Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Аюурзанын Дөлгөөн |
Хэргийн индекс | 179/2022/0183/Э |
Дугаар | 2022/ШЦТ/185 |
Огноо | 2022-06-21 |
Зүйл хэсэг | 11.6.2., |
Улсын яллагч | Г.Чанцалдулам |
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 2022/ШЦТ/185
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Далайбаяр,
Улсын яллагч Г.Чанцалдулам,
Шүүгдэгч Д.Ч нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Дын Чид холбогдох эрүүгийн 2238000000283 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Ч нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн 42 дугаар байрны 16 тоотод 2022 оны 05 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Б.Нг нүүрэн тус газарт цохиж улмаар зовхи, дух, баруун шанаа, зүүн бугалга, цээж хүзүүнд цус хуралт, зүүн шуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2238000000283 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Д.Ч нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 05 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн 42 дугаар байрны 16 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Б.Нг “үүд онгойлгож өгсөнгүй” гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж, улмаар хардаж, Б.Нгийн хоолойг багалзуурдан, хацар руу нь алгадах, нүүр, нүд, бие рүү нь гараараа цохих зэргээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, түүний эрүүл мэндэд нь баруун зовхи, дух, баруун шанаа, зүүн бугалга, цээж, хүзүүнд цус хуралт, зүүн шуунд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Чийн өгсөн: “...Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Б.Нгийн өгсөн: “...2022 оны 05 дугаар сарын 09-ний орой нөхөр Ч, хоёр хүүхдийн хамтаар хоёр аавынхаар очсон. Орой гэртээ ирсний дараагаар нөхөр найзуудтайгаа уулзаад ирье гээд гарсан. Тэгж гараад л өнөөдөр 05 цагийн үед хаалга нүдээд байхаар нь онгойлгож өгөхөд чи намайг гадаа хонуулдаг хэн бэ? гээд миний хоёр хацар руу алгадсан. Би дуугараагүй. Тэгсэн чинь хардаад л янз янзын юм яриад байсан. Чамайг алчихвал чиний амь ишигний ч амь хүрэхгүй, явдаг газраар нь яваарай, гурван шүүхээр ороорой, алсан байхад би ямар хариуцлага хүлээхгүй, хэн ч гомдол нэхэхгүй гээд хоолой багалзуурдаад чамайг ална гээд л дайраад байсан. Би ерөөсөө юм яриагүй, өөрөө өөртэйгөө яриад л гараа даавуу, хүүхдийн өмд, алчуураар ороогоод хацар руу цохисон. Хацар хавдчихлаа гэсэн чинь ашгүй хавдчихсан байна, хаана чинь цохьвол тэгшрэхэв гээд л намайг хацар, нүүр, нүд рүү л цохиод байсан. Тэгээд намайг улавчаар цохиод л намайг мишок шиг өөрөө өрөлт авч байснаа л цохиод байсан. Манай хоёр хүүхэд бол унтаж байсан. Тэгснээ том хүү Гийг сэрээснээ чи зоддоггүй, өөр аавтай болмоор байна уу гэж асуухад хүүхэд тэгье гэж хэлэхэд чи хүүхдэд ийм юм зааж өглөө гээд ахиад л нүүр рүү цохиод байсан. Тэгж байснаа л унтаад өгсөн. Хоёр хүүхдээ цэцэрлэгт нь хүргэж өгчхөөд л цагдаагийн газарт дуудлага өгсөн. Нөхөр цагдаа ирэхээс өмнө босоод ажил руугаа яваад өгсөн... 2017 онд гэр бүл болоод 2019 онд албан ёсны гэр бүл болсон. Хамт амьдраад таван жил болж байсан. Одоо манайх хоёр хүүтэй. Би ер нь ажил хийдэггүй. 2021 оны 10 дугаар сараас Эрхэс худалдааны төвд ажилд орсноос хойш нөхөр эрэгтэй хүн болгонтой л хардаж, утсаар ярихад хүртэл харддаг. Би бол утас ердөө барьдаггүй. Дандаа ажлаас ирэхээр дандаа утсыг шалгаж үздэг. Хүнсний тасагт ажилладаг болохоор сумдаас захиалга хүлээж авдаг болохоор танихгүй дугаараас их залгадаг. Тэр дугаарыг нь устгаагүй очих юм бол энэ дугаар чинь юу юм, ямар шалтгаантай хүн юм гээд л харддаг. Ийм байдлаар л дандаа харддаг...Баруун нүд хөхөрч хавдсан, зүүн дух хавдсан, зүүн гарын шилбэ хөхөрсөн, цээжний хэсэгт улайж хөхөрсөн, толгой тонгойхоор өвдөж байсан...Намайг зоддог байсан. 2022 оны 02 дугаар сард хэдний өдөр байсныг санахгүй байна. Намайг зодоход бол цагдаад мэдэгдээгүй. Ер нь бол архи уухаараа л байнга хардаж зоддог. Тэр болгонд цагдаад хэлээд байдаггүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 6 тал/,
Хохирогчийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 293 дугаартай: “...1. Б.Нгийн биед баруун зовхи, дух, баруун шанаа, зүүн бугалга, цээж, хүзүүнд цус хуралт, зүүн шуунд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Зовхи, шанааны цус хуралт нь тусдаа бусад цус хуралт нь нийтдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй.
