Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/439

 

 

 

 

 

 

 

   2022          06           07                                         2022/ШЦТ/439

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасандорж,  

улсын яллагч Э.Бадрал,  

шүүгдэгч С.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:

С.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 221000904 0616 дугаартай, нэг хавтаст хэргийг 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хянан хэлэлцэв.

 

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн хэргийн товч агуулга:

   Яллагдагч С.Э нь 2022 оны 03 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Нүхтийн _ дугаар гудамжинд хохирогч Д.Ж 2,960,000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг галакси фолд 5-А” загварын гар утсыг илээр хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                          ТОДОРХОЙЛОХ нь:               

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Эаас: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйл байхгүй” гэв.

 

Хоёр. Эрүүгийн 221000904 0616 дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

1. 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 5 дахь тал),

 

2. 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн:

“...Бичлэг 1-т: 2022 оны 03 дугаар сарын 22-ны шөнийн бичлэг байх ба, 1 минут 25 секундийн бичлэг байв. Бичлэгийг тоглуулахад камерын цагаар 2022-03-22-ны 02:44:28 секундэд Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо Нүхтийн _ дугаар гудамжнаас цагаан өнгийн малгай хар өнгийн өвдөг хүрсэн урттай гадуур хувцастай этгээд гартаа гэрэл тусган ямар нэгэн зүйл барьж гарч ирж байгааг харуулав. Бичлэгийн камерын цагаар 2022-03-22-ны 02:45:46 секундэд гудамжнаас хар бараан өнгийн хувцастай хүн гарч ирж байгааг /Хохирогч/

-Бичлэг 2-т: Камерын цагаар 2022-03-22-ны 02:44:41 секундэд Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Нүхтийн _ дугаар гудамжны үзүүрт цагаан өнгийн малгай хар өнгийн өвдөг хүрсэн урттай гадуур хувцастай этгээд явж байгааг харуулав. Камерын цагаар 2022-03-22-ны өдрийн 02:45:46 секундэд Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо Нүхтийн _дугаар гудамж руу цагаан өнгийн малгай хар өнгийн өвдөг хүрсэн урттай гадуур хувцастай гартаа гар утас мэт гэрэл бүхий зүйл барьсан этгээд гүйгээд явж байгааг,

-Бичлэг 3-т: Камерын цагаар 2022-03-22-ны 07:44:24 секундэд Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Яармагийн 19 дүгээр гудамжны дунд хэсэгт цагаан өнгийн малгай хар бараан өнгийн хувцастай этгээд хүнтэй уулзаж ямар нэгэн эд зүйл үзүүлж байгааг, 2022-03-22-ны 07:47:12 секундэд цагаан өнгийн малгай хар бараан өнгийн малгайтай этгээд гудамжаар цаашаа явж байгааг тус тус харуулсан тухай. ...” тэмдэглэл (хавтаст хэргийн 8-10 дахь тал),

 

3. Хохирогч Д.Ж мөрдөн шалгах ажиллагаанд:

2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр өгсөн: “...Би Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Сонсголон _ тоотод эхнэр хүүхдийн хамт оршин суудаг. 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр гэртэй найз Мтэй 1 шил архи уусан. 2022 оны 03 дугаар сарын 22-ны шөнө 01 цаг өнгөрч байхад гэрээсээ гараад такси барьж Яармагт ирж, Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо Нүхтийн _ дугаар гудамжны үзүүрт буугаад найзаа дуудаад утсаар яриад сууж байхад үл таних нэг залуу ирээд утсаараа нэг яриулаач гэхээр нь манай найзад миний байгаа газрыг хэлээд өгчих, тэгээд чи ярьчих гээд утсаа өгөхөд миний утсаар манай найзтай Нүхтийн _ гэж ярьж байгаад миний утсыг шууд аваад зугтаагаад гүйгээд явсан. Би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн  болохоор ардаас нь хөөгөөд гүйцээгүй алдсан. Тухайн гар утсаа 2021 оны 03 сард Солонгос улсаас 2,500,000 вон буюу 5,500,000 төгрөгөөр авч, өөрөө хэрэглэж байгаа. Миний алдсан гар утас хар өнгийн дэлгэгддэг Самсунг галакси Полд гэсэн утас байсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19 дэх тал),  

