Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 2022/ШЦТ/430

 

 

 

 

 

 

    2022          06          03                                       2022/ШЦТ/430

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Гандулам,

улсын яллагч Б.Хурц,

хохирогчийн өмгөөлөгч Г.Учрал,

шүүгдэгч А.Б, түүний өмгөөлөгч А.Золжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бага монгол овогт Аын А.Бт холбогдох эрүүгийн 181001197 1031 дугаартай, 2 хавтас хэргийг 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хянан хэлэлцэв.

 

 

            Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн хэргийн товч агуулга:

Яллагдагч А.Б нь 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс мөн оны 12 дугаар сарын 26-ны хооронд “_” ХХК-ийн харьяа Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, _ тоот хаягт байрлан үйл ажиллагаа явуулдаг “_” нэртэй барьцаалан зээлдүүлэх газарт үйл ажиллагаа хариуцсан ажилтнаар ажиллаж байхдаа барьцаа хөрөнгөгүй, эсхүл эд зүйл барьцаалсан мэтээр тэмдэглэл үйлдэн зээл нэрийдлээр бүртгэж 51,615,000 төгрөгийг байгууллагаас гарган авсан, кассын үлдэгдэл 4,517,372 төгрөг, 7,800,000 төгрөгийн үнэ бүхий хураагдсан эд зүйлсийг тус тус өөрийн хэрэгцээндээ зарцуулж завшсан буюу бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглаж завшиж “_” ХХК-д 63,932,372 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

     ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Б мэдүүлэхдээ: _”  барьцаалан зээлдүүлэх газарт 2017 онд ажилд орохоор М.Ч-той уулзаж, тухайн газар барьцаалан зээлдүүлэх газарт ажилд орж байсан. Манай байгууллага өдөрт тогтсон хэмжээний зээл гардаггүй, янз бүр, их хэмжээгээр, эсхүл бага хэмжээгээр ч зээл гарч болно. Тогтсон нэг хэвшил байдаггүй. “ProCreditor” онлайн ломбардын систем байдаг. Тус программ нь зээлдэгчийн тухай зээлийн түүхийг үүсгэн хадгалдаг. Өөрөөр хэлбэл зээл хүсэгчийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг харах боломжтой. “_” ломбардад их хэмжээний бэлэн мөнгө байдаггүй, өдөрт 1.000.000-2.000.000 төгрөг байдаг. Мөнгө дууссан тохиолдолд М.Ч руу утсаар холбогдож, дансаар юм уу, эсхүл бэлнээр авдаг байсан. Тухайн үед бол кассад 1.000.000-1.500.000 төгрөгийн үлдэгдэлтэй байдаг байсан. Заримдаа 600.000-700.000 байх тохиолдол ч байдаг. “_” ломбардад үйлчлүүлдэг байсан танил хүмүүсийн нэр дээр хуурамчаар тэмдэглэл үйлдэн, зээл нэрийдлээр бүртгэж мөнгө авсан нь үнэн. Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. “ гэсэн мэдүүлгийг өгсөн.

 

Хоёр: Эрүүгийн 181001197 1031 дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудад:

 

1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст хүлээн авсан тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 26 дахь тал), “_” ХХК-ийн гаргасан гомдол (1 дүгээр хавтаст хэргийн 27 дахь тал), 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр буулгасан эд зүйлийн гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 28-29 дэх тал),

2. Хохирогч ”_” ХХК-ийн захирал М.Чийн мөрдөн шалгах ажиллагаанд:

-2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр өгсөн: “...2017 оны 01 дүгээр сарын эхээр А.Б гэх хүн манай байгууллагын Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “_” барьцаалан зээлдүүлэх газар ажилтнаар ажилд орж 2017 оны 01 дүгээр сарын 15-ний өдрөөс Хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Ажиллах хугацаанд нь 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр тооцоо нийлж акт үйлдэхэд 10 гаруй сая төгрөгийн дутагдал гарсан. Энэ дутагдлын асуудлаа шийдвэрлэ гэдэг шаардлага тавьж хугацаа өгөхөд удаагүй 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр ажлын байраа орхиод ор сураггүй алга болчхоод 2 сарын дараа утсаар яриад би дутаасан мөнгөө төлнө гэж хэлж байсан боловч мөнгөө төлөөгүй, алга болчихоор нь цагдаагийн байгууллагад хандсан. А.Бын  ажлыг шалгахад хөдөлмөрийн гэрээний цалин хөлс, ажил үүрэг хариуцлагын зөрчиж үнэлгээнээс хэт өндрөөр үнэлсэн, хуурамч эд зүйл барьцаалсан, танил тал найз нөхөд болон хувьдаа үүсгэсэн зээлийн жагсаалт нь мөнгөн дүнгээр 77.986.000 төгрөг /хэрэгт авагдсан хүснэгт №2/ болж байгаа. Эдгээр зээлийн жагсаалтаас нийт 16.891.000 төгрөгийн эд зүйлсийг хариуцах эзэнд нь буцааж өгч, хохирлоос хасагдаж 61.095.000 төгрөгийн эд зүйлс үлдсэн. Үнэлгээний байгууллагаар үнэлүүлэхэд 3.779.924 төгрөгийн эд зүйлс болох нь тогтоогдсон. Мөн А.Б нь ажлаа хаяж явахдаа кассаас бэлнээр 4.517.000 төгрөг дутаасан. /хүснэгт №1/ Мөн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн тооцоо нийлсэн актаар 7.800.000 төгрөгийн эд зүйл дутаасныг нэмээд нийт 90.303.000 төгрөгийн өр, дутагдал гаргасан. Хэрэг шалгах явцад хүснэгт №2-т заасан үнийн дүн болох 77.986.000 төгрөгөөс 16.891.000 төгрөгийн эд зүйлийг эздэд нь буцааж өгсөн. Одоо нийт 73.322.000 төгрөг нэхэмжилж байна....” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 49-50 дахь тал),

-2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр өгсөн: “...Манай компанид А.Б нь нийт 68,895,000 төгрөгийн хохирол учруулсан нь 2019 оны 04 дүгээр сарын 03-ны “Баян сагсай” Аудитын дүгнэлт, Шүүх шинжилгээний 2019 оны 05 дугаар сарын 24-ны өдрийн эдийн засгийн 100 дугаартай дүгнэлт зэргээр тогтоогдсон. Мөрдөн шалгах ажиллагаагаар кассын зөрүү болох 4,517,372 төгрөг нь гэрч болон тэмдэглэлээр тогтоогдож нийт 73,412,000 төгрөг болсон. Үүнээс сүүлд РШ4336, Р114454, РУ3460, РУ2781, Р1Ш53, К113605, ГС1М188, гэрээний дугаартай нийт 6,790,000 төгрөгийн эд зүйлийг эзэд нь өгч хохирлоо гаргуулан авсан. Бусад үлдсэн зээл нь хуурамч, эзэн холбогдогч нь тогтоогдохгүй байгаа. Одоо 66,622,000 төгрөгийг нэхэмжилж байна....” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 47-48 дахь тал),

-2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр өгсөн: “...”_” ХХК нь барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ явуулах эрхтэй. Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний оноосон нэр нь “_” ломбард юм. Хан-Уул дүүргийн худалдаа үйлчилгээний хэлтсээс авсан батламж баримтыг гаргаж өгнө. Хэргийн 1 дүгээр хавтасны 122 дугаар хуудаст Хөдөлмөрийн гэрээ байгаа. Гэрээнд ажлын чиг үүрэг, ажлын тодорхойлолт тусгагдсан. Харин ажлаас чөлөөлсөн тушаал, эд хөрөнгө хариуцлагын гэрээ байхгүй. Учир нь А.Б алдаа дутагдал гаргаад ажлаа хаяад явсан. Тэгээд мөнгө төгрөгийн асуудлаа шийдээгүй байгаа болохоор ажлаас чөлөөлсөн тушаал гаргаагүй байгаа....” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 47-48 дахь тал),

-2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр өгсөн: “...Надад А.Б ажиллаж байх хугацаандаа иргэд барьцааны эд зүйлээ авч чадахгүй, хураалгасан иргэдийн барьцааны эд зүйлсийг хөдөлмөрийн гэрээний дагуу А.Б нь зарж борлуулаад гаргасан зээлээ хаах ёстой байдаг. Гэтэл хураагдсан эд зүйлийг хувьдаа завшиж өөрөө худалдан борлуулсан, авсан, үүнийг хүлээн зөвшөөрөөд тооцоо нийлсэн акт дээрээ гарын үсэг зурсан нь хэргийн хавтасны 127 хуудаст байгаа. А.Б 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ажлаа хаяад явах үед кассын үлдэгдэл 5,996,967 төгрөг байхаас 1,479,595 төгрөг байсан, зөрүү 4,517,372 төгрөг А.Б авч явсан байсан. Хэргийн 125-126 хуудаст байгаа. Би өмнө хэргийн материалтай танилцах үедээ тэмдэглэж авсан. 54,305,000 төгрөг шинжилгээний дүгнэлтээр гарсан. Уг мөнгийг А.Б хувьдаа завшсан, хуурамч зээл гаргасан байсан. Үүнийг би шүүгээд гаргахад хуурамч зээлүүд байсан. Ингээд 54,305,000 төгрөг дээр 7,800,000 төгрөг, кассын үлдэгдэл 4,517,372 төгрөгийг нэмэхээр нийт 66,622,372 төгрөгийн хохирол учраад байгаа юм. Уг мөнгөө нэхэмжилж байна. 7,800,000 төгрөгийг тооцоо нийлсэн актаас өөр нотлох зүйл байхгүй. А.Б өөрөө мэдэж байгаа. Бид хоёр суугаад тооцоо нийлээд гаргасан, өөрөө гарын үсгээ зурж баталгаажуулсан. 54,305,000 төгрөгийг гаргасан зээлүүд нь барьцаа байхгүй, мөнгө хүлээн авсан хүний гарын үсэг байхгүй, барьцаанд авсан гэх эд зүйлс нь хуурамч байсан. Авсан гэх эд зүйлийн үнэлгээ хийлгэж үзэхэд зах зээлийн үнэлгээнд хүрэхгүй маш бага байсан. ...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 110-111 дэх тал),

 

3. Гэрч О.Б 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Хан-уул дүүргийн 3 дугаар хороо, 19 дүгээр хорооллын  хөшөөтэй автобусны буудлын хойд талд байрлах “19” нэртэй цайны газарт 2016 оны 05 дугаар сараас хойш ажиллаж байгаад 2018 оны 05 дугаар  сараас хойш ажиллахаа больсон. Намайг ажиллаж байх хугацаанд манай цайны газрын хажууд талд байрлах “_” нэртэй барьцаалан зээлдүүлэх газар Бондгор хочит Бумаа гээд ах ажилладаг байсан. Би хааяа орж гардаг болоод бие биеэ таньдаг болохоос биш барьцаанд эд зүйл тавьж зээл гаргуулж авч байгаагүй. Зээлийн гэрээний хуулбартай танилцлаа. Энэ гэрээнд А.М гэх хүний нэр бүртгэлтэй байна. Гэхдээ регистрийн дугаар, бүртгэгдсэн 88969224_ дугаар нь миний дугаар байна. Мөн гэрээнд байгаа “Делл” маркийн зөөврийн компьютер, монет ээмэг бөгж 22.2 граммтай эд зүйлийг би барьцаанд тавиагүй. Би А.Баас эд зүйл барьцаанд тавьж мөнгө авсан тохиолдол байхгүй. Би “_” барьцаалан зээлдүүлэх газар орж уулзаад бүртгэлээс нь өөрийн нэр регистрийн дугаараа хэлж шалгуулахад миний нэр дээр 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 29-ний хооронд нийт 9 удаа зээл авснаас 7 зээлийг хааж, 2 зээл хаагдаагүй хугацаа хэтрэлттэй явж байгаа харагдаж байна. Гэтэл би огт зээл авч байгаагүй. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 54 дэх тал),

 

4. Гэрч Б.Уын 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2015 оноос хойш Хан-уул дүүргийн 2 дугаар хороо, 19 дүгээр хорооллын автобусны буудлын ертөнцийн зүгээр хойд талын байранд байрлах “_” нэртэй барьцаалан зээлдүүлэх газраар байнга үйлчлүүлдэг байсан. Хамгийн сүүлд 2017 онд /сар өдрийн санахгүй байна/ эмэгтэй загварын шаргал өнгийн гадаргуутай бугуйн цаг 1 ширхэг, I pad 1 ширхэг, спорт загварын унадаг дугуй 1 ширхэг, хөгжимтэй холбож хэрэглэдэг чанга яригч 1 ширхэг зэрэг эд зүйлийг тухайн үед ажиллаж байсан махлагдуу биетэй залууд барьцаалж 1.190.000 төгрөг авч хэрэглэсэн. Тэрнээс хойш барьцааны эд зүйлээ авч чадахгүй хүүгээ төлж сунгуулж явсаар 2018 оны зун /сар өдрийн санахгүй байна./-с төлж чадахаа болиод хаясан. Миний барьцаа хөрөнгө “_” нэртэй барьцаалан зээлдүүлэх газар байгаа. Би А.Б гэх хүнийг огт танихгүй, хааяа мөнгөний хэрэгцээ гарахаар тэр ломбардаар үйлчлүүлдэг. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 55 дахь тал),

