Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 1232

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо, Хилчин 4 гудамж, 9 тоотод оршин суух, Боржигин овогт Чинбатын Болор-Эрдэнэ /РД: НЛ83110861/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 22 дугаар хороо, Зүүн наран 16 гудамж, 52 тоотод оршин суух, Тариачин овогт Жамъяний Ганболд /РД: ВЙ77070911/-д холбогдох,

 

гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ч.Болор-Эрдэнэ, хариуцагч Ж.Ганболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганбаяр нар оролцов.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.Болор-Эрдэнэ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2003 онд Ж.Ганболдтой танилцаж, 2006 онд гэрлэлтээ батлуулж, гэр бүл болж хамт амьдарсан. Бидний хамтран амьдрах хугацаанд 2005 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хүү Г.Алтангэрэл, 2011 оны 7 дугаар сарын 27-ны өдөр охин Г.Анубаясгалан нар төрсөн. Бид зан харилцааны тааламжгүй байдлын улмаас 2017 оноос тусдаа амьдарч байгаа. Ж.Ганболд нь гэр бүлээс гадуур амьдралтай болсон. Тусдаа амьдрах үеэс 2 хүүхэд миний асрамжинд байгаа. Бид цаашид хамтран амьдрах боломжгүй тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. 2 хүүхдийг миний асрамжинд үлдээж өгнө үү. Хариуцагчаа хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй гэжээ.    

 

Хариуцагч Ж.Ганболд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 2003 онд танилцаж, 2006 онд гэрлэлтээ батлуулж, гэр бүл болж хамт амьдарсан. Бидний хамтран амьдрах хугацаанд 2005 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хүү Г.Алтангэрэл, 2011 оны 7 дугаар сарын 27-ны өдөр охин Г.Анубаясгалан нар төрсөн. Бид цаашид хамтран амьдрах боломжгүй тул гэрлэлт цуцлахыг зөвшөөрч байна. 2 хүүхдийг эхийн асрамжинд үлдээж өгнө үү. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.Болор-Эрдэнэ нь хариуцагч Ж.Ганболдод холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын талаар маргаагүй байна.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Ч.Болор-Эрдэнэ болон хариуцагч Ж.Ганболд нар 2004 оны 7 дугаар сарын 10-ны өдөр гэр бүл болсныг 2006 оны 12 дугаар сарын 11-ний өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд бүртгэсэн байна. Гэрлэгчдийг хамтран амьдрах хугацаанд 2005 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хүү Г.Алтангэрэл, 2011 оны 7 дугаар сарын 27-ны өдөр охин Г.Анубаясгалан нар төрсөн нь 0018635 Г-2460 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний болон 0246185 Г-1316, Г-3976 дугаартай төрсний гэрчилгээний хуулбараар тус тус нотлогдож байхаас гадна гэрлэгчид энэ талаар маргаагүй байна.

 

Талууд хоорондын таарамжгүй харилцааны улмаас 2017 оноос өнөөдрийг хүртэл тусдаа амьдарч байгаа, гэрлэлт цуцлахыг харилцан зөвшөөрч байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар талуудад эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзэв.

 

Гэрлэгчдийг тусдаа амьдрах үеэс эхлэн хүү Г.Алтангэрэл, охин Г.Анубаясгалан нар нь эхийн асрамжинд байгаа, талууд хүүхдүүдийг эхийн асрамжинд үлдээх талаар маргаагүй байхаас гадна хүүхдүүдийн насны онцлого, санал болон Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д “Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх... тухайгаа ...харилцан тохиролцож болно” гэж заасныг үндэслэн тэднийг эхийн асрамжинд үлдээв.

 

Иймд дээрх үндэслэлээр талуудын гэрлэлтийг цуцалж, хүүхдүүдийг эхийн асрамжинд үлдээх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах болон талууд эд хөрөнгийн талаар маргаагүйг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Боржигин овогт Чинбатын Болор-Эрдэнэ, Тариачин овогт Жамъяний Ганболд нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2005 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн хүү Г.Алтангэрэл, 2011 оны 7 дугаар сарын 27-ны өдөр төрсөн охин Г.Анубаясгалан нарыг эх Болор-Эрдэнийн асрамжинд үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2, Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.3-т зааснаар зохигчид эд хөрөнгийн болон хүүхдийн тэтгэлэгийн талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг даалгасугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Оюуны өмч, улсын бүртгэлийн Ерөнхий газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах А.Дөлгөөнд даалгасугай.

  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   М.БАЯСГАЛАН