн үед С нэлээн согтуу байсан...С миний хохирол гомдлыг барагдуулсан. Тийм учраас түүнээс нэхэмжлэх ямар нэгэн зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх 9 тал/,
Гэрч О.Бийн өгсөн: “...Бүжиг оройны 23 цаг 30 минутын үед тарсан. Бүжигнээс тараад Б бид хоёр манай гэр рүү явсан. Манай гэр Мөрөн сумын 4-21-09 тоотод байдаг юм. Б бид хоёр манай гэр рүү алхаж явсан. Бид хоёр манай гэр рүү орох гээд явж байхад манай хашааны хажуу талд нэг банди нэг охинтой маргалдсан байдалтай зогсож байсан. Б бид хоёрыг манай гэр рүү орох гэж байхад тэр банди Б бид хоёрыг дуудсан. Тэгэхэд Б найз маань яасан бэ? гээд ганцаараа явж очсон. Тэгэхэд тэр банди газраас чулуу авснаа ямар ч мэндийн зөрүүгүй гүйж ирээд Бийн толгойны орой хэсэг рүү 3 удаа цохисон. Тэгэхээр нь гүйж очоод тэр бандийг Баас салгасан. Намайг салгахад тэр банди цаашаагаа зугтаасан. Би тэр бандийг зугтаачихаар нь араас нь хөөж байгаад барьж аваад цагдаагийн газарт дуудлага өгч тэмдэглүүлсэн....” гэх мэдүүлэг /хх-ийн 11 тал/,
Гэрч М.Нын өгсөн: “...2022 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн орой 23 цагийн үед миний найз залуу С надтай манай гэрт ирж уулзсан. С надтай уулзахаар ирэх үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, нэлээн согтуу байдалтай байсан. Би түүнийг ирэхээр нь түүнтэй гэрийнхээ хойд талын гудамж руу алхангаа ярилцсан. С бид хоёр Мөрөн сумын 4 дүгээр багийн 21 дүгээр гудамжинд ярилцаад зогсож байхдаа хоорондоо жоохон маргалдсан. С бид хоёрыг маргалдаж байх үед тухайн гудамжаар 2 ах явж таарсан бөгөөд С тэр хоёр ахыг наашаа хүрээд ир гэж дуудсан. Тэгэхэд тэр хоёр ахын нэг ах нь ахын дүү яасан юм бэ? гэсээр ирсэн. Энэ үед С газраас чулуу аваад тэр ах руу гүйж очоод толгой руу нь цохисон. Яг хэдэн удаа цохисныг анзаарч хараагүй. С тэр ахын толгой руу чулуугаар цохисны дараа тэр ахын толгойноос цус гарсан. Би тухайн үед Сыг хориглосон боловч миний үгийг тоохгүй байсан. Тэгэхэд толгой руугаа чулуугаар цохиулсан ахтай хамт явж байсан ах ирээд Сыг салгахад С зугтаасан. Зугтаах үед нөгөө салгасан ах араас нь гүйгээд барьж авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13 тал/,
Хохирогчийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 312 дугаартай: “...Х.Бийн биед зулайн зүүн хэсэгт шарх, баруун хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хоёр удаагийн үйлдлээр үүснэ. Дээрх гэмтлүүдээс шарх нь гэмтлийн зэрэг топгоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зулгаралт нь 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” гэх дүгнэлт /хх-ийн 20 тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Д.Сын гэм буруугаа хүлээж өгсөн: “... Прокуророос сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байнаа. Миний бие хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа бөгөөд хохирогчоос уучлалт гуйж, хохирлыг төлж барагдуулсан. Миний хувьд гэм буруугийн асуудалтай холбоотойгоор маргах зүйл байхгүй. .. дахин нэмж ярих зүйл алга байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 28 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Х.Бийн мэдүүлэг, гэрч О.Б, М.Н нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 312 дугаартай дүгнэлт, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Д.Сын яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад шүүгдэгч Д.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 05 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4 дүгээр багийн 21 дүгээр гудамжинд явж байсан хохирогч Х.Бийг дуудаж улмаар ямар нэгэн шалтгаангүйгээр толгойн тус газарт чулуугаар цохиж эрүүл мэндэд нь зулайн зүүн хэсэгт шарх, баруун хацарт зулгаралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан нь нотлогдож байна.
Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Х.Бийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Д.Сын үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Д.Сын үйлдэл идэвхтэй, хохирогч Х.Бийн бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэж, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.
Шүүгдэгч Д.Сын гэм буруутай үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Д.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар: Шүүгдэгч Д.Сын гэм буруутай үйлдлийн улмаас учирсан гэм хорын хохиролд хохирогч Х.Б нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэлтэй холбоотой баримтыг ирүүлээгүй хэдий ч шүүгдэгч Д.С, хохирогч Х.Б нар нь 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Х.Б нь Д.Соос эмчилгээний зардал 600.000 төгрөгийг авсан. Цаашид нэхэмжлэх зүйлгүй гэх эвлэрлийн гэрээ /хх-ийн 37/ байгуулан хавтаст хэрэгт хавсаргаж ирүүлсэн байна. Хохирогч шүүхэд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч Д.Сыг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.
Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Д.Сыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Д.Сод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.Сын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Д.Сод эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан “урьдчилан төлөвлөсөн шинжгүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Хавтаст хэргийн 32-36 дугаар талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртэглийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Д.С нь ам бүл 3, аав, ээжийн хамт Хөвсгөл аймгийн Галт сумын 2 дугаар багт оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.
Шүүгдэгч Д.С нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 92 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.
Шүүгдэгч Д.Сын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хохирол төлбөргүй, прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч үүсэх үр дагаврыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон ялын төрөл, хэмжээний хүрээнд түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр, шүүгдэгч Д.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуу нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.
Энэ хэрэгт шүүгдэгч Д.С нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Хэрэгт хураан авсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, шүүгдэгч төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц овогт Дийн Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц овогт Дийн Сыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Сод оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Сод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Энэ хэрэгт шүүгдэгч Д.С нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч санал, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ДӨЛГӨӨН