5. Гэрч Э.Бийн 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би өөрийнхөө “Леново” маркийн АЯ-5 нотебүүкийг 400,000 төгрөгөөр барьцаанд тавьсан. Мөнгөний боломж байхгүй байсан тул буцаагаад авч чадаагүй. Миний нотебүүк эвдрэл гэмтэл байхгүй байсан. Миний үнэлгээгээр 1,300,000 төгрөг хангалтай хүрэх байсан. Би А.Б гэх хүнийг танихгүй, махлах дугуй царайтай залуу байсан. Надад үзүүлсэн зураг дээрх хүн байсан. Би тухай үед мөнгөний боломж болохгүй, мөнгө байхгүй байсан болохоор авч чадаагүй юм....” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 56-57 дахь тал),

 

6. Гэрч Д.Д 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би “_” нэртэй ломбардын хажуу талд гар утасны засвар үйлчилгээ хийдэг. 2017 оны 12 дугаар сарын 27-ны өглөө 10 цагийн орчим М.Ч нь ломбардаа нээх гэж байгаа юм, гэрчээр оролцоод өгөөч гээд Б бид хоёрыг дагуулаад ломбардаа нээгээд касс дахь мөнгөө тоолох үед 1,400,000 орчим төгрөг байсан. М.Ч тэмдэглэл үйлдээд гарын үсэг зуруулсан. 3 жилийн өмнөх болохоор би мөнгөн дүнг яг хэлж чадахгүй байна....” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 58-59 дэх тал),

 

7. Гэрч О.Э 2022 оны 02 дугаар сарын 19-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...А.Б нь манай 10 жилийн Сүхбаатар дүүргийн 6 дугаар сургуульд 8 ангиас орж ирээд төгссөн. Сургууль төгссөнөөс хойш хааяа нэг холбогддог байсан, сүүлийн жилүүдэд холбоо барьж чадаагүй. Би Хан-Уул дүүрэгт шар байранд цээж зураг авхуулаад явж байхад А.Бтай таарахад тэр хавд байхаа нэг ломбардад ажиллаж байгаа талаараа хэлж байсан. Гэхдээ би тус газарт нь ямар нэгэн эд зүйл ломбардад тавьж үйлчлүүлж байгаагүй. Надад I Phone 6 гэдэг гар утас байдаггүй. Хан-Уул дүүрэгт нэг шар байранд цээж зураг авхуулаад явж байхад таарчхаад иргэний үнэмлэх асуугаад харж байсан байх гэж санаж байна. ...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 141-142 дахь тал),

 

8. Гэрч Л.Мгийн 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би А.Б гэх хүнийг зүс танина. 2017 онд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд ломбард нэгдсэн арга хэмжээний хүрээнд ломбард шалгаж байх хугацаанд Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нэхмэлийн 3 дугаар байрны 1 давхарт “_” нэртэй ломбардыг шалгахад А.Б гэх залуу байсан. Тэгээд зүс таньдаг болсон. Би өөрийн болон бусдын эд зүйлийг огт ломбардад тавьж байгаагүй, ялангуяа А.Б гэх хүний ломбардад эд зүйл тавьж байгаагүй....” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 145-146 дахь тал),

 

9. Гэрч А.Г 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би А.Б гэх хүнийг танихгүй, ямар нэгэн харилцаа хамаарал байхгүй. Би 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 2 ширхэг аяга ломбардад тавиагүй. Надад барьцаанд тавих мөнгөн аяга эд зүйл байхгүй. Миний гарын үсэг биш байна. Яаж миний овог нэр регистрийн дугаар байгаа талаар мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 148-149 дэх тал),

 

10. Гэрч Э.Ө 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би А.Б гэх хүнийг сайн танихгүй, миний суудаг лангууны хажуу талын ломбардад ажилладаг байсан болохоор зүс танина. Түүнээс ямар нэгэн харилцаа, хамаарал байхгүй. Би 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр “_” нэртэй ломбардад “Самсунг” маркийн гар утсыг 280,000 төгрөгийн барьцаанд тавиагүй. Тухай үед А.Б нь зүс таньдаг, ахаа эгчээ гээд яваад байдаг байсан болохоор асууж байсан юм бол уу, миний овог нэр регистрийг яаж мэдсэн талаар мэдэхгүй. Цуг тамхи татаж ойр зуурын зүйл ярьдаг байсан. Тэгээд мэдэж авсан байж магадгүй. ...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 151-152 дахь тал),

 

11. Гэрч Б.Аын 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би ломбардад тавьсан эд зүйл байхгүй, миний хүү А.Б нь худлаа бичсэн байна. Миний овог нэр регистрийн дугаарын мэддэг болохоор түүнээс би дээрх алтан гинж 2 ширхэг, бугуйвч 1 ширхэг, бөгж 2 ширхэг, монетон бөгж 2 ширхэг эд зүйлийг 2,500,000 төгрөгийн барьцаанд тавьсан зүйл байхгүй....” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 154-155 дахь тал),

 

12. Гэрч М.Д 2022 оны 02 дугаар сарын 19-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2017 оны 06 сарын 10-ны өдөр “blackberry 100-4” загварын гар утсыг 520,000 төгрөгт барьцаанд тавьсан. Тухай үедээ мөнгөний боломж  болохгүй эргэж авч чадаагүй. Зураг дээрх залуу мөн байна. Надтай ломбардаас холбогдож ярьсан зүйл байхгүй, чимээгүй орхисон....” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 157-158 дахь тал),

 

13. Гэрч Т.Ч 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би А.Б гэх хүнийг зүс танина, уг хүнээс ломбардад хураагдсан эд зүйлийн авч зарж өгдөг байсан. Түүнээс най, нөхөд төрөл садны холбоо байхгүй. Надад гар утас, нотебүүк зэрэг эд зүйл өгч заруулдаг байсан, одоо надад ямар маркийн утас, нотебүүк заруулдаг байсныг мэдэхгүй байна. 2017 онд өгч заруулдаг байсан. Эд зүйлийн зарсан мөнгөө бэлнээр өгдөг байсан. Би зарж өгдөг гэж фейсбүүк хаягаараа зар тавьж өгдөг байсан. Одоо миний фейсбүүк хаяг устгагдсан болохоор байхгүй байна. Надад хэлэхдээ ломбардад хураагдсан эд зүйлээ заруулж байна, ямар нэгэн асуудал байхгүй гэж хэлсэн. Надад тухай үедээ тамхи, ундаа зэрэг зүйл авч өгдөг байсан. Түүнээс зарж өгсөн гэж мөнгө бол авч байгаагүй. Би 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр “_” нэртэй ломбардад Samsung гар утсыг 1,600,000 төгрөгт барьцаанд тавьсан зүйл байхгүй, дээрх эд зүйлийг 60,000 төгрөгийн барьцаанд тавьж байгаагүй. Харин өөр I Phone-5 маркийн гар утас барьцаанд тавиад авч байсан, өөр зүйл барьцаанд тавьж байгаагүй. ...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 160-161 дэх тал),

 

14. Гэрч Б.Ч 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...А.Б манай эхнэрийн найзын нөхөр байгаа юм, зүс танина.  Би 2017 оны 03 дугаар сарын 29-ны өдөр “_” нэртэй ломбардад камерын бичлэгийн төхөөрөмж, 2 ширхэг мессеж илгээдэг төхөөрөмжийг 1,000,000 төгрөгийн  барьцаанд тавьсан. Уг төхөөрөмж, эд зүйлээ буцаан авах гэхээр хураагдсан гэсэн, хүү төлбөр нь нийлээд 1,500,000 төгрөг болсон гэж М.Ч гэх хүн хэлсэн. Үүнийхээ төлбөрт камер суурилуулах ажил хийж өсгөн, одоо үлдэгдэл 400,000 төгрөг өгөөд эд зүйлээ авахаар байгаа. А.Бт тавьж байсан. Одоо үлдэгдэл төлбөрөө өгөөд авах юм. Миний барьцаанд тавьсан төхөөрөмж мессеж төхөөрөмж 650,000 төгрөг, хяналтын камерын төхөөрөмж тухай үедээ нийлээд 400,000 төгрөгийн үнэлгээтэй байсан. ...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 163-164 дэх тал),

15. Гэрч А.Г 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...А.Б нь манай найзын арван жилийн залуу гэдгээр танина, ямар нэгэн харилцаа хамаарал байхгүй. Би “_” нэртэй А.Бын ажиллаж байсан газар барьцаанд эд зүйл тавьж байгаагүй. Надад дээрх эд зүйл байгаагүй. А.Б миний найзын арван жилийн найз гээд төрсөн өдөр тэмдэглэж явж байсан. Тухай үед буудалд хамт хонож явж байсан болохоор миний бичиг баримтаар буудалд орж байсан түүнээс би дотно найз нөхөд биш. Тэр үед миний бичиг баримт дээр овог нэр регистрийн дугаар харсан байж магадгүй. Өөрийгөө ломбардад ажилладаг гэж танилцаж байсан. Надад 2017 ломбардад тавьсан нэг ч эд зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 166-167 дахь тал),

16. Гэрч Ч.Г 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би “_” нэртэй ломбардаар 2016 он билүү 2017 онд билүү  үйлчлүүлж байсан. Нотебүүк барьцаанд тавиад авч байсан. Харин дээрх зээлийн гэрээний дугаартай LG К4 х230 гэх зүйлийг 150,000 төгрөгийн барьцаанд тавьж байгаагүй. Надад үзүүлсэн зээлийн гэрээнд Ганхэт гэж бичсэн гарын үсэг миний гарын үсэг биш байна...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 169-170 дахь тал),

 

17. Гэрч С.Э 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Сонгинохайрхан дүүргийн Орчлон хорооллоос таксинд явдаг байсан. А.Б нь миний таксинд сууж явдаг байсан, ямар нэгэн харилцаа хамаарал байхгүй. Өглөө орой гэрээсээ авхуулдаг хүргүүлдэг, тухай үед миний байнгын үйлчлүүлэгч байсан. Би “_” нэртэй ломбардад А.Быг ажилладаг байсныг мэднэ, түүнээс би дээрх эд зүйлийг ломбардад тавьж байгаагүй. Миний овог нэр, регистрийн дугаарыг миний жолооны үнэмлэх бичиг баримтаас харсан байж магадгүй. 2017 онд миний байнгын үйлчлүүлэгч, ах дүү хоёр шиг харилцаатай байсан. Машин тэрэгт ганцаараа үлдсэн байх үедээ миний бичиг баримтыг харсан байж магадгүй. Би ломбардад эд зүйл барьцаанд тавих ямар ч шаардлага байхгүй. ...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 172-173 дахь тал),

 

18. Гэрч Б.М 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би “_” нэртэй ломбардад эд зүйл өмнө тавьж байсан. Гэхдээ дээрх Dell маркийн 2 нотебүүк, Sharp загварын зурагт, I phone загварын зурагт зэрэг эд зүйлийг барьцаанд тавьж байгаагүй. Дээрх зүйлийг хуурамчаар бичсэн байна. Миний гарын үсэг биш байна....” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 175-176 дахь тал),

 

19. Гэрч Н.Н 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би А.Быг танина, арван жилийн нэг ангийн залуу байгаа юм. Би дээрх эд зүйлийг барьцаанд тавьж байгаагүй, ямар нэгэн зээл аваагүй байгаа. Ангийн хүүхэд болохоор мэдэж байсан байх, түүнээс сайн мэдэхгүй байна. ...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 178-179 дэх тал),

 

20. Гэрч Л.Ц 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би А.Быг танихгүй. Би дээрх эд зүйлийг барьцаанд тавьж байгаагүй, ямар нэгэн зээл аваагүй. Харин утас, бөгж ломбардад тавьж авч буцаагаад авч байсан. Түүнээс барьцаанд эд зүйлээ тавиад алдаж байгаагүй. Би утас, бөгж тавиад авч байсан болохоор мэдэж авсан байж магадгүй юм. Надад 2017 онд ломбардад эд зүйл тавиад алдсан зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 181-182 дахь тал),

 

21. Гэрч А.А 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...А.Б миний төрсөн дүү байгаа юм. Надад цагаан алтан ээмэг бөгж байхгүй, би дүүгийнхээ ажиллаж байсан газар барьцаанд цагаан алтан ээмэг бөгж тавиагүй. А.Б худлаа зүйл бичиж гаргасан байна...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 184-185 дахь тал),

 

22. Гэрч М.Х 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би А.Быг танихгүй. Би 2017 онд паб ажиллуулдаг байхад манай ажил дээр ирж үйлчлүүлдэг байсан, өөрийгөө ломбард ажиллуулдаг гэж ярьдаг байсан. Түүнээс ямар нэгэн харилцаа байхгүй. Би 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр ломбардад эд зүйл тавьж, 400.000 төгрөг авч байгаагүй...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 187-188 дахь тал),