-2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр дахин өгсөн: “...Би өөрийн залилуулсан гэх гар утсаа хүлээн авлаа. Миний гар утас дэлгэгдэхгүй эвдэрсэн байсан. Гадна талын шил болон ард талын шил нь хагархай байсан. Намайг гар утсаа алдахад гар утас зүгээр дэлгэгддэг байсан. Одоо дэлгэгдэхгүй дотор талын дэлгэц нь ажиллахгүй байна. Би гар утсаа засуулж авах хүсэлтэй байна....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20 дахь тал),

-2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр дахин өгсөн: “...Би өөрийн гар утсаа 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, би шүүх хуралд оролцохгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21 дэх тал)

 

4. Гэрч Г.П-н мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр өгсөн:”... 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр би гэртээ амарч байхад 02 цагийн орчимд найз Д.Ж над руу надтай яриад Хан-Уул дүүрэгт, Яармаг орчимд ирчхээд яг хаана байгаагаа мэдэхгүй байна, ирээд авчих гэж залгасан. Хаана байгаагаа зааж өгч чадахгүй бид хоёр их удаан ярьсан. Тэгээд байж байтал Д.Ж гудамжинд сууж байтал нэг залуу байна, энэ залуугаас хаана байгаа талаараа асууя гэж хэлсэн. Тэгэхээр нь би тухайн хүн нь ямар учиртай хүн болох талаар лавлатал гудамжинд явж байсан танихгүй хүн гэж хэлсэн. Тэр залууд Д.Ж утсаа өгч, би тэр залуутай ярихад найз чинь Хан-Уул дүүрэг Нүхтийн _ дугаар гудамжны үзүүрт байна гэж хэлсэн. Би “ойлголоо утсыг нь буцаагаад өгчихөө, би очих хүртлээ яриад байж байя баярлалаа" гэж хэлээд дуусаагүй байтал утас нь салчихсан. Би утас руу нь залгатал утсаа авахгүй байсан. Би Д.Жийг Нүхтийн _ дугаар гудамжинд хайж явтал Д.Ж алхаад явж байсан.“Түрүүхэн утсаар нь ярьсан залуу утсыг нь аваад зугтаасан, ардаас нь хөөх гэтэл хашаа даваад алга болчихсон хөөж гүйцэхгүй юм байна” гэж хэлээд алхаж байсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27 дахь тал),

 

5. Шүүгдэгч С.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Яармагт байдаг, хамтдаа архи уудаг байсан 2 залуутай манай гэрт Хараа гэх нэртэй 0,75 литрийн 2 шил архи хувааж уусан. Би гэртээ унтаад үлдсэн. Орой цонхоо хаагаагүй байснаас даарч сэрчхээд тамхи авахаар гадагш гарсан. Тухайн үед 2 цаг болж байсан. Гараад явж байтал Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Нүхтийн 5 дугаар гудамжинд нэгэн залуу газар сууж байсан. Тэгэхээр нь би гадуур дэлгүүр хаалттай байгаа юм шиг болохоор тэр залуугаас тамхи асууж очоод бид хоёр хамт тамхи татсан. Тэгээд зогсож байтал тэр залуугийн утас дугараад энгэрийн халааснаасаа гаргаж ирээд утсаар ярьж байгаад найзтайгаа ойлголцохгүй байгаа бололтой, намайг утсаар нь яриад байгаа газрыг нь найздаа заагаад өг гэхээр нь би утсыг нь авч ярьсан. Тэгээд найзад нь Хан-Уул дүүрэг, Яармагт байна гэдгийг нь хэлэхэд найз нь намайг түүнтэй хань болоод байж байгаач гэж ярьсан. Би тэр залуутай ярьж дуусчхаад утсыг нь барьж зогсож байхдаа тухайн залууг миний ардаас ч хөөх тэнхэлгүй болохоор нь утсыг нь аваад явчихъя гэдэг бодол төрөөд шууд л утсыг нь аваад гудамж руу ороод гүйчихсэн. Би тухайн утсыг нь зарах гэж хүмүүсээс асуусан чинь хүмүүс авахгүй байсан. Тэгээд утсыг нь байлгаж байгаад цагдаагийн байгууллагаас намайг дуудахаар нь би хохирогч залууд буцааж өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 35 дахь тал),  

