Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/186

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Түвшинжаргал,

Улсын яллагч Б.Үүрийнтуяа,

Шүүгдэгч Б.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

  Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, мөн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Бын Од холбогдох эрүүгийн 2238000000028 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:                                                                                

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.О нь 2021 оны 12 дугаар сарын 03-ны оройн 21:00 орчим Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 05 дугаар багийн нутаг дэвсгэрт оршин суух хаягтай иргэн Б.Эын гэрт оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч, гэрт унтаж байсан хохирогч С.Ц, И.Б нарыг халуун сав, сандлаар цохиж, нүүрэн тус газарт нь гараараа цохиж зодон хөнгөн хохирол санаатай учруулж дураараа авирласан ба уг гэмт хэргийг “хоёр, түүнээс олон хүнийг” гэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн /яллах дүгнэлтэд бичсэнээр/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, мөн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2238000000028 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Б.О нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр “ээжийг хэл амаар доромжиллоо” гэх шалтгаанаар Б.Эын зөвшөөрөлгүйгээр орон байранд нь нэвтэрч хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан, хохирогч И.Бын толгой, цээж рүү нь өшиглөж эрүүл мэндэд нь дух, хамар, зүүн шанаа, чамархай, зүүн мөрөнд зулгаралт, доод уруул, баруун, зүүн мөрөнд цус хуралт, дээд уруулд язралт, баруун дээд 1-р үүдэн шүдэнд сулрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, С.Цийн  эрүү рүү  өшиглөн, сандлаар  толгой руу нь цохиж зодож эрүүл мэндэд нь хоёр нүдний доод зовхинд цус хуралт, уруулд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Он өгсөн: “..Мэдүүлэг өгөхгүй. Үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна..гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч И.Бын өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 03-ны өглөө Б гэх айлд тал шил хараа гэх архийг уугаад өглөө 11 цагийн үед Э гэх айлд ороход гэрт Х, Э Эын эхнэр Хишигжаргал нар байсан. Тэгээд Х гэх хүнтэй мөнгөө нийлүүлж 0.75 граммтай хараа архийг аваад явж байтал нутгийн ах болох Ц таарч Эынд хамт очсон. Тэгээд Хөвсгөл, Ц бид дөрөв тэр архийг хувааж уугаад ахиад 0.75 граммтай хараа гэх архи аваад Эынд ууж байгаад тасраад унтсан байсан... Тэрнээс 2 хундага уугаад буцаад унтсан. Оройн 21-22 цагийн үед байх цагийн сайн санахгүй байна намайг нэг хүн дээрээс толгой, цээж, нүүр рүү өшиглөөд байхаар харсан чинь О гэх залуу согтуу намайг дээрээс зодож байсан. Тэгээд бас хажуу талд унтаж байсан Ц гэх хүнийг бас зодсон. О тэгээд утсаа гаргаж ирээд зураг дараад цагдаад хэлвэл ална шүү гэж хэлээд гараад явсан ийм зүйл болсон...гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 тал/,

хохирогч С.Цийн өгсөн: “...Тэгээд бид 4 нэг шил архиа ууж дуусгаад ахиад 0.75 граммтай хараа гэх архийг хувааж уугаад тасарсан унтаж байтал Хөвсгөлийн хүү болох О гаднаас архи уусан байдалтай орж ирээд та нар миний ээжийг архи уулгаад гичий янханаар нь дууддаг хэн бэ? гээд эхлээд миний хажуу талд унтаж байсан Быг цохиж байгаад дараа нь намайг цохиж зодож сандлаар толгой руу цохиод цагдаад хэлбэл ална шүү гээд гараад явсан. тэгээд бид хэд унтаж амарсан....Цээж рүү өшиглөсөн. Мөн сандлаар толгой руу цохих шиг болсон...Тухайн үед гэрийн эзэн Э, эхнэр Хишигжаргал, Б, Хөвсгөл бид хэд байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 тал/,