23. Гэрч Д.Б 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би А.Быг зүс танина. Би “_” нэртэй ломбардын хажууд гар утас худалдаа засвар ажиллуулдаг байсан. Хажуу талын “_” ломбардад А.Б суудаг байсан. Би ямар ч гар утас барьцаанд тавьж байгаагүй. Нэг ширхэг бөгж барьцаанд тавиад авч байсан, өөр зүйл барьцаанд тавьсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 190-191 дэх тал),

 

24. Шүүгдэгч А.Бын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар:

 

2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр өгсөн: “...Би 2017 оны 01 дүгээр сараас 2017 оны 12 дугаар сарын сүүл хүртэл Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “_” нэртэй ломбардад үндсэн ажилтнаар орж ажилласан. Тухайн үед би ганцаараа ажилладаг байсан. Манай ломбард бүх төрлийн цахилгаан хэрэгсэл, үнэт эдлэл, пүүз зэрэг авдаг байсан. Ажиллах байх хугацаанд ломбард хугацаа нь дуусаад хураагдсан эд зүйлийг захирал М.Ч өөрөө ирж тохирох үнэлгээг гаргаж зардаг. Би тухайн үед ломбардад ажиллаж байхдаа хуурамч үнэт эдлэлийг мэдсээр байж өндөр үнээр авдаг байсан. Мөн найз таньдаг хүмүүстээ зээл гаргадаг байсан. Одоо зарим зүйлийн санахгүй байна. Хуурамч эд зүйл гэж үнэт эдлэл, электрон бараа авдаг байсан. Найз буюу таньдаг хүмүүс мөнгөний хэрэг гараад гэхээр нь ломбардын орлогын мөнгөнөөс хүүгүй мөнгө зээлдэг байсан. Би ажиллаж байхдаа нийт 10 орчим сая төгрөгийг хувьдаа авч ашигласан гэж бодож байна. 2017 оны 12 дугаар сарын сүүлээр миний нуруу өвдөөд ажлаас гарах болсон. Энэ тухайн М.Ч захиралд хэлээгүй шууд ажлаа хаяад, хүлээлгэж өгөлгүй яваад өгсөн. Тэгээд захирал залгаад хаана байна гэхээр нь эмнэлэгт байна гэж хэлсэн. Тэгээд цагдаагаас намайг дуудсан. Би цагдаа дээр Ариунболд байцаагчид нэг удаа мэдүүлэг өгөөд айгаад зугтаасан. Би зугтаагаад Дорнод, Хэнтий аймгууд болон хөдөө мал маллаж байгаад 2020 оны 11дүгээр  сарын 13-ны өдөр Төв аймгийн Баянчандмань сум орох гэж яваад цагдаад баригдсан. Би өөрийнхөө тооцоогоор бол 10,000,000 сая гаруй төгрөг ашигласан байх. Мөн 5-6 сая төгрөгийн чанаргүй зээл авсан гэж бодож байна. Түүнээс 60-70 сая төгрөгийн зүйл хувьдаа завшаагүй байх. Би бэлнээр болон Хаан банкны дансаар авдаг байсан. Гэхдээ дансаар бол нээх гүйлгээ хийгээд байдаггүй байсан. Би 2018 оны 09 дүгээр сард нэг л удаа ирж мэдүүлэг өгсөн. Тэгээд цагдаагийн байгууллагаас айгаад одоо ингээд шоронд орохын байна гэж бодоод хөдөө Дорнод аймгийн Дөчийн шороо гэх газарт Ж гэх хүний бог малыг сарын 250,000 төгрөгөөр маллаж байсан. 2020 оны 08 дугаар сарын сүүлээр Төв аймгийн Батсүмбэр суманд 24 гэх нэртэй газарт Ц гэх хүний бог малыг сарын 250,000 төгрөгийн хөлсөөр маллаж байгаад, 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр аав А, ээж Д хоёр дээрээ очих зорилгоор явж байгаад Төв аймгийн Баянчандмань сумын цагдаагийн пост дээр баригдсан. Энэ хугацаанд би эхнэр Бтэй ганц удаа ч ярьж байгаагүй, ар гэрийнхэн намайг тоогоод байдаггүй. Ийм зүйлд орчихлоо гэхэд тэд нарт гаргаад өгчих мөнгө байхгүй тул ер нь цагдаагаас зугтаад явж байхад хэрэг маань гайгүй болчих байх гэж бодсон. Надад одоо хэлэх зүйл алга байна. Миний буруу ...ажил хийж хохирлоо барагдуулах болно. Надаас өөр хүн ажлаасаа мөнгө төгрөг авдаг байсан талаар мэдэхгүй. Авсан мөнгөө юунд зарцуулснаа мэдэхгүй байна, нэг мэдэхэд л дууссан байсан....” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 106-111 дэх тал),

 

-2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр өгсөн: “...Би кассаас бэлнээр 4,517,000 төгрөгийг хувьдаа ашигласан. Мөн 7,800,000 төгрөгийг өөрийнхөө хэрэглээнд зарцуулсан. Би өөрийнхөө нэр болон хамтран амьдарч байсан Б, аав Д.А нарын нэр дээр болон өөр бусад хүмүүсийн нэр дээр зээл гаргаж өөрөө авсан. Хэдэн төгрөг авч байснаа хэлж мэдэхгүй байна. Хохирлоо барагдуулах болно. Хохирогчийн нэхэмжилж байгаа 73,322,000 төгрөгийг барагдуулах болно....” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 112-115 дахь тал),

 

-2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр өгсөн: “...Мөрдөн шалгах ажиллагаанаас оргон зайлсан нь миний буруу. Би хохирлоо төлөх санаатай самарт Сэлэнгэ аймгийн Мандал сум руу самарт явсан, самарт яваад ашиг олоогүй. Сэлэнгэ аймгийн төв дээр гудамжинд архи ууж явж байгаад цагдаад баригдсан. Би яг үнэндээ би авсан нь үнэн. Тухай үедээ дээрх мөнгийг хэрэглээд дуусгасан. Би захирал М.Чт учруулсан нийт 62,105,000 төгрөгийн хохирлоо барагдуулах болно. Би буруу зүйл хийсэн, хохирлоо барагдуулж чадахгүй байсан болохоор оргосон. Би хийсэн хэрэгтэй маш их гэмшиж байгаа. ...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 106-107 дахь тал),

- 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр өгсөн: “...Зээлийн RU3113 дугаартай иргэн М.Д 520,000 төгрөгийг би тухайн үедээ зээлээ надаас барьцаанд эд зүйл тавиад авсан байх, барьцаанд байсан эд зүйлийг хувьдаа ашиглаад зараад өөртөө зарцуулсан байгаа. Зээлийн 3789 дугаартай А.Дуламжавын 900,000 төгрөгийг мөн адилхан ...хувьдаа ашиглаад борлуулаад шоудаад дуусгасан.

-Зээлийн 4176 дугаартай Б.М 550,000 төгрөгийн тухайд надаас өмнө зээл авч байсан болохоор ашиглаад хуурамч зээл үүсгээд 550.000 төгрөгийг би өөрөө авсан.

-Зээлийн 2613, 4563, 4484, 3769 дугаартай Ё.Х-н 1,800,000 төгрөг , Л.Мгийн 180,000 төгрөг, Т.Чинхүслэнгийн 1,600,000 төгрөг, О.Азбаярын 3,500,000 төгрөгийг би хуурамч зээл үүсгээд, зохиогоод бичсэн, өөрөө мөнгийг авсан. 3,500,000 төгрөгийг 2,700,000 төгрөгийг төлөөд гар утсаа авсан, үлдэгдэл 800,000 төгрөгийг удахгүй өгнө, манай найз гэж хэлээд өгөөгүй байгаа юм.

-Зээлийн 4610 дугаартай П.Б 1,300,000 төгрөгийн зээл аваагүй, би хуурамчаар зээл бичээд гаргаад өөрийн мөнгийг авдаг байсан.

-Зээлийн 4182 дугаартай 1,800,000 төгрөг, 1796 дугаартай 700,000 төгрөг, 4480 дугаартай 4,000,000 төгрөгийн зээлийг би хувьдаа өөрийнхөө нэр дээр аваад буцааж төлөөгүй байгаа.

-Зээлийн 4866 дугаартай А.Г I phone 6 загварын гар утас барьцаанд тавьж 250,000 төгрөгийн зээл авсан тухай мэдэхгүй байна. Тухайн үед шоудаж байх үедээ гар утсыг авч яваад зараад өөртөө ашигласан байх.

-Зээлийн 1724, 4481 дугаартай Б.Бийн нэр дээрх 2,400,000 төгрөгийг би тухай үедээ Б.Бтэй гэр бүлийн харилцаатай байсан, регистрийн дугаарыг мэдэж байсан болохоор хуурамч зээл үүсгээд мөнгийг би өөрөө авсан.  Зээлийн:

- 5014 дугаартай А.Г гэсэн 100,000 төгрөгийн,

- 4937 дугаартай Б.Б 300,000 төгрөгийн,

- 5147 дугаартай Э.Н120,000 төгрөгийн,

- 4488 дугаартай Ж.Б 300,000 төгрөгийг би бас хуурамчаар бичиж өөрөө авсан.

- Зээлийн 3937, 3966 дугаартай А.Г нэр дээр бүртгэлтэй 3,150,000 төгрөгийн зээлийг өмнө зээл авсан хүмүүсийн нэр дээр хуурамч зээл үүсгээд мөнгийг би өөрөө авсан. Эд зүйлийн оронд барьцааны хуудас дээр бичсэн баримтын нэртэй ижил төстэй ажиллахгүй эвдэрхий зүйл цүнхэнд хийгээд тавьчихдаг юм. Мөнхөө гэж өмнө зээл авч байсан болохоор дээрх гэрээний дугаартай хоёр зээлийг аваагүй, би хуурамчаар баримт бүрдүүлээд эвдэрхий эд зүйл хийсэн байгаа.

-Зээлийн 4010 дугаартай иргэн Д.Б гэх 2,800,000 төгрөгийн зээлийн тухайд гар утасны засварын ах байгаа. Надаас зээл аваагүй. Би хуурамчаар зээл гаргаад өөрөө мөнгийг авсан. Барьцааны эд зүйлийн оронд эвдэрхий утас, хайрцагт хийгээд тавьсан байгаа.

-Зээлийн 2981 дугаартай Н.Н гэх 1,600,00 төгрөгийн зээлийн тухайд Наранбаяр нь 10 жилийн найз байгаа юм. Барьцаанд эд зүйл тавиагүй байгаа. Би эвдэрхий дэлгэц авчраад зээл бичээд өөрөө мөнгийг авсан юм.

-Зээлийн 3768 дугаартай Ч.Г гэх 150,000 төгрөгийн зээлийг би хуурамчаар хийгээд мөнгийг өөрөө авсан.

-Ё.Х 3,000,000 төгрөгийн зээл аваагүй, би өөрөө мөн хуурамчаар бичээд гарсан байгаа. Өмнө ажилд хураагдсан байсан ажиллахгүй эд зүйлийн нэр дээр зээл бичээд гараад өөрөө мөнгийг авсан.

-Зээлийн 3874 дугаартай иргэн Л.Ц гэх 1,600,000 төгрөгийн зээл аваагүй, би хуурамчаар хийсэн.

-Т.Ч 60,000 төгрөгийн зээл аваагүй.

-Зээлийн 3820 дугаартай Б.А нь миний аав байгаа юм, зээл аваагүй, би өөрөө хуурамчаар хийсэн. Алтан гинж, бөгж, бугуйвч гээд байгаа зүйлийг би зах дээрээс хуурамч төмөр эдлэл аваад хийсэн.

-Зээлийн 2867 дугаартай Н.Э нь 1,500,000 төгрөгийн зээл аваагүй, I phone маркийн утасны сэлбэг хийсэн байгаа байх.

-Зээлийн 2867, 1914, 3633 дугаартай С.Э нь 8,620,000 төгрөгийн зээл аваагүй. Миний таксины ах байгаа. Зээл аваагүй би хуурамчаар бичээд өөрөө мөнгө авсан юм.

-Зээлийн 4802 дугаартай А.А 200,000 төгрөгийн тухайд миний төрсөн эгч байгаа, зээл аваагүй би зах дээрээс хуурамч эд зүйл авчраад зээл бичээд өөрөө мөнгийг авсан.

-Зээлийн 3339 дугаартай Б.Н 3,635,000 төгрөгийн зээл бас л хуурамчаар хийж гаргасан байгаа.

-Зээлийн 3964 дугаартай Я.Ү 300,000 төгрөгийн зээл адилхан хуурамчаар хийж мөнгийг би өөрөө авсан.

-Зээлийн 3394 дугаартай А.М 1,800,000 төгрөгийн зээлийг хуурамчаар гаргаж өөрөө мөнгийг авсан.

