| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 102/2018/01517/И |
| Дугаар | 1405 |
| Огноо | 2018-05-01 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 1405
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс, Энгельс гудамж, 29/2 дугаар байр, 50 тоотод оршин суух, Ител овогт Байгалийн Алтнай /РД: МР82101104/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 9 дүгээр хороо, 23 дугаар байр, 34 тоотод оршин суух, Узынмылтых овогт Сайлауханы Нурлан /РД: ТЯ84101515/-д холбогдох,
Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Мягмарцэрэн, хариуцагч С.Нурлан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Алтнай шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Мягмарцэрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь С.Нурлантай 2015 онд гэр бүл болохоор хамтран амьдарч байгаад 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдөр охин Н.Сабина төрсөн. Бид гэр бүлийн баталгаагүй байсан. Миний бие охин Н.Сабинаг өсгөж, асарч ирсэн. С.Нурлан нь охиноо төрсөн цагаас хойш бид хоёртой хамт амьдраагүй, охиноо тэжээн тэтгэж байгаагүй. Иймд төрсөн эцэг С.Нурланаас хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү. Хүүхдийг өөрийн асрамжинд үлдээх хүсэлтэй байна гэжээ.
Хариуцагч С.Нурлан шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Н.Сабинагийн төрсөн эцэг гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд хүүхдийн тэтгэлэг төлөхийг мөн зөвшөөрч байна. Өмнө нь бие амьдрал зохиож байсан бөгөөд би нэг хүүтэй. Охин Н.Сабинаг төрсөн цагаас эхлэн хүү бид 2 Б.Алтнайгийнд амьдрахыг тэрээр хүсээгүй тул бид тус тусдаа амьдарсан. Гэхдээ охиндоо боломжийн хэрээр мөнгө төгрөг өгч байсан. Одоо ч чадлаараа өгөхөд бэлэн. Охиныг эхийн асрамжинд үлдээхэд татгалзах зүйлгүй гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Алтнай нь хариуцагч С.Нурланд холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Б.Алтнай болон хариуцагч С.Нурлан нар 2015 оноос хамтран амьдарч, хамтран амьдрах хугацаанд буюу 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдөр охин Нурланийн Сабина төрсөн нь талуудын шүүхэд гаргасан тайлбар болон хүүхдийн 1119000683 дугаартай төрсний гэрчилгээний хуулбараар нотлогдож байхаас гадна талууд энэ талаар маргаагүй байна.
Талууд гэрлэлтээ бүртгүүлээгүй, хүүхэд эцэгээр овоглодог, хүүхэд төрсөн үеэс эхлэн эхийн асрамжинд өсөн торниж байгаа үйл баримт болон хүүхдийн насны онцлого, мөн хариуцагч нь хүүхдийн асрамжийн талаар маргаагүй зэргийг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар хүүхдийг эхийн асрамжинд үлдээх үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь хэдийгээр хүүхдийн асрамжийн талаар шаардлага гаргаагүй боловч шүүх хүүхдийг эхийн асрамжинд үлдээх түүний эрх ашигт нийцнэ.
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасан хугацаа, хэмжээгээр охин Н.Сабинад эцэг С.Нурланаас тэтгэлэг гаргуулж олгох үндэслэлтэй байна.
Дээрх үндэслэлээр охин Н.Сабинаг эх Б.Алтнайгийн асрамжинд үлдээж, эцэг С.Нурланаас тэтгэлэг гаргуулж олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдөр төрсөн охин Нурланийн Сабинаг эх Б.Алтнайгийн асрамжинд үлдээсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдөр төрсөн охин Н.Сабинад 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэгийг сар болгон эцэг С.Нурланаас гаргуулан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтран нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН