Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/432

 

 

 

 

 

 

 

 

   2022          06            06                                       2022/ШЦТ/432

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Доржсүрэн даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасандорж,

улсын яллагч Б.Одонтуяа,  

шүүгдэгч Т.О, түүний өмгөөлөгч Ч.Загдсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос:

_ Т.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 211002036 1152 дугаартай, нэг хавтаст хэргийг 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хянан хэлэлцэв.

 

 

     Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн хэргийн товч агуулга:

     Яллагдагч Т.О нь 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн хооронд Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, _ хороололд байрлах иргэн М.Г эзэмшлийн зуслангийн байшингийн цонхыг хагалж хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хүүхдийн унадаг дугуй 1 ширхэг, үүдний төмөр хаалга зэргийг авч хулгайлан, түүнд 376.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.О-аас: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй гэсэн болно.

 

Хоёр. Эрүүгийн 211002036 1152 дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

 

1. Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаарт хэлтэст 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр ирсэн дуудлагын лавлагааны хуудас, гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 2-3 дахь тал),

 

2. Хэргийн газарт үзлэг хийсэн 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 6-10 дахь тал),

 

3. Хохирогч М.Г мөрдөн шалгах ажиллагаанд:

 

2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр өгсөн: “...Би Хан-Уул дүүргийн 14-р хороо _ урд хурдны замын хойд талд 0.7-оор 6 айлын газар худалдаж авч байсан. Уг авсан газар дээрээ 2020 оны 09 сард 4х6 хэмжээтэй жижиг байшин барьсан. Зун дулааны цагт агаар салхинд гарах зориулалтаар зуслан маягаар байх гэж байшингаа барьж байсан. Сүүлд 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр ах дүү нартайгаа ирж өнжөөд орой явсан. Тэгэхэд зүгээр байсан. Тэрнээс хойш ирээгүй байж байгаад 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр ...салхинд гарах гээд ирсэн чинь байшингийн урд талын цонхыг хагалсан байсан. Хулгай орсон байна гэж бодоод байшингийн хаалгаа онгойлгоод орсон чинь хүүгийн унадаг дугуй байхгүй болчихсон, 2 жижиг дугуй нь байсан. Цагдаад дуудлага өгөөд гадаа гараад харсан чинь хашааны хаалга байхгүй байсан. Хашааны хоёр ширхэг 2 метртэй хэсэг нь уначихсан байхаар нь хашаанд оруулаад тавьчихсан байсан, байхгүй байна. Алдсан эд зүйлс гэвэл энэ л байна өөр зүйл байхгүй. Мөн урд талын цонх хагарсан. Хагарсан цонхны шил  50.000 орчим төгрөг болох байх. Хүүхдийн унадаг дугуйг 2021 оны 07 дугаар сард 450.000 төгрөгөөр худалдаж авч байсан, унаагүй шинээрээ байсан. 450.000 төгрөгөөр үнэлж байна. Хашааны хаалгыг комоор нь 600.000 төгрөгөөр хийлгэж байсан. Харин алга болсон гүйдэг хаалга байхгүй бусад нь байгаа болохоор 300.000 төгрөгөөр үнэлж байна. 2 метртэй төмөр хашаа 2 ширхэг нэгийг нь 58,000 төгрөгөөр хийлгэж байсан, нийт 116,000 төгрөгөөр үнэлж байна....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16 дахь тал),

 

- 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр өгсөн: “...Манай зуслангийн байшингийн урагшаа харсан вакум цонхны шилийг хагалж дотор нь байсан хүүхдийн унадаг дугуй, мөн байшингийн гадна байх гүйдэг төмөр хашааны хаалга зэрэг эд зүйлс алдагдсан. Төмөр гүйдэг хаалга нь 2 метр урттай, 2 метр өндөртэй хаалга байгаа юм. Хашааны хэсэг өмнө нь намайг ирэхэд газар уначихсан, өөр хүмүүс авсан байх, Т.О гэдэг хүн тэр хашааны хэсгийг аваагүй байх гэж бодож байна. Яагаад гэхээр тэр хүн өргөж дийлэхгүй. Тийм болохоор өөр хүмүүс л авсан байх. ...Хашааны хэсгийг бол тооцохгүй. Миний буруугаас болоод алга болсон. Би өмнө нь ирэхдээ тэр унасан байсан хашаагаа аваад явах юм уу, буцаагаад гагнаад байрлуулсан бол алга болохгүй байх байсан. Одоо хүүхдийнхээ унадаг дугуй, хашааны гүйдэг төмөр хаалга, вакум цонхны шил зэргийг төлүүлчихмээр байна. Хохирлоо төлүүлчихвэл гомдол саналгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 109 дэх тал) болон 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 175 дахь тал),