-Зээлийн 3073 дугаартай О.Э 1,100,000 төгрөгийн зээлийг хуурамчаар хийж би авсан.

Дээрх хүмүүс миний ойр дотны анги найз, ажлын ойр орчим ажиллаж байсан хүмүүс байгаа. Мөн өмнө зээл авч байсан хүмүүсийн мэдээллийг хараад хуурамч зээл гарсан. Мөн зээлийн барьцаа эд зүйл гэх эвдэрхий зүйлүүдийг засварын газар дээрээс хямдхан худалдаад авчдаг байсан. Би кассын үлдэгдэл 4,517,372 төгрөгийг авсан.”гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 201-206 дахь тал),

2022 оны 03 дугаар сарын 14-ны өдөр өгсөн:

Би хуурамч зээл гарсан 51,615,000 төгрөг, кассын 4,517,372 төгрөг, эд зүйл зарж борлуулах байсан 7,800,000 төгрөгийг завшсанаа хүлээн зөвшөөрөөд ярьсан. Би дээрх мөнгийг хувьдаа зарцуулаад дуусгасан, одоо буцаан төлөх болно. 7,800,000 төгрөгийг надад захирал хураагдсан эд зүйл өгөөд заруулах гэж байсан, эд зүйлийг хувьдаа авсан байгаа. ...” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 230-231 дэх тал),

 

25. “Баян сагсай аудит” ХХК-ийн 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 1/19 дугаартай тайланд:

1. Гүйцэтгэсэн горимын дагуу зээлийн ажилтан А овогтой А.Бын нь компанийн үндсэн ажилтан гэдгийг тогтоов.

2. А.Б нь 2017 оны 01 сарын 15-ны өдрөөс 2017 оны 12 сарын 26-ны өдрийг хүртэл ажиллаж байх хугацаандаа хураагдсан зээлүүдийн барьцаа хөрөнгө болох 7 800 000 төгрөгийн бараа /хавсралт 2/, 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр ажлаа хаяж явсны дараа илэрсэн А.Б өөрийнх нь олгосон барьцаа байхгүй идэвхтэй зээлүүд болох 22,443,600 төгрөг. Үүнээс мөрдөн байцаалт шалгалтын явцад 3,023,600 төгрөгийн эд зүйлийг холбогдох эзэд нь төлж, 19,420,000 (22,443,600-3,023,600) төгрөг. /хавсралт 4, 5/ Нийт 27,220,000 (7,800,000+19,420,000) төгрөгийн бараа дутаасан болохыг тогтоов.

            3. Гүйцэтгэсэн горимын дагуу А.Б нь 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл ажиллаж байх хугацаандаа:

            -2017 оны 12 дугаар сарын 26-ний өдрийн “Кассын тайлангаар”-аар кассад нийт 5,996,967 төгрөг байх ёстойг тус компанийн хэрэглэж байгаа “Менежмент софт” ХХК-ийн “Прокредитор” программын архиваас тогтоов. А.Бын ажлаа орхиж явсны дараа кассын үлдэгдэл яг хэдэн төгрөг байсан бэ гэдгийг тогтоох боломжгүй байна /хавсралт 6/.

            -Мөн 2017 оны 12 дугаар сарын 26 буюу ажлаа хаяж явсны дараа илэрсэн А.Бын өөрийнх нь олгосон чанаргүй муу зээл 55,542,400 төгрөг. /хавсралт 7/ Үүнээс мөрдөн байцаалт шалгалтын явцад 13,867,400 төгрөгийн эд зүйлийг холбогдох эзэнд нь төлж 41,675,000 (55,542,400-13,867,400) төгрөг. /хавсралт 8, 5/, Дээрх хоёрдугаар зүйлд тодорхойлсон 27,220,000 төгрөгийн бараа. Эдгээрийг нэгтгэн дүгнэвэл компанид нийт 68,895,000 (41,675,000 +27,220,000) төгрөгийн хохирол учруулсан болохыг тогтоов.

            4.А.Б нь Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нэхмэлийн шарын _ тоот хаягт үйл ажиллагаа явуулж буй “_” ломбардад 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс ажиллаж эхэлсэн. 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр ажлаа хаяж явсан болохыг захирлын тушаал, тус компанийн хэрэглэдэг “Менежмент софт” ХХК-ийн барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний программ, камерын бичлэгийг үндэслэн тогтоосон. Энэ хугацаанд мөнгө, бараа, эд зүйл дутааж тус компанид хохирол учруулсан байна. “ гэсэн тайлан, жагсаалт (1 дүгээр хавтаст хэргийн 71-73, 86-87 дахь тал), 

 

26.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Эдийн засгийн шинжилгээний 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн №100 дугаартай:

 

-Шинжилгээг: 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн аудитын дүгнэлт, иргэн А.Бын дансны хуулга, 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдөр ирүүлсэн хавтаст хэрэг 1, 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр ирүүлсэн 11 боть санхүүгийн баримт зэргийг үндэслэн хийсэн болно.

Дүгнэлтэд:

1. “Баян Сагсай Аудит” ХХК-ний 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн аудиторын дүгнэлт үндэслэлтэй байна.

2.“_” ХХК-ний “_” барьцаалан зээлдүүлэх газар ажиллаж байсан А.Б нь иргэдэд 57,685,000 төгрөгийн зээл олгосон байна. Дээрх зээлийн баримт нь гарын үсэг байхгүй, барьцаагүй мөн үнэлгээ өндөр барьцаатай зээл гаргасан байна. Тухайн зээлийн хариуцагчийг мөрдөн байцаалтаар тогтоолгохоор байна. гэсэн дүгнэлт, А.Бын гаргасан зээлийн жагсаалтын тооцоо /шинжээч Б.Ц/ (1 дүгээр хавтаст хэргийн 64-69 дэх тал), 

 

            27. Шинжээч Б.Цийн 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:“...Баян сагсай аудитын дүгнэлтийн хавсралт 4, 5 дурдагдсан баримтын хүрээнд барьцаагүй зээлийн мөнгөн дүн 19,420,000 төгрөгөөр тэнцүү хавсралт 7-д “А.Бын өөрийн олгосон чанаргүй муу зээл 55,542,400 төгрөгөөс мөрдөн байцаалтын явцад 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 13,867,400 төгрөг төлж 41,675,000 төгрөг үлдсэнээс 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр холбогдох эзэд нь 3,410,000 төгрөг төлж 38,265,000 төгрөг үлдсэн. Баян сагсай аудитын дүгнэлтэд тусгагдсан ажлаа хаяж явсны дараа кассын үлдэгдэл хэдэн төгрөг байсныг тогтоох боломжгүй байсан. “Баян сагсай” аудитын дүгнэлтэд дурдагдсан, хураагдсан зээлүүдийн барьцаа хөрөнгө болох 7,800,000 төгрөгийг А.Б хариуцах санхүүгийн анхан шатны баримт байгаагүй. Нэгтгэн дүгнээд хэлбэл “Баян сагсай” аудитын дүгнэлтээр 68,895,000=41.675.000 +19,420,000+7,800,000 гарсан. Харин шинжээчийн дүгнэлтээр 57,685,000=(41,675,000-3,410,000)+19,420,000 гэж гарсан. ...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 32-33 дахь тал),

 

28. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Эдийн засгийн шинжилгээний бүрэлдэхүүнтэй шинжээчдийн 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн № 69 дугаартай:

 

Шинжилгээг хийхдээ: мөрдөгчөөс ирүүлсэн _ ХХК-ийн _ барьцаалан зээлдүүлэх газрын санхүүгийн 7 хавтас баримт болон 2 хавтас хэргийн баримтыг үндэслэн холбогдох хүмүүсээс тайлбар тодруулга авч хийсэн.

Дүгнэлт:

1. 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн “Баянсагсай Аудит” ХХК-ний 1/19 дугаартай аудиторын дүгнэлт, 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 100 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд нь тухайн үед ирүүлсэн баримтын хүрээнд үндэслэлтэй гэж үзэхээр байна.

-Дахин шинжилгээгээр:

1/“_” ХХК-н “_” ломбардын 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн тооцоо нийлсэн актаар 7,800,000 төгрөгийн “Хугацаа дуусаж хураагдан зарж борлуулах зээлийн жагсаалтыг үйлдэн захирал М.Ч болон ажилтан А.Б нар баталгаажуулан гарын үсэг зурсан боловч шинжилгээнд анхан шатны баримт ирээгүй тул тогтоогдох боломжгүй байна.

2/“_” ХХК-ний “_” барьцаалан зээлдүүлэх газар ажиллаж байсан А.Б нь иргэдэд 77,986,000 төгрөгийн зээл олгосон байна. Мөрдөн байцаалтын явцад нийт 23,681,000 төгрөгийн зээл төлөгдсөн бөгөөд дахин шинжилгээгээр төлөгдөх зээлийн үлдэгдэл 54,305,000 төгрөг байна.

2. “Баян сагсай Аудит” ХХК-ийн 2019 оны 04 дүгээр сарын 03-ны дүгнэлт гарах хугацаанд 16,891,000 төгрөгийн зээл буцаан төлөгдөж, үлдэгдэл зээл 61,095,000 төгрөг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Эдийн засгийн шинжилгээний хэлтсийн 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 100 дугаартай шинжилгээний явцад 3,410,000 төгрөгийн зээл буцаан төлөгдсөн тул нийт 20,301,000 төгрөгийн зээл эргэн төлөгдөж зээлийн үлдэгдэл 57,685,000 болсон байна.

3.“_” ХХК-ний “_” барьцаалан зээлдүүлэх газар ажиллаж байсан А.Б нь иргэдэд нийт 77,986,000 төгрөгийн зээл олгосон байна. Үүнээс 23,681,000 төгрөгийн зээл төлөгдөж зээлийн үлдэгдэл 54,305,000 төгрөг байна. Зээлийн баримтууд нь мөнгө хүлээн авсан, хүлээлгэн өгсөн гарын үсэг байхгүй, зарим зээл барьцаагүй, үнэлгээ өндөр зэрэг зөрчилтэй байна. Энэхүү зээлийг хавсралтад дурдсан 69 зээлдэгч авсан эсэхийг мөрдөн байцаалтаар тогтоохоор байна. Хавтаст хэрэгт авагдсан анхан шатны баримтгүй хураагдсан зээлүүдийн барьцаа хөрөнгө болох 7,800,000 төгрөгийг А.Б хариуцах эсэхийг мөрдөн байцаалтаар тогтоохоор байна. /шинжээч Ж.Б, Б.Н, Д.Б/ гэсэн дүгнэлт, хавсралт жагсаалт (2 дугаар хавтаст хэргийн 37-42 дахь тал), 

 

29. “_” ХХК-н №000070688 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ (гишүүдийн тоо-1, үйл ажиллагааны чиглэл барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ, бүртгэсэн 2006.07.08, улсын бүртгэлийн дугаар 1411009125, захирал Мөнхнасан овогтой М.Ч) (1 дүгээр хавтаст хэргийн 121 дэх тал),

 

30. “_” ХХК-н захирал М.Ч, А.Б нарын хооронд 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ны өдрийг хүртэл хугацаагаар байгуулсан хөдөлмөрийн гэрээ (1 дүгээр хавтаст хэргийн 122 дахь тал), А.Бын 01306543 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр (1 дүгээр хавтаст хэргийн 198 дахь тал),

 

31. “_” ХХК-н Санхүүгийн баримтад: 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдөр гаргасан гомдол дахь гэрээний дугаартай зээлээс буцаан төлөгдөж, 16,891,100 төгрөг хасагдсан гэсэн баримт (1 дүгээр хавтаст хэргийн 124 дэх тал), 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн с-01 тоот кассын тооллогын акт (1 дүгээр хавтаст хэргийн 125-126 дахь тал), “_” ХХК-н _ ломбард тооцоо нийлсэн акт (1 дүгээр хавтаст хэргийн 127 дахь тал),

 

32.“_” Барьцаад зээлийн үйлчилгээ гэх №4182, 4640,4610,3769,4484,4563, 2613, 4176, 3789, 3113, 3820, 4488, 4188, 5147, 4937, 5014, 4480, 4481, 1724, 1796, 4866, 3714, 3460, 4160, 4106, 4426, 2781, 387, 2895, 3728, 3825, 376, 3966, 2981, 3753, 3605, 3937, 166-178 дугаартай баримтууд (1 дүгээр хавтаст хэргийн 126-178 дахь тал),

 

33. Хан-Уул дүүргийн Засаг даргын 2020/984 дугаартай “_” ХХК-д 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2020/984 дугаар гэрээг үндэслэн тус дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх батламж /үйл ажиллагааны чиглэл:Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ/ гэсэн баримт (2 дугаар хавтаст хэргийн 48 дахь тал),

 

34. Мөрдөгчөөс 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хөндлөнгийн гэрч оролцуулан барьцаанд хураагдсан гэх эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (2 дугаар хавтаст хэргийн 132-139 дэх тал), эд мөрийн баримтаар тооцсон тогтоол (2 дугаар хавтаст хэргийн 222-223 дахь тал),

 

            35. Дамно ХХК-ийн 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн ХУ1-18-75 дугаартай  тайланд: _ нэртэй барьцаалан зээлдүүлэх газарт барьцаанд тавьсан эд зүйлийн жагсаалтыг хүснэгтээр гаргаж зах зээлийн үнэлгээг гаргуулах: нийт 3.779.924 төгрөгөөр тогтоосон хөрөнгийн үнэлгээний тайлан (1 дүгээр хавтаст хэргийн 92-94 дэх тал), 

 

             36.А.Бт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан шийдвэрүүд:

          -2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс А.Быг сэжигтнээр шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчлах мөрдөгчийн тогтоол (1 дүгээр хавтаст хэргийн 102 дахь тал), 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр сэжигтэн А.Быг сулласан прокурорын тогтоол (1 дүгээр хавтаст хэргийн 103 дахь тал),

          - 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс яллагдагчаар 1 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан захирамж (1 дүгээр хавтаст хэргийн 119 дэх тал) болон мөн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл (1 дүгээр хавтаст хэргийн 232 дахь тал),

          -2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс яллагдагчийг шүүхэд шилжүүлэх асуудлыг шийдвэрлэх хүртэл хугацаагаар (1 дүгээр хавтаст хэргийн 241 дэх тал),

          -2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс шүүх хуралдаан эхлэх хүртэл (1 дүгээр хавтаст хэргийн 244-245 дах тал),

          -2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс хэргийг прокурорт очтол (2 дугаар  хавтаст хэргийн 4 дэх тал),

          -2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл (2 дугаар  хавтаст хэргийн 8 дахь тал) хугацаанд тус тус яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгаж 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс цагдан хорих хугацааг сунгахаас татгалзаж, сулласан, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан (2 дугаар хавтаст хэргийн 24-25 дахь тал),

          -2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, хугацааг сунгасан (2 дугаар хавтаст хэргийн 114 дэх тал),

          -2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл (2 дугаар хавтаст хэргийн 117 дахь тал),

          -2022 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл (2 дугаар хавтаст хэргийн130 дахь тал),

          -2022 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл (2 дугаар хавтаст хэргийн 224 дэх тал),

          -2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс яллагдагчийг шүүхэд шилжүүлэх асуудлыг шийдвэрлэх хүртэл (2 дугаар хавтас),

          -2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс шүүх хуралдаан эхлэх хүртэл (2 дугаар хавтас) тус тус яллагдагч, шүүгдэгчээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан шийдвэрүүд,

 

             37. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтуудад: Иргэний үнэмлэхийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 194 дэх тал), байнга оршин суух  хаягийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (1 дүгээр хавтаст хэргийн 198 дахь тал), үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн мэдээлэл (1 дүгээр хавтаст хэргийн 200 дахь тал), _ УНЗ Т.Приус тээврийн хэрэгсэл бүртгэлтэй тухай 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 183, 227 дахь тал), Хаан банканд эзэмшдэг дансны хуулга (1 дүгээр хавтаст хэргийн 207-214 дэх тал), Төрийн банкны дансны хуулга (2 дугаар хавтас хэргийн 52 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (1 дүгээр хавтас хэргийн 201 дэх тал) болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Гурав: Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт, хууль зүйн дүгнэлт.

 

  1. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч санал, хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч А.Б нь 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс мөн оны 12 дугаар сарын 26-ны хооронд “_” ХХК-ийн харьяа Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, _ тоот хаягт байрлан үйл ажиллагаа явуулдаг “_” барьцаалан зээлдүүлэх газарт үйл ажиллагаа хариуцсан ажилтнаар ажиллаж байхдаа барьцаа хөрөнгөгүй, эсхүл эд зүйл барьцаалсан мэтээр тэмдэглэл үйлдэн зээл нэрийдлээр бүртгэж 51,615,000 төгрөгийг байгууллагаас гарган авсан, кассын үлдэгдэл 4,517,372 төгрөг, 7,800,000  төгрөгийн үнэ бүхий хураагдсан эд зүйлсийг тус тус өөрийн хэрэгцээндээ зарцуулж завшин, “_” ХХК-д 63,932,372 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож байна.

А.Б нь хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан байх боловч ажлаа хаяж явснаар хяналт шалгалт явуулахад зарим барьцаат эд зүйл нь эвдэрхий эсхүл хуурамч зүйл үлдээсэн, барьцаат эд зүйл нь олгосон зээлийн хэмжээнд хүрэхгүй байсан талаар хохирогч мэдүүлсэн, гэрч нар зээл аваагүйгээ мэдүүлсэн, яллагдагч өөрөө мэдүүлсэн. Шүүгдэгч нь компаниас хариуцуулан өгсөн бэлэн мөнгийг албан тушаалаа ашиглан өөртөө зарцуулж, эд зүйлийг хэт өндөр үнээр, эсхүл огт зээл аваагүй хүний нэр дээр хуурамч эд зүйл барьцаалах зэргээр тэмдэглэл үйлдэн, бусдад зээл олгосон мэтээр программд бүртгэж өөртөө завшсан байна. Өмгөөлөгч  А.Быг 2017 оны 3 сараас ажиллаж эхэлсэн, хохирогч 2020 онд барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулах эрх авсан байна гэж маргасан. Компани хэзээнээс зөвшөөрөлтэй ажилласан нь тусдаа асуудал ба, харин А.Бт эд хөрөнгө хариуцуулж, тушаал шийдвэр гаргасан нь нотлогдож байх тул шүүгдэгчийн үйлдлийг зөвтгөх үндэслэл болохгүй, тухайн үед “_” ломбард үйл ажиллагаа явуулж байсан, 75,000,000 төгрөгийн зээлээс 51,615,000 төгрөгийг хууль бус гэж шинжээч тогтоосон. 23,385,000 төгрөгийн зээл бодитоор олгогдсон. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зөвшөөрч байгаа гэх 43,195,000 төгрөг нь баримтаар тогтоогдоогүй. Иймээс А.Б нь  2017 оны 1 дүгээр сараас 2017 оны 12 дугаар сар хүртэл ломбардад үйл ажиллагааг хариуцан ажиллаж байсан нь нотлогдож байгаа. 2,000,000 төгрөгийн баримттай эд зүйлийг зохих журмын дагуу барьцаат зээлийг олгосон гэж үзсэн. Хохирогчийн мэдүүлгийн эх сурвалж хангалттай нотлогдсон. Эдгээр нөхцөл байдлаас дүгнэж шүүгдэгчийг итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглаж завшиж 63,932,372 төгрөгийн хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. Хохирлын хувьд 63,932,372 төгрөгийн хохирол учруулсныг шүүгдэгчээс гаргуулж, хохирогчид олгуулах, хэрэгт хураагдсан 3.779.920 төгрөгийн эд зүйлийг шүүгдэгч А.Бт буцаан олгуулах саналтай. Учир нь эвдэрхий эд зүйлийг хохирогчид өгч хохирол нөхөн төлөгдсөнд тооцох боломжгүй. Устгуулах санал хэлбэл шүүгдэгч миний үнэтэй эд зүйлийг устгах гэлээ гэхийг үгүйсгэхгүй. Зарим эд зүйл нь үнэлэгдсэн учраас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан эд зүйлийг шууд устгаж болохгүй гэж үзэж, шүүгдэгч өөрөө энэ эд зүйлийг олж өгсөн тул өөрт нь буцаан өгөх нь зүйтэй гэж үзсэн. Харин хохирогчид олгох хохирлоос тооцож хасах үндэслэлгүй. Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээг прокурор нотлох баримтаар үнэлээгүй. ” гэсэн;

Хохирогчийн өмгөөлөгч Г.Учралаас “Хохирогч өөрт учирсан хохирлыг багасгах ажиллагаануудыг идэвхтэй хийсэн. Ломбардын үйл ажиллагааг товч тайлбарлахад тухайн байгууллагын үйл ажиллагаа хариуцсан ажилтан нь “_” нэртэй барьцаалдан зээлдүүлэх газраас олгогдсон эрх хэмжээний хүрээнд үйлчлүүлэгчийн нүдэн дээр тухайн эд зүйлийг  шалган үнэлгээ гаргаж, гарын үсэг зуруулан баталгаажуулж, тодорхой хугацааны дараа авахаар тохиролцон лацдан хадгалдаг. Тэгэхээр хугацаа дуусаагүй, зээл сунгагдаад явж байгаа эд зүйлийг М.Ч хугацаа дуусахаас өмнө шалгаж тогтоогоод, задлаад дотор нь хуурамч, эвдэрхий зүйл байгаа эсэхийг шалгах боломжгүй. Дээрх нөхцөл байдлыг шүүгдэгч А.Б өөртөө ашигтай байдлаар ашиглаж, компанид хохирол учруулсан. Шүүгдэгчийн өмгөөлөгч нотлох баримтгүй гэж ярьж байна. Шүүхийн хэлэлцүүлэгт нотлох баримтыг судлахад хэргийн 128-160 дугаарт баримтууд байна, түүн дээр А.Б заримыг нь гарын үсэг зурсан, зураагүй талаар хүлээн зөвшөөрсөн. Мөн ломбардад ажиллуулдаг программ байдаг, үүн дээр бүх баримт шивэгдээд гардаг. Шүүгдэгч А.Б асуудал гаргаад байсан тул тооцоо нийлсэн акт үйлдэж хоёр тал гарын үсэг зурж, баримт үйлдсэн зэргээр нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон. Ломбардын үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийн тухайд   зөвшөөрөл 01 жилийн хугацаатай байдаг. Мөрдөн байцаалтад зөвшөөрөл шаардлагатай гэхэд тухайн үед байсан зөвшөөрлөө өгсөн. Түүнээс зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулаагүй” гэдгийг тайлбарлах нь зүйтэй. Шүүгдэгч А.Б туршилтын хугацаагаар ажиллаж байгаад 3 сард хөдөлмөрийн гэрээ байгуулсан гэдэг нь шинжлэн судалсан баримтаар тодорхой болсон. Шүүгдэгч А.Б компанид хохирол учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг боловч эргэн төлөлт хийгээгүй байгаа нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байна гэсэн дүгнэлтэд хүргэж байна. Хохирлыг нөхөн төлүүлэх саналтай” гэсэн ;