4. Уг гэмтлүүд нь хэрэг болсон гэх 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт /хх-ийн 11 тал/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 тал/,
Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 25-27 тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Д.Чийн гэм буруугаа хүлээж өгсөн: “...Би прокурорын тогтоолтой танилцсан. Санал нийлж байна. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...Урьд өгсөн мэдүүлэг дээр бүх зүйлийг үнэн зөвөөр ярьсан. Надад нэмж ярих зүйлгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Б.Нгийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 293 дугаартай дүгнэлт, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Д.Чийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судлаж, эх сурвалжийг шалгахад шүүгдэгч Д.Ч нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 05 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн 42 дугаар байрны 16 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Б.Нг “үүд онгойлгож өгсөнгүй” гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж, улмаар хардаж, Б.Нгийн хоолойг багалзуурдан, хацар руу нь алгадах, нүүр, нүд, бие рүү нь гараараа цохих зэргээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, түүний эрүүл мэндэд нь баруун зовхи, дух, баруун шанаа, зүүн бугалга, цээж, хүзүүнд цус хуралт, зүүн шуунд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэм буруутай нь нотлогдож байна.
Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Б.Нгийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Д.Чийн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Гэр бүлийн хүчирхийллийн онцлог шинж нь хүчирхийлэл давтагдаж даамжирдаг, хүчирхийлэл үйлдэгч нь хяналтдаа байлгах зорилгоор хохирогчийг шүүмжлэх, доромжлох улмаар зодох зэргээр түүний бие махбод болон сэтгэл санаанд хохирол учруулсан идэвхтэй үйлдлээр илрэн гардаг байна.
Шүүгдэгч Д.Чийн үйлдэл идэвхтэй, хохирогч Б.Нгийн бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэж, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.
Шүүгдэгч Д.Ч гэм буруугийн талаар маргаагүй, түүний гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Б.Нгийн бие, эрх чөлөөнд халдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэсэн хүндрүүлэх шинжийг агуулсан гэм буруугийн санаатай, нийгэмд аюултай, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл мөн тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Д.Чийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар: Шүүгдэгч Д.Чийн гэм буруутай үйлдлийн улмаас учирсан гэм хорын хохиролд хохирогч Б.Н нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэлтэй холбоотой баримтыг ирүүлээгүй, хохирогч Б.Н нь 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн: “...Д.Ч Б.Н нар эвлэрсэн нь үнэн. Одоо хамт амьдарч байгаа...” гэх өргөдөл /хх-ийн 37 тал/ авагдсан байх тул шүүгдэгч Д.Чийг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.
Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Д.Чийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Д.Чид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.Чийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Д.Чид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалгүйг харгалзан үзэх нь зүйтэй гэж үзэв.
Хавтаст хэргийн 29-31, 34-35, 38-56 талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, гэрлэсний бүртгэлийн гэрчилгээ, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Сүх багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, ЦЕГ-ын хайлтын системийн Захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн лавлагаа зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Д.Ч нь ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2 дугаар багийн 19-10 тоотод оршин суух бүртгэлтэй, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн 42 дугаар байрны 16 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Мустанг үйлчилгээний төвд худалдагч ажилтай зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.
Шүүгдэгч Д.Ч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 99 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.
Шүүгдэгч Д.Чийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хохирол төлбөргүй, прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч үүсэх үр дагаврыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон ялын төрөл, хэмжээний хүрээнд түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр, шүүгдэгч Д.Чийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.
Энэ хэрэгт шүүгдэгч Д.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, шүүгдэгч төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Дын Чийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх шинжтэй буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт Дын Чийг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 /зурган зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Чид оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 /зурган зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Чид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Энэ хэрэгт шүүгдэгч Д.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч санал, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ДӨЛГӨӨН