 

4. Гэрч Б.У 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манайх Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, _ хороололд лагерийн 1 давхар 4x6 хэмжээтэй байшинтай, 6 айлын хашаа газартай. Тус лагерийн байшинд хамгийн сүүлд аав, ээж болон ах дүү нар 2021 оны 09 сарын 20-ны өдөр очиж салхинд амраад буцсан. 2021 оны 10 дүгээр сарын 23-ны өдөр нөхөртэйгөө хамт лагерийн байшин дээрээ ирэхэд гүйдэг хаалгатай хашааны хаалга алга болчихсон, байшингийн урд талын цонх хагарсан байдалтай байсан. Байшин дотор ороход цонхны хагархай хэлтэрхий үсэрсэн байсан, дотор нь байсан зүйлсээ бүртгэж үзэхэд хүүхдийн унадаг дугуй алга болсон  байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18 дахь тал),

5. “Дамно” ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн ХУ2-21-619 дугаартай: “ Хаалга, унадаг дугуйн зах зээлийн үнийг 376.000 төгрөгөөр тогтоосон хөрөнгийн үнэлгээний тайлан  /шинжээч Ц.Т/ (хавтаст хэргийн 24-25 дахь тал),

6. “Дамно” ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн ХУ2-22-251 дугаартай: “Шилний зах зээлийн үнийг 147.500 төгрөгөөр тогтоосон хөрөнгийн үнэлгээний тайлан  (хавтаст хэргийн 169-170 дахь тал),

 

7. Шинжээч Ц.Т-ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр өгсөн: “...ХУ2-21-619 дугаартай дүгнэлтийн тухайд тогтоол дээр асуултад нь шинж чанар, хэмжээ, марк, загвар нь тодорхойгүй тусгагдсан байх тул үнэлгээний олон улсын стандартын дагуу хамгийн доод өртгөөр тодорхойлж үнэлгээг гаргасан. Уг үнэлгээг гаргахдаа тухайн төрлийн бараа бүтээгдэхүүний хамгийн доод өртгөөр үнэлсэн юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 177 дахь тал),

 

8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 3133 дугаартай:

- Шинжилгээнд ирүүлсэн 1,2,3,4,5,6,7,8,9,10,12 дугаартай гарын мөр адилтгалын шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн 11 дугаартай гарын мөр адилтгалын шинжилгээнд тэнцэхгүй.

- Шинжлэгдэж буй 1,5 дугаартай гарын мөр гарын хээний нэгдсэн санд МN000210011932 дугаараар Т Т.О нэрээр, МN000110014771 дугаараар Д-н Т.О нэрээр, МN000110010273 дугаараар Д-н Т.О нэрээр, ММ000110013342 дугаараар Т-н О нэрээр, МN000120004930 дугаараар Т.О Г нэрээр, МN000046590 дугаараар Т.О Д нэрээр нийт 6 удаа бүртгэгдсэн хүний баруун гарын дунд хурууны дардастай, 2 дугаартай гарын мөр дээрх хүний баруун гарын ядам хурууны дардастай, 3 дугаартай гарын мөр дээрх хүний баруун гарын чигчий хурууны дардастай, 4 дугаартай гарын мөр дээрх хүний зүүн гарын эрхий хурууны дардастай, буй 6,8 дугаартай гарын мөр дээрх хүний зүүн гарын долоовор хурууны дардастай, 7 дугаартай гарын мөр дээрх хүний баруун гарын долоовор хурууны дардастай, 9 дугаартай гарын мөр дээрх хүний зүүн гарын дунд хурууны дардастай, 12 дугаартай гарын мөр дээрх хүний баруун гарын эрхий хурууны дардастай ерөнхий болон №4-35 дугаартай зурагт улаанаар тэмдэглэсэн хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ тохирч байна.

- Шинжилгээнд тэнцэж буй 10 дугаартай гарын мөр гарын хээний нэгдсэн санд бүртгэлтэй гарын мөр, дардсуудтай тохирохгүй байна.

-Шинжилгээний явцад хэрэгт ач холбогдол бүхий бусад зүйл илрээгүй.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 47-75 дахь тал),

 

9. Шүүгдэгч Т.Оын 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Прокурорын тогтоолтой уншиж танилцлаа. Хүлээн зөвшөөрч байна....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 81 дэх тал),

 

10.Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой: Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 116 дахь тал), оршин суугаа хорооны засаг даргын тодорхойлолт (хавтаст хэргийн 90 дэх тал), Авто тээврийн хэрэгслийн талаарх лавлагаа (хавтаст хэргийн 92 дахь тал), Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа (хавтаст хэргийн 95 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 84 дэх тал), ял шийтгэгдэж байсан шийтгэх тогтоолууд, суллагдсан тодорхойлолтууд (хавтаст хэргийн 110-131 дэх тал) болон шүүх хуралдаанд шинээр ирүүлсэн хохирол төлбөр барагдуулсан баримт, бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 

 

Гурав: Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.