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Золжаргалаас шүүгдэгчийн холбогдсон хэргийн зүйлчлэлийг өөрчлөх саналтай талаар танилцуулж, дүгнэлтдээ “_” барьцаалан зээлдүүлэх газар А.Бт хэчнээн төгрөгийн эд хөрөнгө хариуцуулан өгсөн нь нотлох баримгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааг нотлох ёстой. Шүүгдэгчийг “_” барьцаалан зээлдүүлэх газарт 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс мөн оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүртэл ажиллаж байхдаа гэмт хэрэг үйлдсэн гэж прокурор яллах дүгнэлт үйлдсэн. Гэтэл А.Бын зээл өгсөн хүмүүсийн жагсаалтын огноо 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс эхэлсэн байхад цаг хугацааг буруу яллаж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол дангаараа нотлох баримт болохгүй” гэж заасан ба хохирогчийн мэдүүлгийн эх сурвалж нотлогдох ёстой. Санхүүгийн анхан шатны ямар ч баримтгүй, хохирогч мэдүүлгийн эх сурвалжаа зааж чадахгүй бол нотлох баримтаар үнэлэх боломжгүй. Туршилтын хугацаагаар дагалдан хийж байгаа хүнийг ажилтан гэж үзэхгүй. Тэгэхээр А.Б 01 дүгээр сард зээл олгох эрхтэй, итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг хариуцаад явах албан тушаалтан мөн үү. 2017 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс албан ёсоор ажиллаж эхэлсэн тул 2 сард олгосон зээл хохиролд хамааралгүй, 2017 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс тооцно. “_” ХХК болон А.Б гэсэн субъект байгаа. Гэтэл хөдөлмөрийн гэрээнд үйл ажиллагаа хариуцсан үндсэн ажилтан гэсэн байх ба “_” барьцаалан зээлдүүлэх газар гэсэн үг, үсэг байхгүй. Иймээс “_” барьцаалан зээлдүүлэх газар А.Быг зээл хариуцсан ажилтнаар аваад, хэчнээн төгрөгийн эд хөрөнгө итгэмжлэн өгсөн баримтгүй байхад итгэмжлэн хариуцсан, завшсан гэсэн үндэслэлгүй. Мөн “_” барьцаалан зээлдүүлэх газар хууль ёсны дагуу үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй байсан уу гэхээр тухайн үед зөвшөөрөлгүй байсан. Хэрэгт 2020 оны 10 сараас 2021 оны 10 сар хүртэл үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл байсан. Хохирлын тухайд шинжээчийн дүгнэлтийн хавсралтаар тооцоод үзэхэд 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс мөн оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд А.Б 30 хүний нэрээр 35 удаа хуурамч баримт бүрдүүлээд 43,195,000 төгрөгийн зээл гаргасан. 30 хүний 26.995.000 төгрөгийн зээл бодитой төлөгдсөн, 54,305,000 төгрөг төлөгдөөгүй гэсэн байна. Гэтэл яллах дүгнэлтэд 51,615,000 төгрөг байх ба 2.690.000 төгрөгийн зөрүү байна. Тооцоод үзэхэд 43,195,000 төгрөг байх тул энэ нь их хэмжээний хохиролд хүрэхгүй. А.Быг 35 удаагийн үйлдлээр хохирол 43,195,000 төгрөгийн хохирол учруулсан гэж гарч байгаа. 30 удаа хууль бусаар зээл гаргасан нь тогтоогдож байна. Кассын үлдэгдэл 4,517,372 төгрөг байсан гэдгийг нотлох баримтгүй. Шинжээчийн дүгнэлтээр кассын үлдэгдэл хэдэн төгрөг байсныг тогтоогоогүй, тогтоох боломжгүй гэсэн. Хураагдсан зээлийн барьцааны хөрөнгө болох 7,800,000 төгрөгийг А.Б хариуцсан гэх анхан шатны санхүүгийн баримт байхгүй” гэж мэдүүлсэн. Иймд кассын үлдэгдэл 4,517,372 төгрөг, 7,800,000 төгрөгийн үнэ бүхий хураагдсан эд зүйлсийг А.Б авсан гэх баримтгүй. 3,779,920 төгрөгийн үнэлгээ бүхий 29 нэр төрлийн эд зүйлс ломбардын барьцаа эд хөрөнгө байхад улсын яллагч шүүгдэгчид буцаан олгуулна гэж буй нь ойлгомжгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд заасан хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогыг хэрхэн шийдвэрлэх талаар заасан. Дээрх эд зүйлийг хохирогчид төлбөрт олгуулах нь зүйтэй гэж үзэж байна. А.Б гарын үсэг зурсан асуудал байгаа. Үүнийг санхүүгийн баримт гэж үнэлэхэд хэцүү, та үүнийг дутаасан тул гарын үсгээ зур гэсний дагуу зурсан гэх мэдүүлгийг өгсөн. Иймээс дүгнэхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар албан тушаалын байдлаа ашигласан болон их хэмжээний хохирол учруулсан гэж зүйлчилсэн зүйлчлэл үгүйсгэгдэж байна. Албан тушаалын байдлаа ашигласан гэх нийгмийн даатгалын дэвтэр, хөдөлмөрийн гэрээ, ажилласан байдлын нотлох баримтгүй учраас “_” нэртэй барьцаалан зээлдэх газрын үйл ажиллагаа хариуцсан ажилтнаар ажиллаж байсан гэдэг тогтоогдохгүй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар хөрөнгө завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруугаа, 30 хүний 43,195,000 төгрөгийн хохирол учруулсан гэдгээ шүүгдэгч А.Б хүлээн зөвшөөрч байгаа. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтыг хэрэгсэхгүй орхиж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож өгнө үү” гэсэн тус тус дүгнэлтийг гаргаж талууд мэтгэлцэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон, шүүгдэгчид холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн холбогдсон хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

“_” ХХК нь нэг гишүүнтэй, барилгын материалын худалдаа, барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 2006 оны 07 дугаар сарын 08-ны өдөр улсын бүртгэлийн 1411009125 дугаарт бүртгүүлсэн, гүйцэтгэх захирал Мөнхнасан овогтой М.Ч болох нь 000070688 дугаартай гэрчилгээгээр тогтоогдож байна. (1 дүгээр хавтаст хэргийн 121 дэх тал),

Хуулийн этгээд “_” ХХК нь үйл ажиллагааны хүрээнд _ оноосон нэртэй барьцаалдан зээлдүүлэх газрыг ажиллуулдаг байх ба А.Б нь тус газарт үйл ажиллагаа хариуцсан ажилтнаар томилогдон ажиллаж байжээ.

Шүүгдэгч А.Б нь “_” ХХК-ийн Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, _ тоот хаягт байрлан үйл ажиллагаа явуулдаг “_” нэртэй барьцаалан зээлдүүлэх газарт үйл ажиллагаа хариуцсан ажилтнаар ажиллаж байхдаа:

-2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 01-ний хооронд барьцаа хөрөнгөгүй, эсхүл эд зүйл барьцаалсан мэтээр баримт үйлдэн зээл нэрийдлээр программд бүртгэж, барьцаат зээлийн үйлчилгээ баримтыг үйлдэн 51,615,000 төгрөгийг байгууллагаас гаргаж авсан,

-2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн байдлаарх кассын үлдэгдэл 4,517,372 төгрөгийг,

-2016 оны 12 дугаар сарын 13-аас 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг дуустал хугацаанд олгогдсон зээлийн үлдэгдэл 7.800.000 төгрөгийн үнэд  хураагдсан барьцаа эд хөрөнгийг тус тус өөрийн хэрэгцээндээ зарцуулж завшсан буюу бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглаж завшсаны улмаас “_” ХХК-д 63,932,372 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан үйл баримт нь:

- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст хүлээн авсан тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 26 дахь тал), “_” ХХК-ийн гаргасан гомдол (1 дүгээр хавтаст хэргийн 27 дахь тал), 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр буулгасан эд зүйлийн гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 28-29 дэх тал),

-Хохирогч ”_” ХХК-ийн захирал М.Ч-ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр өгсөн: “...2017 оны 01 дүгээр сарын эхээр А.Б гэх хүн манай байгууллагын Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “_” барьцаалан зээлдүүлэх газар ажилтнаар ажилд орж 2017 оны 01 дүгээр сарын 15-ний өдрөөс Хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Ажиллах хугацаанд 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр тооцоо нийлж акт үйлдэхэд ...дутагдал гарсан. ...А.Бын  ажлыг шалгахад хөдөлмөрийн гэрээний цалин хөлс, ажил үүрэг хариуцлагын зөрчиж үнэлгээнээс хэт өндрөөр үнэлсэн, хуурамч эд зүйл барьцаалсан, танил тал найз нөхөд болон хувьдаа үүсгэсэн зээлийн жагсаалт нь мөнгөн дүнгээр 77.986.000 төгрөг /хэрэгт авагдсан хүснэгт №2/ болж байгаа. Эдгээр зээлийн жагсаалтаас нийт 16.891.000 төгрөгийн эд зүйлсийг хариуцах эзэнд нь буцааж өгч, хохирлоос хасагдаж 61.095.000 төгрөгийн эд зүйлс үлдсэн. Үнэлгээний байгууллагаар үнэлүүлэхэд 3.779.924 төгрөгийн эд зүйлс болох нь тогтоогдсон. Мөн А.Б нь ажлаа хаяж явахдаа кассаас бэлнээр 4.517.000 төгрөг дутаасан. /хүснэгт №1/ Мөн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн тооцоо нийлсэн актаар 7.800.000 төгрөгийн эд зүйл дутаасныг нэмээд нийт 90.303.000 төгрөгийн өр, дутагдал гаргасан. Хэрэг шалгах явцад хүснэгт №2-т заасан үнийн дүн болох 77.986.000 төгрөгөөс 16.891.000 төгрөгийн эд зүйлийг эздэд нь буцааж өгсөн. Одоо нийт 73.322.000 төгрөг нэхэмжилж байна....” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 49-50 дахь тал) болон,

-2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 47-48 дахь тал), Мөн 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр өгсөн: “...”_” ХХК нь барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ явуулах эрхтэй. Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний оноосон нэр нь “_” ломбард юм. ...гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 47-48 дахь тал),

-2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр өгсөн: “...54,305,000 төгрөг шинжилгээний дүгнэлтээр гарсан. Уг мөнгийг А.Б хувьдаа завшсан, хуурамч зээл гаргасан байсан. Үүнийг би шүүгээд гаргахад хуурамч зээлүүд байсан. Ингээд 54,305,000 төгрөг дээр 7,800,000 төгрөг, кассын үлдэгдэл 4,517,372 төгрөгийг нэмэхээр нийт 66,622,372 төгрөгийн хохирол учраад байгаа. ...7,800,000 төгрөгийг тооцоо нийлсэн актаас өөр нотлох зүйл байхгүй. А.Б өөрөө мэдэж байгаа. Бид хоёр суугаад тооцоо нийлээд гаргасан, өөрөө гарын үсгээ зурж баталгаажуулсан. 54,305,000 төгрөгийг гаргасан зээлүүд нь барьцаа байхгүй, мөнгө хүлээн авсан хүний гарын үсэг байхгүй, барьцаанд авсан гэх эд зүйлс нь хуурамч байсан. Авсан гэх эд зүйлийн үнэлгээ хийлгэж үзэхэд зах зээлийн үнэлгээнд хүрэхгүй маш бага байсан. ...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 110-111 дэх тал),

 

-Гэрч О.Б 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...“_” нэртэй барьцаалан зээлдүүлэх газар Бондгор хочит Бумаа гээд ах ажилладаг байсан. ...барьцаанд эд зүйл тавьж зээл гаргуулж авч байгаагүй. Зээлийн гэрээний хуулбартай танилцлаа. Энэ гэрээнд А.М гэх хүний нэр бүртгэлтэй байна. Гэхдээ регистрийн дугаар, бүртгэгдсэн 88969224_ дугаар нь миний дугаар байна. Гэрээнд байгаа “Делл” маркийн зөөврийн компьютер, монет ээмэг бөгж 22.2 граммтай эд зүйл би барьцаанд тавиагүй. ...миний нэр дээр 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 29-ний хооронд нийт 9 удаа зээл авснаас 7 зээлийг хааж, 2 зээл хаагдаагүй хугацаа хэтрэлттэй явж байгаа харагдаж байна. Гэтэл би огт зээл авч байгаагүй. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 54 дэх тал),

 

-Гэрч Б.Уын 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...“_” нэртэй барьцаалан зээлдүүлэх газраар байнга үйлчлүүлдэг байсан. Хамгийн сүүлд 2017 онд ...эмэгтэй загварын шаргал өнгийн гадаргуутай бугуйн цаг 1 ширхэг, I pad 1 ширхэг, спорт загварын унадаг дугуй 1 ширхэг, хөгжимтэй холбож хэрэглэдэг чанга яригч 1 ширхэг зэрэг эд зүйлийг тухайн үед ажиллаж байсан махлагдуу биетэй залууд барьцаалж 1.190.000 төгрөг авч хэрэглэсэн. Тэрнээс хойш барьцааны эд зүйлээ авч чадахгүй хүүгээ төлж сунгуулж явсаар төлж чадахаа болиод хаясан. Миний барьцаа хөрөнгө “_” нэртэй барьцаалан зээлдүүлэх газар байгаа. Би А.Б гэх хүнийг огт танихгүй, хааяа мөнгөний хэрэгцээ гарахаар тэр ломбардаар үйлчлүүлдэг. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 55 дахь тал),

 

-Гэрч Э.Бийн 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би өөрийнхөө “Леново” маркийн АЯ-5 нотебүүкийг 400,000 төгрөгөөр барьцаанд тавьсан, ...буцаагаад авч чадаагүй. ..” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 56-57 дахь тал),

 

-Гэрч Д.Д 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 27-ны өглөө ...М.Ч нь ломбардаа нээх гэж байгаа юм, гэрчээр оролцоод өгөөч гээд Б бид хоёрыг дагуулаад ломбардаа нээгээд касс дахь мөнгөө тоолох үед 1,400,000 орчим төгрөг байсан. М.Ч тэмдэглэл үйлдээд гарын үсэг зуруулсан....” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 58-59 дэх тал),

 

-Гэрч О.Э 2022 оны 02 дугаар сарын 19-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...А.Бтай таарахад тэр хавд байхаа нэг ломбардад ажиллаж байгаа талаараа хэлж байсан. Гэхдээ би тус газарт нь ямар нэгэн эд зүйл ломбардад тавьж үйлчлүүлж байгаагүй. ...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 141-142 дахь тал),

-Гэрч Л.Мгийн 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би өөрийн болон бусдын эд зүйлийг огт ломбардад тавьж байгаагүй, ялангуяа А.Б гэх хүний ломбардад эд зүйл тавьж байгаагүй....” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 145-146 дахь тал),

 

-Гэрч А.Г 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 2 ширхэг аяга ломбардад тавиагүй. ...Миний гарын үсэг биш байна. Яаж миний овог нэр регистрийн дугаар байгаа талаар мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 148-149 дэх тал),

-Гэрч Э.Ө 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр “_” нэртэй ломбардад “Самсунг” маркийн гар утсыг 280,000 төгрөгийн барьцаанд тавиагүй. ...А.Б нь зүс таньдаг, ахаа эгчээ гээд яваад байдаг байсан, ...миний овог нэр регистрийг яаж мэдсэн талаар мэдэхгүй.  ...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 151-152 дахь тал),

-Гэрч Б.Аын 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би ломбардад тавьсан эд зүйл байхгүй, миний хүү А.Б нь худлаа бичсэн байна... би дээрх алтан гинж 2 ширхэг, бугуйвч 1 ширхэг, бөгж 2 ширхэг, монетон бөгж 2 ширхэг эд зүйлийг 2,500,000 төгрөгийн барьцаанд тавьсан зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 154-155 дахь тал),

