Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 153/ШШ2018/00284

 

 

 

 

 

2018 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 153/ШШ2018/00284

          Ховд аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина би

Нэхэмжлэгч: Төрийн банкны Ховд салбарын Эрдэнэбүрэн тооцооны төвийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Хар ус багт оршин суух, ПЮ72102668 регистрийн дугаартай, Хар бургууд овогт Хишигтийн Бямбасүрэн,

Хариуцагч: Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Хар ус багт оршин суух, ПО69111913 регистрийн дугаартай, Тайчууд овогт Пунцагдашийн Батсүх нарт холбогдох 3,872,646.52 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, 153/2018/00296/ И индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Төрийн банкны Ховд салбарын Эрдэнэбүрэн тооцооны төв нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Х.Бямбасүрэн, П.Батсүх нар нь 2014 оны 10 дугаар сарын 29-ны өдөр Төрийн банкны Ховд салбарын Эрдэнэбүрэн тооцооны төвтэй 1116/247 тоот Барьцаат зээлийн гэрээ /цалингийн зээл/ байгуулан 8,100,000 төгрөгийн зээлийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар авсан. Мөн 2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 1116/345 тоот Барьцаат зээлийн гэрээ /цалингийн зээл/ байгуулан 7,250,000 төгрөгийн зээлийн үлдэгдэл дээр нэмэлтээр 600,000 төгрөгийн зээлийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай авсан бөгөөд зээлийн барьцаанд цалингийн орлого хөргөгч, хөлдөөгч, зурагт, компьютер зэргийг барьцаалсан. Зээлдэгч Х.Бямбасүрэн, П.Батсүх нар нь зээлийн төлбөрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээлээс 5,491,459.95 төгрөгийг хүүгийн хамт төлсөн.

Зээлдэгч Х.Бямбасүрэн, П.Батсүх нар нь зээлийн гэрээний дагуу зээл болон хүүгийн төлбөрийг бүрэн төлөх үүргээ биелүүлэхгүй, банкны ажилтнаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй, зээлийн гэрээний 3.2.3-т заасан үүргээ байнга зөрчсөөр өнөөдрийг хүрлээ.

Иймээс Х.Бямбасүрэн, П.Батсүх нартай байгуулсан барьцаат зээлийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.2-д заасныг үндэслэн 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн байдлаар дор дурдсан шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна.

Үүнд: үндсэн зээлийн үлдэгдэл 3,208,540.05 төгрөг, зээл хүүгийн төлбөр 605,944.53 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 58,161.94 төгрөг, нийт зээл, хүүний төлбөр 3,872,646.52 төгрөг төлөгдөөгүй байна.

Иймд хариуцагч Х.Бямбасүрэн, П.Батсүх нараас зээл, зээлийн хүүгийн төлбөр 3,872,646.52 төгрөг, нотариатын зардал 4000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 76,912 төгрөгийг тус тус гаргуулж,  дээрх төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлдэгчийн барьцаа хөрөнгөөр хангуулах, Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  69 дүгээр зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийг баталгаажуулахын тулд зээлдэгчийн барьцаалсан түүний банкин дахь мөнгөн хөрөнгө, бусад эд зүйлийг битүүмжлэх арга хэмжээ авч өгнө үү гэжээ.

 Хариуцагч Х.Бямбасүрэн, П.Батсүх нар нь шүүхэд гаргасан тайлбартаа: Төрийн банкны нэхэмжлэлтэй танилцлаа. Тус нэхэмжлэлийн дагуу Төрийн банкны удирдлага бүхий хүмүүстэй уулзаж, нэхэмжлэл дурдсан зээлийн үдэгдэл төлбөр 3,872,646.52 төгрөгийг сар бүрийн 25-ны өдрийн дотор 200,000 төгрөг төлж барагдуулахаар тохиролцсон тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гантогтох нь шүүхэд гаргасан тайлбартаа: Төрийн банкны Ховд салбарын Эрдэнэбүрэн тооцооны төвийн нэхэмжлэлтэй, Х.Бямбасүрэн, П.Батсүх нарт холбогдох иргэний хэрэгт Х.Бямбасүрэн, П.Батсүх нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Төрийн банкны Ховд салбарын Эрдэнэбүрэн тооцооны төвийн  нэхэмжлэлтэй, хариуцагч Х.Бямбасүрэн, П.Батсүх нарт холбогдох зээлийн үлдэгдэл төлбөр 3,872,646.52 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Х.Бямбасүрэн, П.Батсүх нар нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч Төрийн банкны Ховд салбарын Эрдэнэбүрэн тооцооны төвийн нэхэмжлэлтэй, Х.Бямбасүрэн, П.Батсүх нарт холбогдох зээлийн төлбөр 3,872,646.52 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Х.Бямбасүрэн, П.Батсүх нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Төрийн банкны Ховд салбарын Эрдэнэбүрэн тооцооны төвийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 76,912 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамж 76,912 төгрөгийн 50 хувь болох 38,456 төгрөгийг хариуцагч Х.Бямбасүрэн, П.Батсүх нараас гаргуулан нэхэмжлэгч Төрийн банкны Ховд салбарын Эрдэнэбүрэн тооцооны төвд  олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                        Б.МАРИНА