 

6. 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр ...Хар өнгийн самсунг Фолд гар утас 1 ширхэг нүүрний дэлгэц арын шил хагархай дэлгэгдэхгүй гар утсыг Д.Д.Жт хүлээлгэн өгсөн” тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 11 дэх тал),

 

7. Дамно ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн ХУ2-22-304 дугаартай “Самсунг галакси фолд” загварын гар утасны зах зээлийн үнэлгээг 2,960,000 төгрөгөөр тогтоосон хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 13-14 дэх тал),

 

8. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 45 дахь тал), оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 56 дахь тал), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 49 дэх тал), эд хөрөнгийн лавлагаа (хавтаст хэргийн 55 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 48 дахь тал) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.

 

1.Гэм буруугийн талаар:

Улсын яллагч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ “шүүгдэгч С.Э нь 2022 оны 03 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Нүхтийн 5 дугаар гудамжинд хохирогч Д.Ж 2,960,000 төгрөгийн үнэ бүхий Самсунг галакси фолд 5а загварын гар утсыг илээр хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогчийн мэдүүлэг, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг нотлох баримтаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна.” гэсэн дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгч хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалан өөрийгөө өмгөөлөн оролцохдоо гэм буруугийн талаар маргаагүй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул шүүх гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Прокуророос шүүдэгч С.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байх ба, хэргийн зүйлчлэл хэргийн бодит байдалтай, шүүгдэгчийн үйлдэлд тохироогүй гэж үзэхээр байна. Учир нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах замаар бусдын эд хөрөнгийг олж авсан арга, сэдэлт, хүсэл зоригийн шинж чанар, үйлдлээс хамааран хэргийн зүйлчлэлийг тогтоодог.

Тухайлбал өмчлөх эрхийн эсрэг дээр дурдсан шинжийг харгалзан дараах байдлаар ялгамжтай байдлаар ойлгож, хэрэглэхээр зохицуулсан.

Тодруулбал: Дээрэмдэх гэмт хэргийн шинж нь довтолсноор төгсдөг онцлогтой, харин бусдын эд хөрөнгийг илээр авсан өөрөөр хэлбэл хохирогчид бие махбодын болон сэтгэл санааны хүч хэрэглээгүй, хэрэглэхээр заналхийлээгүй, зөвхөн ил аргаар эд хөрөнгийг авсан шинжтэй үйлдлийг хүч хэрэглээгүй гэж ойлгохоор байна.

Залилах гэмт хэргийн шинж нь бусдын эд хөрөнгийг хуурч, итгэл эвдэх, төөрөгдүүлэх, зохиомол байдлыг зориуд бий болгох, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах зэрэг аргаар бусдын эд хөрөнгийн эзэмших, өмчлөх эрхийг шилжүүлэн авахыг ойлгох юм.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаар хохирогч Д.Д.Ж нь согтуурсан үедээ найз Г.П утсаар ярьж тухайн байгаа байршлаа хэлж мэдэхгүй байх үед нь шүүгдэгч тааралдан, хохирогчийг утсаараа яриулаач гэж гуйхад нь “манай найзад миний байгаа газрыг хэлж өгөөд чи ярьчих гээд утсаа шилжүүлж өгсөн, улмаар шүүгдэгч найзтай нь ярьж байгаа газрыг нь хэлж өгчхөөд гар утсыг авсан үйл баримт тогтоогджээ.