1.Гэм буруугийн талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч Т.О нь 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн хооронд Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, _ хороололд байрлах иргэн М.Г эзэмшлийн зуслангийн байшингийн цонхыг хагалж хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хүүхдийн унадаг дугуй 1 ширхэг, үүдний төмөр хаалга зэргийг хулгайлан 376.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлэг, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцуулах”, шүүгдэгчээс хулгайлсан эд зүйлийн үнэ 376.000 төгрөг, хагалсан цонхны үнэ 147.500 төгрөгийг гаргуулж хохирогчид олгуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Загдсүрэнгээс хэргийн зүйлчлэлд маргахгүй талаар илэрхийлж, дүгнэлтдээ “Хохирол барагдуулах ажиллагааг тодорхой хэмжээнд хийсэн. Миний үйлчлүүлэгч гэмт хэрэг үйлдсэн, гэм буруу дээр маргахгүй. Хашааны хаалгыг хийсэн байгаа, ирээд аваач гэхэд хохирогч очиж чадахгүй байна гэсэн. Бадарч гээд найз нь цонхыг шиллэж өгнө гэж байгаа. Гэр нь эзэнгүй байгаа тул цонхыг нь хийж өгч чадахгүй байна. Хохирол төлбөр төлөх гэхээр хохирогч дансаа явуулахгүй байна, хохирлын төлбөрийг миний үйлчлүүлэгч хүлээн зөвшөөрч байгаа, маргах зүйл байхгүй, хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлж байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан, шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж, тогтоосон байх шүүгдэгчид холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 

Прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянаж, шүүгдэгчийн холбогдсон хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Шүүгдэгч Т.О нь Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Өлзийт хороололд байрлах иргэн М.Г эзэмшлийн зуслангийн байшинд цонхыг нь  хагалж буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн хооронд хууль бусаар нэвтэрч 96.000 төгрөгийн хүүхдийн унадаг дугуй 1 ширхэг, 280.000 төгрөгийн хашааны гүйдэг төмөр хаалга зэргийг хулгайлан авч, бусдад 376.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь:  

- Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаарт хэлтэст 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр ирсэн дуудлагын лавлагааны хуудас, гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 2-3 дахь тал),

 

- Хэргийн газарт үзлэг хийсэн 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 6-10 дахь тал),

- Хохирогч М.Г 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ....2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр ...салхинд гарах гээд ирсэн чинь байшингийн урд талын цонхыг хагалсан байсан,... байшингийн хаалгаа онгойлгоод орсон чинь хүүгийн унадаг дугуй байхгүй болсон, ...гараад харсан чинь хашааны хаалга байхгүй байсан. ...гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16 дахь тал) болон түүний 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр (хавтаст хэргийн 109 дэх тал), 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр өгсөн мэдүүлгүүд (хавтаст хэргийн 175 дахь тал),

- Гэрч Б.У 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...”2021 оны 10 дүгээр сарын 23-ны өдөр нөхөртэйгөө хамт лагерийн байшин дээрээ ирэхэд гүйдэг хаалгатай хашааны хаалга алга болчихсон, байшингийн урд талын цонх хагарсан, ...хүүхдийн унадаг дугуй алга болсон  байсан. ...гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18 дахь тал),

 “Дамно” ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн ХУ2-21-619, 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн ХУ2-22-251 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлангууд  (хавтаст хэргийн 24-25, 169-170 дахь тал),

-Шинжээч Ц.Тийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 177 дахь тал),

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 3133 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 47-75 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хэрэгт авагдсан, шинжлэн судалсан дээрх нотлох баримтыг шүүх хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар бүхэлд хянаж, харьцуулан шинжлэх, эх сурвалжийг магадлах аргаар шалгахад хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримт тогтоогдсон тул хууль ёсны нотлох баримтууд гэж үзэж, шийдвэрийн үндэслэл болгосон болно. 

Хулгайлах гэмт хэргийн хууль зүйн ойлголт нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авч байгаа үйлдлийг, мөн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хүн байнга буюу түр амьдрахад зориулагдсан төрөл бүрийн орон сууц, байшин зэргийг хамааруулан ойлгох юм.