-Гэрч М.Д 2022 оны 02 дугаар сарын 19-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2017 оны 06 сарын 10-ны өдөр “blackberry 100-4” загварын гар утсыг 520,000 төгрөгт барьцаанд тавьсан, ...эргэж авч чадаагүй. ...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 157-158 дахь тал),

-Гэрч Т.Ч 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би А.Б гэх хүнийг зүс танина, уг хүнээс ломбардад хураагдсан эд зүйлийн авч зарж өгдөг байсан. ...Надад гар утас, нотебүүк зэрэг эд зүйл өгч заруулдаг байсан, ...Эд зүйлийн зарсан мөнгөө бэлнээр өгдөг байсан. ...Надад хэлэхдээ ломбардад хураагдсан эд зүйлээ заруулж байна, ямар нэгэн асуудал байхгүй гэж хэлсэн. ...Би 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр “_” нэртэй ломбардад Samsung гар утсыг 1,600,000 төгрөгт барьцаанд тавьсан зүйл байхгүй, дээрх эд зүйлийг 60,000 төгрөгийн барьцаанд тавьж байгаагүй. Харин өөр I Phone-5 маркийн гар утас барьцаанд тавиад авч байсан, өөр зүйл барьцаанд тавьж байгаагүй. ...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 160-161 дэх тал),

 

-Гэрч Б.Ч 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...А.Б манай эхнэрийн найзын нөхөр байгаа юм, ...2017 оны 03 дугаар сарын 29-ны өдөр “_” нэртэй ломбардад камерын бичлэгийн төхөөрөмж, 2 ширхэг мессеж илгээдэг төхөөрөмжийг 1,000,000 төгрөгийн  барьцаанд тавьсан. ...А.Бт тавьж байсан. Одоо үлдэгдэл төлбөрөө өгөөд авах юм. ...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 163-164 дэх тал),

-Гэрч А.Г 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би “_” нэртэй А.Бын ажиллаж байсан газар барьцаанд эд зүйл тавьж байгаагүй. ...Надад 2017 ломбардад тавьсан нэг ч эд зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 166-167 дахь тал),

- Гэрч Ч.Г 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би “_” нэртэй ломбардаар 2016 он билүү 2017 онд билүү  үйлчлүүлж байсан. Нотебүүк барьцаанд тавиад авч байсан. Харин зээлийн гэрээний дугаартай LG К4 х230 гэх зүйлийг 150,000 төгрөгийн барьцаанд тавьж байгаагүй. Надад үзүүлсэн зээлийн гэрээнд Ганхэт гэж бичсэн гарын үсэг миний гарын үсэг биш байна...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 169-170 дахь тал),

 

-Гэрч С.Э 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би “_” нэртэй ломбардад А.Быг ажилладаг байсныг мэднэ, түүнээс би дээрх эд зүйлийг ломбардад тавьж байгаагүй....” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 172-173 дахь тал),

-Гэрч Б.М 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Dell маркийн 2 нотебүүк, Sharp загварын зурагт, I phone загварын зурагт зэрэг эд зүйлийг барьцаанд тавьж байгаагүй. Дээрх зүйлийг хуурамчаар бичсэн байна. Миний гарын үсэг биш байна....” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 175-176 дахь тал),

-Гэрч Н.Н 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...эд зүйлийг барьцаанд тавьж байгаагүй, ямар нэгэн зээл аваагүй байгаа. ...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 178-179 дэх тал),

 

Гэрч Л.Ц 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би А.Быг танихгүй, эд зүйлийг барьцаанд тавьж байгаагүй, ...зээл аваагүй. Харин утас, бөгж ломбардад тавьж авч буцаагаад авч байсан. Түүнээс барьцаанд эд зүйлээ тавиад алдаж байгаагүй. Надад 2017 онд ломбардад эд зүйл тавиад алдсан зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 181-182 дахь тал),

- Гэрч А.А 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...А.Б миний төрсөн дүү ...би дүүгийнхээ ажиллаж байсан газар барьцаанд цагаан алтан ээмэг бөгж тавиагүй. А.Б худлаа зүйл бичиж гаргасан байна...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 184-185 дахь тал),

 

-Гэрч М.Х 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр ломбардад эд зүйл тавьж, 400.000 төгрөг авч байгаагүй...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 187-188 дахь тал),

-Гэрч Д.Б 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... “_” ломбардад ...гар утас барьцаанд тавьж байгаагүй. Нэг ширхэг бөгж барьцаанд тавиад авч байсан, өөр зүйл барьцаанд тавьсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 190-191 дэх тал),

 

- Шүүгдэгч А.Бын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр өгсөн: “...Би 2017 оны 01 дүгээр сараас 2017 оны 12 дугаар сарын сүүл хүртэл Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “_” нэртэй ломбардад үндсэн ажилтнаар орж ажилласан. ...хураагдсан эд зүйлийг захирал М.Ч өөрөө ирж тохирох үнэлгээг гаргаж зардаг. Би тухайн үед ломбардад ажиллаж байхдаа хуурамч үнэт эдлэлийг мэдсээр байж өндөр үнээр авдаг байсан. ...Хуурамч эд зүйл гэж үнэт эдлэл, электрон бараа авдаг байсан. ...Би бэлнээр болон Хаан банкны дансаар авдаг байсан. Гэхдээ дансаар бол нээх гүйлгээ хийгээд байдаггүй байсан. ....” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 106-111 дэх тал), 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр өгсөн: “...Би кассаас бэлнээр 4,517,000 төгрөгийг хувьдаа ашигласан. Мөн 7,800,000 төгрөгийг өөрийнхөө хэрэглээнд зарцуулсан. Би өөрийнхөө нэр болон хамтран амьдарч байсан Б, аав Д.А нарын нэр дээр болон өөр бусад хүмүүсийн нэр дээр зээл гаргаж өөрөө авсан. ....” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 112-115 дахь тал) болон 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр өгсөн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 106-107 дахь тал), 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр (2 дугаар хавтаст хэргийн 201-206 дахь тал), 2022 оны 03 дугаар сарын 14-ны өдөр өгсөн мэдүүлгүүд (2 дахь хавтаст хэргийн 230-231 дэх тал), шүүх хуралдаанд шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэлд),

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Эдийн засгийн шинжилгээний бүрэлдэхүүнтэй шинжээчдийн 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн № 69 дугаартай дүгнэлт (2 дугаар хавтаст хэргийн 37-42 дахь тал), хөдөлмөрийн гэрээ (1 дүгээр хавтаст хэргийн 122 дахь тал), А.Бын 01306543 дугаартай Нийгмийн даатгалын дэвтэр (1 дүгээр хавтаст хэргийн 198 дахь тал), “_” ХХК-н санхүүгийн анхан шатны баримт (1 дүгээр хавтаст хэргийн 124 дэх тал), 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн с-01 тоот кассын тооллогын акт (1 дүгээр хавтаст хэргийн 125-126 дахь тал), “_” ХХК-н _ ломбард тооцоо нийлсэн акт (1 дүгээр хавтаст хэргийн 127 дахь тал), “_” Барьцаат зээлийн үйлчилгээ гэх баримтууд (1 дүгээр хавтаст хэргийн 126-178 дахь тал), эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (2 дугаар хавтаст хэргийн 132-139 дэх тал), эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол (2 дугаар хавтаст хэргийн 222-223 дахь тал) болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хэрэгт авагдсан, шинжлэн судалсан дээрх нотлох баримтыг шүүх хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар бүхэлд хянаж, харьцуулан шинжлэх, эх сурвалжийг магадлах аргаар шалгахад хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримт тогтоогдсон тул хууль ёсны нотлох баримтууд гэж үзэж, шийдвэрийн үндэслэл болгосон болно. 

Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч А.Золжаргалаас А.Б нь 2017 оны 1 сард дадлагажигч байсан, нийгмийн даатгалын дэвтэрт 2017 оны 3 сараас бичилт хийгдсэн, эд хөрөнгийг хүлээлгэн өгсөн баримтгүй тул итгэмжлэн хариуцсан этгээд, албан тушаалтан эд хөрөнгө завшсан гэх байдал тогтоогдоогүй, бодитоор тооцоход хохирлын хэмжээ 43,195,000 төгрөг байна гэж тайлбарлаж, гэмт хэргийн хүндрүүлсэн шинж албан тушаалтан, их хэмжээний хохирол зэрэг нотлогдоогүй тул  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү гэсэн дүгнэлт гаргасныг шүүх хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэсэн. Учир нь:

Шүүгдэгч А.Б нь “_” ХХК-ний “_” барьцаалан зээлдүүлэх газарт үйл ажиллагаа хариуцсан ажилтнаар ажиллаж байсан нь хохирогчийн мэдүүлэг, хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын дэвтэр, санхүүгийн анхан шатны баримтуудаар тогтоогдсон.

Шүүх хуралдаанд шүүгдэгч А.Баас хөдөлмөрийн гэрээг ажилд орноос хойш 3-4 сарын дараа байгуулсан гэж мэдүүлэх боловч “_” ХХК-н захирал М.Ч, А.Б нарын хооронд 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ны өдрийг хүртэл хугацаагаар хөдөлмөрийн гэрээ (1 дүгээр хавтаст хэргийн 122 дахь тал) байгуулсныг, А.Бын 01306543 дугаартай Нийгмийн даатгалын дэвтэрт 2017 оны 1, 3-12 дугаар сар хүртэлх хугацааны бичилт тэмдэглэгдсэн байгааг үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй.

Хөдөлмөрийн гэрээнд үйл ажиллагаа хариуцсан ажилтан нь барьцаалан зээлдүүлэх ажлын дотоод журмыг мөрдөж ажиллах, барьцаанд авах үнэт зүйл, зах зээлийн ханшийн 70-90 хувиар үнэлэх, өөрийн үнэлж авсан үнэт зүйл, зээлийн барьцаатай холбогдолтой дамжин борлуулах болон бусад зээлтэй холбогдолтой асуудлыг хариуцах, бэлэн мөнгө кассын тайланг тулгаж, гүйцэтгэх ажилтантай тооцоо нийлж хүлээлцэх үүрэгтэй талаар тохиролцож, А.Б гарын үсгээ зурсан байх бөгөөд шүүгдэгч А.Б нь барьцаалан зээлдүүлэх газрын зээлийн үйл ажиллагааг хариуцдаг, барьцааны эд зүйлийг үнэлж шалгаж авах зэргээр ажиллаж байсан байна.

Мөн шүүх хуралдаанд шүүгдэгч А.Баас иргэдэд зээлээр олгох мөнгийг дансаар эсхүл захирал бэлнээр авчирч өгдөг байсан гэж мэдүүлсэн бөгөөд “_” барьцаалан зээлдүүлэх газрын зээл олгох ажлыг хариуцан ажиллаж байсан,  хөрөнгийг итгэмжлэн хариуцсан этгээд байсан үйл баримт байна.

 

Түүнчлэн шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гэмт хэрэг гарсан цаг хугацаа, хохирлын хэмжээнд маргасан бөгөөд хохирлын дүнг тогтоохоор аудитын, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эдийн засгийн шинжээчийн, мөн дахин эдийн засгийн бүрэлдэхүүнтэй шинжээчдийн дүгнэлтүүд гарсан ба, эдгээрээс шүүх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Эдийн засгийн шинжилгээний бүрэлдэхүүнтэй шинжээчдийн 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 69 дугаартай дүгнэлтийг үндэслэл бүхий, хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн гэж шүүх дүгнэж нотлох баримтаар үнэлсэн.

Харин прокуророос шүүгдэгч А.Быг 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс мөн оны 12 дугаар сарын 26-ны хооронд үйл ажиллагаа хариуцсан ажилтнаар ажиллаж байхдаа бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж хохирол учруулсан гэсэн ба шинжээчийн 69 дугаартай дүгнэлтээр шүүгдэгч А.Быг иргэдэд 77,986,000 төгрөгийн зээл олгосон, үүнээс 23,681,000 төгрөгийн зээл төлөгдсөн, харин 54,305,000 төгрөгийн зээл зөрчилтэй гэж тогтоосон. Энэхүү гарын үсэггүй, барьцаагүй, өндөр үнэлгээтэй зэрэг зөрчилтэй 54,305,000 төгрөгийн зээл гэх мөнгөн дүн нь 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 20-ны хооронд байх тул шүүх цаг, хугацааг зөвтгөсөн. А.Б 2017 оны 1 дүгээр сард зээл олгосон байгаа боловч төлөгдсөн зээлд хамаарсан байна. Түүнчлэн шинжээчийн дүгнэлтээр зөрчилтэй зээл гэж тогтоосон мөнгийг шүүгдэгч нь бусдын нэр дээр өөртөө авч завшсан талаар мэдүүлсэн.

