Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Аюурзанын Дөлгөөн |
Хэргийн индекс | 179/2022/0169/Э |
Дугаар | 2022/ШЦТ/169 |
Огноо | 2022-06-06 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | З.Батамгалан |
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 2022/ШЦТ/169
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Сувд,
Улсын яллагч З.Бат-Амгалан,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Б,
Шүүгдэгч Г.Ч нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Гийн Чд холбогдох эрүүгийн 2238000000255 дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч Г.Ч нь Хөвсгөл аймгийнТөмөрбулаг сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Талбулаг гэх газар 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хохирогч Т.Эыг хоёр айлын мал нийлсэн гэх шалтгааны тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх нүүр тус газар нь 2 удаа, нүүрэн тус газар нь алгадаж, модоор цохих үйлдэл хийсний улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2238000000255 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 4 дүгээр багийн Талбулаг гэх газар Г.Ч нь Ц.Б, Т.Э нартай “мал нийлсэн” гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж, улмаар Г.Ч нь Т.Эын нүүрэн тус газар нь алгадах, гарын бугалга руу нь модоор цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун бугалгад цус хуралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Чы өгсөн: “Мэдүүлэг өгөхгүй.” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Т.Эын өгсөн: “...Би 2022 оны 04 дүгээр сарын 29-ний орой Төмөрбулаг сумын 4 дүгээр багийн иргэн Г.Ч гэдэг айлын малтай манай мал нийлсэн. Түүнийгээ ялгахаар очиход Ч манай хадам дүү Б хоёр мал нийлснээс болоод маргалдаад Быг Ч хоёр удаа алгадсан. Тэгэхээр нь би та боль гэж хэлэхэд Ч намайг баруун талын шанаан тус газар хоёр алгадсан. Ч 1 метр орчим урттай нарийхан мод барьж явсан ба тэр модоороо миний баруун талын мөрний доод хэсэгт нэг цохисон. Тэгсэн Чы эхнэр Д гэрээсээ гарч ирээд боль гэсэн. Ч чамд ямар хамаатай юм гээд эхнэрийгээ зодоод байсан. Эхнэр Дгийн толгойноос нь цус гарсан харагдсан. Ч та нарыг бүгдийг нь ална гээд орилоод байсан.... Надад гомдол, санал, нэхэмжпэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14, 16 тал/,
Гэрч Ц.Бын өгсөн: “...Би гэртээ байж байхад Чы мал манай малтай нийлсэн. Тэрийгээ ялгахаар Би Э бид хоёр Чы гадаа очсон. Тэгсэн Ч малаа гэрийн гадаа шахлаа гэж уурлахаар нь битгий хуц гэсэн. Намайг барьж аваад цээжин тус газар хоёр удаа гараараа цохисон. Тэгээд газраас малтуур барьж аваад намайг цохих гээд байхаар нь тайвшруулаад байж байтал Э ирсэн. Ч хонь малаа цааш нь бэлчээхгүй манай гэрийн гадаа авч ирлээ гээд маргалдаад эхэлсэн. Тэгж байгаад Эыг шанаан тус газар нь хоёр алгадсан. 1 метр гаран урттай нарийнхан модоор Эын баруун гарын булчин хэсэгт хоёр удаа цохисон. Тэгсэн Д гэрээс гарч ирээд юу болоод байгаа юм гэхэд Дгийн толгойн тус газар модоор цохисон. Дгийн дүү Б Ч ах боль гээд барьж авахад нь шанаан тус газар нэг цохисон. Тэгээд тайвшруулаад аваад явсан. ... Цагдаагаа дууд надад цагдаа үйлчлэхгүй гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 тал/,
Гэрч Д.Дгийн өгсөн: “...Би гэртээ байж байхад Эын мал манай малтай нийлэхээр нь ялгахаар Э, Б хоёр ирсэн байсан. Чтай Э, Б хоёр хоорондоо маргалдаад Чыг хулгайч гээд байсан. Тэгээд би гэртээ хоолоо хийгээд байж байтал. Ч Эыг баруун талын гар хэсэгт нэг метр гаран нарийнхан модоор нэг цохиж байхыг харсан. Тэгээд би боль гээд очсон. Тэгсэн намайг барьж байсан модоороо нэг удаа баруун гарын шуу хэсэгт нэг удаа цохисон. Манай дүү Б хүргэн ах боль гээд Чыг барьж аваад байж байтал Э, Б нар явцгаасан....” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 тал/
Гэрч Д.Бын өгсөн: “...Би Ч ахын гэрт байж байхад Эын мал Ч ахын малтай нийлэхээр нь ялгахаар Э, Б хоёр ирсэн байсан. Ч ах малаа гэр рүү шахлаа цааш нь туусангүй гэж хэлсэн чинь Э, Б хоёр хулгайч гэх мэт хэл амаар доромжлоод маргалдаад байсан. Тэгээд Ч ах Э гэдэг хүний зүүн талын шанаан тус газар хоёр алгадсан. Тэгсэн Э газар савардаад чулуу хайж байгаа бололтой харагдсан. Тэгтэл Ч ах Эыг баруун талын гарын булчин хэсэгт нэг метр гаран урттай нарийнхан модоор хоёр цохисон. Тэгсэн манай эгч Д гэрээс гарч ирээд боль гэхэд Д эгчийг барьж байсан модоороо баруун талын гар хэсэгт нэг цохихоор нь би очиж боль хүрэн ах гээд барьж аваад байж байхад Э, Б нар явцгаасан...Өөр Эд гар хүрсэн хүн байхгүй учир Ч ах гэмтээсэн гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 тал/,
Хохирогчийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 259 дугаартай: “...Т.Эын биед тархи доргилт, баруун бугалгад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 34-35 тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Г.Чы гэм буруугаа хүлээж өгсөн: “...Би тогтоолтой уншиж танилцлаа. Тогтоолтой холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй...Би өмнө гэрчээр мэдүүлэг өгөхдөө дэлгэрэнгүй ярьж мэдүүлсэн. Надад тэр мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байхгүй...Би хоёр удаа шанаан тус газар нь алгадсан. Модоор гарын булчин тус газар хоёр удаа цохисон. Өөр цохиж зодсон зүйл байхгүй. Намайг хэл амаар доромжилсан асуудал байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Т.Эын мэдүүлэг, гэрч Ц.Б, Д.Д, Д.Б нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 259 дугаартай дүгнэлт, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Г.Чы яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад шүүгдэгч Г.Ч нь 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 4 дүгээр багийн Талбулаг гэх газар Ц.Б, Т.Э нартай “мал нийлсэн” гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж, улмаар Г.Ч нь хохирогч Т.Эын нүүрэн тус газар нь алгадах, гарын бугалга хэсэгт нь модоор цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун бугалгад цус хуралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан нь нотлогдож байна.
Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Т.Эын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Г.Чы үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Г.Чы үйлдэл идэвхтэй, хохирогч Т.Эын бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэж, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.
Шүүгдэгч Г.Чы гэм буруутай үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Г.Чыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар: Шүүгдэгч Г.Чы гэм буруутай үйлдлийн улмаас учирсан гэм хорын хохиролд хохирогч Г.Э нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэлтэй холбоотой баримтыг ирүүлээгүй хэдий ч шүүгдэгч Г.Ч, хохирогч Т.Э нар нь 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдөр эмчилгээний зардал авахгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх эвлэрлийн гэрээ /хх-ийн 66/ байгуулан хавтаст хэрэгт хавсаргаж ирүүлсэн, шүүхийн шатанд хохирогч Т.Э нь санал гомдолгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч Г.Чыг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.
Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Г.Чыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Г.Чд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Г.Чы хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Г.Чд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Хавтаст хэргийн 47-55, 57-60 дугаар талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 62 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, Хөвсгөл аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 99 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Тээл багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, мал тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2021 оны тооллого, ЦЕГ-ын хайлтын системийн Захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн лавлагаа зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Г.Ч нь ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Тээл багт оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байсан зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.
Шүүгдэгч Г.Ч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 90 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.
Шүүгдэгч Г.Чы үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хохирол төлбөргүй, прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч үүсэх үр дагаврыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон ялын төрөл, хэмжээний хүрээнд түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр, шүүгдэгч Г.Чыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Чы зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар буюу Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын хилийн дээсээр тогтоож, шүүгдэгч Г.Чыг Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумаас гадагш зорчих эрхийг 1 сарын хугацаагаар хязгаарлаж шийдвэрлэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.
Энэ хэрэгт шүүгдэгч Г.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Хэрэгт хураан авсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, шүүгдэгч төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г овогт Гийн Чыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г овогт Гийн Чыг 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Чы зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар буюу Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын хилийн дээсээр тогтоож, шүүгдэгч Г.Чыг Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумаас гадагш зорчих эрхийг 1 /нэг/ сарын хугацаагаар хязгаарласугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч Г.Чд тайлбарлаж, түүний зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Чд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Энэ хэрэгт шүүгдэгч Г.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч санал, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ДӨЛГӨӨН