 

Хэргийн үйл баримт, нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдлаас хууль зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч Т.О бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг хохирогчийн зуслангийн байшинд буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч үйлджээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд “Хулгайлах” гэмт хэргийг хуульчилсан ба тус зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол” гэж гэмт хэргийн үндсэн шинжийг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд ...нэвтэрч” үйлдсэн бол хүндрүүлэх шинжээр зүйлчлэхээр тодорхойлсон. Эд хөрөнгийн хувьд эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрлөөр нэвтрэхээс бусад тохиолдлыг хууль бус нэвтрэлт гэж үзэх бөгөөд орон байранд цонхыг нь хагалж орсон үйлдлийг  хууль бусаар нэвтрэлт гэж үзэх үндэслэл болох ба хохирлын хэмжээг үл харгалзан энэхүү шинжээр хүндрүүлэн зүйлчлэх нь зүйтэй юм.

 

Шүүгдэгч өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдсээр байж, ухамсарлаж, хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэртэй байх ба гэмт хэргийг амар хялбар аргаар мөнгө олох зорилготой, шунахай сэдэлттэй  үйлдсэн байна.

Иймд шүүгдэгч Т.Оыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Харин прокуророос шүүгдэгчийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрсэн гэж яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлгүй байх тул шүүх зөвтгөн шийдвэрлэсэн болохыг дурдав.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас ...эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

Мөн “Бусдын ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд “гэм хор учруулсны төлбөрийг шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасан.

 

Гэмт хэргийн улмаас хохирогчид эд хөрөнгийн хохирол учирсан ба, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар унадаг дугуйг 96,000 төгрөгөөр, хашааны гүйдэг зориулалттай хаалгыг 280,000 төгрөгөөр, нийт 376,000 төгрөгөөр тогтоосон байна. Мөн гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг буюу хагарсан цонхыг 147,500 төгрөгөөр үнийг тогтоожээ. Иймд нийт 523,500 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох үндэстэй.

Шүүгдэгчийг шүүхээс гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэр гарсны дараа  шүүгдэгч Т.О, өмгөөлөгч нар нь хохирол нөхөн төлөх үндэслэлээр ажлын 5 хоногийн хугацаагаар завсарлага авсан ба энэ хугацаанд хохирогч М.Гид 2022 оны 06 дугаар сарын 01-ны өдөр 96.000 төгрөгийг дансаар төлж, баримт (хавтаст хэргийн дахь тал)-ыг ирүүлсэн, харин хашааны гүйдэг хаалга, цонхны шилийг мөнгөн хэлбэрээр бус, ижил төрлийн материалаар хийж өгсөн буюу хор уршгийг арилгасан байх тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Улсын яллагч санал, дүгнэлтдээ “шүүгдэгч Т.Оад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг оногдуулах, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх төлбөргүй ” гэсэн ;

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Загдсүрэнгээс “Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлд маргаагүй, хохирол төлсөн зэргийг харгалзан шүүх бүрэн эрхийнхээ хүрээнд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглэж өгнө үү” гэсэн тус тус дүгнэлтийг гаргаж мэтгэлцсэн болно.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.

 Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.

 

Шүүгдэгч Т.Оын хувийн байдлыг судалсан эрүүгийн хариуцлага, хүлээж байсан шалгасан хуудас, шийтгэх тогтоол, суллагдсан тодорхойлолт зэрэг баримтаар урьд өмчлөх эрхийн эсрэг буюу хулгайлах гэмт хэрэгт гурван удаа ял шийтгэгдэж байсан байх боловч ялыг эдэлж дуусгавар болсон байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй.” гэж заасан тул шүүгдэгчийн урьд хэд хэдэн удаа гэмт хэрэг үйлдэн ял шийтгүүлж байсан нөхцөл байдлыг түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх үндэслэлгүй юм.

Мөн гэмт хэрэг үйлдсэний дараа хохирол, хор уршгийг арилгасныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөлд харгалзав.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь гэм буруугийн зарчимд нийцэх ба тус гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн “хүнд” ангилалд хамаарч байна.

 

            Мөн хуулийн ерөнхий ангийн  6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно:” гэж,

            1.3 дахь заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах гэж заасан.

Иймд шүүгдэгч Т.О хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуульд заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх “шударга ёсны зарчим”, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, шүүгдэгчийн учруулсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлсөн, хувийн байдал буюу биеийн эрүүл мэндийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, эрүүл мэндийн байдлыг нь харгалзан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

3. Бусад асуудлын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т.Оад 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 144 хоногийг түүний эдлэх ялд оруулан, эдлэх ялаас хасах, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч _ Т.Оыг Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч _ Т.Оыг 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Оад оногдуулсан 1 (нэг) жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т.Оын 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 144 (нэг зуун дөчин дөрөв) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас хассугай.

 

5. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүнд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Т.Оын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх хорих ялыг 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн тоолсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд  зааснаар хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Оад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                       

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.ДОРЖСҮРЭН