Эдийн засгийн бүрэлдэхүүнтэй шинжээчдийн 69 дугаартай дүгнэлт 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр гарсан, мөрдөн байцаагч 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хохирлын тооцоо хийхэд 2,690,000 төгрөгийн төлбөр төлөгдсөн байх бөгөөд  энэхүү дүнг хасаж, баримтгүй, зөрчилтэй гэх хохирлыг 51,615,000 төгрөгөөр прокурор тооцож ирүүлснийг буруутгах боломжгүй, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэлгүй гэж үзсэн.

Шүүгдэгчийн өмгөөлөгч 43,195,000 төгрөгийн хохирол учруулсан, кассын үлдэгдэл 4,517,372 төгрөг, 7,800,000 төгрөгийн үнэ бүхий хураагдсан эд зүйлсийг барьцаалсан гэх байдал тогтоогдоогүй гэж маргасан ч үүнийгээ нотлоогүй, шинжээч 7,800,000 төгрөгийг мөрдөн байцаалтаар тогтооно гэж дүгнэлтэд тусгасан. Хэрэгт авагдсан “_” ХХК-ийн “_” барьцаалан зээлдүүлэх газрын санхүүгийн анхан шатны баримтаар кассын тооллогын 2017 оны 12 дугаар сарын 27-ны актаар программд 5,996,967 төгрөг, бэлэн байгаа нь 1,479,595 төгрөг зөрүү буюу дутсан нь 4,517,372 төгрөг гэсэн актыг гарсныг, 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн тооцоо нийлсэн актаар А.Бын хариуцах хураагдсан зээл нийт дүн 7,800,000 төгрөг гэснийг А.Б зөвшөөрч гарын үсэг зурсан байх бөгөөд үүнийг үгүйсгэх, няцаах үндэслэл тогтоогдоогүй.

Иймээс дээр дурдсан үндэслэлүүдээр шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн санал, дүгнэлтийг хүлээн аваагүй.

Хууль зүйн дүгнэлт.

Бусдын эд хөрөнгийг итгэмжлэн хариуцсан этгээдийн хууль зүйн ойлголт нь аж ахуйн нэгж байгууллагын өмчийг хариуцахаар үүрэг хүлээсэн эсхүл хууль буюу гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээдийг ойлгох бөгөөд ийнхүү үүрэг хүлээсэн этгээд нь итгэмжлэн өгсөн эд зүйлс, өмч хөрөнгийг хууль бусаар эргэлтэд оруулах, хууль бусаар бусдад шилжүүлэх, өөрийн өмчийн адил захиран зарцуулах, хувийн хэрэгцээндээ хэрэглэх зэрэг үйлдлийг завших гэж ойлгоно.

Мөн эд хөрөнгө хууль ёсоор шилжих гэдгийг аж ахуйн нэгж байгууллага өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээлгэсэн, хууль болон гэрээгээр, зарим тохиолдолд итгэлцлийн үндсэн дээр захиран зарцуулах эрхгүйгээр үүрэг хүлээлгэж буйг ойлгох юм.

Тогтоогдсон хэргийн нөхцөл байдал, нотлох баримтаар хууль зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч А.Б “_” ХХК-ийн _ барьцаалан зээлдүүлэх газарт гэрээ, хэлцлийн үндсэн дээр үйл ажиллагаа хариуцсан албан тушаалд эд хөрөнгийг итгэмжлэн хариуцаж, санхүүгийн баримтад гарын үсэг зурж, зээл олгож, хөрөнгийн хадгалалтыг хариуцан ажиллаж байхдаа албан тушаалын бүрэн эрхийг ашиглан, дураараа аашлан байгууллагын үйл ажиллагааны хүрээнд иргэдэд олгох зээлийн хөрөнгө буюу мөнгөн хөрөнгийг барьцаа хөрөнгөгүй, эсхүл өөрийн танил, найз, нөхөд, төрөл, садан, ах дүү, эцгийн, эсхүл урьд нь зээл авч байсан хүний хувийн мэдээллийг ашиглаж, тэдний овог нэр, регистрээр зээл олгосон, эд зүйл барьцаалсан мэтээр барьцаат зээлийн үйлчилгээ нэртэй баримт үйлдэж, программд бүртгэх зэргээр зээл олгосон мэт ойлголт төрүүлж, хөрөнгийг өөрийн мэдэлд, үнэ төлбөргүйгээр шилжүүлэн авч, захиран зарцуулж завшсан гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүгдэгч өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус болохыг ухамсарлаж, түүний хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байх ба, амар хялбар аргаар мөнгө олж, өөрийн хэрэгцээ шаардлагыг хангах, шунахай сэдэлттэй бусдын эд хөрөнгийг завшиж хохирол учруулсан нь тогтоогджээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад “их хэмжээний хохирол” гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг” ойлгоно, 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна” гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгч А.Бын үйлдсэн гэмт хэргийн улмаас 63.932.372 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учирчээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд “Хөрөнгө завших” гэмт хэргийг хуульчилсан, тус зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад “албан тушаалын байдлаа ашиглаж, 2.2 дахь заалтад “...их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол” хүндрүүлэн зүйлчлэхээр тодорхойлсон.

          Мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно гэж заасан.

Иймд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл үндэслэл бүхий байх тул шүүгдэгч А.Быг үргэлжилсэн үйлдлээр бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглаж, их хэмжээний хохирол учруулж завших гэмт хэргийг үйлдсэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас ...эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

 “Бусдын ... эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд “гэм хор учруулсны төлбөрийг шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасан.  

Гэмт хэргийн улмаас шүүгдэгч А.Б нь хохирогч “_” ХХК-д 63,932,372 төгрөгийн хохирол учруулсан тул шүүгдэгчээс 63,932,372 төгрөгийг гаргуулж хохирогчид олгох үндэстэй байна.

Харин шүүгдэгчийн өмгөөлөгчийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 29 нэр төрлийн эд зүйлийг төлөгдөх хохиролд тооцуулж, хохирлоос хасуулах тухай санал гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзсэн. Учир нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хураагдсан эд зүйлд үзлэг хийхэд эвдэрхий, ашиглах боломжгүй, мөн өнгөлсөн эд зүйл зүйл болон чулуу гэх зэрэг байсан байх ба эдгээр эд зүйлийг шүүгдэгч нь өөрөө зээлийн барьцаа гэж харагдуулах, ойлгуулах зорилгоор зах дээрээс худалдан авсан, олж ирсэн талаар мэдүүлсэн. Нөгөө талаас  хохирогчийн өмгөөлөгч хохиролд тооцож авахгүй гэж мэтгэлцсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгч А.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих ангид эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгчийн нийт цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд оруулан тооцох” гэсэн; ,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Учралаас “улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын саналыг дэмжиж байна, тусгайлан саналгүй” гэсэн;

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Золжаргалаас “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой. Хууль бусаар үйл ажиллагаа явуулж, өөрсдийнхөө хариуцлагагүй байдлаас үүдэж эд хөрөнгө дутаачхаад үүн дээр хүнийг олон жил яллах гэж байгаа нь үндэслэлгүй. Гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг харгалзан үзэх ёстой. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалт сонгох санкцтай, миний үйлчлүүлэгч торгох ялыг төлөх боломжгүй, иймээс хорих ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү гэсэн тус тус  дүгнэлтийг гаргаж талууд мэтгэлцэв.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.

 Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.

Шүүгдэгчийн хувийн байдлыг судалсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан баримтаар Цагдаагийн байгууллагын санд бүртгэлгүй, ял шийтгэлгүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан  “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2,1, 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн “хүнд” ангилалд хамаарна.

Шүүгдэгч А.Быг гэм буруутайд тооцсон тул хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчим, “эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчим, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод тус тус нийцүүлэн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу удаа дараагийн үйлдлээр хөрөнгө завшсан, учруулсан хохирол, хор уршгийг арилгаагүй, нөхөн төлөөгүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2,1, 2.2 дахь заалтад зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал, учруулсан хохирлыг нөхөн төлөх боломжийг олгох зорилгоор нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

3.Бусад асуудлын талаар:

            1/ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцож, гэрэл зургаар бэхжүүлэгдсэн  “_” ХХК-ийн “_” барьцаалан зээлдүүлэх газар /М.Чт/-т хадгалагдаж байгаа:

            -хяналтын камерын төхөөрөмж 2 ширхэг,

            -мессеж илгээх төхөөрөмж 1 ширхэг,

            -Canon 4004 загварын зургийн аппарат,

            -Monel загварын 32 инчийн зурагт (хэвийн ажиллагаатай),

            - I Phone 5 загварын гар утас (асахгүй байгаа),

            -Acer загварын нотебүүк (ажилладаг),

-Хар ягаан хайрцагтай утасны эвдэрхий их бие,

-Dell загварын компьютерын эвдэрхий дэлгэц (зээлийн Ru2981),

-LG загварын гар утас,

-Canon загварын зургийн аппарат (ажиллахгүй),

-Packcard bell  загварын нотебүүк 1 ширхэг, Sony загварын нотебүүк 1 ширхэг,

-Hasee маркийн нотебүүк (хэвийн ажиллагаатай),

-Монгол гэрийн хайрцагтай шармал металл гинж 2 ширхэг, 2 ширхэг бөгж, бугуйвч 1 ширхэг, бөгж 2 ширхэг ,

-3 ширхэг гар утас (ажиллахгүй, зээлийн Ru2867),

-Toshiba загварын нотебүүк (ажиллахгүй),

-Dell загварын нотебүүк (ажиллахгүй зээлийн Ru1914),

-шармал өнгийн бөгж 4 ширхэг (зээлийн Ru3633),

-2 ширхэг бөгж, 1 ширхэг ээмэг (зээлийн Ru4802),

-Samsung загварын дэлгэц хагархай гар утас (ажиллахгүй),

-Acer загварын нотебүүк /зээлийн Ru3339/,

-Acer загварын нотебүүк, цүнхний хамт (ажиллагаатай, зээлийн Ru3964),

-дэлгэц байхгүй нотебүүк (зээлийн Ru3394),

-1 ширхэг гар утас (ажиллахгүй, зээлийн Ru3073) зэрэг эд зүйлийг тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгохоор,

 

            2/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл сэжигтнээр шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан, яллагдагч, шүүгдэгчээр 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүртэл, 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 309 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас хасах,         

            3/ шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тогтоолд дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч М овогт А.Б-ыг үргэлжилсэн үйлдлээр “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг албан тушаалын байдлаа  ашиглаж, их хэмжээний хохирол учруулж завших гэмт хэргийг үйлдсэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар гэм буруутайд тооцсугай.  

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч М овогт А.Б-г 4 (дөрөв) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч А.Б2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 26, 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 309 (гурван зуун ес) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас хассугай.

 

5. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-аас 63,932,372 (жаран гурван сая есөн зуун гучин хоёр мянга гурван зуун далан хоёр) төгрөгийг гаргуулж хохирогч “_” ХХК /гүйцэтгэх захирал М.Ч-т олгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон “_” ХХК-ийн “_” барьцаалан зээлдүүлэх газар /М.Ч-т  хадгалагдаж байгаа хяналтын камерын төхөөрөмж 2 ширхэг, мессеж илгээх төхөөрөмж 1 ширхэг, Canon 4004 загварын зургийн аппарат, Monel загварын 32 инчийн зурагт (хэвийн ажиллагаатай), I Phone 5 загварын гар утас (Асахгүй байгаа), Acer загварын нотебүүк (ажилладаг), Хар ягаан хайрцагтай утасны эвдэрхий их бие, Dell загварын компьютерын эвдэрхий дэлгэц (зээлийн Ru2981), LG загварын гар утас, Canon загварын зургийн аппарат (ажиллахгүй), Packcard bell  загварын нотебүүк 1 ширхэг, Sony загварын нотебүүк 1 ширхэг, Hasee маркийн нотебүүк (хэвийн ажиллагаатай), Монгол гэрийн хайрцагтай шармал металл гинж 2 ширхэг, 2 ширхэг бөгж, бугуйвч 1 ширхэг, бөгж 2 ширхэг, 3 ширхэг гар утас /ажиллахгүй, зээлийн Ru2867/, Toshiba загварын нотебүүк (ажиллахгүй), Dell загварын нотебүүк (ажиллахгүй зээлийн Ru1914), шармал өнгийн бөгж 4 ширхэг (зээлийн Ru3633), 2 ширхэг бөгж, 1 ширхэг ээмэг (зээлийн Ru4802),  Samsung загварын дэлгэц хагархай гар утас (ажиллахгүй), Acer загварын нотебүүк (зээлийн Ru3339), Acer загварын нотебүүк, цүнхний хамт (ажиллагаатай, зээлийн Ru3964), дэлгэц байхгүй нотебүүк (зээлийн Ru3394), 1 ширхэг гар утас (ажиллахгүй, зээлийн Ru3073) зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч А.Б-т буцаан олгосугай.

 

8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч А.Б-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх хорих ялыг 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн тоолсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Б-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.ДОРЖСҮРЭН