хохирогч Б.Эын гэрчээр өгсөн: “...Тэгээд 21 цагийн үед сэртэл Хөвсгөл гэх хүний хүүхэд болох О гэх залуу гаднаас согтуу орж ирээд манайд зэрэгцээд унтаж байсан Ц, Б хоёрыг зодсон. Эхлээд Быг халуун саваар нүүр рүү нь цохиж дараа нь Цийг бас халуун сав болон пявор сандлаар нүүр рүү цохиж байсан. Би болиоч чи гэр орон юу болгож байгаа юм бэ гэтэл миний уртаас О чамд хамаагүй пизда минь би өөрөө мэдэж байна гээд Б, Ц хоёрын нүүр ам руу нь цохиж орхиод О гараад явсан. Ийм зүйл болсон...Тухайн үед О согтуу байсан. Нэлээн согтуу байх шиг байсан...Тухайн үед би жаахан хэрэглэсэн байсан. Тухайн болсон асуудлыг бол сайн санаж байна...О гаднаас согтуу орж ирээд манай гэрт зэрэгцээд унтаж байсан Ц, Б, хоёрыг үгийн зөрүүгүй зодсон...Манай ээжийг уруу татаж архи уулгадаг гээд орилоод байсан. Яг юунаас болж тэр хоёрыг зодсон талаар бол мэдэхгүй байна...Бын толгой руу нь халуун саваар цохиж байсан. Цийг бас толгой руу нь халуун саваар цохиж байсан. Мөн хоёулангийнх нь цээж  рүү хөлөөрөө дэвсэж байсан..надаас зөвшөөрөл авалгүй шууд орж ирсэн байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28, 37-38 тал/,

Хохирогчийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 02 дугаартай: “...И.Бын биед дух, хамар, зүүн шанаа, чамархай, зүүн мөрөнд зулгаралт, доод уруул, баруун, зүүн мөрөнд цус хуралт, дээд уруулд язралт, баруун дээд 1-р үүдэн шүдэнд сулрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байна. И.Бын биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх шүдний эмчилгээнээс хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 49 тал/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 23 дугаартай: “...С.Цийн биед хоёр нүдний доод зовхинд цус хуралт, уруулд шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байх боломжтой. С.Цийн биед үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн гэмтэл байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 54 тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7 тал/,

Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт  гаргасан  өргөдөл /хх-ийн 8-9 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Б.Он гэм буруугаа хүлээж өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 03-ны орой 20 цагийн үед хөдөөнөөс бензин тос авах гээд орж ирсэн. Тэгээд буцаад гарах гэтэл манай ээж Хөвсгөл залгаад намайг Б гэж хүн хэл амаар доромжлоод байна гээд утсаар ярьсан. Тэгэхээр би буцаж орж ирээд Э гэдэг айлд очиход Ц, Э, Б, манай ээж Хөвсгөл нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нэлээн халамцуу байдалтай байсан. Жаахан хоорондоо маргалдсан. Гэнэт миний уур хүрээд Быг сууж байхад гараараа шанаа руу 2-3 удаа цохиод орон дээр сууж байсан Ц гэж хүнийг урдаас олон юм яриад байхаар хөлөөрөө доод уруулын сэт өшиглөсөн. Гараараа Ц, Б хоёрыг шанаа болон толгой руу 2-3 удаа цохиод гараад явсан. Тэр орой шууд хөдөө гараад явсан. Ийм зүйл болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-44 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судласнаар  нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч И.Б, С.Ц, Б.Э нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 07-ний өдрийн 02 дугаартай дүгнэлт, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 23 дугаартай дүгнэлт, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Б.Он яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судлаж, эх сурвалжийг шалгахад шүүгдэгч Б.О нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр “ээжийг хэл амаар доромжиллоо” гэх шалтгаанаар Б.Эын зөвшөөрөлгүйгээр орон байранд нь нэвтэрч хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан, хохирогч И.Бын толгой, цээж рүү нь өшиглөж эрүүл мэндэд нь дух, хамар, зүүн шанаа, чамархай, зүүн мөрөнд зулгаралт, доод уруул, баруун, зүүн мөрөнд цус хуралт, дээд уруулд язралт, баруун дээд 1-р үүдэн шүдэнд сулрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, С.Цийн  эрүү рүү  өшиглөн, сандлаар  толгой руу нь цохиж зодож эрүүл мэндэд нь хоёр нүдний доод зовхинд цус хуралт, уруулд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг  тус тус үйлдсэн болох  нь хангалттай  нотлогдож байна.  

Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч С.Ц, И.Б нарын биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан, хохирогч Б.Эын зөвшөөрөлгүйгээр орон байранд хууль бусаар нэвтрэн орсон болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хоёр түүнээс дээш хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Б.Он үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Б.Он үйлдэл идэвхтэй, хохирогч С.Ц, И.Б нарын бие, эрх чөлөөнд халдаж, хохирогч Б.Эын халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж, шүүгдэгч Б.О энэ үйлдлийг хийх зайлшгүй /гарцаагүй байдал, аргагүй хамгаалалт гэх мэт/ шаардлага бий болоогүй байхад өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж, мэдэж бусдын орон байранд хууль бусаар нэвтэрсэн үйлдлийг зориуд хийсэн, хохирогч С.Ц, И.Б  нарын бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.

Шүүгдэгч Б.О нь бусдын орон байранд хууль бусаар нэвтэрсэн үйлдэл нь хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруугийн санаатай хэлбэртэй, хүний халдашгүй чөлөөтэй байх  эрхийн эсрэг оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч  хүний халдашгүй чөлөөтэй  байх эрхэд халдаж  дураараа авирласан гэмт хэргийн шинжийг,  хоёр хүний бие, эрх чөлөөнд халдсан нь хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруугийн санаатай хэлбэртэй, хүний эрүүл мэндийн  халдашгүй байдлын эсрэг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад заасан хоёр түүнээс дээш хүний эрүүл мэндэд  хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хоёр түүнээс дээш хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,  мөн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч хүний халдашгүй чөлөөтэй  байх эрхэд халдаж  дураараа авирласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар: Шүүгдэгч Б.Он гэм буруутай үйлдлийн улмаас учирсан гэм хорын хохиролд хохирогч С.Ц, И.Б, Б.Э нар нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэлтэй холбоотой баримтыг ирүүлээгүй, хохирогч И.Б нь гомдол санал байхгүй, хохирол барагдуулсан гэх хүсэлт хх-ийн 84 тал/, С.Ц нь санал гомдол байхгүй, хохирол барагдуулсан гэх хүсэлт /хх-ийн 85 тал/, Б.Э нь хохирлоо бүрэн барагдуулж хохиролгүй болсон гэх хүсэлт /хх-ийн 86 тал/ хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч Б.Ог бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.Ог хоёр, түүнээс олон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч хүний халдашгүй чөлөөтэй  байх эрхэд халдаж  дураараа авирласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Он хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.Од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан “урьдчилан төлөвлөсөн шинжгүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Хавтаст хэргийн 64-65, 70-77,  талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, Голомт банкны Хөвсгөл салбарын албан бичиг, Хөвсгөл аймгийн автотээврийн төвийн албан бичиг, тээврийн хэрэгслийн лавлагаа, Хаан банкны албан тоот, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулбар, Төрийн банкны харилцах дансны харилцагчийн хуулга зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Б.О нь ам бүл 2, ээжийн хамт Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 4 дүгээр багт оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.  

Шүүгдэгч Б.О нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 100 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.

Шүүгдэгч Б.Он үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хохирол төлбөргүй, прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч үүсэх үр дагаврыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон ялын төрөл, хэмжээний хүрээнд түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр, шүүгдэгч Б.Ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял дээр,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт 900 /есөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 /есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт шүүгдэгч Б.О нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нар гомдол саналгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг  тус тус дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ү овогт Бын Ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад заасан хүндрүүлэх шинжтэй буюу хоёр, түүнээс олон хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж үйлдсэн,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд хууль бусаар нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Ү овогт Бын Ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт 900 /есөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 /есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Од оногдуулсан 900 /есөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 /есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөхөөр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Энэ хэрэгт шүүгдэгч Б.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нар нь санал, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.ДӨЛГӨӨН