Дээрхээс үйл баримтаас дүгнэхэд хохирогч өөрөө эд хөрөнгөө сайн дураар  шилжүүлэн өгсөн нь залилах гэмт хэргийн шинж буюу шүүгдэгч хуурах, мэхлэх арга хэрэглэсэн байна гэж үзэхээр байх прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх үндэслэлтэй гэж шүүх үзэв.

 

Иймд шүүгдэгчийн холбогдсон хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч С.Э нь Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Нүхтийн _ дугаар гудамжинд 2022 оны 03 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө хохирогч  Д.Ж 2,960,000 төгрөгийн үнэ бүхий Самсунг галакси фолд 5а загварын  утсыг ”ярьчхаад өгье” гэж хуурч, эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилж 2,960,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

-Хохирогч Д.Ж мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 22-ны шөнө 01 цаг өнгөрч байхад гэрээсээ гараад такси барьж Яармагт ирж, Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо Нүхтийн 5 дугаар гудамжны үзүүрт буугаад найзаа дуудаад утсаар яриад сууж байхад үл таних залуу ирээд “утсаараа нэг яриулаач” гэхээр нь “манай найзад миний байгаа газрыг хэлээд өгчих, тэгээд чи ярьчих” гээд утсаа өгөхөд миний утсаар манай найзтай Нүхтийн _ гэж ярьж байгаад миний утсыг шууд аваад зугтаагаад гүйгээд явсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19 дэх тал) болон 2022 оны 03 дугаар сарын 29 (хавтаст хэргийн 20 дахь тал), 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр өгсөн мэдүүлгүүд (хавтаст хэргийн 21 дэх тал)

-Гэрч Г.П-н мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр өгсөн:”... найз Д.Ж над руу надтай яриад Хан-Уул дүүрэгт, Яармаг орчимд ирчхээд хаана байгаагаа мэдэхгүй байна, ирээд авчих гэж залгасан. ...Д.Ж гудамжинд сууж байтал нэг залуу байна, энэ залуугаас хаана байгаа талаараа асууя гэсэн. ...Тэр залууд Д.Ж утсаа өгч, би тэр залуутай ярихад найз чинь Хан-Уул дүүрэг Нүхтийн 5 дугаар гудамжны үзүүрт байна гэж хэлсэн. ...Би утас руу нь залгатал утсаа авахгүй байсан. Би Д.Ж-ийг Нүхтийн _ дугаар гудамжинд хайж явтал Д.Ж алхаад явж байсан, ...утсаар нь ярьсан залуу утсыг нь аваад зугтаасан ...гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27 дахь тал),

-Шүүгдэгч С.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Нүхтийн _ дугаар гудамжинд нэгэн залуу газар сууж байсан. ...тэр залуугаас тамхи асууж очоод бид хоёр хамт тамхи татсан. Тэр залуугийн утас дугарсан. ...утсаар ярьж байгаад ...намайг утсаар нь яриад байгаа газрыг нь найздаа заагаад өг гэхээр нь би утсыг нь авч ярьсан.... Би тэр залуутай ярьж дуусчхаад, ...шууд л утсыг нь аваад гудамж руу ороод гүйчихсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 35 дахь тал),  

-2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 5 дахь тал),

-2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хохирогч Д.Д.Ж-т гарын утсыг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 11 дэх тал),

-Дамно ХХК-ийн ХУ2-22-304 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 13-14 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хэрэгт авагдсан, шинжлэн судалсан дээрх нотлох баримтыг шүүх хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар бүхэлд хянаж, харьцуулан шинжлэх, эх сурвалжийг магадлах аргаар шалгахад хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримт тогтоогдсон тул хууль ёсны нотлох баримтууд гэж үзэж, шийдвэрийн үндэслэл болгосон болно.

“Хуурч” гэдэг нь бусдын эд хөрөнгө, түүнийг өмчлөх эрхийг өөртөө хууль бусаар олж авахын тулд үг, үйлдлийн алинаар нь ч илрэх боломжтой бөгөөд шүүгдэгчийн “утсаараа яриулаач” гэх үгэнд хууртаж эд хөрөнгөө сайн дураараа шилжүүлж өгснийг хуурч авсан аргаар үйлдсэн гэж үзэхээр байх ба шүүгдэгч эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авснаар төгсөж уг гэмт хэргийн шинж бүрэн хангагдана.

Гэмт хэргийн шинжийг агуулсан гэм буруутай үйлдэл, хохирлын хоорондын шалтгаант холбооны хувьд үйлдэл болон хохирол хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл нь хохиролд зайлшгүй хүргэх нөхцөл болсон байх ёстой бөгөөд хохирогчийн утсыг шүүгдэгч хуурч шилжүүлж авсан үйлдлээс 2,960,000 төгрөгийн хохирол учирсан нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон, шүүгдэгчийн үйлдэл, хохирол хоорондоо шалтгаант холбоотой байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэм буруугийн санаатай хэлбэрийг хуульчилсан ба шүүгдэгч хуурч авсан утсаа хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүнийг хүсч, эд хөрөнгийн хохирол учруулсан гэж үзэх үндэслэлтэй тул гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ.  

Шүүгдэгч С.Э согтууруулах ундаа хэрэглэсэн байсан мөн хохирогчийн гар утсыг зарах санаа зорилготой байсан талаар мэдүүлснээс үзэхэд шунахай сэдэлтээр ашиг олох зорилготой байсан нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болжээ.

 

Иймд шүүгдэгч нь хуурч эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэнд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.  

 

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ шүүгдэгч сайн дураараа татгалзаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцох” хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан.

Шүүгдэгч нь монгол хэл, бичиг мэддэг, суурь боловсрол эзэмшсэн байх тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан бөгөөд шүүгдэгчийн өөрийгөө өмгөөлөх эрхийг хангасан болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай.           

Бусдын .... эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй” гэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасан.

Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас хохирогч Д.Д.Ж-т 2.960.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирлыг учруулсан байх ба хохирогч Д.Д.Ж нь алдсан гар утсаа биет байдлаар буцаан авсан, гомдол саналгүй талаарх мэдүүлгийг өгсөн (хавтаст хэргийн 21 дэх тал) байх тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.

 

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч санал, дүгнэлтдээ “шүүгдэгч С.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч С.Э-ын цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох саналтай байна.” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй. 

 

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.

 Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.

Шүүгдэгч С.Э-ын хувийн байдлыг судалсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар ял шийтгэлгүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “...тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг арилгасныг” тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх нөхцөлд харгалзав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно”,

- мөн зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож болно” гэж тус тус заажээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарч байна.

Иймд шүүгдэгч С.Э нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн байх ба, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирлыг барагдуулсан зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг хэрэглэж, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тэнссэн хугацаанд тус тус авч, урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

 

            3. Бусад асуудлын талаар:

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дах хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Э-ын 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 33  хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, эдлэх ялаас хасахыг дурдаж,

            - Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн нэг ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж,  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

            1. Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б овогт С.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

 

 2. Шүүгдэгч Б овогт С.Э-ыг хуурч эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.

 

              3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт С.Э-ыг хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

              4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч С.Э-ын 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 33 (гучин гурав) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас хассугай.

 

              5. Шүүгдэгч С.Э-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тэнссэн хугацаанд авсугай.

 

              6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд прокурорын дүгнэлтийг үндэслэн тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

              7. Шүүгдэгч С.Э-т хяналт тавьж ажиллахыг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

              8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн нэг ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

              9. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

              10. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч С.Э-ын  цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж,  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

 

              11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

              12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Э-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.ДОРЖСҮРЭН